11-р сарын 28
11 цаг 23 минут

Г.Чинзориг: Харилцаа холбооны салбарын ололт, технологийг бусад салбар өөртөө шингээснээр олон боломжийг нээдэг


Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн онд нээлттэй хэлэлцүүлэг, хурлыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монгол Улсын хөгжилд мэдээлэл харилцаа холбооны салбарын оролцоо, манлайлал сэдвийн хүрээнд тус салбарынхан зөвлөлдсөн юм. Харин энэ жил уг хэлэлцүүлэг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Ингэхдээ үндсэн дөрвөн сэдвээр Дижитал Монгол нэрийн дор зөвлөлдөх юм байна. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригтой ярилцлаа.

-“Дижитал Монгол” хэлэлцүүлэг ямар сэдвийн хүрээнд болох вэ?
- Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дижитал Монгол арга хэмжээ маань Дата дэд бүтэц, Дижитал үйлчилгээний хүртээмж, Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага болон Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил гэсэн үндсэн дөрвөн сэдвээр ярилцах юм. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцохоос гадна олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн мэдээлэл харилцаа, холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, их дээд сургуулийн төлөөлөл, мэргэжлийн холбоод гэх зэрэг нийт 200 орчим хүн оролцож “Дижитал Монгол” нэрийн дор салбарын асуудлаар зөвлөлдөх гэж байна.

-Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага гэдэг талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Өмнө нь уламжлалт эдийн засгийн гол салбарууд нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн салбар байлаа. Одоо бол гар утасны аппликейшнд суурилсан шинэ платформ бий болсон. Энэ нь эдийн засагт ихээхэн үр нөлөөтэйгийн сацуу уламжлалт эдийн засгийн бизнес загварыг өөрчилж байна. Нэг л жишээ татахад, “Uber” таксины зах зээлд реформ хийсэн. Энэ мэтчилэн эдийн засгийг үйл ажиллагааны шинэчлэлтүүд гарч байгаа.

Мөн технологийн хөгжлийг дагаад хэрэглэгчийн аюулгүй байдал эн тэргүүнд тавигдах ёстой. Бидний бүхий л мэдээлэл цахим орчинд хадгалагдах болсон. Энэхүү өгөгдөл мэдээллийг хадгалах, хамгаалах нь хууль эрх зүйн орчинтой салшгүй холбоотой. Тиймээс ХХМТГ газраас Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж байна.
-Хэрэглэгчийн хөгжлийн асуудлын тухайд?
-Технологи асар хурдацтай хөгжиж байна. Өдөр бүр гарч буй ололт амжилтыг дагаад хэрэглэгчид хөгжих зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Дэвшилтэт технологийн үр ашгийг хүртэхэд хэрэглэгч нь ашиглаж мэдэхгүй байвал үр ашиг бага байх болно. Тиймээс олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх нь чухал. Өөрөөр хэлбэл хэрэглэгч цахим бичиг үсэгт тодорхой хэмжээнд тайлагдсан байх хэрэгтэй. Эдгээрээс хэрэглэгчийн хөгжил, дээр дурдсан хууль эрх зүйн орчин бүрдэн, эдийн засгийн загварууд хөгжөөд эхэлбэл дата дэд бүтэц нь бэлэн үү гэдэг асуудал үүснэ.
Саяхан “Мобиком” корпораци олон улсын стандартын дата төвийг нээлээ. Ингэснээр хувь аж ахуйн нэгжүүд өгөгдлийг олон улсын стандартын дагуу хадгалах, хамгаалах боломжтой болж байгаа гэсэн үг. Үүнд хувийн болон төрийн байгууллагууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр олон нийтэд сүлжээний хүртээмжийг сайжруулах боломж гарч байгаа. Дижитал үйлчилгээ бол улсын нийт иргэдэд хүртээмжтэй байх ёстой. Энэ тал дээр баримталж буй бодлогоо хуваалцана.
-Хэлэлцүүлэгт гадны байгууллагын төлөөлөл оролцохоор багтсан байсан. Ямар байгууллагаас уригдсан байгаа вэ?
-Энэ удаагийн хэлэлцүүлэгт маань ОУЦХБ, Фэйсбүүк, Дэлхийн банкны төлөөллийг урин оролцуулж байгаа. ОУЦХБ-ын хөгжлийн товчоо, газрын дарга доктор Кемал Хусейнович уригдан “Апп эдийн засаг- Санхүүгийн салбар, туршлага” салбар хэлэлцүүлэгт оролцон илтгэл тавих юм. Мөн Фейсбүүк компани, Ази Номхон далайн бүсийн Сүлжээний хүртээмжийн бодлогын асуудал хариуцсан захирал Тэнзин Норбу "Дата дэд бүтэц" салбар хэлэлцүүлэгт олон улсын туршлагаас хуваалцахаар уригдаад байгаа бол Дэлхийн банкны зөвлөх Себестиан Фү  "Дижитал  үйлчилгээний хүртээмж" сэдвээр илтгэл тавина.
- Хэлэлцүүлэгт “Фейсбүүк” компанийн төлөөлөл оролцохоор багтсан байсан. Энэ талаар яривал, “Фейсбүүк” ямар туршлагаас хуваалцах бол?
-“Фейсбүүк” компанийн Ази, Номхон далайн бүсийн сүлжээний хүртээмжийн бодлогын асуудал хариуцсан захирал Тэнзин Норбу чуулганд оролцохоор болсон. Тус компаниас хэрэгжүүлж буй “Connectivity” гэж төсөл бий. Энэ нь нарны эрчим хүчээр энергиэ авч, нисгэгчгүйгээр нам өндөрт нисэн сүлжээ цацах төсөл. “Connectivity” бол дэд бүтэц буюу сүлжээ хангалттай тархаагүй орон нутагт хэрэгжүүлэхэд тун тохиромжтой. Тиймээс Тэнзин Норбу төслийг хэрэгжүүлж буй туршлага хуваалцана.

Сая ярьсан эдгээр бүх зүйлс нь цогцоороо Монголыг “Дижитал Монгол” болгох, цахим орчинд шилжих суурь нь болж байгаа. Түүнчлэн дэд бүтэцтэй болоод эрэлт нь байхад төр юу хийж байна, төрийн ямар үйлчилгээнүүдийг цахимаар явуулах боломжтой байгаа вэ гэдгийг ярилцана.
-Төрийн үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжиж байгаад иргэдийн хувьд талархалтай хандаж байгаа. Цаашид бусад үйлчилгээг цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтраад “ХУР ДАН” гэж платформыг гаргаж байгаа. “ХУР” гэдэг нь төрийн мэдээлэл солилцооны систем, “ДАН” гэдэг нь Single sign on буюу төрийн мэдээллийн үнэн зөв, нэг эх сурвалжтай ашиглах боломжийг олгож буй систем. Үүнийг Үндэсний дата төвөөс хөгжүүлж байна. Энэхүү платформыг ашигласнаар төрийн мэдээллүүд зөв бөгөөд хурдан хугацаанд солилцох боломж бүрдэж байна. Жишээлбэл, иргэн аль нэгэн төрийн үйлчилгээний байгууллага дээр очиход хорооны тодорхойлолт аваад ир гэх, иргэний үнэмлэхээ аваад очсон байхад хуулбарыг нь аваад ир гэх мэтчилэн төрд байгаа мэдээллийг нэхдэг. Энгийнээр бол зүүн халаасанд байгаа мэдээллийг баруун халаасанд аваад ир гэдэг. Үүнийг л шийдэх юм. Ингэхдээ тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд иргэний мэдээллийг төрийн байгууллагын ажилтан авах боломжтой болно.
- Хэлэлцүүлгээр Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил сэдвийн хүрээнд цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг хөндөж ярина гэж сонссон?

-Цахим орчинд хэн дуртай нь элдэв бараан, худал хуурмаг мэдээлэл тараах нь элбэг боллоо. Тиймээс “Цахим орчин зөв болГОЁ” хэмээх нэг сарын аяныг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа. Аян нь цахим орчинд аль болох эерэг мэдээлэл түгээх, бусдадаа зөв сайхан зүйлийг хуваалцах зорилготой юм.

Түүнчлэн цахим орчин нь хяналтаас гадуурх орчин болж байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчинд юу үзэж, харж байгаа мэдэхгүйн улмаас хүүхэд хохирох, бусдын нөлөөнд автах эрсдэл их байна. Тиймээс чуулганы дөрөв дэх сэдэв болж буй Дижитал орчин дах хэрэглэгчийн хөгжил сэдвийн хүрээнд хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учрал онцлон ярихаар төлөвлөсөн.

Төгсгөлд нь, Харилцаа холбооны салбар бол бие даасан бусдаас ангид салбар биш юм. Мэдээлэл харилцаа холбооны ололт, амжилт, технологийг бусад салбар өөртөө шингээж, хамтарч ажиллах нь үйл ажиллагааны хувьд үр ашигтай байх, цаг хугацаа хэмнэх зэрэг боломжийг нээдэг гэдгийг хэлмээр байна.

Зургийг: ZALUU.COM: Үндэснийн тэргүүлэгч сайт
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.