1-р сарын 18
11 цаг 20 минут

Ц.Буянзаяа: Жаргаж буй нарны туурь

Чинсанааг түлээ хагалж буй ахуйд өвлийн туниа муутай нар баруун уулын хэц дээр өехийдөх зуураа хавь орчныг хамаг хүчээрээ ивээх аядна. Нарны гялангар туяа хөдөөх суурингийн хоорондоо дэндүү адилхан байшингуудын төмөр дээвэр дээр, арав гаруй хоногийн өмнө ороод одоо нэгэнт дагтаршин хөлдсөн хуучин цасны сэрэмгэр тасархайнууд дээр, Чинсанаагийн барьж буй нэг их том модон иштэй сүхний онгин дээр хугаран, хугачин гэрэлтэх аж. Мандаж буй нарны бардам түрэмгий цацрагаас, жаргаж буй нарны үйрч бутарсан сүүлчийн туяа илүү их гоо сайхантай байдаг гэсэн сэтгэгдэл Чинсанаад үргэлж төрдөг юм. Тиймээс Чинсанаа орой бүхэн шахуу л жаргаж буй нарыг үдэж өгдөг зуршилтай болчихсон билээ. Өнөөдөр ч гэсэн Чинсанаа эхнэртээ түлээ хагалж өгч байгаа нэрийдлээр тав тухтайхан шиг тухалж аваад оройн нарнаас таашаал хүртэн суугаа нь энэ юм. Чинсанаа энэхүү хувь ганц таашаалаа бусадтай хуваалцах гэж лав хорь гаруй жил оролдоод бүтэлгүйтжээ. Анх тэрээр хамгийн дотно найздаа жаргаж буй нар харах сайхан байдаг юм, хоёулаа оройн нарнаар хамтдаа жаахан сууя гэж гуйж байжээ. Гэтэл мөнөөх найз нь Чинсанаад,
“-Жаргаж буй нарыг харах юу нь сайхан байна аа. Мандаж байгаа нар л сайхан байдаг юм даа” хэмээж. Найзынхаа хэлсэн энэ л үгтэй адилхан үгийг Чинсанаа ээжээсээ, ааваасаа, эхнэрээсээ, тэр байтугай хүүгээсээ ч хүртэл сонсчээ. Бүхэл бүтэн хорин хэдэн жилийн туршид Чинсанаатай адилхан жаргаж буй нарыг сайхан хэмээн үнэн санаанаасаа итгэдэг хүн лав л түүний эргэн тойронд байсангүй. Ингээд л Чинсанаа оройн нарны тухай сэтгэгдлээ зөвхөн өөртэйгөө хуваалцдаг хүн болоод олон оныг үджээ.
Өвлийн нар жаргахдаа хурдан учир төд удалгүй мөнөөх уран гоё, алтлаг гэрлүүдээ Чинсанаагаас харамлах мэтээр хурааж эхэллээ. Нар жаргахтай өрсөн Чинсанаа түлээ хагалах хурдаа нэмэгдүүлэв.Тэрээр амандаа:
-Нэг Дамдин, хоёр Дамдин, гурван Дамдин, дөрвөн Дамдин... хэмээн дуулдахтай үгүйтэй тоолон сажилж хураасан түлээгээ захаас нь аваад хагалж гарав. Дамдин бол Чинсанаагийн хамгийн дургүй хүн. Гэхдээ Дамдин гэж ямар хүн байдгийг тэр мэдэхгүй. Хүүхэд байхдаа л тэр Дамдин гэдэг муу хүний тухай сониноос анх уншсан юм. Тэр сонин бол Чинсанаагийн хамгийн анх уншсан сонин байсан юм. Дамдингийн тухай мэдээлэл Чинсанаагийн хувьд хүмүүсийн тухай өөрөө анх олж авсан мэдээлэл байсан юм. Тэгээд л Чинсанаа Дамдин гэдэг муу хүнтэй дотор сэтгэлдээ тэмцдэг болсон аж. Дамдинтай тэмцээд Чинсанаа гуч гаруй жил болжээ. Сүүлдээ бүр Дамдиндаа муудахын дээдээр муудаад аль болохгүй бүтэхгүй бүхнийг:
“-Өө, муу Дамдин” хэмээн хэлдэг ч болсон билээ. Чинсанаа яаруу сандруу үедээ түлээ хагалахдаа байнга л нөгөө Дамдингаа дуудна. Тэр үед нь түүнийг харах юм бол нэг их сүрхий нөхөр цавчихыг нь цавчаад л, цохихыг нь цохиод л давшиж яваа юм шиг дүр төрхтэй болчихдог юм. Чинсанаа:
“-Тавин хоёр Дамдин, тавин гурван Дамдин, тавин дөрвөн Дамдин” хэмээн өгүүлээд түлээгээ хагалж дууслаа. Одоо Дамдингуудыг хагачих шаардлага түүнд байхгүй болжээ. Талаар нэг тарж орхисон Дамдингуудаа Чинсанаа хөлөөрөө овоолох янзтай болгочихоод гэртээ орлоо. Эхнэр нь хонины хөлдүү мах хөшиглөх санаатай заазуураа хальтичуулан байх нь түүнд нэг л эв дүйгүй харагдав. Чинсанаа хүйтэн усаар гараа хэдэнтээ үрчиж угааснаа эхнэрээсээ өнөөх махыг нь булаах нь холгүй авч хүч заан зорж эхлэв. Түүнд мах хөшиглөх, түлээ хагалахаас шал дор, дэмий зүйл мэт санагдаж байлаа. Чинсанаа тийнхүү мах хөшиглөж эхлэхтэй зэргэцэн эхнэр нь түмпэн саваа тачигнуулан гурил зуурахаар эргэнэг шүүгээгээ онгичиж гарав. Чинсанаа мах хөшиглөх зуураа:
“-Хүн гээч амьтан мах идэхгүй бол жигтэйхэн сайхан эрүүл саруул болно гэдэг ер нь худлаа байх шүү. Мах иддэг амьтад өвчин зовлонгийн үүр болдог юм бол энэ чоно нохойнууд ингэж өсч үржээд, араа шүдээ арзайлгаад давхиж явахгүй байлгүй дээ” хэмээн шал дэмий зүйл бодож байлаа. Чинсанааг тийнхүү дэмий зүйлд сатаарах ахуйд эхнэр нь бодлыг нь тасалж:
“-Зуданд үхсэн малын мах хотод зарж байгаа гэнэ ээ. Хотынхон мэдэхгүй болохоороо аваад байгаа юм байх аа. Сая чамайг гадаа байх зуурт тийм мэдээ телевизээр гарлаа” хэмээн өгүүлэв. Чинсанаа:
“-Өө муусайн Дамдингууд” хэмээн өөрийн эрхгүй дуу алдлаа. Тэгснээ юу болов гэмээр хөлдүү мах руу заазуураа улам гүнзгий зоож:
“-Нэг Дамдин, хоёр Дамдин, гурван Дамдин...” хэмээн амандаа тоолон нэг л их хурдтайгаар зорж гарав. Эхнэр нь Чинсанаа руу сүрхий гээч нь хараад:
“-Утга учиргүй Дамдин, Дамдин гэж балайрч байгаад гар хуруугаа тастчихав” хэмээн санаа тавин өгүүллээ. Чинсанаа:
“-Гучин нэгэн Дамдин, гучин хоёр Дамдин...” хэмээн өгүүлснээ хоолны хөшиглүүр мах нь аль хэдийн гүйцсэнийг анзаараад мах хөшиглөх ажлаа зогсоов. Тэгснээ заазуурынхаа ирийг арчих төдий болсноо махны модон дээр буцааж тавьчихаад буйдан луугаа зүглэв. Телевизийн удирдлагаа ийш тийш хэдэнтээ харж байснаа залхуу нь хүрэн босч очоод хуруугаараа товчлуурыг нь даран сэтгэл сэргээчих сонирхолтой нэвтрүүлэг хайж хэсэгтээн л өөртөө ажил удав. Харамсалтай нь түүнд үзчих нэвтрүүлэг нэг ч олдсонгүй. Дургүй нь хүрч зурагтаа унтраачихаад гэрээсээ гарлаа. Хавь орчныг харанхуй аль хэдийнээ нөмөрчээ. Гийх саран, гэрэлтэх одод нэгээхэн ч алга. Түнэр харанхуй л бүхнийг хулдах аж. Харин суурингийн айлуудын ноход дуу дуугаа аван хуцалдах асанж. Чинсанаа:
“-Шөнийн харанхуйд ноход хуцахгүй бол манай энэ суурин аймшгийн хотхон шиг л болох байх даа. Нохой гэдэг амьтан хүнд ханьтай амьтан шүү” хэмээн түрхэн зуурт бодлоо. Тэгснээ юу ч болоогүй байхад нэг л их гүнзгий санаа алдсанаа гэртээ буцаж оров. Эхнэр нь тогоондоо хоолоо үйж зогсоно. Чинсанаа дахин телевизээ асаан сонирхолтой нэвтрүүлэг хайн баахан сувгаа солилоо. Бас л сэтгэлд нь нийцсэн нэвтрүүлэг олдсонгүй.
“-Энэ олон телевизүүд байж үзчих юм бараг л гарахгүй шүү” гэж дотроо дэмий бухимдав. Бухимдлаа гээд яахав дээ. Байдгаа барж авсан телевизээ хага цохилтой биш. Тийнхүү бухимдангуй байх зууртаа Чинсанаа хачин их ганцаардаж байгаагаа гэнэт ойлгов. Халуун дулаан гэр орондоон, халамжтай эхнэрийнхээ дэргэд хүн ганцаардана гэж байдаг юм байхдаа гэж тэр өөрийгөө гайхлаа. Тэгээд бүр телевизээр сонирхолтой нэвтрүүлэг гараагүйн төлөө шүү” хэмээн бодонгуутаа Чинсанаа өөрийн мэдэлгүй:
“-Ээ муу Дамдин” гэж дуу алдаж орхив. Энэ удаа тэрбээр өөрөө өөрийгөө Дамдин болгочихов. Бүх насаараа муу муухайгийн бай болгож байсан Дамдингийнхаа дүрд тэр өөрийгөө ингээд л аваачаад хаячихлаа. Чинсанаагийнх уул нь тэрсхэн хоёр хүүхэдтэй айл юм. Тэд нар нь том болоод сургууль соёлын мөр хөөгөөд хот хүрээ рүү явчихсан билээ. Хүүхдүүд нь гэртээн бужигнаж байхад Чинсанаад ганцаардах сэтгэл төрнө гэж лав байхгүй. Нэг нь телевизийн суваг булаалцалдан уцаарыг нь хүргэж, нөгөөх нь аахар шаахар зүйлээс болон ээждээ үглүүлж буй ахуйд түүнд юуных нь гиюүрэх, гансрах сэтгэл төрөх билээ дээ. Чинсанаа:
“-Айл амьтныг хүүхэд л аз жаргалтай болгодог юм байна” гэж сүүлийн үед боддог болсон, тэгж бодох болгондоо өөрийгөө адгийн муу Дамдингаасаа ч дорд үздэг юм. Учир нь тэрээр дөрвөн жилийн өмнө эхнэрийгээ бие давхар болоход нь:
“Хөгширсөн хойноо хүүхэд төрүүлж яах гэсэн юм, хүн амьтны доог тохуу болохын нэмэр” хэмээн ятгаж байгаад хүүхдээ төрүүлэхээр шийдчихээд байсан эхнэрээ болиулчихсан билээ. Тэр явдлын тухай бодох болгондоо л Чинсанаа өөртэй хандан юм л болбол:
“-Дамдин” хэмээн хэлчихээд байдаг болчихсон юм.
Чинсанааг гэр дотроо хийх байхаа олж ядан холхиж байх зуурт эхнэр нь хоолоо хийж дуусаад түүнд аягалж өглөө. Эхнэрийнхээ гарын хоолыг цадтал идэж аваад тэрээр унтахын өмнө ахин нэг азаа туршихаар дахиад л телевизийнхээ сувгуудыг өөд уруугүй сольж гарав. Энэ удаа ч гэсэн олигтой нэвтрүүлэг таарсангүйд түүний дургүй нь хүрэхийн дээдээр хүрлээ. Чинсанаа телевизээ бушуухан унтрааж орхиод унтахаар шийдэн орондоо аль хэдийнээ орсон эхнэрийнхээ хажуугаар орж хэвтлээ. Эхнэрээс нь нэг л анхилуун, ялдамхан, дотнохон үнэр үнэртэнэ. Энэ сайхан үнэрт мансууран хэвтэх нь түүнд телевиз үзэхээс мэдээж хавьгүй дээр байв. Чинсанаа өдрийнхөө явдалд ядарснаас болоод ч тэр үү төд удалгүй дуг нойрондоо гүн гүнзгийгээр дарагдлаа. Харин тэрээр нойрон дундаа жаргаж буй нарны тухай нэг л сайхан нэвтрүүлэг найзуудтайгаа хамт үзэж байна хэмээн аз жаргалтайгаар зүүдэлж байлаа.
2010.01.03.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122б   • 1 сарын 21. 13 цаг 58 минут

Нар туниа муутай бус Нарнаас дэлхий хүртэл зай алсарч Нарын туяаны илч саарах үзэгдэл ,УНШИГЧ чинь боловсролтой хүмүүс гэдгийг ТООЦ орчин цагийн зохиолч хүн физик газар зүй сэтгэл судлал Мэдэх ёстой:

202.72.245.122с   • 1 сарын 21. 9 цаг 03 минут

Зурагт бол соёлтой Хар зах болсон шүү дээ.Амьдрал мэдэхгүй сониуч залуус Хээнцэр төрх харуулсан элдэв агуулгаггүй зүйлийг л харуулдаг.Уг нь бараа судлаач,

202.72.245.122б   • 1 сарын 18. 15 цаг 06 минут

Бүхнийг тэтгэгч нарыг ямар муухай нэр хоч өгч бичдэг байнаа Амны билгээс ашдын билэг гэж байдаг.

Шинэ мэдээ

НӨАТ: 5 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо8 цаг 59 минутын өмнөАТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс2 сар 17. 15:00Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ2 сар 17. 14:50“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна2 сар 17. 14:40Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт2 сар 17. 14:30Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ2 сар 17. 14:20“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна2 сар 17. 14:10Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв2 сар 17. 14:00Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа2 сар 17. 13:30Комьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга2 сар 17. 13:00Халуун ногооны түүхээс2 сар 17. 12:30Бойтог цэвэрлэх хялбар арга2 сар 17. 12:00Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 сар 17. 11:45НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 сар 17. 11:30Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 сар 17. 11:15Өнөөдрийн зурхай2 сар 17. 11:00Цаг агаарын мэдээ2 сар 17. 10:00Обервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ2 сар 17. 9:55ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.