2019 оны 4-р сарын 30
14 цаг 50 минут

Ардын жүжигчин С.Гэндэнгийн амьдралын паянт хуудсууд

1. Сурахын замд орсон нь

Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм. С.Гэндэн 1931 онд Тарган Бандида Цэвэлваанчигдорж агсны “Борт” хэмээн алдаршсан хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж гуравдугаар ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ. Энэ үедээ С.Гэндэн Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээ авч хөдөө байгаа аав ээждээ учирлан хэлтэл аав нь “Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдрийн төөрөг мэддэг юм” хэмээн шуудхан зөвшөөрсөн гэдэг.
Ингэж шинэ үеийн залуу хүү С.Гэндэн эрдмийн их аянд Улаанбаатар хотыг зорин гарахаар болов. С.Гэндэн гуай дурсамждаа “Ингээд би аав ээждээ авчирч өгсөн цалингаасаа 15 төгрөг авч хоршоонд өнгө бүхий торго дурдангаас шилж байж авсан хээтэй цав цагаан торгыг хар пүүсүүгээр өргөн гэгч эмжиж сайхан дээл оюулж өмсөв. Мөн хуучин монгол гутлыг маань шинээр улласан учир шөлний тосоор гялалзтал тосолж өмслөө. Хар хир болсон шар даалимбан бүсээ угааж өнгөлөөд ороож бүслэн айл саахалтаараа орж мялаалгахаар явтал хүн бүрийн нүд над дээр тусч, яг үд дундын нар шиг төөнөж, халуун цай ч оочиж болдоггүй, харах хараа ч эгцэрч өгдөггүй, хамаг биеийн хөлс цутгаж шинэ торгон дээлийн мяндас ширдэг бамбайтай ширэлдээд сэтгэл шаналган зовоож байж билээ" гэж тэр үеийн хөдөөгийн аж байдлын хэв маягийг жирийн сайхан өгүүлсэн байдаг. 1930-аад оны дундуур нүүр хагараагүй залуу хүү цагаан торгон дээлтэй шалгүй айлуудаар орж, сандалгүй шууд дэвсгэр дээр сууна гэдгийг дүрслээд бодоход нэг л инээдэмтэй зураг эвлэнэ. Ийнхүү С.Гэндэн хүү нөгөө дээлээ дор нь хийж, дээр нь ааруул ээзгий тосоо чихэж амыг нь боосон шуудайтай юмтайгаа замын унаанд дайгдан Улаанбаатарын бараа харжээ. Бага сургуулиа амжилттай төгссөн С.Гэндэн дунд сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, дотуур байранд орж, зорьж гарсан хэрэг бүтээд эхлэв. Сургуулиас тусгай форм тавьж өгсөн учир ганган цагаан дээлээрээ гоёх нь бүү хэл гаргаж үзэх ч зав гарсангүй. Энэ үед үлгэр жишээ нэгдүгээр сургуульд Палаан, Цэвэгмэд, Цэвэгжав, Батсүх, Шаравнямбуу, Далхжав, Даш, Баваасанжав, Намжаа, Батмөнх, Цэрэндулам зэрэг Монголын алдартай багш нар ид залуухан ажиллаж байсан гэдэг.


2.Сурагч Гэндэнгийн паян

Хотын амьдралд ороод удаагүй Гэндэн хөдөөх байдлаараа авчиг багш нарын үг сургаалыг даган хичээлдээ хэрдээ шамдан суралцаж байв. Гэтэл нэг л орой паянгаа дэлгэх нь тэр. Энэ паянт явдал нь нөгөө л ганган цагаан дээлнээс нь үүдэлтэйгээр дэгджээ. Нэг орой Гэндэн байрныхаа үүдэнд элдвийг харж ажиглан сууж байтал хичээл ангийн эрхлэгч Баваасанжав багш нь гоё ганган хувцаслаад эхнэртэйгээ сугадалцан, ер бусын хөгжилтэй яваа харагджээ.
Энэ байдлыг хараад бас чиг аймгийн төвд сүүдэр ший гэгчийг үзэж мэдэх болсон С.Гэндэнгийн толгойд хөгжим дуу тасардаггүй клубын явдал тодоор бууж Баваасанжав багшийн араас сэм дагав. Тэр дурсамждаа энэ явдлаа"... сонирхон дагаж нэлээд явтал яг гэр шиг хэлбэртэй бөмбөгөр ногоон байшингийн хаалганы дээгүүр янз бүрийн бөндгөр хурц гэрэл асч амьтан хүн үймэлдэн байхыг олж хараад “лав энэ клуб болж таарлаа. Ямар нэг ший жүжиг гарах нь” гэж бодоод бушуухан буцан гүйж ирээд нөгөө торгон дээлээ шуудайнаас гаргатал дал мөр, энгэр зах нь гүүний ааруулын тосонд нүүгэлтсэн хар юм болсон байв. Гэвч ийм цагт торгон дээлээ өмсч гоёхгүй бол хэзээ өмсөх билээ гэж бодоод хэд сайн нухчихчаа аядаад л өмсөөд гарч одов" гэж илүү нэмэлтгүй бичсэн байдаг. Ийнхүү тухайн үеийн сургуулийн дотоод дүрэм зөрчсөн сурагч Гэндэн анх удаа төвийн театрын тайз дээр “Харц Дамдин Хатан Долгор” жүжгийг үзэн сэтгэл уярч, зарим эмгэнэлтэй хэсэг дээр нь нулимс унагаж суужээ. Жүжиг үзсэн сурагч Гэндэн нөгөө л хөдөөх байдлаараа харц Дамдингийн хувь заяаг бодол хийлэн алхсаар сургуулийнхаа үүдэнд иртэл аль хэдийнэ хаалгаа хаагаад түгжиж орхисон байв. Байдлыг үзээд айж балмагдсан сурагч Гэндэн дээгүүр нь тор татсан хашааны намхан хэсгээр давж орохоор шийдэж, арайхийн авирч гараад дэвхрэн буух гэтэл юу юугүй хормой нь торонд орооцолдон дүүжлэгджээ.
Хичнээн оролдоод салгаж чадалгүй айж цочирдож арга буюу “Хүн байна уу, амь авраарай” гэж ойр ойрхон орилон тийчилж байтал сургуулийн жижүүр сонсч мэдээд ирж, нэр усыг нь асууснаа мөрөн дээрээ гишгүүлэн байж арайхийн салгаж авсан гэдэг. Сурагчийн дүрэм зөрчсөн Гэндэнцэвэлийн (ийм нэртэй байсан) энэ паян сургуулийн жижүүр, эргүүлийн багш нараар дамжин захирлын сонорт оройдоо хүрчээ. Маргааш өглөө нь сургуулийн бүх хүүхдүүдийг жагсаан захирал Палаан ирж сурагчийн дүрэм зөрчсөн Гэндэнцэвэлийг жагсаалын өмнө гарган хатуу донгодож сургуулиас гадуур явах эрхийг нь 15 хоногоор хорьсон төдийгүй сүргүүлийн гол замыг өдөрт нэг удаа шүүрдэн цэвэрлэж байх шийтгэл ноогдуулж гэнэ. Урагдаж навтарсан цагаан торгон дээлээ шөнөжин оёж бас чиг өмсчихөөр болгосноо өглөө сандрахдаа өмсчихөөд жагсаалд очсон нь сурагч бүхэнд нүдлэгдэж дорхноо “цагаан дээлт” нэрийг олжээ. Охид бүр зориуд чиглэн ирж “цагаан дээлт балиар жаал еэ еэ, бөөвөө, еэ еэ, бөөвөө” гэж ичиглэн дамшиглах нь энүүхэнд болов. Гэсэн ч Гэндэнцэвэл хүү өдөрт нэг удаа хог шүүрдэж, шөнө орондоо элдвийг бодон хямарч “Цагаан дээлт’’ хоч авсандаа гутран уйлдаг байсан ч хичээлдээ байнга онц дүн авч байлаа.
Гэндэн гуай дурсамждаа "... шийтгэл зэмлэлийн 15 хоногоо дуусгаад байтал 18 дахь хоног дээр Палаан багш сургуулийн нийт багш сурагчдыг жагсаагаад намайг заасан хугацаанд дутагдлаа гэмшиж ойлгосон ба цэвэрлэгээг сайн хийснээс гадна сурлагын дүн онц сайн байсныг тэмдэглэж хэргийг цагаатгаж билээ” гэж тэмдэглэжээ. “Арвайхээрийн цагаан дээлт” алдар зүүсээр Гэндэнцэвэл хүү урлагийн үзлэгт оролцох, бүлгэм дугуйланд суралцах зэрэгт тэргүүний сурагчдын эгнээнд явж ардын урт, богино дуу дуулах авьяасаараа ер нь бузгай ялгарч байжээ. Ийм маягаар нэрт найруулагч, ардын жүжигчний сурагч ахуй цагийн амьдрал хөвөрч байв.

Л.Вангантай танилцсан нь

Жүжгийн нэрт зохиолч, найруулагч А.Ванган, нэрт найруулагч, ардын жүжигчин С.Гэндэн нарын танилцсан түүх сонин бөгөөд тэдний сурагч ахуй цагаасааа эхэлсэн үерхэл 40 орчим жил үргэлжилсэн юм. Л.Ванган, түүний дүү Л.Нацаг (циркийн), Ч.Долгорсүрэн (Ардын жүжигчин), Ө. Ринчинноров (нэрт жүжигчин) нар бүгд сурагч Гэндэнтэй хамт дунд сургуулийн жилүүдээ дүүргэсэн гэдэг. Сурагч Гэндэн дээр дурдсанаар шийтгэл хүлээн хог шүүрдэж байхад нь ах дүү Ванган, Нацаг хоёр давхин ирж хамгийн түрүүнд тусалж, улмаар “Чи гэрээ санаж байна уу?” хэмээн асууж хөдөөгийн муу нөхөртөө сэтгэлийн дэм үзүүлж байжээ. Хэдийгээр хот газрын том сэхээтний хүүхдүүд боловч нөхрийн зовлонг хуваалцаж хүүхдүүд боловч нөхрийн зовлонг хуваалцаж, халуун сэтгэл гаргаж байсан нь багаасаа сэтгэлийн боловсрол өндөртэй байсныг нь гэрчилнэ.
Гэндэн гуай дурсамждаа Нацаг тэр хоёр (нэг өдөр) намайг манайд оч. Баваасанжав багшаас чөлөө гуйж өгье гэв. Би “Оройн хоол одоохон болно. Хоолоо идээд явбал явъя” гэтэл тэр нөхөр нэлээд янзгүй харснаа, үг дуу ч үгүй явж Баваасанжав багш дээр очоод нэг жижиг зурвас барьж ирэнгээ “За явцгаая. Би чамд хоногийн чөлөө авчихсан” гэв”... гурвуулаа явсаар одоогийн Д.Нацагдоржийн хөшөөний архан тал орчимд байсан гудамжны дунд хэрд их бага хүрэн хаалганд оров. Зайтай сайхан хашаан дотор цагаан эсгий бүрээстэй том гэр байлаа. Ороод очсон чинь баруун хойд талд нь тагжгардуу нуруутай, бор царайтай, гялалзсан нүдтэй жаахан халзан орж яваа дунд насны хүн ном уншиж сууна” хэмээн Л.Ванганы аав Ламжав гуайн босгыг алхсанаа тов тодорхой бичжээ.
Ингэж тэр хоёрын халуун дотно үерхэл эхэлсэн бөгөөд Ванганы дүү Нацагийг дагуулж сурагчдын анхаарал татсан гурван хүү явах болсон аж. Урлагийн үзлэг, концерт үдэшлэг болоход сурагч Л.Ванган, Л.Нацаг нарын циркийн үзүүлбэр, сурагч С.Гэндэнгийн дуулсан урт, богино дуу оролцогсдын талархлыг хүлээнэ. Бусад сургуулиар явж хийх тоглолтуудад ч мань гурав байнга оролцож шагшигдаж, одоогийнхоор бол бяцхан “одод” болж байлаа. Энэ үед театрыг шинэ боловсон хүчнээр хангах зорилгоор дунд сургуулийн сурагчдаас авьяастнуудыг сонгон шалгаруулж урлагийн тусгай сургуульд суралцуулан бэлтгэх шийдвэр гарчээ. Уулын шийдвэрийн дагуу театрын орос сурагч Бореша, найруулагч, хэлмэрч Э.Оюун, алдарт дуучин Дорждагва, нэрт морин хуурч Түдэв нар нэгдүгээр сургууль дээр ирж авьяастай хүүхдүүдийг шалгаруулж элсэлт авсан гэдэг. Сурагч Гэндэн энэ шалгаруулалтад “Эр бор харцага", “Хүрэн толгойн сүүдэр” дуугаар оролцсоноо шалгалтын комиссынхны хүсэлтээр “Сүнжидмаа’’-г дуулж өндөр үнэлэлт авчээ.
Харин найз Л.Ванган, Л.Нацаг нар нь энэ шалгалтад ороогүй юм. Ийнхүү сурагч С.Гэндэн сургуулиасаа Ч.Долгорсүрэн, Ө.Ренчинноров, Цэрэн, Цэрэндулам, Лувсанбалдан, Гажадмаа, Дэчин, Эрээнхүү нарын хамт шалгарч урлагийн ертөнцөд авьяас сорих их аянаа эхэлжээ. Энэ бол 1936 он. Хэдийгээр ардын хувьсгал ялаад 15 жил болсон ч улс орны дотоод амьдрал ээдрээ төвөгтэй байсны дээр улс төрийн их хэлмэгдүүлэлт жинхэнэ тогоондоо буцалж байв. Гэвч сургууль соёлын мөр хөөж яваа Гэндэн хүүд элдэв айх эмээх зүйл байсангүй. Тэр уран сайхны түр курсээ дүүргэж театрын дагалдан жүжигчин, улмаар жүжигчин болж авъяас билиг нь ид цэцэглэж гарах нь тэр. Шилдэг жүжигчин залуучдын эгнээнд орж нэг хэсэг явтал 1940 он гараад явчихав. Ажил сургуулийн мөр хөөж явсаар Ванган найзтайгаа хаа нэг уулзан хэдэн оныг элээчихэв.

Багш нар нь дэмжиж авьяаслаг залуу Гэндэнг Москва хотын урлагийн дээд сургуульд найруулагч жүжигчний мэргэжлээр сургахаар болж түүний амьдралын дэвшил хөгжлийн хоёр дахь үүд нээгдэх нь тэр. Түмэн түжгэнэж, буман бужигнасан их Москвад тал нутгийн буурай малчны хүү Гэндэн нөгөө л цагаан паян, хөнгөн инээдмээ дагуулсаар оюутны шуугиант он жилүүдээ эхэлсэн бөгөөд бас алдарт найз Л.Вангантайгаа үерхлийн түүхээ үргэлжлүүлэн бичсэн түүхтэй.

З.Ванган Гэндэн хоёрын Москвагийн жилүүд

Алдарт Гэндэн Москвад 1945 онд очсон бол Л.Ванган 1946 онд хөл тавьсан байдаг. Хоёулаа нэг сургуульд орсон бөгөөд тус сургуульд Гэндэнгээс өмнө Монгол оюутан байсангүй. Уул сургуульд тухайн үеийн ЗХУ-ын Ардын жүжигчин профессор Захав, Ардын жүжигчин, төрийн дөрвөн удаагийн шагналт профессор А.В.Попов, ардын жүжигчин М.О.Кнебель зэрэг алдартнууд багшилж байжээ. Хэд гуравхан орос үгтэй С.Гэндэн урлагийн нарийн ухаанд суралцана гэдэг амаргүй байсан ч Захав, Па нарынхаа шахалт, ангийн нөхөр Черкасов Кухта нарын тусламжтайгаар орос хэлийг хичээнгүйлэн сурч, анх Крыловын “Хоосон торх” үлгэрийг жүжиглэн оросоор уншиж, Чеховын “Хурим” жүжгийн Грекийн ролийг бузгай амилуулж Монгол хүний ой ухааныг хөөрхөн гайхуулж "ганц дайчин ганцаардахгүй’’ гэгчийн үлгэрээр Гэндэнг ийнхүү тоосруулж байх үед Л.Ванган тус сургуульд элсэн орсон байдаг.
Л.Ванган орос хэлний мэдлэгээрээ нэг жил болчихоод байсан Гэндэнгээсээ илүү шахам байжээ. Хоёр найз дор дороо хичээл сургуульдаа шамдаад зав муутай ч үе үе уулзаж биесийн авьяас билгийг хурцалсаар байсан аж. Нэг удаа тэдний сургууль дээр “интернационал" үдэшлэг болохоор болж сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Иванов тэр хоёрыг дуудаж Монголын дуу хуурыг сурталчилсан хоёр сайн номер бэлтгэх даалгавар өгчээ. Тэд тухайн үед хөгжмийн сургуульд суралцаж байгаад хожим хөгжмийн нэрт зохиолч болсон Чимэддоржоос туслалцаа дэмжлэг авч “Шивээ хиагт”, “Партизан Чойбалсан” гэдэг хоёр дууг хоолой салган дуулах болжээ. Улмаар хувцасны хувьд монгол үндэсний хувцас өмсөхөөр шийдсэн боловч тэр хоёрт ямар ч монгол хувцас байсангүй. Арга буюу мань хоёр Монголын Элчин сайдын яам руу очиж монгол дээл хайжээ. Тэд элчингийн таних мэдэх хүмүүсээс сураглаж явсаар тэр үеийн Монголын элчин Ж.Самбуу гуайн гэргий Нямаа гуайтай уулзаж, Гэндэн нь Самбуу гуайн мөнгөн товчтой, дугуй хээтэй, хөх цэнхэр дээл дээр шар дурдан бүс бүсэлж ер бусын сүрлэг монгол эр болжээ. Харин Ванган нь бие жижиг учир Нямаа гуайн өргөн эмжээртэй, одтой хүрэн торгон тэрлэгийг өмсч хэвлүүхэн монгол залуу эр болох нь тэр. Ингэж гангарсан хоёр оюутан залуу уул “интернационал" үдэшлэгт оролцож дуугаа дуулж олон орны залуучуудыг шуугиулж амжив. Хамгийн гол нь тэр хоёрын хувцаслалт нь биеийнх нь хэмжээг хэт ялгаруулж циркийн алиалагч нар шиг харагдуулсан нь бөөн инээд наадам дагуулсан гэдэг. Хоёр найзын энэ тоглолт “интернационал” үдэшлэгийн шилдэг үзүүлбэрийн тоонд багтаж багш, оюутнуудын талархлыг хүлээжээ.

Ванган, Гэндэн хоёрын үерхэл шинэ нөхцөлд, гадаад оронд ийнхүү үргэлжилж хожим урлаг соёлын нэрт зүтгэлтэн болсон зохиолч Д.Сэнгээ, хөгжмийн зохиолч Чимэддорж, зураач Чүлтэм, Одон, Доржпалам нартай музей, жүжиг, кино үзэж шүүмжлэн ярилцаж, хичээлийн хажуугаар нэвтрүүлэгч зэрэг ажил хийж, жүжгийн дүр бүтээж тун завгүй өнгөрч байв. Ялангуяа Гэндэн сургуулийнхаа дөрөв, тавдугаар курсын жилүүдийг найз Вангантайгаа байнга хамт хичээллэж зай завгүй ажиллаж үдсэн нь түүх болж үлдсэн байдаг.

Л.Ванган нь орос хэлний мэдлэг, ур чадварын хувьд нэлээд ялгарсан оюутан байсан учир Гэндэн найздаа тал талаар тусалж чаддаг байв. Хожим нэртэй найруулагч Гэндэн дурсамждаа “Ванган"... миний төлөө их тусыг, ёстой жинхэнэ нөхрийн ёсоор үзүүлж, нүд анилгүй хичнээн хоног цагаар мэрийж байсныг одоо бодоод өрөвдөх юм" гэж дурсан өгүүлсэн нь бий. Үнэхээр С.Гэндэнгийн дипломын ажил, томоохон жүжгийн тавил, уран сайхны шинэ эрэл хийлэл бүхэнд Ванган биечлэн тусалж, харилцан бие биеэ хурцалж байжээ.
Тэд сургуулиа тус тус дүүргэж ирсний дараа Монголын шинэ театр, киноны урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Гэндэн “Учиртай гурван толгой'' дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдов “Жаргалын зам’’ дуурийг найруулж, “Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудсууд болов. Энэ бол 1950-иад он буюу Гэндэнгийн уран бүтээлийн эхлэлийн үе байлаа. Залуу найруулагч С.Гэндэнгийн амжилтуудыг найз Ванган нь байнга хөхүүлэн дэмжиж, хурцалж байсны дээр зарим жүжгийн найруулгад шүүмжлэлтэй хандаж, хоёр найз тун удаан маргалдаж байсан түүх бий. Тэр бүхэн нь тэдний ур чадварын лабораторийн ажил байлаа. Тэднийг тухайн үеийн театр, киноныхон ‘‘дайрдаг Гэндэн“боддог" Ванган хэмээн авгайлж цаг улирлын шалгарлыг ажралгүй даван туулах бүтээлүүдийг бишрэн хүндэтгэж их үйлсийг нь хөгжөөж байжээ. Ийнхүү Арвайхээрийн “хазгар” хэмээх Гэндэн таалал төгссөнөөс 20 орчим жилийн дараа Арвайхээрийн өндөр Гэндэн Монголын театр, киноны урлагт өөрийн орон зайгаа буй болгож эхэлсэн буюу.
Энэ бол XX зууны хоёрдугаар хагасын түүх юм.

Н.ДАВААДАШ /МУСГЗ/

Эх сурвалж: "Хөх толбо" сонин

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.103Зочин   • 5 сарын 2. 22 цаг 42 минут

Гэндэн Ванган 2ын зурагийг тавих гээд Гэндэн Цэндээхүү 2 ын зурагийг тавьцан бх юм Уг нь 2 найзын цуг авхуулсан зурагийг тавьсан бол нийтлэл сайхан болох байлаа

202.72.245.122с   • 5 сарын 2. 11 цаг 13 минут

өнөөдөр нэг удаагийн үйлдлээр алдарших гээд амьдралгүй энэрэл, хэт харгис төрх, хүйтэн боловч үйлдлийн сайн эцэг эхийн дүрүүд гардаг болж

122.201.23.84зочин   • 5 сарын 1. 7 цаг 57 минут

Алтан үеийнхэний жүжиглэлт үнэхээр сэтгэлээс гардаггүй. Үзсэн кино мөртлөө дахин дахин үзээд уйддаггүй, киног жинхэнэ утгаар нь амилуулдаг хүмүүс байж дээ. Одооны монгол кино ерөнхийдөө хэт тохироогүй жүжиглэлттэй, хашгирсан, орилсон байдаг болжэ дээ

66.181.186.148Зочин   • 5 сарын 1. 15 цаг 39 минут

unen shuu ter dundaa heruul hiisen hudlaa orilson het alialagch nar.Er ni hen ch ter meteer alialj chadna shd

202.9.42.225Зочин   • 4 сарын 30. 19 цаг 07 минут

сэрэлтийн маарамба буюу Цэндээхүү гуайтай хамт зураг нь

202.21.126.30Зочин   • 5 сарын 2. 10 цаг 57 минут

Цэндээхүү гуай бол бас л агуу хүн дээ

91.78.109.229Товуу   • 4 сарын 30. 16 цаг 21 минут

Цуг зураг татуулсан хун бол Манай алтан үеийн уран бүтээлч,Ардын жүжигчин Цэндээхүү гуай маань байна шүү дээ,Тэр үеийн хүмүүс ямар сайхан чанарын тэмдэгтэй улс байваа,

202.21.100.210Ванган гээл байсан чинь...   • 4 сарын 30. 15 цаг 48 минут

Бодоо сайд байсан байна ш дээ. Гэндэн гуайг харин "Үер" киноны Болд өвгөн гэдгээр нь таних юм байна. Ёстой л "Алтан үе"-ийн жүжигчид гэж кинонд мөнхөрсөн дүрээр нь л бодож явдаг байлаа

59.153.115.179зочин   • 4 сарын 30. 15 цаг 36 минут

нийтлэж бгаа материалаа сайн хянаач зураг нь биш утга санаа нь алдана шүү дээ

66.181.161.103Мөнх   • 4 сарын 30. 15 цаг 34 минут

Цэнддоо гуай байна шүү.Ванган биш

202.179.30.178Зочин   • 4 сарын 30. 15 цаг 33 минут

Ванган гуйн зураг биш байна. Цэндээхүү гуйн зураг байна.

182.160.2.12uugii   • 4 сарын 30. 15 цаг 05 минут

bayrlalaa .saihan gegeeleg niitlel unshlaa

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд5 цаг 2 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа5 цаг 5 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог5 цаг 7 минутын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа5 цаг 12 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ5 цаг 17 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ5 цаг 22 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ5 цаг 27 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа5 цаг 27 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш5 цаг 32 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө5 цаг 37 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ5 цаг 42 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу5 цаг 47 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан5 цаг 52 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна5 цаг 57 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ6 цаг 2 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв6 цаг 7 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна6 цаг 12 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана6 цаг 17 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд6 цаг 22 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ6 цаг 27 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна6 цаг 32 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ6 цаг 37 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?6 цаг 42 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ6 цаг 47 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА6 цаг 52 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй6 цаг 57 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ7 цаг 2 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ7 цаг 7 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр7 цаг 12 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ7 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.