2019 оны 2-р сарын 25
11 цаг 15 минут

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэлтийг цомхотгохуй

Цуврал 5 - Япон улсын соёлоос

Сүүлийн үед олон новшгүй цомхон амьдрах арга барил ихэд дэлгэрээд байгаа билээ. Хэрхэн гэрийнхээ эд хогшил, хувцас хунраа цэгцлэн багасгаж цомхон амьдрах вэ гэдэг талаарх ном өч төчнөөнөөрөө хэвлэгдэн гарах болсон. Бид тийм л их хэрэгтэй хэрэггүй эд зүйлсийн дунд амьдарч байгаа болохоор тэдгээр ном эрэлт хэрэгцээтэй байгаа юм болов уу. Харин энэ ном бол эд хогшлын цомхотголоор зогсохгүй нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах зүйлсийг ч цомхотгож тэр нь бидний хүүхэд өсгөх хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчилж, цаашлаад гэр бүлийн уур амьсгалд хэрхэн сайн нөлөө үзүүлдэг болох тухай бичиж зөвлөсөн ном юм.
Номын зохиогч Ким Жон Пейн бол Америкийн хувийн 200 гаруй сургуульд зөвлөгч, лекц хийхийн хажуугаар 40 жилийн турш сургуулийн сэтгэл зүйн зөвлөх, насан туршийн боловсролын багш, сурган хүмүүжүүлэх багш,судлаач, мэргэжлийн зөвлөхийн ажил, 25 гаруй жил гэр бүлийн сэтгэл зүйчээр ажилласан. Уг ном анх 2009 онд Америкт хэвлэгдэн гарч бестсэллер болж удалгүй 20 орны хэл дээр орчуулагдаж, «Хүүхэд өсгөн хүмүүжүүлэлтийг цомхотгох хөдөлгөөн» ( Siplicity Parenting Movement) гэгчийг үүсгэх гол хөшүүрэг болсон юм. Пейн бол Америк Английн Штайнерийн хөдөлгөөнтэй гүнзгий холбогдож, хүүхэд болон өсвөр насныхны сэтгэл зүйн болоод гадуурхах асуудал, анхаарал хэт дутмагшлын эмгэг зэргийн эсрэг авах арга хэмжээний өөрийн гэсэн арга барилыг бий болгосон. Штайнерийн боловсрол нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгдэж буй бие даасан сурган хүмүүжүүлэх филисофи бөгөөд хүүхдийн төсөөлөн бодох чадварт түшиглэн зөвхөн тархи бус бие сэтгэц сэтгэлийг хамарсан хүний бүхий л хөгжлийг зорилгоо болгосон онцлогтой. Уг номонд дурдсан олон олон санаанууд Штайнерийн боловсролын санаа юм. Хэрэв таны хүүхэд дээрх эмгэгтэй эсвэл эмгэг биш юм аа гэхэд анхаарал төвлөрөлт муу, элдэв зохисгүй ааш авир гаргадаг бол «Цомхотгол» маш үр дүнтэй. Нийгмийн сэтгэл зүйч мэргэжлээр магистр хамгаалсан Пейн, Зүүн өмнөд азийн дүрвэгсдийн кемпт сайн дурын дурын ажилтан болон хүүхдийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан бөгөөд хожим Англид хүүхдүүдтэй ажиллаж үзээд мэдсэн зүйл бол PTSD буюу сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн тухай шинэ туршлага юм. Тэрээ хүртэл PTSD гэгч эмгэгийг томоохон дайн, байгалийн гамшиг, амьдрал үхэлтэй тэмцэх тэмцэлтэй холбож ойлгодог байсан бол тийм бус орчинд амьдарч буй хүүхдэд ч ихээр илэрч байжээ. Тэдгээр хүүхдүүд тэгвэл өөр төрлийн тулааны улмаас зовж шархалсан байжээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн нийгэм нь «хэтэрсэн» зүйлсийн үүсгэсэн дарамт болж хүүхэд насанд нүдэнд үл үзэгдэхүйцээр нэвтэрчээ. Жижиг стрессүүд хуралдсаар том «гэмтэл» болдог. Энэхүү жижиг стрессүүдийн бөөгнөрөл нь хүүхдийн сэтгэл мэдрэл, зан ааш, мах бодийн эсэргүүцэх чадвар, анхаарал төвлөрөлтийг бууруулж тайван бус, шинэ зүйл болон өөрчлөлтөнд уян хатан байх чадварыг үгүй хийдэг. За тэгвэл хүүхдийн хувьд юу хамгийн том стресс болдог вэ?
Томчуудтай хамт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд автахын хажуугаар хэд хэдэн зүйлийг зэрэг хийж, их хэмжээний мэдээллийн давалгаанд цохигдож, цагт үргэлж хөөгдсөн өдрүүд юм. Өөрөөр хэлбэл томчууд бид »хэт их» зүйлсээр хүүхдийнхээ хүүхэд насыг дарамтлан үгүй хийж байдаг аж. Ямар «хэт их» зүйл вэ гэвэл
-Хэт их эд зүйл
-Хэт олон сонголт
-Хэт их мэдээлэл
-Хэт их хурд

Эдгээрээс бид хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Хүүхэддээ хүүхэд шиг шиг байх цагийг олгохын тулд томчууд бид аж амьдралаа хэрхэн зохицуулах вэ, хэрхэн дээрх 4 хэтэрсэнг багасгах вэ? Сэтгэл амар өнгөрүүлэх цаг , бүтээлчээр болон сэтгэл ханамжтайгаар цагийг өнгөрүүлэх нь ямар ч насны хүний сэтгэл санааны эрүүл амьдралд зайлшгүй шаардлагатай. Ямар ч гэр бүлд цэгцтэй орон зай, цэвэр цэмцгэр байдал, уужуу тайван амьдралын хэв маяг, дэс дараалал сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Та хүүхдийнхээ ертөнцийг цомхотгох тусам хүүхдээ сайн зүг рүү өсч өндийх бэлтгэлийг нь хангаж байна гэсэн үг. Энэ бэлтгэл нь эд зүйлээр хахсан орчин үеийн нийгэмд амьдарч буй бидний хувьд маш чухал. Бидний амьдралыг сайжруулахын тулд бүтээгдэж буй илүү том, илүү шинэ, илүү хурдан бараанууд эсрэгээрээ бидний амьдралыг заналхийлж байна. Би ганцхан жишээ дурдахад япон бол цахилгаан бараа хөгжсөн орон бөгөөд ганц цахилгаан бараа авах гэж дэлгүүр ороод олон сонголтноос сонгож чадахгүй гарч ирж байсан удаа бий. Телевизийн рекламууд ч биднийг өшөө өшөө их юм худалдаж авахыг , тэгээд тэрийг л авахгүй бол хоцрох гээд байгаа юм шиг сэтгэгдлийг түрүүлж байдаг.
Мөн үргэлж л бага цагт их юмыг амжуулах гэж нойроо хүртэл хугаслаж байна.
Томчуудын амьдралын хурд, стресс хүүхдийн чинь тархи, сэтгэлд ямар ч хяналтгүйгээр урсан орохоос сэргийлэх шүүлтүүрийг бид бэлдэх хэрэгтэй. Ийм арга олон ч бий. Гэвч бид өөрсдийн хурдыг хүүхэддээ хүчээр тулгаж, хүүхдээ шархлуулж гэмтээж байдаг.
Та хүүхдийнхээ төлөө юуг цомхотгох боломжтой вэ?
-Орчин
-Хэмнэл
-Төлөвлөгөө
-Томчуудын ертөнцөөс хүүхдээ хамгаалах
Дээрх 4 талбарыг цомхотгох тухай товчхон дурдъя.

#Орчин
Орчинг цомхотгох гэдэг нь хүүхдийнхээ өрөөг цэгцэлнээ гэсэн үг. Тоглоом, хувцас, ном зэргийг нь цөөлөх хэрэгтэй. Уг номыг уншихаас өмнө би хүүхдийнхээ тоглоомнуудыг цэгцэлж багасгасан байсан л даа. Уншсаны дараа улам цөөлсөн. Яагаад гэвэл хэт олон тоглоом хоорондоо холилдоод ирэхээр хүүхдүүд алингаар нь ч тоглохгүй байгааг би олж харсан. Саяхныг хүртэл янз бүрийн олон тоглоомтой байх тусам хүүхдүүдэд минь сайн, тэдний төлөө гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж таарсан. Тоглоомын сонголт цомхотгол маш чухал. Элдэв гэрэл чийдэн асдаг анивчдаг, дуу гаргадаг, олон үйлдэлтэй тоглоомноос илүү энгийн байх тусмаа хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж өгдөг байна. Жишээ нь эвлүүлдэг, давхарладаг, айл гэр болж тоглодог, хүүхэлдэй, чихмэл, бөмбөг, баримлын шавар, зургийн хэрэгсэл зэрэг юм. Мөн нэг том хайрцаганд хийх биш төрөл төрлөөр нь жижиг хайрцаганд хийж тавих хэрэгтэй. (Энийг би хэрэгжүүлсэн, том хайрцаганд хийхээр бүгд холилдоод хүүхэд тоглоход төвөгтэй, бүгдийг нь гаргах шаардлага үүсч, ахиж хамахад төвөгтэй болох нь ажиглагдсан)
Тоглоомыг цэгцлэхдээ өрөөний голд бүгдийг овоолж байгаад тал хүртэл нь ялгаад, тэр тал болсоныг нь ахин тал хүртэл нь ангилах. Эвдэрсэн тоглоомнуудыг шууд хаях хэрэгтэй. Үлдээх тоглоомноос бусдыг нь хайрцаганд хийж далд тавих. Хэрэв тэндээс тоглоом гаргана гэвэл оронд нь нэг тоглоом далд хийх.
Мөн орчин цэгцлэх гэдэгт номын цомхотгол багтана. Насанд нь таарсан, дуртай ном 10 аад байхад л болно гэж зөвлөжээ. Ингэж цомхотгол хийснээр хүүхдийн өрөө илүү зайтай, өрөөндөө дуртай болж, тоглоомондоо анхаарал нь төвлөрдөг болдог. Цомхотгол нь бие махбодь, сэтгэл санааны сарнилыг багасгаж, гэр бүлийн анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг. Сэтгэл мэдрэлийн эмч хүртэл цомхотголын дараа өвчтөнд эмчилгээ сая л үр дүнгээ өгч эхэлдэг гэжээ. Америк Канадын 32 сургуулийн ADD (анхаарал төвлөрөлийн эмгэг) тэй нийт 55 хүүхдийн эцэг эхчүүдэд хэвлэл мэдээлэл, төлөвлөгөө, хоол хүнс гэх мэт хүүхдийн өдөр тутмын орчинд хамаарах зүйлд анхаарч цомхотгол хийж туршилт явуулахад ойролцоогоор 68% нь 4 сарын дотор хэвийн байдалдаа орсон. Зохиогч тархийг химийн бодисуудын коктейль гэж нэрлээд бид бүгд өөр өөрийн дааврын тэнцвэрт байдалтай бөгөөд аль нэг даавар давамгайлахад асуудал үүсдэг гэжээ. Энэхүү судалгаагаар хүүхдийн амьдрах орчинг шинэчилж өөрчилснөөр дааврын тэнцвэрийг ч өөрчлөх боломжтойгоос гадна үйл хөдлөлийн хэв маяг, хандлага нь тайван байдлыг амьдралд нь нэмэж өгснөөр ихээхэн хөнгөрдөг болох нь батлагдсан. Хүнд ADHD буюу Анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийн аж амьдралд цомхотгол хийснээр эмийн эмчилгээтэй адилхан нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдийн сурах чадвар дээшилжээ. Харин эмийн эмчилгээгээр ийм үр дүн гардаггүй байна.
Заавал ийм эмгэгтэй биш юм аа гэхэд таны хүүхэд анхаарал сул, өдөр бүр гэрийн даалгавар хийлгэх гэж дайн болдог эцэг эхчүүдэд энэ нь сайн мэдээ юм. Өдөр тутмын амьдралд өдөөгч нөлөөг аль болох багасгаснаар хүүхдийн эрч хүч, хийх хүслийг дүүргэж өгдөг. Хүүхдийн орчинг цомхотговол ямар сайн нөлөөтэй вэ?
Хүүхэддээ хүүхэд байх эрхийг нь олгоно.
Хүүхдэд хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг нь буцаан олгоно.
Хүүхэд тайван болж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.
Анхаарал төвлөрөл нь нэмэгдэнэ.
Хүүхдийн хараа тэлнэ.
Хүүхдийн хүүхэд насыг хамгаалж, хүүхдээрээ байх эрх чөлөөг олгоно.
Эцэг эхийн хувьд ч хүүхдээ тодорхой хардаг болж хүүхдээ гэх хайр улам гүнзгийрнэ.
Та өөрөө нийгмйн зүгээс ирэх «илүү ихийг, илүү хурдан, илүү багаас нь» гэсэн дарамтанд «Үгүй» гэж хэлж чаддаг болно.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ ертөнцөөс биеэ татан авч, хүүхдийнхээ хэрэгт хөндлөнгөөс оролцох шаардлагагүйгээр хамгаалж чадна.
Дээрх шиг эд хогшлын цомхотголоос гадна хэд хэдэн анхаарах, цомхотговол зохих зүйлс бас бий. Эцэг эх бидний үүрэг бол хэт олон сонголтыг багасгах явдал юм. Мөн хүүхэд бүтээлч байж, ямар нэгэн гайхамшигтай зүйл хийх сэдэл шалтгаан бол хийх юм юу ч үгүй чөлөөт цаг байдаг. Хүүхдээ элдэв сурах, хийх зүйлсээр байнга дарж байдаг эцэг эхчүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Хүүхдээ тоглож байхад нь дундуур нь орох, хянах гээд байхын шаардлагагүй. Гараар барьж тоглодог тоглоомноос гадна сэдэвчилсэн тоглоом (чоно тарвагадах гэдэг шиг), гэрийн ажил хоол хийхэд туслуулах, байгальтай харьцуулах, амьд харилцаа, хөдөлгөөн, урлан бүтээх үйл ажиллагаа гэх мэт нь чухал үүрэгтэй. Энэ дотроос урлан бүтээх үйл ажиллагааг арай дэлгэрүүлэн авч үзье. Зураг зурах, баримлын шавар цаасаар юм хийх гэх мэт нь урлан бүтээх үйл ажиллагаа юм. Нойрны асуудалтай хүүхдэд урлан бүтээх үйл ажиллагаа дутагдсан байх нь бий. Яагаад гэвэл бүтээлч байна гэдэг нь ухамсарт ертөнцөөс ухамсарт бус ертөнц рүү шилжихийг хэлнэ.. Тэгэхийн тулд өдөр тутмын бодол санаанаас ангижрах хэрэгтэй.
Мөн үнэр, дуу чимээ, гэрлийн цомхотгол ч чухал хэрэгтэй. Гэр ахуйн угаалгын бодисонд агуулагдах химийн бодисын хүний биед учруулах хорт нөлөөг та мэддэг байж болно. Харин элдэв үнэртэн, үнэр дарагч, үнэртэй лаа, саван, шампунь ангижруулагчинд химийн муу үнэр ихээр агуулагдсан байдгыг мэдэх үү? Бидний тархи төрөл бүрийн муу үнэрт автахад кортизол болон адреналин хэмээх стрессийн дааврыг ихээр ялгаруулдаг. Бага насны хүүхдийн биед угаасаа адренал ихээр ялгарч байдаг тул гэрийнхээ ялангуяа хүүхдийнхээ өрөөний үнэрт цомхотгол хийх нь зүйтэй. Хүүхдийн өрөөг дуу чимээнээс хамгаалж хивс хивсэнцэр, хөшиг хэрэглэх. Гэрлийн хувьд тэртээ тэргүй өдөржин хурц гэрэл чийдэнтэй анги танхимд ихэнхи цагийг өнгөрүүлдэг тул гэрийнхээ гэрэл чийдэнг багасгаж хамгаалах хэрэгтэй. Унтах үед нь гэрэл чийдэнг нь багасгаж, унтсан хойно нь унтраах. Гэрэлтэй унтуулахгүй байх нь нойронд тустай.

#Хэмнэл
Хэмнэл гэдэг нь өдөр бүр тогтмол цагт давтан давтан хийдэг зүйлсийг хэлж байгаа юм. Тоглох цаг, хоолны цаг, усанд орох, унтах цаг гэх мэт. Өдөр бүрийн тогтсон хэмнэлтэй байх нь хүүхдэд тайвшрал өгөөд зогсохгүй өөрийн байх ёстой газар гэж мэдэрдэг. Хүүхдийн аж амьдралыг цомхотгох хамгийн үр дүнтэй арга бол гэр бүлийнхээ амьдралыг улам хэмнэлд оруулах юм. Мөн маргааш юу хийх, хаашаа явах зэргийг хүүхэддээ товч, ойлгомжтойгоор уужуу тайвнаар хэлж өгөх нь хүүхдэд тайвшрал болдог.
Баримталвал зохих хэмнэлтэй болчихвол дараагийн үйл ажиллагаанд шилжихэд эцэг эх хүүхдийн хоорондох мөргөлдөөн багасч, дэмий үг энерги зарцуулахаа болино. Сайн хэмнэл нь амьдралыг тогтвортой болгож, гэр бүлийн гишүүдийн холбоо хэлхээг бэхжүүлдэг. Гэр бүлээрээ нэг ширээнд сууж хооллох тохиолдол их байх тусам сурлагын дүн сайн байдаг нь тодорхой болжээ. Мөн хүүхдүүд ногоо жимс сайн иддэг, үгийн сангаар баялаг, мансууруулах бодис, архи тамхи, сэтгэл гутрал, астма, хоолноос гарах болон хэтрүүлж идэх өвчин зэрэгт нэрвэгдэх нь багасдаг байна. Тиймээс нэг ширээнд сууж хооллоно гэдэг нь өлссөн гэдсийг цатгахаас илүүтэй сэтгэлийг цатгах үйл явц гэхэд болно.

#Идэх зүйлийн цомхотгол
Миний хувьд би энэ тал дээр маш их анхаардаг. Чихэрлэг зүйлс аль болох өгөхгүй байхыг хичээхээс гадна хүүхдүүд маань хөргөгчнөөс миний зөвшөрөлгүй юм авч идэхийг хориглодог. Таргалалттай тэмцэж байгаа олон олон хүмүүс хөргөгчтэй завсар зайгүй нөхөрлөдөг «мэрэгчид» байдаг. Хүүхдүүдээ багаас нь тийм зуршилтай болгохгүйг хичээдэг. Уг номонд ч хэтэрхий их тоглоом хүүхдийн сэтгэл зүйд дарамт өгдөг шиг идэх зүйл бас мөн адил нөлөөтэйг тэмдэглэсэн байна. Юуны өмнө хэт боловсруулсан болон сахар их агуулсан хүнсийг цомхотгох нь маш том цомхотгол болно. Хүнсэнд цомхотгол хийхдээ дараах зүйлийг чухалчил.
Тэжээлтэй хүнс үү, амны зугаа болсон хүнс үү?
Тэжээлтэй хүнс үү, эсвэл хүүхдийг цочроох ( хэт халуун ногоотой эсвэл хэт исгэлэн гэх мэт) хүнс үү?
Ургуулсан хүнс үү, боловсруулсан хүнс үү?
50 жилийн өмнөөс ч байсан хүнс эсэх. ( энгийн эгэл хүнс гэдэг урт удаан хугацааны туршид худалдаанд байсаар байгаа хүнс байдаг)
Таны уншиж ч чадахгүй химийн нэртэй бодис агуулсан байна уу?
Хэт их хүнсний нэмэлт бодис орсон хүнс нь хүүхдийн эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэхээс гадна хүүхдийн амтлах мэдрэмжийг саармагжуулдаг. Идэх зүйл гэдэг тэжээл өгдөг зүйл болохоос зугаа цэнгэл биш. Хөргөгчиндөө юу байлгах нь таны хүүхдийн биш таны сонголт байх ёстой. Хүүхдээ зөв шийдвэр гаргадаг болохоос өмнө хийх зүйл болон идэх зүйлийг нь өөрөөр нь сонгуулаад байвал байнгын муу зуршилтай болгох муу үр дагавартай. Боловсруулсан нүүрс ус (паста, талх) болон элсэн чихэр нь биед ороод цусан дахь сахрын хэмжээг галзуу хулгана мэт огцом дээшлүүлж доошлуулдаг. Ингэж огцом бууруулснаар хүүхдийн мэдрэлийг тогтворгүй хэт мэдрэг болгож тэр хэрээр чихэрлэг зүйлийг нэхэж эхэлдэг. Мөн нэг төрлийн стресс болж, шинэ зүйл идэж үзэх хүсэлгүй, нэг юмаа л идэх хүсэлтэй болгодог. Ийнхүү нэг л юмаа иддэг байдал нь амьдралын бусад салбарт ч биелэлээ олж эхэлдэг. Харин хүнсний цомхотгол хйиснээр хүүхдийн идэвхигүй хандах зүйлийн төрөл тоо багасдаг. Идэх юмны төрөл жанар өргөн болсноор хүүхэд идэвхитэй, уян хатан болж оюун ухаан болоод сэтгэл хөдлөл нь ихээхэн хөгждөг.

#Төлөвлөгөө
Хүүхдээ хэтэрхий их төлөвлөгөөгөөр булах хэрэггүй. Хэт их төлөвлөгөө буюу хийх ёстой гэгдэх зүйлс нь хүүхдийн хийх хүслийг бууруулж, чөлөөт цаг гарсан ч юу хийхээ мэдэхээ байхад хүрдгэдэг. Энэ нь хүүхдийн өөрийн замыг олоход шаардлагатай бие даасан хөгжилд нь саад болно гэсэн үг. 1950 оноос газар тариаланд бордоо хэрэглэх болсноор хөрс амарч чадахаа байсан. Амарч чадахгүй байгаа хөрснөөс ямархуу тэжээлтэй хүнс ургах нь ойлгомжтой. Үүнтэй адил хүүхэд амарч байж бүтээлч чанар нь идэвхижиж, энэхүү бүтээлч чанар нь л хичээлээс бусад сурах зүйлийг ач холбогдолтой болгодог. Та хүүхдээ элдэв сургалтанд хамруулж болох ч урлан бүтээх, ном унших, улайран тоглон суух цагийг ч түүнд олгох чухал гэдгийг мартаж болохгүй. Нэг өдөр, хийх төлөвлөгөө ихтэй завгүй өнгөрсөн бол дараа өдөр нь ямар ч хийх зүйлгүй амрах цаг завыг олго. Төлөвлөгөөгөөр булуулсан хүүхэд ямар нэгэн юманд донтохдоо амархан болдог. Тэд хэзээ нэгэн цагт том асуудал үүсгэх нь их бий.

#Томчуудын ертөнцөөс хүүхдээ хамгаалах
Томчуудын ертөнцийн хэт их мэдээлэл, дарамт, төрөл бүрийн санаа зовнил зэргээр хүүхдийн ертөнцийг бохирдуулахгүйн тулд шүүлтүүртэй байх хэрэгтэй. Хүүхэдтэй ярьж болох сэдэв, ярьж болохгүй сэдэв гэж байна. Өөрсдийн айдас, хийх шалтгаан, амбици, хэт хурдад хүүхдээ бүү автуул. Телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээс хүүхдээ хамгаалж, дэлгэцтэй харьцах цагийг нь хязгаарла. Зохиогч 7 нас хүрээгүй хүүхэдтэй айл огт ТВ гүй байвал зохино гэж зөвлөжээ. Төрөх үед биеийн хамгийн дутуу хөгжилтэй эрхтэн тархи байдаг бөгөөд төрснөөс хойш 2 жилийн дотор ихэнхи хөгжил нь явагдаж дуусдаг. Энэ 2 жилийн хөгжилд орчин их нөлөөтэй. Тархины хөгжлийг дээд зэргээр хөгжүүлдэг 3 төрлийн өдөөгч хүчин зүйл байдаг.
Бусад хүний махан биетэй харьцах харилцаа
Хүрэлцэж хөдөлгөж бодитоор юмыг ажиллуулах
Бөмбөг хааччихав аа? Хаана байна хаана байна гэх мэтийн амьд харилцаатай тоглоомнууд.
Тэгвэл энэ 3-ын аль нь ч ТВ-д огт байхгүй. 1999 оноос Америкийн хүүхдийн эмнэлгийн нийгэмлэг 2 нас хүрээгүй хүүхдэд ТВ огт үзүүлэхгүй байх, 2 наснаас дээш хүүхдийн ТВ үзэх цагийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн бол 2008 онд Францын засгийн газар 3 нас хүрээгүй хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг хориглосон байна. Учир нь ТВ үзэх нь 3 нас хүрээгүй хүүхдийн эрүүл хөгжилд хохирол учруулж, идэвхигүй, хэл ярианы хөгжлийг хоцрогдуулах, тайван унтахад нь саад болох, анхаарал төвлөрөлийг нь алдагдуулах, хэт хөөрөлд автуулах, ТВ-ийн донтолт үүсгэдэг байна. Мөн хүчирхийлэл бүхий дүрс зураглал нь дайрч давшилсан хандлага үнэлэмж үйлдлийг нэмэж ялангуяа энэ нь хүүхдэд илэрхий илрэх бөгөөд цаашид ч урт удаан хугацаанд үргэлжилдэг ажээ.

Айдсын тухай
Өнөөгийн эцэг эхчүүд бид дээр үед цаг тайван сайхан байж, одоо бол тийм биш нийгэм их муухай болсон, гэмт халдлага их болсон гэх мэтээр ярьж санаагаа зовоодог. Жишээ нь хүүхдийн хулгай их болсон гэдэг. Монголд ямар тоо баримт байдгыг би мэдэхгүй ч Америкт хүүхэд хулгайлах гэмт хэргийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй байдаг гэнэ. Зохиогч үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл хэтэрхий их санаа зоволт нь таны хүүхдэд нөлөөлж байдаг. Хүүхэд хөхнөөсөө гарсан хойноо ч ээжийнхээ сэтгэл хөдлөлийг «идэж» амьдардаг. Өнөөгийн хэт санаа зовомтгой эцэг эхчүүдийг зохиогч « нисдэг тэрэгтэй хүүхдийнхээ дээгүүр эргэлдэгчид» гэж нэрлэжээ. Тийм ээ, үүний шалтгаан нь хүүхдийн тоо цөөрсөн, эцэг эхчүүдийн хөгшрөлт, нэг хүүхдэд хандуулах эцэг эхийн бие махбодь болон сэтгэл санааны энергийн хэмжээ ихсэж, найдлага ч өндөрссөн зэрэг юм. Өнөөдөр олон эцэг эхчүүдийн хувьд хүүхэд өсгөлт, боловсрол, хүүхэд нас бүхэлдээ өрсөлдөөний талбар болчихоод байгаа юм. Хүүхдийнхээ хэрэгт хөндлөнгөөс хэт оролцдог, хэт үглээ яриа эцэг эхчүүд ч их болсон.
Таны 5 настай хүүхэд зурсан зургаа барьсаар тань дээр ирлээ гэж бодъё. Та ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр, шүүмжлэлгүйгээр хүүхдээ яриулж, асуулт асууж чадах уу? Энэ тохиолдолд хүүхдэд хэрэгтэй зүйл бол таны шүүмжлэл, магтаал ч биш юм. Таньтай харьцах буй тэр харилцаа холбоо л чухал.

Үг хэлээ цомхотгох
Та хэдий чинээ ярина төдий чинээ хүүхдээ сонсохгүй байна гэсэн үг. Та бүгдийг тайлбарлаж, хүүхэд чинь бүгдийг хүлээн авах албагүй. Ингэснээрээ та хүүхдийнхээ төсөөлөн бодох болон бүтээлч чадварыг үгүй хийж байна гэсэн үг. Томчуудын сэдвээр хүүхдийнхээ хажууд бүү ярь. Санаа зовоосон асуудал болон яриандаа бүү оролцуул. Санаа зовоосон яриандаа хүүхдээ оролцуулж байгаагаа санаа зовнилоо хуваалцаж байна гэж битгий хэлээрэй. Хуваалцах гэдэг нь адил түвшний хүмүүс харилцан солилцох үйлдэл бөгөөд энийг хүүхдээсээ найдах боломжгүй, шудрага бус хэрэг юм. Хүүхдийнхээ дэргэд бусдыг муулж басамжлах хэрэггүй. Энэ нь таны хүүхдэд халдварладаг. Жишээ нь нэг аав зөвлөгөө авахаар ирсэн. Түүний хүү сургууль дээрээ багшийгаа егөөдөж, үл ойшоосон байдалтай харьцдаг бөгөөд аав нь түүнийг уул нь ийм хүүхэд биш юмсан гэж ярив. Харин зохиогч өөрөө аавыг нь сайн мэддэг бөгөөд тэр аав өөрөө тийм хүн байж. Жишээ нь тэр ерөнхийлөгчийг «энэ тэнэг» гэх мэтээр тэгээд бүр өдөр бүр өөр хоч нэрээр дууддаг байсан нь хүүг нь ахмад хүнийг үл хүндэтгэхэд хүргэсэн. Биднийг ярьж байхад бидний ярианы утга агуулгаас илүүтэйгээр бидний ярианы өнгө, үйлдлээс тухайн хүнд хэр хүндэтгэлтэй хандаж байгааг хүүхэд сайн мэддэг. Ер нь бүх төрлийн шашин, уламжлал нь бидэнд үг яриандаа болгоомжтой хандахыг сургадаг. Эцэг эхчүүдийн хоорондоо хэрэглэж буй үгс хүүхдийн ертөнцийг үзэх үзэл цаашлаад өөрийнхөө талаарх төсөөлөл ямар байх вэ гэдэгт ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Бид ярьж хэлэхийнхээ өмнө доорх 3 шүүлтүүрийг хэрэглэвэл зохистойг зохиогч сануулжээ.
-Бодит үнэн мөн үү?
-Эелдэг сайхан үг мөн үү?
-Үнэхээр хэлэх шаардлага байна үү үгүй юу?
Жишээ нь хэн нэгнээс сонссон үнэн худал нь мэдэгдэхгүй дам яриа эхний шүүлтүүрийг давж чадахгүй. Тэгээд хэдий үнэн байлаа ч таны үг бусдыг шархлуулж мэдэх бол хэлээд хэрэггүй. Зохиогч сургууль дээрээ хүүхэд гадуурхах хэрэг тарьсан хүүхдүүдийн аав ээжид зөвлөхдөө 3 долоо хоногийн туршид « үгний дэглэм» барихыг санал болгодог.
Хүүхдээ хатуу шүүмжилдэг, хувь хүнийг нь үгүйсгэдэг эцэг эхчүүдийн хүүхдээ загнан зэмлэх үйлдэл нь хүүхдийг нь бусдыг гадуурхан дээрэлхэхэд хүргэдэг гэдгийг эцэст нь тэд ойлгодог байна. Хэр амжилттай амьдрах нь бичгийн хэв сайтай муутай байх, хэдэн гадаад хэлээр ярьдаг, төвөгтэй алгоритм зохиох зэргээс шалтгаалахгүй нь ойлгомжтой. Мөрөөдөлдөө хүрэх, бусадтай сайхан харьцаатай байж чадах эсэх нь EI (emotional intelligence) буюу сэтгэл хөдлөлийн ухаантай ихээхэн холбоотой. EI гэдэгт өөрийн сэтгэл зүйн байдлыг хөндлөнгөөс харж , заримдаа сэтгэл санаагаа өөрчилж, урамшуулж зорилгодоо хүрэх чадвар багтана. Хүүхэд 9,10 нас хүртлээ үлгэр дуурайлаар дамжин ертөнцийг таньж мэддэг тул таны сэтгэл хөдлөл, түүнийгээ хэрхэн барьж удирдаж буйг чинь хүүхэд шууд өөртөө шингээж байдаг. Харин та балчир хүүхдээс сэтгэл хөдлөлөө удирдахыг шаардахаас илүүтэйгээр сайн үлгэр дуурайл үзүүлэх нь түүнд үнэ цэнэтэй боловсрол болно. Тиймээс 9-өөс доош настай хүүхэдтэй сэтгэл хөдлөлийнх нь талаар асууж, ихийг ярих хэрэггүй. Энэ насны хүүхэд өөрийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг ойлгох, илэрхийлэх үгийн баялаг муу байдаг.
Эцэст нь дүгнэхэд бага зүйл, их зүйлээс илүү үнэ цэнэтэй байдаг гэж хэлмээр байна.
Би төсөөлдөг юм, хөдөө хээр талын нүүдэлчин малчин айлын амьдралыг. Ялангуяа дээр үед бол нүүдэлчин хүмүүс эрүүл сайхан байгаль, агаарт тааваараа амьдарч олон эд хогшил цуглуулахгүй тэрнийхээ хэрээр толгой тархи сэргэлэн, тэдний дэргэд өсөн өндийж буй хүүхдүүд хичнээн эрүүл байгаа вэ гэж. Таны гэр бүл улам амар амгалан, байгаа байдалдаа болон бие биедээ талархдаг халуун дулаан уур амьгалыг бүрдүүлэхийг хүсч байвал «цомхотгол» хийгээд үзээрэй гэж санал болгох байна. Уг номонд өөр олон сайхан зүйлийг бичиж сануулсан байсан ч бүгдийг хамруулан бичих боломжгүй байлаа. Овоо ч зузаан ном байсан тул тэмдэглэл маань ч урт болчихлоо.
Өөрчлөлтийг цомхотголоор эхлүүлж хайрт хүүхдүүдээ хамгаалцгаая!

Ээнээгийн тэмдэглэл 

https://www.facebook.com/eeneenomtemdeglel/posts/1235843343221503?__tn__=K-R

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

174.127.246.89Элбэгзаяа   • 8 сарын 16. 22 цаг 40 минут

Энэ миний бичсэн тэмдэглэлийг өөр хүний зурагтай нийтэлсэн байх юм.

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо3 цаг 59 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 23 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 33 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 43 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт7 цаг 48 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд7 цаг 53 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ7 цаг 58 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 3 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 8 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 13 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 18 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 23 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 28 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 32 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 33 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 38 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 43 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул8 цаг 48 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа8 цаг 53 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ8 цаг 56 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг8 цаг 58 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 3 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 8 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 13 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 18 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 23 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 28 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 33 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 38 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.