2019 оны 10-р сарын 7
8 цаг 50 минут

Ш.Энхмаа: Дээд, доод зовхины унжилт бол насыг 20 насаар хөгшин харагдуулдаг

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Эрүүл мэнд" буланд орсон "Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй" ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Манай улсад хамгийн өргөн хийгддэг мэс ажилбарын нэг нь давхраа аж. Азиуд ихэвчлэн онигор нүдтэй, бүлцгэр зовхитой байдаг тул давхраа хийлгэх нь олонтаа. Тиймээс энэ удаагийн ярилцлагадаа “Гоёл медикал” эмнэлгийн нүдний эмч Ш.Энхмааг урьсан юм. Түүнтэй давхраа хийлгэх мэс ажилбарын давуу болон сул тал, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

-Хүмүүс ихэвчлэн давхраатай том нүдийг онцолж, сайханд тооцдог. Давхраа хүн бүхэнд зохидог уу. Хийлгэсний дараа сөрөг нөлөө бий юу?

-Ази эмэгтэйчүүд ихэнхдээ бүлцгэр нүдтэй байдаг. Сүүлийн үед хүүхнүүд давхраатай нүдийг илүүд үздэг болсон. Зарим хүн нүдээ жижигхэн, бүлцэн учраас давхраа зохихгүй гэж боддог ч хийлгэсний дараа гоё харагдах тохиолдол байдаг. Тэгэхээр давхраа нь хүнийг гоо сайхан харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Мөн нас ахих тусам хүний зовхины арьс унждаг. Тэр тохиолдолд бас эмчилгээний зориулалтаар давхраа хийнэ. Заавал гоо сайхан, гоё болохдоо давхраа хийлгэдэг биш юм. Учир нь зовхи унжаад нүдний харах талбайг хааж, багасгаад байвал давхраа хийж, татаж эмчилдэг. Ер нь хүмүүс давхрааны хажуугаар нүдний сэтэлгээ их хийлгэдэг болжээ. Энэ ч мөн адил гоо сайхан болон нөгөө талдаа эмчилгээний зориулалттай байдаг. Гоо сайхны талаасаа бол нүдийг арай урт болгох зорилгоор хийдэг гэсэн үг. Нүдний дотор булангийнх нь арьс битүү нүдтэй буюу мэргэжлийн хэллэгээр эпикантустай хүмүүс байдаг. Энэ тохиолдолд эмчилгээний зорилгоор сэтэлгээ хийдэг л дээ. Давхраа хийлгэсний дараа нүдний харах талбай томордог. Манай орон хуурай уур амьсгалтай болохоор нүд хуурайших тохиолдол бий. Хүмүүс давхраа хийлгэхээр хялар болдог, харах байдалд нөлөөлдөг гэж ярьдаг. Тийм ямар ч сөрөг нөлөө байдаггүй.

-Зовхи унжих үед давхраа хийдэг гэж байна. Энэ нь давхраатай, давхраагүй ямар ч нүдтэй хүнд хийж болно гэсэн үг үү?

-Давхраатай байсан ч хийлгэж болно. Зарим хүн залуудаа би их том нүдтэй байлаа гэж ярьдаг. Нас яваад ирэхээр зовхи нь унжаад давхраагаа даваад сормуусаа дардаг. Хүн хүүхэн хараагаараа бүх талбайг харж байдаг. Гэтэл зовхи унжаад ирэхээр харах талбайн 40-50 хувийг хаачихдаг юм. Үүнээс болоод тухайн хүнд их зовиуртай болчихдог. Тиймээс ийм үед эмчилгээний зорилгоор унжсан арьсыг авч, давхрааг нь том болгох, давхраагүй бол давхраатай болгодог.

-Энэ төрлийн мэс ажилбарыг манай улсад нэлээд өргөн хийдэг байх. Хэр олон хүн давхраа хийлгэхээр ирдэг вэ? 

-Манай эмнэлэг гоо сайхны чиглэлээр дагнадаг болохоор хамар өндөрлөх, гоо сайхны тариа хийх, давхраа хийх зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Ерөнхийдөө нийт үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь давхраа хийлгэхээр ирдэг. Ялангуяа 20-35 насны эмэгтэйчүүд давхраа хийлгэхээр их ирдэг. 35-аас дээш насны эмэгтэйчүүд зовхины арьсаа татуулах, үрчлээ тэнийлгэх зэрэг үйлчилгээ авдаг. Давхрааг залуу байхдаа хийлгэх нь илүү төрөлхийн мэт харагдуулдаг онцлогтой. Аль болох залуудаа хийлгэвэл зүгээр.

-Давхраа хийлгэсний дараа ямар нэгэн гам барих шаардлагатай юу. Танай эмнэлэг давхраа хийхдээ үйлчлүүлэгчиддээ баталгаа өгдөг үү? 

-Мэдээж мэс засал учраас давхраа хийлгэсний дараа үрэвслийн эсрэг антибиотик уух хэрэгтэй. Мөн хүйтэн жин тавьдаг. Яг хагалгааны дараах долоо хоногт хүнд юм өргөх, доошоо тонгойх, халуун уур, саунд суух зэргийг хориглодог. Шарх эдгээд 14 хоногийн дараагаас айхтар сахих дэглэм байхгүй. Давхраа хийлгэсэн л бол тэр хүний насан туршийн өөрчлөлт гэсэн үг. Давхраа нь гарчихна гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл манайх давхрааг зүслэгээр хийдэг. Тиймээс давхраагүй болох асуудал үүсэхгүй л дээ. Мэдээж бид нар давхраа хийхдээ тухайн хүний нүдний онцлог, зовхины нимгэн, зузаанаас нь шалтгаалж зүслэгээ хийдэг учраас санаа зовохгүй байж болно. Ер нь утас гүйлгэж давхраа хийдэг газрууд байдаг. Хэдэн жилийн баталгаа өгдөг юм байна лээ.

- Давхрааг зүслэгээр хийх, утсаар гүйлгэх зэрэг олон төрлөөр хийдэг байх нь ээ. Ер нь давхрааг хэдэн аргаар хийдэг вэ?

- Ерөнхийдөө хоёр л арга байна. Нэг бол зүслэгээр давхраажуулах эсвэл утас гүйлгэж давхраа хийдэг. Утсаар хийсэн давхраа эргээд тавигдах тохиолдол байдаг. Энэ төрлийн арга голдуу нимгэн зовхитой хүмүүст тохирдог. Өөхөн эд багатай гэсэн үг шүү дээ. Давхрааны зүсэлт харагдахгүй учраас өөрийн юм шиг харагддаг. Гэтэл манай охидын нүд ихэнх нь бүлцгэр, зузаан зовхитой байдаг. Ийм тохиолдолд утас гүйлгэсэн ч нэмэр байхгүй л дээ. Харин хийлгэх хэлбэр нь янз янз. Зарим хүмүүс нүдний булан руу гүн орсон давхраа сонирхдог. Эсвэл булан руугаа ороогүй задгай давхраа гоё гэдэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн чиг хандлагаар хүмүүс нүднийхээ булан руу давхраагаа нэг их гүн оруулахгүй байгаа. Эмч нарын техник хүртэл өөр өөр. Зарим эмч нар булан руу оруулбал зүгээр гээд хийдэг. Энэ нэршлүүд нь зүгээр хүмүүсийн л нэрлэсэн байдал шүү. Анагаахын хэллэгээр задгай, битүү гэсэн зүйл байхгүй л дээ. Сүүлийн үед хүмүүс сэтэлгээ их сонирхож байгаа. Азиуд зовхи зузаантай, богинохон нүдтэй байдаг. Богинохон нүдэнд давхраа хийхээр бөөрөнхий товч шиг өөрийн биш харагдах магадлалтай болохоор сэтэлгээ хийвэл илүү урт нүдтэй харагддаг.

- Дэлхий нийтэд давхраа хийдэг дээрх хоёр арга байдаг гэж ойлгож болох уу. Эсвэл зөвхөн Монголд л энэ хоёр аргаар давхраа хийж байна уу?

- Дэлхий нийтэд гэж хэлж болохгүй. Саяхан би азийн нэг оронд давхраа хийж байгаа бичлэг харлаа л даа. Зовхийг гаднаас нь зүсэлт хийхгүй дотор талаас нь оёж давхраа хийж байсан. Ийм аргаар Монголд хийдэг тохиолдол байдаг гэсэн. Маш мэдрэмжтэй, туршлагатай эмч л энэ аргаар хийх байх. Яагаад гэвэл зовхины цаана байгаа өөх, булчинг аль түвшинд авч байгаагаа мэдрэхэд эмчид маш их туршлага хэрэгтэй.

- Нүд бол маш эмзэг, чухал эрхтэн шүү дээ. Зовхинд зүсэлт хийхэд нүдний хараанд гаж нөлөө үзүүлдэг үү. Зарим хүн хараандаа нөлөөлөхөөс эмээгээд давхраа хийлгэдэггүй гэсэн.

- Нүд давхраажуулах нь зовхины өнгөц хагалгаа юм. Хагалгаа хийх явцад булчингийн эдийг хүчтэй, гүн авах юм бол нүд өргөгч булчинг гэмтээх магадлалтай. Нүдний гүнийг тойрсон нүдийг хөдөлгөгч зургаан булчин бий. Хэрвээ зүслэг хийж байхдаа өргөгч булчинг гүн хайчилбал нүдний булчингийн үйл ажиллагаа алдагдана. Өөрөөр хэлбэл, эргээд нүд анигдахгүй эсвэл өргөгдөхгүй болно гэсэн үг. Гэхдээ ийм тохиолдол манай улсад гарсан, эсэхийг мэдэхгүй юм. Хараанд нөлөөлөх зүйл байхгүй. Хүмүүс хараагүй болох уу, хялар болох уу гэж их асуудаг. Нүдний өнгөц мэс ажилбар учраас ийм зүйл болохгүй. Хэрвээ хэт том давхраа хийвэл нүд хурц төрхтэй болох тохиолдол бий. Ази царай их зөөлөн төрхтэй. Гэтэл европчууд шиг хурц болгох гээд байдаг л даа. Эмч өөрийнхөө мэдрэмжинд тохируулж хийх хэрэгтэй. Хүний нүд яг нэг шугаманд, нэг хэмд байдаггүй болохоор заримдаа сайн ажиглавал давхраа нь дээр доор болох тохиолдол байна.

- Танай эмнэлэгт давхрааг ойролцоогоор хэдэн төгрөгөөр хийдэг вэ? 

- Ерөнхийдөө 350 мянган төгрөгөөс эхэлдэг. Одоогоор намрын урамшуулал гээд 250 мянган төгрөгөөр хийж байна. Эмнэлгүүд янз янзын үнээр хийдэг. 600-800 мянган төгрөгийн хооронд хийдэг газар ч бий. Манай эмнэлэгт урамшуулалгүй үед 350-450 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Залуу охидод бол зүсээд л давхраа орчихдог. Ахимаг настай эсвэл буруу арчилгаанаас болоод нүдний зовхи нь эрт унжчихсан охид байдаг. Тэр тохиолдолд ажилбар нэмэгддэг учраас арай илүү үнэтэй болдог гэсэн үг.

- Та давхраа хийлгэх шаардлагагүй хүн зориод ирэхээр хэрхэн шийдвэрлэдэг вэ?

- Ийм тохиолдолд би шууд буцаадаг. Толинд өөрийг нь харуулж, хагалгаа хийх шаардлагагүй, хангалттай хөөрхөн нүдтэй гэдгийг нь ойлгуулдаг. Ядахдаа дахиад таван жил хүлээхийг санал болгодог доо. Тэгж буцаасан тохиолдол зөндөө. Давхраагүй нүд нь өөрт нь зохиж байхад оролдохыг хүсдэггүй. Охидууд нэгнийгээ дагаж шийдвэр их гаргадаг шүү дээ. Гэхдээ тайлбарлаад хэлэхээр ойлгож хүлээн авдаг.

- Давхраа хийлгэхээр төлөвлөж байгаа олон хүн байгаа байх. Та тэдэнд зориулж зөвлөгөө өгөөч?

- Үнэхээр давхраа зохидог бол давхраа нааж цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Учир нь байнга хуулж, наагаад байхаар зовхи суларчихдаг. Дээр нь харшилтай болох ч магадлалтай. Насан туршийн өөрчлөлт учраас маш сайн бодох хэрэгтэй. Хумсаа янзлуулж, үсээ засуулах төдий зүйл биш шүү. Эцэг эхээс заяасан нүдийг өөрчлөх гэж байгаа учраас сайн бодох хэрэгтэй. Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй. Хамгийн гол нь эмэгтэй хүн өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж боддог.

- Давхраа хийлгэхэд насны зааг байдаг уу?

- Хүний нүдний өсөлт 17, 18 нас хүрээд зогсдог гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг. Гэхдээ бага насны хүүхдэд сормуус нь дотогш эргэж нүд рүү нь орох тохиолдол байдаг. Сормуус нүдрүү нь орж, нулимс нь гараад байдаг завороть гэж өвчин байхгүй юу. Тэр үед 7, 8 настай хүүхэд байсан ч гэсэн давхраа хийдэг. Хэрвээ гоо сайхан харагдах талаасаа хийлгэхээр бол 16-аас дээш наснаас эхэлж хийдэг.

- Ямар улиралд хийвэл илүү тохиромжтой байдаг вэ?

- Мэдээж мэс засал учраас сэрүүний улиралд хийлгэхэд үрэвсэх нь бага байдаг. Халууны үед онцгүй. Гэхдээ сүүлийн үед улирал хамаарахгүй хийж байна. Хүн чинь өөрийгөө мэдэж байгаа шүү дээ. Мэдээж нүд нь ийм байхад халуунд шараад, өвөл хүйтэнд гадаа гүйгээд байх хүн байхгүй болохоор аль ч улиралд хийлгэсэн болно. Халдвар орох магадлалтай учраас ус хүргэхгүй, ариутгалын уусмалаар арчиж, тосоо түрхэх хэрэгтэй байдаг. Хийлгэснээс хойш долоо хоногийн дараа оёдолоо авдаг. Тэгээд шарх эдгэрдэг гэж үздэг.

- Давхраа хийхэд тухайн хүний нүүрний хэлбэрийг хардаг байх. Тохирсон давхраа хийхийн тулд нүүрний аль хэсгээс хэмжилт хийдэг вэ?

- Тухайн хүний хүсэлтийг асуудаг. Хэр том давхраа сонирхож байгааг нь мэдэх хэрэгтэй. Жижигхэн, богинохон нүдтэй охин орж ирээд өндөр давхраа хүсээд байвал эмчийнхээ үүднээс ойлгуулна. Хиймэл харагдуулахгүйн тулд чамд цэвэрхэн, жижиг сэтэлгээтэй давхраа тохирно гэдгийг тайлбарладаг. Харин урт нүдтэй нимгэн зовхитой охин орж ирээд жижигхэн давхраа хүсээд байвал чамд өргөн давхраа зохино гэдгийг эмчийнхээ зүгээс зөвлөдөг. Түүнээс биш тэд эдэн см гэсэн техник байхгүй л дээ. Харин нүд, хөмсөг хоёрын хоорондох зай давхрааг өргөн, нарийн хийхэд нөлөөлнө.

- Та яагаад заавал энэ салбарыг сонгож ажиллахаар болов? 

- Би нүдний эмч хүн. Эмчилгээний зорилгоор зовхи татах, давхраа хийх тохиолдол байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэр байдлаас болоод гоо сайхны чиглэл рүү орсон. Аль болох тухайн хүний хүсэж байгаа хэмжээнд хүртэл давхраа хийхийг л боддог. Мэргэжлээрээ 13 жил ажиллаж байна. Гоо сайхан, давхрааны чиглэлээрээ 3 жил ажиллаж байна даа.

- Хүний наснаас үл хамаараад нүдний аяганы хэмжээ ижил байдаг тухай уншиж байсан. Энэ үнэн үү? 

- Яг үнэн. Хүний гар, хөлний яс маш сайн томордог. Гэтэл хүний нүдний ухархайн яс багахан хэмжээнд томордог. Багадаа дүрлийсэн том нүдтэй хүүхэд томроод тэгж харагдахаа болих тохиолдол байдаг. Энэ нь нүд жижигхэн болох биш, хамар шанааны яс том болсонтой холбоотой. Харин хасах шил зүүдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэдний нүдний алим өсвөр насандаа эрчимтэй арагшаа сунах тохиолдол байдаг. Тиймээс шилийг нь жил болгон таруулж байх хэрэгтэй.

- Хүн хоорондын харилцаанд нүд, харц хамгаас чухал нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан харагдаж, өөртөө итгэх итгэлээр дүүрэн болсон үйлчлүүлэгчдээсээ та урам зориг авдаг байх?

- Тэгэлгүй яах вэ. Гоё болоод, баярлаж байгаа охидыг хараад би өөрөө хүртэл баярладаг. Хамгийн гол нь үйлчлүүлэгчийнхээ нүд гоё болоосой, өөрт нь таалагдаасай гэж боддог. Дан ганц гоо сайхан харагдана гэлтгүй, нүд өөрөө маш чухал эрхтэн. Хүн тархинд боловсруулж байгаа мэдээллийнхээ 70 хувийг нүдээрээ авдаг. Анхны сэтгэгдлээс  эхлүүлээд хүмүүс нүдэнд маш их ач холбогдол өгдөг шүү дээ. Хүнийг дүгнэж, шинжлэх талаасаа ч, гоо сайхан талаасаа ч тэр чухал эрхтэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.