2019 оны 8-р сарын 21
8 цаг 10 минут

А.Баярцэцэг: “Crazy Rich Asians” кинонд тоглох боломжийг атгаад алдсан

Зорилго, мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийж, тэмцэж яваа нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Монгол улсын хүчирхэг гоо бүсгүйчүүдийн нэг бөгөөд жүжигчин А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетинг менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержи ресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани хэлтэй. Тэрбээр “Miss World Mongolia 2015” тэмцээнд хоёрдугаар байр эзлэн 2015 оны “Эх дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд оролцон шилдэг 16-д багтаж байв. Мөн 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд шилдэг 11-т багтаж, Ард түмний сонголт, Авъяас шалгуурт түрүүлэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа мундаг бүсгүй юм.

 -ЛОНДОНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЭЗЭН ХААНЫ ДРАМЫН АКАДЕМИД ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХААР БОЛСОН-

-Их Британийн шилдэг урлагийн сургуульд жүжигчин мэргэжлээр 100 хувь тэтгэлэгтэй суралцахаар болсон гэж сонслоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. Лондонгийн их сургуулийн харьяа Эзэн хааны драмын академи гэж байдаг. Тэр сургуульд жүжигчний мэргэжлээр суралцах болоод өнгөрсөн долоо хоногт тэтгэлэгийнхээ батламжийг Английн Элчин сайдын яамнаас хүлээж аваад байж байна. Би маш удаан хугацааны туршид жүжигчин мэргэжлээрээ суралцах юмсан гэж бодож мөрөөдөж байсан. Сүүлийн дөрөв, таван жил аль болох боломж нөхцлөөрөө дүр бүтээхийг хичээж, мундаг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажилласныхаа хүчинд их зүйл суралцаж байна. Тэгээд хэзээ нэгэн цагт  жүжигчин гэсэн мэргэжлээрээ их сургуульд сурна гэж бодож мөрөөдөж байсан маань биелэж байна. Гайхалтай.

-Маркетингийн мэргэжлийг сонирхлоороо эзэмшээгүй юм уу?

-Би арван жилээ төгссөнийхөө дараа кино найруулагч болно гэж боддог байлаа. Тухайн үед Сант сургууль төгссөн учраас математик, англи хэлэндээ сайн байсан. Гэтэл гэрийнхэн маань дургүйцээд "Манай гэрт урлагийн хүн байхгүй. Урлагаар сураад ажиллаад амьдралаа залгуулж явна гэж байхгүй" гээд эсэргүүцсэн. Би СУИС, КУДС хоёрт элсэх гэсэн чинь шалгалтнаас нь хоцорчихсон. Тэгээд  өөр нэг хувийн урлагийн сургуульд сурна гээд зөрүүдэлтэл намайг өөрөө төлбөрөө төлөөрэй гээд дэмжихгүй байсан учраас яалт ч үгүй өөр мэргэжлээр суралцахаар болсон. Тэгээд маркетингийн мэргэжил эзэмшсэн. Одоо эргээд харахад тэр шийдвэр ерөөсөө буруу байгаагүй. Хүний сурсан юм бүхэн өөрт нь үлддэг. Хэн нэг нь булаагаад авчихаж чадахгүй учраас яг одоо жүжигчний мэргэжлээр ажиллаад явж байхад маркетингийн мэргэжил маань надад маш их хэрэг болж байгаа.

 

-Ямар тохиолоор жүжигчин болчихов оо?

-Би их сургуулиа төгсөөд маркетингийн мэргэжлээрээ “Гоёо” компанид ажиллаж байсан. Яг нэг жил ажиллаад өөртөө шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Одоо хийж байгаа ажилдаа хичээл зүтгэл гаргаад тушаал дэвшээд ч юм уу, эсвэл өөрийн бизнесийг эхлүүлэх ч юм уу тодорхой зорилго тавих ёстой юм байна гэдгийг ухаарсан. Түүнээс биш цалингаас цалингийн хооронд, идэвхгүй сулбагар амьдарч болохгүй юм байна гэж бодогдсон. Нөгөө талаас эсвэл бүгдийг нь хаяад бага байхдаа хийхийг хүсч байсан, боломж нь олдоогүй зүйлийнхээ хойноос тууштай явъя гэж бодоод сүүлийн сонголтыг нь хийсэн. Тухайн үед ганц бие, хүүхэдгүй, өөрийн гэсэн байргүй, машингүй, лизинг, өр зээлгүй, ер нь хариуцлага байхгүй байсан учраас бүгдийг хаяад мөрөөдлийнхөө төлөө бүгдийг шинээр эхлэхэд тохиромжтой цаг хугацаа байсан.

-ҮНЭХЭЭР АВЬЯАС ЧАДВАРААРАА ТОДРООД ГАРААД ИРСЭН ҮЕД МОНГОЛ ХҮН БАЙНА ТОГЛУУЛАХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ-

-Монголоос гадаадад жүжигчин мэргэжлээр суралцдаг оюутнууд байдаг болов уу?

-Мэдээж олон оюутан байгаа. Гэхдээ миний хувьд яг тэтгэлгээр суралцаж байгаагаараа онцлог. Нэгдүгээрт, сургуульдаа тэнцэнэ. Хоёрдугаарт, тэтгэлэгт тэнцэнэ гээд хоёр асуудал байдаг. Өнгөрсөн жил би сургуульдаа тэнцсэн хэрнээ тэтгэлэгт тэнцээгүй. Монгол мөнгөөр бараг 75 сая төгрөгийн төлбөртэй сургууль. Тэгэхээр энэ их мөнгө төлөөд, өндөр өртөгтэй газар хэдэн жил амьдарна гэдэг сурахын хажуугаар санхүүгийн дарамт ихтэй болно гэсэн үг. Орчин цагт тэтгэлгүүд маш их байдаг болчихсон. Залуучууд бид өөрсдөө хичээх юм бол заавал мөнгө төлөөд сураад байх шаардлагагүй болчихоод байгаа үед боломжийг ашиглаж, тууштай, зүтгэлтэй байхаас л хамаарна.

-Сургууль нь яг ямар шалгуураар оюутнуудаа элсүүлдэг юм бэ?

-Миний сурах гэж байгаа Эзэн хааны драмын академи Англидаа драмын мэргэжилтэн бэлтгэдэг нэг номерын сургууль. Дэлхийн долдугаарт жагсдаг. Манай сургуулийн бусад урлагийн сургуулиас ялгарах онцлог нь кино жүжигчин гэсэн тусгай ангитай. Жилд 18 хүүхэд авдаг. Манай ангид энэ жил дэлхийн бүх улсаас шалгарч ирсэн 18 хүүхэд суралцана гэсэн үг. Бас нэг онцлог нь энэ сургуульд орохыг хүссэн хүн зөвхөн материалаа явуулаад хангалтгүй. Заавал биеэр очиж дуулна, бүжиглэнэ, монологи уншина, ярилцлаганд орно гэх мэтээр маш олон шалгалтуудыг давж байж элсдэг юм билээ. Хичнээн англи хэлэндээ тэнцэж, эссэ сайн бичсэн ч гэсэн заавал өөрөө очиж шалгалт өгнө. Би жил хагасын өмнө Чикагод очиж шалгалтаа өгч байсан.

-Энэ сургуулийг дэлхийн алдартай ямар жүжигчид төгсөж байсан юм бол?

-Маш олон жүжигчид бий. Бидний сайн таних Бонд цувралд тоглодог Judi Dench гээд Английн жүжигчнийг бүгд мэднэ. Мөн “Game of thrones” киноны Jon Snow 2007 онд төгсөж байсан гэх мэт маш олон гайхалтай уран бүтээлчид сурсан. Анхны Монгол оюутан болж очиж байгаагийнхаа хувьд сургуульдаа сайн сураад эх орныхоо нэрийг гаргана гэж бодож байгаа. Цаашдаа ч гэсэн олон монгол залуус энэ сургуульд суралцах байх аа.

-Нас нь оройтчихоод байхад, тэр тусмаа жүжигчин мэргэжлээр суралцаад хоолоо олж иднэ гэж байхгүй гэж хүмүүс нэлээд эсэргүүцсэн хандлагатай байсан гэсэн. Энэ удаа эсэргүүцлийг хэрхэн хүлээж авав?

-Хүн хийхийг хүссэн зүйлээ хийж, юуг хийвэл аз жаргалтай байх бол гэдгээ маш сайн ойлгож, өөрөө өөртэйгээ ярилцаж, дотоод хүнээ сонсох хэрэгтэй гэж боддог. Бид жаахан байхдаа тэр дуу хоолойг илүү тодоор сонсдог юм шиг  санагдаж байна. Том болоод ирэхээр гадны нөлөөнд автамхай болдог ч юм уу. Аав ээж, ах дүү хамаатан садан, нийгэм нь бас нэг өөр юм хэлнэ. Ийм мэргэжил сонговол ийм цалинтай гэдэг ч юм уу маш олон гадны хүчин зүйлээс хамаарч шийдвэр гаргадаг болдог. Бид жаахан байхдаа эмч, сансрын нисгэгч болно гэдэг ч юм уу тэр мөрөөдөл бүтэх бүтэхгүйг бодохгүйгээр чин сэтгэлээсээ хариулдаг. Тэгэхээр багадаа мөрөөдөж байсан мөрөөдөл цэвэр мөрөөдөл юм болов уу. Залуучууд маань ирээдүйгээ сонгохдоо өөрийгөө маш сайн сонсож байгаарай. Юу хийхээрээ хамгийн аз жаргалтай болж байгаагаа мэдрэх нь чухал. Яагаад гэвэл бид гэр бүлдээ ч зарцуулах цагаасаа хамаагүй их цагийг ажилдаа зарцуулдаг шүү дээ.

-“Crazy Rich Asians” кинонд тоглох боломжийг шүүрээд алдсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу. Энэ киног Монголчууд сүүлийн үед их үзээд байгаа?

-“Crazy Rich Asians” кино саяхан гарсан. Энэ киноны дүр сонгон шалгаруулалтад ороод Аманда гэдэг гол дүрийн залуугийн хуучин найз бүсгүйн дүрд Шанхайн жүжигчин бид хоёр тэнцэж үлдсэн. Энэ киног “Марко поло” киноны продюсер хийсэн хүн продюсерлэсэн. Хамгийн анх тэр продюсер маань надад санал тавиад пробонд орж байсан. Саяхан манай улсад Холливүүд Монголд фестивалийн зочноор мөн хүрэлцэн ирсэн. Продакшний зүгээс надад хэлэхдээ хоёр хүн үлдчихлээ, гэхдээ эхний сонголт нь хятад жүжигчин. Хэрвээ тэр хүн өөр уран бүтээлд тоглох ажилтай ч юм уу эсвэл цалин мөнгөний асуудалтай бол чамайг шууд тоглуулна. Цаг хугацаагаа бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Мэдээж “Warner Bros” студийн том уран бүтээл байсан учраас Хятадын жүжигчин зөвшөөрөөд тоглосон. Тухайн үед тоглох боломж ойрхон байсан ч тоглож чадаагүй болохоор жаахан хэцүү байсан. Гэхдээ эргээд маш олон зуун хүнээс шалгуулаад хоёрт үлдсэн маань амжилт гэж бодсон. Хятад орон бол маш том зах зээл. Магадгүй эдийн засгийн ач холбогдлоороо Хятад улс нэгдүгээрт орох нь тодорхой. Монголдоо хүн бүр мэддэг жүжигчин байлаа ч эх оронд нь хэдэн зуун мянган хүн л үзнэ. Харин Хятадад алдартай жүжигчин тоглосноор хятадын хэдэн тэрбум хүн үзэх боломжтой. Тэгэхээр эдийн засгийн хувьд илүү ашигтай шийдвэр ч байж болох. Гэхдээ бид зориг мохож болохгүй. Үнэхээр авьяас чадвар нь тодроод гараад ирсэн тохиолдолд өө энэ Монгол байна тоглуулахгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр бид өөрсдийгөө хөгжүүлж, улам сайжруулах хэрэгтэй байна.

-ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО МИНЬ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ-

-Саяхан бас нэг гадаад кинонд тоглох санал авсан гэсэн. Ямар кино вэ?

-Саяхан нэг киноны санал ирсэн. Арванхоёрдугаар сард Камбожи улсад хийгдэх кино. Найруулагч нь Вьетнам найруулагч. Саяхан хийсэн KFC кино нь олон улсын фестивалиудад амжилттай оролцсон чадварлаг найруулагч бий. Мөн “Холливүүд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар кино наадмаас улбаатай хэд хэдэн төслүүд яригдаж байна. Дүр бүтээх төдийгөөр хэмжигдэхгүй, Монгол уран бүтээлчидтэй хамтран хийх, Монголын  нутаг дэвсгэр дээр зураг авалт хийх зэрэг тав, зургаан санаанууд явж байна. Маш олон хүн хамрагдсан уран бүтээлүүд болох байх гэж найдаж байна. “Холливүүд Монголд” фестиваль бол кино бүтээхтэй холбоотой чиглэл бүрээс дэлхийн хамгийн шилдэг уран бүтээлчдийг авчран, дэлхийд гарах ямар боломж байна, өрсөлдөх чадвараа яаж нэмэгдүүлэх вэ, монгол уран бүтээлчид холливүүдийн кинонуудад ажиллахын тулд яах ёстой вэ гэдэг талаар уулзалт, семинар, хэлэлцүүлгүүд хийж, холливүүдийн уран бүтээлчдэд эх орноо сурталчилсан арга хэмжээ болсон. Тэд ч гэсэн цаашаа маш олон хүмүүст сурталчилсан байсан. Саяхан “Хар хун” киноны Оскарт нэр дэвшигч алдарт найруулагч Даррен Ароновский Монголд сар аялаад буцсан. Тэр хүнийг  “Холливүүд Монголд”-д ирсэн зочид маань эх орондоо буцаж очоод Монгол руу л яв гэсээр байж явуулсан байсан. Энэ бол маш бахархууштай зүйл.

-Гадаад залуутай үерхдэг гэж сошиал орчинд бичээд байдаг юм билээ. Үнэн үү?

-Хуучин найз залууг маань ярьж байна уу хэхэ. Болох зүйл болох цагтаа л болно гэж боддог.

-Залуу хүний хувьд эх орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг ажаад ирээдүйг ямараар харж байна вэ?

-Бидний ирээдүй гэрэлтэй байгаа гэж боддог. Өдрөөс өдөрт илүү сайжирч байгаа юм шиг санагддаг. Мэдээж хар буруу, болохгүй бүтэхгүй зүйлс, шийдвэрлэх ёстой асуудлууд маш их байгаа. Асуудлыг аль талаас нь харах вэ гэдэг маш чухал. Хандлага их чухал. Хэн ч гэсэн буруу муухай талаас нь харвал харж чадна. Хамгийн гол нь тэр зүйлийг яаж засч залруулах вэ гэдгийг илүү анхаарч, хамтарч хийж, бүтээж, сайжирч, дэвших нь чухал юм болов уу. Манай үеийнхэн өдрөөс өдөрт соёлтой, мэдлэг боловсролтой, нийгмийн хариуцлагатай болж байгаа. Дахиад арав, хорин жилийн дараа гэхэд илүү сайхан болох байх аа.

-Ер нь хэр их улстөрждөг вэ?

-Улстөрийн нөхцөлд бухимдахгүй монгол хүн гэж алга. Би гэхдээ нэг их улс төржөөд байдаггүй. Аль намд нь ямар гишүүн байдгийг ч мэдэхгүй. Нам гэхээсээ илүү хувь хүнд нь анхаарал хандуулдаг. Эх орондоо юм хийж, бүтээж, сайн сайхан зүйлийг бодож тэмүүлж байгаа, зөв хүн байвал миний хувьд дэмжихийг хүсдэг.

-Сошиал орчинд өөрийн чинь талаар сөрөг мэдээлэлд хэрхэн ханддаг вэ?

-Коммент хэсгийг нь уншдаггүй. Хүн ер нь өөрөө завгүй, хийх ажил ихтэй, хүсэл мөрөөдөлтэй, аз жаргалтай бол хэзээ ч амьдралдаа ганц ч удаа уулзаагүй хүний тухай сөрөг юм бичээд суухгүй. Тэр бол сэтгэл эмзэглүүлэм. Маш олон хүн сөрөг энерги бие биедэн тарааж байна гэж бодохоор нийгэм бухимдалтай, олон хүмүүс аз жаргалгүй амьдарч байгаагийн шинж юм болов уу. Өөрсдийн аз жаргалгүй байгаагийн шалтгааныг хэн нэгнээс хайдаг, болж бүтэж байгаа юм харахаараа дотроосоо цухалдаад уурлаад байдаг ч юм уу. Эхэндээ эмзэглэдэг байсан. Сүүлдээ эмзэглэхээ байсан.

-Аз жаргал гэж их ярих юм.  Аз жаргалтай амьдрах нь энэ амьдралын  зорилго мөн үү?

-Миний хувьд ажлаасаа маш их кайф авдаг. Хийж байгаа ажилдаа дуртай болохоор Монголынхоо кино урлагийг хөгжүүлэхэд багахан ч гэсэн хувь нэмэр болох юмсан гэж боддог. Тэгэх ёстой болохоор биш. Зүгээр л надад аз жаргал өгдөг болохоор. Хамгийн том зорилго маань аз жаргалтай амьдрах. Гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаа ч бүгд энэ агуулгад багтана. Одоо ч аз жаргалтай амьдарч байна. Зорилго гэхээр л заавал хэзээ нэгэн цагт тийм болно гэсэн зүйл биш. Өдөр бүр аз жаргалынхаа төлөө жижиг жижиг алхам хийж байгаа нь л аз жаргал юм.

Б.БУРМАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.