“Намын жагсаалтын ард хэн ч нуугдахгүй, жагсаалтад багтсан хүмүүсээс нэгийг нь сонгож дугуйлна”

 

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Түүний дараа гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Гуравдугаар хэлэлцүүлгийг хийхэд 56-аас дээш гишүүн дэмжээд явах байх. Яг аль нь батлагдаад, аль нь батлагдахгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм. Батлагдахгүй болчихвол одоогийн хэлэлцэж байгаа хууль чинь өөрөө ямар ач холбогдолтой болох юм. Жишээлбэл, та нарын яриад байгаа сонгуулийн холимог тогтолцоо чинь батлагдах ч юм уу, үгүй ч юм уу.  Гурав дахь хэлэлцүүлгийг хийсний дараа бид үүнийг нь 2020 оноос, энэ заалтыг нь 2024 оноос гэх мэтээр яриад, журмын тухай хууль батлах ёстой. Анхны хэлэлцүүлэг гэдгийг чинь би ойлгохдоо ийм журмын тухай хууль гаргах нь зөв үү, буруу юу. Хэлэлцэх үү, яах вэ гэдгээ хэлэлцэнэ л гэж бодсон. Анхны хэлэлцүүлгээр оруулсан юмаа эцсийн хэлэлцүүлгээр оруулна гэж байгаа чинь арай л дээрэнгүй юм биш үү. МАХН-ыг Зөвшилцлийн ажлын хэсэгт оруулаагүй. Аргаа бараад бид ард түмэн төрийн эрх барьдаг гэдэг аксиом тавиад, тэмцлийн хэлбэрт орох гэж байна.

Та нар Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах нь ойлгомжтой, шууд журмын хуулиа хэлэлцээд явъя гэж байх шиг байна. Дарааллаараа ядаж хоёрдугаарт нь оруулж болдоггүй юм уу.  Эхлээд Үндсэн хуулиа ярьчихъя. Дараа нь журмын хуулиа ярья. Дээрээс нь Үндсэн хууль ярьж байхад бусад хууль хэлэлцэхгүй байх ёстой. Журмын хууль гэдэг чинь ердийн л хууль. Ердийн олонхиор л батална. Үндсэн хуулийг хэлэлцэх хуультайгаа зөрчилдөөд байгаа юм биш үү. Ингэж болох юм бол Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны асуудлаа хэлэлцээд яваач дээ. Ардчилсан намынхан ч гэсэн хатуухан саналаа хэлээч. Манай АН-ынхан арай л сул байна шүү.

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт:  Нэгдүгээрт нь, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих  журмын тухай хуулийг бид хэлэлцэж байна. Энэ анхны хэлэлцүүлэг. Дараа нь эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.  Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Үндсэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг эхэндээ явж байгаа. Гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд, баталсны дараа дагаж мөрдөх журмын тухай хууль нь эцэслэж, батлагдана. Журмын хууль хоцорч яваа учраас зэрэгцүүлэх үүднээс өнөөдөр хэлэлцэх асуудлын эхэнд оруулж ирж байгаа юм.

Хоёрдугаарт, ямар зүйл нь батлагдаад, ямар нь батлагдахгүй гэдэгт санаа зовж байх шиг байна. Дагаж мөрдөх журмын хуулийн төслөөс бид зарим зүйлийг хассан. Тухайлбал, шүүгчтэй холбоотой заалтууд Үндсэн хуулийн төслөөс хасагдсан учраас журмын тухай хуулиас хассан. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай заалт хасагдсан. Өчигдөр байнгын хорооны хурлаар яриад, зөвхөн сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой заалтыг Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулж ирэхээр болж байгаа. Одоо зөвхөн 2024 оноос сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирье гэдэг асуудлыг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулж ирэх гээд байна. Энэ анхны хэлэлцүүлэг. Үүний дараа Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлэг хийнэ. Дараа нь журмын хуулиа хэлэлцэнэ. Хэрвээ Үндсэн хуулиас ямар нэг заалт унах юм бол журмын тухай хуулиасаа хасаад л явчихна. 

Ц.Даваасүрэн: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хуулийг хэзээ мөрдөх вэ гэдгийг бид хэлэлцэж байна. Ард түмний сонгох эрхэнд бид халдаж байна. Тэгэхдээ Үндсэн хуулийг хэд хэдэн янзаар зөрчиж байгаа би хэлмээр байна. Ерөнхийлөгч хориг тавилаа гэсэн. Хоригийг хүлээж авч болно. Гэхдээ шинэ саналууд орж ирээд, тэр дагуу санал хураагаад байна. Гуравдугаар хэлэлцүүлэг дээр шинэ саналууд хураагаад байгаа шүү. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5.4.1 дээр “Энэ хуулийг хэлэлцэхдээ дур зоргын шинжтэй байж болохгүй” гэж байгаа. Жишээлбэл, асуудлаа шийдээгүй байж журмын тухай хууль яриад, төсгөлөөс нь хэлэлцэж байгаа. Ерөнхийлөгч дундуур нь орж ирээд байгаа энэ тэрийг хэлж байгаа юм шүү.

5.4.2-т “Аль нэг намын саналыг илэрхий хамгаалж болохгүй” гэж байгаа юм. Яагаад бид Ардчилсан намын гурван саналыг хүлээж аваад байгаа юм. Үүнийг та нар бодох хэрэгтэй. Аль нэг намын ашиг сонирхлыг дэмжиж болохгүй. Цэцийнхэн сонсох хэрэгтэй.  5.4.3-т “Иргэний эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй” гэж заасан байгаа. Бид иргэдийн сонгох эрхэнд нь халдаж байгаа шүү. Яах вэ, нэр тавина, хүний жагсаалт байна  гээд байгаа. Өмнө нь бас тэгж л байсан. За яах вэ, нэр тавья. 28 нам байгаа. 600 хүний нэртэй саналын хуудсыг бөглөөд, шүүгээд сууж байдаг хүн байх уу. Багтаагаад хэвлэж чадах уу. Олон зүйл гарч ирнэ шүү. Уг нь олон түмнээрээ хэлэлцүүлэх байсан юм. Төрийн эрхэнд гарч ирээд, хэтэрхий дураараа дургиж байгаа хүмүүсийг олон түмэн шүүдэг байх хэрэгтэй. Нам төлөвших тухай яриад байна. Дураараа дургидаг хүмүүсийг намын жагсаалтын ард нууж оруулж ирэх тухай л би яриад байгаа юм. Олон сонгогдсон гээд жагсаалтад багтах боломж мань мэтэд гарах л байх. Гэхдээ би тэрийг хүсэхгүй байна. Олон түмнээрээ шүүгдсэн нь зөв. Нэр байна, 2024 оноос эхэлнэ гэдэг худлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:    Дур зоргын шинжтэй байж болохгүй, дараалал өөрчилж байна гэж ярилаа. Би О.Баасанхүү гишүүнд хариулсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлгээр дэмжигдсэн болон дэмжигдээгүй асуудлыг бид журмын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд суулгаж өгнө. Нам дугуйлдаг болох гээд байна, 2024 он гэдгийг 2020 он болгож өөрчлөх гэлээ гэсэн хардлага яваад, саналууд унах гээд байгаа учраас дараалал өөрчилсөн гэдгийг тайлбарласан. Дараалал өөрчлөхөд хууль зөрчсөн юм байхгүй. 

Аль нэг намын ашиг сонирхол байж болохгүй гээд байна. АН-ын зөвлөлөөс гурван саналыг Үндсэн хууль тусгая, зөвшилцөх хэрэгтэй гэсэн. Эцэстээ АН-ын хоёр саналыг авъя гэсэн. Нэг санал нь холимог тогтолцоогоор сонгууль явуулъя гэсэн. УИХ-ын сонгуулийн олонхийн болон холимог тогтолцоогоор явуулна. 2012 оных шиг нам дугуйлна гэсэн үг биш. Жагсаалтад орсон нэг хүнийг дугуйлна гэсэн үг. Үндсэн хуульд оруулж өгөх нь зөв гэж үзсэн. Намын жагсаалтын ард нуугдана гэсэн байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тэгвэл заавал холимог тогтолцоо гэж оруулж яах юм. Ард түмэн тэнэг биш болсон. Одоогийн байгаа тогтолцоог улс нэг тойрог болгоод явчихаж болно. Заавал холимог гэж заагаад байх шаардлагагүй. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиар “УИХ-ын гишүүн ард түмний элч мөн. Ард түмнээс шууд сонгогдоно” гэж заасан. Энэ заалт хөндөгдөөгүй байгаа. Манай аймгаас үеийн үед 3 төлөөлөл УИХ-д сууж ирсэн. Ганц удаа хоёр гишүүн суусан. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль болоход. Энэ нь Үндэсний цөөнхийн эрх ашгийг зөрчсөн гэж үздэг. Тийм учраас манай аймгаас сонгогдсон гурван гишүүн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хууль батлагдсанаас хойш үеийн үед Баян-Өлгий аймгийн төлөөллийг оруулж ирсэн. Холимог тогтолцоо гэж яриад байгаа олонхийн болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явуулахад Баян-Өлгий аймгийн төлөөлөл багасна гэдэг ойлголт байхгүй ээ. Сая би Мурат гишүүнтэй нэлээд удаан ярилцлаа. Х.Баделхан гишүүн үг хэлэх гээд уулзалдаж чадсангүй. 2024 онд Баян-Өлгий хоёр мандаттай тойрог гээд ороод ирнэ. Дээр нь улсын хэмжээний тойрогт нэр дэвшигчид намуудаас орж ирнэ. Ингэсэн тохиолдолд дор хаяж 3-4 гишүүн сонгогдох магадлал, тооцоолол байгаа.  Үндсэн хуулийн суурь зарчимтай харшилдахгүй, харин уламч баяжина.  62 гишүүний оруулж ирсэн төсөлд сонгуультай холбоотой ийм заалт байгаагүй. Сүүлд оруулж ирсэн. Хүмүүс ганцхан зүйлд дургүйцэж байгаа. Намын нэр дор хаалттай жагсаалтаар янз бүрийн хүн орж ирээд байна гэдэг. Тиймээс бид нээлттэй жагсаалт болгож, тэнд орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Д.Лүндээжанцан гишүүн магадлал гэж яриад байна. Би баталгаатай байх асуудлыг яриад байгаа юм. Яагаад гэвэл бид Үндсэн хууль өөрчлөх гэж байна. Үндсэн хууль өөрчлөхөд Баян-Өлгий аймгийн төлөөлөл 3 хүн байхыг баталгаажуулах арга байна уу л гэж асуугаад байгаа юм.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сонгуулиас нэг жилийн өмнө сонгуулийн хууль өөрчлөхгүй гэж заасан. 2023 он хавьцаа сонгуулийн хууль ярихдаа Баян-Өлгий аймгийн төлөөлөл гурваас доошоо байхгүй байлгахыг тусгаж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:  Одоогийн Үндсэн хуульд иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэдэг заалт бий. Иргэдтэй уулзаж байхад өөрсдийнхөө төрд төлөөлөх хүнтэйгээ уулзаж, ярилцаж байж сонгох шаардлагатай гэдэг. Би ч гэсэн үүнийг зөв гэж боддог.  Одоо болохоор 2024 оноос сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлсэн зарчмаар явуулна гээд ороод ирж байна. Журмын тухай хуульд орж байгаа энэ заалт Үндсэн хуулийн шууд сонгох гэдэг заалттай зөрчилдөхгүй юу. Тайлбар өгөөч.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулж нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль ямар хүчин чадалтай байх юм. Журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болбол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээний босготой байх юм уу. Ердийн олонхиор өөрчлөлт оруулах боломжтой юм уу, үүнийг тодорхой болгож өгөөч. Хэрвээ Үндсэн хуулийн адил авч үзнэ гэвэл тэрийгээ зохицуулж өгмөөр байна. Тэгэхгүй болохоор ердийн олонхиор журмын тухай хуулиараа оролдоод байх юм биш биз.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Холимог тогтолцоо өөрөө олон хэлбэртэй.Сонгогчид имэрч үзэж байж сонгомоор байна гэдэг. Үүнийг бид алдагдуулаагүй ээ. Тойрогт өрсөлдөх тэр тогтолцоо хэвээрээ байна. Харин нэрсийн жагсаалтаар өрсөлдөх хүнийг “барьж үзэж” байж сонгох боломжтой. Хүний төлөө санал өгч, дэмжинэ. Бид хүний төлөө өгснийг шууд сонгосон гэж ойлгож байгаа. Нэр дэвшигчийн төлөө сонгогч саналаа өгнө гэдэг зарчмыг бид барьж байна. Сонгогчдоос авсан саналын тоогоороо жагсаалтад байгаа хүмүүс эрэмбэлэгдэж орно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улсын хэмжээний тойргоос хүнийг гаргах л асуудал. Намын жагсаалтын ард нуугдахгүй. Улсын хэмжээний асуудал ярьдаг гишүүн хэрэгтэй байна. Журмын тухай хууль Үндсэн хуультай адил хэмжээнд байна, ердийн хуультай адил биш. 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.251иргэн   • 11 сарын 18. 18 цаг 02 минут

намын жагсаалт гэдэг юмыг болих хэрэгтэй. Тэднийг сонгож болохгүй.

103.57.94.70bugd hudal garuud kkk   • 11 сарын 14. 12 цаг 29 минут

zochin

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.