ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Цэрэнхандтай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын ногоон байгууламжтай холбоотой томоохон судалгааны ажлыг хийж буй багийн гишүүн юм.
-Та Улаанбаатар хотын ногоон байгууламж, тэр дундаа ургаж байгаа моддыг нарийвчлан судалж байгаа юм байна. Судалгааны үр дүн гарч эхэлсэн үү?
-Манай ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд нийслэлтэй дотоод хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаар болж, гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар өнгөрсөн тавдугаар сараас судалгааны ажил эхэлсэн. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хүртээмж, хэмжээ харьцангуй бага. Дэлхийн түвшинтэй харьцуулахад маш бага байдаг. 2018 он оны тоон мэдээллээс харахад, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.16 ам.метр л байна. 2019 оны байдлаар 4 ам.метр болж, бага зэрэг нэмэгдсэн. Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд ногоон байгууламжийг 96 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм билээ. Ер нь нийслэлийн ногоон байгууламжийг нэмэхийн тулд олон төрлийн мод, сөөг, ургамал тарьж байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ жаахан учиртай тарих хэрэгтэй. Ногоон байгууламж нийслэлийн өнгө үзэмжийг нэмэхээс гадна, эрүүл ахуйн шаардлагад зохицсон байх ёстой. Энэ маш чухал шүү.
Ногоон байгууламжийг нэмэхээр тарьж байгаа мод, сөөг ургахгүй байна гэдэг. Чухам ямар шалтгаанаар ургахгүй байна гэдгийг нарийн мэдэхээр дотоод бүтцэд нь явагдаж байгаа физологийн үйл ажиллагааны судалгааг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлсэн. Ургахгүй байгаа ургамлуудын хаана нь, ямар процесс явагдсанаас болов. Ямар учраас ургахгүй байна гэдгийг энэ судалгааны үр дүнд олж тогтоох юм. Судалгааны эхний үр дүнгүүд гарсан. Албаараа бид төслийнхөө ажлын тайланг хэлэлцүүлэхээр бэлтгэчихсэн байгаа. Судалгааг нэг хийгээд орхичихгүй. Цаашид олон жил энэ судалгааг хийнэ. Мониторинг судалгааг нарийн хийснээр эцсийн үр дүндээ нийслэлд ямар ургамал тарих боломжтой. Ямар нөхцөлд, аль ургамал, модыг тарвьал боломжтой вэ гэдгийг тогтооно. Нөгөө талаар орчны бохирдлыг ургамлаар дамжуулж бууруулах боломжтой учраас нийслэлд тарихад хамгийн тохиромжтой ургамлын сортыг олж авах нь энэ судалгааны гол зорилго.
-Судалгааны ач холбогдол нь юу вэ. Цаашид ямар эерэг үр дүнг авчрах бол?
-Маш олон талын ач холбогдолтой. Ялангуяа ногоон байгууламжид зарцуулж байгаа маш их хэмжээний төсөв хөрөнгийг хэмнэх боломжтой. Нөгөө талаар, бидний бүрдүүлж байгаа мэдээлэл албан байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдэд ногоон байгууламжийн талаар зөв ойлголт өгнө. Үүнд тулгуурлаад ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой.
-Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4 ам.метр байна гэж та хэллээ. Энэ хэмжээ хэд хүрч байж бид ногоон байгууламжтай хотод амьдарч байна гэж хэлж болох вэ?
-Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэлд амьдарч байгаа. Нийслэлийнхэн 2030 он гэхэд энэ хэмжээг 96 хувьд хүргэнэ гэж төлөвлөж байгаа талаар би хэлсэн. Тэгэхээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 96 ам.метр хэмжээнд хүрч байж л бид цэвэр агаараар амьсгална. Хангалттай ногоон байгууламжтай хотод амьдарна гэсэн үг. Энэ бол судалгаанд үндэслэж гаргасан, олон улсын жишигт ойртуулах гэж байгаа л тоо. Нөгөө талаар манайхан өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөх, ногоон байгууламжтай зөв харьцдаг болох ёстой. Хүүхдүүдээ цэцэрлэгийн наснаас нь эхлээд ургамалтай зөв харьцдаг, хайрладаг болгож өсгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэдэн хүн мод авчирч тариад, бусад нь сүйтгээд байвал хэзээ ч үр дүнд хүрэхгүй.
-Шилмүүст мод, навчист модны алийг нь тарьвал илүү үр дүнтэй вэ. Мэдээж ялгаа байж таарна?
-Байлгүй яах вэ. Шилмүүст мод гэдэг мөнх ногоон ургамал. Тиймээс өвлийн улиралд агаарын бохирдлыг 40 хувь бууруулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа, тооцоо бий. Тийм учраас нийслэлийн ногоон байгууламжид гацуур, шинэс, нарсыг түлхүү тарьсан. Нийслэлд одоогоор 8100 ширхэг шилмүүст мод ургадаг. Шилмүүст мод өвөлдөө өнгө үзэмжтэй, мөнх ногооноороо байхаас гадна тоос шороо, агаарын бохирдлыг их шингээдэг. Шилмүүст мод давирхай ялгаруулдаг. Ялгаруулах суваг гэж байдаг юм. Тоос, шороог өөртөө татаж аваад, хэрэггүй зүйлсийг гадагшлуулдаг физологийн механизмтай ургамал байхгүй юу. Тэр утгаараа бохирдлыг цэвэршүүлэх боломжтой ургамлын тоонд ордог. Модыг янз янзын аргаар л тарьж байгаа. Зарим нөхцөлд мод, ургамал маш сайхан ургадаг. Зарим газраа ургахгүй байна. Тиймээс бид шилмүүст модыг илүүтэй судалж байгаа.
-Судалгааны үр дүн эхнээсээ гараад, ийм төрлийн модыг, тийм газарт тарьвал илүү ургах нь гэдгийг тогтоочихсон гэж ойлгож болох уу?
Судалгаагаар усалгааны норм маш бага, хангалтгүй байдаг гэдэг нь гарсан
-Тавдугаар сараас эхлээд хийсэн судалгааны үр дүн эхнээсээ гарч байгаа. Одоо бид өвлийн судалгааг ч хийнэ. Бид судалгаагаа хийхдээ, байгальд очиж, тухайн мод, ургамлыг багаж, төхөөрөмжөөрөө шинжилнэ. Мөн дээжийг нь авчирч, лабораторид бас шинжилж байгаа. Харин Улаанбаатар хотод, бохирдолтой бүсэд ургаж байгаа ургамал, модоо шинжилж, хооронд нь харьцуулаад, ямар өөрчлөлт гарч байгааг тодруулсан. Ингэснээр мод тарьж байгаа хүмүүсийн ажлыг ч давхар шалгачихаж байгаа юм. Судалгаагаар усалгааны норм маш бага, хангалтгүй байдаг гэдэг нь гарсан. Мөн тоос, шороо ургамлын шилмүүсийг бүрхэж, амьсгалж байх ёстой хамаг сүвийг бөглөчихдөг.
Үүнээс шалтгаалж ургамал, модны өсөлт хөгжилтөд садаа болж байгааг судалгаагаар тогтоосон. Өвлийн судалгаа хийхдээ бид үргэлжлүүлж, нарийвчилж үзнэ. Өвлийн нөхцөлд, агаарын бохирдолтой үед ямар нөлөө гарч байна гэдгийг судална. Мөн ургамлаар дамжуулж хөрсний бохирдлыг шингээж авдаг. Хөрсөө цэвэрлэдэг сүүлийн үеийн аргууд гарч ирсэн. Бид судалгаагаараа дамжуулаад энэ аргыг зөв хийж, хөрсний бохирдлоо цэвэрлэх боломжийг хайна. Ногоон ургамлаар бохирдлыг цэвэрлэнэ гэсэн үг.
-Тоос, шороо шилмүүсийг нь бүрхэснээс болж мод, ургамлын өсөлт саарч байгаа гэсэн. Тэгэхээр мод тарьж, ургуулж байгаа хүмүүс тоосыг нь арчиж, тордох ёстой болох нь уу?
-Мөнх ногоон ургамлыг хамгаалж байгаа нь энэ гээд орчноос нь тусгаарлаад, вакумдаад, уут углаад хаячихаж болохгүй . Ургамал гадаад орчинтой харьцаж байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад мод, ургамлыг хавар угааж, шүршдэг юм билээ. Бид хавар тавдугаар сард мод, ургамалд шинжилгээ хийж үзэхэд, тоос, шороо маш их байсан. Харин зун бороо их орохоор наймдугаар сар гэхэд зузаан тоос, шороо нь арилаад, ургалт нь идэвхжих жишээтэй. Тэгэхээр бороо ороход найдах биш хавар л тоос, шорооноос нь салгавал ургалт нь эрт идэвхжих боломжтой.
-Нэг үеэ бодвол манай улс мод тарих өдөртэй болсон. Хавар, намартаа олон хүн мод тарьж байгаа ч ургалтын хувь бага байх шиг. Тарьж байгаа модны хэдэн хувь нь ургадаг юм бол. Ургахгүй байгаа шалтгаан нь усалгаанаас гадна өөр ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?
-Маш олон талын хүчин зүйл нөлөөлж байгаа. Бид өөрсдийнхөө хийсэн судалгааны дагуу, баталгаатай зүйл хэлэхэд, ургахгүй байгаа гол шалтгаан, нийтлэг гаргадаг алдаа нь арчилгаа горим алддаг. Олон мод тарьдаг мөртлөө хэзээ ч эргэж арчилдаггүй. Нэг нүх ухаад, модоо аваачиж хийчихээд, жаахан ус дусаагаад л яваад өгдөг. Шинэ орчинд ургуулах гэж байгаа мод, ургамалд тодорхой хэмжээний арчилгаа шаардлагатай. Тэгж байж орчиндоо дасаад, хэвийн болоод, цаашаа бие дааж ургах чадвартай болдог. Тэр үеийг нь хүртэл зохих стандартын дагуу арчилгааг нь хийх шаардлагатай.
Хоёрдугаарт, орчны тоос шороо, хөрс, агаарын бохирдол, утаа униар тухайн ургамалд нөлөөлж байгаа. Хүн мод тариад, арчилж байгаа бол үүнийг бас зохицуулах л ёстой. Мод тариад байна, ургадагүй гэдэг шүүмжлэл бий. Нийслэлийн 2017, 2018 оны үйл ажиллагааны тайланг бичсэн номоос харахад, нийт тарьсан модны 97-98 хувь нь ургаж байгаа гэсэн тооцоо байсан. Тэд судалгаа, тооцоо хийж, түүнийгээ үндэслэж ийм мэдээлэл өгч байгаа байх. Бид өөрсдөө судлахад ургалтын хувьд бас л ийм хэмжээнд байгаа.
-Уулнаас ургаа мод үндсээр нь ухаж авчраад, модоор тулаад босгочихдог. Зарим нь ургана, нөгөө хэсэг нь ургахгүй гээд л маргалдаад байна. Та энэ чиглэлийн мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ. Үндэстэй мод авчраад суулгачихаар ургана гэж байх уу?
-Манайхан гадны орны туршлагыг судалж, шууд авч хэрэгжүүлэх гэдэг талтай. Ялангуяа Солонгос, Хятадад том модыг үндсээр нь ухаж авчирч суулгаад, ургуулдаг жишээ бий. Гэхдээ тэр нь анхнаасаа үрээр тарьсан, таримал мод байдаг. Тийм модоо үржүүлгийн талбайгаагаасаа авчраад, суулгадаг. Бид үүнийг ч бас судалж байгаа. Ялангуяа байгальд ургаж байгаа модны үндэс нь ямар хэмжээтэй байдаг юм. Хотод авчирч тариад, ургахгүй үхээд байгаа модны үндэс нь ямар хэмжээтэй байна гэдгийг судалж байна. Эцсийн үр дүн нь хараахан гараагүй. Энд нэг л зүйл байгаа. Үржүүлгийн газар үрээр ургуулсан таримал модыг шилжүүлэхэд шилжүүлэлт даах нь өөр. Ургах боломж ихтэй. Харин ойгоос очоод, ургаж байгаа мод ухаад авчрахаар ургахгүй байх асуудал үүсээд байна шүү дээ. Ам дамжсан янз бүрийн л яриа бий. Бид судлаачдын хувиар судалж үзээд, учир начрыг олчихвол ойгоос авчирч байгаа мод ургах үгүйг баттай мэдэх боломжтой л доо.
-Үе үе л Улаанбаатар хотод байгаа хэдэн модоо мөчрийг нь хөрөөдөөд, тайрч хаяад байх юм. Заримыг нь бүр угаар нь хөрөөдөөд, хожуул үлдээх жишээтэй. Мод нэмж тарихгүй байж тайрч хаялаа гэж иргэд бухимддаг. Модыг заавал ингэж тайрч, хөрөөдөх ёстой байдаг юм уу?
-Зарчмын хувьд хэлбэржүүлэлт хийх зорилгоор тайрах нь зөв. Гэхдээ хамаа замбараагүй тайрч болохгүй. Өнгөрсөн жил бүр хайр гамгүй хэдэн модоо тайрсан. Яах аргагүй мэргэжлийн хүний ажиллагаа дутаж буйн илрэл. Мэргэжлийн хүн ажиллуулахгүй байгаатай холбоотой гэж хэлж ч болно. Нөгөө талаар, модны мөчрийг тайрч, үржүүлээд, мөнгө олох гэсэн бодол давхар яваад байна. Тайрсан мөчрүүдийг үндэслүүлээд, мод болгоод зарах гэдэг учраас хайр найргүй хөрөөддөг байсан. Тийм учраас нийслэл 2019 оны хэлбэржүүлэлтийн жил болгосон. Хэлбэржүүлэлтийг ч сайн хийж байгаа. Хамаагүй тайрах нь бага болсон. Түүнээс зүгээр ургаж байгаа модыг тайрч хаяад байж болохгүй. Арчлаад, хөгшин мөчрийг нь тайраад, хэлбэржүүлээд гоё болговол ургахаа болино гэж юу байх билээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Уулнаас мод авчирч тарих буруу Хотод мод нэмэгдэж уулын мод дуусна .Дараа нь хотоос мод ухаж ууланд аваачиж тарих болно.Юу бодогдож байна.
harinch bur mod tairah sugalahin esreg baih yostoi hun baimaar
****** hun l uulnaas munhiin mod avchirna gej yarinadaa,hamgiin hovor tsuuhun ni nogoon gatsuurshuudee iimer hun durstenguud yaaj iim chuhal bairand ochiod bainaa
Ийм л мэдлэг муутай хүн ногоон байгууламж моддны тухай худал яриад байхаар энэ нийслэл яаж ногоорохов.Нарс мод нийслэлд ургахгүй гэдэг нь нотлогдчихоод байхад тарь гээд байдаг:Дура что ли.
Яг үнэн ийм мэдлэггүй хүн яаж ногоон байгууламж яриад явж чадаж байнаа уулнаас мод мянга авчраад ургахгүй мөн том хотууд навчит мод их тарьдаг хотын хүмүүс байвал мэдэж байгаа 2009 онд 1. 10 хороолол гандан өгсдөг зам дагуух баахан үхсэн нарсыг авч хаяж байсан
Mod tariya
Wm bolgonyg shinjleh uhaany vndesleltei hiih heregtei. Mergejliin baiguulga ni tarij urguulah archlah estoi. Mongolchilj bolohgvi sh dee. Mongolchilsoor bid haa hvrev?
Энэ судлаач бол ургамлын анатоми физиологич хүн. Доторх бүтцийг нь судалж, дүгнэж байж практикт ашиглана. Тэрнээс биш хэдэн агрономч, дендрологич гэсэн нэртэй хүмүүсээр ойгоос мод сугалж авчраад хотод тарина гэсэн үг биш
Мод мэддэгүй хүн байна. Юун тарих аргыг суратлчлах гэж. Шилмүүст мод бүр мөнх ногоон байдаггүй. Шинэс буюу бидний ярьж заншснаар хар мод чинь намар болохоор шилмүүсээ гөвчихдөг
Судлаад байна гээд ярьсаар байгаад хүнд хэрэгтэй нэг ч өгүүлбэр үг хэлсэнгүй, хүнд хэрэг болох юм судлаач.Уулнаас авчирсан хэд мод чинь энэ хотыг чинь ойрын жилүүдэд чимж сайхан ургаж байна шүү дээ.Чи ч судалсаар байгаад энэ насас барах хүн байна даа.