2019 оны 10-р сарын 7
8 цаг 10 минут

Орхигдсон овоолгоос зэс "ургуулж", ногоон мөнгө дуудсан "Ачит Ихт"-ийнхэн

Намрын налайсан шаргал өдрүүдээр Эрдэнэт хотоор дөрөө мултлаад ирлээ.  Эрдэнэт гэхээр зэс  эрдэнэ эхэлж санаанд буудаг.  Үнэхээр ч хотын 100 гаруй мянган хүн амын ихэнх нь улбар металын олборлолт үйлдвэрлэлтэй ямар нэг шижмээр холбогддог.

 Эрдэнийн хотын  хөг аялгуунд тодоос тод өнгө гэрэл нэмж ирсэн хамт олон гэвэл “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийнхэн юм.  Энэ компанийн тухай сонсоогүй биш сонсож байсан. Зэс үйлдвэрлэдэг  гэсэн бүдэг бадагхан төсөөлөлтэйгээр зорьж очлоо. Үйлдвэр байгуулагдсан таван жилийнх нь ой энэ үеэр тохиож байгаатай таарав. Тэр өдөр дарга цэрэггүй баярын настерин орчихсон, хөл хөнгөн, сэтгэл хөөрүү байсан.  "Ачит Ихт" компанийн гүйцэтгэх захирал  Д.Эрдэнэцэцэг,  үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ц.Энхбаяр, захиргаа, хүний нөөцийн албаны захирал н.Ариунжаргал  гэхчлэн  эмэгтэй дарга нар 80 хувь нь эрчүүд ажилладаг хүнд үйлдвэрийн энэ салбарыг удирддаг юм байна. Өглөө товчхон тодорхой хурал болж, хамт олондоо баяр хүргэж, урд өдөр нь ажилчиддаа гардуулсан бэлэг таалагдсан эсэхийг лавлаж байгаа харагдав. Юу бэлэглэснийг асуусангүй. Лав л смарт цаг дуулдаж байна билээ. Үдээс хойш баярын арга хэмжээтэй учир ажлаа эрт завсарлуулна гээд бүх ажилчдынхаа дансанд  урамшууллын мөнгө шилжүүлсэн тухай  бас нэг баяртай мэдээ дуулгасан. Ажилласан жилээсээ хамааран 1,3 сая хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллыг хүн бүр хүртээв бололтой.  Д.Сосорбарам, Э.Бүрнээбаяр нарын гавьяат тэргүүтэй урлаг соёлынхон тэнд тааралдсан. Тэд лав оройн арга хэмжээнд ая дуугаа өргөсөн байх.

Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг 

“Ачит Ихт” компанийн үйлдвэр гидрометаллургийн технологиор   999,99 хувийн  сорьцтой "А"  зэрэглэлийн  зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл олборлох бус, боловсруулах үйлдвэр бөгөөд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортолдгоороо онцлогтой.

Мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Монголд 99.999 хувийн сорьцтой “А” зэрэглэлийн зэс үйлдвэрлэж байгааг газар дээр нь үзэж харах нь төсөөллөөс хол агаад монголчууд ийм хэмжээнд хүртлээ хөгжиж, орчин үеийн техник технологийг өөрсдийн гараар нутагшуулж бүтээснийг харлаа.

“Ачит Ихт” ХХК  таван жилд улс орон нутгийн төсөвт  160 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Зөвхөн 2018 оны татварынх нь хөрөнгөөр гэхэд 100 хүүхдийн цэцэрлэгийн 10  барилга, эсвэл 960 хүүхдийн гурван сургууль барихад хүрэлцэхээр юм. Компани анхныхаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлснээс хойш ганцхан жилийн дараа буюу 2015, 2016 он дараалан  улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, 2018 онд Шилдэг татвар төлөгч 10 компанийн нэгээр шалгарчээ. Мөн дотоодын худалдан авалтад  102 орчим тэрбум төгрөг зарцуулж, үндэсний  үйлдвэрлэгчдээ дэмжсэн гэхчлэн үнэт зүйл, байгууллагынхаа соёлыг бүтээж чадсан хамт олон ажгуу. Шинэ залуу үйлдвэрийн хувьд ийм амжилтын гараа хойшхи он жилүүдэд ч улам баяжин дэлгэрч үргэлжлэх биз ээ.

Тус үйлдвэр 230 орчим ажиллагсадтай.  Дийлэнх нь буюу 83 хувь нь 40 хүртэлх насны залуучууд, 80  хувь нь дээд мэргэжилтэй. Инженер, техникийн ажилтнуудынхаа  нэг хэсгийг нь тэтгэлгээр суралцуулж мэргэжил эзэмшүүлжээ. Тэдний нэг инженер А.Олоннуур дипломаа аваад 3 хоноод шууд ажилдаа орсон гэж байв. Энэчлэн олон залуу төгсөөд 7 хоногийн дотор шууд ажлын байраар хангагдсанаа хэлж, талархал илэрхийлнэ билээ.  Одоо ч бас 10-аад залуучуууд компанийн тэтгэлэгээр  сурч байгаа. Ажилчдын дундаж цалин 2.3 сая төгрөг. Тийм болохоор энд ажилд орох гэсэн хүн олон, ажлын ганц байрны төлөө 200 гаруй хүн өрсөлдөж байсан удаа ч бий гэнэ. Энэ үйлдвэрт гадаадын нэг ч мэргэжилтэн байхгүй. Үйлдвэрийн тэр нарийн ширийн технологи, техник дамжлага дээр  дан монгол залуучууд ажиллаж байна.

Балансын бус овоолгыг баялаг болгож хувиргасан нь

Овоолгыг бороожуулж байгаа нь. Ус доош нэвчихдээ шороон дахь зэсийн хүдрийг уусган цөөрөмд хүргэдэг 

Эрдэнэт үйлдвэрт гологдсон балансын бус овоолгыг  ашиглаж олборлолт хийж тэндээсээ цэвэр зэс үйлдвэрлэж экспортолж байна.  Балансын бус гэдэг нь зэсийн агууламж багатай,  Эрдэнэт үйлдвэрийн  стандартын шаардлага хангаагүй овоолго гэсэн үг. Эдүгээ Эрдэнэт үйлдвэрийг тойроод 1978 оноос хойш үүссэн  ийм 12 овоолго  байна. Харин “Ачит Ихт”-ийн хувьд зөвхөн хоёрдугаар овоолгыг л ашиглаж байна.

Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ц.Энхбаяр 

Балансын бус энэ хоёрдугаар овоолгыг ашиглах судалгааг гадаадын хөрөнгө оруулагчид нэг бус удаа хийсэн байдаг. Гэхдээ тэд  эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй гэж тооцоод орхижээ.

Өөрөөр хэлбэл энэ олон жил ямар ч ашиглалтгүй, байгаль орчинд сөрөг нөлөөлж байсан шороон овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж баялаг болгон хувиргаж, ногоон мөнгөний урсгалыг дотоод руугаа чиглүүлж чаджээ. Компанийн  гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэгийн хэлсэнчлэн  “...Хийе бүтээе гэсэн итгэл сэтгэлээр эхлүүлсэн төсөл цагийн шалгуур мэргэжлийн сорилтыг даван  туулж, үндэсний хэмжээний үйлдвэр, ТОП-100 аж ахуйн нэгж болж” хөлд орж хөгжиж  чаджээ. Энэ бол бахархал.

Балансын бус энэ хоёрдугаар овоолгыг ашиглах судалгааг гадаадын хөрөнгө оруулагчид нэг бус удаа хийсэн байдаг. Гэхдээ тэд  эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй гэж тооцоод орхижээ. Тэдний зарим нь одоо Казакстанд яг энэ чиглэлээрээ ажиллаж байгаа бөгөөд хожим нь “Та нар биднээс илүү амжилттай ажиллаж байна. Бид арай түргэдэж, Монголоос гарч явжээ” хэмээн амаа барьсан гэнэ  лээ. Харин “Ачит Ихт” компани судалгааг нарийвчлан уйгагүй хийсний эцэст энэхүү хүний, өөрийнхэнд гологдсон 80 м-ийн өндөр овоолгод нийтдээ 0.3 хувийн агуулгатай 56 сая тонн хүдэр,  үүнээс 180 мянган тн цэвэр зэс гарган авах боломжтой гэдгийг тооцоолжээ. Гэхдээ үүний тулд барууны хамгийн орчин үеийн технологийг ашиглах шаардлагтай байжээ. Ингээд үйлдвэрийн ТЭЗҮ-г гурван ч удаа шинэчлэн сайжруулж, 60 сая ам долларын хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрээр үйлдвэрээ барьж байгуулжээ. Үйлдвэр жилд 10 мянган тн катодын зэс, таван жилийн хугацаанд нийтдээ 50 гаруй тн цэвэр зэс  үйлдвэрлэж 100 хувь экспортолжээ.

Эрдэнэт ба “Ачит Ихт”

Монголын эдийн засгийн зүтгүүр хүчний нэг нь Эрдэнэт үйлдвэр. Тус үйлдвэр 1978 оноос хөвүүлэн баяжуулах технологиор 22-25 хувийн зэсийн агууламжтай баяжмал гаргадаг. Харин “Ачит Ихт” компанийн үйлдвэр гидрометаллургийн аргаар  99,999 хувийн  сорьцтой цэвэр зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл олборлох бус, боловсруулах үйлдвэр бөгөөд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортолдгоороо онцлогтой. Гидрометаллургийн арга нь  220 в хүчдэл ашиглаж  зэс  гаргаж авдаг, эдийн засгийн хувьд хямдаас гадна байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй  эргэх холбоо бүхий битүү технологи.

Зэсийн агуулгатай уусмалыг хуримтлуулах хиймэл цөөрөм. Тус үйлдвэрт нийтдээ 7цөөрөм бий. Тэр цаана боловсруулах үйлдвэрийн цогцолбор харагдаж байна  

Эрдэнэттэй холбогдон яригддаг цагаан тоосны тухай энд ярих ч хэрэг байхгүй, харин ч бороо цасанд доош тунгаагдан хөрсөнд гүн гэмтэл учруулж байсан эзэнгүйдлийг үгүй болгож, байгаль орчноо додомдож өөд нь татсан. Тус үйлдвэрийн зэсийг эко буюу Ногоон зэс гэж тодотгох шалтгаан энэ буюу. Гүйцэтгэх захиарал Д.Эрдэнэцэцэг ирэх жилээс нээлтээ хийх гэж байгаа нэгэн төслийнхөө тухай ам алдаад үгээ буцааж “залгисан”. Тэр нь бүр катодын зэсийн хоёр, гуравдугаар үе, жинхэнэ утгаараа илүү нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн байх бололтой юм. Ирэх жил нээлтээ хийх бололтой, илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг нь болхоор өгье гэв. Хийх нь ярихаасаа өмнө байх ёстой гэж үзсэн нь тэр байх.

 “Ачит Ихт” компани бүр 2010-аад онд Эрдэнэт үйлдвэртэй овоолго ашиглах гэрээ байгуулжээ. 2014 оны  07 дугаар сард анхны туршилт эхэлснийхээ дараа  Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт”-ийн 34 хувийг эзэмших урьдын тохиролцооноосоо татгалзжээ. ТЭЗҮ үндэслэл муутай, санхүүгийн эрсдэлтэй, хувь эзэмшигчийн хувьд  эрсдлийг хамт үүрнэ гэсэн болгоомжлолоор татгалзсан байдаг.  Гэхдээ овоолго ашигласны төлбөрт Эрдэнэт үйлдвэрт хэдэн тэрбумаар нь төлдөг юм байна.

“Ачит Ихт”-ийн  “АНХДАГЧ” гэсэн тодотголууд

Энэ үйлдвэрт ямар нэг орд, уурхай байхгүй. Ерөөсөө л ухдаг бус ургуулдаг уурхай гэсэн үг. Хээрийн нар салхинд хэдэн арван жил хэнд ч хэрэггүй мэт орхигдсон, бүр улсын бүртгэлд ч байгаагүй овоолгоос зэс ургуулж байгаа юм. Тийм болохоор хүнд машин механизм ч бараг харагдсангүй.

Нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглаж эхэлнэ. Энэ нь металл авалтыг 90 хувьд хүргэхээс гадна байгальд сөрөг нөлөөгүй эко технологи юи. Нуруулдан уусгалтын нэгдүгээр талбай нь 36000 м2 бөгөөд талбайд 2.5 сая тн хүдрийг 2020 оноос боловсруулна хэмээн үйлдвэрийн Ерөнхий технологич Ц.Галсүрэн өгүүлсэн 

Гэхдээ тэд үүсмэл ордыг ашигладаг. Үүсмэл орд ашиглах анхны тусгай зөвшөөрлийг эзэмшигч. Тэр утгаараа ийм нэр томъёо, нэршил, түүнчлэн үүсмэл ордыг ашиглах  хууль эрх зүйн орчинг бий болоход хамгийн анх нөлөөлсөн нь “Ачит Ихт” компани. Тус компанийн алсын хараанд “Эрдэс баялгийг сорчлохгүй ашиглах, зэсийн үйлдвэрээр Монголдоо тэргүүлэх” гэсэн үг  өгүүлбэр бий.  Эрхэм зорилго нь ч бас иймэрхүү, балансын бус хүдрийг боловсруулж, дэлхийн стандартад  нийцсэн зэс үйлдвэрлэх тухай юм.

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын анхны компани нь “Ачит Ихт”.  Бүртгүүлэхэд бэлтгэх  үйл явц 4 жилийн турш үргэлжилжээ. Учир нь шалгуур нь тийм өндөр байдаг. Үйлдвэрлэсэн зэсийнхэ сорьцыг Лондонгийн биржийн лабораториар баталгаажуулдаг бөгөөд сорьц нь 99.999  хувийн цэвэр зэс байх ёстой. Хэрэв сорьц үүнээс доош унавал үйлдвэр өндөр торгууль төлөх эрсдэлтэй учраас энд чанар стандарт гэсэн хатуу чанд шалгуур үйлчилдэг.

Лондонгийн биржид бүртгэлтэй байна гэдэг зөвхөн ганц компанийн бус Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Магадгүй, Монголын зэс үйлдвэрлэгчид хожим хойно дэлхийн тавцанд эргэлзэх юмгүйгээр гарах зам мөрийг нь засч тэгшилж буй хэрэг байх.

“Ачит Ихт”ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ачит зэс” компанийн давуу эрхийн хувьцааг  өөрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан гаргажээ. Давуу эрхийн хаалттай хувьцаа гаргаж байгаа нь бас л Монголдоо анхных юм.  Хувьцааны жилийн ногдол ашиг 30  хувь бөгөөд саяхан 4 дэх удаагийн ногдол ашгаа тараажээ. Жишээ нь, “Ачит зэс”-ийн хувьцааг 10 сая төгрөгөөр 3 жилийн хугацаатай авлаа гэхэд 19 сая төгрөг болж нэмэгдэх жишээтэй. 

Монголдоо анхны мөрөөдлийн мөсөн өргөөг компанийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Энэ бол тэдний нийгмийн хариуцлагын нэг хэсэг. 3600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн уралдаан тэмцээнээс эхлээд экспо гэхчлэн олон арга хэмжээг зохион байгуулах боломжтой өргөө Яармаг орчимд баригдаж байна. 2020 оны Азийн хүүхдүүдийн спортын их наадам энд болно.

Уусмалаас бэлэн болсон зэсийг гаргаж байгаа нь 

Хиймэл цөөрөм

Үйлдвэрлэлийн бүх процессийг эндээс хянана

Үйлдвэр дотор

 /Үргэлжлэл бий/

Г.Хантулга

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.