12-р сарын 6
11 цаг 31 минут

Тэр ганцхан шийдвэр намайг “ЭНД” үлдээсэн

Өнөөдөр би өөрийгөө ямар азтай их гэдгээ гэнэт ухаарсан юм. Яагаад гэж үү? Би энд байна. Би өнгө будаг алагласан энэ дэлхийд, Монгол сайхан нутагтаа, хайртай аав ээж, хань ижил, хамгаас илүү хайртай үр хүүхэдтэйгээ хамт байна. Надад өөрийн гэсэн ажил байна, ажлын хамт олон байна. Анд сайхан нөхөд, ах дүү хамаатан садан байна. Хамгийн чухал нь  би тэдэнтэйгээ хамт “ЭНД” байна.

Харуусал

Хэдхэн хоног өмнө би “Грийн хоум хоспис” хөнгөвчлөх эмчилгээ хийдэг эмнэлэгт амьдралын төлөө тэмцэж байгаа Ж.Мөнхбаяр гэдэг залуутай уулзаж, түүнд гэнэт ирсэн өвчнийх нь талаар сонсож, уншигч таньд “Амьдралд хайртай надад туслаач” нэртэй ярилцлагыг нь хүргэсэн билээ.

Түүнтэй уулзах үед зэргэлдээ орон дээр хэвтэж байсан хүмүүсийн над руу ширтэх тэр харцыг би мартаагүй. Яагаад гэвэл тэдний биеийг өдөр өдрөөр “идэх” хорт хавдар нь сүүлийн шатандаа орж, түүнд үлдсэн өдөр хоногийг өвдөхгүй өнгөрүүлэхсэн гэсэн хүслээр тэнд эмчлүүлж байсан. Хэрвээ амьд үлдэх өчүүхэн ч гэсэн найдлага байсан бол тэд надтай ярилцахсан гэсэн харцаар ширтэж хэвтсэн.

Ярилцлага дууссаны дараа би эмнэлгийн ажилтантай хэсэг ярилцаж суусан юм. Хорт хавдар гэдэг хүний биеийг хэрхэн зовоодог талаар, насны ялгамжгүй хорт хавдраар өвчилж байгааг, монголчууд элэг, ходоодны хорт хавдраар голдуу өвчлөх нь их байгаа талаар тэр хэлж байлаа.

Хамгийн гол нь хорт хавдараар өвчлөгсөд улам бүр залуужиж байгаад тэр маш ихээр харамсдагаа хэлсэн. Учир нь намайг очихоос хэдхэн хоногийн өмнө 19- хөн настай залуухан бүсгүй умайн хүзүүний хорт хавдраар өвчлөөд, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэлээ.

Залуухан сайхан бүсгүйг хорвоог орхиж байгааг харах хэцүү байсан. Ер нь амьдралд салах ёс хийх болсноо мэдэрсэн хүн хэцүү шүү дээ. Гэхдээ бид тэр хүмүүст үлдсэн цаг хугацаандаа өвчнөө мартан хэсэгхэн ч гэсэн аз жаргалтай байхад нь тусалдаг. Би ажилдаа дуртай хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Мартагдсан түүх

2011 оны II дугаар сарын 10 ны өдөр. Тухайн үед би “Ардын эрх” сонинд ажилладаг байлаа. Тэр өдөр Хавдар судлалын үндэсний төв, “ХААН” банк, МҮОНРТ, “Оюуны дархлаа” ТББ хамтран “Хавдраас хамтдаа сэргийлье” үндэсний аяны нээлтийг хийсэн юм. Нээлтийн үеэр “Дэлхийн хэмжээнд жилд 500 мянгаас 1 сая хүн хорт хавдраар өвчилж, 12 сая хүн хорвоог орхидог. Харин манай оронд жил бүр 1300 гаруй хүн хорт хавдраар өвчилдөг. Ихэвчлэн элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдар монголчуудын дунд зонхилон тохиолддог.

Хорт хавдраас урьдчилан сэргийлж, эрт оношлуулж чадвал бүрэн эдгэрдэг. Хорт хавдраар хүн нас барах ёсгүй гэдгийг дэлхий нийт зарлаад байхад Монголд жилд 3000 орчим хүн нас барж байгаа нь урьдчилан сэргийлээгүйгээс гадна хожуу оношлуулдагтай холбоотой.

Тиймээс ХААН банкнаас эхний ээлжинд 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 21 аймаг, нийслэлд эмч нарын баг ажиллаж, үзлэг оношлогоо хийж, хорт хавдрын байдлыг талаарх судалгаа гаргах том хүрээний ажлыг анх удаа эхлүүлж байна” гэсэн билээ.

Бүтэн жил үргэлжилсэн уг аяны хүрээнд эмч нарын баг 15 мянга гаруй хүнийг урьдчилан сэргийлэх бүх төрлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, шаардлагатай тохиолдолд орон нутагт нь мэс засал хийж, олон олон монголчуудын амь нас эрүүл мэндийг хамгаалах ажлыг хийсэн юм.

Харин энэхүү аяны нээлтийн үеэр “Оюуны дархлаа” ТББ-аас санаачлан хүн ардын мэдэх эрхийн төлөө цаг наргүй ажилладаг сэтгүүлчдийг урьдчилан сэргийлэх 6 төрлийн үзлэгт хамруулах болсноо хэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй сэтгүүлчид ажлын цагаараа үзлэгт хамрагдан дугаарлан зогсохдоо “Нэг удаа ч гэсэн өөрийнхөө төлөө зогсоё”, “Дараа үзүүлэх зав гарахгүй”, “Би ямар байгаагаа мэдчихэд илүүдэхгүй” гэцгээн ажилдаа очихоор яарсан нэгэн нь хүлээж тэсэлгүй явж байсан юм.

Би ч мөн адил сониныхоо Эрүүл мэндийн нүүрэнд сурвалжлагаа буулгах ёстой, хурдан очихгүй бол загнуулна даа гэж бодон явахад бэлхэн байсан ч “За яахав нэг удаа өөрийнхөө төлөө байя. Загнуулсан ч яахав” гэж зориглосон. 2 цаг шахам болж үд нилээн хэвийсэн хойно ажилдаа очиж, хүмүүст эрүүл мэндийнхээ төлөө анхаарал хандуулахгүй бол хорт хавдар аюул дагуулж байгаа талаар сэрэмжлүүлсэн сурвалжлага бичсэнээр тэр өдөр ард үлдсэн юм.

“Миний хүүхдүүд жаахан ш дээ”

10 гаруй хоногийн дараа ажлын маань нягтлан эгч дуудлаа. Яваад очтол “Миний дүүг Хавдрын эмч ирж уулз гэж хэлүүлж байна. Яаралтай ир гэж хэлүүлсэн шүү” гэлээ. Тэр өдөр ажил маань их л түгшүүртэйгээр өнгөрсөн. Мэдээж эмч дуудна гэдэг сайн зүйл биш гэж бодохоор л сэтгэл тогтож өгөхгүй. Тэгээд л маргааш үдээс өмнө ажлаасаа чөлөө авч Хавдар судлалын үндэсний төвийг зорин очсон. Хамаг  л хурдаараа эмнэлэг дээр очсон би намайг дуудсан “Эмэгтэйчүүдийн эмчийн өрөө”-ний үүдэнд амьсгаагаа даран хэсэг зогсов.

Дотогш ороод ямар мэдээ сонсохоо би мэдэхгүй ч хэсэг азнаад зоригтойгоор эмчийн өрөөнд яваад орлоо. Хаанаас ирсэн, хэн гэдгээ хэлэхэд эмч эгч “За миний дүү, наашаа суу. Санаа зоволтгүй. Эсийн шинжилгээний хариу гарсан” гэв. Эмчийн ширээний яг хажууд байх сандал дээр суусны дараа эмч эгч зүүн чихэнд минь ойртоод “Миний дүү тайван байгаарай. Чиний шинжилгээний хариу хорт хавдаргүй, хавдартай, хавдрын эхэн үе гээд яг аль болох нь мэдэгдсэнгүй. Эдийн шинжилгээ өгөх шаардлагатай ...”  гэж зөөлхөн, шивнэх шахам аядуухан хэлэхэд түүний дараагийн авах арга хэмжээ болон санаа зовох асуудал биш гэх үгс чихний хажуугаар өнгөрсөөр.

Нүдэнд минь ээжийгээ гээд хүлээн суудаг хоёр хүүхэд минь харагдаж, “Миний хүүхдүүд жаахан ш дээ” би тэднийгээ орхиод явах нь ээ гэдгээс өөр юу ч бодогдоогүй. Эмчийн яриа дуусч, дахин эдийн шинжилгээ өгөөд гарлаа. Толгой хоосон болсон мэт, амьдрал дуусч байгаа юм шиг, маргаашийг харахгүй бол яана гэсэн бодолд автан, хүний нүднээс нуугдан уйлж явлаа. Шинжилгээний хариу хүлээсэн өдрүүдэд сэтгэл тогтохгүй түгшүүртэй байсан ч гэрийнхнээ сандраахыг хүссэнгүй.

Нөгөө талаар хавдрын талаар аюултай үхдэг өвчин гэдгээс өөр мэдлэггүйгээ ойлгон түүнийг судалж эхэлсэн. Уншиж судлах тусам миний шинжилгээний хариу ямраар ч гарсан байсан эрүүл болох боломж бүрэн байгааг гэдгийг ойлгосон. Хүн гэдэг аливаа зүйлийн мөн чанарыг мэдэхгүй, мэдлэггүйгээс хийрхэж, элдэв ааш аяг гаргадаг болохыг ч өөрөөрөө ойлгосон.

Шинжилгээний хариу өмнөхийн адил гарсан тул ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хэвтэн эрсдэлтэй хэсгийг “өөлөх” эмчилгээг хийлгэсэн. Тухайн үед Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Амарсанаа эмч эмчилсэн. Эмчилгээний үр дүнг гурван сар тутамд шинжилгээгээр шалгуулж, хоёр жилийн дараа айх аюулгүй боллоо гэсэн. Одоо би жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж, өөрийгөө хамгаалж явна.

“Өнөөдөр та энд зогсож байх байсан уу”

Өдөр хоног ээлжлэн өнгөрч миний амьдрал бусдын л адил үргэлжилсээр. Хорт хавдарын  аюул хаалгыг минь тогшиж байсныг ч мартан амьдарч яваа. Харин тэр өдөр буюу “Грийн хоум хоспис” эмнэлгийн ажилтантай ярьж суухад түүний надад хэлсэн “Та азтай юм аа. Шинжилгээ өгч өөрийгөө аварсан байна. Хэрвээ тэр шинжилгээг өгөөгүй байсан бол өнөөдөр та энд зогсож байх байсан уу?” гэж асуусан. Түүний энэ асуулт надад ихийг бодогдуулсан.

Яагаад гэвэл “Тэр ганцхан шийдвэр намайг “ЭНД” үлдээсэн” гэдгийг сануулсан. 6 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Хүний амьдралд их бих хугацаа ч эрүүл мэндэд нөлөөлөхөд хангалттай урт. Магадгүй би тэр үед шинжилгээ өгөөгүй байсан бол өнөөдөр эмнэлгийн орон дээр амьдралын төлөө бүхнийг хийхэд бэлэн хэвтэж байх байсан ч юм билүү. Таашгүй. Учир нь би эгэл монголчуудынхаа л нэгэн адил зөвхөн энд тэнд өвдөж, хатгаж үнэхээр яачихав гэж бодсон үедээ л эмчид ханддаг. Харамсалтай нь монголчууд бидний энэ хэнэггүй зан хичнээн олон сайхан хүний амь, амьдралыг авч одсон бол.

Өнөөдөр дэлхий дахинаа жилд 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа бөгөөд тэдгээрийн 4 сая нь цагаасаа эрт буюу 30-69 насандаа хорвоог орхиж байна. Харин Монгол улсад хорт хавдраар жилд 5777 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3999 хүн нас барсан байна. Хамгийн харамсалтай нь өвчлөл болон нас баралт улам бүр залуужиж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсад насанд хүрсэн 12 хүний нэг нь хорт хавдраар өвчилсөн. Нас барж байгаа 4 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдраар өвчилсөн 4 хүн тутмын нэг нь эрт үедээ оношлогдож 3 нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Иймд огт өвдөөгүй ч тогтмол үзлэг, шинжилгээ хийлгэвэл хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Хамгийн гол нь хүн бүр өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө, аз жаргалынхаа төлөө нэг л олдсон хувь заяаныхаа эзэн нь болж өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаасай гэж хүсэж байна. Таны амьдрал өөрийнхөө төлөө хийсэн нэг л алхамаас эхэлнэ.

Миний ганцхан шийдвэр намайг “ЭНД” үлдээсэн... 

П.Нарандэлгэр

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.43зочин   • 2017, 12 сарын 6. 11 цаг 48 минут

Хүн бүр бодох ёстой амьдралын чухал хэсэг байна. Мөнгө хөрөнгө чухал гэж үү. Бүх ЦИХ,ЗГ-бн гишүүд ,компани захиралууд,олигархиудыг тэр өрөөнд оруулж нэг хонуулахад их юм ойлгох биз ээ.

Шинэ мэдээ

ПАК ГЫН ХЭГ-ийн ялыг 8 жилээр сунгалаа43 минут 38 секундын өмнөГ.Сарангэрэлд шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо45 минут 45 секундын өмнөӨдөрт дөрвөн аяга кофе уувал сайн48 минут 49 секундын өмнөДенис Тенийг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийн нэгийг баривчилжээ58 минут 21 секундын өмнөПак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй1 цаг 9 минутын өмнөЗэрлэг нэрсний залуужуулах чадал1 цаг 19 минутын өмнөҮерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна1 цаг 27 минутын өмнөБ.Гангаамаа “К2” уулнаас утсаар холбогджээ1 цаг 29 минутын өмнөХөвсгөл нуурын их тахилгыг хийнэ1 цаг 35 минутын өмнөЦэрэг татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов1 цаг 43 минутын өмнөТасалгааны цэцгээ хурдан ургуулъя гэвэл…1 цаг 49 минутын өмнөОрон орны алдартай гоймонтой хоолны жорууд Хуваалцах 4 Жиргэх1 цаг 59 минутын өмнө“Time” сэтгүүл Путин, Трамп хоёрын аль аль нь танигдахаар хөрөг зуржээ2 цаг 9 минутын өмнөЭнэтхэг улсад жуулчилж явсан 21 настай бүсгүй хүчирхийлэлд өртжээ2 цаг 20 минутын өмнөАадар борооны улмаас завь хөмөрч, 11 хүн амиа алджээ2 цаг 29 минутын өмнөАянга гэж юу вэ?2 цаг 39 минутын өмнөОрдос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …2 цаг 49 минутын өмнөА.Чингүүн хос цэцгэн эрхээр амрагтайгаа гангарав2 цаг 50 минутын өмнөТа хүүхэдтэй бол заавал хэрэгжүүлээрэй2 цаг 52 минутын өмнөМэргэн бууч “сибирийн бөө”2 цаг 55 минутын өмнөАваргуудгүй Нагоя башё ширүүн өрсөлдөөнтэй байна2 цаг 57 минутын өмнөХувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ2 цаг 59 минутын өмнөХүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана3 цаг 9 минутын өмнөФОТО: Дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагт3 цаг 19 минутын өмнөМөнгөөр тасрахгүй байя гэвэл...3 цаг 29 минутын өмнөХорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ3 цаг 39 минутын өмнөЧихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог3 цаг 49 минутын өмнөАлунгоо эхийн сургаалийн баяр энэ сарын 28-30 өдрүүдэд болно3 цаг 59 минутын өмнөГ.Сарангэрэлийн шүүх хурал үргэлжилж байна4 цаг 9 минутын өмнөБ.Гангаамаа К2 уулын 3 дугаар камп дээр ирээд байна4 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.