2016 оны 10-р сарын 6
11 цаг 39 минут

Жамсрангийн Баатар: Улс залуучууддаа итгэл хүлээлгэж, боломж олговол ажиллах хүч бэлэн байна

М.ӨНӨР

 ДИТХ-ЫН СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМААС БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 1-Р ХОРООНД НЭР ДЭВШИГЧ, НИЙСЛЭЛИЙН НАМЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧ Ж.БААТАРТАЙ ЯРИЛЦЛАА.

-Нийслэлийн залуучуудын байгууллагын тэргүүлэгчтэй уулзаж байгаагийнх  Монгол Улсад өнөөдөр залуучуудад чиглэсэн бодлого ямар төвшинд явж байна гэж хардаг вэ?

-Монгол төрийн бодлого, төр засгаас гаргаж байгаа гол шийдвэрүүд залуучууд руугаа түлхүү хандах ёстой. Учир нь Монгол Улсад ачааны хүндийг залуучууд л үүрч байна.  Нийт ажиллах боловсон хүчний 70 гаруй хувийг  залуус бүрдүүлж байна шүү дээ. Тиймээс Засгийн газраас  залуучуудынхаа асуудлыг нэн тэргүүнд тавьж, тэдний асуудлыг шийдэж гэмээнэ өнөөдрийн нийгэм дэх асуудлын 70 хувь нь шийдэгдэнэ гэсэн үг. Харамсалтай нь залуучууд өнөөдөр их эмзэг амьдарч байна. Өөрөөр хэлбэл, 12 жил ерөнхий боловсролын сургууль дүүргэснийхээ дараа дөрвөн жил дээд сургуульд сурна. Үндсэндээ амьдралынхаа 22-23 жилийг сурч боловсроход зориулж байна. Ингэж 20 гаруй жилээ зарцуулан байж мэдлэг боловсрол эзэмшиж, бэлтгэгдээд гараад ирэхээр ажлын байр байдаггүй. Нөгөө талдаа Монголын аль л том  сургуулиудыг  дүүргэж гарч ирлээ ч ялгаагүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Энэ бол Монголын нийгмийг хойш нь татаад байгаа хамгийн том асуудал. Ер нь төр зохицуулалт хийж, үндсэн бодлогодоо оруулаад ажлын байр нэмэгдүүлж, залуучуудын төрд оролцох оролцоог идэвхжүүлэх, тэдэнд хийж бүтээх боломж, нөхцөлийг нь бүрдүүлчихвэл ажиллах хүч бэлэн байна. Ингэхгүй болохоор дээд боловсрол эзэмшсэн залуус аав ээжийнхээ цалин эсвэл эмээ өвөөгийн тэтгэврээс хомслоод гэрийн мухар сахиж амьдарч байна. Зарим нь хэчнээн сайн, том сургуулийн мэргэжлийн дипломтой ч бааранд зөөгч, хамгаалагч хийгээд явж байна шүү дээ. Энэ мэтчилэн нийгэм, улс төрийн хямрал гүнзгий болоод ирэхээр залуучууд нийгмээсээ уйдаж эхэлж байна. Үүнээс үүдэлтэйгээр ид хийж бүтээх насны залуучуудын гадагшлах урсгал бий болчихлоо. Гадаадыг шүтсэн  бүхэл бүтэн нэг үе бий болчихлоо шүү дээ. Угтаа мэдлэг боловсрол нь ханачихсан, яг одоо л нийгмийнхээ гол ачааг үүрэлцэх ёстой залуус маань эх орноо орхиод байна. Энэ бол ердөө л залуучуудад тулгамдаж буй асуудлыг шийдэхгүй байгаа, нийгэм өөрөө тэднийг тогтоон барьж чадахгүй байгаагийн илрэл. Үүний цаана  улс төрийн  ороо бусгаа байдал, үүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хямрал залуучуудын халаас руу орчихоод байна л даа. 5-6 жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг 17.6 хувийн өсөлттэй байсан бол хөргөгчинд нь таван хэл мах, будаа, шуудай гурил нь байдаг байсан. Тэгвэл өнөөдөр хөргөгч нь хоосорчихож. Ийм л учраас өнөөдөр залуусын өөртөө итгэх итгэл буураад байна.

-Үнэхээр Таны хэлсэнчлэн залуучууудын халаас хоосорчихсон учраас гадагшаа чиглэх урсгал нэмэгдсэн байж мэднэ. Өмнөх Засгийн газрын үед оюутнуудад олгож байсан 70 мянган төгрөгийг Монгол Ардын Нам зогсочихсоныг маш их шүүмжилж байна. Энэ мөнгийг өгөх, болих нь чухал байж болох ч Монголын төр залуучуудаа ямар бодлогоор дэмжих ёстой юм бэ гэдэг асуудал илүү чухал байх. Харин Таны харж байгаагаар оюутнуудад ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Өмнөх эрх баригчдын үед бэлнээр  олгосон 70 мянган төгрөг тодорхой сегментдээ хэрэг болж байсныг үгүйсгэхгүй. Харин Монгол Ардын Нам засгийн эрхийг аваад энэ мөнгийг болиулсан биш хэлбэрийг нь өөрчилсөн гэж ойлгож, яривал илүү тохиромжтой байх. Яагаад гэвэл 70 мянган төгрөгийг гар дээр нь бэлэн тавиагүй л болохоос бүтэн сургалтын төлбөрийг нь шийдэх байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, оюутнууд өнөөдөр ямар ч хариуцлага үүрэхгүй байна. Тухайн оюутанд 70 мянгыг буцааж төлнө гэдэг ойлголт байхгүй байна шүү дээ. Яахав, зүй зохистой байдлаар ашигладаг  тодорхой хэсэг байхад дийлэнх нь зүгээр орж ирсэн мөнгө гэдэг байдлаар ханддаг, үр ашиггүй зүйлд зарцуулаад байгаа юм. Энэ бол төрийн мөнгө үргүй зарцуулагдаж байна л гэсэн үг шүү дээ. Энэ байдлыг Монгол Ардын Нам сургалтын төлбөрийн зээл хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, оюутан залуучууд сурч байх хугацаандаа төрөөс зээл аваад дөрвөн жил боловсрол эзэмшинэ. Харин төгсч гараад эзэмшсэн мэргэжлээ улс эх орондоо, өөртөө зориулж байж  хөдөлмөрөө үнэлүүлнэ. Дөрвөн жилийн турш улсдаа өр тавьчихсан хүн чинь ядаж төгсөнгүүтээ цалинтай, ажилтай болох гэж мэрийнэ биз дээ. Жилийн 2.5 сая төгрөгийг төлбөр төлдөг  оюутан дөрвөн жилийнхээ төлбөрийг зээлэхэд 10 сая төгрөгийн өртэй болно. Энэ хүн өр тавьж эзэмшсэн мэргэжлийнхээ хөлснөөс сард 10-20 мянган төгрөг суутгуулах хэлбэрээр төлсөөр богино хугацаанд өрнөөс гарна. Ингэж аль аль талдаа харилцан ашигтай байдлаар оюутнуудад чиглэсэн бодлого явуулж байгааг би хувьдаа хамгийн  зөв хувилбар гэж харж байгаа.

-Тэгвэл зөвхөн оюутнуудаас гадна өнөөх 70 хувь руу /залуучууд/ чиглэсэн бодлогыг нь яаж дүгнэж байгаа вэ. Монгол Ардын Нам засгийн эрхэнд гарсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болсон учраас тухайлан асууж байна л даа. Та бол нийгмийн амьдралыг, тэр дундаа улс төр идэвхтэй сонирхдог, оролцдог хүний хувьд энэ нам мөрийн хөтөлбөртөө залуучуудад хандсан ямар бодлого, зорилт дэвшүүлсэн талаар илүү мэдээлэлтэй байгаа байх?

-Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар гэж агентлаг байгуулсан. Энэ бол Таны асуултад тодорхой хэмжээнд хариулах байх. Мөр зэрэгцэн ажиллаж явсан ах эгч, найз нар маань залуучуудын байгууллагын төлөөлөл болж энэ байгууллагад багтсаныг олзуурхаж байгаа. Монгол Ардын Намын боловсон хүчний бодлого, мөрийн хөтөлбөрт  багтсан заалтууд  фокусаа олсон болов уу гэж харж байгаа. Бүхэл бүтэн нэг агентлагтай болно гэдэг бол том алхам. Хүүхэд,  залуучууд гээд аваад үзэхээр маш том салбар. Энэ хэсэгт төр тухайлан анхаарч эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Цаашлаад Монголд залуучуудын дунд гэр бүл салалт маш өндөр хувьтай байгаа. Бас л дээр дурдсанчлан нийгэм, эдийн  засгийн байдалтай холбоотой байгаад байгаа юм. Энэ бүх асуудлыг мэддэг хүмүүс  энэ агентлагт ажилласнаараа, удирдсанаараа Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт туссан хүүхэд, гэр бүл, залуучууд руу чиглэсэн бодлогыг үндсэндээ хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой гэж харж байгаа. Харин дөрвөн жилийн  дараа энэ хүмүүс хэрхэн ажилласныг ард түмэн дүгнэнэ дээ.

-Өнөөдрийн байдлаар залуучууд руу хандсан гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллага маш олон байна. Гагцхүү эдгээр байгууллага идэвхтэй эсэхээрээ  ялгагдах байх л даа.  Миний анзаарснаар НАМЗХ нэлээд идэвхтэй ажиллагаатай юм шиг санагдсан. Таны хувьд нийслэлийн салбарыг нь хариуцаж ажилладаг юм бана.  Гэхдээ намын харьяалалтай учраас хамрах хүрээ хязгаарлагдмал байдаг байж болох юм. Энэ байгууллага залуучуудынхаа масс руу чиглэсэн бодлогыг хэр  явуулдаг юм бэ?

-Намын харьяалалтай учраас хязгаарлагдмал гэж ойлгож болохгүй. НАМЗХ бол таны анзаарсанчлан залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байгууллага яах аргагүй мөн. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 360 гаруй суманд салбар зөвлөлтэй, тэндээсээ асуудлуудаа гаргаж ирдэг байгууллага юм шүү дээ. Ийм өргөн сүлжээтэйгийн учир нь  орон даяар яг анхан шатан дээр залууст маань ямар асуудал тулгамдаж байгаа юм, түүнээс гарах гарц нь юу юм гэдэгт шийдэл олох гэсэн нэг л зорилготой. Залууст хандсан  үйл ажиллагаа олныг зохион  байгуулдаг. Спортын юмуу эсвэл оюун ухаанаа сорих, гадагшаа аливаа сургалт семинарт хамрагдах гэх мэтээр олон талын үйл ажиллагаа явуулж байна. Ингэж анхан шатнаасаа, багаасаа бэлтгэгдсэн НАМЗХ-ны залуус маань ажлын талбар дээр гарахад хэзээд манлайлагч нь болж явдаг юм.

-Танай НАМЗХ-ны уриа үг байх аа, “Монголын залуучуудын зүрх, тархинд Монголын маргааш хувь заяа зураастай” гэж. Үүний адил Монголын маргааш залуусын нуруун дээр яваа. Харин Таны хувьд энэ ачааг хэр үүрэлцэж яваа гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Өөрийгөө 100 хувь гэж хэлж чадахгүй. Гэхдээ нийгмийн гол ачааг залуучууд үүрэх ёстой гэж бодож явдаг хүмүүсийн нэг нь би. Ярилцлагын эхэнд хэлсэн шиг  залуучуудын асуудлыг шийдээд өгчихвөл Монгол Улсын үүрч яваа ачааны 70 хувийг хугаслачихлаа л гэсэн үг. Харин залуучууд маань өөрийгөө хөгжүүлэх дэврүүн хүсэл мөрөөдөл, өөрийнхөө төлөө явж чаддаг, итгэл үнэмшилдээ бат зогсдог, нийлж нэгдээд цул болдог, дуу хоолойгоо нийгэмд гаргаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Ингэж байж залуучууд хүрэх цэгээ тодорхойлно. Цаашлаад Монголын маргаашийг зурах юм шүү дээ.

-Таны хэлсэнчлэн, бас хүссэнчлэн манай залуучууд  ийм амьдралын идэвхтэй, дэврүүн байж чадаж байна уу?

-Оюутнууд маань  үнэндээ хичээлдээ явж байгаадаа л ханачихаад байх шиг байна. Амьдралыг өөр цонхоор бас харах хэрэгтэй. Тухайлбал, сая ээлжит бус чуулганаар Батлан хамгаалахын тухай багц хуулийг баталлаа шүү дээ. Би салбарын хүн биш хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэр дунд буруу бодлого багтчихсан бол яах вэ. Ийм учраас өнөөдөр батлан хамгаалах салбар буюу БХИС, ХЦДС, Цагдаагийн академийн ч юмуу оюутнууд маш соргог хандах хэрэгтэй. Тухайлбал, энэ оюутнууд   хуулийн төслийг нь олж судлаад намайг ажлын байран дээр очиход энэ хуулиар шийдэх үү, эсвэл энэ хуулиар би гадагшаа сурах ч юмуу, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож чадах уу гэдэг асуудал туссан байна уу... Хэрвээ өөрийнх нь хөгжих дэвших боломж нөхцөлийг хаачихсан заалт хуульд багтчихсан байвал цаг алдалгүй хөдлөх хэрэгтэй байгаа юм. Сургуулийн удирлага, салбар яамаараа дамжуулаад УИХ дээр хууль батлах үед дуу хоолойгоо хүргэдэг баймаар байна. Болохгүй бол талбай дээрээ гараад жагс л даа. Залуучууд ингэж өөрсдийнхөө, салбарынхаа төлөө хөдлөхгүй болохоор бидний эрх ашгийг магадгүй хөндсөн хууль, тогтоомжийг батлаад байна шүү дээ. Цаашдаа ийм хэлбэрээр, ажиллаж чадвал эргээд амьдрал дээр хэрэг болох юм. Ингэж байж сая нийгмийнхээ, улс эх орныхоо гол ачааг нуруун дээрээ үүрч явах бололцоо бүрдэнэ гэж хардаг даа.

-Та нэг ёсондоо идэвхтэй магадгүй эрсдэлтэй алхмыг ч хийх хэрэгтэй гэж зөвлөөд байна аа даа?

-Залуу хүн алдахаас айх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, залуу хүн алдаанаас айгаад суугаад байвал өөрөө болон улс эх орон хөгжихгүй шүү дээ. Алдаж үзсэн хүн нэг байрнаасаа хөдөлнө биз дээ. Ингэж хэлснээр хүн бүрийг улс төрч юмуу баяж гэж хэлж байгаа юм биш. Айл бүрийн хөргөгч дүүрэн, байгаа орчиндоо сэтгэл хангалуун, тухтай амьдардаг байгаасай л гэж хүссэнийх.  Залуу хүн бүр талбай дээр гарч жагсахдаа гол нь биш юуны төлөө амьдарч байгаагаа, өөрийнх нь нийгмийн асуудлыг ирээдүйд 10-20 жилийн амьдралыг шийдэх төр засгаас гарч буй бодлогод дуу хоолойгоо хүргэдэг байх нь л чухал гэж яриад байгаа юм.

-Тэгвэл өнөөдрийн Ж.Баатар өнгөрсөн хугацаанд хэр их алдсан бэ?

-Их л алдсан  байх даа. Тэр хэрээрээ суралцсан ч байх. Хэдий залуу хүн ч гэсэн өнгөрсөнд алдсан бүхэн маань өнөөдөр надад их тус болж байна. Миний хувьд ШУТИС-ийн бүтээгдэхүүн. Төгсөөгүй байхдаа МСS-ийн охин компани болох “Медипс” компанид засварын инжинерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Эндээс л миний алдаа эхэлсэн дээ. Төгсч амжаагүй хүн чинь ажлын байран дээр гарчихаар хоёрддог  юм билээ. Найзууд маань энд тэнд цугларлаа, уулзалттай гэж дуудна. Гэтэл би  чинь ажлаа хиймээр байдаг. Тухайн нөхцөлд гаргасан шийдвэрүүдээс маань оносон гэхээсээ алдсан нь илүү юм болов уу гэж боддог.  Ер нь залуу хүний алхах  гишгэх бүр нь алдаа байдаг ч эргээд түүнээсээ алхам бүрт  суралцаж байх ёстой гэж боддог. Хүн алдсаныхаа дараа суралцдаг учраас манай залуучууд алдахаас айх хэрэггүй, зоригтой байх хэрэгтэй. Энд нэг жишээ татахад, миний хувьд  оюутан байхдаа найзуудтайгаа нийлээд сургалтын төлбөрөө хийж байлаа. Хоёрдугаар курст суралцаж байхдаа найзуудтайгаа нийлж компани байгуулаад Архангай аймгийн бүх сумын наадам дээр очиж, зураг угаах бизнес л дээ /инээв/.  Принтер, аппарат олж аваад замын унаанд суугаад Архангай руу гарч байлаа. Бизнесийн гараа гэх үү дээ. Хуушуур зарж байсан эгч цагаан хоолойгоор худалдаагаа зарлаж байхтай  таараад эгчийн хуушууртай хамт зураг угаах ажлаа рекламдана. Хэдий энэ бол  их мөнгө олох том бизнес биш ч  бизнес хийх эхлэл байсан юм. Эндээс гэхэд л хүнтэй харьцах, үйлчилгээний соёл гэх мэтэд суралцаж явлаа.

-Хоёрдугаар дамжаандаа бичил бизнес эрхэлж байсан гэхээр одоо эрхэлдэг бизнестэй болсон гэсэн үг үү?

-Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд  сүүлийн 2-3 жил зохион байгуулагч, улс төрийн  ажилтнаар ажиллалаа. Энэ ажил маань маш их цаг зав шаарддаг учраас хувийнхаа ажлыг үндсэндээ орхисон. Гэхдээ  хоосонгүй ээ, найзууд маань аваад явдаг. 3-4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хабул” групп гэж бий.

-Залуу хүмүүс намын харьяалалтай ажиллахад  боломж нөхцөлөөс илүү сөрөг талтай байдаг юм шиг санагддаг. Таны хувьд иймэрхүү асуудал гардаг уу?

-Хүн үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа байдал аль ч намын нэр хүндийг их унагаж байна. Миний хувьд 2006 онд Архангай аймгийн мянган залуусын уулзалт дээр очиж таараад санаандгүй байдлаар Монгол Ардын Намд элссэн. Тэр цагаас хойш энэ намын дэргэдэх оюутан  залуучуудын байгууллага, салбар зөвлөл дээр ажиллаж ирлээ. Энэ хугацаанд хувь хүний төлөвшил талаасаа асар том үнэт зүйлийг нам улс төр, олон нийтийн байгууллага өгдөг юм болов уу гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэр үүднээс залуучууд аливаад өөрийн гэсэн итгэл  үнэмшилтэй байх нь чухал гэж хардаг. Ер нь улс төрийн сонголт дээр залуучууд мэдрэмжтэй хандах  хэрэгтэй юм шиг санагддаг. Өнөөдрийн төвшинд нийгмийг хэн, аль нам, ямар хүчин авч явах юм бэ гэдгийг бодсоны үндсэн дээр л сонголтоо хийх хэрэгтэй.

-Та бас Баянгол дүүргийн Монгол Ардын Намын  үүрийн  даргын сонгуульт ажилтай. Энэ дүүрэгт тулгамдаж байгаа асуудал юу байна. Мэдээж шийдэх гарцыг өөрийнхөө хэмжээнд харсан л байгаа?

-Монгол Ардын Нам нийслэлд 152 үүртэй. Миний хувьд нэгдүгээр үүрийн даргын сонгуульт ажлыг аваад хоёр  жил болж байна. Намын анхан шатны байгууллагыг удирдана гэдэг бол залуу хүний хувьд  нэр төрийн төдийгүй хариуцлагагтай ажил.  Монгол Улсын өнгөрсөн 100 жилийн түүхийг алдаа оноотой нь дэнсэлж ирсэн энэ том намын нэг үүрийн дарга байна гэдэг асар том хариуцлага, үүрэг юм. Манай  үүр, хороо их  онцлогтой л доо. Учир нь Баянгол дүүргийн эхлэл, үүсгэл нь манай үүр, хороо. Энэ дүүргийн цөм болсон, Монгол Улсыг гадаад дотоодтой холбодог  газрын тээвэр, жуулчлал  явдаг Монголын төмөр зам гэдэг байгууллага манай вокзаль орчимд бий.  Монгол Улсын ид бүтээн байгуулалтыг нуруун дээрээ үүрч гарсан хүмүүс бол төмөр  замчид.  Энэ хүмүүс  манай хорооны үндсэн суурийг бүрдүүлдэг юм.

-Төрийн үйлчилгээний хүртээмж ер нь хэр байдаг юм бэ?

-Нэгдүгээр хороо бол Баянгол дүүргийнхээ хувьд хамгийн том, хүн ам ихтэй хороо. Оодоогийн байдлаар 19  мянга орчим хүн амьдарч байна. Үндсэндээ Говьсүмбэр аймгаас даваад явчихсан байгаа биз. Энэ аймаг 17-18 мянган хүн амтай.  Гэтэл манай хороо бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай дүйцэх хэмжээний хороо.  Үүнийг дагаад хүн ам нь ихсээд ирэхээр иргэнд хүрэх үйлчилгээ тарамддаг, тогтолцоо нь буруудаж эхэлдэг юм байна. Тиймээс энэ хороог болж өгвөл 2-3 хувааж байж төрийн үйлчилгээг  иргэн бүрт жигд хүртээх боломжтой болно. Нөгөө талаас 19 мянган хүн амтай буюу аймгийн хэмжээний том  хороонд өнөөдөр нэг ч сургууль байхгүй, 2-3 цэцэрлэг байх жишээтэй. “Алтай” хотхонд хоёр хувийн цэцэрлэг байна. Тэнд 2300 орчим оршин суугчтай. Тэгэхээр зөвхөн энэ хотхонд л гэхэд нэг сургууль, нэг цэцэрлэг байж болохоор байгаа байхгүй юу. Энэ мэт төрийн үйлчилгээний хүртээмж муу учраас Хан-Уул, Сонгинохайрхан гэх мэт алслагдсан дүүрэг рүү хүүхдүүдээ тарааж байршуулсан байна шүү дээ. Бүр зарим нь  хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгтэй байлгахын тулд  эгчийнх рүүгээ хаягаа хүртэл шилжүүлж байна. Энэ бол үнэхээр арга ядсан л  байдал. Эрүүл мэндийн анхан шатны байгууллага ч мөн адил. Ганц өрхийн эмч 19 мянган хүнд  яаж хүрч   үйлчлэх вэ. Энэ бол тогтолцооны болон төлөвлөлтийн асар том алдаа мөн биз. Тиймээс залуучуудын асуудлыг  шийдэхэд улс эх орны ачааны 70 хувь нь хөнгөрөхтэй адил  хороогоо хөгжүүлж чадвал  нийслэлийн асуудал шийдэгдэнэ. Хорооны асуудлыг шийдэж байж дүүргийнх цэгцэрнэ. Дүүргийнхийг шийдэж байж  нийслэл, нийслэлийг шийдсэн цагт Монголын Улсын асуудал цэгцэрнэ.  Ийм шат дамжлагатай явахгүй бол эргэх холбоо алдагдчихаад байгаа учраас миний дээр дурдсан гажиг үүсээд байна шүү дээ.

-Та бол асуудлыг шийдэх гарцыг аль хэдийнэ харчихсан байх нь ээ?

-Баянгол дүүргийн нэгдүгээр үүрийг тэргүүлэх хугацаанд энэ бүхнийг харсан.  Миний саяын дурдсан асуудлуудыг шийдэж байж  дүүрэг цаашаа хөгжил цэцэглэлт ярих нөхцөл бүрдэнэ. Миний хувьд өөрөө энэ дүүрэгт ажиллаж амьдардаг. Үүгээрээ ч бахархдаг. Нийслэлийн тархи, зүрх болсон дүүрэгт амьдарна гэдэг бахархал шүү дээ. Нийслэлд үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 30-40 хувийг манай дүүргийнхэн эзэлж, манай дүүрэгт төвлөрч байна. Тэр утгаараа энэ дүүргийн анхан шатны буюу хорооных нь асуудлыг шийдэх нь нийслэл, дүүргийн асуудал юм байна гэж хардаг.

-Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан нам, тэр дундаа Баянгол дүүргийг удирдсан хүмүүс хэр сэтгэлтэй  ажилласан бэ.  С.Эрдэнэ гэдэг хүн  улс дотор улс үүсгэчихлээ гэдэг шүүмжлэл их өрнөсөн. Та дүүргийн оршин  суугчийн төдийгүй орон нутгийн анхан шатны нэгж удирддаг хүний хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Би бол "Эрдэнэ ван" гэх мэтээр цолломооргүй байна. Энэ бол төмөр замчдын суурин дээр боссон, нийслэлийн тархи, зүрх болсон хамгийн том, гоё дүүрэг. Гэтэл энэ дүүргийг маань хэн нэгний нэр дээр харьяалж хэрхэвч болохгүй. Яахав нэг хүн тойргоос сонгогдоо л биз. Түүний төлөө нэг дүүргийг тэр хүнээр хаяглана гэж байхгүй. 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам боловсон  хүчний бодлогоороо энэ дүүрэгт тэргүүлсэн шүү дээ. Тухайлбал, манай намын дэргэдэх судалгааны байгууллагыг тэргүүлж байсан А.Ундраа гэдэг хүнийг УИХ-д гаргаж ирсэн. Энэ хүнийг үнэндээ хэн ч таньж, мэдэхгүй байсан. Гагцхүү ард түмэн ухаантайгаа харуулж, боловсрол мэдлэгийг сонгосон. С.Эрдэнэ гэдэг хүний  тухайд ах дүү хамаатан саднаараа дүүргэсэн тохиолдол бий. Мэдээж нэг айл өрх гал тогоондоо дүүргийн асуудлыг шийдээд байвал утгагүй шүү дээ. Тиймээс бид энэ бүхнийг таслан  зогсоохын төлөө ухаанаа уралдуулж, толгойгоо ажиллуулах л хэрэгтэй гэж хардаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  АН Баянгол дүүрэгт эрх барьсан.  Энэ намынхан хэдэн сайхан уулзвар зам барьж өгсөн, үүнд нь баярлалаа гэж хэлье. Гэхдээ нөгөө талдаа ард иргэдийн амьдрал, тэдний халаас руу ордог хэд нь нэмэгдэхгүй болохоор ямар хэрэг байх вэ дээ. Мянга сайхан зам дээр яваад яах  юм бэ, халаас нь хоосон, амьдрал нь гундуу хүмүүс зам идэхгүй биз дээ. Тиймээс дүүргийнхний аж амьдралыг сайжруулах, дүүрэгтээ үйлдвэр үйлчилгээний тоог нэмэх, ажлын байр нэмэгдүүлэх нь л чухал байна. Баянгол дүүргийн ажилгүйчүүдийн тоо тэдэн пунктээр багаслаа гэдэг мэдээлэл л өнөөдрийн нийгэмд улс төрийн оноо авчирна. Түүнээс зам, гүүр тавих бол жамаараа явах ёстой ажил болохоос Дорж, Батын амьдралд таван цаас оруулахгүй шүү дээ. Дээр дурдсанчлан манай нэгдүгээр хороонд дандаа боловсрол, мэдлэгтэй хүмүүс оршин суудаг. Тэр ч үүднээс боловсролтой сонголт хийдэг.  Ийм үед  цэцэрлэг тохижуулж, саад будсан гэдэг аман яриа ард түмний сонголтод нөлөөлөхөө больсон гэдгийг хэлмээр байна.  Аль ч нам засаг барьсан ард иргэдийн амьдралыг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр голчлон анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр хорооны иргэн Цэрмаагийн хүү сургуулиа  дүүргээд ирлээ  гэхэд дүүрэгтээ ажиллах боломжтой л байх хэрэгтэй. Ингэж байж төрөлх дүүрэгтээ үр удмаараа оршин сууж, хөгжил цэцэглэлтэд нь өөрийн сэтгэлээр анхаарал хандуулдаг болно шүү дээ. Ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог нь л хангаад өг, тэр цагт ядаж амьдрал хөөсөн замбараагүй нүүдэл цэгцэрнэ шүү дээ.  Би бол энэ дүүргээсээ нүүхийг хүсдэггүй иргэн шүү.

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа. Ажил амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.26.171Зочин   • 2017, 10 сарын 9. 19 цаг 30 минут

nam gej yarihgui eniigee yarildaa tegvel demjnee

122.201.26.171Зочин   • 2017, 10 сарын 9. 19 цаг 30 минут

бүх зауучууд ингэж харвал улс хөгжиж болох л юм

124.158.112.2Зочин   • 2017, 8 сарын 8. 17 цаг 00 минут

Залуучуудийн оролцоо чухал МАН-ч г гэсэн дажгүй санагдлаа

107.170.68.59Зочин   • 2016, 10 сарын 6. 15 цаг 10 минут

Иймэрхүү залуусаа сайтар дэмжээд өгөх хэрэгтэй. МАН-ын залуустаа амжилт хүсье

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 27 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 37 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 47 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 52 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна6 цаг 57 минутын өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 2 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 7 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 12 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 17 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 22 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 27 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 28 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 32 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 37 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 42 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 47 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 50 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 52 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий7 цаг 57 минутын өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 2 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 7 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 12 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 17 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 22 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 27 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 32 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 37 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 42 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 42 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.