2019 оны 8-р сарын 26
11 цаг 15 минут

Б.Ганхуяг: 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавих боломж бүрдсэн

      Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн билээ. Тус төмөр замын ажлын анхны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл уг төмөр замын ажлын явц, хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
 
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн 2015 онд зогссон. Энэ жилээс харин бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхээр болоод байна. Танай компани анхны хөрөнгө оруулалтыг хийх юм билээ. Одоогоор замын бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд явж байна. Эхний хөрөнгө оруулалтыг хийсэн үү?
 
-2018 онд УИХ-ын тогтоол гарч, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох, ингэхдээ компаниудын дотоод хүчин чадлаар төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх үүргийг “Эрдэнэс Таван толгой” ХК-д өгсөн. Үүний дагуу гурван том ажил эхлээд явж байна. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил цэрэг хүчний байгууллага болон хувийн хэвшл­ийн мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоо амжилттай явж байгаа. Ерөнхийлөгч саяхан ажлын явцтай нь танилцаж хуваарийн дагуу, цаг хугацаандаа явж байна гэж дүгнэсэн. Энэ замын анхны хөрөнгө оруулалт болох 156 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүллээ. Энэ зам тавигдсанаар мэдээж стратегийн хувьд олон гарцыг бий болгох юм. Зөвхөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавигдсанаар одоогийн байгаа гарцыг гурваар нэмэгдүүлж, дөрвөн гарцтай болно. Мөн түүхий бүтээгдэхүүн биш эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж нээгдэнэ. Төмөр зам дагаад угаах үйлдвэр болон кокс химийн үйлдвэрүүд баригдах юм. Хамгийн чухал нь төмөр үйлдвэрлэх гангийн үйлдвэр баригдаж, Монголоос эцсийн бүтээгдэхүүн гурван гарцаар гарах боломжтой болно. Хоёр дахь том бүтээн байгуулалт бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  төмөр зам. Энэ төмөр зам стратегийн хувьд өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар манай нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байгаа. Тэгвэл Тавантолгой-Гашүүнсухайтын төмөр зам тавигдсанаар энэ өртөг найман ам.доллар болж буурна. Мэдээж энэ хэмжээгээрээ эдийн засгийн үр ашиг, улсдаа оруулах санхүүгийн тэлэлт, иргэдэд очих ашиг гээд маш олон зүйл нэмэгднэ. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу ажиллаж, өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавих боломж бүрдсэн гэж ойлгож болно. 
 
Гурав дахь том бүтээн байгуулалт нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель авто замын ажил. Одоо бол ганцхан урсгалтай авто замаар жилд 17 сая тонн нүүрс тээвэрлэж байна. Жолооч нарын амь нас эрүүл мэнд эрсдэлтэй байдалд байгаа. Үүнийг параллель болгож байж стандартад нийцнэ. Дээрээс нь эрчим нэмэгдэж, орлого ч бас тэр хэмжээгээр нэмэгдэх юм. Хамгийн гол нь жолооч нарын аюулгүй байдал хангагдана. Өөрөөр хэлбэл, одоо байгаа замын хажуугаар параллель зам барьж, энэ чиглэлийн хоёр авто замтай болно гэсэн үг. Дараагийн нэг том бүтээн байгуулалт нь Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн авто замын концессын асуудал шийдэгдсэн. Бид авто замын хоёр дахь гарцыг нээх боломжтой болох юм. 2019 оны гуравдугаар улиралд багтаагаад нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай гурван том үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ийг нь боловсруулаад явж байна. Үйлдвэрийг дагаад хими технологийн үйлдвэрүүд баригдана. Бусад завсрын бүтээгдэхүүнээр хийх ажлууд нь явагдаж байгаа. 
 
-Төмөр зам дагаад томоохон үйлдвэрүүд баригдана гэж байна. Ингэснээр хэчнээн ажлын байр бий болох бол?
 
-“Эрдэнэс Таван толгой” компани бүрэлдэхүүний буюу группын хэмжээний компани болж эхэллээ. Энэ хүрээнд 10 орчим компани, үйлдвэрүүд баригдах юм. Ингэснээр группын хэмжээнд 6000 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байгаа. Өнөөдрийн байдлаар шууд бусаар 21 мянган ажлын байр бий болоод байгаа. 11 мянга гаруй тээвэрлэлтийн жолооч нар явж байна. Тэгэхээр ажлын байр тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. 
 
-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний эдийн засагт үзүүлэх үр нөлөө, олборлолт, экспортыг хэрхэн тооцоолж байгаа вэ?
 
-Эдийн засаг 3.7 дахин өснө гэсэн тооцоололтой байгаа. Яагаад гэвэл, “Эрдэнэс Таван толгой” ХК 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 8.4 сая тонн нүүрс олборлож, экспортолсон. Хагас жилийн байдлаар нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь бид 2018 оныхоо төлөвлөгөөг 25-50 орчим хувиар давуулан биелүүлсэн гэсэн үг. 
 
-“Эрдэнэс Таван толгой” компани ашигтай ажиллаж байна. Ногдол ашгийн талаар компани ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Сая Засгийн газрын тогтоолоор ногдол ашгийн асуудлыг ерөнхийд нь шийдсэн. Компанийн ногдол ашиг олгох журам, хувилбаруудыг боловсруулж батлуулах чиглэл өглөө. 2019 оны ашгаас ногдол ашгийг ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын түвшинд шийдвэрлэн зохион байгуул гэдэг үүргийг өгсөн байгаа. Мэдээж компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг өгөх ёстой. Гэхдээ төсөл хөтөлбөрийн ажлууд амжилттай хэрэгжээд явбал төр засаг болон иргэдэд очих хувь 2-3 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр үүнийгээ дагаад бидэнд хийх ажил нэлээдгүй бий болно гэсэн үг. Үйлдвэрлэлийн бүс цогцоороо үйл ажиллагаа нь эрчимжээд явсан тохиолдолд Монгол Улсын эдийн засаг 3.7 дахин өснө. Тэр хэмжээгээр иргэдийн орлого өсөх боломжтой. 
 
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бэ. 2021 гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусах болов уу?
 
-2023 он хүртэл төлөвлөсөн байгаа. 2019 онд нэлээд ажлуудыг шахаад явуулна. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн асуудал байгаа юм. Манай компани бол төслүүдийн анхны болон дунд хугацааны хөрөнгө оруулалтыг  хийгээд явж байна. Хоёр дахь болон үр дүнгийн хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэхээр, олон улсын хөрөнгийн зах зээлд 1.2 буюу түүнээс дээш тэрбум ам.долларын IPO гаргаж санхүүжилт олохоор ажиллаж байна. Энэ ажлууд зөв баталгаажиж чадвал заавал 2023 он гэхгүйгээр 2022 онд багтаагаад Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг дуусгахаар шахаж ажиллаж байна. 
 
-Тус чиглэлийн төмөр замд гадны компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэсэн. Одоогоор хөрөнгө оруулахаар тохиролцоонд хүрсэн ямар компани байна. Ер нь гадны компаниуд ямар болзолтойгоор хөрөнгө оруулах сонирхолтой байгаа вэ?
 
-Энэ зам бол стратегийн өндөр ач холбогдолтой гэдгийг би өмнө нь хэлсэн. Эдийн засгийн ч өндөр ач холбогдолтой. Гадныхан үүнийг өндөр үр ашигтай төсөл гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллах сонирхолтой маш олон компани байна. Тэд бүгд саналаа тавиад явж байгаа. Ямар байдлаар хөрөнгө оруулалт хийх вэ, санхүүжилт ямар байх вэ, эргүүлээд үр ашгаа хэрхэн авах вэ. Ачаа эргэлтээр нөхөх үү эсвэл нүүрс урьдчилан авч нөхөх үү, гэх мэт хувилбарууд яригдаж байна. Санал тавьж байгаа компаниуд бол олон.
 
-Хөрөнгө оруулах сонирхолтой олон компаниас сонголтыг хэрхэн хийх вэ. Юуг чухалчлах бол. Манайд ямар болзол нь илүү ашигтай байх вэ?
 
-Мэдээж Монголын талд хамгийн ашигтай санал тавьж байгаа компанийг л сонгохыг бодно. Сонгон шалгаруулалт явуулах бүх үйл явж ил тод, нээлттэй явагдана. Гэхдээ бид аль болох дотоодын нөөц бололцоогоор хөрөнгө оруулалтыг босгохыг зорьж байгаа. Одоогоор сонгоод, тохиролцоонд хүрсэн гадны ямар нэг компани байхгүй. 
 
-Нүүрс урьдчилан борлуулах хувилбар нэлээд яригдаж байх шиг байна?
 
-Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн төмөр замыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон Засгийн газрын тогтоолын хүрээнд нүүрс урьдчилан борлуулах замаар хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах чиглэл өгсөн юм. Манайх энэ жил 18 сая тонн нүүрс олборлоно. Түүний 15 сая тонныг нь борлуулж, гурван саяыг нь нүүрс урьдчилан борлуулах хэлбэрээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Тэгэхээр гэрээ маань ийшээ чиглэж байгаа гэж ойлгож болно. 
 
-Энэ замын бүтээн байгуулалтын хэчнээн хувийг нь “Эрдэнэс Таван толгой” ХК-иас бүрдүүлэх юм бэ?
 
-Одоогоор анхны хөрөнгө оруулалтын 110 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна. Бусдыг нь EPC нөхцлөөр буюу хөрөнгө оруулаад, түүнийхээ ашгийг ачаа эргэлтээр юм уу нүүрсээр авах уу гэдгийг өөрсдөө шийдээд явах юм билээ. Тэгэхээр Монголын талаас 110 сая ам.доллар л хийнэ гэсэн үг. Бусдыг нь хөрөнгө оруулагч талаас бүрдүүлнэ. 
 
-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй байх шиг байна. Газар шорооны ажил хэзээнээс эхлэх вэ?
 
-Наймдугаар сарын 15-наас ажлыг эхлүүл гэдэг чиглэл өгсөн. Үүний дагуу хөрөнгө оруулалтаа яаж босгох вэ, хөрөнгө оруулалтын схем нь ямар байх вэ, үр ашгаараа өр төлбөрөө яаж нөхөх вэ зэрэг хувилбаруудыг гаргаад дууслаа. Компанийнхаа ТУЗ болон бүтэц зохион байгуулалтыг эцэслээд мэргэжлийн инженерүүдийг ажилд нь оруулчихлаа. Анхны санхүүжилт болох 110 сая ам.долларыг сэргээх санхүүжилт мөн юм байна гэж хоёр тал хүлээн зөвшөөрлөө. Одоо энэ мөнгийг манай ТУЗ баталж, санхүүжилтийг хийгээд “Тавантолгой төмөр зам” компани хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээр хийгээд эхэлнэ. Энэ 110 сая ам.доллар орсноор далан босгох, сэргээх ажлууд шууд хийгдээд явах боломжтой. 
 
Х.БОЛОР
Эх сурвалж: Dardas.mn
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.123Зочин   • 9 сарын 16. 7 цаг 34 минут

бас1 шаадаг гар

103.111.68.3Тавхай   • 8 сарын 26. 13 цаг 36 минут

Ж. Баттулга, А. Гансүх нарыг л энэ ажлаасаа хол байлгаарай.

112.72.11.116иргэн   • 8 сарын 26. 11 цаг 42 минут

Үг хэл үзэл бодлоо соёлтой ,өгүүлэх асуудалаа мэргэжлийн хэмжээнд бага боловч судалсан байхаар гаргавас нэн сайн баймаар.... малнуудаа,сдаа г.м. бүдүүлэг үг хэрэглэх нь гадаадууд монгол хэл мэддэг болж буй энэ үед монголчуудаа муухай харагдуулах болоод байна.

66.181.177.155мгл   • 8 сарын 26. 11 цаг 22 минут

зуунбаян чиглэлиин замаа дараа нь болгож,гашуунсухайт зугиин замаа эхэл малнуудаа.Хятадуудтай тохиролцож хоер талаасаа тавихад хоер дахин хурдан дуусна

66.181.187.203Зочин   • 8 сарын 26. 11 цаг 22 минут

Чадахгүй шүү ? Өөрөө шоронд орчих вии ?

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа2 цаг 11 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ5 цаг 24 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов5 цаг 29 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 34 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 39 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 44 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 49 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 54 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 59 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент6 цаг 4 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ6 цаг 9 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ6 цаг 14 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ6 цаг 19 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна6 цаг 24 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ6 цаг 29 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 34 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 39 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 44 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 49 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 54 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 59 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна7 цаг 4 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ7 цаг 7 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ7 цаг 9 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ7 цаг 14 минутын өмнөДуут хавдар илэрчээ7 цаг 19 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ7 цаг 22 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ7 цаг 24 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ7 цаг 29 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна7 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.