

Сумын стадионыг тойрон гийнгоолох дуунд миний үеийн хѳвгүүд унасан мориныхоо сэрвээн дээр хэвтэж омог бардмаар ташуурынхаа сураар даялахад бяцхан атаархал тѳрѳх хэдий ч, морины нуруун дээр тогтох хувьгүйгээ ѳѳртѳѳ хүлээн зѳвшѳѳрнѳ, атаархал салхинд хийсч замхарна. Ангийн болон үеийн охидууд тааралдах дор бяцхан цээжиндээ "Эр бор харцага" болон харагдаж, жигүүрхэндээ хүчтэй хэмээн омогших гэж ядна. Хааяадаа жуумалзах тэдний харцан дор сэтгэлдээ элин халин дэвнэ, тэд анзаарсан эсэхийг үл мэдэх авч, ѳѳрѳѳ ѳѳртѳѳ л хѳѳрцѳглѳнѳ. Сумын хэдэн харцуул дээл зодгоо уралцан барилдаж, даван дэвэх бүрт гагц ѳѳртѳѳ л хѳѳрцѳглѳн дэвнэ, хэдэн жилийн дараа ч юм бэ, цэрэгт явж "эр бор харцага" болохоо мѳрѳѳднѳ. Сэмхэн мѳрѳѳдѳх тэр л охиноо гэргийгээ болгон санааширна.Бас хааяадаа хэн нэгнээс харамлаж, бас хардан гуниглана.
"Морьд эргэлээ" гэх дуунаар тэвдэн сандарч, аль тааралдсан машиныхаа тэвшин дээр гарч цээж дүүргэх салхийг ум хумгүй залгилна. Ѳндѳр дэнж дээр буугаад алсын алсад тоосрох морьдын зүсийг чимээлэн чагнана. Гийнгоолон барианд орох морьдын тоосон дунд самсаа шархирна, Хѳлсийг нь хусах хусмын аясаар хийсэх хѳлсний дусал дунд ѳѳрѳѳ л нулимсаа залгилна. Хоолой зангирна. Буцаад л машины тэвшнээс буухад хов хоосон цэнгэлдэхээс "Эр бор харцага" эгшиглэхэд дотор уужран тайвшрах аж. Үзүүр түрүүний бѳхчүүдийн хаялсан боорцог дунд наадам ѳндѳрлѳнѳ. Морьдын тоос замхрах тѳдийд сэтгэлд гуниг хурж "Дараа жилийн наадам даанч хол байна даа" гэж гуниглах. Орой нь лагерын гэрүүдийн дунд орны цагаан даавуу дэлгэж татсан хэц дээр кино гарахад ах эгч нарын сэмхэн шивнэлдэх чимээ, хос хосоороо сэмхэн алга болох мѳчүүдийн учрыг олох гэж гайхна.
Миний бага насны наадам, миний цоохор даавуун гоёл цагаан ултай хав хар гутал сэтгэлд тодхон үлджээ. Зѳндѳѳ олон наадмыг үзсэн хэдий ч, тэр л балчир насны наадам адуу тургилах чимээ сэтгэлд үлдэн хоногшжээ. Хав халуухан, дув дугуй хуушуур, "улаан ус" хэмээх ундааг яг одоо л идэж залгилахсан, зүгээр л цоохор даавуун гоёлоороо "хормой дэрвүүлэн гүйх сэн" гэж ямар ихээр хүснэ вэ? Ѳндѳр довцог дээр ѳвгѳдүүд мориныхоо цулбуурыг ѳвдгѳндѳѳ ороогоод, тэртээх морьдын тоосыг дурандан байж бидэнд түүх ѳгүүлэхийг сонсохсон гэж ямар ихээр хүснэ вэ? Миний мѳрѳѳдѳж асан тэр охин газар сѳхрѳн сууж хааяадаа над руу хяламхийн харж мишээхийг дахин харах сан гэж би ямар ихээр хүснэ вэ?
Тарсан наадмын тоосон дунд алдсан хайраа хайн гуниглах тэр л гэгэлгэн мѳчүүдийг дахиад л мэдэрч, санаа алдах сан даа. Ай миний гэгэлхэн хүүхэд насны сумын наадам минь дээ гэж.
Г.Галбадрах
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Сумын наадам хүн болгон морь, хүнээ бүгдийг таньдаг гоё байж дээ
Сайхан дурсамж. Үүний зарим нь, жишээ нь тэр хуушуур, ундаа минийхнд ч бас тод үлджээ. Юм ховор болооод тийм байвуу? Тэр ундаа!!!??? Ямар гээч юм байсан юм, мэдэхгүй. Осолдохгүй л шилтэй хийжүүлсэн ус л байсан даа. Гоц шүү, нээрэн. Одоогийнхыг бодврл цөөн нэр төрлийн чанартай маягтай бараа таваар байсан. Мөнгө л ховор байсын болуу даа. Хүмүүсийн байдал нэг л даржин байдагсан. Бүүр түүр л байна. Гэвч хүний зан эвдрээгүй оригоороо байсан нь сайхан санагддаг. Нэг л элгэмсүү, дулаахан. Одоо заримдаа хотын гудмаар явахад хүн зон дотроо байгаа хэр нь
хад чулуун дунд бүдчиж яваа юм шиг мэдрэгдэх юм. Хүмүүс гэж явдаг чулуун хананууд шиг. Яахав нийгэм өөрчлөгдсөн учраас хүмүүсийн харилцаа ч бас цаг үеэ л дагаж буй хэрэг. Шууд л нэгийгээ тулгаж буудаад эхлэхгүй бол дүүрсэн хэрэг болжээ.