2019 оны 10-р сарын 11
10 цаг 20 минут

Мишээж буй ТӨВӨД

Олж сонссон үнэн, эрж хайж мэдсэн эрлийн дүн хоёр их багагүй зөрчилдөж, төөрөгдлөөс эдгэрлийг эдгэрлээс үнэнг олоход  ичих мэдрэмж гэгч нь хөг орж, ёстой л сайн муу бодол сав дүүргэнэ гэгчээр өөрийгөө өрөвдөх нь бас бий...

  Хачирхалтай нь энэ мэт өвчлөл болоод эдгэрлийн зөрчилдөөн хүний амьдралд цөөнгүй тохиолдох нь ч бодит үнэн. Сэтгэлд үлдсэн шарх, сургаар дуулсан дуулиан... Эс бол бусдын амьдралын зовлон жаргалын тухай хийсвэр төсөөллөөр том том дүгнэлт хийж, түүндээ эрдэн амьдрах ухааны багш мэт аашлах нь ч бий. Ер нь л бидний амьдрал алдаагаар дэндүү олон. Болдогсон бол шарх нэг бүрийг эдгээж, чулуу нэг бүрийг түүж хаяж чаддагсан бол өнгөрсөн өдрүүдийн нүд нээлт намайг ийм ичгэвэртэй үг бичихэд хүргэхгүй байсан ч байж мэдэх юм. Хилийн дээс алхах бүрт урдаас хаалгаа тосон угтдаг бодит төөрөгдөлд өгөх үнэн хариултуудаас би хувьдаа ичихгүй л байсан болов уу. Гэхдээ тэр хариулт намайг ичээсэн хэрэг биш. Харин би өөрөө урд өмнөх төсөөлөл болоод сургаар сонссон төөрөгдөл хоёртоо гүн бат итгэсэн байсандаа ичсэн хэрэг л дээ. Үгүй ядах нь ээ л, “Төвөд явахдаа...” гэсэн тэр их болгоомжлол анх гадаад паспорт авчихаад хилийн дээс алхсан тэр жаахан насны минь гэнэн дурсамжийн нэгэн адил чемоданиа эмний цуглуулгаар хэтрүүлэн хэлэхэд бараг л дүүргэхэд хүргэсэн байлаа, энэ удаа. Сайн гэдгийг нь мэддэг ч хэзээ ч ууж хэрэглэж үзээгүй “Долоогоны ханд”, өвчин намдаах эм, валидол... за ер нь үргэлжлүүлээд дэлгэрэнгүй яривал үнэхээр  ичмээр. Учир нь, эрт урьдын түүхтэй эргэл мөргөлийн өлгөө эх нутагт очих тухай л бодож төсөөлж сууснаас бус хөгжил дэвшилтэй аль хэдийнэ гар барьж, үр өгөөжөөс нь хүртэж эхэлсэн Төвөд орны тухай би хараахан төсөөлөөгүй байлаа. Интернэтээр олж мэдсэн мэдээлэл цөөнгүй ч нүдээр харах, төсөөлөл төдийхөн бичсэн мэдээлэл хоёрт алд дэрэм байтугай хол зөрүү байдаг хойно “Арга ч үгүй биз” хэмээн өөрийгөө бас өмгөөлмөөр... Хаашаа л харна сөгдөж мөргөн, амьдрахын тулд амьдраад байна уу, эсвэл мөргөлийн төлөө амьдраад байна уу гэмээр мөргөлчдийн цуваан дунд өөрийгөө зогсож буй мэтээр төсөөлөх эхний төсөөлөл маань ор мөргүй алга болсон агшин бол Төвөдийн шинэ бүтээн байгуулалтын үр шимээр өргөжин төлж буй байшин барилгын төлөвлөлт. 1600 орчим жилийн өмнө баригдсан сүм хийдтэй хаяа дэрлэн сүндэрлэсэн шинэ цагийн бүтээн байгуулалт дор бүрнээ Төвөд гэсэн нэг зураас, нэг хээ, нэг шийдлээр цогц баригдсан байх бөгөөд яг үнэндээ тэр болгоны өмнө зургаа авхуулаад явахад л уламжлалт соёл орчин цаг хоёр хоршин нийлэхээрээ зөвхөн орон сууц, өргөө гэр, худалдаа үйлчилгээний төв, албан байгууллага төдий бус өөрөө урлаг болон оршдог гэдгийг харж болно. Гайхмаар нь Төвөдийн шинэ төлөвлөлтийн хүрээнд хаяа тэлэн өргөжиж буй ч уламжлалаас ангид шинэчлэл гэгч тэнд үгүй. Үе, үеийн далай ламын өсч өндийж, төрийн болоод шашны үйл хэргээ хослуулан удирдаж ирсэн Потала ордон уулын оргил эзэлж баригдсан гэдгээрээ дэлхийн уран барилгын түүхнээ илүүрхдэг. VII зууны эхээр Төвөдийг сэргээн мандуулсан Соронзонгомбо хааны үед Лхас хотын хойд чигт сүндэрлэх Улаан уул буюу Хурмастын шүтээн уулнаа уг ордон баригдаж эхэлсэн бөгөөд V Далай ламын оршихуй үед сүүлчийн урлалыг гүйцэтгэж дууссан байгаа юм. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын төвд оршин 100 орчим жилийн настай түүхэн дурсгалт барилгуудыг буулгах тухай асуудал хөндөгдөж, эрчимжихтэй зэрэгцэн Потала ордон болоод тэртээ 1400 гаруй жилийн өмнө баригдсан Их Зуу хийдийн насжилт болоод үнэ цэн, өндөр үнэлэмжийг харьцуулшгүй. Түүхэндээ хоёр удаа буюу 1989 болон 1994 онд сэргээн засварлалт хийгдсэн гэх ч тэндээс шинэ цагийн өнгө будаг, үйл урлалыг олж харахгүй. Бүгд тэртээ мянган жилийн өмнө баригдсан тэр л өнгө аясаараа урдаас их түүх, шашин шүтлэгийн төгс үнэлэмжийг хүүрнэнэ. Зөвхөн нэг далай ламын шарилыг гэхэд 450-500 тонн шижир алт, олон зуун үнэт чулуугаар бунхалсан байх бөгөөд тэр их баялгийг шүтлэгтнүүдийн өргөл барьцаар босгосон түүхтэй. Хамгийн олзуурхууштай нь, түүхийн хүнд хэцүү цаг үе болоод өлсгөлөн ядуурлын ирмэгт туйлдаж асан төвөдүүд өөрсдийн шүтээн рүү гар дүрсэн нь үгүй бөгөөд хир даг болсон бурхны шашны нийтлэг төрхөөс ангид нандигнаж өвлүүлж ирсэн нь гайхмаар сайхан. Тоос шороогоо арчдаг болоосой гэмээр сүм хийдийн орчин нөхцөлийг Төвөдөөс нэгээхэн ч харахгүйн дээр уламжлал болоод итгэл үнэмшил гэгч ямар үнэ цэнтэйг тэндээс харж болно. Ийн бурхан бүрийн алт, чимэглэл бүрийн үнэ цэнийг үнэлээд явбал Төвөд уг углуургаараа дэлхийд алтны нөөцөөрөө лав хойгуур байрт орохгүй байх. Гэхдээ энэ нь эд баялаг гэхээс илүүтэй бурхны шашны өлгий нутаг гэдгээрээ төвөдүүдийн зүрх сэтгэлийн ирээдүй үедээ үлдээж буй өв хөрөнгө гэдэгтэй маргахын аргагүй.

   Мянган жилийн алсад аяны дөрөөг мулталж, гайхамшиг дунд саатсан бидний аялал уулын сүмийг өргөтгөж барьсан Их Зуу хийд рүү хөдөллөө. Олон зуун жилийн турш мөргөж сөгдсөн сүсэгтэн олны алга хавсрах залбирал, гороолж мөргөх мөргөлд элэгдэж, мөлийсөн харагдах энэ сүм бол дэлхийн буддын шашинтнуудын хувьд “нутаг эх орон нь”. Үүсэл хөгжил нь уулын чулуун агуйнаас эхтэй энэ сүмийг тойрч байгуулагдсан Бархорын гудамжийн гоо үзэсгэлэнг ярих юм биш. Зулай төөнөх нарны халуун илчинд байшин барилгын цонх эмжиж дэлгэрсэн цэцэг навчны гоо үзэсгэлэн, шашин номын эд хэрэгсэл гэхээс илүүтэй гар урчуудын ураа шингээж бүтээсэн хачин тансаг эд агуурс, үндэсний хувцсаараа гоёж, жуулчдын сэтгэлд инээмсэглэл үлдээх гоо охидын зөөлхөн инээмсэглэл, амьдралынхаа жаргал зовлон юу эсийг хүүрнэн өгүүлж яваа бол гэмээр сунан мөргөх мөргөлчдийн итгэл үнэмшил... Ахин ахин саатмаар тийм л амар амгалангийн талбар. Магадгүй энэ гудамжнаа сэтгэлд минь нуугддаг олон сайхан ерөөл, эсвэл сэтгэл түгшээн шаналгадаг олон нууц шаналан минь үлдсэн байх. Гэхдээ сэтгэлдээ тээгээд буцаагаад аваад ирсэн тэр бүх нууц яагаад ч юм сэтгэл зүрхийг минь илүүтэй их хөглөж, хурцлах мэт тийм мэдрэмж. Ичингүйрлээ илчилж орхиод, эргэн эргэн очмоор тийм таатай өдрүүд... Яг л “Амьдрал намайг дуул гэлээ...” гэдэг шиг, холдож ирсэн атлаа ойртон нөхөрлөсөн миний сэтгэл...

Аяллын амтанд дурласан ая таатай өдрүүдийн өөр нэгэн зурвас бол ном эрдмийн судар тойрсон шинжилгээ. Шинжилгээ гэхийн учир нь, Төвөдийн их сургууль, Боловсролын тосгон, Ардын уламжлалт эмнэлгийн музейг үзэж танилцсан бяцхан атаархал маань байлаа. Яг үнэндээ энэ сэдвийг ярих гэхээр Төвөд биднээс түрүүлээд байна уу, Төвөдөөс бид хоцроод байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарах. Хятадын Засгийн газраас Төвөдийн хөгжлийг дэмжихийн тулд эн тэргүүнд боловсролын салбарыг нь дэмжсэн түүхтэй. Эртний судар номоо ихэд нандигнаж, уг ном сударт зориулсан номын сан гэдгийг жинхэнэ утгаар нь байгуулсан байх бөгөөд хадгалалтын орчин нөхцөл, агаарын хэм, чийгшилт болоод цахимжуулалтыг тэд төгс хийж чадсан байх. Эртний судар номыг эрдэнэ мэт үнэлдэг тэр жишгийг Монгол эх орондоо хөрсжүүлсэн хуулмаар. Уран бичлэг, модон бар, үндэсний хөгжим, найрал дуу, зураг урлал, хятад төвөд англи хэлээр зэрэг зэрэг суралцаж буй Боловсролын төвийн бяцхан сурагчдыг хараад дахиад л бас бодох. Улсын сургуулийн боломж бололцоог энэ мэт дэлгэрүүлдэг бол гэсэн дээ шүү дээ. Яг үнэндээ энэ тухай бичихээр “Төвөдөд очоод Монголоо шүүмжлэх үү" гэж хэлэх нэгэн гарна байх. Гэхдээ өөртөө хүсдэг сайн сайхан бүхнээ гэдэгчлэн эх орондоо сайн сайхныг хүссэн сэтгэлээр бас сайн жишээ, сайн жишгийг бас хэлээд, бичээд баймаар санагдах.

 

Үгүй ядах нь ээ л, сүүлийн үед “Тавантолгой, Оюутолгой Өмнөговийнх уу,Монголынх уу” гэдэг шүүмжлэл ихээр яригдах болсон. Тэгвэл Хятадын Засгийн газраас  муж хоорондын дэмжлэг гэгчийг бий болгож, үр дүнд хүрсний нэг жишээ бол Лунан муж. Эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсож, аж үйлдвэрлэлээрээ Хятадын хөгжлийг тэргүүлэх болсон Гуанжу тэргүүтэй олон муж Лунанд эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн гэнэ. Гэхдээ зөвхөн мөнгө санхүүгээр дэмжээд зогсохгүй хөгжлийн бодлогыг нь тодорхойлж, төлөвлөгөө график гаргаж, түүндээ санхүүжилт хийх замаар ашиг орлого олох үүд хаалгыг нь нээж өгсөн байх юм. Үүнийх нь үр дүнд тус мужид далайн түвшнээс дээш 5000 метрийн өндөрт оргил нь сүмбэртэх Нинжи Бао уулыг эмжиж байгуулагдсан аялал жуулчлалын шинэ жим, зам. Зөвхөн Гуанжу муж гэхэд Лунан мужийг хөгжүүлэхэд гурван тэрбум 700 сая юанийн гурван удаагийн санхүүжилт олгосон байх бөгөөд есөн удаагийн дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ тус муж Лунаны хувьд хүндэт иргэн л гэсэн үг. Гол нь, тэдний дэмжлэг хий хоосон үрэгдээгүй. Саяхан л хөгжлийн хувьд аньсага сормуус нь нээгдэж амжаагүй нялх жаахан байсан муж зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар гэхэд 37 орны 40 гаруй мянган жуулчин хүлээгээд авчихсан. Ховор нандин цайны үйлдвэрлэл, дэлхийд алдартай  Төвөд гахайн махны борлуулалтаараа ашиг орлого нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.

Толгойгоо сэжилж, өргөж хараад хараад оргилыг нь манан будангийн цаанаас олж харамгүй санагдах энэ мужийн суурин бүрт хоёр давхар барилга байх бөгөөд тэдний олонх нь гэр зочид буудал. Сүүлийн арав орчим жилийн турш гэр зочид буудал ажиллуулж буй Пэнцү гуайн гэрээр зочлох нь ээ, жилдээ 8000-9000 орчим жуулчин хүлээн авсан гэх бөгөөд хоногийн төлбөр нь 100-200 юань байдаг гэнэ. Гурав, дөрвөн ширээний тавцан дүүргэж тавьсан тэдний гэрт буудалласан жуулчдын нэрийн хуудас. Бид бас болоогүй ээ, нэрийн хуудсаа уламжлал ёсоор үлдээж бусад жуулчдын нэгэн адил монгол мөнгөн тэмдэгтээ дурсгав. Гэргий болоод хоёр хүүгийнхээ хамт эрхэлдэг энэ бизнес нь тэдний гэр бүлийн хувьд төвөд үндэстний уламжлалыг дэлхийн олон орны иргэдэд танин мэдүүлэх үнэ цэнтэй өв хөрөнгө нь. Үүнийхээ үр шимээр эхний удаад арав орчим өрөөнд жуулчин авдаг байсан бол одоо гэр буудлаа өргөтгөж, 30 гаруй өрөөтэй болчихсон. Гэргий нь жуулчдынхаа хоол ундыг бэлтгэж, төвөд хоол цайгаа сурталчилна. Пэнцү гуай хэрэв тухайн жуулчин нь хүсвэл, хэлмэрч, хөтөч, жолооч гээд бүх ажлаа хоёр хүүтэйгээ хамт хуваагаад хийчихнэ. Энд өөр нэг олзуурхууштай мэдээллийг давхар дайхад энэ төрлийн бизнес эрхэлдэг өрх айлаас цахилгаан, халуун дулаан гээд урсгал зардал л авахаас нэг ч төгрөгийн татвар авдаггүй гэж байгаа. Тэгэхээр ажиллаж, хөдөлмөрлөснийхөө орлогыг тухайн айл цэвэр өөртөө зарцуулна аа гэсэн үг. Бас л сайхан сонсогдож байгаа биз.

За тэр, “Нарны хот” хэмээн нэрлэгддэг Нинчи мужийн тухайд бүүр ч ярих юм биш. Номин нуур, манан будан дундаас оргил нь үл харагдах шовх шовх уулс. Ногоорон дүнсийх гүн ногоон ой мод. Одоо ч эргэн очоод гэр бүлтэйгээ, хайртай дотны хүмүүстэйгээ амар тайван амарч зугаалахыг хүстэл минь араас даллаж буй газар бол яах аргагүй Лхасаас хурдны замаар дөтөлж хүрсэн Нинчи муж. Сарьдаг өндөр уулыг битүү бүрхэж ургасан гүн ногоон төгөл манан будан дундаас тодорч, тэр ахуйд алсаас алтан ганжир гэрэлтсэн бяцхан арал байх нь сүрдмээр, биширмээр сайхан. Унтаж буй амар амгалансан уу гэмээр Номин нуурын эргэн тойрноо орших төгс зохилдлого хийгээд манан будан сүрлэг шовх оргил уулс сүлэн сүлбэн харагдах нь үнэхээрийн нэг сэтгэл баясгана. Эрж хайж явсан амар амгалан тэнд үлдчихжээ хэмээн бодвол өдгөө ч дахин дахин дурлан дурлан гүймээр. Энэ бол 1994 оноос хойш жуулчдад нээлттэй болсон байгалийн төгс үзэсгэлэн бөгөөд Хятадын тавдугаар зэрэглэлийн буюу хамгийн өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын төв гэдгээрээ алдартай. Ийн жуулчид хүлээн авдаг болох хүртэл 10 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хийлдэг завиар арав гаруй минутын зайтай газар дахин нэг буудаллах нь ээ эрэг дагууд нь бөөрөнхий гэр мэт шилэн зочид буудал байгуулсан нь яг л манан дундаас бумбан цагаан гэр олж харахын дайны тийм гоо үзэсгэлэнтэй. Ер нь л Гурван уулын номин ногоон нуурыг тойрсон байгалийн гоо үзэсгэлэн зүй тогтол болон Төвөдийн бүтээсэн гайхамшгийн тухайд ярих юм биш. Саатан саатан зогсмоор. Хэрэв та тэрхүү ер бусын байгалийн гоо үзэсгэлэнтэй танилцахыг хүсвэл Нинчи муж нь Хятадын 45 хотоос шууд нислэгээр очих боломжтойн дээр хурдны авто замаар ая тухтай очиход асуудал үгүй. Ирэх 2021 онд энэ маршрутаар дэлхийн хамгийн өндөрт баригдах төмөр зам ашиглалтад орох бөгөөд тэр үед зорьж очих зам бүүр ч ямар хялбар болох биз.

Өндөр зэрэглэлийнх нь хурдны замын тухайд үнэндээ уулан дээгүүр яваад байна уу, үүлэн дунд яваад байна уу гэж хаяадаа эргэлзэж гайхмаар. Лав л машины цонх давуулан гүн хөх ой руу өнгийн харах нь ээ, тархи толгой төдийгүй сэтгэл жаахан эргэмээр. Магадгүй тус мужийн нийт газар орны 53 хувь нь ой мод байдаг гэдэг утгаараа сүрдэх, бишрэх сэтгэл нэлэнхүйдээ буюу алхам бүрт төрдөг нь арга ч үгүй биз. За тэгээд нэгэнт зорьж очсон бол хурган цагаан мөөг, орхоодой, хорхой өвс гээд уулын хүнд нөхцөлд ургадаг, эрдэнэ мэт үнэлэгддэг үнэт олдворуудаас аваад гарах хэрэгтэй гэж байгаа юм.

Түүнчлэн зөвхөн энэ муж ч байгалийн төгс ялгарлаараа нүд сэтгэл баясгаж, зүрх сэтгэлийг татаад байгаа хэрэг биш юм билээ. Учир нь, Төвөдийн нийт нутаг дэвсгэрийн 34 хувь нь дархан цаазтай бүс нутагт хамаардаг бөгөөд нэр бүхий 47 газарт устгаж, сөнөөж үл болох дотоод зарлиг үйлчилдэг. Эргээд энэ нь ирээдүйд эдийн засгийг нь аялал жуулчлалаар тэтгэх их боломж гэдгийг албаны хүмүүс тайлбарласан нь яах аргагүй МИШЭЭЖ БУЙ ТӨВӨД-ийн ирээдүйг нүдэнд зурласан хэрэг ээ. Наад зах нь, 140 гаруй төрлийн ан амьтан бүртгэгдсэн байдгийн 38 төрөл нь үндэсний хэмжээний ховор ан амьтанд тооцогддог. Тэдгээрийг устгаж хөнөөх бүү хэл үргээх ч эрх төвөдүүдэд ч, жуулчдад ч байхгүй. Энэ бол байгаль дэлхийгээ, орчин ахуйгаа эргээд аялал жуулчлалыг хөгжүүлэх Хятадын Засгийн газраас олгосон Төвөдөд олгосон давуу эрх. Тэр дундаа, дэлхийн цэвэр усны ундарга болсон энэ бүс нутагт Төвөдийн их сургуулиар дамжуулан байгаль экологийн хамгаалал чиглэлээр тусгай бодлого барин боловсон хүчний нөөцтэй болж буй нь ч чихний хажуугаар өнгөрөөгүй содон сонин болоод онц чухал ач холбогдолтой мэдээлэл байлаа. Яагаад ч юм Төвөд нэг л тийм хайрлагдмаар, хайрлагдах гэж байгуулагдсан болов уу гэмээр тийм нэг дэлхийн үнэт өв юм шиг санагдсан аяллын сонин сайхныг бичиж тэмдэглээд байвал дуусч дундрахгүй тийм их. Боолчлолоос чөлөөлөгдсөний 60 жилийн ойн тухай сэтгэгдэл болоод үр дүнг ч тоочин өгүүлэхэд  тоймгүй. Их гэхдээ тэмдэглэл ихэдвэл нуршихын зовлон их тул үүгээр өндөрлөе.

Сүсэг бишрэл гэдгийг сохроор эсвэл их түүхийн өв соёлыг хоцрогдлоор тайлбарладаг бидний алдааг Төвөдөөс нэг ч олж хараагүйдээ олзуурхсан гайхалтай аяллын өдрүүд ийнхүү ард үлдэж. Устаж сүйдсэн сүм хийд, алдагдаж олзлогдсон соёлын өвийн эрэлд хатаж хорчийсоор байгаа та бидний үнэ цэн, өв соёл хаа байна вэ... Харанхуйд бүдчин тэмцэх энэ эрэл Төвөдөөс ангид үлдсэнд талархал илэрхийлмээр... Магадгүй энэ эрэл та биднийг ирэх өдрүүдэд дахин Төвөд рүү жим гаргахад хүргэнэ байх. Учир нь тэнд итгэл үнэмшил, өв соёл мөнх настай оршин байхынхаа нэгэн адил хөгжил дэвшил ч өмнөөс мишээж байх нь бүүр ч гайхамшигтай. Мишээж буй Төвөд дахин миний аяллын зогсоол боллоо гэхэд эргэлзэлгүй дахин замд гарах тийм сайхан өдрүүд тэнд үлджээ.

 Г.Отгонжаргал

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.239ЗОЧИН   • 10 сарын 13. 17 цаг 34 минут

Хөрш улс дэхийд 2-т орож хөгжиж байгаа нь нүдэн дээр илт байна Монгол ч гэсэн буруутай зөвтэй хөнжиж лбайна Хөгжил гэдэг өндөр байшин барилга уу тэр сайхан барига дотор хэн сууж хэнд ажилын байр гарч байгаа нь баснэг хэрэг байх Монгол иргэд олон төрлийн шашинд хуваагдаж өөрсөдөө амаараа гадагшаа байлдаад хаана хүрч хэнийг дийлэх юм бэ Харин толгойгоо орчин үеийн шилдэг гэсэн болгоныг сурч дэлхийд нэрээ гаргаж нэмэр болох хэрэгтэй биздээ Ингэж чадвал та дотороо инээмсэгэж болно шүү

8.46.65.5Зочин   • 10 сарын 13. 9 цаг 17 минут

Хятадууд нэг бүс нэг зам санаачилгын хүрээнд Хэвлэлийн төв байгуулж хөгжиж буй орны сэтгүүлчдийг хэдэн сараар сургаж Хятадын нэр хүндийг өргөх зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж байгаа юм. Манай сэтгүүлчид ийм сургалтад суугаад тархи угааж эхэлж байгаа юм болов уу даа. Төвдийг хүчээр хөгжүүлж байж магад гэхдээ хятаджуулах бодлого хэрэгжүүлж байгааг дэлхий нийтээр мэднэ бас эсэргүүцсээр ч байгаа. Гэтэл юун мишээж байгаа Төвд билээ? Сэтгүүлчид тал талын мэдээлэл эх үүсвэрт тулгуурлан бичиж байхгүй бол хэн мөнгөтэйд хөгжим тоглож болохгүй

66.181.182.203Зочин   • 10 сарын 11. 16 цаг 50 минут

Үхсэн үхэр Монголчууд олигтойхон амьдарч чадахгүй байж хүний амьдралд атаарханаа. Чааваас та нар Хятадууд хилээ хаавал хамраа хатгаж үхнэ биз дэ. Тэртээ тэргүй Хятадаас хамаг юмаа авч байж. Дэлхий нийт Хятадаас мөнгө яаж салгах вэ гэж бодож байхад. Юу ч үгүй ядуу байж ихэрхэж байдаг новшнууд. Хятадыг муулахаас өмнө хэлийн сайн сураад, соёл бодлогын сайн судал залуусаа

203.91.116.185МА ЖИАНЫГ УНШ   • 10 сарын 11. 15 цаг 00 минут

ХЯТАДУУД ТӨВДИЙГ ИЙМ ГОЁ БОЛГОЖ МОНГОЛ БАС ХЯТАДАД ДАГААР ОРЪЯ ГЭСЭН АГУУЛГА НЭВТ БНА

203.91.116.185МА ЖИАНЫГ УНШ   • 10 сарын 11. 14 цаг 59 минут

ТАРХИА ЗАД УГААЛГАЧИХААД НЭЭХ ЦЭЦЭРХЭН ОРООЦОЛДОЖ ЭЭДЭРСЭН ЗАГВАРДСАН НАЙРУУЛГААР УХААНТАЙ ДҮРЭЭР СУРВАЛЖИЛГА ХИЙЖ ДЭЭ.

149.159.205.165Зочин   • 10 сарын 11. 12 цаг 56 минут

Чааваас даа

103.9.89.18Зочин   • 10 сарын 11. 12 цаг 25 минут

Сөнөж буй Төвдүүдийн нутаг цэцэглэж буй Хятадуудыг магтан дуулах хэрэг байна уу.

103.9.89.18Хөөрхий   • 10 сарын 11. 12 цаг 16 минут

Улс үндэстэнг цусыг нь урсган эзэлж устган урвагчдыг нь хэсэгхэн хугацаанд өнгө мөнгөөр урхидаж эзлэн түрэмгийлэлээ цайруулж, хөрөнгө оруулалт нэрээр мөнгө цутгаж хөгжиж байгаа дүр төрхтэй болгож цуст аллагаа зөвтгөх хятад бодлогыг магтан дуулж буй мангууг өрөвдчихлөө. Төвдөд төвд хэмээх нэрнээс өөр юу чүлдээгүй хятад-төвд болоод байгааг мэддэггүй мангуу байна даа

202.21.109.81балт ван   • 10 сарын 11. 11 цаг 52 минут

Тэр жуулчдын харааг зориуд татаж буй төвд хувцастай охидууд бол хятадын мисс охид шүүдээ малаа. Балт ван шигээ хүн ардаа уруу татан дагаар орохыг л уриалан бичиж, тэг тэг 5-10 жилийн дараа төвд ч монгол ч сураггүй болж дан тэдний хувцасыг нь өмссөн жунгаануудаар дүүрнэ. Одоо очиод шинжааны монголчуудтай уулзаж ярилцан сэтгэгдлийг бас бичээрэй сэтгүүлч Отгонжаргалаа

183.81.171.2ШУДАРГА   • 10 сарын 14. 10 цаг 12 минут

ТҮВД ХУВЦАСТАЙ ХЯТАДУУД ГЭДЭГ НЬ ҮНЭН БАЙХ ШҮҮ,,

66.181.190.223Зочин   • 10 сарын 11. 11 цаг 12 минут

Төвдүүдийг болхи бүдүүлэг өнгөрсөн зууны байдлаар л төсөөлдөг хүмүүс орчин бүх л улс орны хүмүүс соёлжин өнгөлөг болоод байгааг ойлгох хэрэгтэй. Хятадын бодлого нь Төвд тэдний харьяанд ороод хөгжин дэвшиж жаргаж байна гэж сурталддаг. Зам барилга мэт гадна талын матeриаллаг зүйлс нь хөгжсөн. Гэвч Төвдийн ард түмэн соёл заншлыг нь устгаж, эрх чөлөөг нь боомилж, сэхээлэг хэсгийг нь бөөнөөр нь хорьж цагдан, үндэстнийг нь уусгахыг хичээж байгаа Хятадын үзэн яддаг. Хятадтай нийлж хөгжүүлнээ гээд уравсан зарим түшмэд нь юу хийснээ одоо харвал ч

183.81.171.2ШУДАРГА   • 10 сарын 11. 10 цаг 56 минут

ТӨВӨДҮҮДИЙН АХУЙ БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ,, ГЭВЧ ТУСГААР УЛС БАЙНА ГЭДЭГ ӨӨР АСУУДАЛ,,, ХҮНИЙ НУТАГЫН САЙХАНЫГ ХАРААД ӨӨРИЙН НУТАГАА ГОЛООД ЯАХАВ??? ЯАЖ ӨӨРСДӨӨ ИЙМ БОЛГОХ ВЭ ? Л ГЭДЭГ БАЙНА...ӨӨРИЙН НУТАГАА ДИВАНЖИН БОЛГОХГҮЙ ХҮНИЙ НУТАГИЙГ ДИВАЖИН БОЛГОЖ ЭД ЗҮЙЛЭЭ ӨРГӨЖ БАРЬДАГАА Л БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

66.181.190.9зочин   • 10 сарын 11. 10 цаг 48 минут

Төвөд гэж бичдэг болсон юм уу даа. Биднийг залуу байх үед ТҮВД гэдэг байсан.

66.181.188.232Зочин   • 10 сарын 11. 14 цаг 28 минут

Тувд л гэж бичиж бсан

202.21.109.81бодлого   • 10 сарын 11. 10 цаг 34 минут

Хятадын алсын хараатай ухаалаг бодлогыг дэмжин бичжээ. Төвд, өвөрлөгчдийн нэг адил урд хөршийнхөө мэдэлд ороод хөгжил дэвшлийн манлайд хүрцгээе гэсэн өгүүлбэр дүгнэлт л дутуу бн

Шинэ мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг баталлаа11 сар 13. 19:43ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 13. 19:40Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ11 сар 13. 19:372020 оны улсын төсвийг баталлаа11 сар 13. 19:24Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ11 сар 13. 18:05Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 18:00Кембрижийн толь бичиг 2019 оны үгээр Upcycling гэдэг үгийг сонгожээ11 сар 13. 17:55Дэлхийн эдийн засаг хямралын өмнө11 сар 13. 17:50Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ11 сар 13. 17:45ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу11 сар 13. 17:40Есөн настай хүү их сургуулийн диплом гардана11 сар 13. 17:35Ибра Болоньяг сонгоно11 сар 13. 17:30Хүний хамгийн өвөрмөц эрхтэн нүдний тухай сонирхолтой баримтууд11 сар 13. 17:25Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа11 сар 13. 17:20Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс11 сар 13. 17:15Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ11 сар 13. 17:10Оддын өндрийн хэмжээ11 сар 13. 17:05“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ11 сар 13. 17:00Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ11 сар 13. 16:55Хамгийн үнэтэй цаг худалджээ11 сар 13. 16:50Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог11 сар 13. 16:45Дөрвөн гүемийн хамт амарч буй цоохор ирвэсийн зураг анхаарал татаж байна11 сар 13. 16:40YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна11 сар 13. 16:35Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ11 сар 13. 16:30Талибанчуудыг Америк хоригдлуудаар солино11 сар 13. 16:25Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ11 сар 13. 16:20Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ11 сар 13. 16:15Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ11 сар 13. 16:10Тайланд бүсгүй “Miss International” тэмцээний титмийг зүүв11 сар 13. 16:05аргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд11 сар 13. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.