2019 оны 9-р сарын 21
12 цаг 25 минут

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ. Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний  ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан байна. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгчээ.

С.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжинд бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.

“Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо

АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Сүүлийн үеийн дэвшилтэт энэхүү тоног төхөөрөмжөөр хүний онцлог, биеийн бүтцэд тохирсон протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж. АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели хэлэхдээ “Монголын протезийн үйлдвэр шинэ техник төхөөрөмжтэй болсноор гар ажиллагааг халж байна. Манай Хангер эмнэлгийн зүгээс бүх тоног төхөөрөмжүүдийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалтыг явуулж байгаа” гэлээ.

“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн. Хороолол дундах явган хүний болон авто замын асуудал хүндрэлтэй байгааг оршин суугчид энэ үеэр хотын Захирагчид уламжилж байсан юм. Хотын Захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 метр авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэхүү саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусгаад, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх юм. “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгэж байна. Хорооныхоо нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хотын соёлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн та бүхнийг урьж байна.  

“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ны өдөр нээж байсан билээ. Харин хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 16-нд эхлүүлэн хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэн, замын хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаны төлөөлөл, зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компаниудын удирдлага, ажилчид, иргэд олон нийт оролцов.

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг нийслэл, дүүргүүд дээр байгуулсан ажлын хэсгүүд оролцоонд суурилсан аргачлалаар боловсрууллаа. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас НЗДТГ-т албан ёсоор нийслэл болон хоёр дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа жендэрийн дэд хорооны даргын хувьд СХД, БЗД-ийн дүүргүүдийн дэд хөтөлбөрийн төслийг Засаг даргын орлогч нарт нь гардуулж өгөв.

Хөрсний хүнд металлын бохирдлыг биологийн аргаар саармагжуулах туршилтыг хэрэгжүүллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүллээ. Тус дүүргийн зарим газарт арьс ширний үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол их байгааг мэргэжлийн байгууллагууд удаа дараа шинжилж тогтоосон байдаг. Улаанбаатар хотын хөрсний зонхилох бохирдуулагч болох хар тугалга, хром, хүнцэл, зэс, кобальт, цайр зэрэг хүнд металлуудын тархацад төсөл эхлэхээс өмнө судалгаа, хэмжилтүүд хийхэд хромын бохирдол бусдаасаа илүү давамгайлж байв.

“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор “Би хариуцлагатай аав ээж” аяны  нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа.

 Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.86.160.5Denj   • 2019, 9 сарын 22. 5 цаг 54 минут

Nalaihiin huuchin 4 dugeer horoond turj ussun hundee ih hulgaich usnii teregnii hulgaich

194.230.155.194Otgon   • 2019, 9 сарын 21. 16 цаг 14 минут

Amarsaihan dargad ajliin amjilt,ger buld ni Sain saihan buhniig husie

202.9.43.27Зочин   • 2019, 9 сарын 22. 20 цаг 36 минут

пуу хаа хаа

Шинэ мэдээ

Буриадын бөө нар Африкийн зайрангуудтай хамтарна16 секундын өмнө“Google”-ийн толгой компанийн үнэлгээ 1 их наяд ам.долларыг давжээ5 минут 16 секундын өмнөМонгол Улсын Шилдэг 30 багшийн нэг Ж.Буянхишиг: Хүүхдийн зөвхөн IQ-г нь биш бусад Q-нүүдийг нь хөгжүүлэх шаардлагатай10 минут 16 секундын өмнөӨнгөрсөн онд БНХАУ-ын экспорт өсжээ15 минут 16 секундын өмнөСургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ20 минут 16 секундын өмнө"Ливерпүүл" премьер лигийн эхний 22 тойрог дараалан гоолдлоо20 минут 16 секундын өмнөБалбын ууланд аялж явсан иргэд сураггүй болжээ25 минут 16 секундын өмнө“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов30 минут 16 секундын өмнөСан Антонио Спөрс талбайдаа Миами Хитийг буулгаж авлаа35 минут 16 секундын өмнөМесси 433, Роналдо 432 гоолтой40 минут 16 секундын өмнөБ.Ундармаа гишүүний ЖДҮХС-аас авсан зээлийн хэргийг прокурор хянаж байна45 минут 16 секундын өмнөВенесуэлд цахим валютын казино байгуулахыг зөвшөөрчээ50 минут 16 секундын өмнөДэлхийн 330 гаруй брэнд ноолуураас татгалзжээ55 минут 16 секундын өмнөС.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод ороод гарсан гэсэн1 цаг 1 минутын өмнөБаян-Өлгий аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна1 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 цаг 6 минутын өмнөИранд онгоцны ослоор амиа алдагсдын шарилыг нутагт нь авчирлаа1 цаг 11 минутын өмнөБолзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье1 цаг 16 минутын өмнөМэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурал эхэлнэ1 цаг 21 минутын өмнөMatteo Pellicone: Кайл Дейкийн үнэмлэхүй ялалт1 цаг 26 минутын өмнөБоксчид гурван алтан медаль хүртэв1 цаг 31 минутын өмнөФОТО: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй кпоп одод1 цаг 36 минутын өмнөЗалуучуудын Өвлийн наадмын гүйлтийн цанын төрөлд манай тамирчид өрсөлдлөө1 цаг 41 минутын өмнөМеган Марклын эцэг охиноо буруутгажээ1 цаг 46 минутын өмнөН.Номтойбаярын бүрэн эрхийг хэлэлцэх хурал хойшиллоо1 цаг 51 минутын өмнө2024 оноос хойш Путиний эрх мэдлээ хадгалж үлдэх төлөвлөгөөг таамаглаж байна1 цаг 56 минутын өмнөТөрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана2 цаг 1 минутын өмнөХонконгт жагсаал болжээ2 цаг 6 минутын өмнөМАН-ын бүлэг хуралдаанаа цуцалжээ2 цаг 11 минутын өмнө70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж байна2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.