1-р сарын 11
9 цаг 15 минут

Ц.Доржготов: Цасны бэлэг

Анхны цас намар эрт дарчихав. Шал ногооноороо халуун сөлөн дээр унасан намрын сэвсгэр цас дорхноо хайлж, газраас ялимгүй явган уур савсана. Халуун зунаараа дан даавуу бүрээстэй тарвалзаж байсан айлууд анхны цасанд цочирдон даарч, гал өрдөж, зууханд дүүгэх гал зунжин хургасан бам чийгийг хөөж, гэр дотор нилэнхүйдээ бүлээсэж, сайхан үнэр ханхлах нь таатай. Ялангуяа зуухны хоймор тулганд гал түлсэн нъ бүр ч гоё. Нүцгэн шалдан хүүхдүүд тулганд дүрэлзэх ил гал сонирхон тойрч, шатаж буй модны пис пасхийн ийш тийш үсрэх очноос айх атлаа хөхрөлдөж хөгжинө.

Анхны цасанд чихүүцсэн үнээ тугал гадаа хуйсганан мөөрөлдөж, зэлэнд гүү унага янцгааж, хараа хандлага нь уул өөд тэмүүлэх нь өвөлжөө өөдөө нүүхийг сануулна. Нүүхэд ачилга уналга, тэрэг чарга, хом татлага бэлэн билүү гэсэн бодол намаржин найрласан хүн бүрийн толгойд зурсхийлгэдэг дохио бол аргагүй анхны цас билээ. "Энэ чинь юусан билээ. Дандаа ингээд зунаараа найрлаад суухгүй сан биш билүү" гэж зун намрын нь согтуу сайн гараагүй зарим нэг эр гайхна. Чимээтэй еэ шуугин исч, амаараа сагах хөхүүртэй айраг хоормог гэрийн тал хаяа дүүрэн хөглөрнө. Бүгдийг ачаад нүүх аргагүй. Хайран цагаан идээгээ асгалтай нь биш яадаг билээ. Хар модон тэргээ эр үхэрт хөллөөд өвөлжөөлөхөөр уул өөд зүтгүүлдэг тул гэр бараагаа аль болохоор хөнгөлөхийг хичээнэ. Гэрийн мод, авдар сав юухан хээхэн бүгд нүүхэд зориулагдсан хөнгөхөн, геологчдын эд хэрэгсэл шиг авсаархан. Эртний монголчууд нүсэр том гэрт дурлаж байсангүй. Харин сайхан нутагт таван хушуу малаа жаргаах дуртай байжээ.

Гашууны голын адаг Ус тардагт намаржиж буй хот айлын хэдэн тос дааж айраг ханхалсан хүрэн бор эрс нүүхийн өмнө айраг хоормогоо хэрхэн барж, ачаагаа хэрхэн хөнгөлөх талаар ухаан гүйлгээд олигтой арга олсонгүй. Зунжингаа архидсан Жунай гэгч бүлцэн хаван нүүртэй ахимаг эр нөхдөө их л голсон янзтай тойруулан хараад,

-Үүнд чинь бодоод байх юу байсым бэ гэж уцаарлан том нударгаар нүүрээ таглан гэдрэг харж хэвтсэнээ,

-Надад бол нэг сайхан арга байна гэлээ.

-Ямар арга? Хэлээч! гэхэд тэр бээр өндийж, өчигдрийн уусандаа хэд хий огиулснаа арай гэж уужраад,

-Аргасаад байх юм үүнд чинь байхгүй, мэдэв үү? Та нарын нэг нь одоохон мордож давхиад Долооны голынхны нэг айлд ороод цасны бэлэг сэм хаячих! гэснээ өөрийнхөө саналыг нөхөд нь ойшааж байна уу, үгүй юү гэж шалгаж, хүн бүрийн нүүрийг дэс дараалан удаан судлаад, сая ам нээж, -Цасны бэлгийг хаяхдаа их учиртай хаяна. Хаяж амжвал аль болохоор гэмгүй царайлан гэрээс гарч мориндоо мордуут тэр хот айлынханд сонсогдохоор 'Танайханд цасны бэлэг хаясан шүү" гэж хашгираад наашаа зугтаачих. Цаадуул чинь араас чинь хөөнө. Харин олигтойхон морьтой яваарай. Баригдвал баларна шүү.

Тэгээд хоёр голоороо цасны бэлгийн өргөн дэлгэр найр хийгээд айраг архиа хотлоороо шавхчихъя. Ингэсэн нь хайран цагаан идээгээ асгаснаас хавьгүй дээр гэж өөрийнхөө мэргэн саналд өөрөө түрүүлж урамшаад марсайтлаа инээв. Жунайн саналыг найр наадамд дуртай сагуу Самдан уухайн тас дэмжиж,

-Ерөөсөө тэгье. Харин цасны бэлгээ хэн явж хаях вэ? Явах хүн миний хурдан хээрийг унаад яв гэж онголзов. Ярианы төгсгөлд ямагт гүнзгий дүгнэлт хийдэг Лувсан сайд янцгалангаа,

-Чиний хурдан хээрээр очиж болохгүй. Анхны цас орсны маргааш хурдан морь хөлөглөн очиход тэднийхэн цасны бэлэг авчирлаа гэж сэжиг авна. Аль болохоор гэнэгүй очих хэрэгтэй гэв. Цагаан соруулаа амнаасаа ер салгадаггүй суумал Ёндон,

-Их л хашир үзэхгүй бол горьгүй. Баригдвал баларна гэж зөвлөв.

Хар авахуулахгүйн тулд донгио Санзайг Долооны голынхонд цасны бэлэг хаяулахаар томилов. Гашууны голынхон өөрсдийгөө цасны бэлгийн найранд хичнээн хөхүүр айраг архи, хичнээн шүүс, боов, хичнээн бяслаг өрөм тэргүүтэн бэлтгэж чадахаа амны зоргоор баярхан жагсааж бичсэн "цасны бэлэг" хэмээх эвхсэн цаас ийнхүү бэлэн болов.

Санзай муухан дээл хувцас өмсөөд, мал эрж ядарч яваа дүрээр Долооны гол орж, сайн таньдаг айлдаа элэг барин буув. Санзай баригдвал Долооныхонд тоглоом шоглоомоор алуулна гэж их айж явлаа. Аз дайрахад эрчүүд нь эзгүй, хоёр гурван хүүхэн нийлж, өвлөөс өрсөж, үйл оёж суусанд Санзай олзуурхаж, "Энэ муусайн хүүхнүүдэд бол би эр бар юм чинь, цасныхаа бэлгийг зарлаж байгаад ил хаячаад явахад яадаг юм бэ. Энэ муусайн хүүхнүүд над руу дайрвал нэгий нь нөгөөгөөр гуядаж, сарвайтал нь унагачаад арилаад өгч би өлхөн чадах юм чинь" гэсэн эр хүний сагсуу зан дотроос нь огшоод иржээ. Адуу мал сураглавал хүүхнүүд нэг л тоосон шинжгүй. Тэгсэн атлаа цөм Санзайн гарын хөдөлгөөн бүхнийг сэжиглэсэн харцаар ээрүүлдэнэ. Санзай "эмсийн овжин нүд гэмтэй" гээд дотроо их л хашир үзэхээр банжиж суув. Гэвч хүүхнүүдийн хөөрхөн ч гэмээр гэнэн хардлагад хань ижилгүй яваа Санзайн хөх инээд хүрч золтой л "цасны бэлэг" гээд ам алдчихсангүй. Юутай ч гэсэн нэг удаа биеэ барив.

Санзай айраг ууж байсан хулныхаа ёроол дор цасны бэлэг болох эвхээстэй жижиг цаасаа сэм хийгээд хулаа ширээн дээр тавьтал гэрийн эзэгтэй бүдүүн Цэрмаа,

-Энэ муу ер нь цасны бэлэг хаячихав уу, яав? гээд хул руу ухасхийв.

Санзайг зугтах гэж суудалдаа оцгонож байх зуур нөгөө хоёр хүүхэн аль хэдийнэ хаалгаа алдлаад зогсчээ. Цэрмаа хулан дор нуусан цасны бэлгийг олж авч үзээд гэр доргитол хөхөрснөө уншиж гарав. "Цасны бэлэг"-т юу юу амлаж вэ гэдгийг хүүхнүуд овтон чагнах агшныг Санзай далимдуулан үүдэнд хориглосон хоёр хүүхний дундуур тас дайрч гарахаар ухасхийн зүтгэсэн боловч үүд алдалсан хоёр хүүхэн муу Санзайг түвэггүй дараад авав. Санзай айлын үүдэн хооронд хөл алдан гараа сарвалзуулан байдаг чадлаараа тоос шороо манарган эсэргүүцээд дийлсэнгүй. Хүүхнүүдэд нухуулж буйгаа эр улс харчих вий гэж ичихдээ өөрөөс гарамгүй тэнхээгээр үзэлцэв.

Цэрмаа цасны бэлэгт бичсэн хичнээн хөхүүр айраг архи, хичнээн иргийн шүүс цохсоныг уншиж дуусаад Санзайг сэв хийтэл өргөөд аргалын дөрвөлждөө чихчихэв. Өмгөр дөрвөлжид урилгагүй зочноо арай чамай багтмагц бас болоогүй дээрээс нь өөрөө сандайлчихлаа. Санзай битүү дөрвөлж дотор бүдүүн Цэрмаагийн бөгсөн дор бүтэж үхэх шахав. Тэр бээр тэсэлгүй муухай орилсон боловч амь гуйсангүй. Хүүхнүүд юм чинь яаж ч бас амь гуйхав гэж нэрэлхжээ. Түүний амьсгаа боогдож, чих нь шуугьж эхэлсэн ба дүлийрч буй сонсголд нь хүүхнүүд түүнийг цааш яаж дамшиглах талаараа ярилцаж буйг хагас хугас сонсов.

Эхлээд аарцны шар ус гурван хул, дараа нь айраг гурван хул, архи гурван буут өгч бөөлжүүлэхээр ярьж байна. Эцэст нь буханд буруу харуулж мордуулаад Гашууны голынхонд аваачиж тушаахаар боллоо. Санзай уурандаа муу аргалын авдрыг нь зад тийрье гээд чадлаараа тэлчлэх гэсэн боловч давчхан авдарт хамаг бие нь хумигдаад хөдөлж чадсангүй. Тэр бээр хүүхнүүдэд шаралхаж,

-За гайгүй ээ, та нар сайхан мэдээрэй. Би муу ч гэсэн эрийн хугархай шүү. Та муу гурваас Санзай хүү хариугаа чангахан авна гээд саначих! гэхэд нугасгүй шар хочтой годгонож гэдгэнэсэн аальгүй хүүхэн,

-Чи хариугаа чангахан авахдаа яаж авдаг эр вэ? гэж басамжлав.

-Чамай мууг бол би хөл гарын чинь хорин хурууг нэгэн зэрэг сарвайлгана гэж Санзай аргалын дөрвөлж дотроос хашгирлаа.

-Чаддагийн бол чи намайг одоо сарвайлга л даа гээд уян налархай нөгөө бүсгүй бүр ч эгдүүтэй аальгүйтэв.

-Сарвайлгана даа чамай мууг! гээд Санзай аргалын битүү авдар дотроос уухиллаа.

Хэд хоногийн дараа хурц өнгийн торгон дээл намрын шар наранд гялбалзуулж, мөнгөн эмээл жороо мориор гангарсан эр эм найрчид Таван Сахьяа хэмээх бор толгодын баруун зүүн мөрөн дээгүүр даван Гашууны гол руу цутгалаа. Найрчдыг айраг архи мах шүүс өрөм бяслаг боов чихэр ачсан морь тэмээн тэрэг дагалджээ. Цасны бэлгийн найр хийж, өвөлжөөлөх нүүдлийн ачаагаа хөнгөлөх гэж хоёр голоороо цугларсанд хөгшин залуугүй баяртай байв. Ийм элбэг дэлбэг нутаг өлсгөлөн гэдгийг түүхэндээ үзээгүй нь бахархалтай.

Зэрэгцээ хоёр голын ахан дүүсийн найр ёс жудагтай сайхан болж, "өндөр хангай" дуугаар өндөрлөв. Ийнхүү хөхүүрийн ам цаашаа хүйтний ам наашаа болж, ирэх зун намар хүртэл олон сар архи айраггүй ажлын улирал эхлэнэ. Мал маллах цаг наргүй ажлын завсар чөлөөнд цасны бэлэг хэмээх найрыг жилд нэг удаа малчид өөрсдөө дотроосоо зохиодог сайхан цэнгүүн байсан юм шүү. Анхны цасыг анхны цас л гэнэ. Хоёр дахь цасыг анхны цас гэхгүй. Айраг цагаагаа шавхаж, ачаа тээшээ хөнгөлдөг цасны бэлгийн найр жилд мөн нэг л удаа болно. Хоёр дахь удаа болохгүй. Нүүдэлчин Монгол ахуй гэж иймхүү л амьдрал байлаа даа.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Ёстой сонсоогүй юм байна   • 1 сарын 11. 10 цаг 43 минут

Аль нутгийн баяр юм бол доо? Хангай говь хосолсон нутаг бололтой юм уу даа

124.158.109.140Зочин   • 1 сарын 11. 10 цаг 14 минут

үнэхээр сайхан. өөр хаана байна, ийм сайхан нь.

119.40.98.162123   • 1 сарын 11. 9 цаг 29 минут

Ямар сайхан ёс жудагтай монгол ахуй вэ? Нүүдэлчний ахуй соёл маань улам л алсран холдоод байна даа.

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 51 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.