4-р сарын 16
11 цаг 43 минут

Саямаа дэлгүүрийн түүх: Дурсамж дүүрэн амьдралынхаа тухай учирлахуйн учир

Эх сурвалж:

Б. Батболд

Эхийн сүүний үнэр салаагүй эрх бага насандаа аав ээжээсээ өнчрөн хоцорсон миний бие алд биеэ хүний дайтай авч явж амьдарна гэдэг хэдий хэцүү байсан боловч энэ хүний сайхан орчлонд нэгэнт эрдэнэт хүний биеийг олж төрсөн ховор их аз завшааныг ашиглан хүн хэмээх эрдэнийн эрх үүргийг эдлэн амьдрахын төлөөнөө хар бор янз бүрийн ажил хийж явсаар 2000 оны тэр нэгэн хуйсгануур намар дээр үед Зовсон хүн жаргадаг, Золбин нохой зоолдог Хэмээн ярилцдаг асан Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар нийслэлд ирж билээ. Гэтэл над мэтийн хөдөөгийн нэгэн өнчин хүү байтугайд нь ажил олдохгүй, зах зээлийн үеийн хар шуурга исгэрсэн тэр үед амьдрал минь урдынхаас ч хүнд байдалд орно гэдгийн өчүүхэн би яахин мэдэх билээ. Аргагүй л, амьдрахын эрхэнд өдөрт хогон дээрээс архины шил түүж түүнийгээ тушаан өдрийнхөө хоолны мөнгийг олдог болов оо.

Тэр л үедээ би Буянт- Ухаагийнхаа шаргалхан дэнжид ханьтайгаа танилцаж билээ. Хань минь тэр үед надад хэлэхдээ- Би бага байхдаа 2 удаа шаралж элэг муутай болсон. Одоо группэд байдаг сард 45000 төгрөг авдаг гэж билээ. Тэгэхэд нь би Хөөрхий дөө, Энэ амьтан их л гэж 15 жил амьд явах юм байна даа. Би ер нь энэ эмэгтэйтэй ханилан суугаад ханийн хайраар хайрлаж, үр хүүхэдтэй болж, энэ хүний хүсэж мөрөөдөж байгаа тэр сайхан хүсэл мөрөөдлийг нь биелүүлж нэг их сайхан амьдруулах юмсан гэж бодоод түүнтэйгээ өдөр болгон орж уулздаг байсан. Тэр үед нисэхийн эцсийн буудалд комиссийн бараа зардаг байсан. Тэр минь намайг орох болгонд хоол унд, сэтгэлийн их дэм өгч, Хоосон ядуу амьдралыг минь утга учиртай, хүсэл мөрөөдөлтэй болгосон юмдаа. Ийнхүү бид өдөр хоногоор дасан дассаар 2002 онд хөөрхөн хүүтэй болсон сон. Жирэмсэн байх үед нь эмч нар - Элэг муутай чам шиг хүн хүүхэд төрүүлж болохгүй хэмээн хориглосон боловч тэр минь - Би ямар ч байсан хүүхдээ төрүүлнэ гэж уйлж зөрсөөр байгаад хүүхдээ томруулж төрүүлсэн сэн.

Амаржихдаа ямар ч хүндрэлгүй амаржиж хөөрхөн хүү төрүүлхэд нь миний баярласныг юу гэхэв ! Ийнхүү өнчин ядуу хүү би ханьлах ханьтай харж өхөөрдөх хүүтэй болж баяр хөөр минь багтаж ядаж байвч хариуцлага минь улам өндөр болж хайрыг минь булаасан энэ хоёр оо хоосон хонуулахгүйн төлөө нийтийн хөлсний байр хөлсөлж хар үүрээр гарч шил түүж цуглуулан тушааж харанхуй шөнөөр гэртээ орж ирж амьдрахын төлөө хүзүү гүрдийн зүтгэсэн дээ. Нэгэн өдөр такси хөлсөлж ээж болон ах дүү нараас нь гуйж эхнэр хүүхэд хоёроо хөлсний байранд авч ирлээ. Гэрт минь ганц алимны хайрцагнаас өөр эд хогшил гэж байсангүйд ихэд ичиж, зовж байсан ч хань хүү хоёроо харан Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно Хэмээн нэгэн ухаантны хэлснээр зоригжин Та хоёрыгоо би хэнээс ч дутахгүй юугаар ч дутаахгүй сайхан амьдруулж чадна хэмээн ам бардам хэлж билээ. Энэ мөчөөс хойш ажлаа улам сайн хийж өдөржин архины шил түүж тушаан, шөнө нь жалганд хаясан хог дотроос нүүрс модны шуудай ялган цуглуулж гэртээ авч ирдэг байлаа. Миний түүсэн шуудайг хань минь угааж цэвэрлэн, индүүдээд 300 ширхэг болонгуут эвхэж түүнийг нь би Хар Хорин зах дээр аваачиж ширхэгийг нь 25 төгрөгөөр бөөндөж зардаг байлаа. Ийнхүү халаасандаа хэдэн төгрөгтэй болж гудамжинд мод нүүрс зарж эхэллээ. Ханьтайгаа бид хоёр байрлал сайтай хашаатай болох юмсан гэж ярилцан бурхнаас гуйдаг байлаа. Гэтэл нисэхийн эцэст яг хүсэж мөрөөдөж байсан газраа хашаатай болдог юм байна шүү. Гудамжинд түлээ нүүрс зардаг байхад өдөр болгон цагдаа ирж хөөнө. Заримдаа мод нүүрсийг минь хураагаад ачаад явчихна. Нэгэн удаа миний зарж байсан мод, нүүрсийг минь хураагаад намайг Дэнжийн 1000 - ын албадан саатуулах байранд 3 хоног хорив оо. Цааш нь үргэлжлүүлж 14 хоног баривчлах, эсвэл 20000 төгрөгөөр торгох ялны аль нэгийг нь эдлүүлэх болоход хань минь хүнээс гуйж мөнгө олоод намайг торны цаанаас суллан авч билээ. Гэртээ ирхэд минь миний өмсөж байсан бүх хувцасыг тайлж шатаагаад усанд оруулж цэвэрхэн хувцас өмсүүлж билээ. Үнэндээ ч тэр саатуулах байрны бөөс, Үнэр хоёр дэндүү муухай байсан шүү.

Тэр үед торгуулсан 20000 төгрөг надад маш их мөнгө байлаа. Тэгээд ч амьдрахын эрхэнд гудамжинд зогсож мод нүүрсээ дахиад л зарахаас өөр арга надад байсангүй. Удалгүй өөрийнхөө хашаандаа мод нүүрсээ зардаг болсон доо. Өдөржин гадаа зогсож мод нүүрс зарахаар бүх л хувцас хар болж, нүүр царай ч хүн харахын аргагүй халтар юм болно. Мөн таньдаг хүнээсээ их ичдэг байлаа. Шөнө гэртээ орж ирж ханийхаа хийсэн халуун хоол цай идэж уун гангар гунгар хөөрөлдөж суух минь жаргалын дээд жаргал байлаа. Хань минь надад- Чи бид хоёр хүний төлөө амьдраагүй. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй шүү дээ. Гол нь бид аз жаргалтай, элэг бүтэн амьдрах нь чухал. Бид ямар бусдад таалагдаж амьдрах ёстой биш. Харин бусдын сайн сайхны төлөө ямар нэг өгөөжтэй зүйл хиймээр байна гэж хэлдэг байсан. Ингээд 2009 онд 10 хүний ажлын байр бэлдэхээр шийдэж нэг давхар дэлгүүр " Саямаа-1 " барьж лангуу түрээслүүлэв ээ. Энэ 10 хүний цаана хичнээн хүүхэд аав ээжүүд, эхнэр нөхөр нь халуун хоолтой дулаан хувцастай явах бол нэг ч гэсэн хүнийг хүсэл мөрөөдөлд нь хүргэчих юмсан гэсэн санаа бодол бид хоёрын хүсэл мөрөөдөл байлаа. Хань минь дэлгүүрээ хариуцаж, би мод нүүрсээ зарж хэдэн төгрөгтэй болж 2011 онд 2 давхар улаан тоосгон байшингаа барьж ашиглалтад оруулж дахин 10 гаруй хүнийг ажлын байраар хангасан даа. Хүмүүсийн амьдралыг бага боловч дээшлүүлж, баярлуулж явах нь чухал байсан болохоос зөвхөн өөрийнхөө хар амийг бодож амьдрах аминчхан бодол бид хоёрт байгаагүй ээ....
САЯМАА-2 дэлгүүрээ барьж ашиглалтанд оруулаад бараг сар ч болоогүй байтал ханийн минь бие гэнэт муудаж эмнэлэгт хэвтсэн боловч ямар ч найдлагагүй болж бурхан болов. Хань минь мөнх бусын орчлонгоос арайл эрт 36 насандаа явчихсан шүү. Хэрвээ эмнэлэгт буруу тариа хийгээгүй бол дахиад ч 5 жил амьд явах байсан. Би ч ёстой л нөгөө Шооконд орох гээч нь болов. Хань минь- Би хүүгээ 8-р анги төгсгөчихвөл боллоо гэж ярьдаг байсан нь бие нь ядруухан байсны л илрэл байж дээ, хөөрхий ! Амьдралд дурлаж, амьдралд тэмүүлж байсан хань минь дандаа л өөдрөг зүйл ярьж гэр орноо инээд баяслаар дүүргэж байдагсан. Тэрнээс минь гардаг тэр их тэвчээр хатуужил чухам яг хаанаас нь ундардагийг би гайхдаг. Учир нь түүний өчүүхэн зүйлд ямар их баярлаж байгааг, Түүнээсээ авсан тэр эрч хүчээ буцаад надад ямарч хариу нэхэлгүй зүгээр л өгч байгаа тэр хайрыг мэдрэх бүртээ би эхнэрийгээ улам ихээр хайрладаг. Гэсэн хэдий ч тэрнээс минь хэд нугалсан их тэвчээр хүлээлт хайр халамж зэрэг оргилдог. Түүнд минь урьдын адил олон найз нөхөд урьдчилж төлөвлөх амралт зугаалга унтаж амрах эрх чөлөө байдаггүй. Зөвхөн надтай хамтарч энэ амьдралыг хөл дээр нь босгох гэж тэмцэж байсан юм. Түүнийгээ би харах болгондоо ийм сайхан хүн 15 жил амьдрах хугацаатай гэж бодхоор л өөрийн эрхгүй нулимс гарч өдөржин шөнөжин цаг хугацаатай уралдаж ажилаа хийдэг байлаа. Гэвч тэр минь хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Оройн хоолоо дуу аялан хийж зогсохдоо хэзээ ч гэр бүлээсээ төлөөс нэхдэггүй . Би ханьдаа үйлийн үрийнхээ ширхэг бүрээс өгөхгүй байх агуу их өртөй.

Хоёулаа охинтой болбол Саямаа гэж нэр өгнө гэж олон жил ярьсан даа. Даан ч энэ хүсэл нь биелээгүй. Хожим би дэлгүүрээ, компаниа Саямаа хэмээн нэрлэж билээ. Ханийхаа ард бүх л ажил миний нуруун дээр ирсэн болохоор ганцаараа зүтгэхээс өөр арга байгаагүй ээ. Боос - оо хийнэ, борлуулалтаа хийнэ, Боол - оо ч хийнэ, Гэрт орж эм, гадаа гарч эр болж явахад надад амар байсангүй ээ. Тэгээд ч би хэн нэгний төлөө амьдраагүй ээ. Өөрийнхөө үүрэх ёстой ачаагаа үүрээд даваад гарах л ёстой. Ер нь эр хүний нуруун дээрхи ачаа хөнгөдөөд ирэхлээр эр хүний сүлд хийморь доройтож зан ааш нь эвдэрж архи ууж дэмий тэндэг. Тийм болохоор эр хүний нуруун дээрхи ачааг сайхан тааруулж өгөх хэрэгтэй байхаа. Хань минь амьд сэрүүн ахуйд манайхаар өдөр бүхэн л найз нөхөд орж гарч амьдралын тухай яриа хөөрөө өрнөж хүний хөл тасардаггүй байлаа. Мөн зөндөө олон хүмүүст туслаж дэмждэг байсан. Гэтэл ханийн минь ажил явдал дууссаны дараа орж гарах хүн ч үгүй боллоо. Эр хүн тугч барина тугалч хариулна гэдэг үнэн үг байналээ. Элэг бүтэн хань ижилтэй сайн сайхан үед нь найз нөхөд байсан атлаа үхэл хагацал үзээд ажил үйлс нь бүтэлгүйтээд ирэхэд нүүрээ буруулаад цааш явдаг хүмүүсийг би нүдээрээ үзэж гараараа барилцсан юмдаа. Хэцүү үед нь л хажууд нь байхгүй юм бол бусад үед эр хүн ганцаардаггүй юмдаа. Өнчрөл гомдлын нулимсаа залгиж суухдаа амьдрал чиний өмнө сөхрөх биш шүдээ зуух хэрэгтэй гэдгийг ухаарсан юм. Тэмцэж босож ирэхэд тэврэх хүн олон юм байналээ. Тээгэлдэж харуулдан унахад татаад босгох хүн харин ховор юм байналээ. Үүнийг би ойлгож авсан. Хамт олон минь байвч тэд манайхаар орж гарах нь бүү хэл, миний ганцаардаж гундсан, уйтгар гуниг тээсэн царайг ч харахаас халширдаг байсан буйз аа. Хүүгээсээ нууж, хамт олноосоо нуугдаж мөн ч их уйлсан даа. Одоо хааяа хамт олон та нартайгаа уулзаж сэтгэлээ онгойтол уйлж, ярьж, хөөрч , суух юмсан даа гэж боддогоо нуух юун билээ.

Миний хань дэндүү богино настай байсан. Сайн хүн богино насалдаг гэдэг үнэн ч байж магадгүй. Ийнхүү би өглөө болгон гаднах орчноо цэвэрлэж, хамт олноо удирдаж, манаачаа хийж, галаа түлж, нүүрсээ зарж байгаад 2015 онд дахин хоёр давхар ногоон дэлгүүр " Саямаа-3 " барьж ашиглалтанд оруулан нийт 30 гаруй хүнийг ажлын байраар хангалаа. Өглөө болгон цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөн залбирч, хамт олныхоо ажил үйлс, амьдрал жаргалыг билэгддэг байлаа. Миний бүрдүүлсэн хамт олон сайхан хамт олон доо, Та бүхнийгээ ажлын байраар хангаж, хөл дээр нь босгох гэж хичнээн сайхан зүйлүүдээс татгалзаж хир зэрэг төрийн дарамтийг даван туулж, хир их ганцаардаж хэдэн хоног нойргүй хонож, дотроо шаналж, эрүүл мэндээрээ хохирч байсныг та бүхэн минь сайн мэдэхгүй байхаа. Мөн та бүхэнтэйгээ олон сайхан сайн үйлсийн аянд оролцож зөндөө олон хүмүүст буян үйлдэж явлаа. Бусдад хийсэн буян буцаж ирэхдээ сүүн зам татуулж ирдэг. Амьдрал хүнд өгөх юмаа өгч авах юмаа авдаг. Амьдрал надад өгсөнөөсөө илүү ихийг буцааж авсан. Гэхдээ буцаагаад надад ийм сайхан хамт олон, найз нөхөд өгсөнд нь баярлаж явдаг. Та бүхнийхээ тус дэмээр би зөндөө олон нэр төртэй шагналаар шагнуулсан. Энэ шагнал зөвхөн намайг шагнасан шагнал биш, хамт олон та нарыг минь давхар шагнасан шагнал байв.

Хэдий хань ижлээ алдсан ч гэлээ эр хүн сэтгэлийн хаттай байж чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал, хамт олныхоо итгэлийг хүлээж, тэднийхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулж чадвал, архи тамхи хэрэглэхгүйгээр бусдадаа үлгэр дууриалал болж чадвал амжилтанд хүрч болдгийг харуулж чадсандаа би өөртөө баярлаж бахархаж явдаг шүү. Амьдралдаа тохиолдсон зовлон бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрвөл ямар эр хүн байхав. Харин тэр бүхнийг даван туулж зорьсондоо хүрч чадсан хүн л жинхэнэ хүмүүн мөн бус уу ! Хэн ч гэсэн амьдралд ялж ялагдаж сурах хэрэгтэй юм шиг ээ. Ялагдлаас л хүн ялалтын арга замыг олж авдаг билээ. Аав, ээжээсээ өнчин ядуу төрсөн нь миний буруу биш ээ. Харин би өөрөө ядуу дутуу амьдарч байгаад хорвоог орхивол гутамшиг. Ядуу хүн гэж хаа ч үгүй. Харин залхуу хүн л ядуу байдаг. Монгол оронд бүтээлч хөдөлмөр эрхэлхэд дарамт ихтэй үнэхээр хэцүү гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн дээ. Мань мэтийн хатуу хэцүү амьдралын дундаас бор зүрхээрээ өндийн босож ирж буй нэгнийг төр засгаас зүйл бүрээр дэмжлэг үзүүлж хөл дээр нь босгоод дараа нь татвараа авдаг байвал хэн хэндээ ашиг тустай баймаар. Би төр засагтаа татвараа төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэхгүй юм бол тэр бол яг боолын хөдөлмөр хийсэнтэй адилхан.

Аливаа хүн их хэмжээний хөрөнгө мөнгөний хүчээр босож ирэхгүй ээ. Гагцхүү үнэнч шударга, ариун цагаан хөдөлмөрийн үр шимээр босож ирдэг. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хөдөлмөрөөр босгоод түүнийхээ үр шимийг хүртэх шиг сайхан зүйл хаа ч үгүй. Саямаа дэлгүүрийн түүхийн хуудсыг надтай хамт бичилцсэн хамт олон Та нартаа би ихэд баярлаж, Та нараараа бахархаж явдаг аа. Та нартаа би хайртай ! Чин сэтгэлээсээ, та нартайгаа хамт ажиллаж амьдрах хэмжээлшгүй их хүсэл тэмүүлэл, урам зориг, итгэл найдвар надад байсан боловч биеийн эрүүл мэндийн байдлаас болж та нараасаа болон буян хишгээ хайрласан Буянт - Ухаагийнхаа шаргалхан дэнжээс холдон явахаас өөр арга надад байсангүй. Эр хүний замын хүзүү урт гэдэг. Эрүүл мэнд явж, та нарынхаа өмөг түшиг, зовлон жаргалаа хуваалцаж явсан алтанхан мөчүүдээ мартаагүй явсан цагт эргэж уулзахын дэмбэрэл ерөөл байх биз ээ. Жаргал зовлон хоёрын тэг дундуур Алтайн чоно шиг явж ирсэн амьдралдаа би хайртай. Жаргалтай хийгээд зовлонтой амьдралын минь гэрч болсон та нартаа би хайртай.

Ойрд ханиан ихээр санаж, ханьтайгаа болон Саямаа дэлгүүрийнхээ хамт олонтойгоо өнгөрүүлсэн он жилүүдийг дурсан сэтгэл минь их гуниглав аа.

"САЯМАА" ХХК ЗАХИРАЛ АСАН /Б.БАТБОЛД/

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.14Zochin   • 4 сарын 17. 12 цаг 21 минут

Yamar mundag yum be.vneheer bishirle.

66.181.186.174Зочин   • 4 сарын 17. 10 цаг 23 минут

үнэхээр агуу юм.

202.21.103.130zochin.   • 4 сарын 17. 9 цаг 51 минут

Mundag hvn bna eregtei hvn bolgon ene hvn shig baigaasai

202.21.106.114Зочин   • 4 сарын 16. 20 цаг 18 минут

teseerei mundag zaluu odoo jargah tsag irsen bna shuu dee huugiinhee toloonamidrah heregtei shuu burhan chamaig ibeeg urt naslaarai

150.129.143.169Зочин   • 4 сарын 16. 18 цаг 18 минут

Хөөрхий дөө. Ганц хүүгийнх нь болоод өөрийнх заяа буян сайхан сэтгэл түших байхаа. Бурхан ивээг.

202.179.24.155zochin   • 4 сарын 16. 17 цаг 20 минут

chuugee zovooj bolochgui chuu, tsaachdaa eruul ench urt udaan naslaarai

202.55.191.194Зочин   • 4 сарын 16. 14 цаг 13 минут

Үнэхээр дайчин хүн юмаа. Тиймээ сайн явахад бүх хүмүүс найз байдаг зовлон тохиолдоход нүүрээ буруулдаг хүмүүс ч бас бий.

Шинэ мэдээ

Шуурхай: Баянзүрх худалдааны төвд гал гарч байна6 цаг 23 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон9 цаг 31 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 18. 18:10Улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална12 сар 18. 18:00АНУ Парисын гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзав12 сар 18. 17:5512 метрийн өндөртэй “гахай” харж байв уу12 сар 18. 17:50"Brent" маркийн нефтийн үнэ өсчээ12 сар 18. 17:45Шинэ оноос эхлэн Google, Facebook, Amazon, Apple компаниуд татвар төлнө12 сар 18. 17:40Таныг амжилтад хүргэх арван чанар12 сар 18. 17:35Хулгайн анчин хүүхэлдэйн кино үзэх шийтгэл амсав12 сар 18. 17:30Кавказад болсон аймшигт газар хөдлөлтөөр яг юу болсон бэ12 сар 18. 17:25Нарны аймгийн хамгийн хол биетийг илрүүлжээ12 сар 18. 17:20Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ12 сар 18. 17:15Тослог үсийг арчилах аргууд12 сар 18. 17:10Баасан гарагаас хүйтэрнэ12 сар 18. 17:05Нацизмаас дүрвэсэн хүүхдүүдэд Герман улс нэг удаагийн тэтгэмж олгоно12 сар 18. 17:00Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ12 сар 18. 16:55Адриен Рабьо багийн удирдлагатайгаа тэрсэлдэв12 сар 18. 16:50Цагаан сарын дээлээ бэлдсэн үү12 сар 18. 16:45Крымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав12 сар 18. 16:45“Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ12 сар 18. 16:40YouTube-ын хамгийн их DISLIKE-тай бичлэгээр өөрсдийнх нь хийсэн бичлэг тодров12 сар 18. 16:40Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо12 сар 18. 16:39ОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ12 сар 18. 16:35Си Жиньпин: өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятад улсын сэргэн мандалтын эрин үеийн эхлэл12 сар 18. 16:30Өдөрт 4 минутыг өөртөө зарцуулан сайхан биетэй болоорой12 сар 18. 16:25Хамт олноороо болон найз нөхдөөрөө тоглох хөгжөөнт тоглоомууд12 сар 18. 16:20Агаарын бохирдол ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна12 сар 18. 16:15Хориотой хотыг хамгийн олон хүн үзжээ12 сар 18. 16:10Энэ онд Умард Солонгосоос 1042 иргэн оргон зугтжээ12 сар 18. 16:05
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.