10-р сарын 13
10 цаг 43 минут

Сургуулийн он жилүүд сэтгэлд уяатай

1967 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг би хэзээ ч мартдаггүй. Энэ өдөр би нэгдүгээр ангид орсон юм. Сургуулийн он жилүүд хүний амьдралын хамгийн жаргалтай сайхан цаг үе, санаж зовох юмгүй, дэгж дэрвэсэн дэврүүн он жилүүд байдаг агаад, тэр ч утгаараа сэтгэл оюунд бага залуу насны дурсамж дурдатгал болон хадгалагдаж, эргэн санах бүрт сэтгэлийн цэнгэл эдлүүлэн, хүүхэд насны гэрэлт өдрүүдэд жуулчлуулах шиг болдог. Анх сургуульд орсон тэр үе одоогоос тавин жилийн тэртээд үлдэж хоцорсныг сануулах мэт манай сургуулийн 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 50 жил гэдэг хүний амьдралд их урт юм шиг санагдах ч, эргээд харахад нүд ирмэхийн зуурт гялсхийн өнгөрч одсон мэт ганцхан “өчигдөр” хэмээх үгэнд багтах авай.

 “Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль” гэсэн нэр манай сургуулийн бахархал билээ. Зөвлөлтийн тусламжаар нийслэл хотод хамгийн анх байгуулагдсан сургууль маань анхныхаа элсэгчдийг авч байлаа. Тийм ээ, 1967 онд элссэн бидний үеийнхэн сургуулийнхаа анхны элсэгчид байсан юм. Гэхдээ манай сургууль өмнөх жил нь буюу 1966 онд баригдаж дуусч өвөл нь буюу 11,12 сарын үед ашиглалтад орсон байсан. Яагаад гэвэл миний ах тэр жил өөр сургуульд суралцаж байгаад оны заагаар энэ шинэ сургууль руу шилжиж байсан. Манай сургууль Монголын анхны хамгийн гоё сайхан, хамгийн орчин үеийн сургууль гэдгээрээ онцгой ялгагдаж, тэр үедээ л нэр хүнд нь Монгол даяар түгж байлаа. Хүмүүс “-Аль сургууль вэ?” гэж асуухад ёс юм шиг “-Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль” гэж нүүр бардам хариулахдаа “Эд нар бидэнд атаархаж байгаа даа!” гэж дотроо сэтгэл хангалуун боддог байлаа. Тийм л байсан юм чинь. 

Тэр жилийн 9 дүгээр сарын 1-ний өглөө ааваараа хөтлүүлэн анх удаагаа сургуульдаа ирэхэд нарлаг сайхан өдөр байв. Сургуулийн гаднах талбайд олон хүүхэд бужигналдан, дуу шуу ихтэй. Нэгдүгээр ангийн сурагчдыг ээж аав нь, эмээ өвөө нь хүргэж ирцгээсэн харагдана. Хөгшчүүл биднийг заан: -Хараач, эднийг! Үүрсэн цүнхнээсээ ч жаахан юм гээч! гэлцэн өхөөрдөцгөөх нь чих дэлсэхэд “Хэнийг хэлээд байгаа юм бол? Арай намайг хэлээгүй байгаа!” гэж бодохдоо том хүн болох гэж цээжээ түхийлгэн зогсч байсаан. Удалгүй “Жагсаарай!” гэх дуу сонсдож ангийн багш болох залуухан эмэгтэй хүрч ирэн биднийг эгнүүлэн жагсаахад, төгсөх ангийн ах эгч нар бас бидний өөдөөс харан жагсчээ. Захирал, багш нар, төгсөх ангийн ах эгч нар үг хэлж, бүх сурагчдад, түүний дотор нэгдүгээр ангид шинээр элссэн багачууд бидэнд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөгөөд урагш алхан ойртож хүүхэд бүрт шинэхэн дэвтэр харандаа бэлэглэлээ. Тэгээд ахлах ангийн, бас нэгдүгээр ангийн нэг нэг сурагч хамтдаа мөнгөн хонх жингэнүүлэн дуугаргаж хичээл эхлэх цаг болсныг мэдэгдсэнээр бүгдээрээ том ах эгч нарт хөтлүүлэн сургууль руугаа алхаж орсон тэр мөч амьдралын гараа, гэрэлт ирээдүй тийш алхсан анхны бөгөөд гайхамшигт алхам байсныг балчирхан оюун яахан мэдрэх билээ.

 Сургуулийн хаалгаар ороход бүх юм цоо шинэ, гял цал, уужим цэлгэр авай. Дөнгөж ормогц ухаа хонгороо унасан жанжин Сүхбаатарын томоо гэгч зураг өөдөөс угтаж, бахархан дээдлэх сэтгэл төрүүлнэ. Ангид ороход хана туурга, ширээ сандал, самбар цонх гээд юм бүхэн цэвэр цэмцгэр, өнгөлөг гэгээлэг. Намайг багш нэгдүгээр эгнээний хамгийн урд талын ширээнд ханан талд суулгалаа. Дэргэдэх ханан дээр их зохиолч Д.Нацагдоржийн:

 Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ

 гэсэн мөрүүдийг улаан хамбаар бүрсэн бяцхан самбар дээр цагаан хөөс зүсэн үсэг нааж бичсэн нь тодоос тод нүдэнд тусч, сэтгэл оюуныг эрдэм номын ертөнцөд замчлан хөтлөнө. Сургууль маань ийм л эрдэм номын гайхамшигт ертөнц байлаа.  

 Тэр үед Сансар хороолол дөнгөж баригдаж байсан тул хаа сайгүй барилга сүндэрлэн, өндөр өндөр кран сүүхийлдэн шинэ хот, шинэ хорооллын их бүтээн байгуулалт ид өрнөж байв. Жараад оны дундуур Монголд ирж байрласан Зөвлөлтийн цэргүүд тийнхүү хэдхэн жилийн дотор бүхэл бүтэн хороолол барьж байгуулсан юм. Намайг сургуульд орохоос өмнө манайх Хөгжим бүжгийн коллежийн урдхан байсан бөгөөд зүүн тийш харахад Консулын дэнж тэр чигтээ гэр хороолол байсан тул зах хязгааргүй олон монгол гэр хашаа нүүгэлтэн бүрхэж харагддагсан. Өнөөгийн Сансар хорооллын өндөр дэнжийг Консулын дэнж гэж нэрлэдэг байсан. Жаран таван онд анх Монголд ирж байрласан орос цэргүүд жилийн дараа гэхэд л шинэ хороолол цогцлоож, тэр орон сууцнуудад монголчууд нүүж орцгоон тавлаг тухлаг аж төрөх болсон билээ. Сансар хороололд тэр үеийн Монголд шинэхэн бий болсон сэхээтний давхаргынхан олноороо суурьшицгаасан. Эмч, багш, хуульч, сэтгүүлч, инженер, цэрэг, цагдаагийн алба хаагчид, төрийн албан хаагчид, сайд дарга нарынх ч амьдарцгаадаг байсан. Орос цэрэг офицерууд, тэдний ар гэрийнхэн, энгийн хүмүүс ч олноор ирж суурьшицгаасан тул бид оросуудтай нэг дор амьдрах болсноор орос хэл, оросын соёлд бусдаас түрүүнд татагдсан нь мэдээж. Өвөл оросын байрнуудын хооронд байх мөсөн гулгуурын талбайд орос, монголгүй л гулган тоглож байдагсан. Хүүхдүүд тэгж яваад л оросоор буруу зөв дуугардаг болно. Орос хэлний хичээл дээр муу авдаг хүүхэд гадаа гараад л орос жаалуудтай шулганалдаж явдаг байсан юм. Гадаад хэлийг орчинд нь сурахын давуу тал тэр. Үнэндээ манай хуучны орос хэлний сургалт дүрэм заасаар байгаад  л өнгөрдөг байсан даа. 

 Манай ангийн багш Оюунцэцэг гэж тэр жилдээ Багшийн сургуулийг төгссөн залуухан эмэгтэй байв. Ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж байгаа гэхэд чадалтай, туршлагатай багш байлаа. Тийм ч учраас манай ангийнхан жигд сайн суралцдаг, тэргүүний анги байсан юм. Багш маань бидэнд ярихдаа: “Манай сургууль бол улс даяар хамгийн анхны хамгийн сайхан сургууль шүү! Өөр сургуулийн сурагчид, хөдөөгийн хүүхдүүд ийм сайхан орчинд суралцаж байгаа нь ховор. Зарим сургууль галладаг пийшинтэй, сурагчид нь эсгийн гутал, хөвөнтэй дээлтэй сууж байгаа. Иймд та нар ийм сайхан сургуульд суралцах болсондоо баярлаж, дандаа онцсайн сураарай!” гэж захидаг байсан нь сэтгэлд тодхон. Олон сайн багш нар багшилдаг байлаа. Хичээлийн эрхлэгчээр Монгол Улсын гавьяат багш Хүүхээ гэж мундаг багш, бас гавьяат багш Бадамханд, тэргүүний багш Хүүхнээ, Түүх, нийгэм судлалын Цэрмаа, хими-физикийн Очирхуяг, Хишигдорж, орос хэлний Чимид, Галя, Норовсүрэн, биеийн тамирын Чагнаа, Алимаа, пионерийн удирдагч Алимаа, математикийн Магсаржанцан, Сарантуяа, монгол хэл, уран зохиолын Нямхүү, Тогооч, дуу хөгжмийн багш Цэнджав гээд багш нарынхаа нэрсийг бүгдийг нь жагсаах болох нь. Захирал багш Ноосгой гэж хатуу чангаараа айхтар, хал нь гаднаа, хайр нь дотроо нэгэн байж дээ. Сургуулийн тэртээ цаад хонгилд дуу нь хангинахад хаа холын нөгөө жигүүрт байсан бид ухасхийн анги руугаа гүйлдэн орцгоож нам гүм болдогсон. Бас Ням-Осор багш захирлаар ажиллаж байсан.

Багшид өөр ажил гарвал ахлах ангийн ах эгч нараас оруулж ирэн бидний хичээлийг давтуулж, чимээгүй, журамтай суулгана. Цэцэгээ, Мөнхбуян, Ичинхорлоо гээд ах эгч нар тэгж бидэнд хачин сайхан үлгэр домог, кино ярьж өгдөг байсан юм. Цэцэгээ эгч нэрт кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жижидсүрэн гуайн гэргий болж, манай телевиз, киноны арын албаны тэргүүний ажилтнуудын нэг болсныг олон жилийн хойно мэдсэн төдийгүй, бид гурав хэд хэдэн уран бүтээл хамтран хийсэн билээ. Хичээлийн завсарлагаанаар Сансарын үйлчилгээний төвийн номын дэлгүүрээс ном авчирч зарна. Хүүхдүүд шавчихна. Гоё гоё номууд зардаг байсан санагдана. Л.Түдэв, П.Хорлоо, Д.Цэвэгмид, Шведийн Астрид Линдгрен, Английн Ричард Киплинг, Даниэль Дефо, Оросын Самуиль Маршак, Сергей Михалков гээд гадаад дотоодын алдартай зохиолчдын бүтээлүүдийг байнга авч уншина. Тэгж л бидний үеийнхэн номонд хорхойтой болсон. Шинэ жилээр өнөөх зохиолын үйл явдлуудаар жүжиг тоглон, онц сурлагатнууд өвлийн өвгөнөөс бэлэг авч бөөн баяр хөөр болдогсон. Юм ховор байсан тэр цагт бэлгэн доторх алим, мандарин, чихэр шоколад ёстой олдошгүй нандин санагдаж, хэд хоног л харамлан гамнан иддэг байж билээ.

Манай сургууль юм юмаараа хот, улсад ямагт тэргүүлдэг байсан. Тиймээс ч “Улсын тэргүүний сургууль” гэсэн нэр алдар хүртсэн юм. Сурлага, урлаг, спортоор шалгарсан олон мундаг сурагчид суралцдаг байсан. Тэр бүгдийг нэрлэж барах юм биш, бас олных нь нэрийг мэдэх ч үгүй. Санаанд байгаагаас заримыг нь нэрлэхэд Өдгөө Энэтхэгт улсаа төлөөлөн суугаа Элчин сайд Г.Ганболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Цогтсайхан, Цагдаагийн генерал Ч.Амарболд, Гавьяат хуульч, УИХ-ын гишүүн асан Д.Мөрөн, мөн УИХ-ын гишүүн асан Ч.Зоригтбаатар, С.Одонтуяа, Элчин сайд асан З.Алтай, Т.Ганди, Ардчиллын алтан хараацайнуудын нэг улс төрч Билэгт, Байгаль орчны дэд сайд асан Жаргалсайхан, Гавьяат сэтгүүлч Монгол телевизийн Г.Золжаргал, Б.Оюунчимэг, мөн нэртэй сэтгүүлч, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Гавьяат эмч Амгалан, зохиолч, сэтгүүлч М.Амгалан, Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, гэрэл зурагчин асан Батзориг, “Өргөө” хамтлагийн дуучин Бархас, казино Байгаль, боевик Билэгт, атаман Алдаржав, Тамираа гээд монголчуудад танигдсан олон хүн суралцаж байжээ.                                         

   2б ангийн онцчууд 1968 онд

Манай ангиас л гэхэд Гавьяат хуульч, УИХ-ын гишүүн асан, өнөөгийн ИХШХЕГ-ын дарга Д.Мөрөн, мөн УИХ-ын гишүүн асан Ч.Зоригтбаатар хоёр төрөн гарсныг хэлэхийн сацуу ийм анги ховорхон биз ээ гэж бодогддог юм. Цаашлаад Эрдэнэт үйлдвэрт дарга, Эх нялхсын төвд эмч, мэс засалч, санхүүч, дипломат ажилтан, зохиолч, орчуулагч, эрдэмтэн, доктор гээд янз бүрийн салбарын хүмүүс цөөнгүй бий. Цогтсайхан, Жаргалсайхан, Э.Сонинтогос мэтсийг бол “гавлууд” л гэнэ. Учир нь тэд тоо, физик, хими зэрэг хүнд хичээлүүдэд гоц гойд төдийгүй байсгээд л хот, улсын уралдаан олимпиадад оролцон байр эзэлж сургуулийн нүүр тахалж ирнэ. Биднийг есдүгээр ангид байхад манай сургууль дээр “Мартагдашгүй намар” киноны зарим нэг зураг авалтыг хийж, хүүхдүүд кино хальсанд орсон нэгнийгээ бахархан үзэцгээдэг байлаа. Тэгж “Нэг ангийн хоёр”, “Тамирын охин” гээд хэд хэдэн кинонд манайхан гарч байдаг юм.

Хоёрдугаар ангид байхад, манай ангийн дарга Ш.Энхтуяаг хүүхдүүд “Битлз” гэж хочилдог болов. Чухам ямар учиртайг нь мэдэхгүй, их л муухай нэр хоч юм байх гэж боддог байтал, хожим нь Битлзийн дуунуудыг сонсох болсноор дэлхийг байлдан дагуулсан алдарт хамтлагийн нэр болохыг нь мэдэж авч байлаа. Мань хүн үсээ эрэгтэй хүн шиг богинохон засуулаад дух, шил рүүгээ унжуулан жигдхэн тайрдаг нь Битлүүдтэй адилхан харагдаж, тийн хочлуулах болсон хэрэг байж л дээ. Тэр хаалттай хориотой цагт ч барууны сураг чимээ, моод сонирхол Монголд хүрч ирдэг байсны жишээ энэ. Аав маань спортын эмч байсан бөгөөд 1972 оны Мюнхений олимпод оролцож ирэхдээ дөрвөлжин хуурцгаар ажилладаг жижигхэн дуу хураагч авчирсан юм. Тэр хэдэн хуурцагт Битлз, Бий Жийз, Дийп Пёрпл, бас япон дуунуудтай. Япон дуунуудын дотор тэр үеийн монголчуудыг байлдан дагуулж байсан “Зуурдын сэтгэл” киноны “Коино кисецу” хэмээх дуу байсан нь бидэнд ёстой аз болж түүнийг байнга сонсдог байлаа. Гэрэл зурагчид энэ дууны үгийг кирил үсгээр бичиж олшруулан хувилж зардаг, тэр нь ёстой эрээд олдохгүй эрдэнэ мэт байсан гэхээр тэр кино, тэр дуу монголчуудыг байлдан дагуулж байсан гэхэд огтхон ч хэтрүүлэг болохгүй. Тэгж манай Сансарт, магадгүй бараг л Монголд анхны кассеттай дуу хураагч бий болж, бид барууны янз бүрийн хамтлаг, дуучдын хит болж байсан гоё гоё дуунуудыг хошууран сонсох болсон юм. Тэр үеийн хүүхэд бидэнд хичээлийн дараа хийх юм байх биш, нэгнийдээ, эсвэл орцонд цуглан буу халж, өнөөх магнетафоноороо, эсвэл пянз тавин дуу сонсч, банзан гитар нүдэж өдрийг өнгөрөөнө. Мэдээж, “Соёл эрдэнэ”, “Баян Монгол”, тэр үед дөнгөж байгуулагдаж байсан “Дөмөн”, “Залуус” хамтлагийн тоглолтыг үзэх гэж ёстой л дайтах дөхнө. 

Есдүгээр ангид байхад нэг удаа, манай ангийн журналын нэг хуудас алга болчихов. Тааруухан дүн авсан нэг нь тасдаад авчихсан хэрэг л дээ. Эзэн нь олддоггүй ээ. Бөөн хэрэг мандсаар эцэст нь Цэнджав багшид хүрчээ. Мань хүнийг сургууль даяар Чека Цэнджав гэдэг байсан юм. Энэ нь Оросын ЧК буюу Онцгой Комисс гэдэг мөрдөх албаны нэр. Цэнджав багш энэ талын асуудлыг мундаг хийдэг, аливаа хэрэг, асуудлыг илрүүлж, эзнийг нь олж тогтоохдоо гаргуун. Ийм асуудал гарах бүрт Чека багш оролцоно. Алдаж байсан удаагүй гэдэг. Тэр ч ёсоор манай ангид айдас аймшиг татуулан орж ирлээ. Ангид ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм. Ангийн багш, Чека багш хоёр самбарын өмнө зогсоод бүх хүүхдүүдийг босгож зогсоогоод, Чека багш дундуур нь хүүхэд бүрийн нүд рүү цоо ширтэн алхахад үнэхээр аймшигтай байлаа. Хэрэг хийгээгүй атлаа хийчихсэн юм шиг, намайг гэх вий дээ гэхээс зүгээр зогсч чадахгүй яс хавталзана. Чека багш тийн явсаар миний дэргэд ирж хамт суудаг Д.Батжаргалын нүд рүү удтал ширтэв. Тэгээд дахин нааш цааш хэсэг алхсанаа “За, боллоо. Хэн гэдгийг нь багшид чинь хэлнэ!” гээд гарч одсон юм. “Олчихож! За, дүүрчээ!” л гэж бодоцгоов. Чека багш харин тэр удаад алджээ. Хэргийн эзэн нь мань Бачаа биш, өөр хүүхэд байсан гэдэг. Цэнджав багш дуу хөгжмийн мундаг багш бөгөөд түүний хүч зүтгэлээр л манай сургууль олон жил урлаг, уран сайхнаараа улс, нийслэлд оройлдог байсаан.

1976 онд аравт ордог жил манай анги 1 дүгээр сургуулийн нэг ангитай шефийн харилцаа тогтоов. Манай ангид сурч байгаад тийшээ шилжсэн Амарбаяр маань л холбосон хэрэг. Тэгээд 1 дүгээр сургуульд уригдан очиж, танилцах уулзалт хийн үдэшлэгт оролцлоо. Сургууль дээрээ цуглан бөөнөөрөө явахад тааралдсан хүүхдүүд “Хаачих нь вэ?” гэж асуухад нь “-Хот орноо!” гэж хариулж байсан маань санаанаас гардаггүй юм. Тэр үед Их дэлгүүр, дөч, тавин мянгат руу явах хэрэг гарвал тэгж хэлдэг байсан гэхээр л, хот гэдэг ойлголтын хүрээ хязгаар ямархан байсан нь ойлгогдох биз ээ. Тэгээд шеф ангидаа зочиллоо, танилцацгаалаа, хамтдаа үдэшлэг хийж бүжиглэж наадацгаалаа. Тэдний ангид хожим олны танил болсон хүмүүс байсны заримыг санахад ардчиллын анхдагчдын нэг “Хонх”-ны Цогтсайхан, “Орифлейм”-ийн Оюунгэрэл нар байжээ. Сурагчийн форм биш, энгийн хувцас, пиджак, палааж өмсөцгөөсөн тэд, бидний үе тэнгийнхэн биш, хамаагүй ах эгч юм шиг харагдан атаархах сэтгэл төрж байлаа... Оны сүүл рүү буюу 12 дугаар сард бид тэднийг сургуульдаа урьж хариу үдэшлэг хийв. Ангийн охид их л чухал ажил амжуулж байгаа янзтай “Нэрээ бодно шүү!, бүгдээрээ энгийн хувцастай орно шүү!” гэлцсээр, хөвгүүд бид ах, аав нарынхаа цамц пиджакийг өмсөцгөөж, зарим нь зангиа зүүцгээв. Үдэшлэг хийх биеийн тамирын зааланд явж орвол таних хүн алга, дүүрэн гоё ганган, будаг шунх болсон охид хүүхнүүд. Тэгэхнээ нь, манай ангийн охидууд, нөгөө ангийнхан ч бүгдээрээ юбка, палааж өмсөцгөөж, нүүр амаа сэртийтэл нь будацгаан, үс гэзгээ янзалж танигдахгүй болгоцгоосон нь тэр байжээ.  

 Тэр үдэшлэг маш гоё болсоон. Манай ангийнхан Сансарын “Хэрлэн” рестораны цахилгаан хөгжмийг авчран тоглуулж, бас өөрсдөө ч тоглоцгоов. Төгсгөлд нь давуу талаа ашиглаж анд нөхдөдөө сургуулиа амжилттай төгсөхийг хүсэн ерөөж, оросын “Школьный вальс” киноны дууг дуулцгаалаа:

                     В школьное окно смотрят облака,

                     Бесконечным кажется урок.

                     Слышно, как скрипит пёрышко слегка –

                     И ложатся строчки на листок.


                            Первая любовь... Школьные года...

                    В лужах голубых - стекляшки льда...

                    Не повторяется, не повторяется,

                    Не повторяется такое никогда!...

   Монголоор бол:

                     Хичээл дуусашгүй мэт санагдаж,

                     Хөвөх үүлсийг цонхоор ширтэнэ.

                     Үзэг чахрах чимээ анирлаж,

                     Үзүүрээс нь мөрүүд дэвтэрт амилна...

 Тийм ээ, хүүхэд байхад хонх дуугарч хичээл завсарлахгүй дэндүү удах шиг санагддаг сан. Яах гэж ч тэгж адган яардаг байсан юм бэ дээ. Хэрэв өнөөдөр хүүхэд насандаа эргэж очоод хичээл дээр сууж байгаа бол хэзээ ч тэгж яарахгүй, хонх битгий дуугараасай л гэж залбиран суух байсан буй заа.

 1977 онд аравдугаар ангиа төгсөх үед ангийн багш маань Содном гэж математикийн багш байлаа. Бас л мундаг багш. Олон юм ярихгүй, хичээлээ заагаад л, ангийн ажил, асуудал байвал товчхон, тодорхойхон ярьж, яах ёстой, яаж болохгүй тухай үүрэг даалгавар өгөөд л гүйцээ. Энэ бол нас, биед хүрч байгаа хүүхэд залуучуудыг бие даалгах зөв арга барилтай байсных буй заа. Сүүлчийн хонхны хичээл санаанаас огт гардаггүй юм. Тэр хичээлийг Содном багш заасан. Самбар дээр тоо бичиж биднээр бодууллаа. Төгсөх гэж байхад юун тоо бодох манатай гэж бид дотроо дургүйхэн л байсан байх. Харин хариуг нь гаргаж чаддаггүй ээ. Тэгтэл ч багш “За, тэгвэл хамтдаа бодоцгооё!” гээд үйлдэл бүрийг нь биднээр хэлүүлэн бодож гарлаа. Тэгсээр 55555 гэсэн хариу гаргаад багш “За, та нар сургуулиа төгсч, амьдралын их сургуульд элсэн орох гэж байна. Та нарын цаашдын амьдрал үйлс энэ бодлогын хариу шиг дандаа онцсайн байхыг багш нь хүсэн ерөөе!” гэхэд ангиараа дуу алдацгаан баярлаж байж билээ. 

 Манай сургууль бидний үед ийм л сайхан байсан. Одоо ч бас тийм л байгаа гэж итгэнэм. Сургуулийн маань ой тохиож буй энэ өдрүүдэд ангийн хамт олон, үе тэнгийнхэн, сургуульдаа суралцаж байсан бүх сурагчид болон багш нартаа аз жаргал, сайн сайхныг хүсэн, ойгоо сайхан тэмдэглэхийг ерөөе өө. Миний энэ өчүүхэн дурсамж шиг өчнөөн олон сайхан дурсамж дурдатгал бичигдэж байгаа гэдэгт итгэнэм. Би харин, сургуулийн он жилүүд, хүүхэд насныхаа тухай роман тэрлэж дууссан, ирэх онд хэвлүүлнэ хэмээн нэгэн нууцаа дэлгэж, номын хуудсаар эргэн уулзацгаахын ерөөл талбияа.

                                                                        Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,        

                                          Хэлбичгийн ухааны доктор,  зохиолч, орчуулагч Я.Ганбаатар

 

2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 

Тайванийн Тайбэй хотоос мэндчилэвэй. 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.41jjj   • 2016, 10 сарын 16. 20 цаг 43 минут

ямар сайхан юм бэ би ч 67 оны 1+р ангийнх.мөн л ааваараа хүргүүлэн сургуульд орж байлаа.хүрэн форм,цагаан паарчигаа өмсөөд нээг их гоё л б.ж дээ цаг хугацаа гэж...үеийнхэндээ дурсамжаа сэргээн сэтгэлээр өөдрөг амьдрахыг хүсье

59.153.112.207zochin   • 2016, 10 сарын 16. 19 цаг 47 минут

Bichgiin hun gehed nairyylga taaryy boljee.zarim heseg ni unuugiin gar ytasnii message shig l ynshigdaj bna daa.

202.131.252.213Зочин   • 2016, 10 сарын 16. 6 цаг 30 минут

Saihan dursamj bna.bu 1977 ond huduu aimagt 10-r angi tucgsuud bagshiin deeded surch baihdaa 33-r sur deer dadlaga hiij bilee

90.236.28.201Зочин   • 2016, 10 сарын 15. 22 цаг 17 минут

Saihan dursamj bnaa. Ter yed 8 tugsuhduu sain faktalj bilee Gehdee ch 10 aa tugssun shuu.angiin bagsh Nyamtseren bsndaa

43.242.243.212Зочин   • 2016, 10 сарын 15. 12 цаг 04 минут

Сайхан дурсамж бичсэн байна. Мундаг захиралтай, чадалтай багш нартай, сэргэлэн сурагчидтай тэр үеийн элит сургууль байж билээ.

43.242.243.112Зочин   • 2016, 10 сарын 14. 17 цаг 21 минут

Сайхан дурсамж бичсэн байна.

43.242.243.112Зочин   • 2016, 10 сарын 14. 17 цаг 20 минут

Жигжид найруулагчийн охин Цэцгээ 1973 онд 10 -р анги төгссөн. Бичигч 1971 онд төгссөн Цэцгээгийн тухай бичсэн бна. Сансарын дэнж дээр айлууд байгаагүй, ногоон дэнж дээр нь жижигхэн цагаан хөшөө байдаг, тэр хөшөөний урдуур дэнж давдаг явган хүний зам дурайн харагддаг байж билээ. Биеийн тамрын багшаар Доржсүрэн багш, Туяа багш нар анх сургууль нээгдэхэд ажиллаж байв.

183.81.171.134Төгсөгч   • 2016, 10 сарын 16. 15 цаг 06 минут

Сайхан дурсамж байна. Сайхан сургуульд сурсан шүү бид. Тооны багш Саранцэцэг, Чагнаа багш чинь физикийн багш байсан. Очирхуяг багш чинь физикийн багш. Биологийн багш Хүүхэндээ.

202.21.101.189зочин   • 2016, 10 сарын 14. 16 цаг 34 минут

Цэцгээ чинь Жигжид гуайн охин биздээ

202.179.11.10nomin   • 2016, 10 сарын 14. 12 цаг 08 минут

ямар гое юм бе хүүхэд нас санагдлаа

103.229.121.98Зочин   • 2016, 10 сарын 14. 10 цаг 36 минут

Сайхан дурсамж биччээ. Таалагдлаа

61.228.211.91Зочин   • 2016, 10 сарын 14. 8 цаг 47 минут

Хүүхэд насны жаргалтай сайхан үеийн гайхалтай сайхан дурсамж байна. Мэддэг хүмүүст нь гоё л байгаа даа.

31.18.50.45ganbaa   • 2016, 10 сарын 14. 1 цаг 00 минут

33 yostoi hogiin surguuli baisan

182.160.41.157Ориг.З   • 2016, 10 сарын 13. 20 цаг 59 минут

сайхан сайхан. Би ч тэр цагийг үзсэн азтай хүмүн. цаг хугацааны хэмжүүр арй л өөр, хүмүүс нь ч арай өөр байсан даа. гэгээн гэгэлхэн. ӨНөө хөгжиж байгаа ч тэр цагийг л ер гүйцэхгүй. гэхдээ сайхаан сайхан

202.9.42.174Зочин   • 2016, 10 сарын 13. 18 цаг 59 минут

Bidnii yeiin mash saihan dursamj bichjee. Iim l nsan daa. Bi darhan sharyngol 2r surguulid 1967 ony 9 saryn 1nd orj bailaa. 7 nastai jaahan ohin. Amjilt husie .

Шинэ мэдээ

Шуурхай: Лүн сумын чиглэлийн замыг хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа1 цаг 58 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна2 цаг 7 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа2 цаг 8 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо2 цаг 10 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?3 цаг 46 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна4 цаг 1 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна4 цаг 1 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ4 цаг 16 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд4 цаг 46 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө5 цаг 1 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ5 цаг 16 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ5 цаг 46 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 цаг 1 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 цаг 16 минутын өмнөДэлхийн хамгийн баян улс6 цаг 46 минутын өмнөЖеннифер Лоуренс найз охиддоо гомджээ7 цаг 1 минутын өмнөТамхины тахал гэж юу вэ7 цаг 16 минутын өмнөЭЕШ маргааш эхэлнэ7 цаг 46 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 16 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 46 минутын өмнөШуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.