2019 оны 8-р сарын 3
13 цаг 58 минут

Анхны наадам

Нэг удаа аав номхон борлог гэж миний унах дуртай бор саарал морийг барьж эмээллэн надад унуулан өөрөө жороо хар морио унаж, миний цулбуураас хөтлөн шогшиж, хаяа хатируулж намайг сумын наадам үзүүлж билээ.
 
Сумын наадам болж буй газар асар майхан алаглаж, таньж мэдэхгүй олон хүн хөлхөж, уяан дээр адуу мал багширсан урьд өмнө үзэж байгаагүй хачин сонин газар байлаа.
 
Тооноор нь хос яндан цухуйсан гэрийн өмнө байшин хэлбэрийн цагаан берзентэн асар дотор бид хоёр орж аав намайг “эндээ байж байгаарай” гэж зогсоож орхиод өөрөө олон хүнтэй цуг гэрийн үүд хавьцаа зогсч байснаа гэнэт харагдахгүй болж гарч ирэхгүй удахаар нь аав алга болчихлоо гэж бодоод уйлж гарлаа. Тэгтэл нэг хүн аав чинь энэ л байна шүү дээ, чи чинь яачихсан эр вэ гэх маягийн юм хэлж намайг дээр өргөн, аргадаад аавыг минь харуулахад сая санаа амарч, уйлахаа больж байсан санагддаг юм.
Түүнээс хойш нэг их удалгүй аав цагаан таваг дүүрэн овоолон хийсэн хуушуур барьсаар олон хүний дундаас гарч ирж байсансан. Хуушуур авахаар хүмүүсийн өмнө зогсч, араас нь олон хүн дугаарласныг, аав минь алга болчихлоо, би төөрчихлөө гэж бодоод сандарсандаа уйлж байсан хэрэг, аав хуушуураа урт вандан ширээн дээр тавьж, ард нь зассан урт модон сандал дээр тухлан сууж, намайг өмнөө суулгаж, хуушуураас сайн идэж ав, одоо бид хоёр мөддөө хоол идэхгүй шүү гэв. Гэвч би хоёр гурвыг идээд л цадаж, аав өөрөө идээд богцноосоо хоёр литрийн бидон гаргаж үлдсэн хуушуураа богцондоо хийж, намайг дагуулан гарч туг далбаа хийссэн олон хүн цугларсан газар очиж, дэргэдээ суулган хүмүүстэй хамт нэлээн удаан сууж билээ.
Эргэн тойрноо харвал алс хол томоор дугуйран суусан олон хүний голд дээл хувцасгүй нүцгэн шахуу жижигхэн хүмүүс бие биеэ барин зогсч, ард нь малгай барьсан нэг нэг хүн зогсч, заримдаа чанга хашгиран хонгон дээр нь гарынхаа алгаар тасхийтэл алгадаж байв. Энэ лав зүггүйтсэн хүмүүсийг ингэж баалж залхаадаг юм болов уу гэсэн шүү бодож суулаа, юуных нь залхаалт байх вэ, бөх барилдаж байсныг л тэр үед өөрийн балчирхан оюун ухаанаар тунгааж байсан хэрэг байв.
(Манай сумаас аймаг, сумын алдар цолтой олон сайхан бөх төрөн гарснаас өөрийн мэдэх заримыг дурдвал, аймгийн арслан Б.Дагвасамбуу, Б.Ламжав, аймгийн заан Б.Чагдаа, Г.Баасанноров, цэргийн арслан Батсуурь, Хөхрөгч, сумын заан Ч.Сосорбарам, Б.Содномжав (аймгийн арслан Б.Ламжавын ах) нарыг нэрлэж болох байна.
Г.Баасанноров бол манай ангийн хүүхэд бөгөөд миний бие бага сургуульд байхдаа чам шиг хүүг нас тоолон хаяна гэж ам гараад үнэхээр хаядаг байсан ч гуравдугаар ангиас бөх болох авьяас нь тодорч нэг л өдөр хэнд ч дийлдэхээ больж, Монголын залчуучууд-оюутны Анхдугаар их наадмаар, 1959 онд сумандаа болоон хүүхдийн барилдаанд түрүүлж байсан билээ. Аймгийн заан Б.Чагдаа гуай манай Хийтийн голын хүн.
 
Миний өвөө аав Цэвэгжав гэдэг хүнтэй тэнзэн ташуураар мөрийцөж барилдаад унахаараа ташуураа эмээлийн бүүрэгнээс авч шидээд үг сүггүй морины хар хурдаар давхиад явчихад нь маргааш гэрт нь аваачиж өгч байсан юм гэнэ билээ. Угаасаа тийм хор шартай хүн байсан гэдэг.
 
Хожим намайг нэлээд том болсон хойно Сүмбэр сумын наадам үзэж байхад сумын заан хүү Ч.Сосорбарам нь барилдаж байхад Чагдаа гуай босон харайгаад ...Еэ халаг үгүй тэр Сосорбарамыг ээ, бариад аваач чи гээд л ханцуйгаа шамлаад хашгирч байж билээ. Манай нагац өвөө бол тухайн үедээ бяр тэнхээтэй, хийцтэй яггүй сайн барилддаг, жирийн цагт ямар ч арслан, зааныг хаядаг боловч гагцхүү наадамд зодоглохоороо ахидаггүй одгүй бөх байсан гэлцдэг юм.
Дараа нь аав бид хоёр олон хүнтэй цуг мориндоо мордон явцгааж, нэг толгойн энгэрт очин мориноосоо бууцгаан зарим нь өврөөсөө дуран гарган харж байснаа бас л хашгираддаж, зарим нь мориндоо мордож хөндийн тоос манаруулан давхилдах олон морьдын зүг явцгааж байв. Бараан зүсмийн хоёр морь зуузай холбон онцгой тасран гарч ирснээ нэг нь бараагүй сугаран түрүүлж байсныг тодхон санаж байна. Удалгүй бороо шивэрч, нар гудайн оройны үхэр саахын орчим аав бид хоёр мориндоо дөрөөлж гэрийн зүг хатируулж байж билээ. Тэр үед би 4-5 орчим настай л байсан болов уу, наадам болох үед анх удаа үзсэн сумын наадам санаанаас ер гардаггүй юм. Тэгээд энэ удаа "Аавтайгаа үзсэн наадам" хэмээх шүлгийг наадмын өдөр тэрлүүллээ.
 
Асар майхан алагласан
Арбулаг сумын наадам
Алдрай багын үзсэн тэр л наадам
Наадмын өглөө аав надад
Номхон борлогийг эмээллэж
Өөрөө харин жороо харыг унаж
Өглөөний нарнаар дөрөө харшуулан хатируулав
Шляпан малгай духдуулсхийн тавьж
Саарал даавуун дээлээ өмсч
Шар дурдан бүс ороосон
Сайхан аавын минь дүр санаанд илхэн байна
Наадамд явахад ээж минь
Надад зориулж урласан
Навчин хээтэй хөх тэрлэг
Нарийхан цэнхэр эмжээр тодхон
Зуслангаасаа бид хамтдаа гарч
Зуур замдаа наадамчидтай нийлж
Зуузай холбон хатируулж
Цэцэг навч алагласан зуны өглөө
Цэн хун чуулсан нуурын дэргэдүүр хатируулав
Сумын наадмын уяан дээр
Шузган дээр багшрах морьдын дунд
Суман дэлт саарлын дэргэд
Суран жолоог хантайрч, морьдоо уяв
Барилдах гэгчийг ерөөс мэдэхгүй
Бөх гэгчийг үзээгүй балчирхан хүү би
Барилцаж авсан хүний хонгон дээр ташхийхэд
Базаахгүй хэрэг хийсэн түүнийг
Баалж байгаа юм уу гэж ааваасаа асуусан
Аав намайг асарт дагуулан орж
Араасаа цувран зогсох олны ард орж
Алга болох үед нь айн сандарч
Аавыгаа дуудан учиргүй чанга уйлахад
Удалгүй аав минь гарч ирээд
Уйлах хэрэггүй миний хүү
Амттай хуушуур авахаар
Аав нь хүмүүсийн ард зогссон юм гэв
Таваг дүүрэн хуушуураас
Тааваараа бид хоёр идэж
Морьдын уралдаан үзэхээр
Мориндоо дөрөөлөв
Барааны газраас морьд хурдалж
Барианд орох үед хүмүүс хашгиралдаж
Бараан зүсмийн морьд зуузай холбож
Езараагүй тасарсан нэг нь түрүүлэв
Баяр наадамд очсон хүмүүс
Барааны дэлгүүрт дугаарлаж
Наадмын чихэр боов, хуушуур авч
Наадамд очоогүй хүмүүстээ хувь хүртээв
Баярт явсны дараа барилдах гэгчийг сурч
Багын найз нартайгаа байсхийгээд ноцолдож
Дээл хувцсаа тайлан нүцэглэж
Дэвж шавж, хонгоо хорстол алгаддаг болов
Унаж яваа морио ташуурдаж
Уралдъя гэж ухасхийн давхидаг болов
Унааны морьдоо хөлөргөн
Улаан тоос манаруулан давхидаг болов
 
 
В.ТҮМЭНДЭМБЭРЭЛ /Нийслэлийн Хан-уул дүүргийн III хороо, ахмад настан/
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.38Зочин   • 8 сарын 8. 21 цаг 48 минут

сайхан дурсамж

43.228.131.77zochin   • 8 сарын 5. 12 цаг 52 минут

saihan dursamj baina nutgiin ah shuuhiin Tumendemberel gej hun munuu

203.91.115.42баатар   • 8 сарын 3. 18 цаг 35 минут

сайхан гэгээн дурсамж байна. Таньд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, урт насалж, удаан жаргаарай.

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 10 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 34 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 44 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 54 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт7 цаг 59 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд8 цаг 4 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цаг 9 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 14 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 19 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 24 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 29 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 34 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 39 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 43 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 44 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 49 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 54 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул8 цаг 59 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа9 цаг 4 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ9 цаг 7 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цаг 9 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 14 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 19 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 24 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 29 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 34 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 39 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 44 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 49 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.