1-р сарын 10
9 цаг 15 минут

"Утгын чимэг-2019" наадмын тэргүүн өгүүллэг: С.Дамдиндорж "Гурван хэмжээст"

Дорнын тооллоор зул сар барагдах шөнө Загар хачин их гэрэл туяатай зүүдлэв. Тэнгэр нь гүн цэнхэр, моносны цагаан цэцэгс малгайлсан цас бударсан мэт цагаан, үнэр бал бурам шиг анхилам. Ганганд шургасан харанхуй ширэнгийн хөвд мөчрийг санагдуулам үзэсгэлэнт хавцлын ирмэгт Загар шав шар дээлтэй сууж байх аж. Хачирхалтай нь өмссөн тэр гоёмсог шар дээл бол түүний тэрслэгч анд Сугарынх байх юм гэнэ. Хажуугийн булагийн эх довцог дээр саяхан идшэнд нядалсан хоёр жилийн сувай хар халзан үнээ нь сарлагийн боодой шиг цасан цагаан тугал хөхүүлэн зогсож байв. Хурц тод зүүднээс салж чадахгүй гайхах баясах зэрэгцэн, Загар сэрж гар чийдэн тэмтрэн ханын том цаг руу тусгавал дөрвөн цаг дөчин хормыг зааж байв. Энэ цагт үнэгэн харахуйд сэрдэг болоод уджээ. Тэгээд ёс юм шиг жимсний шилэнд давсагаа суллаад орчлонг эргэцүүлэн хэвтдэг заншил тогтжээ. Яг үүр цайхын алдад эргээд нойр хүрэх авч морь малын ажил монгол хүнийг ямар унтуулж хэвтүүлэх биш. Сайхан зүүд хэмээн билэгшээх сацуу, “Энэ муу Сугар зүүдэнд орохоос ч бас хоцрохгүй шүү” гэж унтууцав.

Загар нэг удаа малын эрлээр Сугарынд хонохдоо нохой унталтаар унтаж, эхнэртэйгээ яах нь вэ? гэж саваагүйтэн чагнаж байгаад нам унтаж, харин Сугар өглөө эртлэн босоод алдуул хэдэн адууг нь хөөгөөд ирсэн байж билээ. Сугарт хордсондоо “Надад олдохгүй байсан мал Сугарт олддог нь ч юув” гэж адгуус малд уур нь хүрч байжээ. Энэ мэтийг нэхэн санахдаа “Үргэлж нэг алхмын урд яваад байж шүү” гэсэн бодол гялсхийн орж ирэв. Тэр бодол даамжирч, Сугараас болж хорссон анхны хайрын зурвас зөрөг руу хөтлөн аваачив.

Жүрхин овгийн Зүсэм гэгч алаг нүдэн охин амьсгал зүрхнээс салахаа байж алтан бумба мэт ариунаар мөрөөдсөн гэрэлт үедээ зүрхэндээ гүн шарх авсан юм. Нэгэн насны шарх авсан тэр өглөө Зүсэмын гадаа Сугарын морь уяатай хоносон байж, Загарын үйлийн лайтай хоёр нүд түүнийг өөрөө олж үзсэн юм. Сугар, Зүсэм дээр хоноод үүрээр мордохыг, хацар нэвт туяарсан Зүсэм хйарын нүдээр энхрийлэн үдэхийг Загар цээжээ хорсгон харсаар хоцорч билээ.

Цас ороод хоножээ. Эхнэр нь өрх татах үед хэсэг цас шархийн зуухан дээр унав. Загар “Энэ амьтныг би шөнө бүхэн тэвэрч, шүр болтол ханилж дээ. Эмс эхнэрүүд анхныхаа эрийг мартдаггүй юм гэсэн. Боддог л байлгүй” гэж эхнэрийнхээ тухай олиггүй юм бодно. Загарын дотор хорсон, Зүсэм бүсгүйн аньсага буулган хар цагаан дуугүй ширтдэг алаг нүдийг санахаараа ингэж шалтгаангүйгээр эхнэртээ хорсдог байлаа. Өөрийгөө бодсон ч, эхнэрээ харсан ч Сугарт дургуй нь хүрч, “Сугар анхнаасаа л миний өмнө явж ирж” гэсэн дүгнэлт өөрийн эрхгүй орж ирсээр.

Сугарыг мэргэн түргэн гэлцдэг байлаа. Загарын аазгай нь хөдөлж өөрийн эрхгүй ярвайна. Сэтгэлийн мухарын чулуу мэт хатуу хорслоо тайлж болох мэргэн арга бодож олжээ. Загарын үгнээс зөрдөггүй, сэмхэн Сугараар мал хуйгаа мэргэлүүлдэг дорой ноомой залуу бий. Түүнд урьдаас бэлдэж хадгалсан хоёр чулууг өгч,

-За чи Сугар дээр очоод энэ хоёр чулууг үзүүл. Та энэ хоёр чулууг үзээд аль нутаг нь надад өлзий буянаа өгөх вэ, хэлж өгөөч ? гэж гуй. Тохиролцох нэг юм байна. Би одоо мордоод тэднийд сууж байя. Чи миний араас удалгүй очиж миний дэргэд асууна шүү.

-Ямар учиртай чулуу юм бэ?

-Хариулт нь надад сонин байна.

Тэр хоёр чулууны нууц гэвэл нэг нь Дунд булагийн эхээр давдаг давааны оройн овооны чулуу. Нөгөө нь гэвэл Дэрстийн худаг ухахад ёроолоос нь гарсан чулуу байжээ. Залуу үүнийг сонсоод бас л догдлон дотор нь загатнажээ. Загар “Үүнийг тааж мэднэ гэж юу байхав, барьц алдан тагжирч суухад чинь бахаа ханатал даапаалах юм шүү” гэж бодож байлаа.

Хар бага насны анд Сугар, Загар хоёр тамхилангаа нутаг усны сонин сайхныг хуучилж суутал, Загарын захиастай залуу орж ирэв. Мэнд ус мэдэлцээд, даалингаа ухан хоёр чулуу гаргаж, чин сүжиг илэрсэн нүүрний хувиралгүй харцаар Сугарын өөдөөс чулууг барьж асуув. Загар ханцуйдаа инээж байв. Сугар сэрдхийн, Загарыг нэг, чулууг нэг харлаа. Нэг нэгээр нь эргүүлж тойруулан сонжиж дуусаад бах нь ханасан янзтай инээвхийлэн хамрын тамхиа овоолоход Загарын бие зарс гээд явчихав. Сугар торох ч үгүй,

-За залуу минь тогтвол энэ нь зүгээр юм гэж овооны чулууг имрээд өгөв. Харин багтвал энэ нь ч зүгээр юм гэж худагийн чулууг буцааж барив. Загар балмагдахдаа хамаг шар үс нь бослоо.. Ам руугаа алгадуулсан залуу год үсрэн гарч одов. Өөрийг нь хүндлэн бишрэх сэтгэл төрж эхэлсэн Загарт, Сугар аминчхан яриа дэлгэж

-Зүүн баруунгүй хатгуулж өвдөхөөр, хааяа би хоёр зүрхтэй юм биш байгаа гэж дэмий юм бодох юм. Ямар балдуушийн хоёр зүрх байхав дээ. Титэм судасны нарийсал гэнэ дээ хө. Ханат гэр нь холдож хадан гэр нь ойртож байгаа юм даг уу даа гэв.

Эрүүл саруул Сугарыг өвчин ярьсанд урамшив уу. Ямар ч байсан Сугар өөрөөс нь нэг алхмын өмнө явж ирсэн. Бас өөрөөс нь нэг алхмын өмнө үхэж магадгүйм байна гэж бодсон уу. Хоёр чулуунд гартуулж чадаагүй ч, үл мэдэгдэх ялалт байгуулсан шиг санагдаад явчихжээ. Эсвэл хүлгийн нуруунд гарвал санаа нь амардаг морьтны халуун цустайн шинж юм уу. Ямар ч байсан Загарын сэтгэлийн мухар дахь хар хорын бодол салхинд хийсэх мэт цэлмэж, магнай тэнийтэл бах нь ханаад шувуу мэт давхин оджээ.

Орон зай гурван хэмжээстэй байхад цаг хугацаа яагаад ганцхан хэмжээстэй байдаг юм бол доо, хөөрхий.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.116.27Зочин   • 1 сарын 10. 19 цаг 28 минут

утга санаа ихээхэн өнгөц мулгуу гэмээр бичжээ

203.91.115.42Уншигч   • 1 сарын 10. 17 цаг 21 минут

Энд юу ч алга, насан туршийн атаа хорсол, бараан зохиол байна, Монголын зохиолчид жаахан чансаа сайжраасай

43.242.243.21Зочин   • 1 сарын 10. 10 цаг 48 минут

Энэ Дамдиндорж 80-аад онд сайн шүлэг бичиж байсан даа. Жимсний бөөр шүлгийн номыг нь Гүрж.Нямдорж ихэд тоож үнэлсэн билээ. Аргагүй л үнэлэхээр хүн юм.

202.126.89.58Зол   • 1 сарын 10. 9 цаг 27 минут

Сайн

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 2 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.