12-р сарын 7
16 цаг 40 минут

С. Нарангэрэл: Р. Чойномд тулгасан ял номноос

МӨРДӨНГИЙН ЧИЙГТЭЙ ӨРӨӨНД ШҮЛЭГ НАЙРГАА БИЧСЭЭР ...
Р. Чойном мөрдөнд 227 хоног суухдаа элгээ тэвэрч, гиюүрч хэвтсэнгүй. Цаас олдохгүй байснаас тэр үү, алгын чинээ бяцхан цаасны өөдсөн дээр балын харандаагаар маш жижигхэн, нарийхан бичсэн зарим шүлэг найраглалын гар ноорог нь түүний хавтаст хэрэгт хадгалагдан үлджээ. Заримыг нь ойрын хараа муутай хүнгаргаж уншихын аргагүй. Балласан сохолсон зүйл бараг байхгүй. Шууд л бичдэг байж. Цаас олддоггүй байсан учраас жаахан талбайд ихийг багтаах шаардлага арга буюу ингэхэд хүргэсэн бололтой. Шоронд байхдаа шүлгээ үргэлжлүүлэн бичсээр байсан нь түүнд сэтгэлийнхээ зовлонг нимгэлэхэд тус нэмэр болжээ. Тав тухгүй шоронгийн нөхцөлд яруу найраг бичнэ гэдэг санаан зоргоор бүтэх тийм ч амар хялбар зүйл биш ээ. 
Мөрдөнд байхдаа бичсэн шүлгүүд нь “Сүмтэй будрын чулуу” нь уншигч олны хүртээл хараахан болоогүй байгаа юм. Р. Чойном хорих газраас ээждээ бичсэн боловч түүнд хүрэлгүй хураагдсан захидалдаа “Энд харин нэг л муу тал нь ном ер үзүүлэхгүй юм, бичүүлэхгүй байна. Ёстой юу ч хийлгүй зүгээр хэвтэнэ гэдэг чинь л энд байна” гэж бичжээ. Р. Чойномын мөрдөнд суухдаа бичсэн эдгээр шүлэг, яруу найраг нь цөм үзлэгээр илэрч хураагдсан бөгөөд харин хуяг, мөрдөн байцаагч нар эдгээрийг устгалгүй үлдээсэн учраас өнөө үед уншигч танд хүрэх боломжтой болсон юм. 
Р. Чойномын хорих газар байхдаа бичсэн шүлэг, найраглалын дотор “Салхинд шивнэсэн үгс” хэмээх бүтээл нь томоохон байрыг эзэлнэ. Төрсөн ахаа унасан газар, угаасан усаа санагалзан, тэдэнд зориулсан сэтгэл зүрхний үгээ салхинд шивнэн дамжуулж байгаагаар дүрсэлжээ. 
Р. Чойном: Салхинд шивнэсэн үгс /бүрэн эхээрээ/

Зэвтэйхэн төмөр тороор мөхлийн хөгжмөө утаслаж
Зэмтэйхэн төрсөн хүүхэд мөрдөнгийн симфони тоглох
Зэвэргэн намрын салхи минь мөчийн төдий саатаж
Зэрвэсхэн бодлын минь үгсийг мөстэй чихэндээ тунгаана уу?
Мөсөн ширхэгт хяруугаараа Боржигон дарханы цоолборлосон
Мөнгөн сүлжээ угалзыг бор ухаагийн талд сийлбэрлэсээр
Мөрөн дээр минь дайсан энэ л хэдэн бадгийг
Мөчид дульхан гэлгүй эзэн хүнд нь дамжуулна уу?
Хоригдол миний шүлгийг салхи чамаас чагнаж
Холшир багынхаа элгийг түр боловч дэвтээхсэн гэж
Хонгор морины зоон дээрээс цэнхэр хангайг ширтсэн хүн
Холын тэр их тал дунд гав ганцхан бий шүү
Адуунд эртэй өссөн бага залуу насаа
Алдчих вий гэсэн шиг тал дундаа хоцроод
Алаг зүрхэн дундаа дүү намайгаа үгүйлсээр
Алсын сураг чагнасан ах минь тэр билээ л
Халх Монгол шүлэгт эртэй явсан намайг
Хангайн цэнхэр уулс дунд эцэс боллоо гэхэд
Хайран чиг дүү минь гэж эмгэнэн уйлах хүн
Хатуу чулуун хорвоод ганцхан тэр билээ л
Үг дуу цөөнтэй өлчирхөн тэр хүний
Үргэлж ил явдаг өнгө нь борлосон чихэнд
Үглэн дуулсан дуугий минь саадгүй дамжуулж өгөөрэй
Үүний тулд Чойном салхи чамд шивэгнэв
Арван дөрвөн жилийн өндөр даваан цаана
Алтан шаргал намрын хонгор салхин дунд
Аз тавилангийн эрхээр хоёр тийшээ салаад 
Ахин уулзаа нь үгүй ганц ах минь сайн уу?
Уул болсон аавынхаа хоёр халуун өвдөг дээр
Унаж тоглож байсан хонгор бага насандаа
Ужиг хатуу өнчрөлөөр хорвоод хөтлөлцөн үлдэхдээ
Уйлах ч сөхөөгүй байсан, хөөрхий ах минь мэнд үү?
Өгөөмөр баян зун шиг ганц ээжийгээ түшиж
Өнчин балчир дүү нараа гарыг нь ганзаганд хүргэхээр
Өдөр шөнийн эргэлтэнд хөндий төмөр үүрээд
Өргөн талдаа гөрөөлсөөр байж өссөн ах минь
Амь тэжээсэн талдаа үлдэж би сахъя даа
Аавыг орлосон дүрий нь үүрд харж сууя даа гэж
Алсад нүүх гэрийнхээ амсар дугуй буурин дээр
Ангирын өрөөсөн ижил шиг бөртийтэл үлдсэн ах минь
Зун өвөл дамнан өргөн талыг хэмжиж
Зуун зуун шөнийн өнгөт зүүдэнд учирч
Зулай зулайгаа гишгэлцэн дүү минийхээ зүрхийг
Зуур зуурхан хайлуулсан газар дээрх ганц ах минь
Алд бие сайн, ажил төрөл сайн уу?
Амьдрал ахуй төвшин, адуу мал бүрэн үү?
Алтан сайхан тал, анх багын нутгаар
Агаар ус амгалан, аятай дулаан байна уу?
Тохой чинээ байхаасаа амьдралын уурганд орохгүй гэж
Толгой даран хулжсан ардаг тэнэгхэн дүү чинь
Тоотой нас гуч гарч, толгойтой үс бууралтахад
Тоногт төмөр эмээлийг нуруу юундаа тохууллаа
Гучин гурван жил өсгий даран хөөсөн 
Гунигт амьдралын чахалзуур барин чангарч
Засгийн хатуу хууль замган чихэн дээр бууж
Завьж золгох амгайтай ажлын хазаар шажигналаа
Одоо би чинь чөдөртэй, ганц худгийн аманд
Олон аавын хүүдтэй газрын хөрс хэмэлсээр
Төрсөн бие мэхийж, уяа сойлго нь хэтэрлээ
Төмөр даашаа тэргэндээ бушуухан хөллөж үзээсэй
Гэхдээ би энд сэтгэл бодлоор эцээгүй
Гэртээ байдаг хэвээр, сэргэлэн тайван хэвтэнэ
Гэдэс ходоод өлсөхөөс уураг тархи өлсөх биш
Гэгээн үнэний номыг ухаандаа бичсээр хэвтэнэ
Дэлэм хүрэхгүй наартай, алд хүрэхгүй өрөө
Дээшээ дөрвөн метр, уртаашаа таван метр
Бүдүүн тортой цонх, бүслүүр цоожтой хаалга
Бүхий энэ өрөө, миний гэсэн өргөө
Залуу халуун насаа зав чөлөөтэй бод гэж
Зааглаж намайг хорьсон сүр хүчит шорон!
Засрах даврах хоёроо зантгар толгойгоороо мэд гэж
Засгаас над олгосон сүүлчийн гэр орон!
Энд би цэрэг, энд би дарга
Эрх чөлөөгүй боол, эзэн бөгөөд хаан!
Өрөөн дотроо би бүхнийг дангаараа шийдэх
Өөрөө өөртөө би Бүгд Найрамдах Улс
Наранд явахдаа Чойном эрх нь дэндсэн учир
Нарсанд суух ээлж нь даруй мөн гэж
Сэтгэл жанжны зарлиг өөрөө өөртөө уншчихаад
Сэрүүн чөлөөт цагт нутгаа бодож хэвтнэм
Аяа миний нутаг, найраг шүлгийн бадаг
Алсын цэнхэр тал нь нанжвандан хадаг
Амгалан наран голлох Ази тивийн үд
Аз заяа мэргэлэх алтан шооны нүд
Харааны хурцыг шалгах Авидар ёзоорын тал 
Хатиртын хурдыг сорих Ар ус, Дэвтрийн хөндий
Халхын цэцнийг шалгах айраг найрын сар
Ханийн үнэнийг шалгах амрагжин гоогийн сар
Зуны өглөөний тэнгэр шиг сайхан сэтгэлт түмэн
Зургаан сарын цэцэг шиг хайрын итгэлт залуус
Зуун жилийн түүхэнд намайг дуулж өгөөч гэж
Зулзаган хус шиг цагаас минь тэжээж өсгөсөн нутаг
Хатир шороо мөрний рашаан усыг амсахдаа ч
Хангай ханы оройд амтат жимсийг тамшаахдаа ч 
Хатан хатуу хөрстэй ангамал уужим талынхаа
Хамар цоргим агаарыг үгүйлж санасаар явнам би
Таананаас өөр (жимсгүй) тал голдуу нутгаан би 
Таван их тивийн алинаар ч дүйсэн орхихгүй ээ
Таргийн хувинд багтмаар цэлийх ногоон бүрдийг би
Тансаг дөрвөн далайн алинаар ч гуйсан солихгүй ээ
Ус нь гүехэн, ургамал нь туяхан энэ миний нутаг
Уул нь намхан, тал нь нүцгэн тэр миний нутаг
Борхон ч гэсэн гэр минь билээ, бодь сэтгэлт ээж минь билээ
Богинохон ч гэсэн нэр минь билээ, бодол бодлын дээж минь билээ
Галав төрмөлийг туулсан үлэг гүрвэлийн арьс шиг
Гандмал тал минь үгүйсэн бол хорвоод би үгүйсэн
Гандах мандах тавилантай шүлэгч би үгүйсэн бол
Гарсан төрсөн нутаг минь хуудсанд ч үгүйсэн
Талдаа би хэрэгтэй, мал минь надад хэрэгтэй
Таталт түлхэлтийн хуулиар зүрх нутаг хоёр минь
Мөнх сарьдгуудын цаанаас ч бие биенээн үзнэм
Мөрдөнгийн төмөр хаалга ч битүүлж эс чаднам ...
Далд холын газраас, атга хүрэхгүй зүрх минь
Даанчиг их хайран алтан шижмээр уяастай
Дархан хэмнэх нутгийн альхан толгод дунд нь
Даавуу дээлтэй ах минь давхиулж яваа бол доо
Цагаан хяруут талыг үйлийн хайч шиг зүсэх
Цалман амгай хүлгийнхээ үсрэн дэгдэх туураар
Цагийн сайхан хавраар дүү бидэн хоёул
Цангаж ангаж явсан юм гэж сийлж байгаа болов уу?
Арван хоёрхон насандаа дүү намайгаа эргэх гэж
Амь дүйсэн шуурганд хээр хонож явахдаа
Хүйдэс болтол хөлдөөж мойног үлдсэн хурууг чинь
Хүний энэхэн нутагт зүүдэлсээр явнаа, дүү чинь
Эвий ах минь тэгэхэд ядарч өнчирч явж дээ гэж
Эль хуль шөнөөр хөнжил дотроо уйлахдаа
Эр хүмүүн болохын ээдрээ ихтэй даваан дунд
Эгэл биеэрээ мацсан эрхэм түүхийг чинь бичье гэж
Онгон шүлгийн түүхэнд ам өгөн очлоо би
Овилгогүй явсан нас минь дуусах нь энэ байлгүй
Орос маягийн амьдралаас дур минь гэнэт ханалаа
Орон нутаг минь намайг дуудах нь тэр байлгүй
Хорвоод ганцхан ахтайгаа элэг бүтэн ханилж
Холын шувууны жишүүр шиг ижилдэн зэрэгцэж
Шилийн хоёр овоо шиг чулуун биеэр холбоотой бус
Ширээ тэмээний бөх шиг цусан биеэр хэлхээтэй
Саатаж муудаж явсан цайдам Доргонтын хөндий
Салхи татан шуурах цагаан өндрийн өвөлжөө
Салж нийлсэн замтай дотуур Булгийн даваа
Сахлаг цагаан дэрстэй Дэвтэр Цантын хоолой
Үнэг унаж будилсан Авидар хэрээгийн тал
Үдэш шөнөөр довтолсон Адуун чулуутын зам
Үнэгэд, Баянбулагийн сэтгэлд дулаан өвөлжөө
Үзэсгэлэнтэй сайхан Ходойн сэрүүн дэнжийн зуслан
Алс холоос будантах Буйлан Бурантагийн уул
Адуу малаар дүүрэн Бор Хужиртын хөндий
Айл амьтан цөөтэй Хавцал сүмийн суурин 
Ан гөрөө ихтэй Яргайн олон толгод
Хүмүүл мангир ургадаг Эрдэнэ овооны тал
Хүрэн халзан замтай Овоотын баруун шил
Хүйт бүрдний хоолой, Нүдэнгийн хүрэн ухаа
Хүүхэн (цагаан Ханд)-ын явган гүйдэг даваа
Харлаг өндрийн ёроол Бяр Дамбын нүхэнд
Хавханд гараа хавчуулсан салдарга Санжаан хонхор
Өвөр зөөгийн хэц, Дүгэржав гуайн бууц, 
Өлийн улаан худаг, Яндаа арслангийн нутаг
Дуучин Дамчаа гуайн буудаг дэрсэн усны намаржаа
Дунайн Батын өвөлждаг нэргүй нэгэн энгэр
Дугарын охин Ийшаа сургуульд явсан зам
Дуламжав гуайн хүүгийн цэрэгт явсан харгуй
Өндөр Билгээ гуай урьд айрагдаж явсан нутаг
Өөрөөсөө багагүй гаанстай Осгон ах саяхан
Өдөр шөнийг ялгалгүй шуугиулж явсан уул ус
Үеэл дүү Ухнатайгаа сургуульд цуг давхихдаа
Үхрийн сүүний ааруул сугандаа хавчуулж явсан
Шавартайн улаан зам, Цант Чулуут хавийн
Шар торгон намар одоо ч тодхон харагднам
Учир мэдэхгүй насны минь халуун мөрийг хадгалж
Уултай устай хөвчөөс өвөл зунгүй дуудах
Уужим энэ нутагтаа эргээд дүү чинь очно
Удах удахгүй хоёрыг Улсын Дээд Шүүх мэднэ
Сэрүүн намрын салхинд шивнэж захисан үгий минь
Сэтгэл дундаа бөмбөрүүлэн хүлээж сууна уу, ах минь
Сэхээ оролгүй явсаар бүдрэх өдөр байхад
Сэргэх нэгэн цаг бий, бүү зовоорой ах минь

 — 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ч   • 12 сарын 8. 15 цаг 22 минут

14 жилийн чанга дэглэмтэй шоронд ял авсан ч ухаан л бүр илүү хурц саруул болж байв.

202.179.25.203oogii   • 12 сарын 8. 11 цаг 08 минут

aguu suut ....odoo iim hun dahin turuhgui de

202.72.245.122ч   • 12 сарын 8. 8 цаг 52 минут

Чойном судлал гэж байх ёстой Судлал гэхээр шууд дүгнэлт өгөх эсвэл судлаач мэдлгээ гайхуулах маягтай зүйл болчихдог. Уран зохиол судлалын тогтолцоо гэж байдаг Тэр хүрээнд л судлах ёстой.Янз бүрийн ёсзүйн зарчим огт тооцохгүй Зүгээр л хувь хүн тэр үеийн нийгмийн байдал авьяас,хүрээлэл гээд

202.72.245.122   • 12 сарын 8. 8 цаг 03 минут

гоё бичиж гээд зүгээр л сэтгэлийн хөөрлөөр дүгнэх юм Маш гунигтай түүх тэр үеийн шорон бол хоол бараг өгөхгүй хуьцас муу хүнд чулууг нуруун дэр нь үүрүүлж маш их нормд ажилд зүтгүүлж байв.Тэр хүнд нөхцлаас болж Уушигны өвчтэй болсонч Шүлгээ бичсээр байв

66.181.176.72Зочин   • 12 сарын 8. 6 цаг 43 минут

unen goe bodit bichjee Surenjab bol huulbarlasan daa

202.9.41.115Зочин   • 12 сарын 7. 22 цаг 47 минут

Шүлэг бичсэний төлөө шоронд олон жил суусан.тийм л хэцүү нийгэм байсан.харин одоо бид ардчиллын ачаар эрх чөлөөтэй болсон.гэхдээ энэ нийгэм маань юу болоод байна.ядахдаа бид сонголтоо хийж чадахгүй нөгөө хэдэн бүтэхгүй хүмүүсээ дандаа толгой дээрээ гаргах юм.

202.179.24.62энэ шүлгийг оруулаач   • 12 сарын 7. 22 цаг 38 минут

Унаган насаа ахих бүр Улсын мунхагийг ажих бүр Уур минь аяндаа асч байна..

103.10.22.43demjigch   • 12 сарын 7. 18 цаг 52 минут

ulun hodood uvchilsun bie tsagiin hund hetsuu tsagdah yl hatuug tooj dursaagui bna ene shulgiig bichihdee shorond bish nutagtaa baijee bieiig uhuulj boloh ch setgeliig bol chadahgui hemeen bardam baij chadjee chuham uuniig l aguu gene

202.72.245.122ч   • 12 сарын 7. 16 цаг 49 минут

Чойном бол маш зоригтой хүн байсан. Жирийн хүн шоронд орвол Шүлэг зохиох мантай эхнэр хүүхэд хоол унд л бодогдох байж :Тэр хаана ч онгодоо хурцлаж сөрж хутганы ир мэт хурц болд мэт хаттай сэтгэлтэй байж

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй3 цаг 51 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна3 цаг 53 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”3 цаг 55 минутын өмнөЗалуужуулах шидэт жор3 цаг 58 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн4 цаг 1 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс4 цаг 3 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн4 цаг 8 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой4 цаг 13 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц4 цаг 14 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв4 цаг 14 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав4 цаг 18 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ4 цаг 23 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз4 цаг 28 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ4 цаг 30 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ4 цаг 33 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...4 цаг 38 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли4 цаг 43 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл4 цаг 45 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна4 цаг 48 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив4 цаг 53 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ4 цаг 58 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан5 цаг 3 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ5 цаг 5 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ5 цаг 8 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ5 цаг 9 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ5 цаг 13 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа5 цаг 18 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"5 цаг 23 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”5 цаг 26 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ5 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.