5-р сарын 21
9 цаг 05 минут

Сэнгийн Эрдэнэ: Эцсийн тулаан

Үүр цайв. Хөгшин буурал сүргийн захад зүүрмэглэн зогсоно. Үүр цайхтай зэрэг унага, даага чилсэн биеэ тэнийлгэж тангаралдан наадна. Харин их насны морьд бол нар гарахыг хүлээж хэвтэх нь хэвтэж, зогсох нь зогсон хааяа нэг өвс хазлан эсвэл хөөс бургитал давсгаа суллан суниацгаана. Хөгшин буурал мэтийн амьтад өвс зулгаах ч үгүй, шээх ч үгүй зөвхөн нүд аньсан хэвээр, хааяа эвшээлгэн тургина. Тургихдаа ч ногооны шүүс болсон хамрынхаа самсааг сартайлган нэг муу найтаахчаа аядах ажээ.

Үүр цайхтай зэрэгцэн хязаалан байдас, үрээ морьд хурц шүдээрээ өвс ширд ширд зулгаана. Ийнхүү өглөөний сэрүүнд гэдэс цадаж авбал үдийн халуунд нуур усанд тийрэх юм уу, уулын өндрийн салхинд явж басхүү бие биеэ хажиглан зодолдоход таатай. Гүүнүүд унагаа энхрийлэн үүрсэнэ. Унагаа энхрийлэхээс өөрөөр бас үүрсэх нь тарган цатгалангаа гайхуулах буюу сүргийн захад үүрэглэн зогсох хөгшин буурлыг даажигнан, үүрийн шаргал туяа өөд ихэмсгээр ширтэн зогсох залуу хонгор азаргыг өдөж хатгах янзтай. Зуны халууныг хэлэх үү. Адууны шээснээс хүртэл агь таанын үнэр ханхийнэ. Хээр хоносон энэ нэгэн азарга адуу бол үнэнхүү жаргасан амьтад ажээ.

Адууны халиурсан тарган зоо үүрийн шаргал туяанд алт түрхсэн мэт туяа цацруулна. Энэ бүхнийг үзэхүл үнэхээр монгол хүний хийморь сэргэм бөгөөд агь гангын салхитай уудам чөлөөт талдаа адуун сүргийн дэргэд явахаас илүү жаргал үгүй гэлтэй. Гэвч өмхий утаа хаялан давхих төмөр тэрэг илүү сайхан унаа болсны улмаас энэ мэт эзэнгүй явах болсноо адуу хэдий ухаантай мал боловч хэрхэн тааварлах билээ. Ер дэллэх, малиндахаас бусад цагт онгон хээрийн амьдралаар амьдран үймэх түйвэхгүй нь сайхан.

Гэвч адууны ийм чөлөөт амьдралд ч атаа жөтөө, хайр энхрийлэл, тачаал хорсол, гуниг зовлон, баяр баясгалан цөм бий. Үүрийн туяаны өөдөөс ширтэн зогсох хонгор азарганы дүр байдалд “Би энэ сүргийн ганц эзэн” гэх янз илэрхий. Омог баярын цогоор гялалзах нүд рүү нь унжсан хөхлөө хааяа
нэг сэгсрэн зайлуулж өглөөний чийглэг агаар хамар сарталзуулан сороход хамаг биеийн судсаар урсан гүйх мэт болж дөрвөн хөлийн шандас зангирахад газар хааяа цавчилна. Хүч тэнхээ, шим шүлт багтаж ядан хээрийн салхитай уралдаж алсын алсад мандах нарны дор хөхрөн байгаа уул тийш хулжин одмоор санагдана.

Тарган биеэ дааж ядсан хэдэн гүү, тогтож ядан шарваганалдах хязаалан байдсууд тэр их хүчийг нь барахгүйг мэднэ. Тийнхүү сүргээ тойрч гүйх юм уу, “азарган чээж” гаргасан морьдыг шороо үмхтэл дайрна. Түүнээс өөр хүч гаргах шалтаг ховор. Сүргийн захад толгой унжуулан зогсох хөгшин буурал түүний эрх дураараа явахад ямар ч саадгүй амьтан. Бас адууны богинохон амьдралд их юм үзсэн толгой гэдэг нь илэрхий тул асман морьдыг дарангуйлдгийн адил ширүүн догшин авирлаж хараахан болохгүй мэт ажээ. Гэвч хөгшин зөнөг болсноо мэдэхгүй эрх дархад нь хөндлөнгөөс оролцох юм бол мөн л арьсыг нь хэгз хазаж, эрүүг нь зад өшиглөхөөс буцахгүй. Сүргийг эзэгнэн захирч, удам угсааг залгуулах адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцална. Одоо тэр шөнийн шүүдэрт ногоонд гэдэс цадаж цангаа гараад зөвхөн наран мандахыг ширтэн зогсох ажээ.

Гэтэл нэг аальгүй загал байдас гүйн харайж урдуур нь орон биеэ өрөхөд “Зайл” гэж хөхөл дэлээ сэгсрэн илд мэт хурц шүдээ ярсхийлгэн ташаан толгойгий нь хазан алдтал загал тасхийтэл чарлан тангараад гүйн одов.

Наран ургажээ. Хөгшин буурал зуны шөнийн сэрүүхэнд боловч хөрсөн биеэ наранд таашаан шарж нүд анин зогсоно. Насаараа нар мандахыг үзсэнээс гадна залуу хонгор азаргатай адил алсын уулс тийш давхин одох хүсэлгүй тул нүд нээхийн ч хэрэггүй. Нүд аниастай бол бие илүү амрах шиг болдог нас.

Хөгшин буурал амьдралдаа мөн ч их юм үзсэн толгой болох нь андашгүй. Түүний зоо нуруу, хэнхдэг чээжинд олон удаагийн догшин тулааны ор сорви үлджээ. Энд тэнд нь цагаан хөдсөөр нөхөөс тавьсан адасга шиг үзэгдэнэ. Сүрэгтээ хосгүй харамч хажиг амьтан явсан юм санж. Гэхдээ зөвхөн зодоон цохионы сорви ч бус унага, сарваануудаа өлөн чононоос хамгаалан тэмцэж олсон нь ч бий. Гэвч түүнийг санах ухаантай амьтан байдаг эсэхийг бүү мэд. Үе мөчний шандас сулран бие хүндэрч өвс ногоо зулгаах шүд ч үгүй болоод ирэхэд гүү байдсууд тоохоо байж, залуу азарга хажиглан сүргийн захад шоовдорлогдон явдаг юм байж. Наранд бие халж судас шөрмөс тэнийхчээ болоход завжаараа ногооны шүүс гоожуулан тургилж нуруугаа нужигнатал хэд сайн суниагаад нүдээ нээж шүүдэрт ногоо үнэрлэн сүргээ тойрон явав. Ингэж газарт шингэсэн шивтэр шиншлэн сүргээ тойрох л ямар ч байсан азарга гэдгээ үзүүлэх ганц арга болжээ. Гэтэл хэдхэн алхтал залуу хонгор газар цавчлан хуухирч, нүдээ гал цог мэт гялалзуулан буйг үзээд азарган байдлаа даруйхан дарж өвс зулгаан зогсов.

Залуу хүчирхэг явсныг санахад одоо ийм болно гэдэг даанч гутармаар. Хөгшин бууралд гал цахилгаан мэт явсан цаг бий. Уралдаанд түрүүлж, зодоонд ч түрүүлж явсан. Ойр хавийн азарганууд цөм түүнээс сүрддэг сэн. Хөхөл дэлээ газар шүргэтэл намируулан аягын чинээ алаг нүдээ эргэлдүүлэн ган дөрвөн туураараа газрын хөрсийг өм цөм татан унгалдахад хамар амнаас нь гал манасхийх мэт болон байдсууд шээс алдаж, азарганууд хөл чичирдэг сэн.

Тэрбээр аль дайралдсан адууны сор тарган сайхан гүүнүүдийг булаан хураадаг байв. Түүний хүчийг үзээгүй азарга анхныхаа тулалдаанд ясаа хэмхлүүлэх шахаад дахин зодолдож зүрхэлдэггүй сэн. Соёолон наснаасаа эхлээд хэчнээн олон азаргатай тулалдаж дийлснийг тоолж баршгүй. Дийлэх тусмаа улаан нүдэлчхээд сүргээсээ хулжин нутаг ус алгасан давхидаг байж. Гэвч байгалийн жам ёсоор насанд дарагдаж дотор хэчнээн омог бардам байвч үнэхээр хүчин доройтохын зовлон ирэхэд анхандаа зөвхөн урьдын сүрээр бусдыг хий айлгаж явснаа сүүлдээ тэр ч үгүй болжээ. Цог хийморь доройтов. Эрх хүчин төгөлдөр амьтан аснаа ийм болчихсондоо бухимдан сүргийн захад толгой унжуулан зүүрмэглэх зуур хааяа чин зоригт залуу азарга болон гүү байдсыг гишгэж, ямар нэгэн азгүй азаргыг хэмх хазаж, шороо үмхтэл дайран унагаж зүүдэлнэ.

Харин энэ өнтэй зуны шим шүүс хөгшин биеийг хатгаснаас ч юм уу эсвэл өнөөх зөнөх гэгч нь ч юм уу, заримдаа гэнэт уур омог хор шар буцлан тийнхүү залуу догшин хэвээрээ яваа нь зүүд биш үнэн юм шиг болно.

Одоо ч гэсэн залуу хонгороос эрхгүй айн хулмалзаж өвс хэд зулгааснаа үнэхээр нэг юманд хатгуулсан юм шиг зүрх нь гэнэт оволзон уур омог бадрав. Тийнхүү шороо манасхийтэл хамраа дуугарган толгойгоо огцом өргөхөд шингэн боловч хур дэл нь хөх дөл дүрсхийх адил хийсэх нь өглөөний наранд гялсхийв. Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг л энэ. Хөгшин буурал ийнхүү онгод оронгуут энэ сүргийн ганц эзэн аргагүй мөн бөгөөд гүү байдсууд түүнийг үзэн шарваганалдах залуу
хонгор азарга ч “аавын чээж”-ээс цаашгүй харагдав. “Ай борвиндоо бааст чи зориг байвал хүрээд ир!” Хөгшин буурал газар доргитол шар шүдээ тачигнуулан хонгор азарганы өөдөөс өрж зогслоо. Цаадах нь эхлээд “Би зүүдлэв үү?” гэсэн шиг тээнэгэлзсэнээ дөрвөн хөлийн доороос нэгэн зэрэг шороо манаран агаарт хөөрөх мэт болоод дайран орж ирэв. Хөгшин буурал цоройж амжсангүй. Тэр нь сайн болж. Хэрэв цоройсон бол өеөдчих байлаа. Залуу хонгор толгой дээр нь мордон мундаан дээрээс нь хэгз хазахад хөгшин буурал тэсэхүйеэ бэрх өвдөж хоолой шахан чарлаад тангарах санаатай эргэтэл бөгсөө даасангүй. Ташаан толгойгоо мөн хэгз татуулж сөгдөх шахаад арай чүү мултран толгойгоо унжуулсаар өглөөний наранд цэлийсэн хээр тал руу яваад өглөө. Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан болжээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.68иргэн   • 5 сарын 21. 9 цаг 27 минут

улсын баатар бат уулийн аав унэхээр уран угийн хаан тедийгуй зенч байсан юм биш уу нээрэн хегшин буурал азаргаар телеелуулж хуугийнхээ эцсийн зам мерийг зурсан бна

202.179.31.242зочин   • 5 сарын 21. 9 цаг 10 минут

Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан болжээ. Э.БАТ-ҮҮЛийн яг одоогийн байдлыг хэлсэн мэт ажгуу.

Шинэ мэдээ

"Аваргын энтэй 10 арслан"1 минут 10 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм1 минут 33 секундын өмнөӨнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 минут 33 секундын өмнөЗ.Энхболд: ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой11 минут 33 секундын өмнөЕгипетийн ерөнхийлөгч асан Мохаммед Мурси шүүх хуралдаан дээр нас баржээ16 минут 33 секундын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гурван парламентын 10 жил ярьсан зөвшилцлийн бүтээл21 минут 33 секундын өмнөЦалингаа урьдчилан авах гар утасны хавсралт танилцуулжээ26 минут 33 секундын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:10 минутын мэдээллийг дамжуулж байна31 минут 33 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд36 минут 33 секундын өмнөҮндсэн хуулийн хэлэлцүүлгээр АРДЧИЛСАН НАМ гэдийж, АРДЫН НАМ “бөхөлзөх” үү  41 минут 33 секундын өмнөТ.Мөнхзул анх удаагаа Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв48 минут 6 секундын өмнөБайнгын хороо: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна51 минут 33 секундын өмнө“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа1 цаг 2 минутын өмнөЧуулган: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ1 цаг 12 минутын өмнөАтганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь1 цаг 22 минутын өмнөГ.Билгүүн: Шар хашлагуудыг бэхлэх ажил эхлээгүй байхад салхинд хийсч унасан1 цаг 32 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 12 минутын өмнөШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.