2-р сарын 2
13 цаг 55 минут

Б.Одончимэг: Би аав, багш хоёрынхоо заасан замаар л амьдарч байгаа

Энэ удаагийн дугаарын зочноор УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгийг урилаа. Тэрээр саяхан Энэтхэгт болсон Физикл жүжгийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн юм.
 
-Олон улсын фестивалиас тэргүүн байрын шагнал авсанд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
 
-Энэтхэгийн Колката хотод болсон “International Theatre 2019” наадамд эхний шатанд бичлэгээ явуулж тэнцсэн. Энэ бол моно жүжгийн фестиваль биш. Физикл жүжгийн наадам юм.
Миний хувьд Ардын уран зохиолч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” зохиолоор оролцлоо. Тус жүжгийг анх Б.Баатар найруулагч надад санал болгож, найруулсан юм. Харин шинэчилж, физикл төрөлд оруулсан хүн бол СУИС-ийн багш Эрдэнэбаяр гэж залуу бий.
 
-Физикл гэхээр содон байна. Монголын театрын урлагт төдийлөн нэвтрээгүй, шинэ төрөл бололтой?
 
-Үг багатай, хөдөлгөөн ихтэй гэсэн үг. Зохиолын утга санааг үгээр бус үйлдлээр үзүүлэх гэж ойлгож болно. Энэтхэг улсад театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. Фестиваль болсон Колката хотыг театрын хот гэдэг юм билээ. Драм, мюзикль гээд театрууд нь бүр төрөлжчихсөн.
 
-Энэ төрөл дэлхийд аль хэзээний хүлээн зөвшөөрөгдчихөж. Харин Монголын хөрсөнд буулгахаар таниас гадна ямар уран бүтээлчид хөдөлмөрлөж байна?
 
-Сүүлийн жилүүдэд СУИС-д энэ төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Физикл төрлийг уран бүтээлчид болон оюутнуудад ойлгуулж, мэдлэг олгоход “Гэгээн муза” академи их түлхэц болж байна. Солонгос улсаас энэ төрлийн хоёр мундаг найруулагч багшийг урьж, вакум сургалт хүртэл зохион байгуулсан. Үүнд манай Эрдэнэбаяр багш хамрагдаж байлаа. Ер нь “Гэгээн муза” академи уран бүтээлчдийг гадны наадам, фестивалиудад оролцох замыг нээж, холбож, гүүр болж өгдөг.
 
-Физикл жүжигт зориулсан тусгай зохиол гэж байдаг уу?
 
-“Цонхоор харсан хүн” бол абсурт ба абсурт бус жүжиг. Үүнийг анх Б.Баатар найруулагч физикл төрлөөр тавиагүй. Тэгэхээр ямар ч жүжгийг энэ төрөлд хувиргаж болно гэсэн үг. Ямар сайндаа л хоёрдугаар байрт “Гамлет” жүжиг орохов дээ.
 
-“Цонхоор харсан хүн” жүжигт нийгмийн хар барааныг өгүүлдэг санагдаж байна?
 
-Нийгмийн хар бараанд нэвчих үү эсвэл өөртөө үнэнч үлдэх үү гэсэн сонголт дунд энэ бүтээл өрнөдөг. Миний хамтран тоглогч бол цонх. Цонхны цаана байгаа муу муухайг батганаар төлөөлүүлсэн. Батгана үргэлж муу муухай юман дээр суудаг, ялаанаас өөр муухай дуутай. Жүжгийн эхэнд би хүн байсан бол жүжиг дундаа ороход батганд соруулах жишээний. Нийгмийн муу муухайг өөрийн биеэр амталж үзээд ингэж болохгүй, хүн байх учиртай юм байна гээд хар бараантай тэмцэлдэж буйгаар жүжиг төгсдөг юм.
 
-Хамгийн сүүлд театрын тайзан дээр “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр тантай уулзсан. Анх удаа өөрийг тань эсрэг дүрээр харах сонирхолтой байлаа?
 
-Би театрт ороод анх удаа эсрэг дүр авсан нь Сэржмаа. Сэржмаа хэдийгээр эсрэг дүр ч би жүжигчний хувьд дүрээ өмөөрч тоглосон. Эмэгтэй хүний л шаналан, сэтгэлийн асуудал. Энэ жүжгээс хойш надад “Нинжин сэтгэл” кинонд эсрэг дүр дээр ажиллаач гэсэн санал ирээд зөвшөөрсөн. Тайзан дээр болсон юм чинь дэлгэцэнд үзээд алдъя гэж бодлоо.
 
-Эерэг болон эсрэг дүр дээр ажиллаад үзчихлээ. Уран бүтээлчийн хувьд аль нь илүү амттай санагдав?
 
-Уран бүтээлч хүний шуналын хувьд аль аль нь амттай. Миний л сонгосон мэргэжил. Хүмүүс тухайн бүтээлийг эргээд дурсахдаа, надтай уулзахдаа таны тэр дүр сайхан, нөгөө дүр нь муухай гэж яривал би ажлаа сайн хийжээ гэж өөрийгөө дүгнэнэ. Тэртэй тэргүй уран бүтээлч, жүжигчин хүн ямар ч дүр дээр ажиллах чадвартай байх ёстой.
 
-Дэлгэцийн уран бүтээл жүжигчдэд нэг ёсондоо өөрийгөө таниулах сурталчилгаа болох нь бий. Алтан тайзаа орхиж, кино урлагийг сонгосон олон уран бүтээлчийг мэднэ. Эргээд тэднийг театрын тайзнаас харахсан гэсэн хүсэлтэй олон үзэгч байдаг юм билээ. Харин таны хувьд хэдийгээр дэлгэцийн салбарт амжилттай яваа ч театраасаа холдолгүй үнэнч байгаад баярлаж байна?
 
-Би театрт ороод 11жил болжээ. Театр миний зүрх сэтгэлийн дуудлага байсан. Сургуульд байхаасаа л театрын жүжигчин болно гэж зорьсон. Оюутан байхдаа жүжиг үзээд өөрийн эрхгүй огшдог байлаа. Өмнөөс нь уйлмаар, би байсан бол гэж өөрийгөө тавьж төсөөлөөд л. Харин театр хэмээх их айлд ороод, уран бүтээлээс уран бүтээлийн хооронд амьдрах нь миний хувьд сэтгэлийн таашаал. Жүжгийн задаргаа, бэлтгэл, уран бүтээлийн цагаахан маргалдаан, дүрийнхээ төлөө асч ажиллах ямар сайхан байдгийг магадгүй театрын жүжигчин л мэдэрдэг байх. Энэ бүхэн намайг театрт татдаг. Одоог хүртэл би театраас холдож чадаагүйн хамгийн том шалтгаан юм даа.
 
-Театрын жүжигчин гэсэн нэрний ард асар том хүндлэл бас хариуцлага явдаг байх даа?
 
-Би хаана ч явсан театрынхаа нэрийг өндөрт өргөхсөн гэж хүсдэг. Драмын театрын жүжигчин ямар байх ёстой вэ. Авьяас чадвар, хүн чанар, төлөвшлийн хувьд. Үүнээс гадна ажилд хандах хандлага, уран бүтээлд гаргах сэтгэл их чухал.
 
-Хэрэв жүжигчин, уран бүтээлч болох гэж байгаа бол эхлээд хүн бол. Хүн судлалыг эзэмш гэж багш нар захидаг юм билээ. Хүн судлалд нэвтрэхийн тулд эхлээд өөрийгөө олно гэдэг их урт аялал юм шиг ээ?
 
-Найруулагч Б.Баатар агсан “Өөрийгөө олсон жүжигчин цаашаа явдаг юм. Өөрийгөө олоогүй, таньж мэдээгүй хүн ямар зарчмаар ажиллах вэ. Өөртөө итгэлгүй, үзэл бодолдоо үнэнч биш байна. Тиймээс жүжигчин хүн эхлээд өөрийгөө олж байж бусад дүрийг босгож чадна” гэж ярьдаг байж билээ. Би энэ хугацаанд өөрийгөө бүрэн олсон гэж хэлж чадахгүй ч олохын төлөө хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч. Миний өмнө илүү ихийг мэдэх, өөрийгөө сорих урт аялал, адал явдал бий.
 
-Сүүлийн үед та драм төрлийн уран бүтээлд ихэвчлэн тоглож байна. Инээдмийн кинонд тоглох санал ирж байна уу?
 
-“Том толгойтын романс”-аас хойш инээдмийн кинонд ажилласангүй. Уран бүтээлчийн хувьд инээдмийн киногоор өлсч байгаагаа мэдэрсэн. Анх хэд, хэдэн кинонд ажилласныхаа дараа одоо нэг драм төрлийн кинонд хүч үзэхсэн гэсэн хүсэл төрж байлаа. Яг тэр үеийн мэдрэмж өнөөдөр төрж байна.
 
-“Аз жаргалын шок” таны анхны гол дүр байсан. Тус бүтээлээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өөрийгөө дэлгэцийн бүтээлд хэр туршлагажиж байна гэж боддог вэ?
 
-Энэ хооронд олон найруулагч, кино багтай хамтарч ажиллалаа. Тухайн баг хамт олон хүртэл надад өөр, өөр мэдрэмжийг төрүүлдэг. Би энэ хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх ёстой вэ. Өмнө нь хамтарч үзээгүй найруулагчтайгаа ажиллахад ямар байх вэ. Би тэр хүний хэлэх гэсэн санааг гаргаж чадаж байна уу гээд уран бүтээлээс уран бүтээлийн хооронд суралцдаг, их олон зүйлийг мэдэж авдаг. Үүнээс хамгийн чухал нь би хамтарч тоглосон уран бүтээлчид, баг хамт олонд сайн нэртэй байх учиртай. Одноотой ажиллахад сэтгэл хангалуун байлаа гэсэн сэтгэл ханамжийг ажлын үзүүлэлт болон хувь хүний харилцааны хувьд үлдээхийн төлөө би хичээдэг.
 
-Таныг уран бүтээлч нөхөд тань их зарчимч, хэлье гэснээ хэлчихдэг шударга гэж үнэлж байхыг олон удаа сонссон. Магадгүй таны энэ чанар гэр бүлийн хүмүүжлээс эхтэй байх?
 
-Хүний ирээдүйн төлөвшилд суурь хүмүүжил их чухал гэж боддог. Би зургаан хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд. Хоёр эгч, хоёр ахтай. Нэг ёсондоо багаасаа даруулж өссөн л дөө. Хүүхэд насандаа хэрхэн хүүхдээрээ байх вэ, буруу хүмүүстэй нөхөрлөж, буруу замд уруу татагдаж болохгүй гээд хүн болоход хэрэгтэй бүхий л төлөвшлийг гэр бүлийн орчин надад олгосон. Дунд сургуульд байхдаа сурлага сайтай байлаа. СУИС-д ороод ч нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон бол мэрийх хэрэгтэй гээд хичээдэг байсан.
 
-Та аавынхаа хүслийг биелүү­лэх гэж жүжигчний мэргэжлийг сонгосон гэж дурссан байна лээ?
 
-Энэ мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн нь миний аав. Манай гэрээс нэг хүн жүжигчин болоосой гэж үргэлж ярьдаг байсан. Сургуулиа төгссөний дараа намайг хөтлөөд СУИС-ийн босгоор алхуулсан. Үргэлж  “Чи л сайн жүжигчин бол” гэж захидаг байж билээ.
 
-Магадгүй тэнгэрээс охиноо хараад бахархаж суугаа байх?
 
-Миний мэргэжлийн багш С.Сугар багш байсан юм. Тэр хүн анх намайг онцолж “Чи театрын жүжигчин болно” гэж хэлсэн. Би аав, багш хоёрынхоо заасан замаар л амьдарч байгаа. Сониноос тэр хоёр их адилхан буурал толгойтой байж билээ. Яагаад ч юм хоёр ачтан минь өнгөрсний дараа миний өчүүхэн амжилт хором хормоор дээшилсээр байна. Энэ нь аав, багш хоёр араас минь дэмнээд түлхээд байна даа  гэж би боддог. Хааяа үзэгчдийн алга ташилтан дунд тайзан дээр зогсч байхдаа хоёр буурал минь энэ мөчийг харсан ч болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Яг тэр огшсон мэдрэмжээрээ дээшээ харахад аав, багш хоёр минь инээгээд харж байх шиг нэг л дотно бодлууд хөвөрдөг. Тэгэхээр би мундагтаа өдий зэрэгтэй яваа юм биш. Хоёр буурлын минь буян заяа намайг хөтөлж байгаа гэж өөрийн эрхгүй санагддаг.
 
-Энэ театр, алтан тайзнаас та хувь хүндээ ямар ололтыг авсан бэ?
 
-Театр хүнийг хүмүүжүүлж, байх ёстой байранд нь аваачдаг юм. Би үе, үеийн уран бүтээлчид, хамтран тоглогчдоосоо Одноо чи ийм хүн шүү гэсэн өөрийн оршихуйгаа л таньж авч байна.
 
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.115зочин   • 2 сарын 1. 21 цаг 45 минут

сайн жүжигчин, амжилт хүсье

122.201.31.75Зочин   • 2 сарын 1. 14 цаг 29 минут

НЭЭХ ААШТАЙ ХҮҮХЭН ТЭГЭЭД СЭРЭЛ ХҮРГЭЭД БАЙДАГ .

202.126.89.179МААНАГАА   • 2 сарын 2. 20 цаг 21 минут

СЭРЭЛ МЭРЭЛЭЭ ЗАХИРАХГҮЙ БОЛ ИНГЭЭД ЭНД ТЭНД БИЧЭЭД БАЙВАЛ ХӨГШИРХӨӨРӨӨ БУЛАЙГАА ДЭЛГЭДИЙМ ШҮҮ МААНАГААА

202.5.194.26зочин   • 2 сарын 1. 14 цаг 21 минут

Ухаантай хүүхэд байна аа энэ охин.

202.179.25.109иргэн   • 2 сарын 1. 14 цаг 06 минут

одоо тэгвэл ВИ Лениний Заасан замаар яваад нэг үзээ ч сонин ш дээ

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 6 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 14 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 18 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 23 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 28 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 33 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 38 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 43 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 48 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 53 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 58 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 3 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 8 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 13 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 18 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 18 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 23 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 28 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 33 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 38 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 48 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 53 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 58 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 7 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 8 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 13 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 18 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 23 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 28 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.