Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 95 орны 553 жүдоч барилдахаар болоод байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 6, нийт 16 бөх Абу Дабид өрсөлдөх юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, манайхаас 7 бөх гарч барилдана. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Л.Өнөболд гэсэн хоёр залуу мастер хүч үзэх юм. Э.Ариунболдын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Монако улсын бөх Ян Сиккардитай барилдахаар оноолт таарав. Харин Л.Өнөболд эхний тойрогтоо Хойд Солонгосын бөх Ан Жа Ёнтай оноолт таарав. Ялбал Оросын Роберт Мшивидовадзетай тулна.
66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн гэсэн шилдэг бөхчүүд барилдана. Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг нурааж, шилдэг барилдаан үзүүлсэн Ё.Басхүү С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Манай хоёрдугаар тойрогт Перугийн Хуан Постигос болон Тажикстаны Бокиев Ёокубзон нарын ялсантай нь барилдана.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу мастер Г.Наранцэцэг барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркийн бөх Сентурк Гулькадертай барилдахаар оноолт таарлаа. Харин 52 кг-д М.Уранцэцэг аварга жин өгсч орж ирлээ. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Алжирын бөх Файзатай барилдахаар оноолт таараад байна. Энэ жинд мөн Б.Хорлоодой өрсөлдөх бөгөөд С хэсэгт багтлаа. Эхний тойрогтоо Оросын Анастасия Поликарповатай барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 13:15 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл бичих