10-р сарын 12
10 цаг 21 минут

Улсын Их Хурал төрийн гэхээсээ илүү олон нийтийн төлөөллийн сонгодог хэлбэр байх учиртай

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өргөнөөр хэлэлцэж буй үед үндсэн хуулийн эрх зүй судлаач, хууль зүйн ухааны доктор /Ph.D/ П.Амаржаргалтай ярилцлаа.

Таныг Улсын Их Хурлын буюу парламентын талаар нэлээд судалгааны ажил хийж доктор хамгаалсан гэж сонссон. Энэ талаар товч танилцуулна уу? 

МУИС-ийн Хууль зүйн сургууль, Японы Нагояагийн Их сургуульд нийт 18 жил орчим судалсан зүйлээ нэгтгээд 2016 онд парламентын бүрэн эрх: төлөвшил, хөгжлийн чиг хандлага гэсэн сэдвээр зэрэг хамгаалсан. Энгийнээр хэлбэл, парламент гэдэг институци нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг талаархи онол, дэлхийн улс орнуудын парламентын түүх, туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхтэй холбоотой Үндсэн хуулийн заалтуудад шинжилгээ хийсэн юм.

Нилээн ерөнхий сонсогдож байгаа учраас жаахан тодруулахгүй юу? Уучлаарай, докторын судалгаа гэхлээр шинэлэг байх ёстой гэж бодсон юм.

Бүрэн эрх, чиг хандлага, төлөвшил гэхлээр нилээн ерөнхий, хүн бүхэн мэддэг юм шиг сонсогдож байгаа нь үнэн. Нийгмийн зүгээс Улсын Их Хурал руу дайрдаг, буруутгах хандлага байдгийн нэг шалтгаан нь юу вэ гэхлээр Улсын Их Хурлын бүрэн эрх өөрөө Үндсэн хуулиар зөв тодорхойлогдоогүйтэй холбоотой. Үүнийг онолын болон гадаад улсын үндсэн хуулийн практик талаас нь судлан гаргаж, нотлохыг оролдсон юм. Нийгмийн ухаанд туйлын үнэн, төгс нотлох гэж байхгүй учраас “оролдсон” гэж хэлчихлээ. 

Парламент нь ард түмнээс сонгогддог, хууль тогтоодог зэрэг үндсэн хуультай ардчилсан орнуудад байдаг нийтлэг зүйлд шинэлэг тал бас байх уу?

Ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлэх гэж парламентын гишүүдийг сонгодог гэдэг нь ойлгомжтой сонсогдож байгаа ч “ард түмэн” гэдэг нэрийн дор хэнийг, ямар ашиг сонирхлыг төлөөлөх вэ гэдэг асуулт улс төрийн түүхэнд харьцангуй шинэ юм. Энэ асуудлыг буруу тодорхойлсноос болж олон гунигт түүх, хямрал гарч, энэ талаар хуульчид, эрдэмтэд судлаад онолоо дэвшүүлсэн байдаг. Жишээлбэл, ард түмнийг төлөөлөх гэдэгт сонгуулийн тойргийг бус, өөрийг нь сонгосон хүмүүсийг ч биш, харин нийтлэг эрх ашиг, олон нийтийг төлөөлдөг болохыг Францын улс төр судлаач Аббат Сийес “Гуравдагч давхрага” гэсэн бүтээлээрээ тодорхой гаргаж ирсэн. Тухайн үеийн европт үүссэн, түүний дотор Францад үүсэн улс төрийн хямралын шалтгааныг төлөөллийн байгууллага нь нийтлэг эрх ашгийг бус, тодорхой цөөнхи давхрагыг төлөөлөх болсонтой холбон тайлбарлаж онолоо гаргасан байдаг. Энэ үзэл санаа нь Франц, АНУ зэрэг бусад орнуудын үндсэн хуульд тусгалаа олсон.

Энэ онол амьдралд, хуульд яаж буух вэ?

Парламент бол тухайн улсын олон нийтийн буюу нийт үндэстнийг төлөөлөх ёстой гэдэг энэ үзэл санаа ардчилсан засаглалыг хүлээн зөвшөөрсөн бүх л улсуудын үндсэн хуульд тодорхой заагдсан байдаг. Харин манайд энэ бүрэн тусгагдаагүй, харин ч УИХ-ыг “төрийн байгууллага” гэсэн агуулгаар үндсэн хуульд заасан байдаг. Парламент хэрвээ төрийн байгууллага юм бол төрийн үйл ажиллагааг яаж хянах вэ гэх зэргээр зөрчилдөөнтэй болж ирэх учраас “төрийн” гэхээсээ илүү “төлөөллийн” байгууллага байх учиртай. Одоо бол гишүүдийг “төрийн түшээ”, “төрийн улс төрийн албан хаагч” гэж үзээд байгаа нь “төрийн байгууллага” гэж ойлгодогтой холбоотой юм шиг ажиглагддаг.

Тэгвэл Улсын Их Хурал төрийн эрх дээд байгууллага гэдэгтэй та санал нийлэхгүй байгаа юм уу?

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн заалтыг анх хэлэлцэж батлагдах үеийн баримтуудыг судлаачийн хувьд судалж үзсэн. Уг заалт ямар агуулагатай талаар тухайн үеийн депутатуудын дунд маргаантай байсан юм байна лээ. Жишээлбэл, “төрийн эрх барих дээд байгууллага” гэдэг нь засаглалын хэлбэрийг тодорхойлсон гэж нэг хэсэг нь үзсэн байхад, нөгөө хэсэг нь “хууль тогтоох дээд эрх мэдлийг” илэрхийлсэн гэж маргаж байсан. Орчин үед парламентыг төрийн эрх барих байгууллага гэж тодорхойлсон, ардчилсан улс орон бараг байхгүй. Харин Япон Улсын Үндсэн хуульд ийм заалт байдаг боловч улс төрчид, эрдэмтэд, иргэд нь “төлөөллийн” болон “хууль тогтоох”дээд байгууллага гэсэн утгаар нь ойлгодог, төрийн эрх барих байгууллага гэж үздэггүй.

Парламентын өөрийнх нь төлөөллийн мөн чанараас хамаарч “төрийн“ эрх барих дээд байгууллага байх боломжгүй, харин “төлөөллийн” эсхүл “хууль батлах” дээд байгууллага гэвэл илүү орчин үеийн чиг хандлагад нийцсэн.

Хууль тогтоох ёстой гэдэг бол тодорхой, гэтэл сүүлийн үед хэрэгжихгүй хууль баталдаг, гишүүд өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө хууль баталдаг гэх шүүмжлэл олон нийтийн зүгээс их байх шиг ажиглагддаг. Ер нь Улсын Их Хурал гэдэг байгууллага яг юу хийх ёстой юм бэ?

Улсын Их Хурлын бүрэн эрхийг үндсэн хуульд угаасаа маш өргөн хүрээтэй тодорхойлсон. Заримдаа өргөн, том байх тусмаа тодорхой бус болдог доо. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийг харахад л ойлгомжтой. Улсын гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг хэлэлцэнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “супер парламент” байх эрхийг үндсэн хуулиар олгочихсон юм. Уг нь бол саяын ярьсан төлөөллийн мөн чанартай нь холбон үзвэл хууль батлах, баталсан хуулийг нь засгийн газар хэрэгжүүлж байна уу гэдгийг хянах, хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж өгөх, хяналт тавих, засгийн газрыг бүрдүүлэх буюу сонгох ийм л ажил хийх ёстой гэдэг нэгэнт хэвшин тогтсон хандлага, үзэл санааг манай улс нэвтрүүлэх хэрэгтэй байгааг диссертацидаа системтэй гаргаж ирэхийг зорьсон.

Харин сая та “хууль батлах” гээд зөв хэлчихлээ. Уг нь бол хууль гэдгийг тухайн нийгмийн зөвшилцөл, гэрээ гэж үзвэл парламент хуулийг “тогтоох” биш харин ард түмний дунд нэгэнт хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төлөөлөөд “батлах” учиртай юм. Энэ тохиолдолд өөрсдийнхөө төлөө хууль тогтоосон гэх яриа, эсхүл баталсан хууль нь хэрэгжихгүй байх, олон нийтийн эсэргүүцэлтэй тулах магадлал харьцангуй бага болдог. 

Хууль батлах, хууль тогтоох гэдэг нь бас ялгаатай болж байна, тийм үү?

Хуулийг хүмүүсийн хамтдаа амьдрах, оршин тогтноход зориулсан дүрэм, журам гэсэн талаас нь авч үзвэл ард түмний дунд, зөвшилцлийн дүнд аяндаа бий болсон “хэм хэмжээ” юм. Иймд ард түмний хүсэл зоригоос, амьдралаас нь бий болсон дүрэм, журмыг заавал биелэгдэх хүчин чадалтай болгох, батлах ажлыг л парламент буюу ард түмний төлөөлөгчид хийх ёстой. Тэгэхлээр хууль тогтоох, хууль батлах гэдэг өөр утга санаатай байгаа биз. Одоо бол хуулийг тогтооно л гэдэг үзэл санаа гүнзгий суучихсан, энгийн олон нийт үүнийг онолын талаас нь ярихгүй ч гэсэн шүүмжлээд байгаа нь бас буруу биш, учиртай л юм шиг.

Хүмүүс их ярьдаг. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй, хэрэггүй гээд. Та бол үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх талдаа юм уу даа?

Одоогийн үндсэн хууль маань нийгмийн шилжилтийн суурийг маш зөв тавьсан, муу хууль биш гэдэгтэй санал нэгддэг. Бас нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэдэг болгоомжлолыг ч буруутгахгүй. Гэхдээ тухайн салбар тус бүр, тухайлбал, үндсэн хуульд заагдсан хүний эрх, төрийн байгууламж, дотор нь задалвал хууль батлах, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбар тус бүрээр нь нарийн судалсан хүмүүс бол ийм ийм заалтыг ингээд өөрчилсөн бол илүү сайн болноодоо, одоо үүсээд байгаа ийм асуудлыг засах арга байгаа талаар ярьдаг. Би ч гэсэн УИХ-ыг төлөөллийн байгууллага гэсэн талаас нь үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй зүйлс олон байгаа гэдгийг судалгаа, бүтээлдээ хэлдэг.

Заавал үндсэн хуулийг өөрчилж байж л бүх юм сайжрахгүй, бусад хууль тогтоомж эсхүл зохион байгуулалтын аргаар сайжруулж болохгүй уу?

УИХ бол Үндсэн хуулиар тогтоосон нь суурь институтын нэг учраас эх нь зөв байвал, цаашаагаа бусад хуулийн хүрээнд, түүнчлэн зохион байгуулалтын шинжтэй хийх шаардлагатай, гажуудалтай зүйлсийг засах ажил илүү үр дүнтэй, бас уялдаатай болох юм уу гэж хардаг. Парламент буюу УИХ чиг үүргээ сонгодог утгаар нь хэрэгжүүлэх ямар ямар нөхцөл шаардлагатай гэдэг талаар ярьвал маш удаан ярилцах, олон зүйлс байгаа. Зөвхөн үндсэн хуулийн түвшинд гэхэд бүрэн эрхийн хүрээ, тарах механизм, засгийн газрыг сонгох, хууль санаачлах эрх, УИХ-ын хяналт, хязгаарлалт гээд олон асуудал цогцоороо, хоорондоо уялдаатай гарч ирдэг болохоор нэг бүрчлэн яривал хүмүүс залхах байх.(инээв)

Үр өгөөжтэй ярилцлага болсонд баярлалаа, та судалгааныхаа тухай товч танилцуулаад ярилцлагаа өндөрлөх үү? 

Миний судалгаа Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр л дагнасан болохоор монгол хэлээр “Япон Улсын Үндсэн хууль” (2011), “Магна харт” (2012, 2016) гэсэн эх хуулиудыг хөрвүүлсэн, “Үндсэн хуулийн эрх зүй: парламентын онол, үзэл баримтлалын асуудал” (2015) “Парламентын бүрэн эрх: төлөвшил, хөгжлийн чиг хандлага” (2016) зэрэг номыг хэвлүүлсэн, англи хэлээр “Parliamentary Democracy in Mongolia” (2010) онд гадаадад хэвлүүлсэн ном байгаа. Түүнчлэн судалгааны өгүүлэл, УИХ болон НҮБ-тэй хамтарсан судалгааны багт энэ сэдвээрээ оролцож байсан.

 

Сэтгүүлч         Д.Отгонбаяр

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.36.182Зочин   • 10 сарын 12. 16 цаг 43 минут

Сайхан ярилцлага болсон байна. Монголд маань мундаг мундаг залуу боловсон хүчин төрөн гарч байгаад баяртай байна. Ажлын амжилт хүсье.

202.70.36.182баярлалаа   • 10 сарын 12. 15 цаг 37 минут

улс төржилтгүй, судалгаанд суурилсан ярилцлага болжээ.

Шинэ мэдээ

Таргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү4 минут 33 секундын өмнөGame of Thrones-ын од бүсгүй алдартай дуучин залуутай гэрлэнэ7 минут 37 секундын өмнө"Мөргөлдөөн дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх"-ээр геополитикчид хуралджээ12 минут 20 секундын өмнөНаснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга17 минут 46 секундын өмнөАмерик Оросын ялгаа...24 минутын өмнөОрон орны шилдэг залуус Сочи хотод нөхөрсөгөөр өрсөлдөж байна30 минут 6 секундын өмнөГоломт банк Нидерландын Hands-On B.V коампанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа32 минут 54 секундын өмнөХайр дурлалд гадаад төрх хамаагүй гэдгийг харуулж чадсан хосууд36 минут 31 секундын өмнөХуурнин шуугигчид40 минут 27 секундын өмнөБодит амьдрал дээрх ”Бенжамин Баттонууд”45 минут 2 секундын өмнөТ.Мөнхтунгалаг: Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхгүй49 минут 6 секундын өмнөДугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо51 минут 58 секундын өмнөӨвөр монголчууд бол “хужаа” биш53 минут 7 секундын өмнөLouis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ56 минут 6 секундын өмнө2017 оны хуримын шилдэг 30 фото зураг1 цаг 1 минутын өмнөШөнийн тарифын хөнгөлөлт1 цаг 4 минутын өмнөХойд Солонгосын хакерууд Их Британийн телевиз рүү халдах гэж оролджээ1 цаг 8 минутын өмнөДэлхийн II дайнаас 669 хүүхдийн амийг аварсан Англи эрхэм1 цаг 16 минутын өмнөЖ.Эванстыг илүү үнэлсэн санал1 цаг 23 минутын өмнөИракийн засгийн газрын цэрэг Киркук хотыг авч курдчууд зайлан оджээ1 цаг 27 минутын өмнөӨчигдрийн онцлох фото агшинууд1 цаг 30 минутын өмнөСайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай1 цаг 32 минутын өмнөАйл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд1 цаг 38 минутын өмнөТрампыг элэглэсэн зурагт хуудсууд Сөүлд цацагдах болжээ1 цаг 43 минутын өмнөИрина Шэйк эрчүүдийг хэрхэн уургалдаг вэ1 цаг 47 минутын өмнөХөхний даруулга худалдан авахдаа заавал шалга1 цаг 52 минутын өмнөМУГЖ Б.Сарантуяа: Чингис хаан шиг байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү1 цаг 55 минутын өмнөЛууван Гиннесийн амжилтын номонд багтав1 цаг 59 минутын өмнөХуримын шилдэг 30 зураг2 цаг 5 минутын өмнөХамар битүүрсэн үед хэрхэх вэ2 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.