3-р сарын 14
15 цаг 45 минут

Д.Даваасүрэн: Гадаадын хөрөнгө оруулалтыг хэмжээ бус тухайн улсад оруулсан тогтвортой хөгжлийн хувь нэмрээр нь үнэлдэг жишиг тогтож байна

Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна.

- Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн загварыг хэлэлцэн, баталлаа. Тус загвар хэлэлцээрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд ийм загвар боловсруулах болсон шалтгаан, ач холбогдлын талаар товч тодруулга өгнө үү?

- Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын нийт 44 хоёр талт хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 36 нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Монгол Улсаас бусад улстай байгуулсан хөрөнгө оруулалтын эдгээр хэлэлцээрийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-тай хамтран 2016 онд судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээс харахад манай хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэхүү зөрчлийг арилгах, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоор холбогдох яамдын төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйгээр мэргэшсэн гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран уг загварыг боловсруулж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг олон улсын байгууллагаар хөндлөнгийн дүгнэлт хийлгүүлсэн.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх гол хөдөлгүүр, чухал арга хэрэгслийн нэг юм.

Манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 хөгжлийн баримт бичгийг 2016 онд баталсан. Энэхүү үзэл баримтлалд тусгасан зорилго, зорилтод хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой ашиглах зорилгоор хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх шаардлага бий болсон. Хөгжиж буй улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахаас гадна үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг сонирхлыг эн тэнцүү хамгаалах шаардлага зүй ёсоор тулгардаг.

Шинээр болон шинэчлэн байгуулах Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг Засгийн газраас баталсан уг загварын дагуу байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр нь бус тухайн улсын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрээр нь үнэлдэг жишиг тогтож эхэлнэ гэж үзэж байна.

- Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд учир дутагдалтай байна гэж хэллээ. Эдгээр хэлэлцээрийн талаар цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

- Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байна.

Дэлхийн улс, орнууд 1960-аад оноос эхлэн 2000 оныг хүртэл хоёр талт улс төрийн харилцаагаа шат ахиулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор, мөн олон улсын зарим судлаачийн үзэж буйгаар “зураг авахуулах” зорилгоор Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж эхэлсэн байдаг.

Өнөөгийн байдлаар олон улсын хэмжээнд 3,350 гаруй хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулсан гэсэн тоо бий. Харин 2000 оноос хойш хөрөнгө оруулалтын эдгээр хэлэлцээрт үндэслэсэн маргаан ихээр гарч эхэлсэн учир ийм төрлийн хэлэлцээр байгуулах нь багассан байдаг.

Тухайлбал, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан судалгаагаар 1994-2018 оны хооронд олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч- хөрөнгө оруулалт хүлээн авагч улс хоорондын нийт 904 маргаан гарч, нэхэмжлэлийн хэмжээ нь олон зуун саяас хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон. Мөн хөгжиж буй Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг улсаас өндөр хөгжилтэй улсуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр өндөр хөгжилтэй улсууд ч мөн адил хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болж, хөрөнгө оруулалтын орчин хурдацтай өөрчлөгдөж байна.

Үүний үр дүнд дэлхий нийтээрээ, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улсын аль аль нь хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болон хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тэнцвэржүүлэх бодлого барьж эхэлж байна.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсын дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхийг илт хязгаарласан хуучин хэлэлцээрүүдийг цуцлан тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжийг хангасан шинэ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа эрчимжиж байна.

Жишээ нь, Энэтхэг Улс 2017 онд нийт 50 улстай байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ цуцлан, 2018 онд 5 хэлэлцээр шинэчлэн байгуулсан бол Европын Холбоо гишүүн улс хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ цуцлан, 2010 оноос хойш 13 улстай хөрөнгө оруулалтын хэлэлцээр шинээр байгуулсан байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ийнхүү шинэчлэгдэн улс бүр өөрийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжийг хангасан хөрөнгө оруулалтын шинэ загвар хэлэлцээртэй болж, хуучин хэлэлцээрээ цуцлах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Манай улс ч мөн адил олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад идэвхтэй оролцон эрх зүйн орчингоо өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн ийнхүү өөрчлөхөөр ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулах саналыг Энэтхэг, Өмнөд Солонгос, Чех зэрэг долоон улсаас манайд ирүүлсэн. Эхний ээлжид эдгээр улстай яриа хэлэлцээгээ эхлүүлж, хуучин хэлэлцээрээ шинэчлэх, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шат дараатай шийдвэрлэх юм.

- Хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ ийнхүү шинэчилснээр хөрөнгө оруулалт буурах зэрэг сөрөг үр дагавар бий болох уу?

- Хэлэлцээрийн загвар ийнхүү өөрчлөгдсөнөөр шинээр болон шинэчлэн  байгуулах хэлэлцээрээ энэхүү загварт тусгагдсан зорилго, зарчмын дагуу байгуулна.

Одоо үйлчилж буй хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд хамаарах гадаадын хөрөнгө оруулалтад шууд нөлөөлөх эрсдэл байхгүй.

Хуучин хэлэлцээр цуцлагдсан ч уг хэлэлцээрийн хүрээнд өмнө оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хувьд 15-20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж, хөрөнгө оруулагчид тухайн хэлэлцээрээр олгосон давуу эрхээ эдэлдэг учир хуучин хөрөнгө оруулагчдад эрсдэл учрахгүй.  

Нөгөөтэйгүүр, хэрэглэгчид компанийн нийгмийн хариуцлагын түвшин, байгаль орчин, хүн, амьтан ургамлын эрүүл мэндэд ээлтэй техник, технологи ашигладаг эсэхийг харгалзан сонголт хийдэг болж байгаагаас үүдэн үндэстэн дамнасан корпорацууд төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид ч нийгмийн хариуцлагыг сайн дураар хэрэгжүүлж байгаа сайн жишиг тогтож байна.

Иймээс хариуцлагатай хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчид тус хэлэлцээрээр олгох давуу эрхээ аливаа хязгаарлалтгүйгээр эдлэх бүрэн боломжтой.

Харин үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн, амьтан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан, авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хөрөнгө оруулагчийн хувьд хэлэлцээрээр олгох давуу эрхийг эдлэх боломжгүй.

 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бяцхан оюун ухааны тамирчид Укбекстаныг гайхшруулав6 цаг 31 минутын өмнөЦ.Батцэцэг Дэлхийн цомд дараалан түрүүллээ6 цаг 45 минутын өмнөХакүхо аваргыг маргааш ёкозүна Какүрюү зогсоож чадах уу?7 цаг 1 минутын өмнөХ.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 15:00Трамп: Голаны өндөрлөгийг Израилийн газар нутгаар хүлээн зөвшөөрөх цаг нь болсон3 сар 23. 14:55Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчид зочиллоо3 сар 23. 14:50Тайваньд АНУ-аас зэр зэвсэг нийлүүлэхийг БНХАУ эсэргүүцлээ3 сар 23. 14:45Мэлмийд мандсан нар3 сар 23. 14:40АНУ Венесуэлийн банканд хориг арга хэмжээ авав3 сар 23. 14:35Ханхүү Чарльз цэцэгтэй дотоожинд нугасгүй3 сар 23. 14:30Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох зүйлс3 сар 23. 14:25Хамгийн намхан машин3 сар 23. 14:20Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ3 сар 23. 14:15Архангайн шигшээ баг Идэрчүүдийн гар бөмбөгийн аварга болов3 сар 23. 14:10ФОТО: 2019 оны трэнд бугуйн цагнууд3 сар 23. 14:05Аваргууд Индиана Пэйсэрс багийг бутниргэлээ3 сар 23. 14:00Цайг халуунаар нь уух нь улаан хоолойн хавдрын эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг3 сар 23. 13:55“Хөл доорх бидний ертөнц” хөрс шороо болон түүний ашиг шимийн тухай3 сар 23. 13:50Энэ долоо хоногт Дэлхий дахинаа3 сар 23. 13:45Бразилийн экс Ерөнхийлөгч 40 жил мафийн толгойлогч байжээ3 сар 23. 13:40ОХУ-ын Ерөнхий сайд Украины улстөрчидтэй уулзжээ3 сар 23. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-03-22)3 сар 23. 13:30Төрсний дараа хэрэглэж болох хоол хүнс3 сар 23. 13:25Жессика Симпсон гурав дахь хүүхдээ төрүүлэв3 сар 23. 13:20Тайваньд сөнөөгч онгоц нийлүүлж болзошгүй байгаатай нь холбогдуулан мэдэгдэл хийжээ3 сар 23. 13:15Жеймс Харден 61 оноо авлаа3 сар 23. 13:10БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо3 сар 23. 13:05IPhone утсыг холигчид хийвэл юу болох вэ3 сар 23. 13:00Мюллер “Оросын хэргийг” шалгаж дуусжээ3 сар 23. 12:55Энэ өдөр дэлхийн түүхэнд3 сар 23. 12:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.