10-р сарын 11
10 цаг 55 минут

Идээ ундааны соёл /43-46-р хэсэг/

Идээ ундааны соёл 43

Цагаан идээний соёл

 Гурван зөөлөн идээний хоёрдахь нь болох ээдэм бол халуун бүлээн сүүнд исгэлүү амтат тараг, айраг мэтийг холин зөөлөн зөөлөн булхан самарсаар байтал сүүний өтгөн хувь нь бөөн бөөн ээдмэг болон үлдсэн шингэн хувь нь шар өнгөт сүү болон хувирна. Бяслагийн урьд дүр болох ээдмэгээр бас элдэв зүйлийн ээдүүлэг идээ хийж болдог аж. Ээдмийг буриадууд “хоймог”, “шалхамаг” гэнэ. Модны үндсэн бор тагшинд буцламгай сүүн дээр тараг, цагаа хийж ээдүүлэн чихэр бурмаар хольцолж, бор тагшны ээдэм болгон хүүхэд багачуулд идүүлнэ. Халуун шар сүүтэй нь шөл мэт оочлон уухыг сайн гэдэг. Зарим нутагт үүнийг “аяганы ээдэм” хэмээн нэрлэдэг. Төв Халхад болохоор ээдмэгийнхээ шар сүүг нь шавхруулаад, аяганых нь хэлбэрээр пөмбийлгөн хатааснаа аяганы шахам гэх ба мөнхүү шар сүүг нь шавхруулсан ээдмээ дахин шингэн сүүгээр амтлан хэлгий уураг шиг шингэрүүлэн хутгаснаа хоормог гэдэг. Энэ нь сая төрсөн хүнийг тэнхрүүлэх, настныг сувилахуйд гаргуун ундаан болно.

 Идээ ундааны соёл 44

 Цагаан идээний соёл

 Гурван зөөлөн идээний сүүлийнх нь болох аарц бол ааруулын урьд дүр нь, номхон дүр нь гэсэн үг. Тогоо нэрсний дараа цагааг шүүхэд аарц болно. Олон монгол газар цагаа, аарц хоёрыг нэг идээгээр үзэж нэрлэдэг нь ч учиртай. Ер нь бол тараг хөрөнгийг буцалгасныг цагаа, цагааг хөргөн шүүснийг аарц хэмээн ойлгож болно. Харин цагааг шүүрүүлж гаргасныг шар ус хэмээн ээдмийг шүүрүүлсэн шар сүүнээс ялган нэрлэдэг ёс бий. Сүүлийнх нь хотгойдуудынхаар бол ангир үсү билээ. “Аарцны исгэлүү нь сайн, архины хатуу нь сайн” гэсэн монгол жор бий. Аарц бол монгол угсаатны хувьд өсч үржих, арвидан олшрохын бэлгэдэл болдог тул цагаан сарын цагаалгыг голдуу үр тариа, амуу будааны зүйлтэй хольсон аарц цагаагаар төлөөлүүлдэг. Сүүл үе болж ирээд, цагаалгандаа олон зүйл амттан шиттэн хольж, амт чанарыг нь гойд болгодог болжээ. Энэ бол цагаалга хэмээн бидний өнөө хэр нэрлээд байгаа тэр зүйл маань билээ. “Цагаа барих”, “цагаа дээж барих”, “цагаалах” гэдэг үгийн цаана аарц цагааны утга яваад байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн их хурим ёслол цагаагаар мялаалгүй, цагаалгагүй байж үл болохыг мэдвээс зохистой. Хүмүүний насны гурван хурим гэхэд заавал аарц цагаагаар цайлгадагаараа бусад найраас ялгарна. Учир нь аарц бол олон бутармал мөхлөгөөс бүрдснээрээ үржиж олшрохыг бэлгэдэхийн дээр аж хэрэглээнд ч гэсэн арьс шир идээлэх, дэвтээхийг ч гэсэн “цагаална” гэж хэлдэг. Эсвэл тариачин отгийнхон арвай, буудайгаа боловсрохыг бас аарцалж байна гэж хэлдэг нь утгын төрөлсөл гэж болох юм.

 Идээ ундааны соёл 45

Цагаан идээний соёл

 Аарцыг бусад хөх идээний зүйлтэй хольцолдуулан нутаг нутгийн сонин сайхан идээ олныг гаргаж авдаг. Хамгийн олноо түгсэн нь буцалгасан аарц бөгөөд чийг бамын гэмтэй хүнд тун сайн гэдэг. Үзэмтэй буцалгасан аарц, чацарганат аарцны хутгамш, хуурсан тариатай аарц, аарцтай тариан агшаамал, сүүтэй зуурсан аарц, өрөм аарцны хутгууш, зөөхийтэй зуурсан аарц, аарцтай амуун хутгамш, сэвэлгэнэтэй аарц, ямаахайтай аарц, цулхиртай аарц, аарцтай цагаан будаа, аарцтай шар будаа, аарцтай үзэмний хутгамш, гурил самарсан аарц, аарц хөх тарианы нухамш, жигдтэй аарцны нухамш, аарцтай хайлмаг, аарцтай чихэртэй хайлмаг, аарцтай үзэмтэй хайлмаг, аарцтай хольсон тос, аарцтай цулхирын гурилын хайлмаг, аарцтай бажууны гурилын хайлмаг, аарцтай бүүргэний гурилын хайлмаг, аарцтай ямаахайн гурилын хайлмаг, аарцтай гоёоны гурилын хайлмаг, аарцтай гичгэнийн гурилын хайлмаг, аарцтай арвайн гурилын хайлмаг, аарцтай сулийн гурилын хайлмаг, аарцтай божмогийн гурилын хайлмаг, аарцтай хөх тарианы гурилын хайлмаг, аарцтай зогооны гурилын хайлмаг, аарцтай сэвэлгэнийн багсармал, аарцтай нэрс, аарцтай үхрийн нүд, аарцтай гүзээлзгэнэ, аарцтай шар бударганын гурилын хайлмаг буюу аарцтай хүүрэг [Гонгоржав 2001, 468- 472] зэрэг болно. Үүн дээр аль ч махтай шөлөнд аарцаар амт оруулан болгодог аарцтай шөлийг онцлон дурдах ёстой. Учир нь Олгонууд овгийнхон дундаас сурвалжлаад үзэхэд аарцтай шөл бол Өэлүн эхийн гарын хоол бөгөөд дайны талбараас олдсон өнчин үрсээ өллөн тэжээж, өрлөг жанжин, хүлэг баатрын зэрэгт хүргэсэн хоол болно.

 Идээ ундааны соёл 46

 Цагаан идээний соёл

 Гурван хатуу идээ нь аарцыг шүүж, зүсэж, хатаадаг ааруул, хурууд, ээдмийг шүүж, зүсэж, хатаадаг бяслаг, ээдмийг буцалган ширгээж хатаадаг ээзгий гурав болно. Зарим нутагт ааруулын толгой, буланг өрөөл бусдад өгдөггүй, өөрийнхөө даллагын саванд хийж, өөрсдөө идэж уудаг нь идээний хишиг далладаг, дагуулдаг болохоор тэр гэнэ.

Цагааг шүүгээд аарц болгож, аарцаараа ааруул хийж байгаа маань сүүнээс уургийн хувийг нь ялгаруулан авч байна гэсэн үг. Ааруулыг баяд, дөрвөд, хотон ястанд “шүүрмэг”, буриадууд “айраhан”, хуруудыг баруун монголчууд “хурус”, “хурусун”, буриад, дархадууд “хуруhун” гэнэ. Торгуудад “хурус” гэдэг нь түүхий сүүний буцалсан аарцыг шүүж, аягын чинээ том ааруул хийснийг хэлдэг. Тараг юмуу цагааг таар юмуу бөс уутанд савлан шар усыг [шар сүүг биш] шүүрүүлэн гадагшлуулж, аглиун биетэй болгоод, уутных нь хэлбэрээр юмуу, эсвээс хоёр хавтгай чулуун завсар хашиж, шахмаллан хавтгар дүр оруулж, дараа нь тэмээний утсаар зүсч, дугариг болон урт гонзгой дүрстэй болгож, модон тавиур дэлгэц дээр хатааж, ааруул хийдэг. Аарцыг шүүж, том томоор тавьж хатаах нь удаан хадгалсан ч хатуурахгүй, чийгээ зуусан хэвээр, амтлагхан байна. Ийм ааруул зөөлөн бөгөөд идэхэд аятайхан байна. Том томоор зүсч тавьсныг хурууд, хурс гэж жижиг жижгээр зүсч тавьсан нь ааруул болно гэсэн үг. Эсвээс нойтон аарцаа элдэв хээ чимэгтэй хэвэнд шахаж хэвлээд, янз бүрийн урлаг дүрстэй ааруул хийж болно.

 С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор. 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

О.Бурмаа их спортдоо эргэн ирээд хоёрдахь түрүүгээ хүртлээ17 минут 58 секундын өмнөНацү башё: Тамаваши Б.Мөнх-Оргил Какүрюү аваргыг давлаа28 минут 44 секундын өмнөЗун цагт хийж болох 13 сонирхолтой зүйл4 цаг 9 минутын өмнөҮхрийн цул мах нэг килограмм нь 11614 төгрөгийн үнэтэй байна4 цаг 24 минутын өмнөТархинд хортой 10 муу зуршил4 цаг 38 минутын өмнө“Авто машингүй өдөр”-ийг сард 1 удаа зохион байгуулах саналыг хотын даргад уламжлав4 цаг 54 минутын өмнөАфрик хүү, Шварцнеггерийн нуруу руу тийржээ5 цаг 9 минутын өмнөШар вандуйн ач тус5 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад ажиллалаа5 цаг 37 минутын өмнөБайнгын хороо дэмжвэл БНСВУ-ын хоёр иргэнийг улсад нь шилжүүлнэ5 цаг 39 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын 80 саяын АЗТАН тодорно5 цаг 54 минутын өмнөАвстралийн эрх баригчид ЯЛАЛТ байгууллаа6 цаг 9 минутын өмнөОнцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна6 цаг 23 минутын өмнөТөл бойжилт 98.3 хувьтай байна6 цаг 39 минутын өмнөДэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ6 цаг 54 минутын өмнөМексикийн шоронгийн хананы цаана...7 цаг 9 минутын өмнөАриана Грандег гудамжны гэрэл зурагчид шүүхэд өгчээ7 цаг 24 минутын өмнөЗүүн аймгийн чиглэлийн замыг түр хаалаа7 цаг 39 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 9 минутын өмнө“Байгаль Опен” ОУТ-ий хоёрдахь өдөр дахин зургаан бөх финалдав5 сар 18. 22:35“Байгаль Опен” тэмцээнд МУГТ О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар түрүүлэв5 сар 18. 22:23ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийг хуулийн дагуу шалгаж байна5 сар 18. 21:58Нацү башё: Ёкозүна Какүрюү болон Точиношин нар башёг тэргүүлж байна5 сар 18. 21:33Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав5 сар 18. 19:59“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”5 сар 18. 15:22НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 15:00Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 14:55Жүжигчин Со Жи Соб нууц үерхэлээ хүлээн зөвшөөрчээ5 сар 18. 14:50Энэ ямар учиртай газар вэ5 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.