Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженерийн зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тус арга хэмжээнийн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эрдэмтэд, ижил төстэй үйлдвэрийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд оролцон, салбарын хөгжлийн ирээдүйн талаар саналаа солилцон илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол 1000 инженерийн зөвлөгөөнөөр ажиллагчдын сайн санал, бүтээлч хандлага,мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурлан үйлдвэрлэлд хэрэгжсэн тасралтгүй сайжруулалтын төсөлт ажлын үр дүнг хэлэлцэж, туршлага солилцлоо.
Эрдэм шинжилгээний бага хурлыг үеэр, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Геологи уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлэх эгзэгтэй чухал цаг үед бага хурал болж буйгаараа онцлог. Салбарын асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн бааз суурин дээр цогц байдлаар ярих боломж нөхцөл бүрдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиож буй энэ цаг үед бид хийж бүтээснээ хэлэлцэж байгаа. Бид үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэл боловсруулан, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Энд харилцан уялдаатай хэрэгжих техник, технологи, байгаль орчин, санхүү эдийн засаг, хүний нөөцийн гэсэн таван бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа. Бодлого хэрэгжихэд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг та бид зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн тухайд биш, салбарын хүрээнд ярилцаж, мэргэжлийн өндөр түвшинд санал солилцоно” гэж онцлов. Мөн тэрбээр, "Газрын доорх баялгийг газрын гадаргуу дээр гаргаж үндэсний баялаг болгон хувиргах нь уурхайчдын ажил юм. Энэ утгаараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн бааз суурь дээр уул уурхайн салбарын асуудлыг цогцоор нь ярих нөхцөл бүрдлээ. “Эрдэнэт үйлдвэр” баригдаж үйл ажиллагаа явуулснаар Монгол Улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн он жилүүд эхэлсэн. Мэдээж улс орны хөгжил дэвшилд инженерүүдийн үүрэг оролцоо өндөр. Аливаа ажлыг инженерийн ухаанаар тэтгэж, боловсруулах, шийдлийг олох нь
чухал. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд үйлдвэрийн хөгжил дэвшил, техник технологийг боловсронгуй болгох төдийгүй уул уурхайн салбарыг байгаль орчинд халгүйгээр илүү хурдацтай оновчтой хөгжүүлэх үүднээс онол, практикийн бага хурал, 1000 инженерийн зөвлөгөөн хийж байна. Хамгийн гол нь үйлдвэрлэл сургалтын ажлын уялдаа холбоог сайжруулахад онцгой ач холбогдол өгч байна. Нөгөө талаас үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог дээшлүүлэхэд анхаарч байна. Үйлдвэрлэлд бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг яаж хэрэгжүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг үр дүнтэй явуулж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж улс орны хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь хүнээс хамаарах учраас мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх талаар хоёр өдөр ухаанаа уралдуулж тал бүрээс нь хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибден төдийгүй төмөр жонш зэрэг бусад ашигт малтмалын гаралтай түүхий эдийг боловсруулах металлург, гүн боловсруулсан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ярьж байгаа юм. Бүхэл бүтэн салбарын асуудлыг тэр дундаа инновацид суурилсан үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч буйгаараа онцлог юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 6000 ажилтны гуравны нэг нь инженер техникийн ажилтнууд байдаг бөгөөд үйлдвэрт данстай инженер бүр 90 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байдаг аж

Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтэн Д.Дашдорж: Сайн саналын системээр дамжуулж 21815 санал гаргаснаас 60 гаруй хувь нь хэрэгжиж байна
-Эрдэнэт үйлдвэр үзэл баримтлалын хувьд бүрэн төгөлдөршсөн гэж үзэж байгаа. 2005-2017 онд сайн саналын системээр дамжуулж манай ажилтнууд 21815 санал гаргасан. Энэ саналын 60.8 хувь нь хэрэгжиж байна. Манай үйлдвэрт өдөрт арван санал гарч зургаа нь хэрэгжиж байгаа гэдэг нь компани дээр тасралтгүй сайжруулалт явагддаггүй ч нэг ч өдөр байхгүй. Шинийг санаачлагч компанийн дотоод сүлжээгээр дамжуулж хаанаас ч хамаагүй кабелийнхаа дугаараар саналаа оруулж байдаг. Өөрөөр хэлбэл, заавал хуралдах шаардлагагүй. Цех тасгуудад ажиллаж байгаа Бүтээмжийн хорооноос саналыг бүртгэж зөвшөөрөл өгч, чиглэл бүрийн мэргэжилтнээс бүрдсэн зөвлөл хянасны дараа программ автоматаар үнэлж гаргаж ирдэг. Мөн багаар ажиллах, ур чадварыг дээшлүүлэх үүднээс бүтээмж чанарын дугуйлангуудыг ажиллуулдаг нь бодит үр дүнг авчирч байна.
Оюутолгойн Уурхайн ахлах мэргэжилтэн С.Цогжавхлан: Аюулгүй ажиллагааг хангахгүй бол ямар ч амжилт байхгүй
-Оюутолгой компани бизнесийн загвар төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Аюулгүй ажиллагааг хангахгүй бол ямар ч амжилт байхгүй. Цаг хугацаа мөнгө учраас бүхнийг яг одоо хийж эхэлье гэсэн зарчимтай. Гэхдээ эрсдэлийг хянаж, цар хүрээг тэлж байх хэрэгтэй. Шинэчлэлийг эхлүүлэхэд манлайлал, чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.
Байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд удирдлага, ажилтан бүрдээ чиглэсэн дотоодын нөөц бололцоогоо ашиглахаар шийдэж хамгийн эхэнд сайжруулалтын төслүүдийн санг бий болгосон. Үүний дараа ямар цаг хугацаанд ямар хүн хүчээр хэрэгжүүлж болохыг ярилцдаг. Хаана хүрсэн, хаана хүрч чадах боломжуудыг байнга тодорхойлж санал санаачлага гаргаж байдаг. Бизнес сайжруулалтын санаачлагын хурлыг тогтмол зохион байгуулснаар хэрэгжүүлэх төслийн 60-70 хувь нь тэндээс урган гарч байдаг. Санаачлагын санг бий болгож эрэмбэлж хянаж, бүртгэлжүүлж, баталгаажуулж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
“АФА” академийн ерөнхий захирал Ш.Амартүвшин: Хүний чадварыг дипломаар тодорхойлж болох ч санаачлага, өөртөө итгэлтэй байдал л хамгийн чухал
-Дэлхийн хандлагыг харахад ажилчид, нөгөө талаас худалдан авагч үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь залуучууд болж шинэ үе хүч түрэн орж ирж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр нэмэгдэж байгаа залуучуудын тоо огцом өсч байгаа учраас хүний хөгжлийг орхихгүйгээр судалж явах ёстой. Залуучуудын биеэ авч явах байдал, итгэл үнэмшил тасралтгүй өсч байгаа учраас тэднийг татах арга зам ч өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний сонирхол үнэлэмж, хандлага өөрчлөгдсөн учраас оюунлаг хүмүүсийг байлдан дагуулахын тулд агуулга дээр ажиллахаас өөр аргагүй болж байна.
Сүүлийн 15 жилд насанд хүрэгчдийн 70 хувь нь дээд боловсролтой болсон. Эндээс харахад боловсрол, чадварын тал дээр өсч байгаа ч санаачлага, хандлагаас л гол үр дүн гарна. Хэдийгээр хүний чадварыг дипломаар тодорхойлж болох ч санаачлага, өөртөө итгэлтэй байдал л хамгийн чухал.
Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар: Инноваци бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажил үйлчилгээг сайжруулж байгаа арга зам
– Дэлхийн томоохон групп, компаниудын хөгжил инновацийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлж байгаагаас шалтгаалж байна. Компаниудын гол шалгуурын нэг нь шинжилгээ судалгаандаа хэр их мөнгө зарцуулж байгаа үзүүлэлт юм. Мөн үйлдвэрлэлийн хэдэн хувь нь инновацийн бүтээгдэхүүн, ямар технологи ашиглаж байгаа төдийгүй мэргэжилтнүүдийн ур чадвар, тэднийг хэрхэн тасралтгүй хөгжүүлж байгаагаас үр дүн харагдана. Инноваци нь тасралтгүй үйл ажиллагааны явц учраас бүх ажилтандаа инновацийн соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд хүн болгон шинэ санаа гаргаж түүнийг нь үйлдвэрлэлд амжилттай хэрэгжүүлэх юм. Инноваци бол үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажил үйлчилгээг сайжруулж байгаа арга зам.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголд 1000 сайн инженер байгаад ч тэднийг ойлгох толгойтой төрийн түшээд ганцхан ч байдаггүйд л гол учир нь байгаа юм даа. Худлаа пээдийж өөрийгөө хамгийн ухаантайдаа сонгогдчихсон гэсэн бодолдоо итгэсэн тэнэгүүд л байгаа.Нүүрнийх нь төрхийг хүртэл хараарай