1-р сарын 14
14 цаг 23 минут

Мордоод явчихсэн тэр минь

Далан нас шүргэж яваа эмгэн бид хоёр ярьж байна.Тавин жилийн тэртээх нэгэн зун мордоод явчихсан хүнийг эргэн санаад ч тэр үү, хоёр гараа өвдөг дээрээ намбатайяа тавин, хөнхөрдүүхэн том алаг нүдээр газар ширтэн хөдөлгөөнгүй сууна.

Даруу төлөвхөн дарьганга бүсгүй сэтгэлийн мухарт хадгалж явсан үгээ холын хүнд нээн хэлэх ч бас л ховорхон тохиол. Урьд нь энэ тухай хүн нэг их асуудаггүй, өөрөө ч бас хэрэг болгож ярьж байгаагүй болохоор гирэвшсэн ч юм уу, зовсон ч юм уу? Нэг хэсэг дуугүй сууснаа духруугаа бууж ирсэн хэдэн буурал үсээ чихнийхээ араар лав гэгч нь болгоод,

-Тэр зуны цэрэг татлагаар саахалтынхаа нэг хүүтэй хамт мордоод явчихсан. Энээ тэрээ, хожим хойтын юм ярьсан ч үгүй. Би тэгэхэд хорь л хүрч байсан юм уу даа. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэдтэй болохоор түүнийгээ сумын төвд ч гаргаж өгч чадаагүй. Манайх тэр үед Дарьгангад байсан.

Баруун зүүн Бүслүүрээр нутагладаг. Манайхыг Зүүн хамарт байхад л Лхасүрэн маань цэрэгт мордсон. Надаас ганц хоёр ах. Хорин хоёртой явав уу даа. Хаана хүргэж өгснийг ч бүү мэд, хадам аав Буянцэрэн маань морийг нь хөтлөөд ирсэн юм даг.

Хүрэн бор царайтай, нарийхан хар гэзэгнийхээ үзүүрийг сураар боочихоод явдаг хүн байсан. Адуунд их хорхойтой. Дандаа л эмнэг догшинтой ноцолдоно. Айлын ганц хүү болоод ч тэр үү, сайхан морь унах дуртай. Морь унаж ханаагүй насандаа д явчихсан даа хөөрий. Хэзээний олон таван үггүй Халх голоос явуулсан захидалдаа ч төдий л олон юм бичихгүй.

Мэнд сайнаа л мэдэгдсэн хэдэн үг бичдэг байсан. Би ч бичиг үсэг сайн мэдэх биш. Захиа иржээ л гэж хадам хэлдэг. Сайн Гэхээс өөр юм олж сонсохгүй. Асууж лавлаад ч байх биш дээ. Дайн болж байгаа газар амьд мэнд яваа сургийг нь дуулах төдий байсан. Гэтэл ирэх цаг нь боллоо.

Хамт явсан нутгийнх нь залуус хүрч ирлээ. Гэрээсээ гарч явсан замаар ганц нэг морьтой хүн торойход сэмхэн гэгч харж зогсдог байлаа. Ингэж зогссон өдөр олон доо. Ядаж явснаас нь хойш ээж нь өөд болсныг хэлэх үү. Хүрээд ирэхэд нь юу гэж эхэлж хэлэх вэ гэдгийг хүртэл бодож зогсоно.

Цэргийн залуус хүрч ирж, дэлийг нь зассан морь унаж хөндөлдөөд л байдаг! Манай хүн байдаггүй. Хадам эцэг нэг хэсэг хүлээснээ тэсч ядан сум руу явсан. Тэгээд л орой нь ирэв бололтой. Юуны ч учир олоогүй байтал тэрэгний дэргэд орилоон бахираан болох нь тэр. Би ч хүүгээ шүүрч аваад гарав. Хадам эцэг,

-Би хүүгүй болсон гэж газар тэнгэргүй хашгирч уйлж байсан. Тэгээд л би яаснаа мэддэггүй юм...

Энэ бол Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд сууж байгаа Шарав овогтой Мажигсүрэн гэгч эмгэн. Эцгээсээ хоёрхон настай үлдсэн хүү Загдсүрэнгийнхээ хаяаг түшин аж төрж сууна. Цагийн урсгалаар цэрэг эрийн хүү зуугийн талыг насалж, есөн хүүхэд орж гарсан өнөр өтгөн айл болжээ

Мажигсүрэн цэрэг нөхрөөсөө хойш хүнтэй суусан боловч хүүхэд тогтсонгүй. Орчлонд тосон авах эр хүн олдсон боловч ганц хүүд нь гараасаа хөтлөх дүү заяасангүй. Тэглээ ч Мажигсүрэн гуньж гутсан юмгүй. Есөн сайхан ач, бас гучаа хараад үрийн жаргал эдэлж байна. Бид хоёр тулганы зүүн талд эгч дүү шиг дотносон ярилаа.

Мажигсүрэн гуай баярлах гомдох нь гаднаа гардаггүй, хөдөөх бодь эмэгтэй юм. Залуугийнх нь төрхийг сэргээн бодвол, том алаг нүдтэй, хонгор шар үстэй, туяа татсан цагаан царайтай тал газрын намдуухан дуутай бүрэгхэн хүүхэн байсан байх.

-Тэгээд яав даа та хоёр минь гэж сэтгэл эмзэглэн асуувал, бас л жаахан дуугүй сууж, өврөөсөө алчуур тэмтэрч олж аваад,

-Хадмындаа жил эргэм байсан. Энэ хооронд аав минь ч нас барж гэртээ харихаас өөр аргагүй болсон. Нялх хүүхэд тэврээд л өвгөн хүний хэнгэнэтэл уйлахыг бүтэн жил сонсчихлоор гэрийн бараа, ээжийн халамж өөрийн эрхгүй бодогддог юм байна лээ. Ээж минь ч, хэнийгээ гэж айлд хоргодож суух вэ гээд нэг өдөр намайг авахаар тэмээн тэрэг хөтлөөд ирсэн...

Хүүхдийнхээ бор шувууны далавч шиг хэдэн баривчийг боож, үнхэлцэг шиг жаахан хүүгийхээ гараас атгаад хадмын босго алхан гарахдаа залуу бүсгүй юу эс бодох билээ? Хангай шиг эр хүнээс хагацаад халамж горилсон нойтон сормуустыг тэврээд хадмын гэрээс гарав.

Байхын бараанаас өөр юу ч үлдээгүй ясан хэлхээ болсон янхир өвгөний зовлонгийн түмэн үрчлээт нүүрийг нүд хальтраад харж чадсангүй. Тэргэнд суулаа. Юу ч мэдэхгүй бяцхан хүү дугуй гаслах мэт хяхнан эргэхийг сонирхон инээж харагдав. Ээж хүүгээ өхөөрдөн инээж ядна.

Ингэхээс биш яахав! Инээх уйлах хосолсон хорвоо юм чинь. Ер нь ч талын Монголын бүсгүй жаргалыг ч, зовлонг ч даахын чинээгээр дааж чаддаг газар даа. Энгэр нэвт уйлчихаад нулимсаа нуух гэж араг үүрэн гэрээс холдож, дэрсэн толгой сэрвэлзэх төдийхөнд дотор нь онгойж, төдхөн яаж даав даа гэмээр аргалтай гэртээ ирж, гал голомтоо дүрэлзүүлэн идээ будаагаа зэхэж суудаг. Олон хүний дэргэд санаа алдахаас ч эмээдэг шүү дээ.

-Залуу болоод ч тэр үү, хүүгийн эцэг үрэгдлээ гэж хавь тойрондоо уйлж унжиж гүйгээгүй. Эхлээд үнэмшихгүй л байсан. Сэтгэл санаагаар унахаа төдийл мэдэхгүй байсан юм болов уу? Хүн удаандаа л ухаан сууж нэгнийгээ үгүйлдэг юм билээ. Үхэж үрэгдэхийг нь нүдээр үзсэн биш дээ.

Хатавчаар гараагүй, хаалгаар гарсан хүн сэвхийтэл ороод ирэх ч юм билүү гэж бодох үе одоо ч гэсэн байдаг. Хүү минь өсч өндийгөөд, үр удам залгаад ирэхээр хоногийн удаанд юм их мартагдах юм. Хүү минь хорин хэдэн насан дээрээ яг л аав шигээ байсан болохоор би хууртсан даа...

Аавтайгаа адилхнаар барахгүй аавынхаа тулалдаж явсан зүүн хязгаар Тамсагбулагт хилчин байж, тэнд анхных нь хүү төрсөн нь одоо Зоригт гэдэг гучаад насны тракторчин залуу байна. Амьдрал аа гэдэг. Заримдаа зөн совин дагадаг юм уу гэмээр.

Хилээ хамгаалах гэсэн аавын сэтгэлийг гурван настай хүү нь авч үлдэж дээ гэж бодмоор. Халх голд амь алдсан дайчин эрээс бэлэвсэн гэргийд нь юу үлдэв ээ гэвэл чин үнэнийг хэлэхэд хүүгээс нь өөр дурсах юм юу ч алга. Дайнд амь үрэгдсэн тухай албан ёсны алгын чинээ хуудас ч байхгүй.

Цэрэг эрийн малгай, бүс гээд бэлэвсэрч үлдсэн эмэгтэй, төрсөн хүүгийн нандигнан харж байх ёстой юм байдаг сан. Гэтэл тэр цагт үүнийг юман чинээ боддоггүй байж. Хүнийг хайрлах, сэтгэлийг эрхэмлэх үзэлд ихээхэн цөв орсон байж. Сумын нам захиргааны байгууллага, дарга нарын зүгээс ч эх хүү хоёрыг хайхарсангүй.

Дайнд явж ирсэн нутгийн цэргүүдээс л эргэж ирэхгүй болсныг мэдэж, хүлээсэн хүний сэтгэл цөхөрч. Халх голын тэр нэгэн түгшүүрт зун цагийн эргэлтээр холдон холдож, "Халх голын бургасанд харанхуй манан бүрхэнэ" гэж дуулж байсан дууны ая , үг мартагдаж, үе солигдохын даваан дээр эр цэргийн бэлэвсэн гэргий, өнчин үлдсэн хүү хоёрыг сураглан ирэхэд даруухан эмэгтэй гайхалгүй яахав.

Халх голын дайчны бэлэвсэн гэргий "Би цэргийн ар гэр, өнчин хүүхдийн эх " гэж хуудас цаас барин гүйлгүй хагас зууныг туулжээ. Тэр ч байтугай хүүгийн эцэг үгүй болсны дараа энгэр задлан өөр хүнтэй нийлж байснаа өнөөгийн өдөр эргэж бодоод "Амьдын зол юм даа" гэж гонсойж явдаг ч юм бил үү? Монгол эмэгтэй гэдэг!

Гавьяа байгууллаа гээд гайхуулж бардамнадаггүй. Ачтан соёмбо зүүсэн ч аргап хорголоо хормойлж л явдаг, ядарсан ч ядраагүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг энэ биеийг элэгдтэл бухимдлыг тэвчин бусдын төлөө цагаан сүү, цагаан сэтгэл, цагаан үйлсээ зориулж, хариу харамж бодож явдаггүй гайхамшигт хүмүүс юм даа.

... Хоногийн удаанд л хүн автах юм даа. Юм мартагдаж сарниж амьд хүн аргаа олдог юм байна. Мордоод явчихсан тэр минь! Би хөгшрөөд ч тэр үү? Хаалга татаад л ороод ирэх юм шиг заримдаа санагддаг...

Яг тэр цагийн эгзэгтэй мөч, магадгүй Мажигсүрэнгийнхээ унах морины дэлийг засаад цагаан шүд цахилуулан инээж байсан ч юм уу, эсвэл онгон дэлтэн ардаг морийг чичиртэл нь чихдээд зогсч байсан хүдэр түүний дүр санаанд нь оров уу, дахин өврөө тэмтэрч, суудлаасаа өндөлзөн алчуураа эрэв.

Тавин жилийн тэртээ нөхрөө цэрэгт үдэж байсан залуу насны тэр л эрхэм нулимс улцайж ядарсан нүднээс нь дуслын төдий хальтран унав. Дахиад дуссангүй. Нулимс дуусах гэж байдаг юм болов уу?

Цаг хугацаа.хүнийг элээдэг ч гэсэн сэтгэлийн толинд залуу зандан нас гэрэлтэж л байдаг ажээ. Яагаад ч юм бэ, энэ эмгэнтэй уулзаад "Хөх даалимбан тэрлэг" найраглалын баатартай хувь заяа нэхтэй эх хүн юм даа гаж бодогдов.

"Хөдөлмөр" сонин 1989.7.29 №80 ( 10424 )

 



0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпийн үеэр зочилж болох газрууд1 сар 21. 14:37“Apple” мэдэгдэл гаргав1 сар 21. 11:25Г.Батбаатар: Улсдаа жишиг болсон оюутны хотхон бариулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж байна1 сар 21. 10:39Ганцаардлын эсрэг тэмцэнэ1 сар 21. 9:28Сахиусан тэнгэр Миранда Керр1 сар 20. 15:05Дэлхийн хамгийн аюултай улсаар Мексикийг нэрлэв1 сар 20. 15:00Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх1 сар 20. 14:55АХБ-ны дэмжлэгээр шинэ цэвэрлэх байгууламж барина1 сар 20. 14:53Калифорнийн хос хүүхдүүдээ хорьж цагдаж байгаагүй гэжээ1 сар 20. 14:50Өсвөр насны хүүхдийнхээ дотны найз, зөвлөгч нь бай1 сар 20. 14:45Хүнд насаа хэлдэггүйн учир1 сар 20. 14:45Богд хаант Монгол Улсын цэргийн яамны тэргүүн дэд сайд Засагт ван Удай1 сар 20. 14:40Найман цагийн туршид тасралтгүй дрифт хийж шинэ рекорд тогтоо1 сар 20. 14:35Орчин үеийн архитектурын сод 15 бүтээл1 сар 20. 14:33Дэлхийд анх удаагаа дроноор хүний амь аварчээ1 сар 20. 14:30Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг1 сар 20. 14:25Опра Уинфри: Хатан хаан ерөнхийлөгч болохыг мөрөөддөггүй юм1 сар 20. 14:20Гэрийн нөхцөлд үс уналтаа зогсоох маск1 сар 20. 14:15Явган алхалт настайчуудын тархинд тустай1 сар 20. 14:10Насанд хүрээгүй ''ажилчид''- ын цочирдом үнэн төрх1 сар 20. 14:05Хар ус хүнд өгдөггүйн учир1 сар 20. 14:01Өсвөр насны хоёр хүү хагас сая зөгийг устгажээ1 сар 20. 14:00Сансарт болсон хөгтэй явдлууд-11 сар 20. 13:55Амралтын өдөр хийх амтат хоолны иж бүрдэл1 сар 20. 13:50Пёнчаны олимпын бамбар 2018 км аялна1 сар 20. 13:45Виктория Бекхэм туранхай загвар өмсөгчдөөсөө болж гурван жил шүүмжлэлд өртлөө1 сар 20. 13:40Цагаан сарын буузыг хэрхэн чимхэх аргууд1 сар 20. 13:35Арсен Венгер Санчесыг явахад уйлахгүй1 сар 20. 13:30Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адъяа нар БНСУ-д амьдарна1 сар 20. 13:25Жолооч нар явган зорчигчдыг хүндэтгэх учиртай1 сар 20. 13:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.