2019 оны 1-р сарын 30
15 цаг 56 минут

Цэдэндоржийн Оюунбат: “Хүйтэн”



Цагаан сар болох гээд хөдөөний айл бүхэн бууз, мах, тавгийн идээгээ бэлтгэх гээд нүсэр ажилтай байв. Хонь малаа хариулах, гэр орноо дулаахан байлгах, үр хүүхдүүдээ өсгөх гээд малчин айлын ажил хэзээ ч дуусдаггүй ундарч байдаг хэцүү ажил. Энэ жилийн цагаан сар эрт эхлэхээр таарч байгаа ч цан хүүрэг татуулсан хүйтэн жавар арилж, урин цаг ирэх хаа ч байсан юм гэмээр тэсгим хүйтэн өвөл ажээ. Хүн байтугай адгуус хүртэл энэ хүйтэнд халширмаар, өлсгөлөн ходоодтой чоно үүрэндээ хоншоороо цавиныхаа завсраар хийн цагираглан хэвтэхүйд ганц үмх мах нүдэнд нь харагдан ходоодыг нь хонхолзуулж, хөлдүү газар элгэн доороос нь жиндүүлэхүйд аяархнаар ган хийн гасалмаар аядана. Харин хоточ банхар алсын чимээ чагнаархан хааяа нэг хөв хөв хийлгэн саахалт айлын нохдын хэл чимээ хариу ирэхийг түрдээ хүлээзнэнгээ гэрийн эзэгтэй хоолны идүүрт нь хэзээ хоол авчирч хийх бол гэж горьдосхийн гэрийн намхан хаалгыг хааяадаа ажиглана. Хонь малаа хотлуулж, өдрийн хоолоо идэцгээчихээд гал нь сайхан дүрэлзэн асч байсан зуух руу нэмж хэдэн түлээ хийхүйд эсгий гэр дотор пүн хийсэн халуун болж ирэв. Энэ үед гэрийн эзэн эзэгтэй хоёр тэднийхээс хэдхэн километрийн зайд орших танилындаа очихоор яаравчлав. Өглөөхөн саахалт айлаас нь бууз баншаа хийх талаар хэл дуулгасан байж. Тиймээс ч эртхэн очиж бууз баншийг нь хийлцчихээд хурдхан гэртээ эргэж ирнэ гэж яарцгаажээ. Энхжин охин энэ жил 7 настай бөгөөд бага сургуульд сурч байгаа ч амралтаараа гэртээ ирсэн байлаа. 
“Аав аа, та хоёр хаачих гэж байгаа юм?”
“Миний охин дүүгээ хараад томоотой байж байгаарай, гадагшаа гарч хүйтэнд даарч болохгүй шүү, аав ээж нь Нямаа ахынх нь буузыг хийлцэж өгчихөөд хурдан ирнэ, за юу.”
“Би ч бас цуг явъя л даа. Очиж Анутай тогломоор байна” гээд Энхжин хошуугаа цорвойлгов.
“Тийшээ та хоёрыг аваад явбал ирж очих гэсээр байтал хамаг цаг явчихна, дулаахан гэртээ хоол ундтай байж байсан нь дээр байх аа, миний охид.”
Ингэснээр аав охины яриа дуусч, аав нь хөдөө гадаа явахдаа өмсдөг хуучин дээлээ өмсөөд гэрээс гарахад ээж нь мөн хойноос нь дагав. Нэг нэг морин дээрээ мордож аваад ташуур нэмэн зүүн урд зүгийг чиглэн хөдөллөө. Энхжин доороо нэг дүүтэй бөгөөд Энхзул гэх охин таван настай юм. Хоёрхон насны зөрүүтэй эгч дүү хоёр гэрт ч, гадаа ч цуг явах бөгөөд Энхжин эгч хүн гэсэндээ ганц дүүдээ тун ч их хайртай, загнах нь битгий хэл муухай ч хардаггүй, байнга л эрхлүүлэн цугтаа тоглож, нарийн нандин амттангаа ч хуваан иддэг ажээ. Дүү нь холдон одож буй аав ээжийнхээ араас гэрийн модон хаалгыг онголзуулан харахад тэртээ цаана бүртэлзэн улам холдож буй дүр зураг үзэгдэхэд, “Хаалгаа хаа, миний дүү. Гэрт хүйтэн ороод байна” гэж эгч нь хэлэв. Бяцхан охин ч эгчийнхээ үгэнд орон хаалгыг татан хаагаад эргээд эгчийнхээ хажууд суухаар зүүн ор руу мацан гарав. 
“Эгч ээ, аав ээж хэзээ ирэх бол? Ану гэртээ байгаа болов уу?”
“Ээж аав нь удахгүй ирнэ. Ану гэртээ байгаа л байх” хэмээн Энхжин харамсангуй хэлэв. Нямаа ахын охин болох үе тэнгийн Анутай тоглож чадахгүйдээ харамссаар л байв. 
Охидын аав ээж нар зорьсон айлдаа мөдхөн ирж, тэднийг барааны газраас угтан ирж давхих, дөрвөн нүдтэй нохойг жов гэж хөөж туусаар гэрийн хаяанд ирж, “Нохой хорь оо” хэмээхүйд, гэрээс Нямаа гэх намхан хар хүн гарч ирээд нохойгоо хүзүүвчнээс нь барин тогтоож, гэр рүүгээ эхнэр нөхрийг оруулав. 
“За та хоёр минь ашгүй хүрээд ирлээ. Эхнэр бид хоёр эрвийх дэрвийхээрээ хөдлөөд байгаа ч ажил барагдахгүй юм. Алив дүү тэр буузны мах тат” гээд гэсч эхэлсэн өөх нь алагласан том махыг Дэндэвийн өмнө тавьлаа. 
“Байж бай л даа чи, энэ хүмүүст цай цүй амсуулаадахъя. Орж ирэв үү, үгүй юу гарт нь том заазуур бариулчих юм” гэж Нямаагийн эхнэр үглэсээр Дэндэв болон эхнэр нь болох Хандаад сүүтэй цай аягалан бариулав. Бээлийгүй гараад ирснээс бээрсэн гараа халуун аяганд наан дулаацуулж оочиж дуусаад, Дэндэв том түмпэн дүүрэн мах татах, Хандаа гурил зуурах ажилд томилогдон ханцуй шамлан орлоо. Өглөөгүүр бага зэрэг үүлтэй байсан тэнгэр үдээс хойш гэхэд нэлэнхүйдээ саарал үүлээр халхлагдан бага зэргийн цас ганц нэгээр хаялж эхэлжээ. Тооноор тэнгэрийн байдлыг ажсанаа Хандаа гэртээ үлдээсэн хоёр охиндоо санаа зовж,
“Нөгөө хоёр маань гайгүй байгаа, Дэндэв ээ?” гэхэд,
“Гайгүй байлгүй дээ. Дулаахан гэртээ хоол ундтай л байгаа шүү дээ” гэж тайвшруулахад Хандаа түр амсхийжээ. Зургуулаа буузнуудаа хийсээр нэг л мэдэхэд мянган бууз хүргэхийн алдад гадаа салхины эрч ширүүсч шуурч эхэлсэн байв.

Энхжин дүүтэйгээ гэрийнхээ хоймрын авдарны наана шагай асган наадах бөгөөд морь уралдуулж тоглоно. 
“Аниа, аниа энэ миний уралдуулж байгаа морь ээжийн унадаг хонины номхон морь, тийм ээ?”
“Тийм ээ, миний дүү. Харин эгчийнх нь уралдуулж байгаа морь бол Нямаа ахын адуун сүргийн манлай халтар азарга байхгүй юу. Азарга юм чинь түрүүнд нь давхиж байгаа биз дээ?” гэснээ шагайгаа хаян, гурван морь буулгаад хоёр дахиа түрүүлж орхив. 
“Өө больё, больё. Би тоглохоо болилоо. Таны морь дандаа түрүүлж байх юм. Би өлсөөд байна” гэж Энхзулыг тунирхангуй хэлэхэд,
“За хоёулаа өдөр ээжийн хийж өгсөн хоолоо идье дээ” гээд зуухны таган дээр жижиг хоолны савыг тавьж халааж эхлэв.
“Би бууз л идмээр байна. Нямаа ахынд гоё бууз хийж байгаа байх даа” гэж дүү нь шүлсээ залгин шал өөр зүйл бодож байгаа нь илт. Энэ үед найз Анутайгаа тоглох хүсэл нь оргилсоор байсан Энхжин охинд нэгэн санаа төрөв.
“Би ч уг нь түрүү зун ээжтэйгээ цуг наашаа цаашаа зөндөө явж байсан. Ойрхон юм байна лээ, тэр модтой жижиг уулыг чиглээд явахад болно л доо” гээд түр эргэлзэн чимээгүй болохуйд,
“Та мэддэг юм бол хоёулаа аав ээжийн араас очъё л доо. Гоё доо, гоё доо” хэмээн дүү нь жигтэйхэн баярлан алгаа ташин доороо дэвхцэв. Дүүгээ баярлан хөөрч байгааг хараад бас ч гэж өөрт нь чамгүй итгэл нэмэгдсэн Энхжин охины дотор өөрийгөө хүний том эгч болсон шүү дээ гэсэн бодол орж ирлээ. Тиймээс ч дахиж хоорондоо ярих зүйл үлдсэнгүй. Дүүдээ болон өөртөө зузаан өмднүүд давхарлан, ноосон цамцныхаа гадуур оройн сэрүүнд өмсдөг курткануудаа авав. Ингээд л гэрийнхээ хаалгыг гаднаас нь сайн хааж аваад тэртээ алсад харагдах модтой уулыг чиглэн хоёр бяцхан охин чиглэн алхаж эхлэв. Гэрээс гарахад л салхи бага зэрэг ширүүсэн, цас ганц нэг хаялан байсан бол гэрээсээ төд удалгүй хаанаас гараад ирэв ээ гэмээр цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхлэв. Хаашаа ч харсан нүүр нүд рүү шавхуурдах цасан шуурга, түүний хажуугаар хүйтэн жавар хацар ам, чих, бяцхан хуруунуудыг хайрч дааруулж байлаа. Модтой уул ч харагдахгүй, буцаад явъя гэхнээ гэрийн бараа сураг ч алга болжээ. Жаахан дүү нь даарч айсандаа дэмий л уйлж эхлэхэд, Энхжин охин аргадах гэж хэсэг үзээд төд удалгүй өөрийн мэдэлгүй хацрыг нь даган сувдан нулимнууд бөмбөрч гарав. Аав аа, ээж ээ хэмээн бяцхан хүүхдүүд тэнхээ мэдэн хашгирцгааж байсан ч хуйлрах цасан шуурга тэдний чимээг дор нь дарж орхих ажээ. Энхжингийн эрхлүүлэн шарвагануулдаг хоточ банхрын хуцах чимээ тэртээ алсад хааяа нэг сонсогдох ч шиг, үгүй ч юм шиг. Хий дэмий л тэр зүг рүү дүүгээ хөтлөн алхах боловч хөр цасан дунд өвдгөө бүсэлхийгээ хүртэл хэдэн удаа суусны эцэст өмд гутал руу нь хүйтэн цас орон улам дааруулах болов. Охид ямар ч тамир тэнхээгүй болжээ. Амьдралдаа ийм аймар хүйтэнтэй тулж үзсэнгүй, одоо бол хацар даган урссан нулимс мөстөн хөлдөж, гар хөлийн хуруугаа ч мэдрэхээ больж эхэлжээ. Нэгэн овгор шороонд тулж ирэн салхины нөмөр бараадан бөндөгнөтөл чичрэх дүүгээ хараад Энхжин охин гэнэт маш ихээр өрөвдөв. Түүний бяцхан оюун ухаанд дүүгээ хэрэггүй л дагуулж гэрээсээ гарч ирлээ дээ гэж бодогдоно. Аав ээж хоёр биднийг хайж байгаа болов уу? Намайг дур мэдэн дүүгээ дагуулж явсан гээд загнах болов уу? гэсэн л бодлууд орж ирнэ. Бас хажуугаар нь зуныг гэнэт тэсгэлгүй их хүсэв. Гэрийн сүүдэр бараадаад л хоточ банхар нь урт улаан хэлээ газар шүргэх шахам аахилдаг тэр их халуун ямар гоё юм бэ дээ. Буурал өвөөг байдаг жил нутагт нь ган болж, бороо орох нь өдрийн од шиг цөөхөн, хааяа нэг хэсэгхэн хур буухад өвөө нь газрын байдлыг шинжсэнээ, “Энэ жил ч айхтар жил болох нь дээ. Ногоо цагаа ч ургахгүй, малд ч идэх юм олдохгүй, яажшуу өвлийг давна даа” гээд нэг их гүнзгий санаа алдаж билээ. Хэдэн сарын дараа аав ээжийн хэлснээр буурал өвөө нь хэзээ ч ирэхээргүй нэг газар руу явсан л гэж хэлсэн. Ямар газар вэ гэж ааваасаа зөндөө шалгаасан ч тоймтой юм хэлэхгүй, тэгсхийгээд мартуулж орхисныг гэнэт санав. “Энд ингээд унтаад өгвөл өвөөгийн очсон тэр газар руу очих болов уу? Ямар газар байдаг юм бол?”
Ингэж бодонгуутаа гэнэт аймар санагдав. Тиймээс ч дүүгээ байдгаараа тэврэн дулаацуулахыг бодон, хамаг биеэ нааж хэвтлээ.

“Аниа, би даараад байна. Бас нойр хүрээд байна” гэж дүүгээ хэлэхүйд, Энхжин охин эхлээд гадуур хувцсаа тайлан давхарлан өмсүүлэх гэж оролдсон ч гар хуруу нь нэг л эвлэж өгсөнгүй, дэмий л нөмөргөж орхив. “Тий тий” хэмээн жаахан дүү нь дагжин чичирсээр байх бөгөөд Энхжин охин өөрийгөө даарч байгааг ч мартаж орхин, ноосон цамцаа тайлан дахин дүү дээрээ давхарлаад, нэг талаас нь хоёр гараараа тэврэн дулаацуулахыг оролдонгоо,
“Миний дүү битгий ай.. Шөнө .. болохоос өмнө аав ээж .. бид хоёрыг олоод .. гэртээ аваачна. Бид хоёрт .. халуун цай, амттай .. бууз өгнө. Халуун зуухны өмнө .. бид хоёр тоглоод .. дулаацна.. Чи аавтай.. би ээжийн .. өвөрт .. орж .. унтана..” Чичирхийлсэн хоолойгоор охины хэлсэн сүүлчийн үг энэ л байжээ. Тэгээд чимээгүй болов. 
Энхжин охин гэнэт нүдээ нээхүйд, хачин дулаахан газарт байгаагаа мэдрэв. Түрүүний аймар хүйтэн, нүүр нүдгүй шавхуурдаж байсан цасан шуурганы аль нь ч алга. Эргэн тойрноо харахуйд цэв цэнхэр тэнгэр, нүд алаглам цэцэгс тал дүүрэн ургасан тэв тэгшхэн тал, үлгэрийн оронд л байдаг болов уу гэмээр хачин сайхан ордон, цасан цагаан морьд янцгаалдан давхиж, буга, үнэг, туулай гээд хөөрхөн амьтад ордны эргэн тойронд бэлчинэ. Гэнэт ордны хаалга цэлийтэл нээгдэн буурал өвөө нь улам ч залуужчихсан юм уу гэмээр бас их гоёмсог хаантны гэмээр хувцастай гарч ирэв. 
“Энхжин, миний охин наашаа гүйгээд ир.”
Охин өөрийн эрхгүй тэнхээ мэдэн гүйлээ. Түрүүхэн мэдрэхгүй байсан гар хөл, хуруунууд нь зөөлөн үлээх бүлээн салхийг мэдэрч, ядарч туйлдсан бяцхан бие нь одоо бол гөрөөсөнд ч гүйцээгдэмгүй санагдан салхи сөрөн гүйн очив. 
“Өвөө, өвөө” гээд охин баяртайгаар хашгиран өвөөдөө ирэхүйд, түүнийг тосон авч дээр гэгч нь өргөн элгэндээ наан энхрийллээ.
“Өвөө, өвөө. Энхзул дүү маань яасан бол? Бид хоёр аав ээжийн араас явж байгаад төөрсөн. Маш их даарч бас айсан” гэж зогсолтгүй шулганах охины яриаг сонсож дуусаад өвгөн түүнийг өөр рүүгээ харуулав. Өвөөгийнх нь нүд залуу хүнийх шиг л цог золбоотой гялалзаж байх бөгөөд охиныг өрөвдөж хайрласан, дөлгөөхнөөр ажиглангаа,
“Охин минь, дүүг чинь аав ээж нь эсэн мэнд олсон. Одоо аюулгүй байгаа. Эмнэлэгт эмч нар асарч байна. Аав ээж нь хажууд нь сууж байна. Харин миний охин ойрын хэдэн арван жил аав ээж, дүүгээ харахааргүй холын газарт ирчихсэн байна.”
“Тэгвэл аав ээжийн яриад байсан хэзээ ч буцаж ирэхээргүй газар гэдэг рүү нь ирчихсэн юм уу, өвөө? Аав ээж хоёр намайг санах болов уу?”
“Тийм ээ, хэзээ ч буцаж очихооргүй газар миний охин ирсэн байна. Аав ээж нь миний охиныг насан туршдаа санах болно. Эндхийг миний охин сайтар хармаар байгаа биз дээ? Хоёулаа ордон руу орцгооё” гээд цасан цагаан урт нөмрөг бүхий гоёмсог хувцас өмссөн өвгөн охиныг тэвэрсээр ордон руу орлоо.

Төгсөв.

Өөрийн бяцхан биед баймгүй эр зориг, тэвчээр, ухаан гарган дүүгийнхээ амь насыг өөрийнхөө алтан амиар хамгаалж 2014 онд таалал төгссөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бяцхан сахиусан тэнгэрийн гэгээн дурсгалд зориулж бичив.

Ц. ОЮУНБАТ

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.103.62нар   • 1 сарын 31. 9 цаг 43 минут

болсон явдлыг санаж байна.Гүнээ харамсаж,өр зүрх өвдөж бөйна. Бас аав ээжийг нь буруутгаж байна. Хүүхдүүдээ эзэнгүй хаяад айлд бууз хийнэ гээд л явж байдаг мөн тэнэг хүмүүс дээ тэд

202.72.245.122ё   • 1 сарын 31. 9 цаг 30 минут

Үнэг туулай бэлчихгүй байх.

202.72.245.122ё   • 1 сарын 30. 16 цаг 05 минут

эрт эхлэж байгаа ч тэсгэм хүйтэн гэж яаж ойлгох Эрт эхлэж байгаа учраас тэсгэм хүйтэн гэмээр, нүсэр ажил гэж бууз хийхийг бус Үйлдвэр байгуулахыг хэлмээр, чоно үмх мах нүдэндээ харах бус ан амьтан барих санаатай хэвтэх байх ,танилындаа бус саахалт эсвэл хотны айлдаа очихоор гарах байх ,Монгол ахуй амьтан судалаа сайн судлаж мэдэж бич

Шинэ мэдээ

ММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа3 минут 48 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа8 минут 48 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ13 минут 48 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана18 минут 48 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал23 минут 48 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ28 минут 48 секундын өмнөНийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай33 минут 48 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ38 минут 48 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь43 минут 48 секундын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...48 минут 48 секундын өмнөЭнэ өдрийн зурхай53 минут 48 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ58 минут 48 секундын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна9 сар 20. 17:24Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.