1-р сарын 14
14 цаг 22 минут

Caмаркандын дээр сар хонодог

САМАРКАНДЫН ДЭЭР САР ХЭЭР ХОНОДОГ ...
(хөрөг найруулал)

Би Жагдалын Лхагва, Сормууниршийн Дашдооров хоёртой архи ууж, Пэрэнлэйн Лувсанцэрэн багшаараа магтуулж, Сэнгийн Эрдэнэ багшдаа зэмлүүлж, энэ зэрэгтэй зохиолч болсон хуучны хүн. Тэд маань одоо эргэн санахуй дор Европын боловсролтой, дэндүү их авьяастай, жинхэнэ хольцоогүй монгол зохиолчид байжээ. Орос хүн шиг сэтгэж, орос хүн шиг амьдарч, орос хүн шиг үхэж чаддаг болтлоо Оросын соёл иргэншилд суралцсан ч Монголынхоо ганц ч үгийг мартаагүй миний найз нөхөд, багш нарын бүтээлийг гадаад хэлэнд, тэр тусмаа англи хэл рүү орчуулах нь дууны аялгууг үгээр тэмдэглэж, будгаар өнгө ялгаж зурах гэж оролдсонтой адил бараг бүтэшгүй зүйл юм. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл гадаад хэлийг гаргуун сайн мэддэг орчуулагч нь байлаа ч орчуулах үг нь хүрэлцэхгүй дутна, тэнд монгол ахуй, сэтгэхүй хоёрын аль аль нь байхгүй учир Монголын зохиолчдын сонгодог бүтээлийг гадаадад орчуулж байгаа энэ гэж зэрэмдэглэх хэрэггүй биз ээ гэж хэлэх гэсэн юм.

***
Саяхан би Дорнын их найрагч хэмээх цолны болзлыг аль эрт хангаж, босгыг нь алхсан Долгорын Нямаагийн номыг дахин уншлаа. Хорь, гучин жилийн тэртээ ихэнх нь бичигдсэн тэр шүлгүүдээс цөөнгүйг нь бивээр хагас дутуу цээжлэн мэддэг болсон ч өчигдөрхөн бичсэн шив шинэхэн бүтээл мэт хуудсыг нь эргүүлэх бүрд говь нутгийн агаар амьсгалтай сэвшээ зөөлөн салхиараа санах, сэрэхийн их таашаалыг надад хайрлав.

***
Алтан харгана сүвлэн ургасан адууны халтар хомоолыг хүртэл миний бие бараг мартахын мананд гээжээ. Гэтэл энэ чинь зүгээр нэг хомоол бус элэгний хордлого тайлж, цус шингэлдэг эм тан байхгүй юу гэж хэн нэгэн хүмүүн хээрийн салхин дундаас өгүүлэх шиг болов. Эх нутаг, газар шороогоо гэсэн элэг зүрхтэй монгол хүмүүн байсан цагт Долгорын Нямаагийн шүлэг найраг одоогийн энэ америк ногоон мөнгөнөөс ч өндөр ханш, хэрэгцээтэй байх болно гэдгийг цаг хугацаа батлан харуулсаар байнам бус уу.
Орчлонгийн хүмүүн олон чиг
Одонгоо/Л.Одончимэд/ шиг нь чухам хэд бол
гэдэг шиг
Дорнын их найрагчид алдартай ч
Долгорын Нямаа шиг нь тийм ч олонгүй буюу.
Ард түмний оюуны өмч хөрөнгө, зүрх сэтгэлийн гэрэл гэгээ болсон ийм бүтээл харанхуй бурангуйн хар мананд төөрсөн олон хүний нүдийг нээж, амь амьдралынх нь харгуй замд хөтлөн оруулна.

***
Ийм шүлэг уншсан хүн нутаг ус, газар дэлхийгээ хайрлаж, хажуу дахь хань ижлээ жаргаах биз ээ гэж бодогдоно.
Бараа бараагаа харсан
Холын цэнхэр уул
Багаас миний хайртай
Хоёр цэнхэр уул
Зэрэглээ гүйсэн талын
Зэрэгцээ хоёр уул
Зээр цахилсан хөндийн
Сондгой хоёр уул
Хэн хэнээсээ холдохгүй
Талын хоёр уул
Хэзээ ч гэсэн ойртохгүй
Дууны хоёр уул ...
гэх буюу
Сайхан Ононы хөвөөн дээр
Ёохор бүжиг хатирлаа
Сарны мөнгөн туяан дор
Салхи татуулан хатирлаа
Үдшийн Ононы хөвөөн дээр
Үлдэн завдан хатирлаа
Үүрийн шаргал туяатай
Уулзан завдан хатирлаа
Тохойд ассан галыг
Тойрон тойрон хатирлаа
Толгойд гарсан охийг
Үрэн таран хатирлаа
Энэ бол Долгорын Нямаагийн үг шилэх гэж бэдэрч бүдчилгүй, үзэг цаас хоёр салгалгүй бичсэн шүлгүүд.

***
Үг өгүүлбэр холбох, авьяаснаас нь илүүтэй түүний дотоод ертөнцийн хөг эгшиг, мэдрэмж тэмтрүүл нь хүссэн хүн болгоны хүрч чаддаггүй сансар огторгуйн дээд мандалд хүрсэн нь тод харагддаг. Дээд мандал хэмээх нь миний ойлгосноор газрын татах хүч, ертөнцийн тоосноос тасарч хутагт хувилгаадын хэмжээнд эрх чөлөөтэй, тэгш дүүрэн сэтгэхийг хэлж байгаа мэт. Том уран бүтээлчид газар хийгээд тэнгэрээс эрчим хүчээ авч, бурхадтай ярилцдаг гэдэгт би бат итгэдэг. Ер нь тийм үе жирийн хүмүүнд хүртэл тохиолддогийг миний бие мэдэх юм.

***
Сар чанх дээр нь хонодог
Самаркандын шөнөтагтан дээр суухад
Салхи сэм сэмхэн үлээж
Сайхан агч модны үнэрийг надад авчирна.
Дэлхийн гэрэлт цэг Самарканд гэж
Дээр үеэс нүдэнд туссан газар
Дорно дахины их шүлэгчийн
Домог цуутай яруу найргийн өлгий
Эрдэнийн чулуун хана,туурга
Эртний түүхийн чулуун хуудас
Үзэмж төгс Самаркандын шөнө
Үлгэрийн юмс амилан ирэх шиг болно
Догмид ийм шүлэг бичсэнсэн бол манай Дорноговийнхон хөшөөг нь шавраар ч хамаагүй босгох байсан. 
Дундговийнхон бөх, морь хоёроос мөнгө хайрладаггүй юм билээ. Монгол адууны үнийг анх удаа дэлхийн жишигт хүргэж, найман зуун саяар хурдан морийг үнэлсэн удаатай. Илүүг байг гэхэд Нямаа хэмээх энэ гэрэлт яруу найрагчид ядаж номыг нь хэвлээд өгчихвөл хэн хэндээ буян болох биз ээ. Бөх, морь хоёр бол ард түмнээ наадмын хоёр өдөр л цэнгүүлэн жаргаадаг бол яруу найрагч Д.Нямаа, ном хоёр бол хүн ардаа насан туршдаа соён гэгээрүүлэхийн учир ялгаа их бий.

***
1993 онд газар газрын сайчуулаас хориод хүн Монгол Улсын Төрийн соёрхолд нэр дэвшиж, бараг бүтэн жил ард олноороо хэлэлцүүлэн радио, телевиз, сонин хэвлэлээр сурталчлагдан урт удаан хугацааны сунгаа хийсний эцэст эдүгээгийн ардын эмч Ж.Хайрулла, доктор Батчулуун, Дондов, Оюун, зохиолч Зундуйн Дорж, бүжиг дэглээч Сэвжидийн Сухбаатар, “Тэмээний уралдаан” хэмээх алдарт хөгжим бичсэн хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж, яруу найрагч Долгорын Нямаа бид нар төрийн соёрхол хүртсэн. Хөдөөнөөс хотод орж ирээд хоёр гуравхан жилийн нүүр үзэж байсан миний бие Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн Долгорын Нямаа тэргүүтэй том уран бүтээлчидтэй хамт төрийн өндөр хайр хишиг хүртсэн хувь заяандаа одоо ч баярлаж явдаг. Тэр үед шүлэг зохиол оролддог хэн бүхний мөрөөдөл, туйлын хүслэн бол Москвагийн Утга зохиолын дээд сургууль байсан ч хөдөөний мань мэт нь түүний босгоор алхах нь монгол хүн сансарт нисэхтэй ойролцоо ховорхон хувь заяа байлаа.

***
Бага залуугаасаа томчуулын гар хурууны үзүүрт зарагдаж, ширээ сандал манаж, их гүрний соёл иргэншлийн гүнд орж, дэлхийн сонгодог зохиол бүтээлтэй нөхөрлөж, хожмоо төрийн өндөр албанд тохоон томилогдсон ч Нямаа дарга хөдөөгийн араншингаа гээж, Дэл Хөнжилийн хөх уулаа мартсангүй. 
Төрөлхийн их авьяас, ой тогтоомж, тархины бичлэг сайтай, бодит зүйлийг гоёчлохоос аль болохоор зайлсхийн уран сайхнаар нээж, яруу тод сэтгэдэг энэ том найрагчийн эвдрээгүй ааш, ээдээгүй сэтгэл, хүүхэд залуучуудыг хүн шиг хүн болгож, Монголыг Монголоор нь авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг мөнгө төгрөгөөр үнэлэх аргагүй.

ххххххх 
Эрдэмтэн, эрдэмтэн гэж гайхуулавч, эрдэм нь бусдад наалддаггүй, олон олон "доктор”-уудын диссертаци архивт амьсгал хурааж байхад, Нямаагийн шүлэг зохиол уншигчдыг төдийгүй уран зохиолч, сэтгүүлчийг араасаа дагуулж яваа нь бахархууштай. “Намайг байтугай Нацагдоржийгоо гомдоож үхүүлсэн заяа ч үгүй төр засаг ...” хэмээн миний найз яруу найрагч “хар” хэмээх П.Гантөмөр ам нь жаахан халсан үедээ харамсан халаглам өгуулдэг байсан нь санаанаас ер гардаггүй юм. Уран бүтээлч хүн тэтгэвэрт гарддагүй мөнхийн хуультай.

ххххххх
Нямаагийн толгой бол ямааны толгой биш. Ямааны толгой ч эдүгээ зах дээр үнэтэй л болсон. Дуу хуурын өлгий дундговийнхон маань ядаж “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” гэдэг дууных нь уран бүтээлийн цэнгүүнийг хийж, хөдөлмөр алдрыг нь тэмдэглээсэй гэж хүсэх юм. Буяннэмэхийг бууны ам руу түлхсэн хүнийг Монголын төр хамаг байдгаараа хөхүүлэн шагнаад л өнгөрсөн.
Нутгаа санан санан нулимсаа арчин арчин шүлэг зохиол бичиж суудаг Нямаа шиг ийм том яруу найрагч Монгол шиг жижигхэн улсад зуун жилд нэгэн хоёр л мэндэлдэг юм шүү гэдгийг хэлэхэд илүүдэх юун билээ.

ххххххх
Тавын таван ардын уран зохиолчийг төрүүлсэн Төв аймгийнхантай өрсөлдөх зиндааны С.Буяннэмэх, С.Дашдооров, Д.Нямаа, Ц.Чимэддорж, Д.Төрбат, С.Надмид,З.Ядмаа, Б.Лувсандорж, Дарь.Нацагдорж, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр, Х.Зандраабайдий, А.Лхагва, Б.Доржпалам, П.Нямлхагва тэргүүтэй улсад хүлээн зөвшөөрөгдсөн хорь гаруй шилдэг зохиолч, яруу найрагчтай цорын ганц аймаг бол “Дэлгэрхангайн уулан дээрээсээ дэлхийг бүхэлд нь хардаг" дундговийнхон билээ. Долгорын Нямаа хэмээх энэ яруу найрагч томсгож хэлбэл, тээр жил “Самаркандын шөнө" гэдэг ганц шүлгээрээ Дундад Азийг байлдан дагуулсан шигээ оюуны хоосрол нүүрлэсэн энэ цаг үед зохиол бүтээлээрээ дундговийнхны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж яваа цөөхөн хүний нэгэн мөнөөсөө мөн буюу.
2016 оны 9-р сар.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсчээ9 минут 24 секундын өмнөТ.Оюун-Эрдэнэ манайхны залуучуудын олимпийн анхны хүрэл медальтан болов12 минут 55 секундын өмнөОХУ-ын төр, засгийн тэргүүн нар Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана17 минут 55 секундын өмнө"Мөнгө байхгүй ээ гэж хэлдэг хүмүүсийн нийтлэг 3 зүйл"22 минут 55 секундын өмнөХан-уул дүүргийн сурагчид япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана27 минут 55 секундын өмнө“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна32 минут 55 секундын өмнөД.Сумъяабазар сайд БНАУ-ын эдийн засгийн дэдсайдыг хүлээн авч уулзав37 минут 55 секундын өмнөИнтерпол болон Африпол хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна37 минут 55 секундын өмнөСэтгүүлч Хашогги мэдүүлэг өгөх үеэрээ амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байна42 минут 55 секундын өмнөКока Кола үхэлд уриалав47 минут 55 секундын өмнөДөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй52 минут 55 секундын өмнөИргэдийн картын мэдээллийг хуулбарлан авч бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байжээ57 минут 10 секундын өмнө“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо57 минут 17 секундын өмнөЭквадорт их хэмжээний кокаин хураан авчээ57 минут 55 секундын өмнөЯвган хүний замыг чөлөөлж байна59 минут 33 секундын өмнөАнхны болзоогоо хэрхэн амжилттай болгох вэ1 цаг 3 минутын өмнөБээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ1 цаг 8 минутын өмнөТанзаны тэрбумтаныг суллахад тус болох мэдээлэлд олон мянган доллар амлажээ1 цаг 13 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа иргэдтэйгээ хамтран ажиллаж үр дүнд хүрчээ1 цаг 13 минутын өмнө“Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээ Мишээл экспо төвд болно1 цаг 18 минутын өмнөТаван сартай аялагч охин гиннесийн амжилтыг эвдлээ1 цаг 18 минутын өмнөХүүхэд болон жирэмсэн ээжүүдэд “витамин С” ямар ач тустай вэ1 цаг 23 минутын өмнөЗагварын гэр бүлээс гаралтай ”MNTM” шоуны ихэр охид1 цаг 23 минутын өмнөОюу толгойн гүний уурхайд осол гарч, 505 уурхайчинг аюулгүй гаргажээ1 цаг 28 минутын өмнөАлдсан эхнэрээ ардаа хийж аргалсан л аварга даа...1 цаг 28 минутын өмнө"НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ" сургалт эхэллээ1 цаг 33 минутын өмнөӨрсөлдөгч рүүгээ нулимаад шигшээгээсээ хөөгджээ1 цаг 38 минутын өмнөЖорлонд 3 жил амьдарчээ1 цаг 43 минутын өмнөЖүжигчин Т.Бархүүгийнхээр айлчилсан нь1 цаг 47 минутын өмнөС.Гантогоо- ”Хайрын түүх”1 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.