6-р сарын 12
10 цаг 45 минут

Монголд улс орноо хөгжүүлэх уураг тархи байна уу?

Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд улс орон маань цөөхөн, харьцангуй  боловсролтой, чадварлаг хүн амтай, ийм их баялагтай байж яагаад хөгжихгүй байна уу гээд бүгд л өөр өөрсдийн зүгээс тайлбарлаж байна. Энэ оны 5-р сарын 3-нд болсон “Монгол улсын хөгжлийн философи” хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал зэрэг төр засагт хариуцлагатай ажил алба хашиж байсан, академич Т.Дорж, С.Нямзагд, Др.Б.Даш-Ёндон тэргүүтэй эрдэмтэн судлаач зэрэг  хөгжлийн асуудалд сэтгэл зүрхээ зориулсан олон эрхэм хүндэт хүмүүс оролцсон.  Уг хэлэлцүүлэгт Ерөнхий сайд асан Др.Д.Бямбасүрэн гуай улс орон хөгжихгүй байгаа гол шалтгааныг “Монголд улс орноо хөгжүүлэх уураг тархи алга” гэж оновчтой тодорхойллоо. Улсын их хуралд өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх тогтвортой бүтэц буюу хөгжлийн уураг тархи болох амин чухал асуудлыг орхигдуулж байгаа нь бид дахиад 20-30 жил уураг тархигүй, хөгжихгүй байх, өнгөрснөөсөө сургамж авалгүй, алдаагаа давтах нь уу гэсэн эрсдлийг бий болгож байна.  Урьд нь улс орноо стратеги, төлөвлөгөөтэй амжилттай хөгжүүлж ирсэн туршлага, шинээр өндөр хурдацтай хөгжиж  буй орнуудын жишээ, дэлхий нийтээр урт хугацаанд тогтвортой хөгжих зорилт, хандлага зэрэгт үндэслэн өнөөгийн энэ хямралд байдлаас гарч, ард иргэд нь эрүүл саруул, өндөр боловсролтой, чинээлэг, аз жаргалтай амьдралтай улс орон болж хөгжих нь Монгол улсын 3 сая гаруй иргэний чин хүсэл билээ. Иймээс хөгжлийн бодлогын чухал асуудлын талаар санал бодлоо илэрхийлж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна. Үүнийг бичигч бивээр хөгжлийн бодлого, загварын чиглэлээр  Герман , Австри зэрэг улсуудад 20-иод жил суралцаж, мэргэжил дээшлүүлэн судалгаа хийсэн, энэ сэдвээрээ эдийн засгийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг хамгаалсан, сүүлийн 29 жил Монгол улсынхаа хөгжлийн загвар, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулахад биечлэн оролцож, улс орныхоо хөгжлийн стратегийн асуудалд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нэгэн билээ.

  1. Хөгжлийн баримт бичгийн талаар

   Манай улс 1948-1990 он хүртэл улс ардын аж ахуйг  таван жилээр төлөвлөн хөгжүүлж байв. Тэрчлэн жил бүр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө болон  Улсын төсвийг АИХ-аар хэлэлцэн баталж хэрэгжүүлж ирсэн. 1970-аад оны хоёрдугаар хагаст “БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний 1990 он хүртэлх хөгжил байршлын схем” (15 жилийн төлөвлөгөө)-ийг боловсруулан хөгжлийг урт хугацаагаар төлөвлөх алхам хийжээ. Үүний дараа 1984 онд Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд хамтран УААА-н бүх салбаруудыг системтэй судалсны үндсэн дээр” БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын 2000 он хүртэлх схем” буюу Монгол улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн стратеги, хөтөлбөрийг боловсруулж байв. Уг хөтөлбөр нь хоёр орны олон зуун эрдэмтэдийн олон жилийн судалгаанд тулгуурласан үнэ цэнэ, ач холбогдол бүхий 50 боть баримт бичигт тусгагдсан. Энэ бүгдийг тухайн үеийн яамдаасаа статус өндөр, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга ахалсан,”Бага засгийн газар“ гэж нэрлэгддэг Улсын төлөвлөгөөний комисс  /хороо/, түүний дэргэдэх Эдийн засгийн хүрээлэн хариуцан гүйцэтгэж ирсэн.

  1990 оны хавар  Сайд нарын зөвлөлийн даргын  шийдвэрээр   зах зээлийн харилцаанд шилжих үзэл баримтлал, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, ахлах зөвлөх Др.Б.Түмэн ахалсан эрдэмтэдийн ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн боловсруулсан, 1990 оны 6-р сард  Үнэн сонинд нийтлэгдсэн төсөлд шинэ тогтолцоонд үе шаттай, хяналт зохицуулалттай шилжихийг санал болгосон. Уг төсөл дээр Др.Б.Батхишигийн хамт эхнээс нь дуустал сууж ажилласанаа эргэн дурсахад таатай байна.

 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог баталгаажуулж төрийн зохицуулалтын үүргийг  уг хуулийн 5.4. дүгээр зүйлд “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон  хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна “ гэж тусгажээ.  Тэрчлэн мөн хуулийн 25-р зүйлд “УИХ–нь төрийн санхүү, зээл,татвар,  мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлно” гэж заажээ. Зах зээлд шилжсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд шинээр сонгогдсон Засгийн газар мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулан хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд улсын төсвийг жил бүр Засгийн газар боловсруулан УИХ-аар хуульчлан батлуулж ирсэн. Тэрчлэн 1993 оноос улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монгол банк тус тус боловсруулж УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

Хөгжлийн стратеги, урт хугацааны бодлогын хувьд 1990–ээд оны эхэн үед анхаарал суларч зах зээл өөрөө бүгдийг зохицуулна гэдэг үзэл бодол давамгайлж байсан ч 1990 оны дунд үеэс урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөд Засгийн газар илүүтэй анхаарч ирсэн.   Улс орныг урт хугацаанд хөгжүүлэх хэд хэдэн үзэл баримтлал, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, 1996 онд УИХ-аас баталсан  “Монгол улс Хөгжлийн үзэл баримтлал 1996-2015”, 1998 онд Засгийн газар баталсан “XXI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2021”, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтот суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2021 он”, 2016 онд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг УИХ-аас тус тус  баталсан.  Мөн 2001 онд УИХ-аар баталсан   “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, тэрчлэн бүсүүдийн хөгжлийн стратеги зэрэг баримт бичгийг онцлон дурдууштай. 

Урт хугацааны бодлогын баримт бичгүүд нь тухайн үеийнхээ эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдан хөгжлийн зорилт, загварыг тодорхойлж ирсэн байна. Энэхүү 4 баримт бичигт тусгасан зорилго, зорилтууд үг хэллэг илэрхийллийн хувьд ялгаатай боловч хөгжлийн үндсэн стратегийн хувьд зарчмын том зөрүү байхгүй гэж үзэж байна. Манай орны сул, давуу тал, онцлог, олон улсын хөгжлийн хандлагыг үндэслэн боловсруулсан тул үүнээс ч өөр байх боломжгүй билээ. Нийгмийн баримжаа, хүн төвтэй, дундаж чинээлэг давхаргыг бий болгох, байгаль орчинд ээлтэй эсвэл экологийн тэнцвэрийг хадгалсан, экспортын чиг баримжаа буюу гадагшаа чиглэсэн эдийн засгийн олон салбартай, тогтвортой хөгжлийн засаглалтай зэрэг санаанууд гол цөм нь болж байна.

Өнөөдөр  хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д эдийн засгийн стратеги зорилт нь  макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах,  уул уурхайн цөөн тооны бүтээгдэхүүний экспортын хамаарлыг багасгах,   олон тулгуурт эдийн засагийг хөгжүүлэх, түлш эрчим хүч, дэд бүтцийг түлхүү хөгжүүлэхэд чиглэнэ. Эдийн засгийн салбарын хувьд МАА, ХАА-н түүхий эдэд тулгуурласан хөнгөн, хүнсний үйлдвэр, барилгын материал, нефьт-хими, нүүрс, хар төмөрлөгийн болон  зэс боловс-руулах үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлалын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ. Тэрчлэн мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх зарим зорилтыг тусгасан ч дижитал эдийн засаг, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын асуудлыг тодотгох шаардлагатай.

  1. Баримт бичгийн хэрэгжилт, хүндрэл, бэрхшээлийн талаар

   Манай улсын хувьд олон баримт бичгийг УИХ, Засгийн газар баталдаг ч хэрэгжилт хангалтгүй явж ирлээ.1993 оноос урт, дунд, богино хугацааны 500 гаруй бодлогын баримт бичгийг УИХ болон Засгийн газрын түвшинд баталсан бөгөөд 2019 оны байдлаар эдгээрийн 170 орчим нь хүчин төгөлдөр байна.

Төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй  бодлогын баримт бичгүүдийг манай олон эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд, төрийн шат шатны олон арван ажилтан нөр их хөдөлмөр зарцуулж боловсруулдаг.   Жишээ болгон ”Үндэсний хөгжлийн цогц бодлого 2021 он” ыг хэрхэн боловсруулж байсныг авч үзье. Бивээр тэр үед Санхүү, эдийн засгийн дэд сайд, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлын хувьд  ажлын хэсгийг ахлан анх боловсруулж байсан, сайн мэдэх юм.  2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж Засгийн газраас уг хөтөлбөрийг боловсруулах шийдвэр гарган ажлын хэсгийг байгуулж байлаа. Тэр үед хөгжлийн стратеги, эдийн нэгдсэн бодлогын асуудлыг Санхүү, эдийн засгийн яам /СЭЗЯ/ хариуцаж байв. Яамдын төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлаг, сургалт, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид маш өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гол ажил СЭЗЯ-ны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газар /Ж.Жаргалсайхан/, Үндэсний хөгжлийн хүрээлэн /Др.Б.Батмөнх/-дээр төвлөрсөн. Хөгжлийн төлөвлөлтөөр туршлагатай Солонгосын хөгжлийн хүрээлэн / KDI /  -ийн эрдэмтэд судлаачидтай Сеул хотод болон Улаанбаатарт хэлэлцүүлэг зохион байгуулсны зэрэгцээ анхны төслийг ШУА-ын Их чуулганд оруулж академич эрдэмтэдээр хэлэлцүүлж зөвлөмж авч байлаа. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын олон зуун эрдэмтэн судлаач, салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд оролцож эрдэм оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулсан хамтын бүтээл юм. Уг хөтөлбөр маань жаахан гацаж байгаад 2008 оны эхээр УИХ-аар батлагдсан. Баримт бичгүүдийн олон чухал санаа, дүгнэлт, түүнийг боловсруулахад хийсэн судалгаа материал нь хөтөлбөрийг тодотгох, төрийн бодлого, стратегийг боловсруулах, шийдвэр гаргахад гол тулгуур нь болдог.

2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд эдийн засгийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг урт, дунд болон богино хугацаанд хэрхэн хангаж хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан эрх зүйн орчинг тодорхой болгож өгсөн нь бодлого төлөвлөлтийн уялдааг  болон хэрэгжилтийг хангахад чухал алхам болсон.

    Манай улсад ингэж их хөдөлмөр зарцуулан, УИХ болон Засгийн газраараа батлуулсан урт болон дунд хугацааны үндэсний болон салбарын бодлогууд санасан хэмжээнд хэрэгжихгүй байгаа нь олон шалтгаантай байна. Үүнд зарим гол шалтгааныг дурдвал:

  • Төрийн албаны тогтворгүй байдал, бодлогын залгамж чанар хангалтгүй , шийдвэр гаргахад улс төрчдийн нөлөө хэт их  байгаа, аливаа гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлдэггүй, хуулиа ч тэр бүр  дээдлэн сахидаггүй, авилгал хээл хахууль зэрэг сөрөг үзэгдлээс болж эдийн засгийн бодлого тууштай, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй өнөөг хүрлээ. Үүний зэрэгцээ тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлдэггүй, байнга засч өөрчилж ирсэн нь бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг алдагдуулж байна.  Тогтвортой мөрдөнө гэж УИХ-аараа батлуулсан 15-20 жилийн хөтөлбөрөө 2-3 жил болоод өөрчлөхийг оролдож буй нь манай улсад урт хугацааны  битгий хэл дунд хугацааны хөтөлбөр тууштай хэрэгжихэд хүндрэлтэйг харуулж байна. 1996 онд УИХ баталсан 15-20 жилийн хөтөлбөр байхад  1998 онд Засгийн газраас дахин урт хугацааны хөтөлбөр гаргасан,  2008 онд УИХ-аас баталсан  2021 он хүртэлх хөтөлбөр гаргасан байхад гуравхан жилийн дараа 2011 онд 25 жилээр хөгжүүлэх хөтөлбөр гаргана гэж баахан ажил ундраасан, одоо ч 2016 онд баталсан өмнөх 2030 оны үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн оронд мөн 25 жилийн хөтөлбөр  хийнэ гээд шуугиж байна.  
  • Улс орны амин чухал асуудал болох Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги хариуцсан төрийн захиргааны тогтвортой бүтэцгүй, байнга өөрчлөгдөж ирсэн. 1990 оноос хойш хэд хэдэн удаа нэрээ сольж, татан буугдаж, дахин байгуулагдаж, эсвэл өөр яамдад хавсрага байдалтай, статусын хувьд яам эсвэл агентлаг хэлбэртэй ажиллаж ирлээ. Тухайлбал, Үндэсний хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар /ҮХГ/ зэрэг нэртэйгээр  ажиллаж байв. Өөрчлөлт бүрт бэлтгэгдсэн боловсон хүчин, мэдээлэл, судалгаа, бодлогын материал, залгамж холбоо алдагдах, гадаад, дотоод харилцаа холбоо сулрах зэргээр чадавхи нь эрс суларч ирсэн. Өнөөдөр Үндэсний хөгжлийн газар агентлаг статустайгаар  хүч чармайлт гарган ажиллахыг зорьж байгаа боловч салбарын бодлогыг уялдуулах эрх мэдэл дутмаг, Сангийн яамтай зарим ажил үүргийн хуваарь давхацсан, хөгжлийн болон эдийн засгийн нэгдсэн бодлогын олон асуудлууд өөр газар харьалалтай /СЯ, ЗГХЭГ, ГХЯ г.м./, тус байгуулагын хүний нөөц болон чадавхи сул,  шинээр байгуулсан энэхүү байгууллагын үйл ажиллагаа тогтворжоогүй зэргээс шалтгаалан үр дүнтэй ажиллахад бэрхшээлтэй  байна. 
  • Баримт бичгүүдийн боловсруулалтын шинжлэх ухааны үндэслэл тэр бүр хангалттай байж чадахгүй байна.Ихэнхдээ хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул, үндэслэл, тооцоо судалгаа нь хангалттай түвшинд хийгдээгүй, санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаж чадахгүй байна.Тэрчлэн хөгжлийн зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэх арга механизмд сул анхаарч зарим талаар орхигдуулж ирсэн нь хөтөлбөр бодитойгоор биелэхэд сөргөөр нөлөөлж байжээ. Хөгжлийн стратеги, бодлогын шинжилгээ  судалгааны хүчирхэг бие даасан, тогтвортой ажилладаг байгууллага байхгүйтэй энэ бүгд нь шууд холбоотой. Их дээд сургуулийн дэргэдэх судалгааны бүтцийн судлаачид нь гол төлөв багш нараас бүрдэж  ихэнхдээ багшлах ажилдаа голлон анхаарч, улс орны хөгжлийн том асуудлаар тогтвортой судалгаа хийн гадаад, дотоодын байгууллагуудтай зохих түвшинд хамтран ажиллах боломж хомс байдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа.
  • Засгийн газруудын мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилтэд анхаарууштай олон асуудал байна. Тухайлбал, хөтөлбөртөө хэт олон зорилт дэвшүүлдэг, тэргүүлэх чиглэл, зорилт тодорхойгүй, судалгаа, үндэслэл муутай, хэрэгжихэд шаардлагатай хүний нөөц, чадавхи, цаг хугацаа, санхүүжилт, хариуцлагын механизмыг тодорхой тусгадаггүйгээс хэрэгжилт сул, тэрчлэн засгийн газруудын хөтөлбөрийн залгамж чанар муугаас өмнөхийнхөө эхлүүлсэн ажлыг үгүйсгэж, хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгох, он дамжсан олон бүтээн байгуулалтууд судалгаа, төлөвлөлт төдий үлдэх, санхүүжилт дутагдсанаас олон жил баригдаж дуусдаггүй.
  • Хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд тулгуурсан салбарын бодлогуудыг тодорхойлохдоо хүрэх үр дүн тодорхойгүй, үр дүнг хянах шалгуур үзүүлэлтгүй, хэрэгжилтийг хянаж ард түмэнд тайлагнадаг харьцангуй бие даасан, улс төрөөс хараат бус бодлогын судалгааны институци байдаггүй зэрэг дутагдлууд арилаагүй л байна.
  1. Цаашид юу хийх ёстой вэ ?

Хөгжлийн бодлого стратеги тууштай , үр дүнтэй хэрэгжихэд Төрийн албаны хууль нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу төрийн албаны тогтворгүй байдал арилж, төрийн бодлогын залгамж чанар сайжирна гэж үзэж байна. Цаашид юу хийх талаар  цөөн хэдэн гол асуудлыг авч үзье:

-Энэ бүх алдаа дутагдлыг засаж залруулан  улс орныг амжилттай хөгжүүлэхэд юуны өмнө “ Монгол улсыг хөгжүүлэх уураг тархи хэрэгтэй байна”. Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги хариуцсан төрийн захиргааны тогтвортой ажиллах бүтцийг  /агентлагаас дээш статустай/  бий болгож түүнийг өөрчлөн байгуулах асуудлыг хуулиар хориглох нь зүйтэй. Ийм тогтвортой бүтэц буюу уураг тархигүйгээр хөгжлийн стратеги, нэгдсэн бодлого тууштай хэрэгжих ямар ч боломжгүйг өнгөрсөн 30 гаруй жилийн гашуун туршлага харууллаа. Энэхүү бүтцийг тогтвортой ажиллуулахын тулд Үндсэн хуульд л тусгах ганц зам байна гэж  2 Ерөнхий сайд, 3 академич, 6 шинжлэх ухааны докторын бүрэлдэхүүнтэй ҮХГ-ын дэргэдэх ШУ-ны Зөвлөл үзэж Төрийн өндөрлөгүүд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгт хандсан байгаа. Энэ нь аль нэг  салбарын юмуу тодорхой чиглэлийн түр зуурын асуудал биш Монгол улсын хөгжил, 3 сая гаруй иргэний эрх ашгийн асуудал мөн.

-  Монгол улсын маань хөгжлийн уураг тархи болох энэхүү бүтцийг  мэдлэг чадвар, туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг дэс дараатай авах шаардлагатай.  Хөгжлийн нэгдсэн бодлого, дунд урт хугацааны  стратегийн асуудлаар судалгаа хийдэг, төр засгийн бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад тусалж дэмждэг, хүчирхэг, хараат бус судалгааны институтыг байгуулж тогтвортой ажиллуулах нь зүйтэй.  Төсвийн тогтвортой байдлын болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулинд судалгааны бүтэц байгуулах заалтууд байгаа тул эрх зүйн орчин бүрдсэн. Хараат бус, тогтвортой  байдлыг хангах үүднээс Засгийн газар, ШУА-ын давхар харьяалалтай байх нь зохимжтой.

- Батлагдан гарсан шийдвэр, хөгжлийн стратеги, бодлогын зорилт тууштай хэрэгждэг байх нь хамгаас чухал юм. Түүнийг үндэслэлгүй засварлах эсвэл мөрдөхгүй байх зэрэгт төлөвлөлтийн болон бусад хуулийн дагуу хяналт тавьж хязгаарлах шаардлагатай. Тэрчлэн төлөвлөлтийн тухай хуульд хариуцсан байгууллагуудын чиг үүрэг, зааг ялгааг тодорхой болгох, бодлого боловсруулалтын шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх, нэр томьёог цэгцлэх гэх мэт чиглэлээр хуулийг сайжруулууштай. Энэ талаар академич А.Бакей, Др/Sc.D/ Ц.Сүхбаатар нарын боловруулсан санал бэлэн байгаа болно.

- Өнөөдөр мөрдөгдөж буй “Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын хэргэжилтийг хангах, 2025 он хүртэлх хугацааны хувьд илүү тодорхой болгох, хэрэгжүүлэх арга механизмыг даруй гаргах чиглэлээр хүн хүч төвлөрүүлэн ажиллах шаардлагатай байна. Энэ чиглэлээр ҮХГ-ын дэргэдэх ШУ-ны зөвлөл хэлэлцүүлэг хийж тодорхой санал гаргасан.

Дунд, урт хугацааны хөгжлийн бодлого,  стратеги тогтвортой,тууштай хэрэгжих нь тавьсан зорилтыг амжилттай биелэхэд төдийгүй  залуус хэрэгцээ шаардлагатай мэргэжлээ зөв сонгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлээ оновчтой тодорхойлох, зээл тусламжийн бодлого ч илүү үр ашигтай байх гэхчилэн бүхий л салбарт чухал ач холбогдолтой билээ.

 Монгол улсаа амжилттай хөгжүүлье гэвэл төр засгийн зөв мэргэн бодлогын зэрэгцээ хүмүүсээ тогтвор суурьшилтай ажилсаг болгох, хууль дүрмээ ягштал баримталдаг, идэвхи санаачлагатай бүтээлч ажилладаг, сайн ажиллаж байж сайхан амьдарна гэдэг ухамсрыг боловсролын системээс эхлээд хууль эрх зүйн хүрээнд болон цалингийн тогтолцоо, хөдөлмөрийн бирж, төрийн алба, компанийн түвшинд гээд  бүх шатанд ойлгуулж мөрдлөг болговол энэхүү зорилт хэрэгжинэ.

Зөв шийдлээ олоод түүнийгээ зөв менежментээр бүтээлчээр, ажил хэрэгчээр, бодитой хэрэгжүүлэхэд бүх шатанд сахилга, хариуцлага сайн зохион байгуулалт юу юунаас чухал байна. Гадны хүмүүс, гадны мөнгө бидний амьдралыг сайхан болгож улс орныг хөгжүүлэхгүй, монголчууд бид л хүчээ дайчлан шаргуу ажиллаж   зорилгодоо хүрнэ.

Санхүү, эдийн засгийн бодлогын судалгааны төвийн  тэргүүн,    

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

Лувсандагвын Энхтайван

 Улаанбаатар хот, 2019 оны 6 дугаар сар 9

                 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.32.183Зочин   • 7 сарын 6. 20 цаг 07 минут

үндсэн хуульгүй 29 жил боллоо Батласан нөгөө гайхалтай үндсэн хууль нь монголын хөгжил монголчуудад хэрэг болсонгүй. одоо МАНАН өөрчлөх юм гэнэ Тэдэнд монголоо гэх сэтгэл алга даа

122.201.26.172Зочин   • 6 сарын 18. 8 цаг 34 минут

Хэн ч эрх мэдэлд хүрээд эхлээд идэж уухаа л бодно, тэр тусмаа монголчууд. Тэднийг тэгж тонгочуулдаггүй арга тогтолцоо гэж бас буйг нэвтрүүлэх л бүхнээс чухал. Тэгэхдээ өнөөгийн өлөн нүдтэнгүүд тийм тогтолцоог нэвтрүүлэхийг улайран эсэргүйцэх учир улс төрийн эрх мэдлээр цаашид нэвтрүүлнэ дээ. харамсалтай нь ийм зүйлд тархи толгойд нь орж ирэх аавын хүү ховор

5.173.8.168Зочин   • 6 сарын 17. 3 цаг 40 минут

mongol buh humuus gegeerch zov amidarya gej hicheevel bugd niileed zov zamaar yvj chadna daa .shudarga unench zarchim barimtlah heregtei

202.9.43.195Зочин   • 6 сарын 15. 20 цаг 43 минут

Өнөөдөр энэ олгархиуд нийслэлээс гарч чадахгүй гэдгээ хэнээс ч илүү мэдэж байгаа учираас аль эртнээс орон нутгийн малчидыг чиглэсэн хөнгөлөлтэй тусламж халамжуудыг ихээр явуулаад эхэлжээ.Энд мэдээж нийслэлийн иргэдийн эрх ашиг сүүлийн жилүүдэд хаягдсан.Сонгууль дөхөхөөр л хэдэн төг хаядаг нь нууц биш.20оны сонгуулиар хөдөө орон нутгаас тал хувь нь гараад ирнэ гээд бодсон төлөвлөцөн л байгаа МАН ынхан ч АН гэсэн.Цаашидаа хэн ч тэр хүнээ мэдэрч өгөхгүй бол Монгол улс өөдлөхгүй дэвжихгүй нь байна шүү

103.57.95.98Зочин   • 6 сарын 14. 18 цаг 25 минут

Эх оронч сэтгэлтэй хүн байхгүй болохоор монгол улс хөгжихгүй

66.181.161.80Зочин   • 6 сарын 13. 20 цаг 19 минут

Илжирсэн толгойтой Олигархиуд хѳгжил гэдгийг мэдэхгүй байнаа.Тэдэнд эх орон хэрэггүй нэгэнт хѳрѳнгѳтэй болсон юм чинь хаашаа ч зайлсан болно гэсэн ***** сэтгэхүйгээр хандаад байна.Ямар ч шуналгүй эх орон ард түмнээ гэсэн жинхэнэ эрчүүд л Монголыг хѳгжүүлнэ.Даанч ховордож дээ...

66.181.179.43Зочин   • 6 сарын 13. 15 цаг 26 минут

Аудитын тухай хуулиндаа улсын нэгдсэн бодлоготой уялдаагүй төлөвлөгөө хийн эсрэг үйл ажиллагаа явуулсан байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох хэрэгтэй

202.21.99.226Зочин   • 6 сарын 12. 13 цаг 40 минут

Яаж Монголоо гэсэн чин сэтгэлтэй шударга хүмүүсийг зөв таньж удирдлагаараа сонгох вэ ард түмэн минь. Тэгж чадвал улс орон гэрлийн хурдаар хөгжинө.

66.181.179.104zochin   • 6 сарын 12. 12 цаг 03 минут

Huuli ni guuli bolhoor hezee ch hugjihgui ee

183.177.100.10зочин   • 6 сарын 12. 11 цаг 47 минут

Ухаанд нь ухна ишиг ухсэн хэдэн улс төр нарыг мал бол заазлаад хуушуур хийх юмсан.1950,1960 иад оныхон Улс төрөөс зайлцгааж, эх орноо 1970,1980 иад оныхон авч явах цаг ирсэн шүү?2020 оны Сонгуулиар нас харгалзаж санал өгнө шүү? АРД түмэн минь.

66.181.182.225Зочин   • 6 сарын 12. 11 цаг 30 минут

shudarga yum haach algadaa,,huuli gj guuli bolood udaj b.a

66.181.177.178жинхэнэ монгол   • 6 сарын 12. 11 цаг 21 минут

уураг тархи нь б.на аа уураг тархи нь монголын эсрэг ажиллдаг ухаан мулгуу ууж идэхээ урдаа барьсан сувдаг шунахай бүлэг дээрэмчид М-н нийгмийг базчихаад хааш нь ч хөдөлгөхгүй б.на. тэднийг М"н төрөөс зайлуулж тал нутагт минь сүүдэргүй болгоод өгөх бурхан тэнгэр б.на уу... МАНАН-г, ЭРҮҮДЭН ШҮҮГЧ НАРЫГ ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЧИДИЙГ

64.119.24.1420-р тогтоол   • 6 сарын 12. 11 цаг 14 минут

20-р тогтоол?

103.57.95.131шудрага байх ёс зүй   • 6 сарын 12. 11 цаг 06 минут

зүгээр л шудрага хүмүүсийг нийгмээрээ дэмжээд эхэлвэл хөгжих зам руугаа орно.

Шинэ мэдээ

Баярын өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ7 сар 15. 12:45Маргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00Арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 12:30Үер усны аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 сар 14. 12:00Цэцэг төвийн уулзварын замыг энэ сарын 16-наас хаана7 сар 14. 11:45Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочилжээ7 сар 14. 11:22Хэнтийнхэн шинэ аваргадаа 5 өрөө байр бэлэглэжээ7 сар 14. 11:00Өнөөдрийн зурхай7 сар 14. 10:30Цаг агаарын мэдээ7 сар 14. 10:00Улсын аварга Э.Оюунболдод үүрд хадгалагдах "Тоёота" цомыг нь гардууллаа7 сар 13. 15:23Эмэгтэй жолооч майханд унтаж байсан 6, 7 сартай хоёр хүүхдийг дайрчээ7 сар 13. 14:37Шинэхэн аварга Э.Оюунболд шагналын автомашинаа гардан авлаа7 сар 13. 14:27БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв7 сар 13. 13:00Монгол Улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ7 сар 13. 12:30Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хаахдаа хэлсэн үг7 сар 13. 11:33Э.Оюунболдод улсын аварга цол олголоо7 сар 13. 11:00Улаанбаатарт 26-28 градус дулаан байна7 сар 13. 10:00Өнөөдөр уяачдын наадамтай7 сар 13. 9:45Өнөөдрийн зурхай7 сар 13. 9:30Шинэ аварга Энхтөгсийн Оюунболд7 сар 13. 3:21Ши Жиньпин Монголын үндэсний баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэв7 сар 12. 16:54ДААГА: Түрүү магнайд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага хурдаллаа7 сар 12. 13:58ШУУД: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа7 сар 12. 12:34Трамп өөрийгөө суутан гээд өрсөлдөгчдөө доромжилжээ7 сар 12. 12:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.