2019 оны 9-р сарын 30
11 цаг 55 минут

Ц.Даваасүрэн: Бид хоорондоо тэмцэлдэх биш дэлхий рүү гарч, бусад улсын тамирчидтай өрсөлдөх хэрэгтэй

Болгар улсын Пловдив хотноо наймдугаар сарын 24-30-нд  болсон таеквон-догийн мастеруудын ДАШТ-д эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та 50-аас дээш насны ангилалд, тулааны төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Медаль хүртэхийн тулд хэдэн тулаан хийв. Тэмцээнийхээ талаар мэдээлэл өгөөч?

-Аль ч тулааны спортод 40-өөс дээш насныханг тулалдахыг зөвшөөрдөггүй, тэмцээнд оруулдаггүй юм. Ганцхан зөвшөөрдөг төрөл нь Олон улсын таеквон-до. Хэрвээ чи зодолдож чадаж л байвал тулалдахыг зөвшөөрдөг.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би эхний тойрогтоо хийлсэн. Дараа нь Орос, Бразил, Аргентины тамирчдыг ялсан. Аваргын төлөө 2018 оны дэлхийн аварга, дэлхийд хоёр түрүүлсэн  Словакийн тамирчинтай тулалдаж, ялагдсан. Өнгөрсөн жил би Беларуст болсон ДАШТ-ий финалд энэ тамирчинтай аваргын төлөө тулалдаж байсан. Сая дахиж тулалдаад, торгуулиар хожигдсон.

-Ямар шалтгаанаар торгодог юм бол?

-Хүчтэй цохилт хийхээр торгодог. Бокс шиг шууд цохиж унагаж болдоггүй. Бас зөөлөн цохиж болохгүй. Цохилтоо мэдэрч, хүч өгөх ёстой. Дэлхийн таеквон-до болохоор бээлийтэй тулалддаг. Биед хүрэх төдийд шүүгчийн өмнөх гэрэл асна. Жаахан хүчтэй цохилт өгвөл сануулдаг, торгодог. Харин Олон улсын таеквон-до болохоор хүчтэй цохилт өгөх ёстой. Гэхдээ унатал цохиж болохгүй. Маш өндөр мэдрэмж шаардсан спорт.

-Та хэзээнээс эхлээд таеквон-догийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-44 жил тулааны спортоор хичээллэж байна. Зодооны бүх төрлөөр тулалддаг. Кик боксын дэлхийн аварга. Тай бокс, бокс, каратэ гээд хичээллээгүй төрөл надад байхгүй. 2008 оноос Олон улсын таеквон-догоор хичээллэж, Узбекстаны ДАШТ-ээс тулааны төрлийн анхны мөнгөн медалийг нь авч байлаа. Түүнээс хойш ДАШТ-ээс тав дахь мөнгөн медалиа хүртэж байна. Тэгэхдээ 2-3 өөр жинд оролцож, медаль хүртсэн. . 2008 онд 90 кг-д тулалдаж, мөнгөн медаль авсан. 2016 онд Италийн дэлхийн аваргаас +80-д мөнгөн медаль авч байлаа. 2018 онд Беларуст болсон дэлхийн аваргаар -80-д оролцсон. Азийн хошой аварга.

-Таван удаа финалдахад бүгдэд нь ялагдаж байж. Юунаас болсон гэж боддог вэ. Эргэж бодоод, өөрийнхөө тулаанд дүн шинжилгээ хийдэг байх?

-Нэгдүгээрт, өөр өөр жингүүдэд тулалдаж байсан нь нөлөөлсөн байх. Нөгөө талаар, дандаа л дэлхийн аваргууд, шилдгүүдтэй тулалдаж байгаа шүү дээ. Медальд хүрнэ гэдэг тийм амар биш. Гэтэл финалд гарч ирээд, шилдгүүдтэй тулалдана гэдэг бүр ч хэцүү. Би үүнээс болоод хожигдсон гэж шалтаг хэлэх дургүй. Тулаан л бол тулаан. Тулааны тамирчин хүнд ёс суртахуун байх ёстой. Ялагдсан л бол ялагдсан. Аварга болсон тамирчид ур чадвараар надаас илүү байсан учраас л намайг ялсан гэж ойлгоход болно.

-Та 50 гаруй настай. Хэдийгээр өөртэйгээ нас чацуу, ахмад тамирчидтай тулалдаж байгаа ч гэсэн хэцүү биш үү. Энэ насанд таеквон-догоор хичээллээд, тулалдана гэдэг тийм амар биш байх?

-Ганцхан таеквон-догийн спортын төрөлд л мастеруудын ангилал байдаг гэж би сая хэлсэн дээ. Мастер гэдэг чинь насаараа тулалдсан хүмүүс шүү дээ. Түүнээс биш тулалддаггүй, 55 настай хүн шууд тулаан хийнэ гэж байхгүй. Тулаан гэдэг настай байна уу, залуу байна уу хамаагүй. Тулаан л бол тулаан. Мастерууд гэдэг жинхэнэ тулаанчид байдаг. Насаараа зодолдчихсон, мэргэшсэн, арга туршлагатай хүмүүс байдаг юм.

-Нас ахихаар техникийн хувьд арай өөр арга барил сонгож тулалдах уу. Залуучууд шиг эргэлттэй өшиглөлт хийх нь ховор байх?

-Бүхий л техникийг хийж, тулалдана. Цохилт болгон өөр өөрийн оноотой. Эргэлттэй өшиглөлтүүд нь илүү өндөр оноотой байдаг юм. Тиймээс мэргэжлийн тамирчин хүн хамгийн хэцүү, өндөр оноо авахаар техникүүдийг хийж байж л өндөр оноо авдаг байхгүй юу.  Эргэлттэй өшиглөнө, залуучуудын хийж байгаа бүхий л техникийг хийж чадна, би. Монголчууд л 40, 50 мөртлөө тулааны спортоор хичээллэж, тулалдаж байна гээд гайхдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хийх ёстой ажил л гэж ойлгодог. Ялангуяа тулааны спортод.

-Спортоор хичээллэхэд маш их зардал шаарддаг. Тэр дундаа тулааны спорт илүү их зардал шаарддаг юм шиг санагддаг. Таныг дэмжиж, тусалдаг хувь хүн, компани байдаг уу?

-Байлгүй яахав. Намайг “Ажнай корпораци”, “Тавантолгой транс”, “Хөвсгөл лэйк” гээд олон компани намайг ивээн тэтгэж, тэмцээнд оролцох зардал мөнгийг маань зохицуулж өгдөг.  Захирлууд нь бүгдээрээ миний найзууд. Тиймээс тэмцээнд оролцох зардал зохицуулах гэж зовох зүйл байдаггүй болохоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг алгасахгүй оролцдог. 55 гэдэг чинь тийм ч залуу нас биш шүү дээ. Хүн ямар зам сонгосон, түүгээрээ яваад л дуусдаг байх. Миний хувьд тулааны спортыг сонгосон, тэр замаараа л явна.

-Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?

-Долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Нас яваад ирэхээр хэтэрхий их бэлтгэл хийхээр алдсан энергиэ буцааж нөхөхөд хэцүү болдог юм байна. Тиймээс бэлтгэлийнхээ тоог бага зэрэг бууруулсан.  Би Солонгост бодибилдингийн академи төгссөн. Мөн тэнд кикбоксын багшаар гурван жил ажилласан. Насаараа л спортоор хичээллэсэн. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийдэг. Хүн гэдэг чинь техник биш шүү дээ. Хүн ямар энерги алддаг юм, буцааж нөхөхийн тулд юу идэх ёстой юм. Ямар ачаалал авч бэлтгэл хийвэл зөв бэ гэх мэтээр бүх зүйлд мэргэшсэн. Амьдралаа үүнд зориулсан учраас мэргэших ёстой байдаг.

-Олимпын төрлийн спортыг төр засгаас ч дэмждэг, иргэд ч сонирхож үздэг нь үнэн. Та олимпын төрлийн таеквон-дог сонирхож хичээллэж, шавь бэлтгэх талаар боддог уу?

-Огт тэгж боддоггүй. Тамирчин бэлтгэнэ гэдэг маш хэцүү. Хүүхэд хариуцана гэдэг үнэхээр хэцүү байдаг. Хүүхдэд сэтгэл зүрхээ зориулсан, спортоор нь амжилт ахиулахын төлөө зүтгэдэг хүмүүс л багш, дасгалжуулагч болдог. Миний хувьд дасгалжуулагч хийж ачаалал авахгүй, өөрөө л хичээллээд явах сонирхолтой байдаг юм.

-Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүхий л тулааны спортоор хичээллэж байгаа хүн дасгалжуулагч болбол залуучуудын амжилт нэмэгдэх юм болов уу гэж бодогдлоо?

-Би зүгээр л өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй байна. Багш нарт шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийлгэх талаар хэлж, зааж өгдөг. Харин өөрөө бие даагаад дасгалжуулагч хийх  боломж надад байхгүй. Яагаад гэвэл заал танхим олдохгүй, цаг зав багатай байдаг. Залуу багш, дасгалжуулагчдад чадах бүхнээ зааж, зөвлөж хэлдэг. Энэ чинь дасгалжуулагч хийж байгаагаас ялгаагүй дээ. Тулааны спортын бүх л багш нар намайг хүндэлдэг, Даваа ах аа гээд л асуудаг.

-Олимпын таеквон-догийн холбооныхонтой тодорхой хэмжээнд хамтарч ажиллана биз?

-Спорт гэдэг нэгнээ үзэн ядах, ялгарах биш хамтарч байж л хөгждөг. Тэр нь олимпын төрөлд ордог спорт уу, үгүй юу. Таеквон-до юу, бокс уу гэдэг нь хамаагүй. Монголчуудын нэг том дутагдал нь төрөл төрлөөрөө, бие дааж, тус тусдаа холбоо байгуулаад яваад байдаг. Нэг холбоо болохоороо хоорондоо таарахгүй, хагаралддаг.  Ингэвэл гуравхан сая хүн амтай улсад яаж спорт хөгжих вэ дээ. Бид нэг гэр бүл. Нэгдээд, аль ч спортоо дэмжиж явбал хөгжих ёстой. Тэгэхгүй тулааны спортууд л гэхэд ялгараад, бие биетэйгээ уралцаад байдаг. Бид хоорондоо тэмцэлдэх биш дэлхий рүү гарч, бусад улсын тамирчидтай өрсөлдөх ёстой л гэж боддог. Тийм учраас би өөрийнхөө мэддэг, чаддаг бүхий л зүйлийг бусдад хэлж, зааж өгдөг.

-Одоо хоёр таеквон-догийн холбоо тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа биз дээ?

-Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ нэгдэх талаар ярьж л байгаа. Тэгэхийн тулд их цаг хугацаа шаардана. Бие биетэйгээ ойлголцохоос авахуулаад цаг хугацаа орох л байх. 

-Хатуу биет хугалах төрлөөр хичээллэдэг үү?

-Хичээллэхийн хувьд хичээллэнэ. Гэхдээ эрсдэл, бэртэл гэмтлээс хол байхын тулд хичээллэхээ больсон. Би чинь залуу биш учраас амархан бэртэнэ, гэмтэнэ. Хэрвээ бэртэж гэмтвэл миний хүсэл зорилго, ирээдүй яах билээ. Тамирчин хүний зорилго гэж байна шүү дээ.

-Таны зорилго юу вэ. Хэд хүртлээ тулалдана гэж боддог вэ?

-Тамирчин хүн оргилд гарахын тулд л хичээдэг. Би хэзээ, хаана зогсох нь вэ, тэр үедээ л зогсоно. Мастеруудын тэмцээний тулааны төрөл 60 нас хүртэл. Түүнээс цааш техникийн үзүүлбэр үзүүлэх төрлөөр хичээллээд, өрсөлдөөд явж болно.

-Та тулааны спортоос маш их сэтгэл ханамж авдаг хүн шиг санагдлаа?

-Хүн болгон тулааны спортоор дэлхийн аварга болж чадахгүй. Дэлхийн аварга хүн ямар ёс суртахуунтай байх ёстой юм. Энэ бүх ёс суртахууныг харуулахын тулд би тулааны спортод өөрийгөө зориулдаг. Хүн хэдий чинээ дээшээ явах тусам гишгэсэн мөрөө эргэж харах ёстой. Залуус, дүү нартаа үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Тамирчин хүн ямар байх ёстой юм, тэр бүхий зарчмыг барихын тулд л хичээж явдаг. Түүнээсээ ч сэтгэл ханамж авдаг. Тулааны тамирчин хүн өндөр амжилт гаргах тусмаа л ёс суртахуунтай байх ёстой юм. Энэ зарчмыг залуустаа, дүү нартаа сургах ёстой, энэ л миний хүсэл сонирхол. 

Н.Пунцагболд

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.130Зочин   • 9 сарын 30. 13 цаг 50 минут

ufc d 44 tei ex avarga zodoldoj l bsn da

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.