6-р сарын 19
9 цаг 58 минут

Алтан медаль ихэрлэсэн Тайжуны дэвжээнээс 6 медаль хүртэв

Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж, өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Сингапур, Тайвань, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв. 
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс), Батсайханы Идэрсайхан (Орхон, Ирээдүйн одод) нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нутагтаа ирэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 тамирчин болсон юм. Эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Батсайханы Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Мөнхбаатарын Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Буяндалайн Чимгээ хүрэл медаль хүртэв.  Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан. Тайжуны дэвжээнд манайхан хэрхэн барилдсаныг хүргэе. 

Эрэгтэйчүүдийн 50 кг: Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновыг 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс 2007 онд ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар энэ жинд тивийн аварга болж байв. Тэгвэл 10 жил тасраад байсан алтан медалийг Дарханы унаган хүү Н.Насанбуян эх орондоо авчирлаа. 
55 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын аварга БТСДуС-ын тамирчин Б.Ариунболд хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр тэгшитгэлд Киргизстаны Бекболот Мирзаназар Уулутай тун хүнд барилдаан хийж, 5:5-аар ялсан ч 1/4 шигшээ барилдаанд Казахстаны Мухамбет Куатбект оноогоор цэвэр ялагдсан. Казах эр финалд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Саудын Арабын Рамил Исмаэлийг оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зон Ванхаог 5:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хос хүрэл медальтан болж байна. 
60 кг: Энэ жилийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт “Аварга” сургуулийн тамирчин Э.Үнэт-Эрдэнэ тэгшитгэлд Ираны Али Акбар Эмамичогайд оноогоор цэвэр ялагдсан ч өрсөлдөгч нь алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд дагах барилдаанд Киргизстаны Эдид Кадербик Уулуд 2:6-гаар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
66 кг: 2017 оны Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн тэгшитгэлд Мьянмарын Лар Таун Лианыг 10:0-ээр, 1/4 шигшээд эзэн орны Юү Чен Лог 12:2-оор тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Ираны Амирхоссейн Али Хоссейнид 6:13-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Каран Каранд 3:13-гаар ялагдснаар тавдугаар байрт оров. 
74 кг: Эрэгтэй бөхчүүдээс хамгийн их найдвар тавьж байсан, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин З.Сумъяабазар 1/4 шигшээд Рюүки Йошидад 3:4-өөр ялагдсан. Түүнийг ялсан Японы бөх хагас шигшээд Ираны Мохаммад Алиашгар Моттагиниад 0:5-аар ялагдснаар З.Сумъяабазарт дагах барилдаан гараагүй бөгөөд санасныг бодвол эрт тэмцээнээ өндөрлүүллээ. 
84 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Энэтхэгийн Деепак Пунад цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Чол Йоныг 10:0 буюу онооны илт давуугаар ялж, Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирсан юм.
96 кг: Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга “Аварга” сургуулийн тамирчин Ч.Алтангэрэл тэгшитгэлд Энэтхэгийн Сингх Ловепреетийг цэвэр дарж, шөвгийн наймд Киргизстаны Канторо Талентбек Уулуд 9:10-аар ялагдав. Түүний өрсөлдөгч нь цаг дуусахтай зэрэгцэн нэг оноог авсан юм. Талентбек Уулу алтан медалийн төлөөх барилдах эрхтэй болсноор Ч.Алтангэрэл дагаж барилдах эрхтэй болсон. Дагах барилдаанд эзэн орны Юү Дэ Жаныг оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Серик Бакитхановт 9:10-аар ялагдлаа.
120 кг: Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл медальт, “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл 
мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдав. Үндэсний шигшээ багт данстай, 19 настай М.Лхагвагэрэлд тун их ирээдүй хүлээж байгаа. Гагцхүү уйгагүй бэлтгэл сургуулилт, түүний хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална. 
Эмэгтэйчүүдийн 44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Г.Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн дагах барилдаанд гарч, БНСУ-ын Шин Юн Гёонтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын Азийн авараг Японы Хинако Сатод цэвэр ялагджээ.
48 кг: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медаль медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа дөнгөж сая Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.
51 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Т.Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй. 
55 кг: Өсвөр үеийн улсын аварга, “Асашёорюү кап” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа шөвгийн наймд Японы Томоха Учиод 4:5-аар ялагдсан. Түүнийг ялсан наран улсын бөх шигшээд шалгарч, дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Назира Марсбек Кизид 2:7-гоор ялагдлаа.
59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин тэгшитгэлд Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ. 
63 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Б.Сарнай шөвгийн наймд Энэтхэгийн Решма Анил Манэд 0:5-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн. 
67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Г.Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Ханд 0:6-гаар ялагджээ.
72 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Сонирхуулахад, энэ жинд одоогоос 10 жилийн өмнө нь МУГТ Очирбатын Насанбурмаа Манилагийн дэвжээнээс эмэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн анхны алтан медалийг авчирч байсан түүхтэй. 

 

 

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чуулган: Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томиллоо6 минут 18 секундын өмнөН.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томиллоо40 минут 10 секундын өмнө“SX-1.2” өндөр хурдны онгоцыг туршжээ40 минут 26 секундын өмнөУлаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн50 минут 26 секундын өмнөХ.Дуламсүрэн: Захидал1 цаг 1 минутын өмнөМарк Овермарс Арсеналтай нэгдэнэ1 цаг 11 минутын өмнөPlay boy сэтгүүлийн нүүрийг чимсэн бүсгүйчүүд 20 жилийн дараа1 цаг 16 минутын өмнөНамар шарлаагүй навч (өгүүллэг)1 цаг 21 минутын өмнөАНУ-д роботын ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг болж байна1 цаг 26 минутын өмнөШакира нөхрөөсөө салаагүй1 цаг 31 минутын өмнөГранд турын ялагч багаа солилоо1 цаг 36 минутын өмнөЖан-Клод Ван Даммын төрсөн өдөр тохиож байна1 цаг 41 минутын өмнөХамраас цус гоожих үед ямар арга хэмжээ авах вэ1 цаг 46 минутын өмнөҮзэсгэлэнтэй өгзгийн тэмцээнд ялсан Бразилийн гоо бүсгүй1 цаг 51 минутын өмнөСавны хийг гэрийн нөхцөлд дасгал хийснээр арилгаж болгоно1 цаг 56 минутын өмнөВ.Путин Умард Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ2 цаг 1 минутын өмнөИх Британи улсад Шинкансен хурдны галт тэрэг явж эхэллээ2 цаг 6 минутын өмнөТаны мэдэхгүй хамгийн аюултай таван амьтан2 цаг 11 минутын өмнөШер шинээр гарах "Mamma mia 2" кинонд тоглоно гэдгээ зарлалаа2 цаг 16 минутын өмнөРохинжачуудын тосгодын гуравны нэгийг нь шатаасан байна гэв2 цаг 21 минутын өмнөЖижи Хадид Монохром даашинзаар гоёжээ2 цаг 26 минутын өмнөБОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо2 цаг 27 минутын өмнөД.Оюунхорол: МАН муухай харагдаж байвал АН-д ашигтай гэсэн дүрмээр тоглож байна2 цаг 28 минутын өмнөОлимпын бамбарыг аялуулах эхний алдартан тодорлоо2 цаг 31 минутын өмнөЭмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд2 цаг 33 минутын өмнөТрампын охин шиг болгох мэс ажилбар ихэсчээ2 цаг 36 минутын өмнөБаяжуулахын “нэвтэрхий толь”2 цаг 41 минутын өмнөЖеннифер Лопез болон жүжигчин Ванесса Хадженс нар хамтран ажиллахаар болжээ2 цаг 41 минутын өмнөЭд Шийран осолджээ2 цаг 46 минутын өмнөХамгийн хачирхалтай хамаатнууд2 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.