2-р сарын 9
15 цаг 54 минут

Аяганд үлдсэн хайр (өгүүллэг)

Хагарсан аяганы үйрмэг газарт гялалзана. Хагарч унахаасаа өмнө энэ аяга хэчнээн сайхан харагддаг байсан гэж санана. Харин одоо бол хурдхан шиг үүнийг цэвэрлэж аваад хогийн саванд хийгээд л хэзээ ч ахин нүдэндээ харахгүй. “Уг нь аягыг хагалахгүй байж болдог юм. Гэхдээ би хагалчихлаа...” гэж хэлээд бүсгүй өмнө нь хагарч унасан шаазан бүрийн хэлтэрхийг түүж аваад аман дотроо “Би хагалчихлаа...” гэж байн байн үглэнэ. Нулимс нь нүднийхээ аяган дотор тогтож дийлэлгүй мэлтэлзэж эхэлмэгц ганган цагаан нөмрөгөө мөрөн дээрээ тохож аваад харсан зүгтээ гүйн одлоо. Түүнийг гармагц шалан дээгүүр хагарсан шаазан шилний үйрмэг, цацаж хаясан хувцаснууд, хөмөрч унасан ширээ сандал ямар нэг зүйлийн золиос болсон мэт гунигтай харагдана. 

Халуун нарны туяа ширээн дээр тусна. Бүсгүй аяганыхаа амсрыг байн байн имэрч гарынхаа хөдөлгөөнийг дагуулан харна. Тэрээр гүн бодолд автсан бололтой. Бүсгүй энэ аяганы сайхан өнгө хээ болоод хэлбэр зүсийг ихэд шохоорхон хаанаас олж болох талаар бодож байгаа байх. Бас өөрийг нь том цонхны араас тасралтгүй ширтсээр өөдөөс нь алхаж ирэх залуу хархүүг хараад мэдээгүй дүр эсгэх гэж амьхандаа хичээж байгаа нь энэ. 

- Та шүхэртэй юу? Удахгүй бороо орж мэдэх юм. 
- Зүгээр ээ. Шүхэргүй ч болчихно. 
- Тийм гэж үү? Би бол чадахгүй. 

Залуу хархүү өнөөх бүсгүйн барьж байсан шаазанг урдаас нь татаж аван өөртөө ойртуулаад их л сониучирхан харсанаа 

- Зүгээр л аяга. Гаднаасаа харагдах зүс нь сайхан ч гэлээ нэг л өдөр хагарна. Хагарахгүй бол эмтэрнэ. Эмтрэхгүй байсан ч будаг нь халцарна. Хуучирч хэрэггүй болно шүү дээ. Төгс зүйл гэж хаа ч үгүй. 
- Энэ бол аяга. Хагарсан ч гялалзсан гоё хэвээрээ л харагдана. Эмтэрсэн ч дотор нь цай ууж болно. Халцарсан байсан ч уусаар л байна. Тэгээд ч аягыг хагалахгүй байж болдог юм. Төгс зүйлийг бүтээж бас болдог юм. 
- Цай уухаа болих үед л аяга хагарахгүй байх боломжтой. Эсвэл бүр ирээдүйд хүмүүс цай ууж суудагаа болих байх. Тэд бүгд ямар нэг төхөөрөмж биедээ суурилуулаад л шингэнээ нөхдөг болох байх. Тэгээд л аяга хэрэггүй болно. 
- Хүмүүс цайлахаа болих үед хүн гэж байхаа болино. Чиний хэлдэгээр шингэнээ нөхдөг робот бий болох байх. Тэр үед аяга биш хүмүүс хэрэггүй болно. 
- Тэгвэл хоёулаа хүн хэвээрээ байгаагаа тэмдэглээд хамтдаа цайлах уу? 
- Харин л дээ, Ойрын арван зуун дотор бол иймэрхүү зүйлийг тэмдэглэх сонирхол төрөхгүй. Тэгээд ч би аягатайгаа ярилцаж үлдэхийг илүүд үзлээ. 
- Тийм бол та хоёрт саад бололгүй би эндээс явах хэрэгтэй юм байна. 
- Тэгвэл таньд гүнээ их талархана хэмээн бүсгүй ширүүн, үзэн ядсан өнгө аястайгаар хэлэв. 
- Баяртай гэж хэлэхгүй, ахин таарах учраас. Харин аяга та хоёр сайн сууж байгаарай. 

Залуу хаалгаар гарч явахдаа эргэж харалгүй маш удаан алхана. Бүсгүй харцаа түүнээс үл салгана. Хэн хэнийхээ талаар мэдэхийг асар их хүсэх ч гэлээ огт байхгүй хаалтны ард урд хоцорч байх шиг. Аяганаас болов уу? Амьдралыг харах нүднээс болов уу? Аль эсвэл хувь тавилан тэднээр жүжиг тоглуулах гэж нэг нь алиа салбадай нөгөө нь эрхэмсэг хатагтайн дүрд хувирсан юм бол уу? Бүсгүй ширээний нөгөө захад байсан аягыг татан урдаа тавив. Удалгүй тэнгэрт бараан үүл нүүж ирэн бороон дусал хэсэгхэн хормын дотор газарт унаатахлаа. Огт танихгүй залуугийн оноогүй хошигнол гэж бодож байсан ч шилэн цонхон дээр онож буух дусал бүр бүсгүйд ямар нэг зүйл хэлэх гээд байх шиг. “Дахин таарах учраас” гэсэн үгэнд түлхэгдээд ч тэр үү, догдолсон сэтгэлээ барьж дийлэлгүй бүсгүй сандлаасаа үсрэн бослоо. Гэхдээ одоо оройтсон. Магадгүй хэдхэн хормын өмнө байсан бол залуу бүсгүй хоёр нэг нэгэндээ нэрээ хэлж гараа барилцан дотно сайхнаар мэнд мэдэж болох л байсан. Гэмээ ухаарсан дүрсгүй жаал шиг бүсгүй номхон дорой байдлаар суудалдаа эргэн суув. 

Түүнд одоо аягатайгаа ханьсаж өөртэйгөө ярилцах асар их цаг хугацаа үлджээ. Бороо огтхон ч намжсангүй, намжих ч үгүй биз. Нарны гэрэл буурч тэнгэр улам л уйтгартай бүүдгэр болох тусам сэтгэлд нэг л жихүүн. Зоогийн газарт бүсгүйгээс гадна хоёр л хүн үлдсэн байв. Нэг нь зөөгч нөгөөх нь цагаан буурал толгойтой саарал өнгийн хүрэм өмссөн нэгэн эрхэм. Зөөгч дуу аялаж, буурал толгойтой эрхэм байн байн хуруугаараа ямар нэгэн хэмнэлийг товшиж балаараа цаасыг цоолох шахан сараачиж байлаа. 

Удалгүй тансаг торгон хүрэм мөрөн дээрээ тохсон зиндаа дээгүүр гэдгээ алхаа гишгээ харцаараа батлах жигд бор төрхтэй өндөр нуруутай боловч бороонд норж бага зэрэг гэрэл ойн царай нь үл харагдах нэгэн эрхэм дотор халаах зүйл сурагласаар орж ирлээ. Бүсгүй хаалга нээгдэх үед тэсэлгүй өнгийн харж огт танихгүй эрхэмтэй харц тулгараад эргэн суудалдаа сууж тэнгэр ширтэнэ. Бас хоосон аяга руу байн байн гөлөрч ямар нэг зүйл тэсч ядан хүлээж байгаа мэт тэвдэж харагдана. 

Өнөөх эрхмийг суудалд сууж амжаагүй байтал хаалга дахин түлхэгдэж гялаан халзан толгойгоо алчуураар арчин бүдүүн гэдсээ зөөж ядан алхах нэгэн онгироо байрын эр орж ирээд бүсгүйн зүг яаран алхалж өмнө нь очоод гэнэтхэн сөхрөн ойчлоо. 

Харин бүсгүй түүнийг маш сайн таньдаг бололтой. Үл тоомсорлон харцаа дээгүүрт өргөж бүдүүн эрийг нүднийхээ булангаар ч тоож харсангүй. 

- За алив хонгорхон минь. Намайг өршөөж хайрлаач дээ! Чи намайг буруутгаж байгаа хэрэг үү? Би чиний хойноос тасралтгүй таван жил гүйлээ. Гэтэл чи нэг удаа намайг хүн гэж харсангүй. Чамайг эндээс явна гэж дуулаад тэсэлгүй би бөмбөг шиг л задарчихлаа шүү дээ. Намайг ойлго. 

Бүсгүйн нүдэнд нулимс мэлтэлзэж бороон дусал тогтож ядан унадаг уйланхай цонх шиг л гунигтай харагдлаа. Тэр юу ч дуугарсангүй. Харин өнөөх бүдүүн эр бүсгүйн зүг нойтон алчуураараа чичлэн заагаад 

- Чи намайг орхиод хаа хүрнэ гэж бодсон юм. Эцэг эхгүй өнчин чамайг энэрч хайрлах гэсэн намайг үл тоох чи хэн юм бэ? гэж чанга дуугаар ориллоо. 

Бүсгүй тэсэлгүй суудлаасаа босч бүдүүн эрийг байдаг хүчээрээ түлхэж унагаад хаалгаруу хамаг хурдаараа зүтгэв. Бүдүүн эр сандал түшсээр босч ирэхдээ ширээн дээр байсан бүх л зүйлсийг хоёр гараараа түлхэн унагаж бүсгүйн гараас зуураад авлаа. Зөөгч бүдүүн эрийн уур омгийг дарахын тулд 

- Эрхэм ээ та тайвшир. Та энэ хатагтайг гэмтээх нь байна! гэж чанга дуугаар чичирхийлэн хэлэв. 

Энэ үед хаалга нээгдэж бүдүүн эртэй барьцалдан зогсох бүсгүй шүхэр барьсан танил залууг олж харлаа. Бүсгүйн булбарай гар бүдүүн маанаг эрийн бадриун атганд хугачуулж байгаа мөчир шиг л харагдана. “Надад туслаарай!” гэж бүсгүй чанга дуугаар залуу хархүүгээс тусламж хүсэн ориллоо. 

Нүдэнд нь гал асах шиг залуу хүү хурдан шаламгай хөдөлж бүдүүн эрийн бахь шиг хатуу гарыг бүсгүйн гараас мултлан авч мушгин эргүүлээд өвдгөөр нь газар сөхрүүлэв. Энэ үед өнөөх бүдүүн эр залуу хүүг занан 

- Чи буруу хүнтэйгээ тоглож байна жаал минь. Яг одоо намайг тавь. Муу шулмын хүүхэн минь чи надаас хаашаа ч зугтахгүй. Хэрвээ эндээс явсан байх юм бол би чиний ясыг хэдэн тийшээ тарааж хаяна гэж мэдээрэй! Хэмээн шүдээ зуун хашгачиж байв. 

Харин бүсгүй суудал дээрээс нөмрөгөө аваад маш хурдан гарч гүйх гэтэл залуу хүү барьж яваад шалруу шидсэн хуучин саарал шүхрээ заан 

- Шүхэр аваад гар, хүссэн газарруугаа яв гэж хэлээд инээмсэглэлээ. 

Бүсгүй анх удаа үнэн сэтгэлээсээ итгэл дүүрэн инээмсэглэн залуу өөд толгой дохиод шүхрээ дэлгэн бороон дунд уусан алга боллоо. 

... Галт тэрэгний хүнгэнэх чимээ алсад цуурайтсаар. Хуучин тосгонд хунтайж болон алдартай язгууртан авхай ирэх сургаар гудамжинд хөл хөдөлгөөн ихэсчээ. Галт тэрэгний хамгийн тансаг зэрэглэлийн суудлаас цасан цагаан нөмрөг даашинзтай үзэсгэлэнт бүсгүй буув. Түүний араас хунтайж өөрийн биеэр заларч тансаг торгон хүрмээ мөрөн дээгүүрээ тохоод өндөр нуруугаа хагас мэхийлгэн хатагтайн гарыг үнсээд сугадан авч сүйх тэргэнд суулгав. Язгууртан авхайгаас хунтайж хаа хүрэхийг нь асуухад 

- Анх намайг харсан тэр газарт... гэж хэлээд гунигтай санаа алдлаа. 

Хуучирч элэгдсэн модон хаалгыг түлхэн орвол тэнд хэдхэн хүн сууна. Цонх нь өнгө зүсээ алдаж дэргэд нь байрлах ширээ сандал олон жилийн эдэлгээнд бохир заваан болжээ. Хунтайж бараа бологсод албатуудаа гадна үлдээж зоогийн газрын хаалгаар орохдоо дотор халаах зүйл сурагласаар орж ирлээ. Язгууртан авхай цонхны урд байрлах ширээ, сандал дээр тухлан суув. Хунтайж түүний дэргэд суугаад бодолд дарагдах уян зөөлөн, энхрий ялдам, үзэсгэлэнтэй төрхийг нь харан олон жилийн өмнө энэ бүсгүйн араас галт тэрэгний буудал орж дэргэд нь суун хамтдаа хаа хүрэхээ мэдэхгүй аялаж байснаа нэхэн санав. 

Харин язгууртан авхайн бодолд анх удаа өөрт нь итгэл найдвар өгөөд ор сураггүй алга болсон өөрийг нь хайж огтхон ч эрэл хайгуул бололгүй сураг чимээ тасарсан сайхан инээмсэглэлтэй залуу хархүү л орж ирнэ. 

Зоогийн газрын хаалга нээгдэв. Язгууртан авхай тэсэлгүй өндийн босоотохлоо. Хунтайж түүнийг тайвшруулах гэсэн мэт гараас нь зөөлөн атгаад толгой дохин суухыг хүслээ. Зоогийн газарт орж ирсэн цав цагаан буурал толгойтой энэ эрхэм гартаа нотны хэдэн цаас барьж таягаа тулан алхсаар хамгийн захын суудалд очив. Суудалдаа хүрсэн хойноо өнөөх эрхэм язгууртан авхай, хунтайж хоёрын зүг удаан ширтэнэ. 

Зоогийн газрын зөөгч язгууртан авхай, хунтайж хоёрт цай хүргэн ирлээ. 

Авхай аягатай цайг хараад инээмсэглэж хунтайжид хандан 

- Газар нь хуучирсан мөртлөө аяга нь тансаг хэвээрээ л байх юм аа. 
- Хагарчихаад байдаг учраас байнга шинийг авч тавьдаг болов уу. 
- Зүгээр л аяга. Гаднаасаа харагдах зүс нь сайхан ч гэлээ нэг л өдөр хагарна. Хагарахгүй бол эмтэрнэ. Эмтрэхгүй байсан ч будаг нь халцарна. Хуучирч хэрэггүй болно. Төгс зүйл гэж хаа ч үгүй. 

Энэ үед захын суудалд сууж байсан цагаан толгойтой өнөөх эрхэм урдаа байгаа нотны цаасаа бүгдийг нь ширээн дээр цацаж ямар нэгэн зүйл хайж байн байн амандаа 

- Тэнэг хөгшин толгой. Чи хаана хийчихсэн юм бэ? гэж бувтнаж гарав. 

Авхай, хунтайж хоёр суудлаасаа босон дараагийн аян замдаа гарахаар зоогийн газрыг сүүлчийн удаа тойруулан хараад нэг нэгнийхээ гараас атгаж хаалга зүг алхтал өнөөх цагаан толгойтой эрхэм чанга дуугаар орилж 

- Энд байна. Хүлээж бай! Зогс! гэснээ гартаа барьсан элэгдэж, урагдаж, бараг идэгдсэн юм уу гэмээр нотны тал цаасыг авхайн зүг сарвалзуулсаар өглөө. 

Авхай юу болохыг нь асуусангүй. Зүгээр л, цаасыг авч тойруулан харлаа. 

Цаасны буланд их л яаруу таталгаж бичсэн бололтой гаргац муутай ганц өгүүлбэр байв. 

“Гараас чинь ч атгаж чадсангүй. Намайг бүү хай! Миний зүрх аяганд чинь байгаа”

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ АВАРГА ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР8 цаг 44 минутын өмнөД.Трамп, Жиньпин 11 дүгээр сард уулзаж магадгүй8 сар 19. 15:00БНХАУ Пентагоны мэдээллийг эрс эсэргүүцлээ8 сар 19. 14:55Шуналын Пирамид8 сар 19. 14:50ЗӨВЛӨГӨӨ: Хэлний өнгөөр эрүүл мэндийг тодорхойлж болно8 сар 19. 14:45Азийн наадам: Чөлөөт бөхийн барилдааны хуваарь8 сар 19. 14:40БНХАУ “BBC” агентлагийн сайт руу нэвтрэхийг хориглов8 сар 19. 14:30Амралтын өдрийн уран зохиол: Л.Өлзийтөгс Аквариум /Өгүүллэг/8 сар 19. 14:20Хар ус хүнд өгдөггүйн учир8 сар 19. 14:10Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө8 сар 19. 14:00Хүүхдийн уйлахыг шинжихүй8 сар 19. 13:50Цагаан Дарь эхийг бүтээсэн домог8 сар 19. 13:40“Дэлхийн хамгийн ядуу асан ерөнхийлөгч” тэтгэвэр авахаас татгалзжээ8 сар 19. 13:30Нойр дутал зүрхэнд халтай8 сар 19. 13:20“Аз жаргалгүй” хүмүүс8 сар 19. 13:1028 жилийн турш ододтой зургаа авахуулсан сүйхээтэй эр8 сар 19. 13:00Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ болдог8 сар 19. 12:50Монголын шигшээ Хонконгийн багтай хийсэн тоглолтын зургаас8 сар 19. 12:40Үс унаад байна уу. Тэгвэл ямар амин дэм хэрэгтэй вэ8 сар 19. 12:30Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд Кофи Аннанд хүндэтгэл үзүүлж байна8 сар 19. 12:20БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчилна гэж мэдээллээ8 сар 19. 12:10Энэтхэгийн Керала мужид үерийн улмаас 324 хүн амиа алджээ8 сар 19. 12:00Азийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь8 сар 19. 11:50Хүүхдийн хэл ярианы хөгжилд аавууд хамгийн их нөлөөтэй8 сар 19. 11:15Жастин Бибер дүүтэй болжээ8 сар 19. 11:10Арктик болон Антарктидийн мөс хурдацтай хайлж болзошгүйг анхааруулжээ8 сар 19. 11:05Сайн унтаж амрахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй8 сар 19. 11:00Энэ өдрийн зурхай8 сар 19. 7:40Цаг агаарын урьдчилсан мэдээ8 сар 19. 7:30Танихгүй хүнээс 10 мянган доллар хүртээд мэл гайхжээ8 сар 18. 15:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.