2018 оны 11-р сарын 2
9 цаг 20 минут

Эргэцүүлэл

Америк, Хятадын худалдааны дайн Монголд ашигтай юу?

Та юу гэж бодож байна? Ер нь “худалдааны дайн”, “худалдааны зөрчил” гэж юу юм бэ, яг юу болоод байгаа юм бэ гэдэг талаар санал бодлоо солилцоё.

“Худалдааны дайн” буюу “худалдааны зөрчил”

Энгийнээр тайлбарлавал “Худалдааны дайн” гэдэг нь улс орнууд өөрсдийн хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэх, төрөл бүрийн бусад хязгаарлалтууд тавих, үүнийх нь эсрэг тухайн барааг экспортлогч улс орнууд татвар, тариф, хязгаарлалтын төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хэлдэг.

Ингэснээр дэлхий даяар хийгдэж байгаа бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт буурч үүнээс олдог байсан ашиг, орлого багасч, цаашлаад тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч улс орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Иймээс “худалдааны дайн”-ыг улс төр, эдийн засаг, геополитийкийн ихээхэн хүчтэй, өөрсдийнх нь эдийн засаг ирэх дарамтыг удаан хугацаанд тэсвэрлэх чадвартай томоохон улс орнууд өдөөж, хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээр улсууд нь нэг талаас БНХАУ, нөгөө талаас АНУ болоод байна. Харин дайнд татагдан орсон улсууд нь эдгээр улсуудтай эдийн засаг, улс төрийн харилцаатай байдаг Европын холбооны улсууд, Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээнд хамрагдсан улс орнууд гэх мэт байгаа бол энэхүү дайны хор уршигийг хамгийн их амсах нь хөгжиж байгаа, жижиг эдийн засагтай улсууд юм.

Өөрөөр хэлбэл Монгол улс өөрийн томьёолон хэрэгжүүлж байгаа эдийн засаг, гадаад худалдааны бодлогоосоо болж их гүрнүүдийн хийж буй “худалдааны дайн”-ы хохирогч болох хамгийн өндөр магадлалтай улс юм. Учир нь Монгол улс АНУ болон БНХАУ-тай аль алинтай нь найрсаг, хөршийн харилцаатай, эдийн засаг, гадаад худалдааны идэвхтэй хамтын ажиллагаатай байдгаас гадна манай улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас ихээхэн “хараат” болоод байгаа билээ. Үүнийг бид тус улстай хийж байгаа гадаад худалдааны тоон мэдээллээс харахад л ойлгомжтой байна. Тухайлбал, манай улсын экспортын 85.6%, импортын 32.9%-ийг БНХАУ-тай хийж байгаа гадаад худалдаа эзэлж байгаагаас гадна тус улс руу экспортлож орлого олж байгаа гол бараа нь эрдэс, түүхий эд, импортлон худалдан авч байгаа бүтээгдэхүүн нь ихэвчлэн өргөн хэрэглээний бараа байгаа нь Монгол улсын эдийн засаг, гадаад худалдааны бодлого ямар буруу тодорхойлогдож, хэрэгжиж байгааг бэлхэнээ харуулж байна.   

Тэгвэл “худалдааны дайн” (зарим хэвлэлд “худалдааны зөрчил” ч гэж нэрлэж байгаа) хэзээнээс, хэрхэн өрнөсөн бэ?

Нэг үгээр хэлэхэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон сонгогдон гарч ирснийхээ дараа Дональд Трампын хэлж байсан үгнээс харахад л АНУ болон БНХАУ хоёрын хооронд ийм үйл явц болох нь тодорхой байсан бөгөөд 2017 оны сүүлээс бодитоор эхэлсэн гэж хэлж болно.

Тухайлбал, 2018 оны 1-р сард АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-аас импортлож буй нарны панел, угаалгын машинд тариф, квот тогтоож, үүний эсрэг БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаснаар тус улсуудын хоорондох худалдааны зөрчил эхэлж дараах байдлаар өрнөж байна.

“Худалдааны дайн” ба Монгол улс

Бид энэ үйл явцын хохирлоос өөрсдийгөө хамгаалж, улмаар ашиг олж болох уу?

Миний хувьд БОЛНО гэж үзэж байна. Хэдийгээр энэхүү үйл явц манай улсын дотоодын зах зээл дээрх валютын ханш өсөх, гадаад худалдааны алдагдалд оруулах, эдийн засгийн зарим салбаруудад сөрөг нөлөө үзүүлэх зэрэг эрсдэлтэй боловч эрсдэлийн нөгөө талд үргэлж боломж байдаг учир бид эрсдэлийг боломж болгох олон арга, зам бий. Эдгээрээс хоёрхон боломжийн талаар өөрийн бодлыг Та бүхэнтэй хуваалцъя.

 Хөрөнгө оруулалт татах боломж. Сүүлийн 20-оод жил Монгол улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбарт орж байсан. Үүний “ач”-аар манай улсын эдийн засаг маш эмзэг, ганц хөлтэй доголон хүн шиг болоод байна. Тэгвэл бид энэ үйл явцыг ашиглан эдийн засгийн бусад салбартаа Америк болон бусад хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бий болгож энэ чиглэлд эдийн засгийн бүхий л бодлогыг чиглүүлэх нь зүйтэй. Учир нь Монгол улс дэлхийн 2 томоохон зах зээлийн дунд оршиж, эдгээр хөрш орнуудтайгаа найрсаг хамтын ажиллагаатай байдаг бөгөөд эдгээр зах зээлүүд нь тодорхой сул талуудтай болоод байгаа өнөөгийн энэхүү зурвас үеийг бид маш хурдан ашиглах хэрэгтэй. Тухайлбал, ОХУ-д хөгжингүй орнуудын зүгээс эдийн засгийн хориг авсан байгаа тул бүхий л чиглэлээр бидэнтэй худалдаа эрхлэх нааштай хандлагатай байгаа, дэлхийн худалдаанй дайн цаашид ч тодорхой хугацаанд үргэлжилэх тул БНХАУ-ын зах зээлд ямар нэгэн хориг саадгүйгээр гарах гэсэн хөгжингүй орнуудын сонирхол цаашид ч нэмэгдэх болно гэх мэт. Иймээс Монгол улс энэхүү зурвас үеийг ашиглан “эдийн засгаа солонгоруулах” олон салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар тодорхой бодлогоо яаралтай гарган хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ингэснээр бид эдийн засгийн олон хөлтэй болж чадахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн тэнцвэртэй байдлыг ч бий болгох боломжтой юм.

Бүс нутгийн интеграцчиллын давуу талыг ашиглах боломж. Сүүлийн жилүүдэд олон улсын улс төр, эдийн засаг, геополитикийн бодлогод бүс нутгийн интеграцчилал, хамтын ажиллагааны бодлого давамгайлах хандлагатай болсон бөгөөд энэ үйл явц Ази тивд ч мөн идэвхтэй өрнөж байна. Тодорхой шалтгааны улмаас энэхүү бодлого, үйл явцад БНХАУ улс манлайлан оролцож, цаашид үүнийг толгойлох, “худалдааны дайн”-д ялахын тулд үүнийг ашиглах сонирхолтой байгаа нь бидний хувьд бас нэгэн давуу тал болж болох юм. Тухайлбал, бүс нутгийн улс орнуудтай чөлөөт худалдаа эрхлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, мэдлэг, мэдээллийн илүү таатай урсгалд нэгдэн орж эдийн засгийн уламжлалт бус шинэ салбаруудыг хөгжүүлэх боломжийг бид өөрсөддөө бий болгож болох юм. Жишээ нь, бид уламжлалт экспортын үйлдвэрлэлүүдээ (ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) хөгжүүлэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болохоос гадна уламжлалт бус үйлдвэрлэлийн экспортыг (органик хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн үйлдвэрлэл) хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг ашиглах боломжийг олж харж, бий болгох боломжтой. Харин бид эдгээр болон бусад боломжуудыг өөрсөддөө бий болгохын тулд бүс нутгийн интеграцчиллын үйл явцад эхнээс нь “дотроо бодолтой, дороо суурьтай” оролцож эхлэх хэрэгтэй.

Хөрш орнуудтай хийх гадаад худалдааг нэмэгдүүлэх боломж. Олон улсын худалдаанд одоогоор БНХАУ АНУ-тай зөрчилтэй байгаа, ОХУ-д зарим Европын холбооноос хязгаарлалт тавиад байгаа энэ үе нь бидний хувьд маш ашигтай байж болох үе юм. Тухайлбал ОХУ-д тавигдсан хязгаарлалт зогсохоос өмнө бид ашиглан мах, махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлж, өөр бусад төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг (тухайлбал хивс, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнүүд г.м.) тус улсын зах зээлд нэвтрүүлж зах зээлд эзлэх байр суурийг нь бэхжүүлж авах хэрэгтэй. Үүний тулд төр засгийн түвшинд хөрш орнуудтай гадаад худалдааны техникийн хориг саадыг багасгах, татвар, тарифыг бууруулах чиглэлээр хэлэлцээрүүд хийх шаардлагтай. Ингэсэн тохиолдолд хувийн хэвшлийнхэн хөрш орнуудын зах зээлд нэвтрэх, хамтран ажиллахад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.

Хөгжингүй орнуудтай бий болгосон найрсаг, олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглүүлэх. Бидний хамгийн түрүүнд хийх шаардлагатай бас нэг ажил бол хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт, ноу-хауг татах, тэдэнтэй хийж буй гадаад худалдаагаа өргөжүүлэх, хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний төрөл, чанарыг сайжруулах үйл ажиллагаа юм. Ихэнх хөгжингүй орнууд одоо ч ОХУ болон БНХАУ-ын зах зээлийг сонирхсон хэвээр байгаа. Иймээс бид эдгээр орнуудын хөрөнгө оруулалтыг татаж хөрш орнуудын зах зээлд нэвтрэх хамтарсан үйлдвэрүүдийг байгуулж экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн өнөөгийн монголын бараа бүтээгдэхүүний экспортын томоохон сул тал болох тээвэр, логистикийн хүчин зүйлсээс үл хамаарах шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд тухайлбал мэдээллийн технологийн үйлчилгээ, биотехнологи, нанотехнологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлдэг болох өргөн боломж бидэнд бий. Иймээс энэ чиглэлүүдийг түлхүү хөгжүүлэх, үүнд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт хийх тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн бид өөрсдийн бас нэгэн давуу талыг ашиглан “дэлхийн мэдээллийн сүлжээний төв” болох дунд хугацааны тууштай бодлого гарган ажиллах нь ирээдүйд Монгол улсыг дараагийн нэгэн Сингапур болгох ч боломжийг бий болгож болох юм.

Эрхэм судлаачид, бизнес эрхлэгчид та бүхэн их гүрнүүдийн хооронд бий болоод байгаа гадаад худалдааны зөрчлийг Монгол улсад хэрхэн ашигтайгаар ашиглаж болох талаар өөрсдийн мэргэн ухаандаа тунгаана биз ээ.

Биднийг цаг хугацаа хүлээхгүй. Хэрэлдэж суух биш хэлэлцэж нэг талдаа орж ажиллах л хэрэгтэй байна.

 

Эдийн засагч Батцэнгэлийн Хаш-Эрдэнэ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.