12-р сарын 6
13 цаг 51 минут

П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа.

-Та Монгол Улсын Хүүхэлдэйн театрын даргаар томилогдоод удаагүй ч бас чиг ажлынхаа төлөвлөгөөг зурчих хугацаа өнгөрчээ. Тэгэхээр ажлаа  юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Цаг үргэлж хүүхдийн уран бүтээл буцалж, хүүхдийн инээд шуугиан тасардаггүй энэ гэрэлт өргөөнд ирээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Оны сүүлээр ажилд томилогдсон учраас  ирэх 2018 оны ажлаа хамт олноороо төлөвлөлөө. Манай хамт олны өмнө байгаа нэг томоохон ажил бол театрын маань түүхт 70 жилийн ой ирэх 2018 онд тохиож байгаа. Ойн хүрээнд Хүүхэлдэйн театр гэж ямар чиг зорилготой, чухам юунд зориулагдсан ямар үзэл баримтлалтай, ямар жүжигчидтэй, ямар уран бүтээлтэй, цаашид яах ёстой байгууллага юм гэдгийг нэгэн жилийн турш сурталчилан таниулах ажлыг зохион байгуулна. Энэ бол зөвхөн Хүүхэлдэйн театрын түүх биш Монгол Улсын түүх учраас өргөн цар хүрээнд хүргэх ёстой. Маршал Х.Чойбалсан хойд хөршид очиж Хүүхэлдэйн театртай нь танилцаж ирээд үүнийг Монгол Улсад заавал бий болгож хөгжүүлэх ёстой гэж үзсэн учраас Монгол Улсын Хүүхэлдэйн театр 1948 онд үндэс сууриа тавьж, хамгийн анх “Гайхамшигт хайрцаг” хэмээх жүжгээр хөшгөө нээж байжээ. Тэгэхээр бид ирэх 2018 оныг Хүүхэлдэйн театрын үе үеийн уран бүтээлчдийн 70 жилийн турш бүтээсэн аугаа их бүтээлүүдээр давалгаалсан жил болгохоор зорьсон. Төлөвлөсөн ёсоор шинэ оны босгон дээр анх хөшгөө нээсэн “Гайхамшигт хайрцаг” жүжгээ үзэгчдийн хүртээл болгосноор шинэ оны ажлаа эхлүүлнэ. Үүний зэрэгцээ энэ оны сүүлээр төлөвлөсөн бас нэг том ажил бий. Энэ нь өнгөрөгч 70 жилд Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн олны хүртээл болгосон жүжгүүдээс түүвэрлэн МҮЭСТО-нд арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 12, 15 цагуудад зохион байгуулна.

-Хэдэн арван жил ижил дасал болсон өөрийн гэсэн тайзтай, үзэгчтэй байж заавал яагаад МҮЭСТО-нд тоглоно гэж. Тэгвэл тоглолтын үеэр хүүхэд багачуудад зориулсан шинэлэг зүйл олон байхыг үгүйсгэх аргагүй юм байна?

-Манай театрын суудлын тоо цөөхөн, 150-хан хүний багтаамжтай учраас МҮЭСТО-нд хоёр өдөр нийтдээ дөрвөн удаа тоглуулахаар төлөвлөсний учир нь аль болох олон хүүхдэд хүргэхийг зорьсон хэрэг. Тэгэхээр энэ хоёр өдрийн тоглолт 4000 орчим хүүхдэд хүрнэ гэсэн үг. Хүүхэлдэйн зургаан төрөл байдгийг тал талаас нь бүгдийг харуулсан шилдэг үзүүлбэр байх юм. Тоглолтын нэг онцлог нь ахмад, дунд, залуу үеийн гурвалсан хэлхээн дээр болж, үе үеийн жүжигчид оролцоно. Өнөөдөр ээж аав болчихсон олон хүмүүсийн ой тойнд, хүүхэд насных нь гэгээн дурсамжид дуу хоолойгоороо мөнхөрч үлдсэн МУГЖ алдарт “Хүүхэлдэйн” хэмээх Л.Чимэддорж, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүрээр түмний сэтгэлд мөнхөрсөн МУГЖ Д.Гүрсэд, “Буратино” хэмээн багачуудын дунд алдаршсан СТА О.Норолхоо, жүжигчин Т.Пэрэнлэй, С.Балданпүрэв гээд сор болсон ахмадууд өөрсдийнхөө дуу хоолой энэ биеэрээ оролцоно гэдэг олон дахин олдохгүй аз завшаан. Үүний зэрэгцээ манай дунд үеийн гайхамшигтай авьяаслаг жүжигчдийн ур чадвар туршлага, одоо ид хийж бүтээж яваа залуусын авьяас билэг гэсэн гурвалсан хэлхээ энэ хоёр өдрийг утга учраар дүүрэн болгож өгнө. Манай энэ тоглолтод хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг барина. Гэхдээ уутанд хийсэн ундаа чихэрхэн биш, тун өвөрмөц бэлэг байх болно.

 

-Тэгэхээр багачуудад бэлдсэн бэлэг оюун сэтгэхүйд чиглэсэн зүйл байна гэж ойлгож болох уу?

-Хүүхдүүд гар утас, компьютерээс хүүхэлдэйн кино үзэж, тоглож  байгаа энэ цагт манай тоглолтын билет өөрөө их үнэ цэнэтэй. Учир нь манай билетийг гар утасны апплейкшн дээр үзэхээр “Чоно ба долоон ишиг” жүжгийг билетээрээ дамжуулан шууд үзэж болно. Билетээ л хаячихгүй бол хэдэн ч удаа хэзээ ч үзэж болно гэсэн үг. Хүүхэд бүрт өгөх бэлэг маань нийтдээ 8-9 мянган төгрөг болж байгаа гэхээр чамгүй өвөрмөц бас өртөг зарсан нь харагдах байх. Нөгөө талаар манайх ашгийн бус байгууллага учраас МҮЭСТО-ны хоёр өдрийн дөрвөн тоглолтын түрээс, тайз гэрлийн ажилчид тэдний зардал, ахмад уран бүтээлчиддээ олгох урамшуулал ззргээ шингээсэн үнэтэй билет байна. Үүгээрээ бид олон хүүхдэд хүрэхээс гадна 70 жилийн арвин түүхтэй театраа, үе үеийн жүжигчдээ ч сурталчах, хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх, тэдэнд театрын соёл суулгах гээд давхар давхар олон зорилгын дор энэ тоглолт болно. Гэхдээ зөвхөн энэ удаагийн тоглолт үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, цаашид олон бодит ажлыг төлөвлөсөн.

-Айсуй 2018 оны ажил ойн хүрээнд өрнөж өнгөрөх нь, харин байгууллагын хэтийн зорилго, мастер төлөвлөгөөгөө боловсруулж амжсан уу?

-Стратеги төлөвлөлтгүй байгууллага гэж байхгүй, тэгэхээр хэтийн төлөвлөгөө гарчихсан, зурагдсан дагуу ажил явна. Харин 2018 оны төлөвлөгөө бол өөрөө өргөн цар хүрээг хамрахаас өөр аргагүй байдалд зурагдсан байна. Төлөвлөгөөнд тусгаснаар ирэх онд бид гурван шинэ жүжиг тавих нь. Үүнд нэг хүүхдийн жүжиг багтаж байгаа бөгөөд энэ нь ахлах ангийнханд зориулагдсан байна. Энэ нь өсвөр насны хүүхдийн мэдлэг оюунд тус болсон, театрын соёлд сургасан, хүн хоорондын амьд харилцааг бий болгох зорилго бүхий жүжиг юм. Үүнээс гадна Монгол Улсын торгоны замаар нэгэн цагт бид гангар цагаан шаазан, торго дурдантай танилцаж байсан бол дараа нь өөрсдийнхөө урлаг соёл, өв уламжлалыг харьд танилцуулсан, харийн соёлд энэ замаар хэрхэн нэвтэрч байгааг харилцан харуулсан “Торгон замын Тоодоохой” гэж жүжиг олны хүртээл болно. Мөн  мартагдах шахсан нэг зүйлийг хөдөө орон нутагт сэргээх зорилгоор “Далан сум далан жүжиг” гэсэн хөтөлбөр боловсруулсан. Социализмын үед мэргэжлийн урлагийн байгууллагынхан Монгол Улсын сум бүрт хүрч соёл урлагийг түгээдэг байсан нь зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш хумигдаж үгүй болсон гэхэд болно. Хөдөө орон нутгийн үзэгчдэд соёлыг түгээж, мэргэжлийн урлагийн байгууллагыг сурталчилж явсан тэр цагийг сэргээх үүднээс бид Монгол Улсынхаа 70 сумын үзэгч багачуудад хүрч үйлчилнэ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд Хүүхэлдэйн театр гэж нэг ийм байгууллага байдаг юм байна, тэнд нь ийм жүжиг тоглогдож байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэгэн далныг туулсан буурал түүхтэй байгууллагад эрдэм шинжилгээний суурь бүтээл, түүнийг түшиглэсэн бүтээл ч тэр, жүжигчид ч тэр байж таарна. Тиймээс эрдэм шинжилгээний томоохон хурлыг зохион байгуулна. Бидэнд бас нэг сэдэж буй том зорилго бий. Монгол Улсын хэмжээний урчуудын дунд “Хүүхэлдэйг хэн сайн урлах вэ” уралдааныг зарлана. “Баавгай ба охин” хэмээх хүүхэлдэйн киноны цаана аугаа их орос орон харагдаж байдаг даа. Үүн лугаа монгол урчуудын урлан бүтээсэн хүүхэлдэйгээр дамжуулж монголчуудыг дэлхий нийт хардаг болгох тийм том зорилго өвөртөлж байна. Энэ уралдаан бол зүгээр нэг хэдэн урчууд уралдаад нэг нь түрүүлээд мартагдах зүйл биш, ийм том зорилгын дор болохоороо онцлог. Ерөөсөө бид монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой гэж хэлж болно.

-Хүүхэлдэйн театрын үзэгчид хэр олон байна вэ?

-Үзэгчид бол олон бий. Манай төр засаг, ерөөсөө нийгэм тэр аяараа хүүхдийнх, хүүхдийн зүйл гэхээр л жижигхэн байх ёстой юм шиг ойлгоод байна уу даа. Гэтэл 1.5 сая хүн оршин суудаг улсын нийслэлд байгаа цор ганцхан байх Хүүхэлдэйн театр маань 150-хан хүний багтаамжтай. Өнгөрөгч сард манай театр нэг долоо хоногийн турш өдөрт гурван удаагийн тоглолт хийхэд өдөр бүр заал дүүрэн, билет нь олдохгүй байлаа. Ээж аавууд хаа байсан хол газраас хүүхдээ хөтөлж ирээд тоглолт үзүүлж чадахгүй байна. Тасалбар дууссан учраас маргаашийн тоглолтын тасалбар авна гэхэд бас л дууссан байх жишээтэй. Тиймээс л бид нар МҮЭСТО-нд тоглохоор зэхсэн хэрэг. Бидний нэг зорилго нь театртаа орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг зорьж байна, орчин цагийн хүүхдүүд цахим орчинд дэндүү ойрхон, гар утас компьютер тоглоомонд донтох болжээ. Хаа нэг хүүхэлдэйн кино үзэж байгаа нь бодьгал зүйлээс дэндүү холдож байгааг харуулсан хэрэг. Ямар ч амьд харилцаа алга, тэгэхээр бид нар хүүхдийг амьд харилцаанд ойртуулах, бодит зүйлд дөхүүлж хүн харилцааг бий болгоход зорилгоо чиглүүлж байгаа юм. Бидний үзэл баримтлал, гол агуулга бол энэ байх ёстой. Хүүхэд өөрөө чихэр жимс бусад зүйлээс амархан уйддаг, харин жүжиг үзээд уйддаггүй, ахиад үзсэн ч ахиад л үздэг. Жишээ нь “Чоно ба долоон ишиг”-ийг үзсээр байгаад бүр үг өгүүлбэрийг нь цээжилж байна. Энд л амьд харилцаа үүсч эерэг дүр эсрэг дүрээр нь ялгаж салгаад үзэн ядах, өрөвдөх сэтгэлийг бий болгож байгаагаараа онцлог. Хүүхэлдэй жүжгийг ирж бодитоор үзээд тэр дүрд нь автаж шаналж жаргаж хүмүүжсэн хүүхдийн сэтгэхүйд муу зүйл тогтохгүй, хүн болж төлөвших хамгийн зөв гарц гэж хараад байна. Наад зах нь гоо зүйн таашаал авна, тэвчээртэй сууж сурна шүү дээ.   

-Танай үзэгчид бол бага насны хүүхдүүд учраас цэцэрлэг ерөнхий боловсролын сургуультай хэр холбоотой ажиллаж байна вэ?

-Бидний хувьд “танайх ангиараа жүжиг үз” гээд сургуулийн хүүхдүүдийн багшаар нь дамжуулан эцэг эхээс нь мөнгө татахдаа гол нь биш эцэг эхийн хурал дээр очиж театраа сурталчилж байна. Тэгэхдээ нэг жүжигчнээ хувцас хэрэглэлтэй нь авч очоод хүүхэлдэйн урлагийн үүсэл гарал, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл, театр үзсэн хүүхэд ямар байх вэ, түүнээс авдаг гоо зүйн таашаал зэргийг тайлбарлаад жүжигчин маань хэсэгчилсэн номер үзүүлээд явдаг. Тэгэхээр хүүхэлдэйн урлаг, театр бол хүүхдэд ус агаар шиг хэрэгтэй юм гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулахаар болно. Манай театрын суудал цөөн учраас ихэнх эцэг эхчүүд хүүхдээ оруулж суулгачихаад үүдэнд суудаг. Энэ үед нь бид эцэг эхчүүдэд лекц уншиж танилцуулдаг. Хамгийн наад зах нь та хүүхэдтэйгээ театр үзэхэд тэр хүүхдийн ой тойнд ямар сайхан дурсамж үлдэх вэ гэдэг талаас нь тайлбарладаг. Аливаа зүйлийн үндэс өөрөө сайн байхаар ургаж соёолдог шиг ээж аавтайгаа хүүхэлдэй үзсэн хүүхэд өөрөө аав ээж болоод цааш нь үүнийг өвлүүлээд аваад явдаг гэх мэтээр ярьж өгнө. Өнөөдөр манайд хүүхдийн урлаг тийм ч сайн хөгжөөгүй байна, хүүхдийн зохиолоос эхлээд дутуу дулимаг зүйл олон байгаа үед хүүхдийн уран бүтээлчдийг дэмжих, аль болох олон телевизийн сувгуудтай хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Ерөөсөө телевизийн урлаг, кино урлаг, нийтийн дууны ертөнцтэй хүүхэлдэйн урлагийг уяж өгөх асуудал яригдана.

-Бүтэн далны түүхтэй байгууллагад гадаад харилцаа байсан байж таарна. Үүнийг шинэ шатанд гаргах ямар чиг баримжаатай ажиллаж байна?

-Манай Хүүхэлдэйн театр Болгар, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны театруудтай хамтын ажиллагаатай явж ирсэн сайхан түүхтэй. Урьд өмнө ӨМӨЗО, ОХУ-ын Улаан-Үүд хотод тоглолтоо хийсэн, тэдэнтэй туршлага солилцсон гээд хамтын ажиллагааны хувьд дурдаад барахгүй олон зүйл бий.  Үүнийг улам өргөжүүлэх зорилгоор өмнөд хойд хөршид хүсэлт гаргаад явж байна. Монгол Улсын нэрийн хуудас болох нэг мэргэжлийн урлагийн байгууллага учраас Гадаад харилцааны яамаар дамжуулан харилцаж байна. Эхний ээлжинд Бээжингийн Хүүхэлдэйн театрт хүсэлт илгээсэн. Сүүлийн үед Москва, Ленинград, Улаан-Үүдийн дуурийн театрт манай дуучид уран бүтээлээ туурвиж, зарим нь дэлхийн нэр хүндтэй наадамд Монгол Улсаа сурталчилж, дэлхийд манай урлагийг сурталчлах шан татжээ. Тиймээс манай нэрт дуучин Г.Ариунбаатар, Ө.Цэрэнчунт нар санаа тавьж “бид нар ОХУ, Буриад улстай та бүгдийг холбож өгье” гэх зэргээр ярьж байна. Энэ бүхэн хэрэгжээд явахад манай театрт гадны нэг театрынхан ирж тоглоод буцлаа гэж бодъё. Тэгэхэд манай жүжигчид, урлаачид, тайзны ажилчид гээд бүгд л ямар нэгэн шинэ санаа шийдэл авч үлдэхээс гадна арвин их туршлага хуримтлуулна даа. Манайхан гадны аль нэг театрт очиж тоглосон ч урын сан баяжихаас эхлээд олон зүйлд шинэлэг эргэлт гарна гэж боддог.

С.Баяр

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.254.120.2305465646541685   • 12 сарын 6. 15 цаг 26 минут

70-аад оныхны бүтээдэг үе дээ мундаг шүү дээ анд минь Улаанбаатар Их СуРГУУЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭ

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй1 цаг 49 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно4 цаг 21 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн4 цаг 31 минутын өмнөТурк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна4 цаг 41 минутын өмнөАвьяаслаг шүлэгч Агай хатан4 цаг 46 минутын өмнөБидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу4 цаг 51 минутын өмнөШинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ4 цаг 56 минутын өмнөӨмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ5 цаг 1 минутын өмнөКэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан5 цаг 6 минутын өмнө2017 оны Гиннессийн номонд орох амжилтууд5 цаг 16 минутын өмнөТеррорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв5 цаг 21 минутын өмнөХатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ5 цаг 26 минутын өмнөӨвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ5 цаг 31 минутын өмнөГэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ5 цаг 36 минутын өмнөМартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв5 цаг 41 минутын өмнөАньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой5 цаг 46 минутын өмнөШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй5 цаг 48 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна5 цаг 51 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”5 цаг 52 минутын өмнөЗалуужуулах шидэт жор5 цаг 56 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн5 цаг 58 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс6 цаг 1 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн6 цаг 6 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой6 цаг 11 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц6 цаг 12 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв6 цаг 12 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав6 цаг 16 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ6 цаг 21 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз6 цаг 26 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ6 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.