10-р сарын 16
9 цаг 13 минут

Газарт гялалзсан одны тухай цөөн үг

Ч.Чимидийн мэндэлсний 90 жилийн ойд

Монголын утга зохиолын тэнгэрт гялалзсан нэгэн од Чойжилын  Чимид зохиолч 53-хан настайдаа харваж одсон. Хэрэв амьд сэрүүн байсан бол энэ оны эцсээр 90 настайгаа золгох байлаа. Жаахан ч гэсэн баярлах зүйл олж хараад түүндээ урамшиж баясдагаараа “Би залуу” гэсэн Чойжилын Чимидийн энэ санаа өнөө үед их хэрэгтэй байгаа үг юм. Хүмүүсийн маань нэг хэсэг баярлах юман дээр ч баярлахаа байчихсан, өөнтөглөн үгүйсгэдэг болчихсонд сэтгэл эмзэглэх юм.

“Нүдний минь өнцөгнөөс

Үрчлээ олж хараад

Нүгэл болгож

Ёжлох хэрэггүй

Үрчлээ биш угалз гээд

Үнэндээ нэмэргүйг мэдэж байна

Гэвч Би залуу

Явсан газраа богино гэж

Чамлаад тэр биш

Үзсэн харснаа бага гэж

Давраад тэр биш

Анхаарч юу ч үзсэн

Анх үзсэн шиг баярладгаараа

Алтан нар ч ширтсэн

Анзаараагүй юм олдогоороо

Жаргал зовлон бүхнийг

Гярхай нүдээр хардгаараа

Тэр бүхнийг өөрийнх шигээ

Тэмцэн хатамжлан явдагаараа

Би залуу.....”  хэмээх энэ шүлгээ Ч.Чимид гуай 1962 онд 35-тайдаа бичсэн байх юм.

Ч.Чимид гуайг хол ойроос олон удаа харсан. Харин үг сольж явсангүй. Арван наймтай жулдрай байхдаа манай Их сургуулийн 4-р байрны/одоо МУИС-ийн Эдийн засгийн сургууль/ өөдөөс харсан  “Идэр” ресторанд эдийн засгийн ангийн оюутан, шүлэг бичдэг ах  Дэрэмийн Рэнцэндоржтой хамт орвол Ч.Чимид гуай сууж байж таарсан юм. Нэрт зохиолч маань Д.Рэнцэндорж ахтай мэнд мэдэлцэн хань татаж залуу яруу найрагчид амжилт хүсэн дэргэдээ суулгаж би тэр хоёрын яриаг зогсоогоороо жаахан сониучирхаж сонсоод гарсан билээ. Миний анх удаа Ч.Чимид гуайг ойроос харж байгаа нь тэр юм. (Рэнцэндорж хэмээх энэ авьяасллаг хүн оюутан байхдаа ослоор өөд болсон. Олон жилийн дараа түүний утга зохиолын дугуйлангийн анд нэрт яруу найрагч Д.Цоодол ах шүлгийнх нь түүврийг эх барьж гаргасан юм.)

Манай зохиолч, уран бүтээлч олон хүн Ч.Чимид гуайтай найзалж, нөхөрлөж уран бүтээл хамтран туурвиж тэр ч байтугай наргиж, цэнгэж ч явсан тухайгаа бишгүй хуучилсан байдаг. Ч.Чимидийн уран бүтээл олон талтай гэж алдарт өгүүллэгч, нэрт зохиолч С.Эрдэнэ гуай олонтаа ярьж бичиж байсныг санаж байна. 

 1979 оны намрын нэгэн тогтуун орой Драмын  театрын өмнөх талбайн сандал дээр халамцуухан, бодлогошронгуй  сууж байхад нь хараад зүрх гарган, очиж хэдэн үг солиё гэж бодтол түүний хүлээж байсан хүн нь ирж дуу шуу болоод явчихав. Ч.Чимид гуайг үүнээс хойш дахиж хараагүй билээ.

Цэцэрлэгт байхаасаа, сургуульд орсноосоо хойш л

“Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би”  хэмээн түүний 20 хүрээгүй насандаа бичсэн уран зохиолын сурах бичиг дээр байдаг  “Би Монгол хүн” шүлгийг нь тарни шиг цээжилж, зохиосон сайхан дуунууд, түүний дотор цэрэг эх оронч дуунуудыг нь түрж дуулдаг, роман туужийг нь амтархан уншиж, жүжиг киног нь шимтэн үзэж ирсэн хүүхдийн нэг би бээр энэ алдартай сайхан зохиолчийн ганц нэгхэн бүтээлийн талаарх өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцая гэж бодлоо. Дээр дурдсанчлан олон талтай, энхийн зүтгэлтэн,  бадрангуй уран бүтээлчийн тухай сэтгэгдлээ хэлнэ үү гэхээс бус хөрөг юмуу, утга зохиолын шүүмж судлалын үүднээс бичих боломж хомс билээ.

Бидэнд Монголын утга зохиолын их гэр бүлийн их өвийг яг байснаар нь хүргэж ирсэн ардын уран зохиолч Бөхийн Бааст буурал хуучлахдаа: Маршал Чойбалсан түүний үүлэн чөлөөний наран шиг гялсхийсэн авьяасыг тэтгэж зохиолч болж юуны магад. Тэгвэл түүнд юуны өмнө орос хэл сурах нь онц шаардлагатай гээд үлгэр жишээ бага сургуульд сурч байсан Ч.Чимидийг тэр үед хотод байсан цорын ганц орос сургуульд оруулсан. Ч.Чимид сургуульд сурсан шүү сурсан, орос хэлийг эзэмшсэн шүү эзэмшсэн. Ахлах ангид сурч байхдаа Владимир Маяковскийн “Зөвлөлийн паспорт” шүлгийг орчуулсан юм шүү дээ. Ямар шүлэг яаж орчуулагдсаныг мэднэ биз дээ гэж билээ.  Бидний үеийнхэн дунд сургуульд сурч байхдаа нээрэн л энэ шүлгийн гал дөлтэй мөрүүдийг уншиж явсан.

Аав хойшоо явж сурах гэж байхад нь Чойбалсан гуайн хэлснээр МУИС-д орсон юм гэнэ лээ гэж Ч.Чимид гуайн том хүү, миний найз хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар ярьсан юм. Ч.Чимид гуай энэ тухайгаа алдарт найрагч Д.Пүрэвдорж гуайд хуучлахдаа: Өвгөн чинь орос арван жил төгсөөд хойшоо сургуульд явах гээд дотроо шийдчихсэн байлаа. Аав тэгэхэд Маршалын комиссар байсан, би ч бас хүүхдийн шүлгээр бэлэг авч байсан болохоор намайг сургуульд явахад Маршал дэмжинэ гэж бардам байсныг хэлэх үү. Маршалынхныг Туулын хөвөөнд гэртэй зусч байхад нь аавыгаа дагаад очлоо. Аав минь сургуулиа сайн төгссөн, хойш нь явуулах санаатай гэдгээ хэлэв. Тэгтэл санаандгүй юм болж надад “чөдөр” өгөөд монголоор нэрлэ гэж гурван зүйл  асуув. Би гэдэг амьтан таг суулаа. Маршал: за хө, чамайг гадаадад болвол явуулахгүй, чи орос хэлээ сайн сурсан гэсэн, харин монгол хэлээ сураагүй юм байна. Ийнхүү би “алга, сум, чагт” гэдэг гурван үгнээс болж гадаадад явж чадаагүй. Гэвч монголдоо сурсан нь аль аль хэлэндээ тэгширч зүгширсэн... гэжээ. Үнэхээр л эх монгол хэлээ төгс эзэмшсэн хүн л тэр Евгений Онегин, Дайн ба Энх, Отелло, Гамлет, Ромео Жульета  хоёр гээд сонгодог зохиолуудыг орчуулж монголчууддаа хүргэсэн юм шүү дээ.

“Утга зохиолыг хуучин бичгийн найруулгаар бус шинээр бүрэлдэж буй утга зохиолын амьд хэлээр орчуулж эхэлсэн анхны орчуулагч. Түүний “Би монгол хүн шүлэг нь монгол туургатны дунд ихэд алдартай”” хэмээн Британика нэвтэрхий тольд бичжээ.          

Намайг оюутан байхад Ч.Чимид гуйан  орос хэл дээр бичсэн “Наталъя Пушкина” шүлэг нийтлэгдэж  Зөвлөлтөд дөнгөж төгсөөд ирсэн Я.Долгоржав багш үүнийг уншаад яаж ингэж гоё хэлэв ээ гээд шагшраад байх юм. Мань мэт нь уншаад амт шимтийг нь ойлгохгүй, хий л ангайж хоцорсон доо. Энэ шүлгийн талаар Ардын уран зохиолч Б.Бааст гуай “Монголын сайхан Чимид” нийтлэлдээ: ... би Чимидийнхээ өв дотроос нэгэн орос эмэгтэйн захидал олж, түүнийг орчуулж номондоо оруулсан. Энэ захидлыг олсноор Чимидийнхээ үнэнхүү аугаа ихийг мэдэж дахин баярласаан. Чимидэд захидал бичсэн орос бүсгүйн нэр Тимохина Нина Константиновна. Тимохина бүсгүй Чимидийн “Наталъя Пушкина” шүлгийг уншаад сэтгэл нь хачин их догдлон уйлсан байна. Сүүлдээ энэ шүлгийг дахин дахин уншсаар цээжилчихсэн гэнэ. Тимохина бүсгүй амралт сувилалын газар ажилладаг. Монгол оюутнууд тэр бүсгүйтэй аз болон дайралдаж, Чимидийн шүлгийн тухай халуун яриа дэгджээ. Манайхан ямар, Чимидийгээ мэдэхгүй гэх биш! Тэгээд Тимохина Чимидэд захиа бичжээ. Захиандаа энэ учрыг дурдаад, шүлгээ монгол хэл дээр нь явуулахыг гуйжээ. Таны яруу найргийн гүн авьяасыг хайрлан хүндэтгэсний минь тэмдэг болгон Наталья Николаевна Гончаровагийн нэгэн зургийг илгээв гэжээ. Чимид энэ шүлгээ орос хэл дээр бичиж, “Монголия” сэтгүүлд хэвлүүлжээ. Чимидийн сүүлийн номд энэ шүлэг зөвхөн, хадмал орчуулгаар оржээ. Орос хэл дээр бичсэн тэр эхээ Чимид монгол хэл дээрээ санаандаа хүртэл буулгаж амжсансан бол бас нэг гайхамшиг болох байж. Өөр нэг орос уншигч Чимидийн энэ шүлгийг уншаад арай муужирч ойчоогүй байх юм. Монгол хүн орос хүнээс илүү “орос хэл” ингэж сурч болдог юмуу! Энэ монгол яруу найрагчаас өөр Наталья Гончаровагийн тухай манай орос яруу найрагчдаас хэн нь ийм сайхан шүлэг бичсэн юм бэ? гэж асуужээ. Та бидний дэндүү сайхан Чимид маань ийм л суут хүн байж шүү дээ гэжээ.

Академич Ж.Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” номондоо Ч.Чимид гуайн хүү  Энхээ орос арван жил төгсч, орчуулга хийх санаа төрж аавдаа хэлтэл: “чистое золото”, “чистое серебро” гэдэг үгийг монголоор юу гэж хэлэх вэ? хэмээн асуухад Энхээ түгдэрч төлбөрөлгүй: -цэвэр алт, цэвэр мөнгө гэхэд эцэг нь :

-хм гэж нэг дуугараад, үгүй дээ, “шижир алт”, “цалин мөнгө” гэж хэлдэг  юм. Монгол хэлээ сайн үзэж байж орчуулгын ажилд хүчин зүтгэ дээ, хүү минь гэсэн гэдэг гэжээ. Өнөөдөр Ч.Энхээ сайн орчуулагч болжээ.

Бусдынхаа зохиол бүтээл туурвихад багшлах, зөвлөх, орчуулж гадаадад гаргахад их хүч, цагаа зардаг байсныг ахмад зохиолчид олонтаа дурссан байдаг. Ч.Чимид гуай бол манай домог болон үлдсэн зохиолчдын нэг яах аргайгүй мөн. “Ц.Гайтав,Ч.Чимид”, “Л.Ванган,Ч.Чимид” гэсэн хослол Монголын яруу найраг болоод жүжиг киноны салбарт том орон зай эзэлцгээсэн билээ. Тэдний нөхөрлөлийн тухай ч олон сайхан дурсамж байдаг. Л.Ванган гуай “Түмний нэг”, “Хүний мөр” киногоо хийж байхдаа Ч.Чимид гуайг байнга л дууддаг байсан гэлцдэг. Тус киноныхоо гол баатарт  нэр оноохдоо өөрийн хамтран зүтгэгч Чимид найзынхаа нэрийг өгсөн байх гэж боддог. “Өглөө” киноны хоёрдугаар ангийг  Ч.Чимид гуай  Л.Ванган найзынхаа эзгүйд бичиж дуусгасан билээ. Монголын утга зохиолын энэ тод одууд богинохон наслаад ойр, ойрхон харваж одоцгоосон нь харамсмаар. 

Нэрт зохиолчид зүгээр ч нэг нийлж дарвиад яваагүй зохиолын санаа оноогоо ярьж зөвлөцгөөн санаа, сэдэл өгдөг байсан жишээ их байдаг. Их Явуухулан гуай 1969 онд  Ч.Чимидэд зориулан  “Одод усанд шумбадаг юм билээ” хэмээх алдартай шүлгээ бичсэн байдаг.

“....Эх нутгийнхаа намуун сайхан шөнөөр

Эрхэст тэнгэрийн од усанд сэлэхийг ажаарай

Яралзтал сэлж, заяасан биеэ гайхуулах нь

Яг л тэд манай хүүхдүүд шиг жавхаатай.

Голын усанд чулуу битгий хаяарай

Холын одод манай хүүхнүүд шиг ичимтгий

Усны арыг чи нэг л хөдөлгөчихвөл

Үзэсгэлэнт од чамаас зугтчихна гэж мэдээрэй.

Саран дор суухдаа чимээ битгий гаргаарай

Саруул эх нутгийнхаа шөнийн үзэмжид баясаарай

Тэнгэрийн од тунгалаг усанд сэлдэг юм билээ

Тэгээд тэд Туул голд минь шумбадаг юм билээ” гэж бичиж байлаа.

1950,1960-аад онд Монголын утга зохиолд  одод олноороо чуулсан билээ. Тэр үед мань мэтийн балчраас эхлээд цөмөөрөө  Туул голд минь тэнгэрийн одод шумбахыг харсан юмаа. Бас Чойжилын Чимид хэмээх тодоос тод  “од” газарт бидний дунд гялалзаж явсан юм. 

УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.29С ЭНХТУЯА   • 6 сарын 24. 20 цаг 51 минут

Энэ агуу уран бүтээлчийн Өглөө кинонд бичсэн Норжмаагийн дуу маш их таалагддаг, (Бадраа гуайн Ленин багш биш) Чимид гуайн бичсэн үгийг нь хаанаас олох вэ?

202.9.44.77Зочин   • 5 сарын 19. 11 цаг 47 минут

Гагарин гэдэг хүн сансарт нисээд газарт бууж МОСКВААДАА ирэх үйл ажиллагааг орсын телевиз рАДИОГООР шуд нэвтрүүлхэд МАНАЙ радиогийнхон шууд орчуулгаар дамжуулсан гэдэг тэр орчуулгийг ЧИМЭД гуай хийж орос орон Москва хотыг харж суугаа юм шиг ШҮЛЭГЛЭЖ байсаныг Цэдэнбал дарга сонсоод Манай ЧИМЭД МӨН ШИВДЭЭ орс хэлийг ингэж ойловол бид болж байна гэсэн гэдэг ,,,сайхан хүн байсан даа ,мөн л эрлийз энээ тэрээ гээд

202.72.240.5Зочин   • 2017, 10 сарын 16. 18 цаг 43 минут

үнэхээрийн сайхан яруу найрагч нар байж дээ ийм хүмүүс дахин төрөх болов уу даа

112.72.11.119Зочин   • 2017, 10 сарын 16. 15 цаг 10 минут

Бурхан минь. Энэ сүүлийн шүлэгнээс хөгжим уянгалах шиг болж байна. Яаж ингэж бичиж чадаа вэ? Үг хэллэг этгээд биш. Чухам л байраа олсон. Яг л монгол ахуйд өсөж төрсөн 2 хүн хоорондоо эеврүү хүүрнэлдэх мэт. Бид шүлэг зохиохдоо этгээд үгийн эрэлд хатах хэрэггүй юм. Үгээр шатар тоглож байгаа юм шиг бичдэг асан урьдын зохиолчдоосоо үлгэр авмаар юм.

202.72.245.122ё   • 2017, 10 сарын 16. 10 цаг 44 минут

Гадаад хэлийг үг түүж орчуулдах гэж алиалах болж,ЭНэ хүн оросууд Как огурчик гэж бие сайныг хэлэхийг таван цулын шөл уусан шиг гэж Монгол ухамсарт буулгаж орчуулдаг байлаа Ба алтанзагасны үлгэрийн дамдинсүрэн гуайн орчуулга байна.

202.72.245.122ё   • 2017, 10 сарын 16. 10 цаг 34 минут

Япончууд үхрийн баасныи үнэр утааны ариутгах чадварыг тогтоосон шүү.Монгол үхэр чинь эмийн ургамлын үрийг нь түүдэг эко машин.

103.87.255.42shihua   • 2017, 10 сарын 16. 9 цаг 45 минут

ҮХРИЙН БААС ТҮЛЧИХЭЭД БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ДЭЛХИЙД ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХЭЭР ХЭН ЮУ ГЭЖ ОЙЛЛГОХЫН.

66.181.160.26103.87.255.42-d   • 2017, 10 сарын 16. 17 цаг 27 минут

yalgadsaar bordson nogooni l huuhed biz,argal gej yu bdgiig ch tanihgui biz

203.91.115.35б   • 2017, 10 сарын 16. 14 цаг 56 минут

чи өөрөө гадаадын баас долоосон амьтан байна шүү дээ

122.201.31.17Зочин   • 2017, 10 сарын 16. 10 цаг 07 минут

Аргалын утаа шиг ариун сайхныг мэдэхгүй хүн МОНГОЛ биш 103 87 255 42 яавч монгол биш

202.72.245.122ё   • 2017, 10 сарын 16. 9 цаг 44 минут

Гадаад хэлийг үг түүж орчуулах гэж алиалдаггүй Утгын чанараар Эх Монгол хэл дээрээ сайхан орчуулдаг байсан.Зөвлөлтийн Сансрын нисгэгч бие ямар байна гэхэд Как огурчик гэснийг Таван цулын шөл уусан мэт гэж Монгол хүний сэтгэлийн гүнд шингэсэн орчуулга хийэдэг байж,өнөөдөр бол өргөс хэмх шиг гээд л буудчихна.

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой2 цаг 30 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав2 цаг 32 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ2 цаг 37 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино2 цаг 42 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно2 цаг 47 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд2 цаг 52 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ2 цаг 57 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 2 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 7 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 12 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 17 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 22 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ3 цаг 27 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ3 цаг 32 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг3 цаг 37 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 42 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно3 цаг 47 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ3 цаг 52 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй3 цаг 57 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 2 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 7 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 12 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 17 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 22 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ4 цаг 27 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ4 цаг 32 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав4 цаг 37 минутын өмнөБаавгай буусан намар4 цаг 42 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа4 цаг 47 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ4 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.