2018 оны 10-р сарын 15
16 цаг 12 минут

Ш.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй

Хаан найргийн хатан эх Ардын уран зохиолч Ш.Дулмаа ахайтныд зочилж, шинэ оны босгон дээр гаргасан уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. Яруу найрагчийн сэтгэлийн орон зай, хүн хүнээрээ байхын ач тусын тухай ч бидний ярилцлага өрнөсөн юм.

-Шинэ оны босгон дээр шинэхэн бүтээлээ өлгийдөн авсан танаас уран бүтээлийн талаар асууж ярилцлагаа эхэлье?

-Би “Амьдрал хайр дээр тогтдог” гэсэн нэртэй шүлгийн ном гаргалаа. Одоогоор хамгийн сүүлд “Миний диваажин" нэртэй шүлэг бичлээ. Үүний хажуугаар жижиг шүлгүүд ч бичсэн байна. Бас дууны шүлэг бичсэн ч хүнд өгч чадаагүй л явна. Дууны шүлгийг өгөхөд 500 мянган төгрөг өгч дуу болгодог болжээ. Тэр мөнгө нь надад олдохгүй болохоор шүлгээ хүнд өгч чадаагүй л явна даа.

-"Амьдрал хайр дээр тогтдог" хэмээх нэртэй таны дуу бий. Түүнээс сэдэвлэж шинэ номоо нэрлэв үү?

-Гол нь миний хамгийн сүүлд гаргасан номд дандаа хайрын тухай шүлгүүд багтсан. Би өнгөрсөн жил дандаа эх орны сэдэвтэй бүтээлээрээ ном гаргасан. Харин энэ жил хайрын тухай шүлгээр ном гаргалаа. Тиймээс л номоо “Амьдрал хайр дээр тогтдог" гэж нэрлэсэн юм.

-Таны шүлгээр бүтсэн олон сайхан дууг өдгөө ч уран бүтээлчид дуулж байгаа. Тэр дундаас “Амьдрал хайр дээр тогтдог” дууны түүхийг танаас онцолж асуумаар байна?

-Энэ дууны сэдвийг Эрдэнэт хотод явж байгаад олсон. Эрдэнэтийн дарга С.Цэвээн намайг “Чи амьдрал хайр дээр тогтдогийг баталсан сайхан уран бүтээл хийгээч" гэсэн. Гэхдээ би тэр үед тийм шүлэг бичье гэж бодоогүй. Сүүлд хотод ирчихээд байхдаа “Нээрэн амьдрал хайр дээр тогтдог сэдвээр шүлэг бичвэл болох юм байна" гэж бодсон. Тэгээд шүлэг бичиж хэвлүүлээд хоёр, гурван жил ч өнгөрлөө. Тэгсэн нэг өдөр С.Цэрэнчимэд манайд ирээд “Би ганцхан мөр шүлэг оллоо" гэсэн. Тухайн үед би уран сайханчдын уралдаанд оролцох гээд давтлага хийж байв. Түүний авчирсан шүлэг ч надад таалагдсан. С.Цэрэнчимэдээс хэний    бичсэн    шүлэг болохыг асуухад “Наадах чинь Ш.Дулмаа гуайн    шүлэг    байна” гэсэн.

Тэгээд нөгөө шүлгийн тасархайгаа барьчихсан “Та надад үүнийг гүйцээгээд бичээд өгөөч. Би ая хийе” гэсэн. Би ч түүнийг нь гүйцээгээд л өгсөн. Тэгээд С.Цэрэнчимэдээс “Чи дуулдаг юм уу. Ямар ая хийсэн юм бэ" гэсэн аялж байна аа. Ер нь давгүй ая хийсэн байна. Тэгж шүлгээ гүйцээж өгчихөөд би мартчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө шүлэг маань сайхан дуу болсон байхыг сонссон. С.Цэрэнчимэд    дуугаа    өөрөө    дуулж радиод бичүүлчихээд уралдаанд оролцохдоо дуучин Н.Төмөрхуягт өгчихөж. Тэгж л “Амьдрал хайр дээр тогтдог” дууг Н.Төмөрхуяг уралдаанд оролцохдоо дуулж тэргүүн байрт шалгарсан юм. “Амьдрал хайр дээр тоггдог" дуу ингэж л бий болсон түүхтэй.

-Уран бүтээлчид хайрыг “Мөнхийн сэдэв” гэдэг. Харин таны хувьд хайр гэж чухам юу вэ?

-Хайр гэж хүний сэтгэлийн дээд зэргийн энерги, таашаалыг л хэлнэ. Хайргүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх. Хайр гүнзгий олон салаа утгатай зүйл байгаа юм. Ижий аав, эр нөхөр, эхнэрээ хайрлах хайр, хүүхдээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр, эх дэлхийгээ хайрлах хайр гэж бий. Ингээд хүн төрөлхтөн үүсээд өдий болтлоо тэр олон хайр дээр тогтож байсан. Тиймээс хайргүйгээр сайхан амьдрал гэж үгүй. Үр хүүхэд ч гэсэн эцэг эхийн хайраас бий болдог. Эх орон сайхан цэцэглэж байвал ард түмний хайраас бий болж байна гэж ойлгох хэрэгтэй. Хайр аугаа их өргөн утгатай бөгөөд хайрлаж байхаас аргагүй зүйл энэ ертөнцөд олон бий.

-Үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл бол ээжийн хайр. Ээж тань ямар хүн байв. Танд амьдралын их эрдэм зааж өгсөн үү?

-Ээжийн хайр бол хорвоод хосгүй юм даа. Эх хүн үрээ бүүвэйлэх, бөөцийлөх, тэжээхэд амьдралаа зориулдаг. Ер нь хүн ертөнцийн дээд оюун ухаантай амьтан юм чинь эх хүний хайр цаглашгүй. Хүн зөвхөн ээжийнхээ хайранд өсч торнидог. Миний ээж бичиг үсэг мэдэхгүй, хөдөөний малчин хүн байсан. Гэхдээ тэр хүн надад монгол бүсгүй хүний ухааныг оюунд минь суулгасан. Миний ээжийг Бүтэд гэдэг. Ээж минь надад эмэгтэй хүнд байх бүх зүйлийг зааж өгсөн дөө. Би ээжийнхээ буянаар долдугаар ангид байхдаа дээлээ оёод өмсчихдөг байлаа. Гэхдээ л би их тэнэг хүн байж. Ээжийгээ жаргааж чадаагүй.

Ажил, ажил гэж гүйсээр байтал ээжийн минь санчиганд хяруу унасан. Ээждээ хүний нүдэнд тусах ганц торгон дээл хийж өгөөгүй л алдсан хүн шүү дээ. /бодолхийлэв/ Гэтэл хэзээ хойно одоо л би “Ээж минь байсан бол"-гэж бодогдох юм. Ер нь эх хүн аугаа байгаа биз дээ. Эх хүн үрийнхээ төлөө амиа өгч ч чадна. Тиймээс эхийн цагаан сэтгэлийг үргэлж дээдэлж явах хэрэгтэй. Ээжийгээ хүндэлж, баярлуулж явах хэрэгтэй юм. Тэр дундаа амьд байхад нь л баярлуулах хэрэгтэй. Манайхан амьд сэрүүн байхад нь ээжийгээ баярлуулж чадахгүй алдчихаад байна. Тэгээд хэзээ хойно харуусч байгаа нь олон доо, олон.

-Одоо ямар үед ээжийгээ их үгүйлэх юм?

-Одоо жоохон, жоохон юм болоход л ээж санаанд ордог болжээ. Ээж маань их эрт босно. Намайг сэрэхэд тавган дээр ааруул, өрөм гээд идэх юм бэлэн байж байна. Сургуульд өмсөх хувцсыг хүртэл бэлэн болгоод тавьчихсан байдагсан, ээж минь.

-Та их эрх танхи хүүхэд байж дээ?

-Хүний ганц хүүхэд эрх байлгүй яахав дээ. Би эрхийн тэнэг, дэндүү эрх байсан. Манай багийнхан “Шагдар гуайн эрхийн тэнэг сургуульд ороод эрдэм сурах болов уу” гэдэг байсан. Намайг сургуульд ороод онц сураад шагнал аваад ирэхэд тэд “Ийм эрхийн тэнэг хүүхэд, эрдэм ном сурдаг юм байна" гэж ярьдаг байсан юм билээ. Тэгэхээр эрхэлсэндээ биш, хүн юмыг ухаарч ойлгодог байхгүй юу. Эцсийн эцэст хүний ухаанаас их зүйл шалтгаалдаг. Хүн ухаарч чадвал сайхан амьдардаг.

-Хүний амьдралын хайр дээр тогтсон зүйлс сэтгэлд хадгалагдан үлддэг. Танд ч гэсэн тийм ариун нандин зүйл их байгаа болов уу?

-Би чинь хайрлаж, дурласаар байгаад л насыг барж байгаа хүн шүү дээ. Миний амьдралыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй. Би бүх зүйлийг хайрладаг. Гудамжинд хөөрхөн гөлөг гүйж явахад хүртэл хайрладаг. Балга сүү аманд нь хийчих юмсан гэж хайрладаг. Би малчин хүний хүүхэд. Таван хошуу малынхаа үр төлтэй тоглож өссөн хүн. Тэгэхээр би энэ орчлонг бүхэлд нь билгийн нүдээр харж хайрладаг даа. Ямар ч зүйл надад сайхан санагддаг. Эх орны минь салхи, ус, ургамал, нар, тэнгэр бүгд сайхан. Тэгэхээр энэ орчлонгийн бүх сайхан зүйлсийг мэдэрч чаддаг болохоор өдий хүртэл насалсан байх.

Миний хайрласан хайрын хариуд эх орон, элгэн түмэн минь намайг хайрласан гэж боддог, "Үнэн” сонинд байхад ч гэсэн би тэр олон хүний сэтгэлийн зулан дээр л хүн болсон. Дарга нартаа загнуулдаг л байлаа. Гэхдээ загналаа гэж бодохгүй. Нас залуу байсан юм хойно нэг л их дэнсэлсэн хүн хормой нь дэрвээд... Тэр дэрвэж явсан хормойг нь дарга нар жаахан дардаг байхгүй юу. Тэр хамт олны хайр намайг их хүмүүжүүлсэн дээ.

-Та сургуулиа дөнгөж төгсөөд "Үнэн” сонинд ажилласан юм уу?

-Би чинь сургуулиа төгсөөд “Үнэн" сонинд ажилласан. Тэр үед надад ахмад сэтүүлчид үнэхээр олон зүйлийг зааж сургасан. Тэр мундаг хүмүүсийн харцнаас хүртэл айж хүн болсон юм. Гэтэл одоогийн залуус "Та нарын үе хоцрогдсон. Бидний үе эхэлсэн шүү” гэдэг юм байна лээ. Би үүнтэй санал нийлдэггүй. Хүн өөрийнхөө амьдрах үедээ л амьдардаг. Бид амьдрах үедээ амьдарсан, бүтээсэн, сэтгэсэн, хийсэн. “Үнэн" сонин бол үнэхээр Монголын ард түмэнд их зүйл өгсөн. Ард түмэнд маш их хүмүүжил өгсөн. Энэ хувьсгалын 70 жилд Монгол өдий зэрэгтэй байгаа нь “Үнэн" сонины мундаг дарга нарын оюун ухаан, ажиллаж байсан хүмүүсийн чин сэтгэлтэй холбоотой.

Сэтгүүлчид бие биедээ түшиггэй, ажлаа хамтран бүтээдэг, амрахдаа ч нэгнээ мартдаггүй их сайхан уур амьсгал бүрдүүлсэн хамт олонтой ажилладаг байлаа, би. Тухайн үед “Үнэн" сонинд ажиллаж байсан хүмүүс одоогийн олон сониныг үүсгэн байгуулаад явж байна. Тэгэхээр “Үнэн” сониноос олсон хүмүүжлээ би дахин давтагдашгүй гэж боддог.

-Та сурвалжлагаар хөдөө, орон нутгаар их явдаг байв уу?

-Сурвалжлагаар хөдөө их явдаг байсан. Хөдөөний ард түмнээс жинхэнэ хүний үнэр ханхалдаг юм. Тиймээс хүн гэдэг ямар байх ёстойг тэднээс би мэдэрдэг байв. Хөдөлмөрийн баатар хоньчин, тэмээчин, хотод Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, барилгачин Б.Цогоо гээд л залуусыг сурвалжилж байлаа. Тэдний хийж яваа ажил, хийж бүтээж байгаа сэтгэл нь, хэлж буй үг нь хүртэл намайг хүмүүжүүлж байсан. Б.Цогоо, Б.Намсрай нарын тэргүүний ажилчин нэг минутад 22 тоосго өрдөг байв.

Хүн ажил хийж сурах сайхан. Сурснаа ажил болгон бүтээн байгуулах бүр сайхан байдаг байсан цаг. Тэгэхээр тэр ажилсаг хүмүүсийн амьдралаас сурвалжлага хийдэг байлаа. Сэтгүүлч хүн сурвалжлага хийж явахдаа л маш их зүйл сурдаг юм шүү дээ. Тэр хүмүүсийн амнаас гарч байгаа үгнүүд дандаа “алт" байдаг юм. Тэднийг хараад "Би ч ногооноороо яваа юм байна даа” гэж бодож явсан. Би үргэлж баяртай байж энэ амьдралыг тууллаа. Бага залуудаа их зүйлийн галаар мөрөөдцөг байв. Тийм сайхан хүүхэн болох юмсан, сайхан ханьтай болох юмсан гэж ч мөрөөднө.

Багийн дарга шиг мундаг хүн болох юмсан гэж ч хүртэл бодож явлаа. Сайхан, сайхан хүүхнүүд манай сумын наадамд ирнэ. Хотод ирсэн чинь төатрын хүүхнүүд гэж жигтэйхэн гоё харагдсан. Ө.Рэнцэнноров, Л.Цогзолмаа гуай шиг болох юмсан гэж бодож явлаа. Хотынхны алхаа гишгээ цэгцэрсэн, хэл яриа нь тогтсон их сайхан байдаг. Сүүлд би Комсомолд сургуульд явлаа. Тэгээд Зөвлөлтийн сэхээтнүүдийг хараад “Тэдэн шиг хүн болох юмсан" гэж бодсон. Би чинь нүүрэндээ энгэсэг үрхэж үзэлгүй Комсомолд очсон юм шүү дээ.

Тэр үед орос хүүхнүүд "Бүсгүй хүн нүүрээ будахгүй бол муухай” гээд өөрсдөө яаж түрхдэгийг нь хүртэл надад зааж сургасан. Тэгж би хүний соёл гэдэг зүйлтэй танилцсан даа. Би Зөвлөлт орныг хэзээ ч муу хэлж чадахгүй. Оросын ард түмэн Монголд их тусалсан. Хоёр дахиж Зөвлөлтөд сурахдаа Сэтгүүлчийн дээд сургуульд бас суралцсан. Тэр үеийн багш нарын маань үг гайхашигтай байсан. Тэдний зааж, сургасан зүйлийн буянаар би өдий зэрэгтэй яваа гэж боддог. Түүнээс биш би сайндаа ч гараад ирсэн хэрэг биш. Хамгийн гол нь надад авах зүйл нь хүүхэд байхаасаа ном их уншдаг байсан. Тэр надад бас их хэрэг боллоо доо.

-Хэдэн настайдаа анхны шүлгээ тэрлэж байв даа?

-Тавдугаар ангид байхаасаа л шүлэг бичсэн. Шүлэг бичнэ гэдэг нэг зүйл. Амьдралд хүн болно гэдэг бас нэг өөр хэрэг. Хүн болох үйлст өөрийн ажилласан Эвлэлийн төв хорооны хамт олон, надад даргалж байсан хүмүүс их юм өгсөн. Биднийг бстой жинхэнэ хүн болгосон доо. Тэр сайхан хүмүүсийн хүчинд амьдралыг ойлгодог болсон юм. Амьдралыг ойлгосон хүн ядарсан хүнд тусална. Ямар нэгэн эовлон зүдгүүр учирсан байхад юу хэрэгтэй байдгийг мэддэг. Хөдөө нэг хөгшин шөлгүй байж байхад манай аав тэр хүнд "Шөлний юм аваачиж өг" гээд сагстай зүйл үүрүүлээд явуулдаг л байсан.

Энэ бүхэн чинь хүн шиг хүн болоход хэрэгтэй байдаг. Тэр ядарсан хөгшинд аяга шөлний юм аваачаад өгөхөөр баярлана гэж жигтэйхэн. Надад домбон ёотонгоо хормой дээрээ тавиад хагалж байгаад хэлтэрхийг нь өгөхөөр миний баярлана гэж жигтэйхэн. Хөдөө ёотон амархан олддоггүй зүйл байлаа. Ёотонгоо таргандаа хутгаж идээд бөөн баяр болно. Энэ мэтчилэн хүн болох зүилийг амьдралаас  сурдаг юм. Тиймээс би ард түмэндээ байнга баярлаж явдаг. Миний хүссэн бүхэн биелсэн. Гэхдээ би “Алтан ордонд, алтан өрөөтэй байранд сууя" гэж хүсээгүй. Би зүгээр л хүн шиг хүн байя гэж хүссэн юм.

Би сургуульд ажиллаж байлаа. Сургууль гэдэг чинь дулаан уур амьсгалтай сайхан газар. Залуу сайхан уран бүтээлчдээс их энерги авдаг байв. Шинэ сэтгэхүй гэдэг чинь маш сайхан байдаг юм даа. Би амьдралд маш их баярладаг. Надад зовлон тааралдаагүй биш, зөндөө л таарч байсан. Ядуу, онгорхой цоорхой хувцастай ч явж үзсэн. Ямар сайндаа оюутны шинэ жилд дотоод үйлдвэрийн туфльтэй очсон чинь хэдэн хүүхнүүд шоолж байлаа. Гэхдээ тэглээ гээд надад муудсан юм байхгүй. Муу хэлэгдэхээр хүн хурцлагддаг. Тэр үед "Би та нараас муу хувцас өмсөхгүй" гэж өөртөө тушаал өгөх нь холгүй байсан. Тэгээд л Зөвлөлт рүү явж өөрийгөө хувцаслаж, толгойгоо цэнэглэж хүнээс дутахгүй болсон.

Лениний номын санд хүүхнүүдэд нь хятад алчуур өгч байгаад чухал номыг нь авч уншаад өөрийгөө жинхэнэ боловсруулсан. Тэгж өөрийгөө жинхэнэ боловсруулсны хүчинд “Үнэн" сонинд тэнцэж 20 жил ажилласан юм шүү. Түүнээс биш “Үнэн" сонинд хэн дуртай нь ороод ажилчихдаггүй, хэцүү газар байсан. Ер нь хүн өөрийгөө боловсруулж маш их ном унших хэрэгтэй. Би залууст “Хүн интернэт хараад хүмүүжихгүй. Дээхнэ үеийн хүмүүсийн бичсэн номыг уншиж ухаараарай” гэж хэлдэг. Монголын уран зохиолоос хүн их зүйл сурна. Ялангуяа XX зууны жинхэнэ монгол хэлээр бичсэн Б.Ринчен гуайн “Үүрийн туяа", Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир", Д.Намдагийн "Цаг төрийн үймээн” эдгээр номыг уншихад л жинхэнэ монгол хэл гарч ирнэ. Эдгээр номыг уншиж монгол хэлтэй болох хэрэгтэй.

-Аав ээж тань яагаад танаар ядарсан хүмүүст буян үйлдүүлдэг байсан юм бэ?

-Тэдний өөрсдийнх нь ясанд шингэсэн чанар л даа. Тэр үеийн хүмүүс хэзээ ч хүнийг хар бууцан дээр нь орхидоггүй байсан, Манайх ядарсан айлд 100 хонь саалгадаг байсан гэхмэтчилэн хүнд дандаа тус болж явдаг. Гэхдээ энэ миний аав, ээжийн сайных биш. Ерөөсөө жинхэнэ монгол хүмүүсийн жудагт нь байсан сэтгэлийн сүү юм даа.

-Та нэгэн ярилцлагадаа өөрийгөө айлын өргөмөл хүүхэд гэж ярьсан. Төрүүлсэн аав ээжтэйгээ хэр ойр дотно өссөн бэ?

-Тэдэнтэй их ойр өссөн шүү. Намайг өргөж авсан аав их ухаантай хүн байсан. 12 хүүхдийн багаасаа хоёр дахь нь би. Аав минь “Тэр олон хүүхэдтэй айлаас охиноо авсан. Ах эгчээс нь хол өсгөхгүй. Охиноо ганцаардуулахгүй" гээд төрүүлсэн аав эжтэй айл саахалт буудаг байв. Манай ах эгч нар манайд ирнэ. Миний ээж хүний хайлан байсан. Ах эгч нарыг хооллоод, дээл хувцсыг нь оёдог хүн байв. Ингэж би хоёр гэрт өссөн. Миний төрсөн аав маарамба хүн байлаа. Олон хүнийг эмчилж, эдгээсэн нутаг орондоо нэртэй, их ухаантай, тэнгэрийн аашийг мэддэг хүн байсан юм.

-Ганцаардал яруу найрагч хүнд заримдаа хэрэгтэй байдаг юм шиг.  Ер нь та ганцаардлын талаар юу гэж боддог вэ?

-Яруу найрагч хүн гунигаа шүлгэндээ шингээгээд сэгсэрч хаях ёстой. Тэгж өөрийгөө цэгцлэх хэрэгтэй. Тэгэлгүй гуниглаад хэвтээд байвал бүтэхгүй биз дээ. /инээв/
 
-Олон сайхан шавь нар чинь таны бахархлуудын нэг байх?


-Би 20 жил Утга зохиолын дээд сургуульд багшиллаа. Тэр хугацаанд 600 гаруй оюутан төгссөн. Одоо шавь нар маань бүгд сайн яваа. Тэрэнд л би баярладаг юм. Шавь нараас маань сайн сэтгүүлч, яруу найрагч төрсөн. Одоо ч “Болор цом" авчихаар хүн олон байна. Намайг багшилж байхад хөдөөнөөс ирсэн зарим хүүхэд айлд амьдарна. Тэгээд зарим нь надад "Өлсөөд байна” гэж хүртэл хэлдэг байв. Тэр үед би дөрөв, таваар нь дагуулж ирээд хоол хийж өгдөг байж. Бас "Болор цом" болохын өмнө шавь нарын маань шүлэг нь гологдоод манайд ирээд энэ жаахан өрөөнд 20 хүн багтаад л унтдаг байсан юм даа.

-Баяр наадам болохоор шавь нар тань ирээд хөл хөдөлгөөн ихтэй болно биз?

-Шавьтай хүн гэдэг сайхан шүү дээ. Би Ардын уран зохиолч болчихоод Төрийн ордон руу орох гээд ах дүү нартайгаа яваад очлоо. Тэгээд яг орох болсон чинь нөгөөдүүлийг чинь оруулдаггүй, ганцаараа орох болдог юм аа. Тэр үед шатаар яаж ганцаараа дээшээ гарна даа гэж бодож байсан чинь оронгуут миний шавь нар намайг угтаж авсан. Тэр үед миний баярласан гэж жигтэйхэн. Шавийг бас хүнийх нь хувьд хайрлах хэрэгтэй. Тийм болохоор багш хүн шавийнхаа сэтгэлийг нэвт шувт ойлгодог байх хэрэгтэй.

-Та шавь нараа зэмлэдэг үү?

-Би ерөөсөө хүн загнадаггүй юм. Тэр бүү хэл хүүхдэдээ ч гар хүрээгүй хүн болгосон. Би өөрөө ч гэсэн хэнд ч загнуулж байгаагүй.

-Таны зээ охин загвар өмсөгч. Охиндоо сургаалаа их хэлдэг үү?

-Тийм. Охии минь дуу дуулдаг гэдэг юм. Гэхдээ би дуулж байхыг нь сонсоогүй. Японд долоон жил амьдарч байгаад ирсэн. Монголд ирээд сургуульд орсон. Энэ жил төгсөнө. Охин минь сайхан шагнал олныг авсан. Сайхан төрөх заяаных гэдэг. Ер нь "Ямар явах өөрөөс чинь шалтгаална" гэж би түүнд хэлдэг дээ. Манай хүүхдүүд гайгүй л явна. Би хоёр дуучинтай болж байна. Дуучин Тэнүүн манай Хуягаагийн отгон хүү, СУИС-ийг өнгөрсөн жил төгссөн. Одоо хамтлаг удирдаад явж байгаа юм билээ. Ах нь том уран бүтээл хийгээд яваа. Харин Хуягаа СУИС-д багшилж байна.

-Ярилцсанд баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Бүсгүй


Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн
Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн
Хан уул шиг ноён нуруугий нь түшиж
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь-Эх"
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас,
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү
Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн
Хорвоо дэлхийн цээжинд
үнэнийг дуулах эгшиг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь-Эх"
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас.
Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол
Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ
Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол
Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ
Эргэх хорвоод хүн болж төрөхдөө
Эхийн бүүвэйг анх сонссон үрс
Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ
Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу
Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг
Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч
Төр улсдаа өргөх үйлс нь ариун
Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн Дарь-Эх
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас
Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч уясах
Мэлмэрэн дуслах нулимсанд нь "галэуу" барс ч уярах Байгаль эхээс эаяатай гоо тансгийн охь,
Баяр жаргалаас уяатай гоё сайхны од,
Бүсгүй хүн-хорвоо дэлхийн уянга Бөхөшгүй амьдрал хайрлах хоёр "туйлын" нэг.

Хүн ард аа, наана чинь хүүхэд тоглож байна


Хүн ард аа, наана чинь хүүхэд тоглож байна
Эх дэлхий эргэх бөмбөрцөг дээр
Энд тэндгүй, ээвэр газрын тохойд
Хар цагаан олон үндэс угсааны
Хайрын дээд, хүний өртөнцийн цэцгүүд
Элс, шавар, мод, төмрөөр
Энд тэндгүй, эрт оройгүй тоглож л байна
Зарим нь сайхан барилгууд ярайтал барьж
Захад нь бас төмөр зам тавьжээ
Хойд хэсгээр нь мод тарьж
Хотынхоо дунд цөөрөм байгуулжээ.
Гар, ухаан, хүч, хөдөлмөрөөрөө
Гайхамшигтай сайхнаар барьж босгосон
Хүүхдийн энэ хотуудыг тайван байлгая
Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна!

Ноёд оо, наана чинь хүүхэд тоглож байна
Номин талд ч, таны ордны дэргэд ч
Хөөрхөн гараараа, хөнгөн ухаанаараа
Бүхэл өдөржин ядрахаа мартан
Та бидний голомтыг залгах
Танхилхан үрс тоглож байна
Танай хүү цэцэрлэг дунд тоглож байхад
Миний хүү цэлгэрхэн талд бас л тоглож байна.
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна.

Варшав, Лондон, Парис, Дели
Вашингтон, Москва, Праг, Токио
Бээжин, Улаанбаатар, Ханой
Берлин, Пхненьян, Нью-Иорк аль нь ч гэсэн
Газар сайгүй, гадаа гэртгүй
Тоодон дээлтэй, тормойсон нүдтэй
Шар, хар, цагаан арьстан
Сая сая хүүхдүүд, та бидний хойч
Энэ бөмбөрцгийн эзэд
Эгэл түмний үрс
Тоглож л байна, тоглож л байна.
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн"

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.122Зочин   • 2018, 10 сарын 19. 15 цаг 14 минут

tarhi gasilchihsan setgehee bolison ****** bacaanuudad chihend ni alt ch us ch nemergui bolson helj yarij bichij baigaag hi ee zailuul uorsdiigoo dugnuulchih yum daa harin yum oilgodog gaigui 2 % orchim yum uldee bgaa

202.72.245.122б   • 2018, 10 сарын 16. 11 цаг 46 минут

Сайн хүнийг үг үнэ цэнэ нас өндөрсөх тусам үнэтэй болдог Буян далладаг.Малнуудын сүрэгт бол нас өндрөө хаяаад толгойгоо сэжлээд алхдаг

103.20.152.50МОНГОЛ   • 2018, 10 сарын 16. 11 цаг 25 минут

ТЭР ҮЕИЙН ХҮМҮҮС ХҮНИЙГ ХАР БУУЦАН ДЭЭРЭЭ ОРХИДОГГҮЙ БАЙСАН. ГЭДЭГ ЖУДАГ ЁС БАХАРХАМААР САЙХАН БАЙЖДЭЭ. ОДОО Ч ХАР ТОЛГОЙГОО ХИЧЭЭЖ Л ЯВАХ ШИВДЭЭ...САЙХАН ХҮН САЙНЫГ ЯРИХ, ҮЛДЭЭХ ЮМ.

103.26.194.20Зочин   • 2018, 10 сарын 16. 10 цаг 52 минут

Baliar avgai ve

103.26.194.20Зочин   • 2018, 10 сарын 15. 22 цаг 18 минут

Teriig ni tegeed bid nar unshij shingeehuu te hutsna biz

49.0.212.182зочин   • 2018, 10 сарын 15. 21 цаг 01 минут

хөгшин хүн гунигладаггүй гэж энэ эргүүд хэн хэлсийм болдоо,хүн д юм чинь уйлна дуулна баярлана гуниглана,тэр тусмаа яруу найрагч бүсгүй хүн бүүр ч өөр

66.181.185.197f   • 2018, 10 сарын 15. 18 цаг 49 минут

chi hugshiruhgui zalugaaraa uheh ym uu hugshin geed guniglaj bolohgui ym uu

103.87.255.42Зочин   • 2018, 10 сарын 15. 17 цаг 27 минут

ХӨГШИРЧӨӨД БАС ГУНИГЛАНА ААН

202.9.42.222Зочин   • 2018, 10 сарын 15. 22 цаг 20 минут

МАЛАА ШАР ХАД МАРШ

Шинэ мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг баталлаа11 сар 13. 19:43ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 13. 19:40Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ11 сар 13. 19:372020 оны улсын төсвийг баталлаа11 сар 13. 19:24Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ11 сар 13. 18:05Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 18:00Кембрижийн толь бичиг 2019 оны үгээр Upcycling гэдэг үгийг сонгожээ11 сар 13. 17:55Дэлхийн эдийн засаг хямралын өмнө11 сар 13. 17:50Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ11 сар 13. 17:45ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу11 сар 13. 17:40Есөн настай хүү их сургуулийн диплом гардана11 сар 13. 17:35Ибра Болоньяг сонгоно11 сар 13. 17:30Хүний хамгийн өвөрмөц эрхтэн нүдний тухай сонирхолтой баримтууд11 сар 13. 17:25Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа11 сар 13. 17:20Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс11 сар 13. 17:15Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ11 сар 13. 17:10Оддын өндрийн хэмжээ11 сар 13. 17:05“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ11 сар 13. 17:00Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ11 сар 13. 16:55Хамгийн үнэтэй цаг худалджээ11 сар 13. 16:50Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог11 сар 13. 16:45Дөрвөн гүемийн хамт амарч буй цоохор ирвэсийн зураг анхаарал татаж байна11 сар 13. 16:40YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна11 сар 13. 16:35Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ11 сар 13. 16:30Талибанчуудыг Америк хоригдлуудаар солино11 сар 13. 16:25Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ11 сар 13. 16:20Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ11 сар 13. 16:15Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ11 сар 13. 16:10Тайланд бүсгүй “Miss International” тэмцээний титмийг зүүв11 сар 13. 16:05аргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд11 сар 13. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.