4-р сарын 29
15 цаг 14 минут

Р.Чойном: Хан Хэнтий

Монголын Улсын төрийн шагналт яруу найрагч Р:Чойном

ХАН ХЭНТИЙ

Хэнтий хан гэж 
Хэрлэн их мөрний минь өвөг 
Оргил өндөр Хэнтий гэж
Онон их мөрний минь овог!

Хан Хэнтий гэж 
Хатан Туулын эцэг!
Туналзсан гурван мөрнийг 
Тулгын чулуу шиг тулсан

Хөрстийн олон галавыг 
Хөх сүмбэр аварга шиг тулсан 
Алтан дэлхийд ховорхон байдаг 
Нэр нь гэмээ нь энэ Хэнтий!
Ази тивд хоёрхон байдгийн 
Нэг нь гэмээ нь Хан Хэнтий!

Арван найман салаа цэв цэнхэр мөрөн 
Амыг нь таталгүй тавьсан жороо морь шиг тэмүүлдэг 
Ангал байцын дундаа манан хүүрэг татуулсан 
Ахай таван Хан Хэнтий уулаар овоглосон

Уужим энэ нутаг 
Уртын дуу шиг тансаг 
Унаган биений хэсэг 
Уушгийн гурван судас

Тансаг энэ нутаг 
Танилын царай шиг дотно 
Танхил биений хэсэг 
Тагнайн ганцхан судал!

Бүгд найрамдах улсын минь 
Бүл нь болсон аймаг 
Бүрэн эрхт иргэний нь 
Гэр нь болсон нутаг!

Хангай говь хээрийн гурван бүс алагласан 
Халуун хүйтэн зөөлөн дөрвөн улиралт Хэнтий
Цэцгийн гурван сардаа 
Цэнгэлтэйхэн Хэнтий минь ээ!

Цэцтэйхэн дуугаа тоглох пянз шиг сайхан тал нь 
Цэнхэр Хэрлэн эмжээртэй хилэн хуараар тодорч 
Цэлгэр цэлгэр хөндийд нь хүн мал нь яралзаад 
Цэцэн хааны хөлөг босоо төрдөг нутаг

Найрын гурван сардаа 
Наргиантайхан Хэнтий минь!
Найргийн дугараа түшсэн
Найз л олон толгод нь

Навчин хээтэй хоргойг нөмрөн буйгаар тодорч
Нарлаг нарлаг бэлд нь хадлан тариалан жигдрээд 
Начин заанаас урьдаар 
Найрагчид төрдөг нутаг аа!

Хөхөө гурван сардаа 
Хөгжөөнтэйхөн байдаг Хэнтий минь!
Хөх торгон асар шиг 
Хөвчит Ононы уулс нь

Хөлдүү цагаан жаварт
Хөхөрч буйгаар тодорч
Хүнхэр дулаан өвөлжөөнд нь бригад сууриуд жигдрээд 
Хөдөлмөрийн олон баатрууд уралдаж байдаг нутаг!

Уургийн гурван сардаа 
Уянгатайхан Хан Хэнтий минь ээ!
Уярах цэнгэх насны минь дэвжээ болсон хөрс нь 
Урган тал хоёр нь хотолзон буйгаар тодорч 
Уужим уужим хөндийд нь 
Уурхай үйлдвэр ярайгаад 
Улсад цуутай сайчууд амьдран суудаг нутаг аа!

Өндөр тэнгэрийг тулсан 
мөнхийн дөрвөн багана шиг 
Өлчир буурал Хэнтийн 
Өнгийн дөрвөн улиралд нь 
Цэнгэх зовох насаа
Цэцэглэхээс гандах хүртэл 
Цэцэн ханы албат ард 
Аав минь амьдарч явсан юм

Шүлэг бүтээм тэргүүнээ
Шүтээний өмнө бөхийж 
Шүтэж бишрэм насаа 
Шүнгэнэх салхинд нь гандааж

Бурхантай чөтгөртэй гэдэг 
Бурангуй цагийн эрхээр 
Буруутай зөвтэй гэгдэх 
Хүний хувь заяаг үүрч

Дарласан дарлуулсан хоёртой
Давчхан тэр ертөнцөд 
Даяар олныхоо адил 
Далавчгүй бүргэд шиг явсан юм

Аав минь гэвч түүхэнд 
Аргамаг цагаан хөлгөөрөө
Ангал харанхуйг дүүлж 
Уудам хорвоогийн цээжинд 
Уран зураг болж мөнхөрсөн 
Улаан цэнхэр далбаагаа 
Үүрд мандуулсан ард аа!

Хүндэт тэр ардын 
Хүү нь болсон намайг 
Хүслийн нь үзүүрээс
Хүрэх элч болгон төрүүлжээ

Уужим Хэнтийн агаарт 
Уушиг тэнийн амьсгалж
Уртын дуу шиг Хэрлэнгийн 
Усан эрдэнээр угааж

Унаган түмний бүтээсэн 
Уран шүлгээр бүүвэйлсэн 
Хэнтэй ч зүйрлэшгүй ээж минь 
Хэнтий Ханы бүсгүй

Гал голомтны нь дөл шиг 
Газар дээр ганц ах минь 
Ган дөрвөн тотго шиг 
Гар түшсэн дүү нар минь

Гурван бүсгүй үр минь 
Гучин нэгэн зээ минь 
Сайн явбал садан минь 
Саар явбал нөхөд минь

Дуулим Хэнтийн адуучин 
Дугар, Дамчаа, Дамбийнууд минь 
Дуутай найрын од болсон 
Дулам, Долгор, Хорлоонууд минь

Байр л сууц нь тодроогүй үеийн олон хүүхэдтэй 
Балчир симфони тоглосон дунд сургуулийн дов
Бадарч багтарч явахдаа хэлгий хур шиг дэглэж 
Бал харандаагаар бичсэн өврийн дэвтрийн шүлгүүд минь

Богино цагаан оймстой хашаа хамрын охидын 
Борлон бүдүүрсэн хөлд нь зангирч байсан хүчдэл 
Орос дугуйны ар дээр сундалж явсан дурлал 
Орон дээрээсээ өндийгөөд загнаж байсан ижийнүүд

Хал үзсэн биений минь цэцэг цэврүү шиг насанд 
Хавар зуны шөнүүдэд цэнгүүлж явсан газар 
Хадан хатуу биеэ Хэрлэндээ тольдон өндийсөн 
Хатан цагаан барилгатай талын хот Өндөрхаан

Энхэл донхол гудамжны нь саран хүүшлэх сүүдэрт 
Энэхэн нутгийн алдрайтай саатан шивнэж зогсохдоо 
Хүн нутаг хоёрыг нь чин зүрхэндээ шивнэсэн
Хүлэг, шүлэг хоёрын өлгий болсон Хэнтий минь

Асралт хайрхан, гурван нуураар чинь!
Аврага тосон, Цэнхэрмандалаар чинь 
Авьдар Хэрээ, Баян-Улаанаар чинь 
Арван гурван Сансар Дэгнэ, Жигнээр чинь

Хэрлэн Тооно, Баян-Эрхтийгээр чинь 
Хэрээ Хөхөл, Буйлан Бурандагаар чинь 
Хээндэй, Хуандай, Цэцэг нуураар чинь 
Хэрлэг, Торлог, Чандаган талаар чинь

Бүрэн эрхээр амьдарсан, ард түмэнтэй чинь амьдарч 
Бүтээл бүтээлээр ундарсан атрын залуустай чинь наргиж 
Баатар баатрыг төрүүлсэн буянт буурлыг чинь хүндэлж 
Багачууд нялхсын угаалган дээр ерөөл дурсгаж явлаа

Үймээний жилийн дөл дундуур тодорсон 
Үхэр бууны Пунцаг жанжин 
Дарийн утааг бидний төлөө үнэрлэсэн 
Дайчин бэйсийн Лосол чойжин

Цэргийн наадмын дэвжээг доргиож явсан 
Цэцэн ханы босоо Самдан аварга 
Халх даяар хурдан цолоо дуудуулсан 
Хардал засгийн хурдан хонгор морьд

Эртийн эртний хүн чулуутай ярьдаг 
Эрдэмтэн зохиолч Хөдөөгийн Пэрэнлэй 
Дамдинсүрэн гуайн арчмал зураг
Даваацэрэн гуайн сонгомол баримал

Ажил хөдөлмөрийн баатар Данзандаржаа
Алтан хилийн баатар Дамбын тухай
Наргиантайхан буриадын саальчин охид 
Доргионтойхон Ононы сайхан залуусыг

Ахуй цагийн алтанхан тайзнаа 
Амьдрууланхан дуулах өртэй билээ 
Цэнхэрлэнхэн харагдах Нямдоржийн нутагтаа 
Цэцэн ханы Чойном өртэй үлдэж болохгүй ээ!

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.36Зочин   • 4 сарын 30. 11 цаг 55 минут

Чойномын шүлэгнүүд дотор нэлээд ур муутайдаа орох бүтээл байна. Дээрээс нь эндээс түүний бүтээлд нийтлэг ажиглагддаг танхай, эстэтикийн мэдрэмжгүй аяс нэвт харагдаж байна. Ийм л учраас түүнийг зохиолч, яруу найрагч гэхэд хэцүү байдаг. Чухам л ёстой боловсролгүй найрагчид зориулсан билэг танхай гэдэг өргөмжлөл түүнд л тохирно. Хайран авьяас.

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 55 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 17. 17:00Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ7 сар 17. 16:55Бразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа7 сар 17. 16:50Өөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“7 сар 17. 16:45Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа7 сар 17. 16:40ОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ7 сар 17. 16:40НЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна7 сар 17. 16:37Та биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт7 сар 17. 16:30ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.