1-р сарын 25
15 цаг 58 минут

Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт

Бидний Монголчуудын амьдарч буй одоогийн энэ газар нутаг дээр монголчуудаас өмнө хэн нэгэн нь амьдарч байсан юм уу? Бидний монголчууд хаанаас, хэнээс үүсэл гаралтай юм бэ? Бид үнэнхээр энэ нутагт нүүж ирсэн хүмүүс юм уу? аль эсвэл уугуул хүмүүс нь юм уу? гэх мэт олон асуултын хариуг өнөөдөр манай Монгол улсын газар нутаг дээр оршин байгаа олон төрлийн археологийн дурсгалууд маш тодорхой хариулт өгч байна.

Бид эх түүхээ хэрхэн бичиж ирсэн, эх түүхийнхээ үндсэн эх сурвалжаа хэрхэн яаж тайлбарлаж байсан зэрэг асуудал өнөөдрийн түүхчид биднийг зарим нэг талаар мухардалд оруулаад байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Газар нутаг бол аливаа хүний, улсын оршин амьдрах хамгийн гол нөхцөл тиймээс 2200 жилийн тэртээ Хүн улсын хаан Модун “Газар бол улсын үндэс, түүнийг хүнд өгч болно гэж үү?”1 хэмээх алдарт үгээ хэлжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр аль дивангалавын эрин чулуун зэвсгийн үеэс эхлэн бусад хүн төрлөхтөний нэгэн адил эртний хүмүүс амьдарсаар ирсэн ба хэн нэг нь хаа нэгтэйгээс энд нүүж ирээгүй, энэ нутагт суурьшаагүй, харин дэлхийн бусад олон орны нутаг газар орнуудад байдаг шиг чулуун зэвсгийн эрин үеэс эхлээд хүн энд байнга оршин амьдарсаар ирсэн гэдгийг миний дээр өгүүлсэн Монгол нутаг дахь үе үеийн бүх алдартай археологийн дурсгалууд бэлээхэн гэрчлээд байна. 

Хүмүүс хэзээнээсээ нааш өөрийн өсөж өндийсөн газар нутагтаа “ясаа тавьдаг” тэр нутгаа Эх орон гэж нүүр бардам хэлдэг. Бидний Монголчуудын амьдралд төрөх, хуримлах, нас барах гэсэн амьдралын хамгийн гол гурван үйл явдалд тусгайлсан ёс заншил бий болгон түүнийгээ хэдэн мянган жилийн турш огт өөрчлөхгүйгээр хэрэглэж ирсэн эртний сайхан зан зашилын тухай өгүүлье.

Хүн хорвоод мэндлэх үед Эхийн умайгаас гарч хүний амьдралд орж ирдэг. Эхийн хүйгээс тасарсан өчүүхэн тэр жижиг махан хоолойн хэсгийг тасам гэж нэрлээд хүний мэндэлсэн тэр газар нь чулуугаар дарж оршоодог. Түүнийгээ “хүй дарсан чулуу”, “миний тоонот” гэж газар газар өөр өөрийнхээр нэрлэж насан туршдаа хайрлан хүндэтгэж явдаг. Түүнийгээ “миний төрсөн бууц” гэж нэрлэдэг. Гурав хоногийн дараа “хүй цөглөсний” баяр хийж эцэг, эх нь шаант чөмөг чанаж идээд, шагай чөмгөө хүүдээ зориулан хадгалдаг.

Хүн өсөж өндийж нас биенд хүрээд айл гэр болон эхнэр авч хурим найр хийх үед бэрийг гал, эх, эцэг, наранд мөргүүлэх ёслол хийдэг. Ингэхдээ бэрийн хормой дээр “чулуу” тавьж бат бөх энх амгалан айлын эзэгтэй болохыг ерөөж, шагай чөмөг атгаж, шар наранд” мөргүүлдэг.

1 Сыма Цянь. Исторические записки (Ши цзи) Tom YIII. Перевод с китайского Р.В.Вяткина и А.М. Карапетьянца, комментарий Р.В.Вяткина, А.Р.Вяткина и А.М.Карапетьянца, вступительная статья Р.В.Вяткина. Москва., 2002 г. Стр. 328.

Хүний амьдрал дуусаад хорвоо ертөнцөөс явах үед “газар эхэд” өлгийдөн “чулуугаар дарж” оршоодог. Ингэж оршоохдоо ч бас хажууд нь шагай чөмөг босоогоор нь тавьж, эдэлж хэрэглэж явсан эд зүйлтэй хамт оршуулдаг. Хүний амьдралын энэ гурван үйл явдалыг хүндэтгэн үйлддэг зан үйлд чулуу, шагай чөмөг, нар эрхэмлэдэг энэ ёс Монголчууд бидний түүхэнд 4000 жилийн тэртээгээс буюу хүрэл зэвсгийн эрин үеэс эхлээд өдгөө хүртэл баттай хадгалагдсаар өдий хүрчээ.

Манай Монголын газар нутаг дээр хүнийг тусгайлан оршуулсан хамгийн эртний ёс заншил 6000-8000 жилийн тэртээд холбогдох баримт байна. Монголын зүүн хэсэгт Хэрлэнгийн эрэг дээр 8000 жилийн тэртээд эхийн умайд байгаа мэт хэлбэрээр оршуулсан шинэ чулуун зэвсгийн үеийн хүн, Эгийн голын сав нутгаас олдсон Харуулын гозгорын 6700 жилийн тэртээхи мөн л эхийн умайд байгаа мэт хурааж оршуулсан эртний оршуулгын ёс заншил, баруун Алтайн уулын бүс нутгаас “мөнххайрханы соёл” нэрээр олдсон 3500 жилийн тэртээхи оршуулгын зан үйл зүгээр нэг тохиолдолоор адилхан хэлбэртэй байгаагүй нь лавтай.

Хүн эхийн хэвлийд анх ямар хэлбэртэй байсан газар эхийн хэвлийд орохдоо яг л тийм хэлбэртэй орох ёстой гэж үздэг тэр заншил 4000 орчим жилийн турш үргэлжилжээ. Хүний нийгэм бүхэлдээ нэг хүний амьдралаар биш нэг хэсэг хүмүүсийн нийтлэг соёл, аж ахуй, түүхийг бий болгодог түүхэн үзэгдэл учраас бид хаана үүсэн бий болсон? Бидний одоогийн энэ амьдарч буй газар шороо, эх нутаг маань биднийх юм шүү гэдгээ танин мэдэхийн тулд хаанаас ирээгүй, хаашаа ч яваагүй эртний өвгөд дээдэсийг оршоосон энэ нутгийнхаа түүх-соёл, эртний уламжлалт ёс заншилаа сайтар мэдэж авах нь чухал. Аливаа улс үндэстний үүсэн бий болсон ёс заншил, хэв хууль нь Төрийн хууль цааз болж төлөвших тэр үйл явц өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэрт хэзээ эхэлсэн бэ? хэрхэн он удаан жил тасралтгүй уламжлан өнөөдрийг хүрсэн зэрэг асуудлууд бас л манай археологичдийн, түүхчдийн нэг мөр шийдэх асуудлын нэг хэвээр байсаар байна. Одоогоор Монгол улсын албан ёсны түүхэнд манай эриний өмнөх 209 онд Хүн улсын хаан ширээнд, Модун хааныг буюу шаньюйг хаан ширээнд суусан тэрхүү он цагийг Монголын төрт улс үүсэн бий болсон он цаг мэтээр бичиж түүхэн тэмдэглэлт ойг нь зуны дэлгэр цагт улсынхаа баяр наадмаараа тэмдэглэсээр байгаа. Гэвч энэ нь 1921 онд “Монголын нам, төр үндэслэн бий болсон” гэдэг хуучин түүхэн бичлэгээс нилээд ахиц гарч эртний Төрт улсын түүхээ бичдэг, ярьдаг, ойг нь тэмдэглэдэг болсон нэг том ахиц юм. Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр Төрт улс үүсэн бий болсон цагийг даруй 3500-4000 жилийн тэртээт хамааруулж үзэх боломж, түүхэн баттай эх сурвалж баталгаатай бий болоод байна. Бүр тодруулбал Монгол нутагт “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл” үүссэн он цагийг Монгол нутаг дахь анхны Төрт улсын үүслийн эхлэл, он цаг болгон авч үзэх боломжтой болоод байгаа юм.

Хүн байгалийн амьтан хэдий ч адгууснаас ялгарах гол шинж нь оюун ухаантай болсон явдал юм. Тиймээс хүн өөрийгээ энэ хорвоод мэндэлсэн цагаас эхлээд хорвоог орхих хүртлээ амьдарсан цаг хугацаагаа, орчин тойроноо мэдэхийн их хүсэлд автан хуримтлуулсан мэдлэг ухаан, оюун санааны итгэл бишрэлээ, хорвоод шинээр төрөх хүнээ угтаж авдаг ёслол, хорвоог орхин буцаж буй хүнээ үдэн явуулах тусгайлсан ёслол зэргийг үүсгэн бий болгож тэрхүү ёс заншилдаа өөрийнхээ оюуны соёлын ул мөр, цар хэмжээг бүрнээ тусгасан байдаг. Хожим нь эдгээр ёс заншилыг судалсан угсаатны зүйчид, археологичид, түүхчид хүний болон нийгмийн түүхийг бичиж эхэлсэн байна. Даян дэлхийгээр нэг тархан амьдарч буй хүмүүсийн оршуулгын зан үйлийг нэг ном болгон бичвэл хэд хэдэн боть ном болохыг таахын аргагүй, харин өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс илрүүлэн олсон эртний хүмүүсийн үлдээсэн оршуулгын ёс заншилыг хадгалсан эртний булш, хиригсүүр, бунхан зэргийг он дараалан тодорхойлон бичих аваас бид хаанаас үүсэлтэй юм бэ? хэрхэн, ямар түүхэн замналыг туулж ирсэн бэ? гэдэг нэг тойм асуултанд хариулт өгөх боломжтой болно.

Сүүлийн жилүүдэд “Сэргэлэн интернэшнал экспедици” өөрийн үйл ажилгаагаа Монгол нутаг дахь эртний түүх-соёлын дурсгалуудыг судлан суртачлах, ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх буянт үйлсийг эхлүүлээд явж байна. Монгол нутаг дахь хамгийн анхны, эртний хадны бичгийн судалгааг эрчимтэй хийсний үр дүнд Монгол улсын нутаг дээр үеийн үед оршин байсан манай эриний 6-8-р зууны түүхэнд холбогдох эртний Түрэгийн бичээс гэж алдаршсан “руни бичгийн” дурсгалыг, манай эрины өмнөх 209 оноос эхлээн Төрт улсын үүслээ тоолоод байгаа Хүн улсын үеэс эхлэн зохион хэрэглэсэн, хожмын Төрт улсууд Түрэг, Уйгурын төр уламжлан авч ашигласан гайхамшигт “хадны бичиг” болохыг тэр дундаа бидний Монголчуудын бичгийн түүхийн үндсэн эх сурвалж болохыг нотолсон олон цуврал нийтлэлүүдийг олны хүртээл болгосон2 юм. Археологичид бидний зарим талаар учрыг нь олж тайлж чадаагүй байгаа зарим нэг ёс заншилын болон утга зүйн тайлбарыг ч энэхүү хадны бичиг тодорхой бичсэн байгааг үндэслэн бид өнөөдөр Монголынхоо эртний түүхэн бодит эх сурвалжуудыг улам баяжуулан түүхээ эзэнтэй болгох сайхан боломж улам бүр нээгдэж байна.

2 “Өнөөөдөр” сонины -р дугаарууд

Хүрэл зэвсгийн эрин үеийн түүхэнд холбогдох “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл”-д хамаарах эртний нэгэн оршуулгын байгууламжийг манай Монгол улсын археологичид болон хойд хөршийн зарим археологичид “Мөнгөн тайгын соёл” хэмээн нэрлэдэг дугуй болон дөрвөлжин хүрээтэй, дөрвөн буландаа дөрвөн хөшөөтэй чулуун булшны байгууламжийг хадны бичигт байгаа үг, өгүүлбэрээс тайлбарыг олж харах боломжтой боллоо. Бидний өвөг дээдэс орчлон ертөнцийг зүг чигийн тухай ойлголтыг хэрхэн яаж ойлгож байсан тухай асуудлыг энэхүү археологийн эх сурвалжаар тайлбарлан харуулах боломж бүрдлээ. Орчин цагийн бүх археологичид аливаа археологийн дурсгалыг хэмжих, эртний ёс заншилыг тодорхойлохдоо компос, буссоль, JPS хэмээх олон төрлийн хэмжих багажийг ашиглан зүг чиг, оршин байгаа байршил, тухайн оршуулгын байгууламжийн онцлог зэргийг зэргийг тайлбарлан бичсээр ирсэн.

“Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл” бүрэлдэн бий болохдоо өөрийн нэгдсэн газар нутагтай, нэгдсэн оршуулга, тахилгын байгууламжтай, нэг ёс заншилтай, цэрэг армитай байжээ. Эдгээр гол шинж тэмдэгүүд нь дээрх соёлыг бүтээгч нар нь Төрт улстай хүмүүс байжээ гэдгийг бас давхар нотлон харуулж байна. Хиригсүүр хэмээх нэртэй асар том чулуун байгууламж мөн дөрвөн буландаа хөшөө чулуутай аль эсвэл дугуй, дөрвөлжин чулуун дараас бүхий дагалдах олон чулуун байгууламжтай байдаг. Эдгээр чулуун байгууламжууд нь тухайн зориулсан хүнийхээ нийгэмд эзлэх байр суурь, нэр төр, байгуулсан суу алдараар болон хөрөнгө чинээнээс хамааран харилцан адилгүй хэмжээтэй байх боловч ерөнхий хэлбэр дүрсийн хувьд бүгд л адилхан дугуй, дөрвөлжин хэлбэр дүрстэй байдаг. Булш, тахилын байгууламжийн дугуй, дөрвөлжин байгаагийн цаад дүрсийн бэлгэдэлийг би нэг удаагийн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ дугуй, дөрвөлжин дүрс хүний эр, эм хүйсийн ялгааг зааж байгаа болохыг тэмдэглэн хэлсэн.

Иймэрхүү дүрсийг бэлгэдэлийг Монголчууд өнөөдөр “хуримын зан үйлдээ” ашиглан залуу хосууд бие биедээ өгдөг хуримын бөгжинд тэрхүү дугуй дүрсийг “хаан сүйх” хэмээн эрэгтэй хүний бэлгэдэл болгодог бол эмэгтэй хүнийг жишүү дөрвөлжин дүрсээр бэлгэдэн “хатан сүйх” нэрлэж хэрэглэсээр байна. Археологичид бидний “Мөнгөн тайгын соёл” гэж нэрлээд байгаа эртний булшны гадуурхи чулуун өрлөг энэ зан үйлийн бэлгэдэлээр тайлбарлаж үзвэл эхний утга нь мэдээж эрэгтэй юм уу, эмэгтэй хүнд зориулсан булш байна гэдгийг шууд таних боломж олгож байна. Дээр нь энэхүү чулуун булшинд дөрвөн талд нь босгосон хөшөө чулуу нь эртний хадны бичигт өгүүлсэн “булан” гэсэн ойлголтыг буюу эртний хүмүүсийн зүг чигийн тухай ойлголт, ухагдахууныг үнэн зөв тайлбарлан гаргаж ирэх боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, монголчууд “нүдний булан” гэж ярьдаг, энэхүү нүдний булан гэдэг ойлголт нь хүн өөрөө зогсож байгаа байрнаасаа хорвоо ертөнцийг болон аливаа зүйлийг харах харааны баруун, зүүн хязгаарын хэмжээг зааж байна. Энэ утгыг дээрх чулуун булшны дөрвөн буланд байх хөшөө чулуу бүрэн илэрхийлж байна. Тэгэхээр бидний “хиригсүүр” гэж нэрлээд байгаа хүрэл зэвсгийн эрин үеийн томоохон чулуун байгууламжийн дөрвөн буланд хөшөө чулуу болон чулуун тахилын байгууламж яг энэ утгыг илэрхийлээд зогсохгүй бидний “Мөнгөн тайгын соёл” гээд нэрлээд байгаа археологийн дурсгал “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл”той нэг үеийн, нэг угсаа соёлтой хүмүүсийн бүтээсэн дурсгал болох нь тодорхой болж байна. 

Яг энэхүү “нүдний булан” гэдэг ойлголтын голд төв цэгт нь нар ургах зүг таардаг учраас ихэнхи хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн дурсгалуудын хандуулан тавьсан үндсэн зүг чиг нь орчин үеийн бидний ойлголтоор зүүн зүгт буюу нар ургах зүг рүү хандсан байдаг. Хадны бичигт дурьдсанаар өмнө зүг гэдэг ойлголт бол нар мандах зүгийг хэлдэг бөгөөд өнөөдрийн манай Монголчуудын дунд баруун аймгийнхан тухайлбал Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг бүх баруун аймгийнхан өнөөдөр “Улаанбаатар руу явсан” гэж хэлэхийг “урагшаа явсан” гэж ярьж, хэлсээр байна. Гэтэл өнөөгийн ертөнцийн зүг чигийн тухай ойлголтоор бол баруун аймгуудаас, улсын нийслэл Улаанбаатар хот маань зүүн зүгт оршиж байгаа юм.

Хүрэл зэвсгийн эрин үеийн эртний булш, буган чулуу хөшөөнүүд, тэдгээр дурсгалуудын эзэнд зориулан хийсэн хойлоглосон адууны толгойн хандуулж тавьсан зүг чиг нь зүүн тийшээ буюу нар ургах зүг рүү хандуулан тавьсан байдаг нь эртний өмнө зүг гэдэг ойлголт нь нар ургах зүг буюу өнөөгийн зүүн зүгт байжээ.

Зүлдний тахилга гэж юу вэ? Энэ зан үйл яагаад өдгөөгийн Монголчууд бидэнд маш чухал үл мартагдах зан үйл болж уламжлагдаж ирсэн бэ? гэдэг асуултын хариуг та бүхэнд хүргэе. Зүлд гэдэг нь аливаа амьтаны толгой, аман хүзүү, хатан хүзүү, богино хавиргануудын хамт зүрх, уушиг, улаан хоолой, элэг, бөөр, дэлүү зэрэг таван цул эрхтэн, арьс, дөрвөн туурай, шийрний хамт байхыг хэлдэг. 

Энэ нь аливаа ёслол зан үйл хийхээд тухайн зориулсан хүндэтгэл, оршуулгын зан үйл, тайлга тахилганд бүтэн амьтанаар өргөл өргөж буйн нэг хэлбэр юм. Энэ зан үйлийн хэлбэрийг хүрэл зэвсгийн эрин үеэс эхлэн, хожмын бидний Монголчууд буддын шашин хүлээж авах хүртэл тасралтгүй хэрэглэсээр ирсэн төдийгүй, уул овооны тайлга, тахилгандаа үл мартан уламжлан хэрэглэсээр өдий хүрчээ. Та бүхэн сайн санаж байгаа байх. 

“Цогт тайж” хэмээх түүхэн туульсын кинонд Лигдэн хаан таалал төгсөхийн өмнөх хэсэгт “адууны зүлдний тахилга” олныг хийж тавьсан байаг дүрсийг, тэр бол хуучнаа сайн мэдэж байсан 1930-1940-өөд оны сэхээтнүүдийн кино урлагийн дүрсэнд мөнхлөн үлдээсэн баримтын нэг. Тэгэхээр эхний үед хүрэл зэвсгийн эрин үед “хиригсүүр” хэмээх булш, “Буган чулуун хөшөөний тахилга”-нд зориулан адууны зүлдний тахилга хийхдээ яг энэ зарчимаар адуун толгой, хүзүүний бүтэн яс, дөрвөн туурайг, таван цул эрхтэнийг, арьс ширтэй нь дөрвөн туурайтай хамт, дугуй хэлбэрээр тойруулан тавьсан чулууны дунд, дөрвөн туурайг нь адуунд байх зөв хэлбэрээр нь дэвсэж тавиад, дээр нь таван цул эрхтэн, толгой, хүзүүг давхарлан тавьж, чулуугаар дарж орхидог байжээ. Энэ зан үйл хүрэл зэвсгйн эрин үеийг шууд залган авсан Хүннүгийн үед буюу Хүн төр улсын эрин үед оршуулгын зан үйлд мөн уламжлан хэрэглэхдээ зөвхөн адуу бус үхэр, хонь, ямааны зүлд болгон улам баяжуулан хэрэглэх болжээ.

Оршуулга, тайлга, тахилгын зан үйлийн үеийн үед дамжуулж, уламжлан хэрэглэсээр байсан энэ зан үйл бидний Монголчуудын өнө эртний түүхэн соёлын нэг бөгөөд бид эдгээр үл мартагдан хэрэглэсээр ирсэн зан үйлдээ тулгуурлан эртний угсаа гарвал, түүх соёлынхоо үргэлжилсэн он цагийг баттай хэлэх бүрэн эрхтэй болж байгаа юм.

Оршуулгын зан үйлийн хамгийн чухал үйлдэл бол тухайн нас барсан хүнээ газар нутагтаа оршоох ёс юм. Хүрэл зэвсгийн эрин үед нас барсан хүнээ газар нүх ухаж булахгүйгээр шууд газар дээр тавьж, хүнээ тойруулан чулуун хайрцаг, хана хашлага хийн, түүнийгээ таглан дээр нь чулуун овоолон одоо бидний нэрлээд байгаа энэ”хиригсүүр” хэмээх булш, мөн “Мөнгөн тайгын соёл” хэмээн нэрлээд

байгаа булшнуудыг хийж тавьдаг байж. Энэ хоёр хэлбэрийн булш бидний ярьж бичээд байгаа Төрт улсын хууль цааз, ёс заншил, шүтлэг бишрэлд тулгуурлан ихэс дээд, язгууртан, жирийн ард иргэдийнх гэж зориулсан эзнийхээ хэргэм зэрэг, зиндаагаар хэмжээ дамжаа, хэлбэр төрх, тайлга тахилгын хэмжээ харилцан адилгүй хэмжээгээр хийгдэх болжээ. Чухам энэ үеэс эхлээд оршуулгын ёс заншил, тайлга тахилгын ёс заншил хоёр өөр газар тусдаа хийгдэх болсон ба өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүрэл зэвсгийн эрин үеийн бүр тодруулан хэлбэл 4000-3500 жилийн тэртээгээс эхлээд Төрт улсын газар нутагт өөрийн гэсэн хууль цааз, ёс заншил баттай тогтсон учраас энэхүү нэгдсэн “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл”-т Төр улсын газар нутгийн хэмжээг энэ төрлийн археологийн дурсгал оршин байгаа газрын хэмжээгээр, тархалтаар нь тухайн цагийн Төрт улсын хил хязгаарыг тодорхойлон авч үзэх бүрэн үндэстэй юм. Мэдээж өнөөдөр энэ төрлийн археологийн дурсгал өнөөдөр манай улсын хилийн чанадад ч байгаа, өнөөгийн хил хязгаар бол түүхэн хил хязгаар бус, ХХ зууны дунд үеэс өнөөгийн “Их гүрнүүд” гэж нэрлээд байгаа улс орнуудын улс төрийн зохион байгуулалтаар бий болсон хил хязгаар гэдэг нь тодорхой.

Төрт улс гэж юу вэ? Бид нэг хэсэг “...төр гэдэг бол нэг ангиас нөгөө ангиа дарангуйлж байх машин юм...” гэж марксизм-ленинзмын онолоор ойлгож итгэж үнэмшиж ирсэн. Гэтэл өдгөө Төрт улс гэдэг ойлголт “... нэгдсэн газар нутагтай, нэг соёлтой, цэрэг армитай, шүүх засаглалтай...гэх мэт хэд хэдэн тодорхой шинж бүхий улс төрийн нэгдмэл цогц зүйл болжээ. Эдгээр шинжээр нь аваад үзвэл “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл” бол нэгдсэн нэг газар нутаг байна уу? байна, нэг соёл байна уу? байна. Цэрэг арми байна уу? байна. Засаглалын хэлбэрийн тухай нь чухам ямар байсныг бид өнөөдөр баттай эх сурвалжаар хэлэх боломж байхгүй боловч Буган чулуун хөшөөн дээр дүрсэлсэн бүс, түүнээс агссан зэр зэвсэг, сэлэм, жад, бамбай, нум сум, уг хөшөөний эзэн цэрэг армийн удирдан чиглүүлэгч гол төлөөлөгч мөн болохыг, мөн хүйсээр ялган зэр зэвсэг үгүй “бүсгүй хүн” дүрсэлсэн буган чулуун хөшөөг бүтээсэн зэргээр нь нэгдсэн соёл, цэрэг армийн шинж тэмдэг, төрт ёсны уламжлалыг бий болгосон болохыг хэлж чадах байна.

“Буган чулуун хөшөө хиригсүүрийн соёл”-ыг бүтээсэн Төрт улсын оршуулга, тайлга, тахилгын соёл хэрхэн яаж өөрчлөгдөв? Энэхүү соёлыг бүтээсэн Төрт улсыг залган авсан Хүннү нар буюу Хүн төрт улсын соёл хэрхэн бүрэлдэв? Оршуулга, тахилгын зан хэрхэн яаж өөрчлөгдөв? Энэ өдгөө түүхчид, археологичдийн хамгийн их сонирхолыг татсан асуудал бас ч үгүй Монголчууд бидний угсаа гарвал, соёл түүхийг эрт цагаас үүсэлтэйг батлан харуулах гол үндсэн эх сурвалж болохын хувьд түүхэн судалгааны нарийн арга зүй шаардсан ажил юм.

Одоо бид хөрш Хятад улсын эртний түүхэн бичгийн эх сурвалжийн мэдээгээр ойролцоогоор манай эрины өмнөх 4-р зууны үед Хүннү улс буюу Хүн төрт улс бүрэлдэн бий болж, хүчирхэг улс болсныг багцаалан мэдэж байна. Бидний өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүннү нарын үлдээсэн археологийн дурсгал аймаг, сум болгоны нутаг дэвсгэр дээр төрөл төрлөөрөө байна. Бүр тодруулбал эртний булш, хот суурингийн үлдэгдэл, хадны зураг, бичиг гэх мэтээр.

Энэ удаа бид харьцангуй нилээд сайн судалсан эртний Хүннү нарын оршуулгын зан үйл, түүний хэлбэрийн талаар товч дурдъя. Өмнөх хүрэл зэвсгийн эрин үеэс хүннү нарын оршуулга, тайлга, тахилгын ёс хэлбэрийн хуьд бага зэрэг өөрчлөгдсөн боловч зан үйлийн үндсэн хэв маяг өөрчлөгдсөнгүй, харин ч баяжин төгөлдөржсөн гэж үзэж болно.

Энэ Төрт улсын өөрийнх мөн чанараас хамааран тухайн Төрийн эзэн хаан буюу шаньюйн тогтоосон хууль цааз, төрийн их шүтээн, шүтлэг бишрэл өмнөх үеийн Төрт улсын хууль цааз, шүтлэг бишрэл хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн зэрэгтэй холбон тайлбарлаж болно.

Нас барсан хүмүүсээ хүндэтгэн нөгөө ертөнцөд илгээх тэр зан үйл нэг соёлтой, нэг угсаа гарвалтай хүмүүсийн хувьд нэг нь нөгөөгөөсөө ялгарах гол үндсэн шинж мөн боловч өмнөх соёлоосоо, огт өөр шинэ зүйл бий болгох боломж байдаггүй. Учир нь төрт ёс, хууль цааз өөрчлөгдөж байгаа хэдий ч түүнийг залган авсан хүн ард, аж ахуй төдийлэн эрс өөрчлөгдөх үзэгдэл болж байгаагүйг өнгөрсөн бүхий л үеийн түүх харуулж байна. Газар нутгаа солиогүй, эрхлэж байсан аж ахуйгаа өөрчлөөгүй тохиолдолд тухайн ахуйгаас үүдэлтэй шүтлэг бишрэл, газар нутагтайгаа харьцаж байсан эртний ёс заншил нь дараа дараагийн Төрт улсад гадна хэлбэрээ төдийлэн ноцтойгоор эрс өөрчлөхгүйгээр баяжуулан уламжлан аваад ирсэн байна.

Хүннү нарын оршуулгын зан үйлд гарсан нэг томоохон өөрчлөлт бол нас барсан хүнээ газрын гүнд оршуулан тавих ёс юм. Хүрэл зэвсгийн эрин үед хүнээ газар дээр нүх ухахгүйгээр тавьж чулуугаар тойруулан хана хашлага өрж, дээр нь чулуу овоолон оршуулж байсан бол Хүннү нар жирийн иргэдээ, хаад язгууртанаа газрын гүнд тусгайлан нүх ухаж, мод дүнзээр тусгайлсан бунхан үйлдэн түүн дотроо оршуулгын зан үйл, тайлга тахилгын ёслолоо хамтдад нь нэг дор хийдэг болсон байна.

Оршуулгын зан үйлийг мөн л аливаа Төрт улсын ёсонд байдаг тухайн нас барсан хүний нийгэмд эзлэх байр суурь, зэрэг зиндаа, байгуулсан суу алдар зэрэг олон шалгуураар гаднах болон дотоод байгууламжийг нь хэлбэрийн хувьд том, жижиг, тайлга тахилга нь их, бага хэмээн ялгаатай хийх болжээ.

Хүннүгийн оршуулгын зан үйлийн эртний Хятадын түүхэн бичгийн эх сурвалжид тэмдэглэхдээ “...Талийгаачид авс, алт, мөнгөн хувцас өмсгөнө. Мод босгож бэлэвсрэлийн хувцас өмсөхгүй. Ойр дотно сайд түшмэд, хатадыг нь дагуулан оршуулна. Хэдэн мянга зууд хүргэн оршуулах нь буй...”3 хэмээжээ. Хэдийгээр хэдэн зуунгаар хүн дагуулан оршуулсан эртний Хүннүгийн оршуулга манай Монгол улсын нутгаас олдоогүй байгаа боловч Хүннүгийн хаад язгууртны оршуулгын дурсгал бүхий Гол мод, Гол мод-2 зэрэг газруудаас илрүүлэн олж судалсан Хүннүгийн хаадын булш 12-30 гаруй хүнийг зориудаар алж дагуулан оршуулсан зан үйлийн ёс маш тодорхой мэдэгдэж байна. 

Хүрэл зэвсгийн эрин үеийн оршуулга, тахилгын зан үйлээс ялгарч мэдэгдэх хэлбэр нь хүнээ оршуулах болон тайлга тахилга хийх зан үйлээ газрын гүнд, оршуулгын нэг нүхэнд хамтад хийх болсон явдал юм. Жирийн иргэдийн булшийг мөн газрын гүнд 2,5-6 метрийн гүнтэйгээр ухаж оршуулахдаа нүхэн дотор нь нимгэн банзаар оршуулгын авс хийгээд түүнийгээ мод, чулуугаар тусгаарлан хана хашлага хийж, тахилын савыг оршуулгын нхүний дээд хэсэгт буюу толгойн дээд талд зориудаар хонхойлгон ухаж тусад нь хийж тайлга, тахилгын зан үйлээ гүйцэтгэж байжээ.

3 Сы Ма Чянь. Түүхэн тэмдэглэл. Хүннүгийн шастир. Орчуулан тайлбар хийсэн Ба.Батжаргал. УБ., 2016 он. 49-р тал

Тахилын саванд хойлоглох адуу мал нь адуунаас гадна үхэр, хонь, ямаа зэрэг бод, бог малуудаар зүлдний тахилгыг хамтад хийж тавихдаа, хоол хүнсний зориулалттай тогоо, сав суулга, идээ будааг цуг дагалдуулан хийдэг болсон байна.

Оршуулгын нүхэн дотроо нас барсан хүнийхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, гоёл чимэглэл, зэр зэвсгийг хамт дагалдуулан тавьдаг ёс дэлгэрчээ. Хүннү нарын хаад, язгууртны оршуулгын зан үйлд өөр шинээр нэвтэрсэн байгууламжийн хэлбэрийн өөрчлөлт бол эртний Хятадын Хан улсын хаадын оршуулгын зан үйлд өргөн хэрэглэж байсан асар гүн, алсаас налуу зам гарган ордог оршуулгын нүхний хэлбэр юм.

Энэ нүхэн дотроо нүсэр том дүнзэн бунхан хийж, дотроо гурван тасалгаа хийн, хүнээ авсан хийж тавих нэг тасалгаа, эд зүйлээ дагалдуулан тавих нэг тасалгаа, хойлоглон дагалдуулсан сав суулга, идээ будаа хийх нэг тасалгаа гэсэн гурван тусдаа тасалгааг дүнзэн бунхан дотроо тусгайлан үйлддэг байжээ. Хүннүгийн хаад язгууртаны бунханы ийм тогтсон дэг ёс, зохион байгуулалт Монгол улсын нутаг дэвсгэр хийсэн хүннүгийн хаад язгууртны булш бүхий Хануй голын сав нутаг дахь Гол мод-2, Хүнүй голын сав нутаг дахь Гол мод, Хараа голын сав нутаг дахь Ноён уулын булш, Алтайн нурууны бүс нутаг дахь Тахилтын хотгор, тал хээрийн зүүн бүсийн нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгаагаар бүрнээ батлагдсан болно. Хүннү нарын хэрэглэж байсан энэхүү оршуулгын зан үйл 400-500 жил орчим хэвээр байж байгаад Түрэг, Уйгурын төрт улсын үед дахин асар том өөрчлөлтөнд оржээ.

Учир нь Түрэг, Уйгур төрт улсууд шинэ улс мэт боловч хүн амын үндсэн бүрэлдэхүүн, аж ахуйн үндсэн хэлбэр өөрчлөгдөөгүй хэвээр байсан юм. Харин яагаад оршуулгын зан үйлд гэнэтийн өөрчлөлт оров оо? Энэ нь шинэ тулгар бий болсон Түрэг төрийн хууль цааз, шашин шүтлэг, Уйгур төрийн хууль цааз, шашин шүтлэгт гарсан өөрчлөлттэй холбоотой зан үйлин өөрчлөлт бололтой. 

Тухайлбал, өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр өөрийн Төрт улсаа байгуулсан Түрэг, Уйгур улсууд нь тухайн цагийнхаа “манихейн” шашиныг хүлээн авсан, хөрш зэргэлдээ хүчирхэг оршин байсан эртний Хятадын Тан улстай улс төр эдийн засгийн харилцаатай байсан зэргээс үүдэн өмнөх үеийн хүрэл зэвсгийн эрин үеийнхэн, Хүннү нарын бөөгийн шашинтай байх үеийн ёс заншил өөрчлөгдөн оршуулга, тайлга тахилгын ёс зан үйлд нь эрс өөрчлөлт оржээ. Тухайлбал Түрэг, уйгуурын төрт улсуудын үеийн хаад язгууртны оршуулгын байгууламж хэдийгээр газрын дор бунхан хийх ёс хэвээр мэт боловч бунхан дотор гүйцэтгэсэн оршуулгын зан үйл нь нас барсан хүнээ шатаан чандарлах ёсыг хийх болжээ.

Түүнчлэн тайлга, тахилга хийх ёс нь оршуулгын зан үйлээсээ өөрөөр хүнээ оршуулсан газраас нилээд зайтай алсын бараа харагдах тэнүүн голын сав хийгээд, дэнж дэвсэг газар гэрэлт хөшөө босгон, тахилын сүм босгон жил бүр тахилга хийх болсон бололтой. “Манихейн шашины ёсоор нас барсан хүнээ шатааж чандарлах нь “...хүний сүнсийг дахин эргэж, хурдан төрөхийн...” бэлгэдэл хэмээн үздэг ёстой холбоотой хийдэг зан үйл бололтой байна. Түрэг, Уйгурын жирийн ард иргэдийн оршуулгын зан үйл харин өмнөх үеийн оршуулгын зан үйлээ хэвээр хадгалан газар нүх ухан, нас барсан хүнээ толгойг нь баруун хойд зүг хандуулан, унаж явсан морины толгойг нь зүүн урагшаа хандуулан хамтад оршуулж тавьдаг зан үйлтэй байжээ. Ийнхүү Түрэг, Уйгурын хаад язгууртны хийгээд жирийн иргэдийн оршуулгын зан үйл хоёр өөр хэлбэрээр хийгдэх болсон нь Төрт улсын хууль цааз, ёс заншилд гарсан онцгой өөрчлөлтийн нэг гэж үзэж болохоор байна. Харин жирийн ард иргэд өөрсдийн аж ахуй, эртний уламжлалт шүтлэг бишрэлээ хэвээр хадгалж байсан учраас “бөөгийн шашины” ёсоор газар нүх ухан хүнээ оршуулах ёс заншилаа хэвээр хадгалж байжээ.

Монголын эзэнт улсын эрин үед хэрэглэж байсан оршуулгын зан үйл өмнөх төрт улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгурийн оршуулга, тайлга, тахилын зан үйлээс уламжлан авсан хэлбэр ч бий, өөрчлөн шинээр үүсгэн хэрэглэсэн зан үйл ч бий. Ерөнхийдөө Монголчуудын оршуулга, тайлга, тахилгын зан үйл нь Хүрэл зэвсгийн эрин үеэс эхлэн Хүннү нарын уламжлан авч хэрэглэж байсан оршуулга, тайлга, тахилгын зан үйлийн хэвээр нь шахуу өөрийнхээрээ баяжуулан авч хэрэглэсэн байна. Жишээ нь: жирийн иргэдийн оршуулгын зан үйл өмөнх үеийнхээ жирийн иргэдийн оршуулгын зан үйлтэй адил шинжтэй байхад хаад язгууртны оршуулгын зан үйл, харин Хүннү, Түрэг, Уйгур төрийн хууль цаазын ёс заншилыг залгамжлан авсан шинжтэйгээр “бөөгийн шашины” зан үйлээр оршуулга, тайлга, тахилгын зан үйлийг хэрэглэж байжээ.

Монголын хаад язгууртны оршуулгын зан үйлийг ихэд чанадлан нууцлаж, “ихэсийн газар” хаа байгаа тодорхойгүгээр оршуулгын зан үйлийг хийж ирсэн бол, тайлга тахилга хийдэг газар нь хүн чулуун хөшөө босгон жил бүрийн намар, хаврын тодорхой өдөр тайж тахидаг ёсыг үйлдэж байжээ. Энэ тухай “Монголын Нууц Товчоо” түүхэн бичгийн эх сурвалжийн 2-р бүлгийн 70-р зүйлд “...Тэр хавар Амбагай хааны хатад Өрбэй, Сохатай жирин иэхсээ газраа тавиг тайлга гаргасанд...”4 хэмээн энэ зан үйлийг маш тодорхой өгүүлсэн байна.

Хэдийгээр өнөөдрийн археологийн судалгаагаар Монголын их хаадын оршуулгын зан үйлийг бүрнээ тодорхойлон гаргаж чадаагүй боловч “Ихэсийн газарт” очин тайлга тахилга хийдэг газрууд бол өнөөгийн манай Монгол улсын Сүхбаатар, Дорнод аймгуудын нутагт тархан байрлан 13-р зууны үеийн хүн чулуун хөшөө бүхий газрууд байсан нь дамжиггүй. 13-р зууны үеийн хүн чулуун хөшөө бүхий дурсгалт газар явуулсан археологийн судалгаагаар хүн чулуун хөшөөний дэргэд чулуун дараас бүхий газар адуу малын мах ясаар өргөл өргөж байсан боолохыг илтгэн харуулсан5 судалгааны эх сурвалж бий.

4 Монголын Нууц Товчоон. – Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. УБ., 2006 он. 35-36-р талд

Аливаа Төрт улс өөрийн хууль цааз, ёс заншилыг өөрийн эзэмшил нутаг орондоо ёсчлон дагаж сахиж байхыг шаардаж байсантай нэгэн адил өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин байсан эртний Төрт улсууд өөрийн тогтоосон хэв хэмжээ, ёс заншилыг оршуулга, тахилгын зан үйлдээ баттай хадгалан үлдээж, бидний үед өвлүүлэн ирсэн өдгөө бидний түүхээ нэхэн судлах судалгааны гол үндсэн эх сурвалж болж байгаа юм.

Монгол нутгаас илэрч олдоод байгаа эртний булшны оршуулгын зан үйл юу харуулж байна вэ?

1-р нас барсан хүнээ оршуулах газар сонгох ёс. Нар ээсэн энгэр газар, уул дэрлүүлэн байрлуулах энэ ёс заншил хэзээ ч өөрчлөгдөөгүй,

2-рт энэ нутагт амьдран сууж байсан эртний хүмүүс бэлчээрийн мал аж ахуйг үеийн үед хэрэглэж байсны ул мөр оршуулгын зан үйлд дагалдуулсан хамгийн гол зүйл, мал аж ахуйн үндсэн төрөл хонь, адуу, үхэр, ямааг хойлоглох ёсонд ашиглах нь бараг хууль болсон.

3-рт чулууг оршуулгын зан үйлд хэрэглэх нь хэзээ ч үл өөрчлөгдсөн маш эртний ёс зан заншил байсан өдгөө ч байгаа

4-рт оршуулгын зан үйлд зориулж хөшөө босгох зан заншил хүрэл зэвсгийн эрин үеэс эхлээд, өнөөдөрийг хүртэл огт мартагдаагүй.

5 Д.Баяр. Дорнод Монголын хүн чулуун Монголын дундад үед холбогдох нь. Археологийн судлал. Tom.XII, Fasc.1. УБ., 1987 он. 110-178-р талд

Эртний хүмүүсийн оршуулгын зан үйлд 3500 жилийн тэртээгээс жирийн иргэдийн, хаад язгууртаны оршуулгын зан үйл гэж гадаад хэлбэрийн болон дотоод

хэлбэрийн ялгаа өөрчлөлт гарсан нь үнэн боловч, тэр нь дагалдуулан тавьсан эдийн соёлын их багын ялгаа, хойлоглосон малын тоо толгойн ялгаа гарч байсан болохоос ёс заншилын ялгаа гарч байгаагүй юм. Тийм учраас бид энэ эх болсон Монгол нутгаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүйн баталгаа нь эртний булш, хиригсүүрийн дурсгал буюу эртний оршуулгын зан үйл юм.

Битигч Хатагин овгийн Диймаажавын Эрдэнэбаатар.

Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч, профессор,

Өмнөх нийтлэлийг 1 2 3 4 6 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 дарж уншина уу...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 

Эх сурвалж:
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122Зочин   • 1 сарын 28. 16 цаг 11 минут

Хувьсгал гэж бичих шаардлаггүй агуулга өөр Хувьсал өөрчлөлт гэж бич сэтгүүл нар хамгийн хямд толгойтой улс шиг

Шинэ мэдээ

НӨАТ: 5 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо8 цаг 36 минутын өмнөАТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс2 сар 17. 15:00Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ2 сар 17. 14:50“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна2 сар 17. 14:40Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт2 сар 17. 14:30Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ2 сар 17. 14:20“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна2 сар 17. 14:10Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв2 сар 17. 14:00Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа2 сар 17. 13:30Комьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга2 сар 17. 13:00Халуун ногооны түүхээс2 сар 17. 12:30Бойтог цэвэрлэх хялбар арга2 сар 17. 12:00Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 сар 17. 11:45НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 сар 17. 11:30Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 сар 17. 11:15Өнөөдрийн зурхай2 сар 17. 11:00Цаг агаарын мэдээ2 сар 17. 10:00Обервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ2 сар 17. 9:55ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.