2019 оны 5-р сарын 15
15 цаг 42 минут

Сонгодог өгүүллэг: О.Генри "ДYYЖМЭГ"

-Наяннэгдүгээр гудамж... Буух хүн байна уу? хэмээн хөх хүрэмтэй малчин паргиа чанга дуугаар гууглав.
Сүрэг хонь баахан хар бор улс вагоноос асгаран бууж, өөр нэг сүрэг орыг нь яаран эзлэв. Дүн-дан-дүн-дан! Манхеттэний газар дээгүүрх төмөр замын мал ачсан вагонууд тас няс, түжиг тажиг цааш хөдлөн одоход Жон Перкинс зөнд нь орхисон сүргийнхээ хамт шатаар уруудан, гудамжинд гарч ирлээ.
Жон байр руугаа тааваараа алхав. Тааваараа, яагаад гэвэл түүний өдөр тутмын үлбэгэр амьдралын үгсийн санд "тэгтэл, гэнэтхэн" мэтийн үг үгүй. Эхнэртэйгээ төвөггүй ханилаад хямдхан байранд хоёр жил амьдарч буй хүнийг хаана гайхам баясам үйл явдал хүлээж байв гэж. Замдаа Жон Перкинс уй гунигт энэ өдрийн гарцаагүй төгсгөлийг баргар бүүдгэр, гансрал дүүрэн сэтгэлдээ увайгүйхэн төсөөлж явлаа.
Кэти эм, бохь ханхалсан үнсэлтээрээ хаалганы дэргэд түүнийг угтаж таарна. Мань эр пальтогоо тайлаад, барагшин зам шиг хав хатуу олбогт вандан дээр лагхийтэл суугаад, үдшийн сониноос үхлийн үсэг өрөгч дээр тээрэмдүүлж буй орос, японуудын тухай (Орос-Японы дайны тухай өгүүлж байна) уншина. Оройн хоолонд жигнэсэн мах, гутлын маажингаар амталсан том далбагар ногоон салат, гэхдээ тэрнээс нь арьс хуурайшиж хагарна гэж гонж доо харин, (баталгаатай), гишүүний чанасан үндэс, бас "химийн цэвэр бүтээгдэхүүн" гэсэн шошго наангуут час улайчихдаг гүзээлзгэний царцаамал цадталаа иднэ. Хоолны дараа Кэти түүнд дуусаагүй өөдсөн хөнжлөө, мөс зардаг эрхмийн зангианаасаа харамгүй хайчилж өгсөн өөдсөөр оёсон шинэ дөрвөлжөө үзүүлнэ. Долоо хагаст дээд давхрын байрны бүдүүн нөхөр хөлсөө асгаруулан гимнастик хийж эхлэв үү яав, таазнаас бужигнан бууж ирдэг шохойн хэлтэрхийнүүдийг эвтэйхэн тосч авахын тулд тэр хоёр олбогт сандал, буйдан дээрээ сонин дэлгэж тавина. Бас өөдөөс нь харсан байрны цэнгээнт, эротик бүжгийн хос Хайки Муни хоёр (нэр цол хараахан аваагүй байгаа) хөхүүн татгануур Оепит Тгетепзийн чичиргэд хүүе хааяын завдгүй автаад, театрын эзэн, алдар суут Гаммерштейн долоо хоногт таван зуун долларын хөлстэй гэрээ байгуулъя хэмээн хойноос нь сэхээ сэвдгүй хөөж яваа мэт яг найман цагт хамаг сандлаа чулуудаж эхэлдэг бүлгээ. Дараа нь эднийхний хашаа худгийн цаад талын байшингийн нэгэн суугч лимбээ цонхон дээрээ чиг хөндлөн бариад суучихна, шатдаг хий үл мэдэх зүгт хөгжилтэйеэ шийхтнаж эхэлнэ, гал зуухны цахилгаан шат тэр дороо ховилоосоо мулт үсэрнэ, хаалгач дахиад хатагтай Зеновицкийн таван хүүхдийг Ялу* голын чанад руу хөөж гаргана, бас зэвхий нов ногоон өндөр өсгийттэй хижээл хатагтай шотланд терьер нохойгоо бараа болооч лугаа адил дагуулсаар доошоо бууж, гагц пүрэв гарагт л бахархан хэрэглэдэг овог нэр бүхий жижиг пайзаа өөрийнхөө хонх, шуудангийн хайрцагны дээр тогтоонгуут, Фрогмор ахайтны хөлсний энэ байшинд үдэш оройн дэглэм журам нь эрх хүчээ бүрнээ эдэлдэг юм.
Жон Перкинс бүх юм яг ийм байна гэдгийг хэзээний мэдэх билээ. Бас жаахан сэхээ орж байгаад, яг найм хорин тавд мань хүн бүрх рүүгээ гараа сунгана, тэгэхэд эхнэр нь дотор нь арзганасан аятай доорхи хэдэн үгийг дуржигнуулна гэдгийг бүр сайн мэдэх билээ.
-Жон Перкинс, та хаачих нь вэ, би мэдэж болохсон болов уу? -Мак Клоскийнхоор нэг шагайдаг юм билүү, найзуудтайгаа ганц нэг шаар цохиод орхиё гэж тэр хариулна.
Сүүлийн үед тэр ингэсээр байгаад бүр сурчихаж. Шөнө арав, арван нэгийн үед гэртээ орж ирнэ. Хааяа Кэти хэзээний таг унтаахай, заримдаа түүнийг хүлээгээд, уур хилэнгийнхээ зуухан дээр хуримынхаа ган гинжний алтан бүрээснээс бас нэг жаахныг шийхтнатал хайлуулахад бэлэн суух нь ч бий. Купидон тэнгэр Фрогморын хөлсний байшинд суугч өөрийн золиос болсон улстайгаа хамт аймшигт шүүхийн өмнө очихдоо энэ хэргийн төлөө овоо юм дуулах байлгүй.
Ийм нэгэн үдэш Жон Перкинс гэртээ орохдоо, өдөр бүрийн залхам ахуй нь хачин гайхмаар бусниж орхисныг гэнэт мэдэв. Эмийн үнэрт, сэтгэл догдлом үнсэлтээрээ Кэти түүнийг үүдний хонгилд угтсангүй. Гэр орон нь дотор хүйт оргим эмх замбараагүй. Кэтигийн хамаг юм энд тэндгүй хөглөрчээ. Өндөр өсгийт нь өрөөний дунд хэвтэнэ, үс буржийлгадаг хайч, тууз, халаад, энгэсэгтэй хайрцаг нь сандал, буйдан дээр хаа сайгүй тарж, гаргуундаа хаягджээ. Кэти ингэмээргүй л юмсан. Шүдэнд нь элгэн хүрэн бөөн үс буржийж ширэлдсэн сам олж харсан Жоны зүрх ёгхийгээд явчихав. Кэти хараажаар яарч, бас учиргүй сандарчээ, тэрнээс биш уг нь ийм үсээ задгай зуухан дээрх цэнхэр вааранд нямбай нуучихдагсан.
Гэтэл нүдэнд тусах газарт, шатдаг хийн хоолойн бариулаас олсоор уячихсан эвхээтэй цаас санжигнаж харагдав. Жон дор нь шүүрээд авчээ. Энэ бол Кэтигийн зурвас байлаа.
Хайрт Жон минь, ээж хүнд өвдсөн тухай цахилгаан дөнгөж сая авлаа. Дөрөв гучийн галт тэргээр гарна. Манай ах Сэм намайг өртөөн дээр тосно. Мөстэй саванд хүйтэн хонины мах байгаа. Ээж арай хоолой өвдлөө гэж сандаргаагүй биз. Сүү зардаг хүнд 50 цент өгөөрэй. Ноднин хавар бас хууч нь хөдөлсөн. Хийн компанид тоолуурын тухай бичихээ мартав! Чиний сайн оймс дээд шургуулганд байгаа шүү. Маргааш бичнээ. Яарч байна.
КЕТИП
Хоёр жил дэр нийлүүлэн амьдрахдаа тэд ганц шөнө ч тусдаа унтаж байгаагүй. Жон учрыг нь олоогүй янзтай зурвасыг дахин уншив. Түүний амьдралын хувирашгүй хэв маяг ийнхүү өөрчлөгдөж, энэ бүхэн түүнийг хиртхийлгэв.
Хоол аягалж авчрахдаа Кэтигийн үргэлж өмсдөг хар одтой, ув улаан ормогч сандлын түшлэгнээс дүүжлээтэй, хов хоосон, хэвгүй үлбийж унжаад, уй төрөм ёозгүй. Ойр зуур өмсдөг даашинзнууд нь энд тэндгүй үрчийлдэн хөглөрчээ. Галт тэрэгний хуваарийг хайчилж авсан, дөрвөлжин хар нүхтэй сонин шалан дээр хэвтэнэ. Өрөөнд нь байгаа бүхэн, үрэн таран болсон юмны тухай, зүрх сэтгэл, амьдрал нь хийсч одсон тухай өгүүлж байлаа. Жон Перкинс үхмэл нуранги дунд ийнхүү зогсож ахуйд нэг л хачин гайхмаар, гансрам зовлонт бодол зүрх сэтгэлийг нь эзэмдээд авах шиг болов.
Тэр чадах ядахаараа орон гэрээ янзалж эхэллээ. Кэтигийн даашинзад хүрэв үү, үгүй юү, тэр бүр айчихав. Амьдрал ахуй нь Кэтигүй ямар байх бол гэж тэр урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй. Энэ бүсгүй амьдралд нь уусч шингээд, бүр амьсгалж буй агаар шиг нь болчихсон, тийм хэрэгтэй атлаа бараг мэдэгдэмгүй. Гэтэл тэр бүсгүй урьд нь хэзээ ч байгаагүй аятай гэнэтхэн ингээд яваад өгчээ. Нуугдчихаж. Алга болчихож. Гэхдээ мэдээж хэдхэн хоног, хамгийн ихдээ л долоо, хоёр долоо хоног биз, гэтэл эвдэршгүй, амгалан тайван толгой хоргоддог газарт нь үхэл өөрөө хуруугаа дүрсэн мэт хачин аймшигтай санагдахыг яана.
Жон мөстэй савнаас хүйтэн хонины мах гаргаж, кофе чанаж, гүзээлзгэний царцаамагны химийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн эрээгүй зарлалтай нүүр нүүрээ харалцан, ганцаараа хоолоо идэхээр суужээ. Мяралзсан зэрэглээ, үрэн таран болсон сайн сайхан бүхэн дундаас нь гутлын маажингаар амталсан далбагар салат, жигнэсэн мах л өмнө нь хий үзэгдэнэ. Түүний гал голомт ингээд өнгөрчээ. Өвчтэй хадам нь түүний хамаг амьдралыг үнс чандруу мэт эгнэгт хийсгэжээ. Ганцаараа шалир шалир гэчихээд Жон цонхныхоо дэргэд суув.
Тамхи татъя гэхээс шал дургүй нь хүрнэ. Цонхны цаана хот нижигнэн нүргэлж, санах юмгүй хөгжөөнт найрынхаа тойрон бүжигт түүнийг тэсгэлгүй урьж залах ажээ. Уг нь энэ шөнө түүнийх билээ. Тэр хэнээс ч, юу ч асуулгүй гарч одож болно, захын нэгэн хөгжилтэи, зоргоороо гоонь эр шиг цэнгэлийн далайд умбахад ч төвөггүй. Үүр цайтал цэнгэхэд ч яахав. Баяр хөөрийнх нь шаар туначихсан аягаа хөлөртөл нь атгасан ууртай Кэти түүнийг хүлээж суухгүй нь лав. Хэрэв хүсэл байваас мань эр, чийдэнгийн ёлтгор шар туяаг Аврор* тэнгэр гэрэл гэгээгээрээ гийгүүлтэл хөгжөөнтэй найз нартайгаа Мак-Клоскигийн билъярданд шөнөжин бөмбөг цохисон ч болно. Фрогморын хөлсний энэ байшин хүртэл тэсвэрлэшгүй санагдаж, Гименейгийн* бөх гинж үргэлжид түүнийг агдалж байсан бол, одоо ашгүй суларч, Кэти яваад өгчээ.
Жон Перкинс өөрийнхөө бодол, санаашралыг цэгнэж сураагүй нэгэн. Гэхдээ эзэгтэй нь эзгүй байгаа зочныхоо өрөөнд гиюүрч (арав, арван хоёр фут) суухдаа, яагаад ийм уйтай байгаагаа тааж цөхсөнгүй. Түүний аз жаргалд Кэти ямар их хэрэгтэйг тэр ухаарчээ. Нэгэн хэвийн ахуйгаар эвийлүүлж дассан сэтгэл нь тэр байхгүй гэсэн бодолд гэнэт цочрон сэрсэн нь энэ. Яруу дуут шувуухай жирсхийн нисч одоход сая уянгат дууг нь үгүйлдэг шиг нөгөө л санаагаа арай өөр, өнгөлөг, зөв үгээр хэлэнгүүт дор нь ойлгодог шүү дээ, та нар хэмээн бидэнд уг нь цэцэн мэргэн үг, сургаал, үлгэр домгоор өчнөөн ухуулж сэнхрүүлсэн сэн.
"Би ер нь ямар адгийн амьтан бэ" хэмээн Жон Перкинс сүүрс алдаад: 
-Би ер нь Кэтид яаж тэгж хандаж чадаж байв аа, аан? Түүнтэй гэртээ гангар гунгар гэж суухын оронд орой болгон хундага хуваадаг юмнуудтайгаа гашуун ус балгаад, билъярд нүдээд. Хөөрхий бүсгүй үргэлж ганцаараа, баяр хөөргүй гансарч суухад би тэгж явдаг, таарч дээ! Жон Перкинс чи, адгийн амьтан, өөдгүй новш. Гэхдээ би гэмээ цайруулахыг хичээнэ. Би бүсгүйгээ театр дагуулж явна, баярлуулна, зугаацуулна. Мак-Клоски, энэ муусайн золигнуудаас эртхэн салъя" гэж бодож суужээ.
Гэтэл цонхны цаана хот уугчин нүргэлж, Момусийн бүжин наадагч бараа болооч нар Жон Перкинсийг ирээч, ирээч хэмээн урин дуудсаар бүлгээ. Бас Мак-Клоскийнд найз нар нь үдшийн тулааны өмнө биеэ халааж, бөмбөлгөө залхуутай өнхрүүлж байлаа. Гэвч тойрон бүжиг ч, дуу хуур ч, цохиурын тас нясхийх дуу ч гэм нүглээ наминчилж буй Перкинсийн өнчирсөн сэтгэлийг хөндсөнгүй. Нандигнаж хайрлах нь бүү хэл, бараг үзэж чаддаггүй байсан юмыг нь түүнээс булаагаад авчихсан атал одоо тэр нь зүрх шимширтэл үгүйлэгдэнэ. Гэмшиж гансарсан Перкинс, амтат жимсний цэцэрлэгээс херувимууд хөөж орхисон Адам нэрт тэр хүнийг хүртэл удам судраа хөөж үзэхэд ч бэлэн байлаа.
Жон Перкинсийн баруунтай нэг сандал харагдана. Түшлэг дээр нь Кэтигийн цэнхэр цамц тохоостой. Цамцнаас нь хүртэл түүний галбир төрх алдагдаагүй байлаа. Хажууд нь нөгөө л байдаг жижиг үрчлээс өег хангалуун, тухтай амьдралынх нь төлөө цуцталаа хөдөлмөрлөгч түүний гарын халуухан мөр тов тодхон. Хонхны бүдэгхэн, цөхрөлтгүй жингэнээн, эгшиг тэндээс дуурсах аж. Жон ханцуйнаас нь бариад, хариу үл илгээгч Маркизетийг удаан, гуниг дүүрэн харлаа. Кэти ийм чимээ аниргүй байдаггүйсэн. Нулимс, тийм ээ, Жон Перкинсийн нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Түүнийг буцаад ирэхээр, бүх юм өөрчлөгдөнө, хараарай. Анхаарч халамжлаагүйнхээ хариуг би түүнд заавал барина. Түүнгүйгээр яаж амьдрах юм бэ?
Тэгтэл гэнэт хаалга онгойв. Кэти гартаа аяны жижиг цүнх барьчихсан гэртээ ороод ирэх нь тэр. Жон түүн рүү гөлөрчихөв.
-Ёох, би буцаад ирсэндээ ямар их баярлаж байна аа, гэж Кэти хэлээд: 
-Ээж тэгтлээ дордчихоогүй гэнээ. Сэм өртөөн дээр тосоод, өвчин нь хөнгөн, бид нарыг цахилгаан илгээсний дараахан тэгсгээд гайгүй болсон гэж хэлснийг яана. Би ч дараагийн галт тэргээр буцаад гарлаа. Кофе уумаар байна, үхэх нь, гэв
Фрогморын хөлсний байшингийн гуравдугаар давхрын оньс бахь байдаг өнэ урьдын хөдөлгөөндөө эргэн орж, хүрд араа нь хяхтнан тачигнахыг хэн ч сонссонгүй. Пүршийг нь засч, дамжуулагчийг нь тохируулчихсан юм чинь хүрд дахиад хуучнаараа эргэлгүй яахав.
Жон Перкинс цаг руугаа хяламхийв. Яг найм хорин тав. Тэр бүрхээ аваад үүд рүү алхлаа.
-За хаачих нь вэ, Жон Перкинс, би мэдэж болохсон болов уу? хэмээн Кэти дотор арзганам дуугаар асуужээ.
-Мак-Клоскийнхоор нэг шагайдаг юм билүү, найзуудтайгаа ганц нэг шаар цохиод орхиё гэж Жон хариулвай.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ч   • 5 сарын 16. 9 цаг 27 минут

хайрлах,үзэж чаддаггүй яг юу гэж ойлгох вэ

202.72.245.122б   • 5 сарын 16. 9 цаг 16 минут

чамин үг сонгох гээд Пар Хэрээ гуугалдаг.сүрэг хонь өөрөө вагоноос буухгүй Хар бор улс гэж юу вэ Хүмүүс биш үү Дэндүү Орк сэтгэлгээнд суурилж ,Зохоилыг Өөрийн санаад нийцүүлж орччулах аядах хөөрхий

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.