2019 оны 10-р сарын 17
8 цаг 30 минут

Ж.БҮРЭНТӨГС: Геологи, уул уурхай гээд хоёр өөр юмыг нэг дор базчихаад, түүнийгээ тойрч попроод байна

Монгол Улсад геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ сарын 18-нд тохиох гэж байна. Бид энэ ойг угтаж ахмад геологич, "Сентеррагоулд" компанийн  техникийн асуудал эрхэлсэн захирал Ж.Бүрэнтөгстэй ярилцлаа.  Тэрбээр 1977 онд МУИС-ийн Геологи уул уурхайн факультетийг геологич мэргэжлээр төгссөнөөс хойш  42 жил энэ салбартаа ажиллаж буй ахмад инеженерүүдийн төлөөлөл  билээ.

-Геологич мэргэжлээр суралцах болсон нь санамсаргүй сонголт биш байх. Нутаг ус, аав ээжийн нөлөөлөл байв уу?

-Би өөрөө хотод төрж өссөн хүн.  Аав, ээж хоёр маань хоёул багш. Бидний үеийнхэн эр хүний жаргал эзгүй хээр гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч хөдөө хээр эх орныхоо байгалийн сайханд ажиллаж эрдэнэс баялаг нээнэ гэдэг эр хүний хийх ёстой ажил гэж ойлгогддог байсан. Тэгээд л геологич  мэргэжлийг сонгосон.

-Төгсөөд ажил мэргэжлийн гараагаа хаанаас эхэлж байв?

-Мөрөнгийн геологийн зураглалын экспедиц гэж том байгууллага байлаа. Тухайн үедээ их хүчирхэг, 400 гаруй инженер техникийн ажилтантай, 14 ангитай экспедиц байв. Зүүн  гурван аймгаас бусад нутагт геологийн  эрэл судлагаа, зураглалын ажил хийдэг том экспедиц л дээ. Тэндээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа.  Хоёр жил Тэшигийн ангид  ажиллаж байгаад дараа нь Эрдэнэтийн ангид1979-1981 онд  ахлах геологиор ажиллаж байсан. Гурвансайханы бүлэгчилсэн зураглалын 11 дүгээр анги гэж байсан. Өмнө нь бүлэгчилсэн зураглалд Зөвлөлтийн инженерүүд олноор ажиллаж байсныг дан монгол инженерүүдээр зохион байгуулахад тэнд очиж ажилласан. Дараа нь Сайншанд болон Зүүнбаянгийн бүлэгчилсэн зураглалын ангид ажиллаж байлаа.

Тэгээд зах зээлтэй зэрэгцээд 1996-97 оноос гадаадын хөрөнгө оруулалт орж ирж геологи хайгуулын ажил хийж эхэлсэн. Тэгэхэд Каскадиа Майнинг гээд Канадын хөрөнгө оруулалттай компанид ажилласан.  Энэ компани 2002 онд нэрээ солиод Сентеррагоулд компани болсон. Энэ компанидаа одоог хүртэл ажиллаж байна.

-Бүлэгчилсэн зураглалын анги  гэдгийг тодруулахгүй юу?

-Бүлэгчилсэн зураглал гэхээр маш том хэмжээний талбайд геологийн судалгаа хийх үүрэг зорилготой мэргэжлийн байгууллагыг хэлж байгаа юм

-Социализмын үед геологийн салбарт гадаадын мэргэжилтнүүд олон ажиллаж байсан уу?

-Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд геологийн анги бүр дээр ажилладаг байлаа. Зарим томоохон ангид бол хэд хэдээрээ ажилладаг байсан. Үндсэндээ 1990 он хүртэл. Дээр хэлсэн Гурвансайханы бүлэгчилсэн зураглалын 11 дүгээр ангийг дан монгол инженерүүдээр байгуулсан нь гадаадын мэргэжилтнүүдийн хийж байгааг монголчууд бие дааж хийж чадна гэж үзсэнийх юм.

-Таныг геологичоор ажиллаж байхад олон орд газар нээгдсэн байх...

-Манай экспедиц зүүн гурван аймгаас бусад бүх нутагт эрэл зураглалын ажил хийсэн. Олон орд, илрэл олж байсан.

-Зураглалын анги гэхээр хайгуулаасаа арай өөр юм байна, тиймүү?

-Анхан шатны эрлийг хийж, геологийн зураг зохиодог анги гэсэн үг. Тэгээд нэг илэрц олохоор түүнийг нь  хайгуул хийдэг экспедиц  нь цааш үргэлжлүүлдэг байлаа. Тус тусдаа үүрэг чиглэлтэй. Тэр үед Монголын газар нутаг  бага судлагдсан байв.  Зураглалынхны энэ ажлын үр дүнд Монгол орны газар нутаг 200  мянгын масштабтай зураглалд бүрэн хамрагдсан. Одоо 50 мянганы зураглалд нийт газар нутгийн 40 орчим хувь нь хамрагдаад байгаа.

-Тэр үед геологийн салбар маань техник технологи, боловсон хүчний хангалт ямар түвшинд байсан бэ?

-Ямар ч байсан муу гэж хэлэхгүй. Байгаа нөхцөл боломждоо тулгуурлаад ажил үүргээ хангалттай чанартай гүйцэтгэдэг байсан.  Яахав, одоо технологийн түвшин  өндөр болсон,  багаж  техник, хангалт нь сайжирсан. Гэхдээ хайгуулын үндсэн зарчим хэвээрээ байгаа.

-Өмнөх нийгмийн үед улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордуудаас одоо ашиглагдахгүй байгаа орд  бий юу?

-Ашиглахгүй байгаа орд бий, бий.

-Жишээ нь..

-Одоо алт, зэс, нүүрс  гээд энэ гурвыг л ашиглаж байна шүү дээ. Жонш энэ тэрийг бага хэмжээгээр ашиглаж байгаа байх. Ашгаа түргэн өгдөг тийм л ордуудаа түрүүлж ашиглаж байна. Тийм ордууд нь  алт, нүүрс, зэс гурав л байна, одоохондоо.  

-Ашиглаж байгаа энэ хэдээс өөр ашиглах нөөцтэй томоохон орд Монголд олон байна уу?

-Том нөөцтэй гэхээр Оюутолгой, Эрдэнэт, Цагаансуварга гурваас өөр орд одоогоор байхгүй. Нүүрсний орд бол тусдаа. Монголчуудыг алтан дээр суусан гуйлагчин гэлцдэг.  Мөн зарим нэг нь 8000 ордтой гэдэг л юм. Гэтэл үнэндээ 8000 орд байхгүй. Ерөнхийдөө 1000 гаруй орд л бий.  Миний бодлоор судлагдаад илэрсэн нөөцөөр  Монгол тийм баян орон биш шүү дээ.

-Энэ 1000 гаруй орд гэдэг маань баталгаатай нөөц нь тогтоогдсон гэсэн үг үү?

-Тийм. Судлагдаад зохих  нөөц нь тогтоогдсон орд гэсэн үг. Гэхдээ Оюутолгой, Эрдэнэт шиг өндөр хэмжээний ашиг өгөхөөр том хэмжээний ордууд  байхгүй. Нүүрснээс бусад нь.

-Монголд ер нь юу юуны орд байна вэ. Ялангуяа металлын. Асгатын мөнгөний орд гэж дуулддаг.

-Ер нь юм юм л бий. Бүх металын орд бий. Гэхдээ тийм том хэмжээний биш, дэлхийд гайхуулахаар орд байхгүй.Жижиг, дунд зэргийн ордууд бол бий бий.  Асгатын мөнгөний ордын тухайд гэвэл тийм том хэмжээний нөөцтэй орд бас биш. Ашиглалтын их хэцүү нөхцөлтэй юм гэсэн, би очиж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.

-Монголд дахиад Оюутолгой шиг тийм том хэмжээний орд нээгдэх боломж байгаа юу?

-Байгаа юу гэвэл, байгаа. Гэхдээ тийм ордыг нээхийн тулд маш их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр хэрэгтэй болно.

-Монгол орны аль бүс нутагт тийм орд нээгдэх боломжтой вэ?

-Ер нь Монгол орны төв хэсэг болон урд хэсгээр нээгдэх магадлал өндөртэй.  Харамсалтай нь одоо хайгуулын ажил бараг хийгдэхгүй байгаа шүү дээ.

-Хайгуулын ажил яагаад хийгдэхгүй байгаа юм бэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ хайгуулыг тодорхой хугацаагаар  зогсоож байсан санагдана...

-Яагаад ингэчихээд байгаа юм бэ гэхээр геологи, уул уурхай гэдэг хоёр өөр юмыг нэг дор базаж, нэг юм болгочихоод тэр нь байгаль орчин сүйтгэдэг, болохгүй бүтэхгүй гээд байгаа юм. Энэ чинь тус тусдаа огт өөр юм шүү дээ. 

Геологи гэдэг чинь шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажил.  Харин уул уурхай гэдэг чинь ухаж төнхдөг үйлдвэрлэлийн салбар. Энэ хоёрыг нэг юм болгож, еэвэнгийн хоёр тал болгочихоод  одоо геологио ч хийж чадахгүй, уул уурхайгаа ч хөгжүүлж  чадахгүй ийм байдалтай  байна. Энэ хоёрыг хийнэ гэсэн хүнийг эх орны дайсан болгочихдог ийм л байдалтай байна. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Одоо шинэ талбай авч хайгуул хийнэ гэвэл бараг авах аргагүй болсон.

-Бүгд эзэнтэй болчихсон гэсэн үг үү?

-Үгүй, эзэнтэй болоогүй.  Хуучин хайгуул хийх талбайг өргөдлөөр өгдөг байсан. Тэгээд тэр нь замбараагүй олголт болсон байх. Тиймээс сонгон шалгаруулалтаар өгдөг болсон. Сонгон шалгаруулалтаар хааяа нэг талбай зарлагддаг. Тэр нь аукционаар буюу аль их мөнгө амалснаар нь шалгаруулж өгдөг. Тэр их мөнгө өгсөн компани  ямар хөрөнгөөр хайгуул хийх нь бас тодорхойгүй ш дээ. Хайгуулд их мөнгө зарцуулдаг, юм олдохгүй бол тэр хэрээрээ эрсдэл хүлээдэг.

-Гадаадын хөрөнгө оруулагчид хайгуул хийх сонирхол их байдаг юм биш үү?

-Тийм цаг үе байсан. Ялангуяа 1990-ээд оны сүүлчээр. Одоо тийм сонирхол бараг байхгүй болсон.

-Шалтгаан нь юу юм бол...

-Биднээс л шалтгаалж  байна.  Хууль эрх зүйн орчин тогтвортой биш, янз янзын юм гаргаж ирдэг. Ашигт малтмалын хуулийг хэчнээн ч удаа өөрчлөв. Нэгэнт байгуулсан гэрээгээ буцаадаг, хуулийн дагуу явж байгаа хөрөнгө оруулагчдаа хамгаалдаггүй  гэхчлэн олон шалтгаан бий.

-Монголын нийт нутгийг хамарч  ашигт малтмалын эрэл хайгуул  хийгдэж чадсан уу?

-Зураглал гэхэд 200 мянганы зураглалаар 100 хувь бүрэн хамарсан Харин 50 мянганы зураглалыг 40 хувьд нь хийгээд байгааг дээр хэлсэн. Үүнийг гүйцээж хийх хэрэгтэй. Зураглалын ажил гэдэг бол энд ямар нэгэн ашигт малтмал байна шүү, үүнийг цааш нь хайгуул хийж судлах ёстой объект байна уу, үгүй юу гэдгийг тогтоож өгдөг. Зураглал хийгдснээр олон зүйл тодорхой болдог.

-Энэ 50 мянганы зураглалд улсаас хөрөнгө мөнгө зарцуулдаг уу. Ер нь геологийн салбарыг улсаас дэмжиж байгаа юу, зөнд нь хаячихсан уу?

-Яг энэ 50 мянганы зураглалд улсаас хөрөнгө зардаг. Мөн сэдэвчилсэн судалгаа  зэрэгт улсаас хөрөнгө гаргаж ажилладаг юм.  Жил бүр тендер зарлаад ихэнхдээ хувийн компаниуд л энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Гэхдээ чанар нь хэр байгаа вэ гэдэг нь эргэлзээтэй.  Учир нь жил бүр зарцуулж байгаа хөрөнгө мөнгө нь бага учраас тэр хэмжээнд нь зохицуулж хийнэ гэсэн үг. Тэр жаахан төсвөөс нь тухайн гүйцэтгэгч бас өөрийн ашгаа гаргаж авах ёстой. Тэгэхээр чанар нь ямар байх вэ гэдэг асуудалтай.

-Та одоо алтны салбарт, тэр дундаа Сентеррагоулд компанид  ажиллаж байгаа юм байна...

-Миний ажиллаж байгаа Сентеррагоүлд компани  алтны үндсэн ордын  эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоодог компани.

-Тэгээд бас ашигладаг компани бил үү?

-Ашиглах гээд чадахгүй л байна.

- Сентеррагоулд  компанийн Ноён уулын лицензийг цуцалчихсан...

-Анхан шатны шүүхийн шийдвэрээр лицензийг нь цуцалчихаад байгаа. Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй байна.

-Ер нь хайгуулаар дагнасан компани юм уу?

- Сентерра гоулд компани зөвхөн алтны үндсэн ордын хайгуулын чиглэлээр Монголд 22 жил ажиллаж байна. Одоо талбай байхгүй учраас хайгуулын ажлаа хийхгүй байгаа. Геологичдоо халаад явуулчихсан.  Нэгэн цагт манай компанид  80 орчим хүн, эдгээрээс 10 гаруй нь инженер техникийн ажилтан ажиллаж байсан. 2005 оны үед 120 орчим  лицензтэй байсан. Энэ тооноос айх хэрэггүй, зөвхөн хайгуулын лиценз байсан. Эхний хоёр жилд компани талбай бүрдээ эхний шатны геохимийн дээж авах зэргээр судалгааг  хийгээд  ямар нэг металл, ашигт малтмал, үндсэн орд  илрээгүй бол буцаагаад өгчихдөг байсан. Лицензтэй талбайгаа удаан хугацаагаар бариад байдаггүй, хэн нэгэнд зарчихъя гэсэн санаа огт байгаагүй. Компанид хоёрхон гадаад хүн л ажилладаг байсан. Нэг нь захирал, нөгөөр нь ерөнхий геологич. Хамгийн гол нь Монголын олон геологчийг маш сайн сургасан. Тэгээд 1998 онд энэ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Гачууртын ордыг олсон. Энэ ордыг 2006 гэхэд нөөцийг нь тооцоод ашиглаж болохоор байсан. Гэтэл Ноён уулын булш гэдэг шалтгаанаар одоо хүртэл олборлолт хийгдээгүй байгаа юм.

Уг нь Ноён уулын булш гэдэг нь Төв аймгийн Борнуур сумын нутагт, харин  орд нь Сэлэнгэ аймгийн нутагт байгаа юм. Козловын экспедиц 1924 онд  судалгаа хийж байхдаа Ноён уул гээд нэрлэчихсэн. Өөрөөр хэлбэл хоёр Ноён уул байгаа юм.

-Хүннүгийн үеийн  булш олдсон Ноён уул нь Төв аймгийн Борнуур сумын нутагт байгаа юм уу?

-Тийм. Борнуур сумын Сүжигт гэх газар байгаа юм. Энэ уул тэр ордоос 10 гаруй км, харин Мандал сумын нутагт байгаа Ноён уул нь олборлолт хийх талбайгаас 5 км зайтай.  Энд 50 тн алттай, жижгэвтэр орд ч Монголдоо бол  томд тооцогдоно.

-Танай компани өөр ямар  ямар орд илрүүлсэн бэ?

-Гачууртаас гадна Бороогийн уурхай Гачуурт хоёрын дунд Улаанбулан гээд бас нэг алтны орд олсон. Жижиг орд учраас Гачуурттай хамт олборлох  боломжтой.

Мөн Дорнод аймгийн нутаг Цагаан-Овоо суманд  Алтанцагаан овоог орд болгосон. Хоёр жилийн дотор маш хурдан хугацаанд хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтооосон. Тэнд 28 тонн алт, мөн мөнгө, хар тугалга цайр байгаа. Бусад металлын нөөцийг алтны эквивалентад шилжүүлэхэд 43 тонн алт болох юм. Энэ ордыг Степгоулд компани олборлохоор үйлдвэр барьж байгаа.

Мөн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт мөнгө, цайр, хар тугалганы орд нээж нөөцийг нь тогтоосон. Би зөвхөн нөөцийг нь тогтоосныг л хэлж байна шүү. Тэгснээс нөөцийг нь тогтоогоогүй  алт, ашигт малтмалын илэрц бол олон бий.

Сентеррагоулд компанийн хувьд  тодруулж хэлэхэд  Монголын геологчдийг маш сайн сургаж дадлагажуулсан,  хүчтэй мэргэжлийн өндөр чадвартай  болгосон. Хоёрдугаарт, 4  үндсэн ордын эрэл хайгуулыг хийж нөөцийг нь тогтоосон ийм компани.

М.Нэргүй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ11 сар 20. 18:05Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 18:00Хулгана жилд зориулсан алт мөнгөн дурсгалын зоос гаргажээ11 сар 20. 17:55Агаарын бохирдол хүний оюун ухаанд нөлөөлдөг11 сар 20. 17:50Виллиан Барса руу11 сар 20. 17:45Олимпийн цэнгэлдэх бэлэн болжээ11 сар 20. 17:4022-ноос хүйтний эрч чангарна11 сар 20. 17:35Хорвоогийн хачин төрхтэй амьтад.../Фото/11 сар 20. 17:30Дуучин Бейонсегийн охины зохиосон дуу шагнал хүртжээ11 сар 20. 17:25Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгоно11 сар 20. 17:20Дональд Трамп Хятад улсыг татвараар дахин сүрдүүлэв11 сар 20. 17:15Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь11 сар 20. 17:10Анчелотти Англи руу11 сар 20. 17:05Ромын пап Тайланд, Японд айлчилна11 сар 20. 17:00Японд ганц бие хүмүүст зориулсан баар нээгджээ11 сар 20. 16:55“Бидний нэг өдөр” тайлант өдөрлөг боллоо11 сар 20. 16:50“Алтан намар 2019” наадмын эргэн тойронд11 сар 20. 16:46Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил11 сар 20. 16:45Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй11 сар 20. 16:40Ребел Вилсон К-попын тухай кино хийнэ11 сар 20. 16:35“Талибан” барьцаанд байсан багш нарыг суллажээ11 сар 20. 16:30Мисс М.Цэвэлмаа Английг зорилоо11 сар 20. 16:28ӨДРИЙН ТОЙМ: ZALUU.COM өнөөдөр дараах үйл явдлуудыг онцолж байна11 сар 20. 16:26Алдарт оддыг “таргалуулдаг” уран зураач11 сар 20. 16:25Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ11 сар 20. 16:23Хайр дурлалын тухай шилдэг 15 ишлэл11 сар 20. 16:20Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна11 сар 20. 16:15Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ11 сар 20. 16:10“Мона Лизагийн” нүцгэн зураг байдаг байна11 сар 20. 16:00НҮБ АНУ-ын шийдвэрт харамсаж байна11 сар 20. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.