2019 оны 6-р сарын 7
8 цаг 14 минут

Д.Мөнхбаатар: Ташуурын амт

Үйзэн бээсийн хошуу хийдийн туурь, Зүүнбулагийн баруун хойд руу нүд алдам цэлийсэн хөндийн эхэнд Жүрмэдийнх нутаг сэлгэн буулаа. 
Мэнэнгийн уудам талд жилийн дөрвөн улирлын аль ч цаг дор дур зоргоороо нутагладаг энэ айл Лаг, Бүрдэнэ гол, Хөх дэрс, Буян-Өндөр болон Матад хан уулын хормой бэлийг тойрон унд ус, өвсний соргогийг даган хаа сайгүй нүүнэ. 
Таван сарын сүүлээр уудам тал хэдийнээ өнгө засаж, агь таанын хөхөмдөг униараар гоёж, алсын зэрэглээ мяралзан бүжиж, хялгана шивээ оонын зоо шиг халиурчээ. 
Жүрмэд жар гаран насны өндөр нуруутай, бахим чийрэг биетэй, үг дуу цөөтэй, насаараа мал дагаж, Халх голын ай сав газраас Буйр нуурын баруун зүг Мэнэнгийн уудам тэгш тал, урагшаа Хөх дэрс, Цагаан тэмээтийн их говь, Тосон, Хөвөө, Төгөл зэрэг нуур цөөрмийг эргэж тойрон, сэтгэл зүрхээ баясган, амар тайван эрх тааваараа нутагласаар иржээ. 
Монгол малчинд заяадаг хатан зориг, хатуужил тэсвэр, гярхай чанар, бие даах чадварыг өөртөө төлөвшүүлсэн Жүрмэд өвсөн далай давлагаалсан өргөн тэгш тал, өгөөж баян нутгаа өр зүрхнийхээ чанадад гүн хайрлаж, өчих гомдолгүй сэтгэл дүүрэн аж төрж яваа эр билээ. 
Дарийн утаа үнэрлэж дайнд мордож яваагүй, галын шугаманд баатар эр амь эрсдэн унахыг өөрийн нүдээр хараагүй ч гэлээ эрэлхэг дайчдын ач гавьяа, эгэл ардын тэмцэл зүтгэл, эх орныхоо чухам үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн билээ. 
Дөрвөн улиралд хэдэн мянгаараа нутаглах цагаан зээрийг зэрвэсхэн харахад газар нүүх мэт нүүгэлтэн харагддаг байгаль эхийн тийм хосгүй гайхамшигт дүр зургаас эхлэн Жүрмэд мэлмийгээ нээж, зүрхний гүнд хайр энэрэл бахархал омогшлыг тээж өсчээ. 
Хойд нутаг буриад зоноос хүндэтгэн авч, өөрийн болгосон хань Буужий нь бас хэдийнээ өтөлж, өвлийн тал шиг бууралтсан ч нэлээн хөнгөн шингэн хэвээрээ гэрийн бүх ажлыг амжуулж орж гарч, хань түшиг тус дэм болсоор иржээ. Хэдэн хүүхдүүд нь өсөж торнин, үүрээ орхин нисэх шувууд шиг хот хүрээ явцгааж, жилдээ хоёр, чадахгүй бол ганц ирж, аав ээжийнхээ үрчгэр магнайг түр тэнийлгэн шуугилдаж байгаад удалгүй гэдрэг яаран буцацгаана. Өвгөн эмгэн хоёр хэдэн хүүхдийнхээ хэнийг нь гэнэт ирж, хэд хоноод бас буцахыг үл мэднэ. Дэмий л орчлонгийн жам юм даа хэмээн санаж бэтгэрсэн өтөл сэтгэлээ хатамжлах ажээ. Багынх нь баривч, хонхтой бойтог, өлгий даавууг нь бор авдраасаа гарган үнэрлэж санаж, хүлээсэн сэтгэлээ тайтгаруулан, бурхандаа мөргөж, хэдэн хүүхдийнхээ заяаг даатган залбиран гуйх өдөр Буужийд зөндөө.
Ширээний тавцан шиг энэ цэлгэр талын наран авхай яг хажуунаас мандаж, өргөн талыг өдөржин туулж, мөн бас яг хажууханд шингэдэг нь үлгэрийн юм шиг хосгүй гайхамшигтай. Хур бороотой өдөр тэнгэр газар нийлсэн алсын хаяанаас гүн хөх үүлс эгц босоод, тэрлэг нөмрөх мэт уудам талыг бүрхэн харанхуйлж, аадрын хураар гэрийн өрх балбан шаагьдаг. Зуншлага сайтай жил шороо тоос босно л гэж байхгүй. Шивээ хялгана халиурсан энэхүү талд догшрон сэвэлзэх салхины хүч өвсний намианд аяндаа суларч, борооны дусалд цохигдон замхардаг билээ. Удаан шивэрсэн борооны дараа тэнгэр тэгнэсэн солонго нумарч, хот айлуудын бараа улам ойртох мэт тодорч, гэрийн гадуур холхих хүн мал нь бөртөлзөн харагдах шиг болно. 
Оройхон тийш бороо намдаж, үүлсийн сиймхийгээр жаргах нарны туяа тэнгэрийн сум шиг чиг татан гийх үед тэртээ урд зүгээс бараан морьтой гурван хүн айсуй. 
Буужий самган гарч, өрхөө татангаа гэрийн хаяагаар тойрч зогссон хонь ямаагаа тууж холдуулснаа гал түлж, борцтой хоол хийхээр тогоо тавив. 
-Урдаас гурван морьтой хүн наашилж явна. Юун хүмүүс юм бол доо? гэхэд Жүрмэд “ Баг бригадын ухуулга ярианаас өөр ямар ажлаар хэн наашаа зүглэх билээ” гэж дотроо бодлоо.
Цаг гаран болсны дараа буу үүрч, дуран дашмаг агссан, ногоон цувтай гурван эр гэрийн гадаа ирж, “Нохой хорь оо” гэхэд Буужий гарлаа. Тэд морьдоо тушаад, ташуураа үхэр тэрэг түшүүлэн босоогоор нь тавиад, гэрт орох нь хонох хүмүүс биш ээ. Гэрт орж амар мэнд мэдэлцэн гэрийн баруун талаар сууцгаав. 
Хамгийн дээд талын живэр сахалтай туранхайдуу ахимаг эр улаан таван хошуутай ногоон малгай духдуулжээ. Доод талд нь суух хоёр нь залуувтар биерхүү харчуул байв. 
Өвгөнтэй тамхилж, халуун цай оочилж суух зуураа орчныг нухацтай ажиглаж, үнэнийг өчихийг хүсэх мэт дуугаа өндөрсгөн анхааруулах маягтай ярьж эхлэв.
-Бид аймгийн цагдаагийн газраас яваа хүмүүс ээ. Өчигдөр сумын төвд ирж хоноод, өглөө урд айлуудаар орлоо. Алдуул хоёр хүн хайж олох далгавартайгаар албан ажлаар явна гэв. Самганаа борцтой хоол хийж өгч, тэднийг идэж дуустал Жүрмэд дуугарсангүй. Ахимаг эр ганц аяга, харин залуучууд нэмж идээд араас нь халуун хярам ууцгаав. Хоорондоо шивнэлдэн жаахан сууснаа ахимаг эр:
-Танайхаас саахалтын айлууд хэр хол вэ? гэв. Жүрмэд тамхиа нэрж татаж сууснаа гаансаа түрийлээд:
-Хойд руу ганц гэр бий. Гурван цаг бараг явна даа. Баруун тийш ойр ойрхон хоёр айл бий. Эндээс хоёр цаг орчим явах газар гэв. Ахимаг эр:
-Манай энэ хоёр залуу тус тусдаа салаад мордоцгоог! Та зүг чигийг нь зааж өгөөч гэв. Тэд гэрээс гарч харцгаавал хараа хурц хүнд бол айлын бараа бараг харагдаж байлаа. Залуухан эрчүүд даргар цуваа сэгсрэн эвхэж даалиндаа хийж, дашмагтаа ус дүүргээд, нэг нь баруун хойш, нөгөөх нь эгц хойшоо зүглэн явцгаав. Ахимаг эр мориныхоо эмээлийг авч, ташуураа бүүргэндээ өлгөөд гэрт оруулав. Ойр зуурын ганзагалаатай юмаа баруун хаяанд тавиад дээшээ суулаа. 
-Энэ хайж яваа хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх хэрэгтэй байна аа. Таваас найман жилийн ялтай, хоёр хоригдол оргоод тав хонож байна. Аймгийн төвөөс урд чигтэй явсныг хүмүүс мэдээлсэн. Болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэн хүнгүй сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэв. Буужий эмгэн амандаа залбирч “Хөөрхий... Энэ уудам талд ус ундгүй хатаж үхэх вий дээ. Харин ашгүй бороошлоо...” гэв. Ахимаг эр хялав харснаа “ Хөөрхий ч биш л дээ хоригдол “ гэв. Жүрмэд дотроо “ Хоригдол ч гэсэн хүн биш үү, энэ нөхөр хатуу харгалзагч нь болж таарлаа. Цагдаасаад байх юу байх вэ дээ. Алдсан харгалзагч л хариуцсанаа хайдаг биз” гэж дотроо бодсоноо:
-Соргог сэрэмжтэйгээр бид ямар арга хэмжээ авах билээ гэж асуув.
-Гэнэдүүлэн цохиж унагаж хүлээд, хэл мэдээ хүргэнэ, эс бол амин бус газраар нь буудаж болно гэлээ. Буужий “Буудаж болно” гэдэг үгийг сонссоноо цочин давхийж, бурхандаа залбиран амандаа бувтнав. 
Маргааш өглөө ахимаг эр хойд зүг рүү эртлэн мордов. Жүрмэд хонио аажуухан бэлчээж, унд цайгаа уугаад эмгэндээ:
-Юмыг яаж мэдэх вэ, хоол цай бэлэн байлга! Хөгшин хонины насгүй болсон манийг цохиж алаад явах монгол хүн арай үгүй байлгүй дээ. Хүн хар ирвэл сайн хооллож ундлаад, ямар ч хар ажиг авхуулалгүй сандарч тэвдэлгүй байх хэрэгтэй. Би ойрхон бэлчээгээд эртхэн наашлуулъя гээд хониныхоо араас явлаа. Толгод дамнан бэлчиж буй хонио хумин хурааж, арай өндөр гэх нэгэн бүүрэг толгодын оройд гарч дуран сунгаж суулаа.

Нэлээн халах янзтай байх боловч урд өдөр нь бороо их орсон тул чийг үнэртэж, сэрүүн салхитай үүлэрхэг сайхан өдөр боллоо. Мэнэнгийн талын зүүн хоймор Буйр нуур, урагшаа Халхын голын нутгаар бороошиж байгаа бололтой нүүгэлтэн хөхөрч харагдана.

Гэтэл үдийн хэрд баруун алсад хоёр юмны дүрс сүүмийн харагдав. Дурангаа сунгаж сайтар харвал морь мал биш хоёр хүн наашилж буй бололтой. “Нөгөө гайхлуудаас өөр энэ их ээрэм талд явган нүцгэн явдаг ямар хүн байх вэ дээ. Гарцаагүй мөн байна” гэж Жүрмэд бодов. Хонио гэрийн зүг даялуулж тойруулаад, толгод дээр гарч хүлээлээ. Явган хүн битгий хэл морьтой хүн ч ойрхон юм шиг бүртэлзээд мөддөө ирдэггүй өргөн талд хоёр хүний бараа зэрэглээнд уусан тодрон бүрэлзсээр нэлээд удсаны дараа ойртов. Тарж бэлчсэн хонины хойд захаар үргээлгүй тойрч толгодын орой дээр шомбойн суух Жүрмэдийг чиглэх нь монголоо алдсан хүмүүс бас яавч биш ээ.

Нэг нь нэлээн өндөр туранхай, цонхигор цайвар царайтай эр, нөгөөх нь хөлс нь бурзайн үс толгой нь ширэлдсэн бор царайтай бүсгүй хүн байв. 
-Сайн байна уу та? Сайхан зусаж байна уу ? гээд толгодын доод хормойд сууцгаалаа. Нэлээн хол явган явж ядарсных, мөн малчин өвгөнийг айж эмээх вий гэж хүндлэн холхон суулаа гэдгийг гярхай өвгөн ажиглан гадарлаад:
-Сайн. Сайн байцгаана уу? Сайн явцгааж байна уу? гэж мэндлэв. Ядарч туйлдсан бүсгүй үсээ хойш нь илж, хөлсөө шувтраад:
-Сумын төв эндээс хол билүү? гэв. Өвгөн тэднийг хөдөө гадаатай хүний үрс юм. Энэ нутгийг мэддэг улс бололтой дог гэж бодоод: 
-Нэлээн явна аа, хүүхээд... Явган алхвал үүрээр очих газар даа гэв. Өвгөн босож толгодоос бууж мориндоо мордоод:
-Манайх энүүхэнд бий хүүхдүүд минь. Очиж унд цай ууцгаа! Би ч хонио ойртуулаад харина гэв. 
Гэрийн гадаа хүмүүс ирэх чимээнээр Буужий гарч, нохой хорьж, холын хүмүүсийг гэртээ оруулж, бэлэн цай хоолоо дөхүүлэн аягалж өгөв. Эр эм хоёр бүлээн цай гүд гүд залгилснаа хүйтэн хар хөлс нь асгарч, тэрлэгнүүдээ тайлцгаав.
-Ямар ажлаар яваа хүүхдүүд билээ? гэж өвгөн асуугаад дүнсэн тамхиа залуу эрд дөхүүллээ. Тэр хоёр хариу өгөлгүй азнан сууснаа бүсгүй эхэр татан уйлж:
-Ах эгч хоёр минь! Бид баларч яваа улсууд аа. Нэг хүн маань хээр хаягдаад хоцорчихлоо. Гурвуулаа бутны сүүдэрт хоносон юм аа. Гэтэл өглөө үүрээр нөгөөх маань сэрсэнгүй. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй түүнийг үүрч даахгүй, чирч гулдарсаар хонин чулууны сүүдэрт орхиод ирлээ гээд чангаар гиншин эхэр татав. Өвгөн “ Эндээс хэр хол байна вэ? Буцаад очиход олох уу?” гэхэд залуу “Олох байх аа, их холгүй ” гэв. Ингээд өвгөн халтар морио эмээллэн, залууг дагуулан хайж явсаар бүрий болохын алдад ашгүй нөгөө хүнээ олж очлоо. Арай ч үхээгүй байв. Хүйтэн усаар нүүрийг нь шавшиж, үсийг нь норготол сүүмгэр нойрмог нүдээр орчныг гайхширан харж сэргээд, дахин дахин нүдээ анивчуулан өвгөнийг ширтэж байна аа. Өндөр эр хацрыг нь зөөлөн алгадсанаа:
-Чи ухаан алдчихлаа шүү дээ. Одоо бос! Энэ өвгөн ахтай тааралдаж чамайг авахаар ирлээ гээд халтар моринд сундлан, өвгөний араас гэлдрэн, гэрт ирэхэд Буужий, бүсгүй хоёр үнээгээ сааж, сүүгээ хөөрүүлэн, хоолны гурил элдэж суув. Өвгөн борцтой хоол ахиухан хийхийг эмгэндээ захиад, ундны ус авахаар явлаа. Өндөр залуу хамт явж ус авчралцав. 
Урд орой гурвуулаа дуу муутай хоносон бол энэ орой тавуулаа дуу шуу, яриа хөөрөөтэй хоноцгоов. Далийн ягаан цэцэгний сүүдэрт унтаж муужран унасан залуу эр гуч эргэм насны бөгөөд таван жилийн ялтай гэнэ. Бүсгүйн нөхөр гучин тав хүрч байгаа төдийгүй найман жилийн ялтай гэх бөгөөд гурван жилийг нь эдэлсэн бололтой юм ярьцгаав. Бүсгүйг Баянханд, нөхрийг нь Доржсэлэм гэх аж. 
Доржсэлэм залуу хүн тулдаа хөлөө амраан, хоол цай идэж уугаад, дороо сэргэж, өөрийнхөө талаар ийнхүү ярилаа. 
- Би аймгийн төвд томоохон албан газрын жолоочоор таван жилийн өмнө ажилд орж, үе үе хөдөө гадаа явдаг байсан юм. Нэг удаа манай дарга, мөн орлогч дарга, санхүүгийн мэргэжилтэн, надтай дөрвүүлээ хэд хэдэн сумдаар тойрон явж, хамгийн сүүлд энэ сумаар дайран тэндээс нэг хүн бас дайгдан, аймаг руу буцацгаасан билээ. Замдаа халамцуу дарга нар зээрийн сүрэг харснаа, ан хийх юм болцгоон намайг “Араас нь хөө! Бид буудацгаая! Дундуур нь хага зүсээд ор!” гэж захиргаадсаны дагуу би хурд нэмсэн юм. Хоёр талд буун дуу зэрэг нүргэлэн, дөчөөд зээр лавтайяа годройтон унаж байгаа нь толинд баримжаалагдан, би урд замаа харж чигээрээ сүргийг зүсэн орсон юм. Дарга толинд буугаа тэгнэн, ухаан сөхөөгүй буудаж явтал гэнэт хаалга нь онгойж, нүд ирмэхийн зуур хүнд биеэ даалгүй газарт унаад хоцорсон. Ингээд бид сандралдан эргэж дарга дээр очиход буудуулсан тарган оонын хажуухан талд нэлээн хүнд бэртээд, амьсгал нэгэнт хураасан байлаа гээд санаа алдав. 
Буужий залбиран амандаа тарни уншиж, “Ээ бурхан минь, яасан ч үйлтэй хорвоо билээ дээ” гээд халаглан уйлав. Бүсгүй ч нусаа татан нулимсаа арчиж, хормойгоо имэрч, доошоо харан, чимээгүй суув. Доржсэлэм цааш үргэлжлүүлэн:
- Аймгийн төв аваачаад эмнэлэгт хүргэн өгч, шүүх цагдаа гээд бөөн ажил үймэрч, улмаар явж явж миний буруу болж, би хүн амины хэргээр найман жил аваад орсон доо гэв. Баянханд яриаг нь цааш залгуулан:. 
- Үүнийг орсон жилээс хойш би хоёр хүүхэдтэйгээ хүндхэн амьдрал туулж хоосон хонох шахуу л юм болсоор бараг гурван жил өнгөрлөө дөө гээд мэгшив. Тэгснээ Баянханд “Энэ хоёрыг оргоно гэж би яаж мэдэх вэ? Буруу ажил хийчихлээ! Хамгийн гол нь, тэр үед даргын ард нь сууж явсан орлогч дарга гараа сунган гэнэт хаалга онгойлгосныг нь сумаас дайгдсан хүн харсан байгаа юм л даа, даанч тэрийг нь шүүх дээр авч хэлэлцээгүй өнгөрсөн. Сумаас дайгдсан тэр хүнийг сураглаж олж уулзвал хэрэг үнэн мөнөөр шийдэгдэн шоронгоос эрт гарах арга байх болов уу гээд энэ хүн наашаа зүглэсэн. Би ч хамт явна гэж зүтгээд дагаж явна даа” гэв. 
Өвгөн бодол болсноо, тарган ооныг буудсан цаг гэхлээр гурван жилийн өмнөх намар байж дээ, янз нь гэв. Доржсэлэм өвгөний хурц ухааныг бишрэн: 
-Тийм ээ, намар цаг байсан юм гэлээ. Найман сарын сүүлчээр юм даг гэж нэмж хэлэв.
- Дайгдаж явсан тэр хүн чамд харснаа дуулгасныг бодоход сайн хүний л үр байсан бололтой. Хэд орчим насны хүн байсан бэ гэхэд: 
- Надтай насаар хол зөрүүгүй өндөр биетэй, дуу цөөтэй хот хүрээ рүү суудаг бололтой залуу байсан гэлээ. Цагдаа дээр байцаагдаж хоёр хоносноо сураггүй болсон. Бодвол дахин асуугдах зүйлгүй болоод явсан биз гэв. 
Жүрмэд өвгөн тэдний яриаг чагнаад ийн хэлэв. 
- Дайны жил үр хүүхдээ цэрэгт мордуулан, эргэж ирэх эсэхийг хэн ч мэдэхгүйгээр салж хагацахын зовлон ямар хэцүү байдгийг та нар эргэцүүлэн бодоцгоо! Тэр их хүнд зовлонг үүрч, хэчнээн ээж аав үр хүүхдээ, хэчнээн бүсгүй хань ижлээ, хэчнээн хүүхэд аавыгаа дахин харахгүйгээр үүрд алдаж байсан юм шүү дээ. Ямар сайндаа чуна мана хөөргөө зүүгээд залбираад явуулдаг байлаа. Чуна мана хөөргийг дайны улаан гэдэг. Түүнийг зүүж явсан цэрэг эргэж ирдэг гэсэн яриа байдаг байсан. Хүний сэтгэл гэж тийм л эмзэг. Дайн дажин хийгээд эх орноо харийн түрэмгийлэгчдэд алдах шахсан хүйтэн өдрүүдийг юутай ч зүйрлэшгүй, хүний зовлон гэж түүнийг хэлнэ ээ. Та хоёр маргаашнаас хоёр морь унаад буц. Очих газраа очиж дуулгавартайгаар буруугаа хүлээх хэрэгтэй. Баянханд хүсвэл хоёр хүүхдээ дагуулан манайд ирж байж болно оо. Доржсэлэмийн хэрэг нэг талдаа багтаж дуустал бид хоёртой цуг хөдөө газар тараг сүүн дээр амар байна гэвэл болохгүй юмгүй. Хоорондоо зөвшицгөө гэв. Тэгснээ: 
- Чи хийсэн хэргийнхээ ялыг цагт нь эдлэн гараад дахин хэзээ ч алдаж болохгүй сайхан амьдар! Хожим харамсах зүйлгүй болно. Чамд нас ирээдүй их байна. Амийг чинь аварсан өвгөн миний үгийг санаж яваарай. Зоримог цовоо сайн хүү байна лээ шүү чи! гэж үүдэнд суусан залууд үгийн ташуур өглөө. 
Маргааш нь Жүрмэд шинэ шөл гаргаж, хоёр залууг тэнхрүүлэн, богцонд нь чанасан мах, бор цай сайтар бэлдэж өгөөд хоёр морио эмээлэн харуй бүрий болмогц хот айлуудаас холуур зам зааж өгөөд, тэр хоёрыг мордуулав.
Баянханд гурав хоног өнжөөд хонины бүтэн мах, ааруул өрөм бэлдүүлж сумын төв хүргүүлэв. Тэрээр явахдаа: 
- Би багадаа Зотол хан уул орчмоор нутагладаг хөдөөний айлын хүүхэд байсан юм. Багаасаа өнчин хоцорч айл хунараар зарагдан зовлон зүдгүүр туулж яваад Доржсэлэмтэй ханилан суусан. Хоёр хүүхдийг нь төрүүлж, зургаан жил амьдраад овоо болж байтал хилсээр хэрэгт орчихлоо. Та хоёр бурхнаас заяасан буянтай хүмүүс байна аа. Ачийг тань хэзээ ч мартахгүй. Аймаг орж байж байгаад болж өгөхгүй болвол гэрээ ачаад ирнэ ээ гэхэд Буужий: 
-Тэгээрэй, охин минь Хоёр хөгшинд хань бүл хэрэгтэй болохоос саад болно гэж огт байхгүй шүү. Хоёр нялх үрээ өлсгөж зовоогоод хэрэггүй. Наашаа зүтгэхийг бодоорой охин минь гээд уйлан үнэсэв.
Өвгөн Баянхандыг сум хүргэн, аймгийн унаанд суулган явуулаад, холбооны газар очиж, хот руу том хүүтэйгээ утсаар ярьж, дараа нь дэлгүүрээс гурил, будаа, сахар ёотон, дүнсэн тамхиа аваад гэдрэг буцлаа. 
Тунгалаг сайхан өдрүүдийг залган хуртай чийглэг шөнүүд бороошин үргэлжилж, тэр жилийн зуншлага гайхалтай байлаа. Өвс ногоо дөрөө шүргэн халиурч, дорнын уудам нутаг Мэнэнгийн талд намар айлчлах үеэр Жүрмэдийнх Матад хан хайрханы хормойд намаржаалахаар буулаа. Намрын сайхан тал алтан шаргал өнгөөр туналзан, өвсний толгой бөхийж, салхины аясаар үелзэхэд адуу мал хамгийн жаргалтай, хүний амьдрал түмэн завгүй.
Нэлээн хэд хоног налайж суутал арван сарын дундуур гэр ачсан ачааны машин ирж, Баянханд хоёр хүүхдээ дагуулан буухад, Буужий бөөн хөл хөөр болж зочдыг угтан оруулж, дайлж цайллаа. Урд толгодын цаанаас Жүрмэд номхон халиун морио давиран, гэрийн зүг шогшсоор ирэхэд хоёр хүү өвгөнийг гайхан харж бишүүрхэж байснаа “Бид өвөө эмээтэй боллоо” гэцгээлээ. 
Хоёр гэрээрээ айлсан бууж, хүүхдүүд сумын төвийн байранд сургуульд сурахаар хүргэгдэж, Буужий Баянханд хоёр ханиндаа ажил төрлөө цэгцлэн, сайхан намаржаалаад, удалгүй өвөлжөөндөө дөхөж буув. Хяруу унаж, өвсний толгой бууралтсан сайхан өглөө хоёр гэрийн тооноор аргалын цэнхэр утаа олгойдож, гэрт халуу дүүгэн, хонь мал холдох шинжгүй ойрхон бэлчиж, цаад хөндийгөөр зээрийн сүрэг нөмрөн идээшилж байлаа. 
Тэр гурав аагтай шаргал цайндаа өрөм зөөхий хаяж, үхрийн тарган мах тогоо дүүрэн чанаж суутал алсад машины дуу гарч, тэднийхийг чиглэн ирлээ. Хотод суудаг том хүү нь машинаасаа бууж, аав ээждээ золгон үнэсүүллээ. Мөн Доржсэлэм хүүхдүүдээ дагуулан инээд хөөр болон бууцгаав. Жүрмэд гэнэт суран ташуураа далайж байгаад хүүгийнхээ нуруун дундуур хоёр гурван удаа ороолгож хөөтөл Доржсэлэм яаран өвгөнийг барьж аваад “Биднийг өршөө..... Та битгий бухимд.... Хүү чинь ийм юм болно гэж мэдээгүй байх... “ гээд “ Одоо санаа зоволтгүй. Хүү чинь ирээд намайг суллачихлаа. Би ялгүй болсон” гэв. Өвгөн хэсэг чимээгүй зогссоноо гэртээ орж хоймроо тухлав. Буужий эмгэн дэмий л дотроо залбиран хоол цай дөхүүлж, Баянханд тогоотой махаа гаргаж, зочдын өмнө тавив. Тэд уг учрыг дор дороо тунгаан ухаж ойлгожээ. Хоол цайгаа зооглосны дараа том хүү :
- Аав ээж хоёр минь миний түмэн буруу. Энэ хүнийг олон жилийн ял авна гэж бодсонгүй. Тэр үед ажлаас дуудагдаад би хот руу яаруу явсан гэхэд өвгөн дуугарсангүй. Хүү жаахан сууснаа:
- Би аавыг энэ зун утсаар яримагц амралтаа авч, аймагт ирээд шуурхай хөөцөлдөж, хэргийн үнэн мөнийг гэрчлэн баталгаажуулж, энэ хүнийг ялаас хэлтрүүллээ. Сайн өмгөөлөгч хөлслөн хэргийг дахин задруулж, таван сар гаруй олон дахин ажил болж, хотоос нааш цаашаа ирж буцаж хүлээсний эцэст өнөөдөр ийнхүү суллагдлаа гээд сэтгэл нь амарсан бололтой бэлэг сэлт уут савтай чихэр жимс гаргаж хөгшчүүлд өгөөд, зүүн талын орон дээр очиж хажуулдав. Доржсэлэм баяртайгаар инээснээ “Хууль түүнийг олохгүй ч гэмшил заавал олно гэж үнэн үг юм байна аа. Орлогч дарга ч гэмшиж хэргээ хүлээлээ” гэв. Дахиж ийм гоомой ажил болохгүй ээ гэцгээв. 
Өвгөн хэсэг дуугүй сууснаа уужран: 
-Монгол хүн чин үнэний төлөө амьдрахгүй юм бол ядарснаасаа эхлэн эрх чөлөөгүй болж сүүлдээ бүгд эх оронгүй болно шүү! Хувиа хичээсэн зангаас болж эцэг өвгөдийн сүнс ч амрахгүй болох дөхөж гэв. 
Жүрмэд өвгөний үг суран ташуураас илүү бодол зүрхийг өвтгөн ороолголоо. 
Доржсэлэмийн хоёр жаахан хүү учрыг нь ололгүй гайхаж гайхаж бүр сүүлдээ “ Энэ ах хичээлээ муу хийсэн учраас өвөөд зодуулж байгаа юм уу? “ гэхэд гэрт бөөн хөхрөлдөөн болов.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122б   • 6 сарын 10. 9 цаг 14 минут

авьяас хөдөлмөр шингэсэн өгүүлэг шиг

202.21.109.79Зочин   • 6 сарын 9. 10 цаг 51 минут

ТИЙМЭЭ, ТАЛ НУТГИЙН МОНГОЛ ХҮН НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙДАГ ДАА

103.111.68.3Зочин   • 6 сарын 9. 10 цаг 41 минут

ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮНИЙ ХҮН ЧАНАРЫГ ИХ САЙХАН ГАРГАЖЭЭ. БАЯРЛАЛАА

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ2 цаг 13 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд2 цаг 18 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана2 цаг 23 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ2 цаг 28 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал2 цаг 33 минутын өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 38 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй2 цаг 43 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’2 цаг 48 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ2 цаг 53 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам2 цаг 58 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ3 цаг 3 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв3 цаг 8 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ3 цаг 13 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ3 цаг 18 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн3 цаг 23 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл3 цаг 28 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ3 цаг 33 минутын өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 38 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ3 цаг 43 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани3 цаг 48 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ3 цаг 50 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд3 цаг 53 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 58 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ4 цаг 3 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ4 цаг 8 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ4 цаг 13 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг4 цаг 16 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ4 цаг 18 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ4 цаг 23 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй4 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.