2018 оны 5-р сарын 15
8 цаг 00 минут

“Өргөн”-ий ирээдүй гэрэлтэй байна

Дорнын их говьд төв суурин газар байгаа мэт халаалтай байранд, хананаасаа халуун, хүйтэн усаа хүссэнээрээ хэрэглэж, Мобикомын 3G интернэт ашиглан дэлхий ертөнцөөр аялах азтай хүмүүс бол Дорноговь аймгийн Өргөн сумын иргэд. Азтай гэдгийн учир нь тус сумын иргэд байгалийн баялаг ихтэй, өргөн уудам нутагт төрж өссөнийхөө ач буяныг зуун зуунаар хүртэж явах хувь тохиолтой ажээ. 

Улаанбаатар хотоос зүүн урагш 535 км-т орших хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу гэгдэх тус сум 1924 онд байгуулагдсан түүхтэй. Тус суманд “Монросцветмет” нэгдлийн хайлуур жоншны үйлдвэр буюу “Өргөн” –ий уулын үйлдвэр ашиглалтанд орж, нутгийн иргэдийг ажил хөдөлмөртэй, нутаг орондоо амьдралын баталгаатай оршин суух боломжийг олгож байсан цаг саяхан. Гэтэл 2012 онд тус үйлдвэр хаалгаа барьж, ажилтан ажиллагсад төдийгүй Өргөн сумынхан бүхэлдээ хөдөлгөөнд орж, ажил хөдөлмөр хийхээр нутгаа орхих, нүүдэл эрс нэмэгдсэн гэдэг.

Сум нэг хэсэгтээ эзгүйрч, ажил хийдгээс Засаг захиргааны хэдэн хүн, төсвийн байгууллагынхан болон төмөр замынхан л үлдэж, ганц ХААН банк л үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин өнөөдөр тус сумын иргэд хайртай дотны бүхэнтэйгээ хамтдаа байж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, амьдрал нь баталгаатай болж байна. 

Тодруулбал, Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худаг шохойн чулууны ордыг түшиглэн Монцемент үйлдвэр ашиглалтад орсноор энэ бүх боломж нээгджээ. Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх “Монцемент Билдинг Материалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 330 гаруй ажилтантай үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юм.

Үүнээс 130 гаруй нь Өргөн сумын иргэд бөгөөд гэр бүлээрээ тус компанид ажиллаж байгаа бол төслийн хүрээнд баригдсан “Өргөн” хотхонд амьдрах боломж олгодог байна. Ингээд өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Өргөн сумаар зочилж, тус сумын уугуул иргэн, Сум орон нутгийн удирдлагуудын төлөөлөл болон “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн удирдлагатай уулзаж, ярилцсанаа хүргэж байна.

Дан малаараа амьдрана гэдэг говь нутагт чанга шүү

Өргөн сумын уугуул Б.Алтанбагана. Тэрбээр “Монцемент Билдинг Материалс” ХХК-д Ээлжийн ахлагчаар ажилладаг бөгөөд эхнэр М.Төгсбаяр нь “Өргөн” хотхоны зочид буудлыг хариуцан ажилладаг ажээ.

-Өөрийнхөө талаар танилцуулаач?

-Би 1980 онд Өргөн суманд төрж, 1986 онд сургуульд анх орж, 8 дугаар ангиа төгсөөд Сайншандад 10 жилийн боловсрол эзэмшсэн. Төгсөөд Дархан-Уул аймгийн Политехникийн коллежид Уул уурхай ашиглалтын инженерийн ангид 1999-2003 онд суралцсан. Дараа нь “Багануур” хувьцаат компанийн нүүрсний уурхайд 7 жил ажилласан. Тэр хугацаанд гэр бүлээрээ Багануурт, ээж аав, хадмууд Өргөнд. 2010 онд нутагт маань шинэ үйлдвэр баригдахаар болсныг дуулаад Баганнуур хувьцаат компаниас наашаа хөдөлсөн дөө.

Ирээд Өргөний жоншний үйлдвэрт 1 жил Уулын мастераар ажиллаж байгаад 2011 онд Монполимет группт ажилд орсон. Тэгээд Тосон уурхайд Уулын ашиглалтын инженерээр 4 жил ажиллаад 2015 онд эргэн ирж, “Монцемент”-дээ ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Нутаг орондоо ажиллах их гоё. Олон сайхан, давуу талыг өгч байна.

-Ямар давуу талууд?

-Нутаг орноо орхисон олон хүн эргэн ирж, сумаас 140 орчим хүн ажилд орсон.  Тэр хүмүүсийг хүлээж суусан үр хүүхэд, хань ижил нь хамтдаа сайхан амьдарч байна. Хөдөө унаа тэрэг гэж стрэессдэхгүй. Хүүхдүүд эрүүл агаарт сайхан өсөж байна. Цаг заваа адуу малдаа зориулж байна. Миний уясан хурдан морь 1996 онд суманд 2 ч удаа түрүүлж байсан. Сүүлд Данзанравжаагийн 210 жилийн ойгоор  хурдалсан морь 380 дааганаас 8-д орсон.

Манай дунд охин морио унадаг юм.  Ноднин 6 уралдсан, энэ жил  нэг уралдлаа. Том охин маань ч морь унадаг. 7 дугаар анги хүртлээ унасан.  Морь уяач нар бүгдээрээ хүний хүүхдээр морь унуулдаг гэдэг худлаа. Өөрийн хүүхдээ л унуулахгүй бол болохгүй. Одоо хүмүүс хүүхдээ үнэрхээд. өндөр үнэ хэлдэг болж. Тэгээд ч хүний хүүхэд унагааж гэмтээчихвэл  яах билээ. Өөрийн хүүхэд загнасан ч , аргадасан ч өөрийн үгээр.

-Нэг хэсэг сум эзгүйрсэн гэсэн. Тэр үед ямар ажил хийж байв?

-2012 онд Жоншны үйлдвэр хаагдах үед эхнэр хүүхдээ орхиод ажил хийхээр нутгаасаа гарч байсан. Одоо бол эхнэртэйгээ хоёул хамт ажиллаад үр хүүхэдтэйгээ бөөнөөрөө сайхан байна. Зав зай гарвал хөдөө гадаа явж байна. Манай сум харьцангуй дэд бүтэц сайн,  Мянганы зам ойрхон 20 хүрэхгүй км-ын цаана байна. Галт тэрэг байна. Замын үүд орсон ч, Улаанбаатар орсон ч засмалаар давхичихаж болно. 

Өмнө нь оросууд байхад жоншны үйлдвэрт сумын ихэнх хүмүүс ажилладаг. Манай аав ч гэсэн белазын жолоочоор ажилладаг, ах дүүс нь ч адилхан. Орос дэлгүүр, орос цэцэрлэгтэй, тэндээсээ орос сургуульд суралцана. Оросууд байхад гоё байсан. 30 гаруй жил хэвийн ажиллаж байсан үйлдвэр хаагдахаар сумын болон ард иргэдийн амьдрал шууд л зогсох хэмжээнд хүрсэн. 

-Одоо сумын иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?

-Бидний хувьд суманд хашаа байшинд, гэрт л амьдардаг байсан. Гэр бүлээрээ хамт ажиллаж байгаа гээд орон сууцанд оруулсан. “Өргөн” хотхоны маань 1000 айлын орон сууц бүгд ашиглалтад орчихвол байгууллагын бүх ажилчид орох боломжтой болно. Манай ажилчдын байрууд бүгд өдөр шөнөгүй чөлөөтэй хэрэглэж болох халуун, хүйтэн устай  Энэ нь ажиллагсадын тав тухтай амарч, ажиллах эрч хүч дүүрэн байхад нь  их үүрэг гүйцэтгэж байгаа. 

Үнэндээ дан малаараа амьдрана гэдэг говь нутагт чанга шүү дээ. Зун нь өвс ногоо ургахгүй, өвөл нь ганц хоёр цас ороход л зуд болно. Ямар ч амьдралын баталгаагүй. Тиймээс л ажил хийж, тогтмол орлоготой байх нь чухал, ажлаа хийнгээ хүүхэд шуухад их сургуульд орно, зээл авна гэвэл асуудалгүй.  

Бидний хувьд амьдарч байгаа байр үнэгүй, хэрэглэсэн ус тогны мөнгөө л төлнө. Суманд амьдарч байж, хотод байгаа мэт халуун хүйтэн устай, тухтай, стрессгүй,  ажилдаа дуртай, боломжийн сайхан цалинтай, чөлөө заваараа морь уяж, оройд хэдэн малаа тордож, гэр бүлээрээ хамтдаа байх нь хүний амьдралын жаргал юм. Өргөн сум маань улам өргөжин тэлнэ гэдэгт бүрэн итгэж байна.

Ус түгээх цэг байгуулах, 24 цагийн устай болгоход хамтарна

Дараа нь Өргөн сумын Засаг даргатай уулзахаар очсон ч Сайншандыг зориод эзгүй байсан тул сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Энхсайхантай уулзсан юм. Тэрбээр өмнө нь сумын төвийн багийн даргаар 8 жил ажиллаж байсан гэнэ.

-“Монросцветмет” танай сумын нутагт үйл ажиллагаагаа явуулахаа больж, нэг хэсэгтээ сумын иргэдийн амьдрал хүндхэн болсон гэдэг. Энэ талаар тодруулж өгөөч?

-Манай сумынханыг 35 жил тэжээсэн “Монросцветмет”-ийн  үйлдвэр хаагдаж, банкны өр зээлд дарагдаад, 130 гаруй хүний ар гэр, амьдрал хэцүүхэн болсон. Гэхдээ манай сумынхан их азтай хүмүүс гэж би боддог. Учир нь 2015 оноос “Монцемент” үйлдвэр ажиллаж эхлээд албан ёсоор 130 гаруй хүн манай сумаас ажиллаж байна.

Нэг уулын үйлдвэр дампуурахад дараагийнх нь байгуулагдлаа. Нутаг орноо орхиод явсан хүмүүс эргэн ирж байна. Би багийн дарга байхдаа “Монцемент”-д ажилд орж байгаа залуучуудад “Та нарын ард зөндөө хүмүүс энэ уулын үйлдвэрт  ажилд орох гээд хүлээж байгаа. Энэ компанийн  итгэлийг алдаж болохгүй. Өргөн сумынхаа мэргэжил, мэдлэгтэй олон хүний замч болж, жим гаргаж байгаа хүмүүс гэдгээ битгий мартаарай. Хариуцлагатай ажиллаарай” гэж хэлдэг байсан.

-Өргөн сумын дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллахаар төлөвлөсөн ажлууд хэр байгаа вэ?

-“Монцемент Билдинг Материалс” ХХК нь нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сумын сургууль цэцэрлэг, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байрны өмнөх талбайнуудыг цементелж өгсөн. Одоо манай сумын ундны усыг шийдвэрлэх гээд гурвалсан гэрэ байгуулсан. Манай сумын ундны усны чанар муу, ус түгээдэг цэг байдаггүй. Тиймээс эхний ээлжинд ухаалаг ундны ус түгээх цэг байгуулах ажилд “Монцемент” нилээн том үүрэгтэй ажиллаж байгаа.

Мөн сумын орон сууцнуудыг 24 цагийн устай болгох тал дээр хамтарч ажиллана. Өмнө нь “Монголросцветмет”-ийн үед халуун, хүйтэн усаа  крантаасаа шууд авдаг байсан. Гэтэл өглөө 7-8цаг, өдөр 12-13цаг, орой 18-19 цагт ус ирдэг болчихсон юм.  

-Монцементмет 1000 айлын орон сууц бүхий “Өргөн” хотхон барина гэсэн. Түүнийгээ дагаад сумын хүн амын тоо нэмэгдэх болов уу?

-“Өргөн” хотхон нь дотроо сургууль цэцэрлэгтэй байна. Харин хүн амын бүртгэл нь манай суманд байх юм. Одоогоор 280 айлын орон сууцаа барьчихсан байна. Үлдсэнээ барьчихвал манай сумын ирээдүй гэрэлтэй харагдана. Уул уурхайг хүмүүс дандаа хар бараан талаас нь хардаг. Харин “Монцемент”-ийнхэн байгаль экологид ээлтэй, хуурай аргаар ажилладаг учраас тоосжилт үүсдэггүй.  Мод тарих болон тохижилтын ажлуудаа ч хийж байна.  

-Өргөн сумын ирээдүй гэрэлтэй байна гэсэн дээ. Энэ талаар тодруулж өгөөч?

-Саяхан Дорноговь аймгийн ИТХ-ын хурлын н.Түмэнбаяр дарга  “Монцемент” үйлдвэр цаашид 150-200 жил ажиллана.  Тиймээс хүний нөөцийг орон нутгаасаа бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэйг онцолсон. Хамгийн тогтвортой хүний нөөц бол орон нутгийнхан. Хөдөөний улсууд тэр бүр Улаанбаатар хотод хүүхдээ сургаад байр орон авч өгөөд амьдруулаад байх боломж бага. Бид нутгийн хүмүүс гэж  цээжээ дэлдэхдээ гол нь биш нутаг орны хөгжилд эзний сэтгэлээр хандаж, хүн ардын амьдрал дээшилсэнээр сумын хөгжил болоод аймаг, улсын хөгжилд тустай байх юм. 

5 сарын 1 нд аймгийн ИТХ болон сумын ИТХ хамтран “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр “Монцемент”-ийн хамт олон оролцсон. Тэд нээлттэй ажлын байрыг танилцуулж, цаашид шаардлагатай ажлын байрны мэдээллээ өгсөн.  Дунд сургууль төгссөн хүүхдүүд янз бүрийн л мэргэжилээр сурч байна. Төгсөөд ажлын байр олддоггүй. Харин эцэг эхчүүд товлосон ажил мэргэжлээрээ хүүхдээ сургаад нутаг орондоо эргэн ирж тайван амгалан амьдрах боломжтой болсныг мэдээд үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

-Танай сумын хэмжээнд архины хэрэглээг бууруулах арга хэмжээ санаачилсан гэж байсан. Энэ талаараа тодруулвал?

-Өргөн сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 09 ны А113 тоот захирамжаар “Архийг зохистой хэрэглэж, зөв боловсон хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарсан. Архийг хэрэглэдэг хүмүүс олон байсан тул Төрийн байгууллагын зүгээс хийсэн зохицуулалт маань юм л даа. Манай суманд долоо хоног бүрийн баасан гаригт архи худалдаалдаггүй. Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүд өдөр бүр 20:00 цагаас хойш ажилладагүй, хэнд ч нууцаар зардаггүй. Мөн манай суманд “Архичдад аминчлахуй”, “Ургах наран, “Мөрөөдлийн зам” гэдэг бүлэг байдаг. Энэ бүлэгт хамрагдсан олон залуучууд гэр бүлдээ амар тайван амьдрах боломж нөхцлийг бүрдүүлж байна.

Үйлдвэр хөгжиж байж улс хөгжинө

Дараа нь бид “Монцемент Билдинг Материалс” ХХК-ний захирал Т.Билэгдэмбэрэлтэй уулзаж ярилцсан юм.

-Үйлдвэр байгуулагдсан түүхээс хуваалцвал?

-“Монцемент Билдинг Материалс” ХХК нь өөрийн эзэмшлийн “Сэнжит Худаг” шохойн чулууны ордод геологи хайгуулын нарийвчилсан судалгааны ажлуудыг 2005 оноос эхлэн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг үндэслэн АМХЭГ-ын ЭБМЗөвлөлөөс нөөцийн хэмжээг 249.4 сая тонн мөн олон улсын JORC стандартаар нөөцийн хэмжээг 265 сая тонноор баталсан. “Сэнжит Худаг” шохойн чулууны орд нь 170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй, химийн найрлага, геологийн тогтоцоороо цементийн үйлдвэрлэлийн технологи, чанарын шаардлагад дээд зэргээр тохирсон орд юм.

2015 онд анх шав тавиад анхны бүтээгдэхүүнийг гаргах хүртэл 2 жилийн хугацааг зарцуулж, та бүхний харж, танилцсан том үйлдвэр баригдлаа. Ажилчдын орон сууц баригдаж байна. “Анх төсөл болгон хэрэгжүүлнэ” гээд 2 гэр, нэг усны машинтай, 4-5 уулахнаа говийн их салхитай тал нутагт зориглон ажиллаж байлаа. Их салхитай өдөр гэрийнхээ унинаас хүртэл зүүгдээд салхийг өнгөрүүлж явсан түүх бидэнд байна.

Мэдээж хатуу бүхнийг туулж хэцүү гэхгүй зүтгэсээр залуучуудтайгаа нийлээд энэ үйлдвэрийг барьж байгуулж чадсан нь Монполимет групп болон “Монцемент Билдинг Материалс” ХХК-ний нийт ажилчдын бахархал.

-Орон нутагт томоохон үйлдвэртэй болсноор хүн амын тоо нэмэгдэхээс гадна худалдаа үйлчилгээний байгууллага нэмэгдэх болов уу?

-Өргөн суманд энэ бүтээн байгуулалт хэрэгжсэнээр асар том боломж нээгдсэн.  Ажиллах хүчин болж буй орон нутгийн иргэд амьдралын баталгаатай болно.  Дээр нь цемент авах гэсэн хүмүүс орон нутгийг зорино. Ингэснээр сумын дэд бүтэц хөгжинө. Мэдээж хүн амыг дагаад худалдаа үйлчилгээ дагаад өснө. Саяхан сумын иргэдийн хурал дээр “Хүн ам 2004 болж өссөн” гэдэг тоо хэлж байна. Мэдээж хүний тоо өсөхөөр сум орон нутагт өгдөг төсвийн мөнгө ч нэмэгдэнэ. Өргөний төсөв нэмэгдэж цаашид улам л өргөн болох нь тодорхой. Манай ажилчид анх мотоциклтой байсан бол одоо  бүгд л машинтай болж байна. Энэ маань баталгаатай цалинтай байгаагийн илрэл.

 

-Хатуу бүхнийг даван туулсан гэлээ. Хамт ажиллагсадынхаа урам зориг, итгэл, урагш тэмүүлэх хүч нь та байх ёстой?

-Би ШУТИС-ийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөөд  Монполимент группын Төв аймгийн Заамар сумын Тосон үйлдвэрт анх мастераар  ажилд орж байлаа. “10 гаруй жил ажиллаад нэлээдгүй туршлага  хуримтуулсан, “Монцемент” төслийг аваад явах боломжтой” гэсэн удирдлагуудын шийдвэрээр энд ирсэн. Төслийг анх эхлүүлж бүтээн байгуулалтыг эхлүүлэх цагаас өнөөдрийг хүртэл энд байна.

Энд ирээд цементийн үйлдвэр гэдэг ямар том технологи, процессийн үр дүнд  цемент гардаг юм бэ гэдгийг ойлгосон. Мөн зуун дамжсан үйлдвэрлэл эрхлэх учраас миний хүүхдүүд, энд байгаа 300 гаруй залуусын  үр удам энд үргэлжлэн ажиллах учраас үйлдвэрээ сайн сайхан болгохын төлөө өөрийн оюун ухаанаа зориулж явна. Бид  гэр бүлээрээ ирж ажиллах боломж олгон төслийн хүрээнд орон сууцжуулах ажлыг хийж байна.  Мэдээж энэ нь үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажиллах хүслийг төрүүлж байдаг. 

-Монгол улсын газар нутагт маш олон уул уурхайн болон цементийн үйлдвэр ажиллаж байгаа. Ихэвчлэн 28 хоног ажиллад 14 хоног амардаг  ч юм уу гэр бүлээсээ хол, кемпид байрлаж, явуулын байдлаар ажиллаж амьдардаг. Үүнийгээ дагаад нийгмийн таагүй үзэгдлүүд гардаг нь нууц биш. Гэтэл энд хүүхдүүд ээж аавтайгаа хамт байгаа нь үнэхээр сайхан санагдлаа?

-Монцемент үйлдвэрийг Монполимент группын 80 хувийн хөрөнгө оруулалттай үлдсэн 20 хувь нь Хөгжлийн банкнаас орж ирсэн. Бид энэ үйлдвэрийг хажууд хэдэн кемп байгуулаад тэндээ хэдэн ажилтан ирж, хэд хоног ажлаад буцдаг байлгахыг зориогүй. Учир нь урт удаан жил ажиллах учраас сайхан суурин байгуулья гэсэн зорилготой. Тэрний дагуу ч ажлууд хийгдээд явж байна.  10 жилийн дараа магадгүй 100 жилийн дараа Эрдэнэт шиг асар том хот байгуулагдах өндөр боломж харагдаж байна.

Мэдээж монгол хүн өөрийнхөө нутагт ажил хийж байгаа учраас аль болох удаан хугацаанд эдэлж хэрэглэх талаас нь анхаарч байна. Үйлдвэрийн технологио ч мөн адил Siemens –ийн хамгийн сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Энэ чиглэлээрээ ажилтан албан хаагчид, залуучуудаа сургаж байна. Ажилчдынхаа нийгмийн асуудал болсон фитнесс төв, интернэт орчноор хангах, ажилчдынхаа хүүхдүүдийг чөлөөт цагаараа сурч боловсроход нь анхаарч байна. Хамгийн гол нь монголын үйлдвэрүүд хөгжихийн хэрээр цаана нь олон хүн гэр бүлээ тэжээж байна гэсэн үг. Эх орондоо ажиллаж байна. Үйлдвэр хөгжиж байж улс хөгжинө шүү дээ.

П.Нарандэлгэр

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.179Зочин   • 2018, 5 сарын 15. 13 цаг 50 минут

МОЛОДЦЫ РЕБЯТА

203.217.139.241Зочин   • 2018, 5 сарын 10. 12 цаг 40 минут

Билэгдэмбэрэл маань байгаа юм байна .та бүхэнд амжилт хүсье. наана чинь гөлтгөнө,циолитийн их нөөц бий гэдэг байхаа. үйлдвэрлэл технологийн шинэ боломжуудыг эрж хайж байгаа бизээ.

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв5 цаг 40 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл5 цаг 45 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ5 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа5 цаг 55 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ6 цагийн өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 10 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 15 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 20 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 25 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 30 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ6 цаг 35 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо6 цаг 40 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна6 цаг 45 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ6 цаг 50 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 55 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цагийн өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.