2019 оны 6-р сарын 26
10 цаг 25 минут

Л.Мөнхбаатар: Үндсэн хуульд зөв өөрчлөлт хийхгүй бол ирэх найман жилд дахин хөндөгдөхгүй

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

 -Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа хэд хэдэн асуудал байсан.

 - Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим асуудалд санал нийлэхгүй байсан. Гэхдээ УИХ-ыг илүү хариуцлагатай, сахилга баттай, гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэрийг хангах, Ерөнхий сайд, сайд нараа томилох, чөлөөлөх огцруулах, 2000 оны долоон өөрчлөлтийг залруулж байгаа зэрэг асуудлуудыг дэмжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Тиймээс би уг төслийг санаачлагчдын нэг. Удаан хугацааны турш зөвшилцөж нэгдмэл ойлголт саналд хүрч өргөн барихад бэлэн болсон төслийг өөрчлөх санал гаргавал дахин нэгдсэн саналд хүртэл төслийн өргөн барих хугацааг удаан хугацаагаар хойшлуулахад хүргэх байсан. Гарын үсгээ зурсан ч зарим асуудлын үндэслэл, ач холбогдлоос шалтгаалан тодруулах болон өөрчлөх шаардлагатай зүйл бий гэж үзэж байгаа. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар Үндсэн хуульд заахыг дэмжихгүй байгаа. Энэ нь одоогийн улс төрийн намын нүсэр бүтэц, тогтолцоо Үндсэн хуульчлагдсанаас өөрцгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах улс төрийн нам улсын хэмжээнд салбар, хороо, үүртэй байх шаардлагатай болно. Ингэснээр улс төрийн намын зардал өсч санхүүжилт хайх өнөөгийн байдал хэвээр үргэлжилнэ. Нөгөөтэйгүүр хөдөө, орон нутаг дахь улс төржилтийг улам дэвэргэнэ. Мөн жижиг болон шинэ намуудын хөгжил төлөвшилтийг хязгаарлах, жижиг намууд улсын хэмжээнд намын үүр, хороогоо ажиллуулах мөнгө олохын тулд эргээд нэг компанийн юм уу мөнгөтэй хувь хүний халаасанд орох зэрэг эрсдэл үүснэ гэж харж байгаа. Түүнчлэн Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх байгууллага бий болгохоор тусгасан. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч Үндсэн хуулийн субъект биш. Тэгэхээр статусыг нь заавал Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй. Төрийн албаны зөвлөлийг бид Үндсэн хуулийн субъект болохгүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс  хассан. Үүнтэй яг ижил юм. Үнэхээр ийм зөвлөл байх шаардлагатай бол бусад хуулиудаараа, Шүүхийн тухай хуулиараа, эсхүл бие даасан тусдаа хуулиар зохицуулах хэрэгтэй.  Мөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоодоггүй байсныг өөрчилж нийт 22 шүүгчтэй байхаар төсөлд тусгасан. Одоогийн Шүүхийн тухай хуулиар Дээд шүүх 24–өөс доошгүй шүүгчтэй байхаар заасан. Дээд шүүхийн шүүгчийн тоог дөрвөөр бууруулахаар заасан гэсэн үг. Ер нь хяналтын шатны шүүгчийн өнөөдрийн ажлын ачаалал орон тоонд тохирсон эсэхийг би тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ дээд шүүхийн нэг шүүгч жилд дунджаар 200 гаруй хэрэг шийдвэрлэдэг гэсэн статистик бий. Зарчим нь Үндсэн хуульд энэ өөрчлөлт орсны дараа цаашдаа дор хаяж 20 жил өөрчлөгдөхгүй дагаж мөрдөгдөх учраас ирээдүйн 20 жилд хяналтын шатны шүүхийн ачаалал өсч болзошгүй гэж тооцох нь зүйтэй. Иймд одоогийн дээд шүүхийн шүүгчдийн тоог бууруулахгүй, дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд тусгахгүй байх саналтай байгаа. Үүнээс гадна хэд хэдэн асуудлаар төсөлд заасантай санал нийлэхгүй, өөрчлөх саналтай байгаа.  Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаа гаргаж оролцоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй боловч тусгах шаардлагатай ямар асуудлууд байна вэ. Нэмж тусгах боломжтой юу?

 -Үндсэн хуулийн 35 хүртэлх хувийг хөндөж байж нэмэлт, өөрчлөлт хүрээнд байх боломжтой. Одоогийн төсөл 28 хувийг хөндсөн гэж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиудаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт төсөлд тусгагдаагүй шинэ зүйл, хэсэг, заалтыг хөндөж  зарчмын зөрүүтэй санал гаргахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гишүүд одоо өргөн мэдүүлсэн төслийнхөө хүрээнд тойрч ярихаас өөр аргагүй гэсэн үг. Нөгөө талаар Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулбал уг асуудлыг дахин найман жилийн хугацаанд дахин хэлэлцэх, өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг.  Мөн ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хориотой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгэнт өргөн барьж, хэлэлцэж эхэлбэл ийм олон хязгаарлалтууд үйлчилдэг учраас эхнээсээ иргэд болон гишүүд, судлаачдын саналд олон давтагдсан, төсөлд орхигдсон зарим саналуудыг тусгаж 35 хүртэл хувьд нь хүргэж УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь илүү зөв байсан болов уу бодож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүний хариуцлагын асуудлыг ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 онд иргэдээр хэлэлцүүлэх явцад иргэн бүр сонгосон гишүүнээ эргүүлэн татдаг болъё гэх саналыг гаргаж байсан. Энэ асуудал тусгагдаагүй байна. Мөн 2017 оны иргэдийн хэлэлцүүлэгт орсон төслийн хувилбарт хот, тосгон нь засаг, захиргааны нэгж байхаар  заасан байсан. Одоо уг заалтыг өөрчлөөд хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан байна. Төрийн үйлчилгээ засаг захиргааны нэгжээр дамжиж иргэдэд хүрдэг. Миний сонгогдсон тойрогт гэхэд л 3000 гаруй оршин суугчтай Хатгал гэж тосгон бий. Энэ тосгоны иргэдийн ихэнх нь төрийн үйлчилгээ, Засаг даргын тодорхойлолт зэргийг авахын тулд 40 км  явж байж сумын төвөөсөө авдаг. Энэ тохиолдолд цөөн хэдэн хүний асуудал биш 3000 гаруй буюу илүү олон хүнтэй тосгоны асуудал яригдаж байдаг. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сумын төвөөс авдаг төрийн үйлчилгээг Хатгал тосгоныхон болоод олон хүн амтай ч сумын төвөөс хол оршдог бусад тосгоныхон авах боломж бүрдэх үү гэдэгт асуудал байгаа юм. Хотыг засаг захиргааны нэгж болгоё гэдэг ч маш олон санал авсан. Гэтэл засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэсэн ганц өгүүлбэр л орж ирлээ. Одоо хот тосгоны эрх зүйг Үндсэн хуулиар тогтоох заалт байгаа. Энэ заалт байгаа ч манайд хотууд хөгжсөнгүй. Манай улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдана гэдэг заалт хөндөгдөөгүй учраас хотыг засаг захиргааны нэгж болгохоос нааш дорвитой өөрчлөлт гарахгүй.

 -Та төрийн сүлдийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байсан. Яагаад ингэж үзсэн юм бэ?

 -Төсөлд тусгагдаагүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаа үед одоогийн төрийн сүлдийг өөрчлөх эсэх асуудлыг хөндөж ярих нь зүйтэй байсан гэж бодож байна.  Миний хувьд одоогийн бидний хэрэглэж байгаа төрийн сүлдийг өөрчлөх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. “Соёмбо”-ын үсгийг төрийн сүлд болгохыг дэмждэг хүмүүсийг нэг. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэн бэлгэддэг шүү дээ. Энэ мэтчилэн хэд хэдэн асуудал байгаа боловч хөндөгдөхгүй, боломжгүй болж байх шиг байна.

 -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн гэх шүүмжлэл байна.

 -2008-2012, 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн зохицуулалттай сая өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтууд дийлэнх хувь давхцаж байгаа гэж ажлын хэсгийнхэн тооцсон байсан. Өөрөөр хэлбэл, одоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн ихэнх нь  аль 2008 оноос л яригдаж, үе үеийн УИХ-д өргөн мэдүүлэгдэж байсан гэж үзэж болно. Эрх баригч намын хүсэл сонирхолд нийцүүлсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Магадгүй зарим нэг заалт зөвхөн МАН гэлтгүй том намуудад илүү ашигтай байж болох. Цаашид төслийн талаар хэлэлцүүлгүүд хийгдэнэ. Ард нийтийн санал асуулга явагдах учраас улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, саналаа өгөх  байх аа.

 -Ерөнхийлөгчтэй холбоотой ганц заалт оруулсан ингэхдээ нас зааж 55 нас хүрсэн байна гэсэн. Энэ заалттай санал нэгдэж байгаа юу?

 -Ерөнхийлөгчөөр 55 насанд хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгохоор төсөлд тусгагдсан.  Одоогийн Үндсэн хуулиар 45 насанд хүрсэн иргэн ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй төдийгүй дахин сонгогдох боломжтой. Ажлын хэсгээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин сонгогдохын тулд улс төр хийдэг, олон нийтэд таалагдах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхийлөгчөөс буучихаад улс төрд эргэн орж ирдэг зэрэг сөрөг талуудыг хаах зорилгоор ийм зохицуулалт оруулсан байна лээ. Сонгуулийн хугацаа нь УИХ-ын сонгуулийн хугацаатай нэг жилийн зөрүүтэй байдгаас тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлдөг зэрэг шалтгаанаар хугацааг нь уртасган зургаан жил болгохоор тусгасан болов уу.  Ерөнхийлөгчийн насны босгыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа, Харин зөвхөн нэг удаа сонгогдох тухайд нэгэнт ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, нийт ард түмнээс сонгогдож, парламент хуулиараа баталгаажуулдаг учраас ард түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээсэн хүн дахиад сонгогдож болно гэж бодож байна.  Насны босго болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлсэн учраас дээр дурдсан сөрөг үр дагаврыг багасгах боломжтой.

 - Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт авчрах уу?

 -Үндсэн хууль бүр нийгмийн хөгжлийг даган тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх шаардлагатай тулгардаг. Энэ өөрчлөлтийг хийх цаг хугацаа нь мөн үү, нөхцөл, боломж нь бүрдсэн үү гэдэг нь чухал. МАХН буюу одоогийн МАН 46 суудалтай байхад 2011 онд Ж.Сүхбаатар нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг ТББХ-оор хүртэл хэлэлцэж эхэлсэн ч нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж амжаагүй сонгууль тулсан. Ардчилсан нам 34 буюу хамгийн олон суудалтай байхад 2015 онд Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч мөн хэлэлцэж амжаагүй. Тухайн үед магадгүй цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдээгүй байсан болов уу. Нэг нам одоогийнх шиг үнэмлэхүй биш ердийн олонх болсон 2008-2012 онд ч, аль ч нам олонх болж чадаагүй 2012-2016 онд ч тэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зориг тухай үеийн улс төрчдөд байсан ч болоогүй. Гэхдээ нийгмийн шаардлага байна гэдэг нь харагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зөв эсхүл буруу гэдэг асуудал яригдахаас илүү цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдсэн үү, үгүй юу гэдгээс хамаарах асуудал гэж бодож байна. Энэ удаагийн Их Хурал эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллуулж, үүний дараа зөвлөлдөх санал асуулга явуулж, үүнд үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж, 21 аймаг, нийслэлд иргэдээр төслийг хэлэлцүүлж, олон процессыг дамжсаны эцэст төслийг өргөн мэдүүлсэн. Судлаачдыг ч энэ ажилд өргөнөөр оролцуулсан. Одоо нэг дэх хэлэлцүүлэг хийгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг засаж, сайжруулаад батлуулахын төлөө ажиллана. Гэхдээ олонхоороо хүчилж шийдэх боломжгүй. Энэ төслийн гол ач холбогдол нь төрийн эрх мэдлийн хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад оршиж байгаа. Төр засаг тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгаж, иргэдийн аж амьдралд сайнаар нөлөөлнө.

  -Сонгуулийн тухай хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ. УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно хэмээсэн заалт орсон. Үнэхээр гишүүдийн яриад байгаа шиг хуулиар сонгуулийн тогтолцоог тогтоож, пропорционал тогтолцоотой болгох гээд байна уу. Энэ хууль манайд хэр тохирох вэ?

 -Энд хоёр ялгаатай асуудал байна гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн агуулгатай зохицуулалт тусгасан. Сонгуулийн можаритор буюу олонхын, пропорционал буюу хувь тэнцүүлсэн, холимог буюу энэ хоёр тогтолцоог хослуулсан гэх нийтлэг хэлбэрүүд байдаг. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт оруулснаар ямар тогтолцоотой сонгууль явуулахыг зөвхөн Сонгуулийн хуулиар шийддэг болно. Энэ бол нэг асуудал. Гэхдээ Сонгуулийн хуульд мажоритар, пропорционал, эсхүл холимог гэсэн дурын тогтолцоог заан хэрэглэж болох уу гэдэг өөр асуудал. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”  гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хөндөөгүй, хэвээрээ байгаа. 2016 онд Үндсэн хуулийн цэц пропорционал тогтолцоо нь “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгоно” гэсэн дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзсэн учраас Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Их Хурал 2016 оны ээлжит сонгууль болохоос хоёр сарын өмнө хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл  шууд сонгоно гэдэг үгийг можаритор тогтолцооны сонгуулиар УИХ-ын гишүүнийг сонгоно гэж Цэц үзсэн. Сонгуулийн тогтолцоог хуулиар заана гэсэн нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн шууд сонгоно гэсэн зарчмын хүрээнд байх уу, эсвэл сонгуулийн тогтолцоог хуулиар тусгайлан заахаар Үндсэн хуульд өөрт нь тусгасан “шууд сонгоно” гэдэг сонгуулийн тогтолцоотой огт хамаагүй асуудал уу гэдэг асуулт үүснэ. Мэдээж Үндсэн хуулийн хоёр заалт нэг нэгийгээ үгүйсгэсэн байж болохгүй. Энэ асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн шатанд илүү тодорхой болох байх. Манайд тохирох тогтолцооны хувьд сонгогч бүр яг ижил санал өгч байсан ч сонгуулийн нэг тогтолцооны хувилбараас гарах үр дүн, нөгөө тогтолцооны хувилбараас гарах дүнгээс ялгаатай байдаг. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг зүгээр нэг техник, зохион байгуулалт, саналын хуудасны өөрчлөлтийн асуудал биш учраас няхуур хандах учиртай. Хууль, эрх зүйн орчин ямар байхаас үл харгалзан можаритор тогтолцоо, цэвэр пропорционал гэхээсээ илүү холимог тогтолцоо манайд тохирно гэж үздэг.

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

175.223.23.138Зочин   • 6 сарын 26. 12 цаг 21 минут

Namar bloo

202.9.43.107иргэн   • 6 сарын 26. 11 цаг 15 минут

Маш сайхан ярилцлага болжээ. Хот, тосгоны асуудлаас бусад нь. Мэдлэгтэй гишүүн байна. Амжилт хүсий.

202.21.103.62Зочин   • 6 сарын 26. 10 цаг 28 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтөнд иргэдийн санал тун муу байна. Одооний 20 заалтын өөрчлөлт албан тушаал эрх мэдэлтэй дандаа холбоотой байх юм. нөгөө давхар дээл хэвээрээ. Хийгээд байгаа хэлэлцүүлэг нь ирц муу бн. Хөдөөнийхөн баяр наадам морь хар гээд юун хэлэлцүүлэгт ирэх. Одоо өөрчилөх цаг нь биш бн

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2 цаг 56 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон2 цаг 59 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй3 цаг 1 минутын өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ3 цаг 6 минутын өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ3 цаг 11 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна3 цаг 16 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?3 цаг 21 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна3 цаг 26 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ3 цаг 31 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ3 цаг 36 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс3 цаг 41 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид3 цаг 46 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов3 цаг 51 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ3 цаг 55 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ3 цаг 56 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал4 цаг 1 минутын өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана4 цаг 6 минутын өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ4 цаг 11 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ4 цаг 16 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа4 цаг 20 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ4 цаг 21 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 цаг 26 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй4 цаг 31 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй4 цаг 31 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна4 цаг 36 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ4 цаг 36 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай4 цаг 46 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ4 цаг 51 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана4 цаг 56 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ5 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.