2019 оны 6-р сарын 14
14 цаг 57 минут

Соёрхын Пүрэвсүрэн: Өш тайлсан өршөөл

Цэрэгт мордсон отгон хүүгээ харьж ирэхэд унуулах гэж “чөдөр эмээл” хоёроос харамлаж явсан хурдан үрээгээрээ хээрийн нохой цатгасандаа ихэд харууссан Сумъяа өвгөн мөр шинжин, ийш тийшээ хараачилсаар, "Аглагийн овоо"-ны хөлд дөрөө мултлан, дагжуур газар завилж, пийсүү соруултай гаансныхаа толгойг улайдтал тамхи нэрж, бодолд дарагдан сууснаа, баруун хойд энгэр өөд зөрүү хараатаа талбин хэсэг дурандав.
-Тэгнэ ээ тэр. "Енхэрцэг"-ээс гарцаагүй гэж мэдээд байсан юм. Хараач гэм, “Жаатгануур шарга” түүнийг дагаж явна. Залуухан чонын мөртэй зэрэгцэн “Жаатгануур шарга”- ын тойтон мөр дурайж байхыг үзээд, гайхаж байсан миний эргэлзээ ингэж тайлагдлаа. "Өрлөг шарга" хаяагаа хадрах учиргүй гэсэн миний таамаг баараггүй таарлаа. Цор ганцаар доншуучилж яваа тэр муу золбин боохой "Өрлөг шарга" бид хоёрыг номгочлохоор шийдэв бололтой хэмээн, шазуур зуун хүрлийв.
Нүдэнд туссан чоно нохой, зээр гөрөөс, тэр бүү хэл унаж яваа мориндоо хүртэл нэр цол өгдөг, этгээд араншинтай Сумъяа өвгөнд “Өрлөг шарга" хэмээн өргөмжлөгдсөн зантгар толгойт азарган чоно, шөвөлзсөн шарга гичий дагуулан ирж, арын хайрханд нутагласанаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Сул олз хайх, сувьдаг сэтгэлийн шуналын дэв хатгасан, “улаан шанаа” Бадрах гэгч нутгийн эр “Өрлөг шарга”-ын үүрэнд шургаж, хоёр муу бэлтрэгийг нь суйлан, буцах замдаа Сумъяа өвгөний уяагаар дайрч, мөр буруулсны харгайгаар, нутгийн азарган чоно, өвгөн буурал анчинтай дайсагнаад авсан удаатай. Мунхаг эрийн хутгасан мундарын төлөөсөнд өвгөнийх уях унагагүй хөхүүрээ хагсраан намаржиж, хариуд нь "Өрлөг шарга"-ын гичий урд хөлөө мухайлгасан түүхтэй. Тэр цагаас "Өрлөг шарга”-ын үүр ноохойг эрдэнэсийн үүц мэт харамлах болсон Сумъяа өвгөнийх өнчин сарвааны гарзгүй тун чиг амгалан байсан билээ. 
Цагаан сарын дараахнаас орь ганц, гоонь саарал боохой үзэгдэх болсныг “Енхэрцэг” хэмээн нэрлэсэн өвгөн, хажуудаа хаясан том хар хавхаа хараад
"Өрлөг шарга" чи бид гурав ч өвгөрч дээ. Даага сарваанаас хальж, ганц галтай үрээгээр минь найрлачихлаа. Хөл муутай гичийгээ залуу боохойд алдах аюул "Өрлөг шарга"-д бас нүүрлэв бололтой. За чи ч гэсэн дээ пүнзний мухарт хэвтсээр, зэвэнд идэгдсэн бөөн хөх төмөр л болсон байна даг хэмээн хорсолтой инээгээд
-Халиун үрээнийхээ амийг “Енхэрцэг”-ээс дориухан шиг нэхнэ дээ гэж шазуур зуун бодсоор, гэрийн зүг мордохыг, тэртээх хүрэн хясааны үзүүрт хэвтэх азарган чоно ажиглан хараад, хүрэх ёсгүйгээс хүртэлцсэн доголон шарга гичийдээ уурсах мэт гаслан гийнав.
Энэ өдрөөс хойш хэд хоног үүрнээсээ сугараагүй "Өрлөг шарга"-д тунирхан шарвалзах дойдон шарга гичийний ярдаг ааш үе үе асч, мөнөөх адууны зэмрүү шогшихыг санаархавч, уурсан архирах "Өрлөг шарга"-аас эмээн, эргэж хурган гасалсаар хажууд нь хэвтэнэ.
Тэнгэр газрын хаяа нийлтэл бороо шаагисан үдэш хэргийн эзэн, хэнгэргийн дохиур “Енхэрцэг” түгдгэр цээжээрээ түрэн, урдуур хойгуур нь холхиод,
-Ах минь энүүхэн доор орхисон ангийн хишгийг хамтдаа очиж хүртэх үү гэх шиг ташуу сорвитой хар хоншоороо өлийлгөн чийгтэй агаар гудчин сорж, ганц нэг улимаглаад, тоомжир хэнэггүй “Өрлөг шарга”-ыг орхиж, уулын ам уруудан бөг бөг шогшлоо. Хэд хоногийн өмнө хам хум зулгаасан адууны мах шингэж, өчигдрөөс өлсөж эхэлсэн “Жаатгануур шарга” ч түүний араас гулбалзан босч, урд хөл дутуугаа мартсан мэт хэвгий даган урсах борооны ус үсчүүлэн тойтгонсоор нүдгүй харанхуйд уусав.
Залуухан боохойд сэртэндэх гоо үзэсгэлэнт “Жаатгануур шарга” өлөгчингөө хардаж харамлах зөн совин өрвөлзөн асах тул тайван хэвтэж чадалгүй, гэдсээ евхийтэл хүнгэнүүлэн улиад, нөгөө хоёрын араас бас шогшив. 
“Жаатгануур шарга” гичийнийхээ аазгай хөдөлгөсөн үнэрийг хөөсөөр ойртон очтол, хар яр хийх төмөр гинж харжигнан, уурсан багтрах “Енхэрцэг”-ийн яс янгинам гаслаан, амь тавих золгүй нэгний арга тасарсан хяхтнаан сонсогдох үед, уул нурж, тэнгэр цөмөрчихөв үү гэмээр аянгын дуу нирхийж, нил цэнхэр туяа мэлсхийн татахуй, хавь ойрыг хянуур харж хэвтсэн боохойн тархинд үхэл гэсэн совин харван бууж, ухасхийн харайлаа. 
Амь тасран салганах хайртай гичийг нь тас зуун сэгсчих “Енхэрцэг”-ийг харсан "Өрлөг шарга"-ын хилэн бадарч, аюул ослыг урьдчлан таних төрөлх совингоо гээсэн мэт дүүлэн, урд хоёр хөлөө ташраар нь хавханд зуулгасан идэрмэг чоныг хумин авч, бахим хүзүү, улаан хоолойг нь тасар татан сэгсрэхдээ, хажуухан талд нь үл анзаарагдам булж орхисон том хар хавханд дээр хойд хөлөөрөө гишигсэнээ анзаарсангүй..
Тас хийн харвах хавхны дуунд цочин ухасхийсэн “Өрлөг шарга” дөнгөж сая өөрийнх нь нүдэн дээр амиа алдсан “Жаатгануур шарга” гичийнийхээ бөгсийг дэрлэн уналаа. Хойд хөлнийхөө халуу шатан янгинах шилбийг зуун алдан цовхроод, бүдүүн гархи хэлхсэн том гинжинд гуядагдан сарьсан хоншоороо тас цохиулчих шахав.
Үхэл хагацал урин даллагч “Енхэрцэг”-ийн татганасан цээж, тас хазуулсан багалзуураас бургилах өтгөн хүрэн цус, үерийн усны ховил даган урсахдаа зовлон жаргалаа хамтатгасан хайртай гичийнийх нь хундан ягаан шүүсийг хаман авч, ой гутам нялхийсэн үнэрээр орчлонг гутаан горхилоно.
Өрөөлийг эс чадвал өөрөө амиа алдах, босго тотгогүй хорвоогийн нөөлөг салхинд өеөдөн унасан, хайртай өлөгчингийнхөө сүнсийг мөнх тэнгэрт даатган залбирч, зовлон шаналантай енгэнүүлэн улиад, удахгүй өөрийг нь бас чиглэн ирэх гарцаагүй үхлийг хүлээн хэвтлээ. 
Өглөөний тунгалаг наран мянга түмэн цацрагаа дэлгэж, шөнөжин зүсэрсэн борооны дусал цэцэгсийн дэлбээнд шүхэрлэнэ. Урьд шөнийн үхэл зовлон, уй гашууг нуун далдлах мэт манаран буусан зөөлөн цагаан буданг сүвлэн, гарам сүлжин наашлах Сумъяа өвгөнийг олж харсан “Өрлөг шарга” уурсан хилэгнэж, хавх аргамжсан төмөр гинжийг тас зуун сэгсчиж, хар ярхийв. 
Чанх өөдөөс нь харан завилаад, гашуун хөх утаа ам хамраараа баагиулах Сумъяа өвгөнтэй харц тулан, хөдөлгөөн бүрийг нь анан хүлээж, жавьж хоншоорынхоо арьсыг хунируулан, хурц цагаан соёогоо ярзайлгана.
Хоёрын хоёр чоно багалзуураа тас хивүүлснийг гайхан харсан Сумъяа өвгөн
-За “Енхэрцэг” ч яахав. Хийсэн хэргийнхээ золиосонд хүртэх ёстой шангаа хүртсэн байна. Харин чи минь яах чинь энэ вэ. Хаяагаа хадардаггүй эр зоригт чинь итгэсэн юмсан. Эсвэл чиний “Жаатгануур шарга” гичий залуу азарган чонотой сэмбэлзэхийг тэвчиж чадалгүй, хоёуланг нь хивж хаячихаад, өөрөө хавханд орж, тэнгэрийн гэсгээл үзэв үү гэхэд өвчиндөө халуурсан азарган чоно шүдээ ярзайлган архирна.
-Наад хар хавхаа таньж байна уу чи. Чиний янаг шаргын хөлийг зууж үлдсэн хавх шүү дээ хө. “Жаатгануур шарга”-ын тас хазсан шилбийг хараад, яаж шуухан хоолоо олж иднэ дээ зайлуул хэмээн өрөвдөж суусансан. Гэтэл эрэмхий хөл дээрээ эрэмдэг хөлөө тохоод харвасан сум шиг сунаж явахыг нь хойтон өвөл нь хараад, сэтгэл нэгэнтээ амарсан хэмээн хуучлан суухдаа азарган чонын ер бусын бахим хөл, өргөн тавхай, зантгар толгой, архирах бүр хоёр завьжаар нь ярсхийх урт цагаан соёо, дотор арзасхиймээр аймшигт харцыг бахархан харж,
- "Хүн хүнээ барьж идэхийг олонтоо харж байлаа. Харин чоно чоноо хэмлэхийг өнөөдөр үзлээ. Цөвүүн цаг гээч нь ирж буй нь тэр юм байлгүй дээ" хэмээгээд, борооны усанд хэвээ алдан далбийсан хуучин бүрх малгайгаа чонын зүг шидэхэд, ухасхийн шүүрэхээр хархийх архирах үед, гурамсалж сүлжсэн суран бугуйл нарийн чахалзуураар нь шав хийн буужээ. 
...Хэрхэн яаж амь мултарснаа ухаарах сөхөөгүй хайрхан уул өөдөө сум шиг сунаж, нум шиг нумран, журайж яваа "Өрлөг шарга"-ын араас дурандан суугаа өвгөний нүдэнд, зогтусан эргэж харсан чонын атираатсан зантгар духных нь дундаас зурвас цагаан гэрэл гялсхийн харвах шиг болоход агдасхийн цочоод 
- "Хүн шиг хүн ховордсон хорвоод, чоно шиг чоно ганц ч гэсэн үлдэг дээ яахав" хэмээн залбирч суулаа.

СОЁРХЫН ПҮРЭВСҮРЭН. 
2018 он 12 сар 06 өдөр.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122Зочин   • 6 сарын 17. 19 цаг 39 минут

Энэ юу нь гоё бгаа юм бэ малнууд аа. Ямар ч юм уншаагүй шаарнууд нэг ийм заваан үгийн цуглуулгыг зохиол гэж эндүүрнэ. хатуухан үнэнийг хэлэхээр доромжлол гэж хуцна. Энэ хэмжээнд бичих гэдэг чинь тийм их авьяас шаардах уу мал аа. Намдагийн зохиолын маш муу хуулбар л бна

202.126.88.230Зочин   • 6 сарын 17. 7 цаг 51 минут

Bayarlalaa.Estoi goyo

202.126.88.52Басаа   • 6 сарын 14. 18 цаг 26 минут

Шүүмжилж болно доромжилж болохгүй бас энэ хэмжээнд өөрөө бичиж. чадах эсэхээ бодоорой

202.72.245.122Зочин   • 6 сарын 14. 17 цаг 01 минут

энэ нөхөр өөрийгөө зохиолч гэж боддог байх даа. Муу юмаа Намдаг гуайн "Хөгшин чоно ульсан нь"-аас санаа туугаад олигтой юм болгосонгүй. шал худал харагдаад бна даа. Чи ингэж хүний юмнаас сэглэж явахын оронд больчихсон дээр дээ. Чиний зохиол бичих гэж юу байхав

66.181.170.229Зочин   • 6 сарын 13. 10 цаг 17 минут

ЁСТОЙ ГОЁ

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ2 цаг 52 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ2 цаг 54 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ2 цаг 58 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ2 цаг 59 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир3 цаг 4 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг3 цаг 9 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ3 цаг 14 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан3 цаг 17 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв3 цаг 19 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ3 цаг 24 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод3 цаг 29 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ3 цаг 34 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 39 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ3 цаг 44 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ3 цаг 49 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен3 цаг 54 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна3 цаг 59 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна4 цаг 4 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ4 цаг 9 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ4 цаг 9 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно4 цаг 14 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 17 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ4 цаг 19 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ4 цаг 24 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито4 цаг 29 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов4 цаг 30 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ4 цаг 34 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт4 цаг 39 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа4 цаг 42 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна4 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.