С.Сайханбаяр: Дэлхий бидэнд ойрхон байна, зүгээр л эрэл хайгуул хий

Хэдхэн жилийн өмнө зүгээр л бодож явсан бодол минь өнөөдөр зөвхөн монголдоо гэлтгүй дэлхийн улс орнуудад эх орноо таниулах, сурталчлах боломж болон бодит биелэлээ олсонд баяртай байна. Бид цэвэр экспортын мөнгийг эх орондоо оруулж ирж эхэлсэн. Энэ бүхэн жижигхэн юм шиг мөртлөө том юмны эхлэл. Том тулаанд ялахыг хүсвэл жижиг жижиг тулаанд ялах ёстой. Жижиг тулаанд ялж байгаа энэ баяр хөөр миний том тулаанд ялах итгэл үнэмшил. Монголчууддаа хандаж хэлэхэд дэлхийн зах зээлээс хэдүүлээ эх орондоо хэрэгтэй бүхнийг авчирья хэмээн НААД брэндийг үндэслэгч, “Талын эзэн” компанийн Гүйцэтгэх захирал С. Сайханбаяр өгүүлж байсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг таалан болгооно уу.

 

 

-Шагай нясалж, оньсон тоглоомоор тоглож өсдөг монгол хүүхдүүд одоо өргөө цагаан гэр угсарч тоглох боломжтой болжээ. Гэр хийх санаа хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Би маркетингийн чиглэлээр сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 15 жил ажиллаж байна. Жудочдын туйлын мөрөөдөл олимпийн аварга байдагтай адил маркетингийн чиглэлийн хүмүүсийн дотор нэг брэнд гаргачих юмсан гэсэн бодол байдаг. Дүү бид хоёр хамт ажилладаг тул санаа бодлоо дандаа солилцоно. Багадаа хөдөө өссөн бидний хувьд монгол ахуй илүү ойр байсан. Тэгээд монгол гэрээрээ дэлхийд танигдсан брэнд гаргая гэж бодсон.

 

2013 оноос нилээн идэвхтэй анхаарал хандуулж хоёулаа модоор гэр хийж үзье гээд хүнд захиалж хийлгэлээ. Дараа нь нөгөө модон гэрээ зарах гэж нэлээн явж үзсэн. Тэгээд нэг өдөр Хөлбөмбөгийн холбооны Шижир гээд найзтайгаа уулзахад “Аймаар болхи, хүнд байна” гэлээ. Тэндээс гараад бас нэг хүн үзье гэсэн байсан тул замаараа Блюскай дээр очиж үзүүлэхэд мөн л адилхан үг хэлсэн. Тэндээс ганцхан юмыг сайн ойлгосон.

 

Энэ зам биш юм байна. Гэхдээ болхи, хүнд гэдэг асуудлуудыг л шийдэх ёстойг ойлгосон.  Гар аргаар хийдэг учраас болхи байна. Тиймээс үйлдвэрлэлийн аргад оруулвал нэгэн жигд гарах боломжтой. Хөнгөхөн байлгахын тулд хуванцар ашиглах бодол төрсөн. Маш олон алдааны үр дүнд мэдэж авсан. Судлаад явж байтал Монголд маань “Хэв хашмал хуванцар” гэдэг том үйлдвэр байж таарсан. 2016 оны 5 сард үйлдвэрийн захирал Хүдэрбат гэдэг залуутай модон гэрээ барьж очиж уулзаад “Ийм юм хийх гэсэн юм” гэхэд “Надад хийх юмнуудаа үзүүлдээ. Үнэхээр хийж чадах юм байна” гэж хэлсэн.

 

Зун жаахан амраад 2016 оны 8 сараас шууд л зураг төсөл рүүгээ орж, хэвнийхээ зургийг гаргаж эхэлсэн. Хэмжээгээ өргөн нь 30 см, өндөр нь 15 см байхаар сонгосон. Учир нь ихэнх айлын тавилганы өргөн нь 40 см байдаг. Тиймээс 30 см-т яг багтана гэж тооцсон. Бид Монгол гэр хийдэг компаниас 4 ханатай гэрийн бүх хэмжээсийг аваад 11 дахин багасгаад гэрээ хийсэн. Жижигхэн гэр хийдэг хүмүүс байдгийг интернэтээс харсан ч нэгийг нь ч үзээгүй. Ганцхан яг бодит гэрийг байгаагаар нь багасгаж хийе гэсэн зорилго л тавьсан. Тэрэндээ ч нилээн дөхүүлж чадсан.

 

  Ер нь юм бүтээж байгаа хүмүүст хэлэхэд ямар нэг бүтээгдэхүүнийг харах хэрэггүй.   

 

Тэгэхгүй бол ингээд л хийчихье гээд хайрцаганд орчихно. Өөр байлгая гэвэл өөрийн сэтгэмжээр хийх нь зөв юм байна лээ. Гэр бүтсэн түүх маань энэ. Энэ үед өөрсдөөсөө бүх мөнгөө гаргаад л явж байсан. Явц дундаа билэгдэл зүй талаасаа ч тэр гэр гэдэг монголыг төдийгүй нүүдэлчдийн өв соёлыг төлөөлөх бүтээгдэхүүн учраас дэлхий рүү гаргая гэж зорьсон. Гэтэл өв соёлын мэдлэг дутаад нутгийн ах гэдгээрээ Дулам багшид санал тавьсан.

 

Тухайн үед анхны загвараа 3D-ээр үзүүлэхэд “Болохоор юм байна. Та нар хөөрхөн юм хийж байгаа юм байна. Би ер нь хамтаръя” гээд С.Дулам багш маань зөвшөөрч NAAD брэндийг үндэслэгчдийн нэг болсон. Одоо өв соёл, билэгдэл зүй гээд бүгдийг хариуцдаг. Маш том тус болж байгаа. Мэдээж бид цааш ажлаа өргөжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй болсон. Тэгээд бид “Их Монгол Девелопмент” ХХК-ийн захирал монгол өв соёлын талаар маш их юм хийдэг бас л манай Баянхонгорын нутгийн ах.

 

Их Монголын Ганхуяг гэхээр хүмүүс сайн мэднээ. Наад брэндийн маань үндэслэгчдийн нэг. Түүнтэй уулзаад “Та хамтраач, тодорхой хэмжээний санхүүжилт хийгээч” гэсэн. Тэр үед дүү бид хоёр анхны 3D-гээр хэвлэсэн материалаа бариад очсон. Зүгээр нэг санаа бодоод очоогүй. Анхнаасаа Ганхуяг ахтай л уулзана гэсэн ганцхан бодол байсан. Ямар ч байсан итгэл алдаагүй сайхан хүлээж авсан. Өөрөө ч бас их сэтгэл хангалуун байгаагаа хэлдэг. Одоо “Улам л гоё болгоно шүү” л гэдэг. Тэгээд л энэ гэр маань бүтээгдэхүүн болон гарч ирсэн дээ.

 

-Нэг талаараа монгол “Лего” гэж ойлгож болох уу. Дэлхийд гарахад нэр их чухал. Нэрний утгыг тайлбарлавал?

-Бид брэндээ NAAD буюу НААД гэж нэрлэсэн. Наад гэдэг маань өөрөө тоглох наадах гэдэг үгний үндэс нь. Анх Наадгай гэдэг нэртэй байсан. Тэгээд Дулам багшийн зөвлөгөөгөөр ГАЙ буюу АЙ эгшигийг Зүүн өмнөд азийн хүмүүс хэлж чаддаггүй. Үнэхээр дэлхийд гаргана гэвэл энийгээ авья гэж хэлээд Наадгай маань Наад болсон. Тэгээд одоо NAAD брэнд нэрийн дор олон бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна. 

 

Эхний бүтээгдэхүүн нь монгол гэр. Өөрийнх нь оноосон нэр МИМО гэр. МИМО гэдэг нь “Миний Монгол гэр” гэдэг үгийн товчлол юм. Анх “Миний монгол гэр” нэрээр Оюуны өмчийн газар бүртгүүлэхээр өгөхөд Монгол гээд улсын нэр оруулж болохгүй гээд зөвшөөрөөгүй. Оюуны өмчийн тал дээр манай компанид тусгай хуулийн компани ажиллаж байгаа. Тэр компани маань тухайн үед бид яаж ийж байгаад Монголд энэ нэрээр аваад өгч чадна. Гэхдээ олон улсад хэзээ ч зөвшөөрөхгүй тиймээс оноосон нэр өг гэсэн тул товчлоод МИМО гэр болгосон.

 

-Гэр дотор хүүхдүүд хийж өгөх үү?

-Гар урлал болон гар аргаар 10 хоног, нэг сар ч юм уу нухаж байгаад дуртайгаа хийчихэж болно. Гэхдээ бид илүү үйлдвэрлэлийн түвшинд хийх гээд зорьж байна. Нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн санаа гаргаад зураг төсөл эхэлсэнээс хойш 6-8 сарын дараа эцсийн бүтээгдэхүүн болдог. Бид ямар ч байсан анхны бүтээгдэхүүнээ энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гаргалаа. Хамгийн анхны савласан бүтээгдэхүүнээ 3 сарын 31 нд гаргаж хүүгийнхээ төрсөн өдрөөр бэлэглэсэн. Тэр гэр манай гэрт хүүгийн маань өрөөнд байдаг.

 

Хүү хааяа онгирохоороо “Энэ анхны гэр яваандаа айхтар үнэ хүрнэ дээ” гэдэг. /инээв/ Дөрвөн сараас хойш анхны гарсан гэрээ харахад бас л учир дутагдалтай байдаг, үргэлж л хөгжиж байна. Хошлон бүрээс, оёдол, хэвлэлийн технологи, хуванцар маань илүү өндөр түвшинд болсон. Бүх юм нэг дор бэлэн болдоггүй, явцын дунд сайжраад л байна. Одоо гэрийн хувьд хөгжүүлэлт бараг тулчихсан. Тиймээс гэрээ тойрсон хүмүүс буюу гэрийг эзэнтэй болгох гээд туршилт хийж байгаа. Нэг хоёроор хийхээр бүтэхгүй. Олноор нь хийх гээд эрэл хайгуул хийж, туршиж үзээд л явна.

 

 

 

 

 Асуудал үүсвэл тэр чинь боломж. Дайраад л гар

 

-Залуучууд юм хийх санаа байвч санхүүжилт болохгүй байна, Монголд юу ч хийгээд бүтэхгүй нь зэргээр ярьдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Нэг жишээ хэлье л дээ. Саяхан дэлхийн маш том программ хангамжийн компанид ажилладаг монгол эмэгтэй ирж манай борлуулалт хариуцсан залуустай уулзсан. Тэр хүн “Монгол залуучуудын дийлэнх хэсэг нь асар идэвхтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй болчихсон байна. АНУ-д тийм биш. Нийгмээрээ голдрилдоо орчихсон учраас нэмж хөгжих хүсэл бага байдаг. Жинхэнэ хүсэл эрмэлзэлтэй, юм хийх бодолтой “өлөн” хүмүүс Монголд байна. Энэ ёстой гоё. Үнэхээр идэвхтэй энд тэнд уулзалтууд хийдэг болжээ” гэсэн. Тэр эмэгтэйд олон жил хүний нутагт байгаад ирэхэд арай өөр харагдсан бололтой.

 

 

Мэдээж улс орны нөхцөл байдлаас шалтгаалсан хандлагууд байгаа ч нэг л юмыг ойлго. Тэр нь ердөө Монголдоо юм хийнэ гэж эхнээсээ битгий бод. Шууд л дэлхийд гарна гэсэн зорилго тавь. Тэгэх юм бол Монголын проблем ямар ч асуудалгүй. Гэрээр жишээ авахад эхнээсээ дэлхийд гарна гэж л эхэлсэн. Одоо тэр хүсэл маань биелээд гадаадад худалдаалагдаж байна. Дээр нь гадаадын тоглоомын том эксперт манайхыг өндөр түвшинд хүлээж авч эхэлж байна. Ямар ч байсан загвар, зургаа явуулсан байгаа.

 

-Жишээ нь?

-Globaltoyexpert.com сайтыг үүсгэн байгуулагч Ричард Готтлиб гээд дэлхийн тоглоомын зах зээлийн хамгийн нэр хүндтэй хүн бий. Тэр хүн дэлхийн бүх тоглоомын нээлтийн арга хэмжээн дээр очиж үг хэлж, зөвлөгөө өгдөг, аль тоглоом нь ирээдүйтэйг хэлж мэддэг. Интернэтээр бүтээгдэхүүнийхээ зураг видеог илгээсэн. Тэгтэл бидэнтэй Skype-ээр ярилцая гэсэн. Тэр өөрөө ВВС-д ярилцлагад орох гээд Англи явчихсан үе таарч, ажилтантай нь гурван талаасаа ярилцлага хийсэн. Тэр хүн хэлэхдээ “Энэ гэр хамгийн шинэлэг онцгой бүтээгдэхүүн болж магадгүй. Бидэнд хамтрах боломж харагдаж байна” гэсэн.

 

 

Бид нилээн нээлттэй ярилцаж, бүтээгдэхүүнээ явуулаач гэсэн. Бид илгээсэн байгаа. Тун удахгүй гарт нь очино. Тэгээд дэлхийд гаргахын тулд олон улсын стандартыг нилээн судалсан. Монголд асуучихья гэсэн ч мэдэх хүн бага. Янз бүрийн хүнээс асуугаад л явж байсан. Манай гэрийн эсгий сауны зориулалттай тусгай эсгий. Япон, Ирландын чийгтэй орчинд, Араб, Австралийн халуунд ямар ч урвалд орох асуудалгүй.

 

Эсгийгээ үрэхэд хялгас унахгүй. Эсгий маань 100 хувь ноос, гэхдээ хялгас унахгүй. Учир нь хүүхдийн тоглоом учраас хялгас унах ёсгүй. Хуванцар нь PP5 гээд хүнсний зориулалттай хуванцар. Хүүхэд амандаа хийхэд ямар ч хор байхгүй. Хайрцаг савалгаа тэмдэглэгээ гээд бүх юм нь стандартын бас сорилын шинжилгээтэй. Одоогоор монголын сорилын шинжилгээтэй байгаа. Бид Япон, Америкийн сорилын шинжилгээнд оруулах гээд хөөцөлдөж байна. Сертификат авчихвал бүр хэрэгтэй. Тэгээд олон улсад гаргана гээд зорьчихоор наад талын цаг зуурын асуудалд ямар ч сонин биш болдог юм байна.

 

Адилхан залуу хүний хувьд, залууст хандаж хэлэхэд бидэнд дэлхий ойрхон байна. Зүгээр л эрэл хайгуул хий. Хэцүү, гэхдээ орхиж ердөө болохгүй. Миний амьдралдаа олж авсан нэг жижигхэн туршлага бий. Би нэг хэсэг асуудал үүсэхээр яаж ийж байгаад тойрчих юмсан л гэж боддог байсан. Асуудлыг тойрно гэж хэзээ байдаггүй дайраад гарахаас өөр ямар ч зам байхгүй. Ямар нэгэн ажлыг хойшлуулаад л яваад байдаг байсан. Гэтэл хийгээд л ард нь гарахаас өөр зам байхгүй гэдгийг өөрийн туршлагаас олж авсан. Тэгэхээр асуудал үүсвэл тэр чинь боломж. Дайраад л гар, өөр арга байхгүй. Тойроод л байвал тойроод л байна. Тойроод байгаа нь тэр асуудлын ард гарч байгаа хэрэг биш, харин ч тэр асуудлыг дараа ирэхийг хүлээх болчихож байгаа юм.

 

-Дэлхийн хэмжээний болоод ирэхээр технологиос гадна үйлдвэрлэх тоо хэмжээ эрс нэмэгдээд эхэлнэ. Тэр үед хэрхэн бэлдэж байна?

 

-Одоогоор манайх 5000 орчим хуванцар гэр үйлдвэрлэх чадалтай. Оёдол дээр жаахан удаашрах хандлага байгаа ч сард 2000-3000 гэр үйлдвэрлэх нөөц боломж хангалттай бий. Гэхдээ энэ маань Монголын болон Азиудын хэрэглээг хангах хэмжээ л гэсэн үг. Дэлхийд гээд ярьвал тухайлбал, Амазон.ком той албан ёсны гэрээ хийлээ гэхэд доод захиалга нь 10 мянга. Гол нь сар болгон 10 мянгыг нийлүүлэх гэсэн нөхцөл тавигддаг. Тэгэхээр тэр үед яах вэ гэдэг бэлтгэлтэй байх хэрэгтэй.

 

Энийг бид арай болоогүй гэж хараад байгаа ч тэгж болдоггүй юм байна лээ. Бид анх бүтээгдэхүүнээ гаргахдаа эхлээд дотооддоо гаргаад дараа нь гадагшаа гаргана гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл худалдаанд гарсан даруйдаа л гадагшаа гараад эхэлчихсэн. Монголоос явж байгаа хүн болгон авч явах сонирхолтой болсон. Утасдаад л хаана байна, хаанаас авах уу. Тэнд хүргээд өг гэдэг. Аваад л нисдэг болсон учраас нисэхийн Duty free-д, нисэх онгоцонд зарж борлуулдаг болсон.

 

Тиймээс олон улсын стандарт руу л дөхүүлэхэд анхаарч байна. Ер нь хүрэх замаа тодорхойлчихоор наана нь байгаа бүхэн тодорхой болоод эхэлдэг юм байна. Хүрэх замаа наана тавьчихаар цаадах асуудал гэнэт гарч ирэхээр сандраад ер нь л уначих гээд байдаг юм байна.

 

Баярламаар ч юм шиг, хэцүү ч юм шиг нэг юм нь гадаадад худалдаалах үнэ гаргах. Рубль, вон, доллар, евро-гоор нь үнэ тооцож гаргах гээд сууж байна. Гоё боловч хариуцлагатай ажил. Жишээ нь, Япон. Тэнд хэцүү зүйл нь нэг үнэ тавьчихаад үнэ нэмнэ гэдэг аймшигтай хэрэг. Японд 30 жил нэг үнээр бүтээгдэхүүнээ зарсан компани 50-хан йен нэмэхдээ бүх орон даяар сурталчилгаа хийж, ард түмнээсээ уучлал гуйдаг. Тийм л эдийн засгийн соёлтой улсад үнээ тогтооно гэдэг чанга асуудал. Одоогоор албан ёсоор биш албан бусаар зарж байна. Худалдан авч байгаа хүмүүс маань энэ тал дээр маш сайн анхаараарай гэж зөвлөдөг. Тэгэхээр японд нэг соёл, германд нэг соёл, францад нэг соёл байна.

 

Франц маш үндсэрхэг ард түмэн. Хайрцаг саван дээр нь францаар бичсэн байвал худалдан авах магадлал нь өндөрсөнө. Японд мөн адил ханзаар байвал гээд л. Энэ нь Өвөрмонголчуудын хайрцаган дээрээ ядаж уйгаржин бичгээр тавьчихгүй яасан юм бэ гэсэн гомдолоос үүдэн судалсан хэрэг. Дараагийн хайрцагууд уйгаржин бичигтэй гарна. Тиймээс улс болгоны худалдан авагчийн зан төлөв, худалдааны соёлд нь тааруулна гэдэг чанга юм байна.

 

 

Санхүүг маш сайн барьдаг хүн багт хэрэгтэй

 

-Мэдээж хамт олон чадвартай байж, дэлхийн хэмжээний гэж ярих болов уу. Танай байгууллага хүний нөөцийг хэр их бэлдэж байна?

 

-Манайхан олон жил хамт ажиллачихсан баг. Маркетингаар сурч, хөгжиж, хийж байгаа ажилдаа мэргэжлийн болсон хүмүүс бий. Ер нь баг дотор ойлголцол гэдэг хамгийн чухал зүйл. Юу руу зориод хараад байгаагаа мэддэг хүмүүс хамт байх нь их амар. Сайн менежер байх хэрэгтэй. Тэр нь visioner буюу алсыг хардаг, хүмүүсээ чиглүүлж чаддаг, тодорхой хэмжээнд манлайлж чаддаг хүн баг дотор заавал байх ёстой. Мөн бүтээгдэхүүнээ яавал гоё болох вэ, ямар бүтээгдэхүүн гаргавал болох вэ гэдгийг хариуцсан бүтээгдэхүүн хөгжүүлэгч хэрэгтэй. Хамгийн чухал нь санхүүг маш сайн барьдаг хүн хэрэгтэй. Энэ гурван хүн багт байсан тохиолдолд ямар ч бизнес босох боломжтой.

 

Тэднийг дагаж багийн бусад гишүүд бүрдэж чаддаг. Гол хүн нь алсыг хардаг хүн. Энэ бол дэлхий дээрх старт ап компаниудад өгч байгаа зөвлөгөө. Энэ гурав байхад компани зөв явдаг. Өмнө бид санхүү тал дээр хойрго, сахилга бат сул байсан. Зөв хүнээ олоод тавьчихаар санхүүгийн сахилга бат сайжирч тайлан тооцоо асуудалгүй болчихож байна. Бид борлуулалт хийж эхлээд гурван сарын дараа НӨАТ төлөгчийн шаардлага хангаж, улсад татвараа төлөөд эхэлчихлээ.

 

Баг хамт олон дотор асар өндөр мэргэжлийн түвшний хүн байлгана гэхээсээ илүү ойлголцдог хүмүүс байх нь чухал. Сайн экспертүүдээс зүгээр л зөвөлгөө аваад явна. Баг дотор уусахгүй бол сайн хүмүүс байгаад ч хэрэггүй. Өмнө нь зөндөө л сайн хүмүүстэй баг болж ажиллаж байсан. Сайн л гэдэг. Яг цагаа тулахаар сайн биш. Би чадна гэсэн нөхөд зөндөө их. Гэтэл ойлголцчихсон хүмүүс тэднээс илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг.

 

-Хүний нөөцийн мэргэжилтнүүд ажлын туршлага, нас заахаар 40 өөс дээш насныхан нийгэмд хаягдчих гээд байдаг болжээ. Гэтэл амьдралын туршлагатай, юу л бол юу хийх чадалтай чадвартай болчихсон байдаг нас. Энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?

 

-Ямар ажилд вэ гэдгээс шалтгаална. Яалт ч үгүй интернэт, компьютер, программ хангамж гэсэн ажил дээр залуу хүн нь арай илүү. Гэтэл гүйцэтгэл буюу манай дээр гэхэд савалгаан дээр 40 өөс дээш насны хүмүүс ажиллаж байгаа. Манай оёдлыг тэтгэвэртээ гарсан хүмүүс хийдэг. Тэд гэртээ нэмэлт орлоготой болж байна. Хуванцарын цэвэрлэгээн дээр 40 өөс дээш насны хүн ажилладаг. Тэр ажилд нямбай хүн хэрэгтэй байдаг.

 

Борлуулалт маркетинг дээр тэр насныхан дутмаг байдаг ч жаахан сургаад авахад илүү найдвартай хүмүүс ш дээ. Амьдралын хувьд ч хар бор бүх ажлыг үзчихсэн. Хүүхдүүд нь томорчихсон учраас ажилдаа цаг заваа зарцуулах боломж өндөр. Би компаниа томрохоор тэр тал дээр илүү анхаарна. Яагаад гэвэл амьдралын хар бор туршлагатай хүмүүс залуустаа маш ихээр нөлөөлдөг.

 

Би тийм хүмүүстэй ажиллаж байсан. Залууст зөвөлгөө сайн өгдөг ах эгч нар зөндөө л байсан. Тэр зөвөлгөө их хэрэг болдог. Гэтэл дан залуучууд байвал тэр дундаас юм олно гэдэг хэцүү ш дээ. Хувь хүнийх нь хүмүүжил тал дээр ч илүү байдаг. Одоогоор манай баг цомхон байна. Яваандаа томрохоор тийм байдлаар өөрчилнө.

 

 

-Гадаадад тохирсон үнэ гаргана гэж байна. Гэтэл монголын нөхцөлд гаргасан үнээр худалдаад авдаг нэг хэсэг байхад, үнэтэй байна гэх хүн ч цөөнгүй бий. Монголдоо тохирсон хямд үнээр зарж болдоггүй юм уу гэж асуудаг хүмүүст хариулт өгөөч?

-Маркетингийн нэг дүрэм байдаг. Фокус буюу тухайн зорилтот хэрэглэгч дээрээ төвлөрөх хэрэгтэй гэдэг. Бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн талхнаас өөр байдаггүй байх. Аливаа нэг бүтээгдэхүүнийг тодорхой хэсэгт зориулдаг ч боломжийг бусад хэсэгтээ олгох хэрэгтэй. . Манай бүтээгдэхүүний хувьд хямд талдаа бүтээгдэхүүн биш. Яалт ч гүй хийж байгаа өртөг, бүтээгдэхүүний орцоо дагасан.

 

Хүүхдийн тоглоомын ангилалд байгаа учраас хямдхан материалаар хийчих боломж байсан ч тэгдэггүй. Энэ брэнд урт хугацааны турш бидний нэрээр явна, дээр нь гадагшаа монголыг төлөөлөөд гарна. Монголчууд нэг хачин юм хийчихсэн байна лээ гэж хэлүүлж болохгүй. Эсгийний үзүүлэлтээ зарим гадаадын худалдан авагчидаа явуулахад “Ёстой мундаг, зөв сонголт хийсэн байна” гэсэн хариу ирдэг.

 

Гэр маань 159900 төгрөг, 129900 төгрөг, 109900 төгрөг гээд гурван үнээр гарч байгаа. Хэмжээ нь адилхан ч үнэ нь өөр. Анх тавилгатай загвар гаргаж, дараа нь тавилгагүй, сүүлд нь бүрээс нь хээгүй гэж гаргалаа. Хэвлэлт байхгүй болохоор өртөг багассан. Одоо бид 100 мянгаас нилээн доошоо үнэтэй жижиг гэр гаргах гэж байгаа. Ирэх 11 дүгээр сараас гарчих байх. Мөн бэлэг дурсгалын маш жижиг хувилбар гаргана. Хүмүүст хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлж байгаа ч чанар муудахгүй. Харин өртөгийг яаж өөр аргаар багасгаж болох вэ гэдэг судалгааг хийгээд загвар бэлэн болсон. Одоо үйлдвэрлэлийн шатанд оруулна.

 

 

 

НААД брэндийн нийгмийн хариуцлага боловсрол, хүмүүжил рүү хандана

 

-Сайн бүтээгдэхүүн чанар, хийцээрээ ялгардаг. Гэвч монголын нөхцөлд хуурамчаар дууриах гэдэг асуудал гарах эрсдэлтэй. Монголчилох гэдэг шүү дээ?

 

-Хэрвээ тийм юмнаас айвал юу ч хийж чадахгүй. Дэлхий дээр хятадууд “сору паст” зөндөө л хийж байна. Монголд ч бас хийж байна. Энэ асуудлыг эрсдэл гэж харвал юу ч хийж чадахгүй. Хуультай нийгэмд оюуны өмчөөр хамгаална. Манайх тусгайлсан хуулийн компани ажлууладаг. Тэр компани маань энэ асуудлыг шийднэ.

 

Бид НААД брэндийн бүтээгдэхүүнээс гадна удахгүй нийгэм рүү хандсан Nomadpedia.org гээд сайтыг орлогоосоо санхүүжүүлээд ажлуулах гэж байна. Түүгээр монголыг дэлхийд сурталчилж, аялал жуучлалын мэдээллийг хүргэх зорилготой. Тэр сайт олон хэл дээр ажилладаг, монгол өв соёлыг таниулдаг байх юм. Мэдээж гэрийн тухай танилцуулгаас эхэлж, морин хуур, өв уламжлал, айраг хэрхэн эсгэдэг вэ, ямар давуу талтай юм гэдгийг англи, монгол, хятад, япон бүх хэл дээр гаргана.

 

Гадны сайтууд тэндээс албан ёсоор мэдээлэл авдаг байдлаар хийнэ. Жишээ нь, Архангай аймгийн Суварга хайрхан уулыг тайлбарлана. Аялал жуучлал руу илүү татна. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн аливаа зүйлийг мэдэхгүй болохоороо тоодоггүй, татагддаггүй. Тухайлбал, гэрийг угсраад тоглоод үзчихсэн хүүхэд гэрт орохоороо огт өөр нүдээр хардаг. Аан баганын тархи гэж байдаг юм байна, тооно нь өөр өөр байдаг юм байна гэнэ. Өмнө нь гэр л бол гэр байсан. Одоо тоглоомоороо дамжуулаад эд хэсгийг нь цээжилчихнэ. Яг үүн шиг гадныхан биднийг ойлгохгүй байгаа юм.

 

Ойлгуулах ч юм хийхгүй байгаа. Тиймээс веб сайт хийж байна. Дээр нь нэмээд видеонууд хийнэ. Жишээ нь, тооно туших уяа яаж үүссэн, Монголчууд морио яагаад уядаг юм гэдгийг англи, монголоор гаргана. Бид олсон орлогоороо Монгол Улсдаа юу үзүүлж харуулах вэ гэдэг нь их чухал. Ер нь НААД брэндийн нийгмийн хариуцлага боловсрол, хүмүүжил рүү хандана.

 

Фейсбүүк, сошиал дахь хэрүүл тэмцэлийг харахад цэвэр боловсролын дутмаг байдлаас үүдэн бий болж байна. Одоогийн нийгэмд охидууд нь залуучуудаа голоод эхэлсэн байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа үед хүмүүс ихэвчлэн охиноо л юманд хүргэе. Хүү яахав, ачигч хийгээд ч амьдрана гэсэн байдлаар хандаж боловсролоос холдуулсан. Тэр маань урт хугацаанд үргэлжлэхээр охидууд илүү дээд сургуульд сурдаг, нийгэмд идэвхитэй байдаг шинж ажиглагдаад байгааг хүн ам зүйч найз маань хэлж байсан.

 

Боловсролын дутмагшил, хүмүүжилд анхаарахгүй бол архидалтыг дэмжих нэг том хүчин зүйл болоод байна. Нейлсон Манделлагийн “Боловсрол бол дэлхийг өөрчлөх цорын ганц зэвсэг юм” гэж хэлсэн үг байдаг. Өмнөд Солонгос, Сингапурын хөгжсөн шалтгаан бол ердөө л боловсролын системдээ анхаарсантай холбоотой.

 

Боловсролыг илүү сайн түгээж өгснөөрөө хүмүүс өндөр мэдлэгтэй болно. Нөгөө талаас хүмүүжил олгодог. Нийтээрээ гайгүй болчихвол хотын гудманд шүлс нусаа хаяж бохирдуулдаг асуудал арилаад эхэлнэ. Энгийн жишээ, нийтийн тээврийн автобус байна. Хэдхэн жилийн өмнө замбараагүй ордог байсан бол одоо урд хаалгаар ороод дунд хаалгаар гараад сурчихлаа. Энэ нь хүнд юмыг сургаж болдог ч жоохон хөшүүрэг байхад л болдог гэдгийг харуулсан. Одоо дунд хаалгаар орсон хүн өөрөө ичихээр болчихлоо. Гэхдээ соёл боловсрол гэдэг зүйл хурдан үүсдэггүй, удаан хугацаанд бүрэлддэг.

 

Бид гэрийг л сайжруулах ёстой гэхгүй. Хийдэг хүмүүс нь байна. Тиймээс бид энэ тал руу анхаарах ёстой. Дээрээс нь гадныхан монголд ирчихээд нэгдсэн мэдээлэл авч чадахгүй байгаа. Улсдаа аялал жуулчлал татна гэчихээд тэдэнд юу ч ойлгуулаагүй байж яаж авчрах юм гэдэг нь тусдаа асуудал. Тухайлбал, Суварга хайрхан гэдэг уул нь монголын гурван том голын эх авдаг, нийт монголын нутгийн талыг усаар хангадаг. Орхон, Тамир, Цэцэрлэгийн голын эх усны хагалбар газар. Чингис хаан энэ уулыг шүтээд баруун тийшээ аянд мордохдоо овоо босгож байсан. Тэр овоо нь Чингисийн овоо гээд одоо ч байгаа гэвэл гадныхан өөрөөр харна. Иймэрхүү контентүүд нь байхгүй учраас Монголд ирэх хүсэл байдаггүй. -

 

Хэдхэн газар л очдог?

-Тэгээд хэдхэн газар л очоод байдаг. Гэтэл бидэнд аялал жуулчлалын том бүс болох боломж бий. Тэрийг дагаад орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд тэр ашгаас хүртэх боломжтой. Тэгэхээр бид шинэ сайтаараа дамжуулж энэ бүхнийг түгээнэ. Нөгөө талаар МИМО гэртээ хэрвээ та энэ гэрийг томоор нь, жинхэнээр нь авахыг хийхийг хүсвэл гээд танилцуулыг дотор нь хийчихэд энэ нь нэгнийхээ ажлыг дэмжсэн хэрэг болно. Бид тэр гэрийг заавал хийх албагүй, арай өөр юмаа хөгжүүлж явсан дээр. Тэгэхээр олон юм руу фокусаа алдахгүй нэг юмаар дагнаад амжилтад хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

-Боловсролд анхаарна гэж байна. Боловсрол нь эрдэм мэдлэгийн, зүрх сэтгэлийн, танин мэдэхүйн гээд олон төрлөөр ялгагдана. Аль боловсрол нь хүний төлөвшилд нөлөөлдөг юм бэ?

-Номер нэг нь харилцаа. Ер нь юм хийж үзсэн хүн шал өөр болдог. Ганцаараа биш багаар. Боловсрол гэдэгт багаар ажиллах боловсролд түлхүү анхаарах хэрэгтэй. Цэцэрлэгт байхаас нь танин мэдэхүйн боловсрол эзэмшүүлэхийг би хэлээд байна. Тэрнээс биш мэдлэгийн боловсролыг Монгол Улс хангалттай өгч байгаа. Тухайн зүйлийг мэдэхгүй хүн яаж хандах билээ. Жишээ нь, би Африкийн Конго улсын мэдэхгүй учраас очьё ч гэсэн хүсэл төрөхгүй юу ч байдаг юм бүү мэд.

 

Би нэг муухай жишээ хэлье. Манай найзууд хамтраад “Чингис хаан” анимейшн хүүхэлдэйн кино хийгээд гадаад хүмүүстэй мэдээлэл цацахаар ярилцсан юм. Тэгээд холбогдоход “Монгол гэдэг нэр Конго гэдэг нэртэй адилхан байна. Би хаана байдгийг мэдэхгүй. Би та нарын талаар надад ямар ч мэдээлэл алга” гэсэн. Их муухай санагдсан. Тэгээд бид “Чингис хаан” гэхэд “Аан. Та нар Чингисийн Монгол гэдгээ холбоод гаргаж ирээд дэлхийд цацаач ээ. Би Чингис хаан гэж мэднэ. Гэхдээ монгол хүн гэж мэдэхгүй” гэсэн. Энэ мэтээр мэддэггүй хүн яаж хандах вэ.

 

Үүний адил хүүхдэд танин мэдэхүй болж гэрийг тоглоомоор нь дамжуулаад мэдүүлээд ирэхээр хайрлаж эхэлнэ. Хайрцаган дээр нь “Монгол гэр нь одоогоос 3000 жилийн өмнө бий болсон нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл юм”. Энэ бичгийг хүүхдүүд цээжилчихсэн байдаг. Монгол гэрийн талаар асуухад одоогоос 3000 жилийн өмнө үүссэн, монголчуудын бүтээл гэж байна. Түүх соёлоо мэдэж, хайрлаж хамгаалах, бахархах сэтгэл төрнө. Тэгэхээр танин мэдэхүйн боловсрол маш чухал.

 

Эрдэм мэдлэгийн боловсролыг багш нар сайн өгч байгаа. Нэмээд танин мэдэхүйн боловсролтой хүүхэд “Би хэн бэ, хаанаас ирсэн бэ” гэдгээ мэддэг болно. Монгол гэрт бидний өвөг дээдэс эрт дээр үеэс амьдарсаар ирсэн юм байна. Утаа гаргадаг муухай зүйл гэж бодож болохгүй, хайрлах ёстой юм байна гэдгийг ойлгоно. МИМО гэрийг авсан хүн “Монгол гэрийн 6 гайхамшиг” гээд салхийг, агаарыг, дулааныг яаж нэвтрүүлдэг тухай мэдээллийг үзнэ.

 

Бидэнд баярласанаа илэрхийлдэг хүн зөндөө байдаг. “Манай хүүхэд гэрийг мэддэг болчихлоо” гэнэ. Тэр бидний зорилго байсан. Заримдаа хүү маань гэрээ буулгаад дахиад бариад эхэлдэг. Тэгэхээр нь би “Нүүүдэлчин ген нь хөдөлж байна” гэж хошигнодог. Хүү маань хөдөө явж ирээд хошлон нь арай өөр юм байна, өрх нь ийм байсан гэсээр ирсэн. Анх гэр гэдэг үгнээс өөр юм мэддэггүй л байсан.

 

 

 

Манай гэрийг давтан худалдан авдаг фенүүд үүссэн

 

 

-Гадаадад байгаа монголчууд хүүхдүүддээ хэр их авч өгч байна?

-Маш баяртай байгаа. Миний амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг гэж хэллээ гээд зургаа манайх цахим хуудасанд оруулдаг. Гадаадад байгаа монголчууд энэ асуудалд их санаа зовдог юм билээ. Хүний амьдрал хойно гадаадад амьдрана. Тэнд төрсөн хүүхэд нь монгол хэлээ бараг мартчихсан. Эндээс эмээ өвөө нь гэр өгөөд явуулахад нь монгол гэрээ мэдэг гэдэг тайлбарыг англи дээр болгосон. Ядаж л би хэн бэ гэдгээ гэрээр дамжуулаад мэдэг гээд явууллаа гэнэ. Өвөө эмээ нь ч их санаа зовдог юм байна.

 

Бид европт байдаг 20-иод монгол сургуульд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг нэгийг явуулахаар болж, эхний таван гэрээ явуулаад байгаа. Гэр зараад л яваад байлгүй гадаадад байгаа хүмүүст, нэг ч гэсэн сургуульд нь сургалтын материалд нь хэрэглэгдээсэй гэсэн үүднээс явуулсан. Манай бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа хүмүүс л энэ боломжийг олгосон. Үйлдвэрлээд болж байна, чадаж байна. Орлогоосоо өөр хүмүүст өгөх боломжтой болж байна. Худалдан авагч нараас давтан худалдан авалт хийдэг фенүүд үүссэн.

 

Нэг эгч бий, утасдаад дахиад авья л гэдэг. Энэ зунжингаа л авсан. Гадаадын хүмүүст бэлэглэж байна гэдэг. Давтан худалдан авалт их байгаад баяртай байна. Сайн бүтээгдэхүүн учраас дахин авч байгаа болов уу. Гэхдээ үнийг буулгахад бүх анхаарлаа хандуулж байна. Бид чанарыг алдагдуулахгүйгээр өртөгийг бууруулах өөр арга олсон. Бүтээгдэхүүний орц материал бүгд хэвээрээ ч хэмжээ жаахан багасна. Хэмжээгээ жаахан багасгаач гэсэн санал ирсэн юм. Хүн болгонд нийцүүлсэн бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна.

-Их ажил төлөвлөж, завгүй ажиллахдаа ар гэртээ цаг зав гаргадаг уу?

-Хэцүү ш дээ. Амралтын өдөр бараг байхгүй. Гэхдээ өөртөө өглөө болгон туулай цагт босно гэсэн зорилго тавьсан. Туулай цаг гэдэг нь 5.40-7.40 цаг. Тэр цагт босно гэдэг маш чухал. Одооны ерөнхийлөгчийн нэг уулзалт дээр хэлсэн үг л дээ. Хоёрхон л зүйлийг хий. Өглөө эрт бос, спортоор хичээллэ. Бусад нь аяндаа болно гэсэн. Тэрийг тайлбарлахдаа “Өглөө эрт боссон хүн юу хийж бүтээх вэ гэж бодно. Зүгээр суугаад байхгүй спортоор хичээллэнэ. Спортоор хичээллэсэн хүн эрүүл байна. Эрүүл хүн л юм бүтээнэ. Бусад нь та нарын асуудал. Тэгээд эрүүл байж, их цагийг өөртөө зарцуул” гэсэн.

 

-Хоногийн 24 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэсэн үг юм байна. Тийм үү?

 

-Өглөө эрт боссон хүн цайгаа тайван ууж байхдаа би юу хийх вэ гэж бясалгана. Сонсоход энгийн үг мэт боловч маш том логиктой байсан. Хааяа ажил сайхан бүтээд үр дүнд хүрч баярлах нь нэг талаараа сэтгэлийн амралт болж, бие сайхан амардаг. Барагшун борлуулдаг багтай маркетинг талаас нь хамтарч ажиллаж байсан. Жаахан ядрах хандлага гараад ирэхээр барагшун уучихдаг. Ханиад хүрэх гэж байгаад л больчихдог монгол аргаар өөрсдийгөө цэнэглээд л явж байна.

-Ажлыг эхэнд тавчихаар ар гэрийн амьдрал хаягдчихсан эсвэл хүүхдийн хүмүүжил болохгүй болчихсон үе хүнд тохиолддог. Энэ их чухал асуудал шүү дээ?

-Миний хувьд яг гэртээ байх хугацаандаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьдог. Хамтдаа байх үедээ хоорондоо ярилцах нь харилцааг сайжруулдаг. Гэхдээ үнэндээ том охиноо харахгүй хэд хонох тохиолдол гардаг. Том болчихсон өрөөндөө орчихно. Унтчихсан хойно нь очино. Заримдаа 3 хоног таарахгүй. Хүүе гэх үе ч байна. Хүү маань арай бага учраас өрөөнөөсөө гарч ирээд цуг байдаг. Анх бүтээгдэхүүн гаргаж байх үед тиймэрхүү хандлага ажиглагдаж байсан. Одоо бол харьцангуй жигдрээд гайгүй болсон. Богинохон хугацаанд хамт байхдаа ярилцаж харилцаагаа сайжруулах нь удаан хугацаанд хамт байхаас илүү үр дүнтэй юм билээ.

 

-Гэртээ байх үедээ гар утас утас ширтээд бие биенээ тоодгүй айлууд их болж байгаа талаар хүмүүс ярьдаг. Цахим орчноос хол байлгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд яах вэ?

-Холтгох аргагүй. Энэ бол технологи. Телевизор анх гарч эхлэхэд хүмүүс яаж татагдаж байсан, тэрэнтэй адил. Тэрнээс ч илүү нь хаана бол хаана хэрэглэж байна. Тиймээс хүнийг хорих боломж байхгүй. Харин тухайн хүнд нь ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар хүн хоорондын харилцааг дэмжсэн ажлууд түлхүү байх хэрэгтэй.

Жишээ нь, сургуулиуд ухаалаг утас оруулахгүй гэдэг болж. Тэр маш зөв. Яагаад гэвэл хүүхэд байхаас хэвшлийг нь жаахан дараад өгчихвөл тодорхой хэмжээнд өөрийгөө хязгаарлаад сурчихна. Хүүхэд насанд сурсан юм гэдэг маш аюултай. Сургуулиудад Wi Fi болон ухаалаг утсыг хорьж байна. Миний хүүгийн сургуулиас нь ухаалаг утас хориглоод товчлууртай Nokia барьж байна. Миний уншиж судалсанаар өсч яваа хүүхдийн ясны өсөлтөд гар утасны долгион хортой гэсэн. Жижиг утаснууд харьцангуй гайгүй гэж бодож байна. Ядаж л нүүрнээс нь ялгарах туяа нь бага шүү дээ.

-Танай бүтээгдэхүүнд ёс заншил уламжлалаас гадна орчин үеийн шийдэл хэр орж байна?

-Бид эхлээд нэг л бүтээгдэхүүн гаргасан. Тэр маань одоо гэрэл асдаг боллоо. Бид бүтээгдэхүүндээ инновцийг шингээх хэрэгтэй гэж ярилцсан. Дулам багш маань ч “Хүүхдүүдээ тавилгатай гэртэй, зуухны оронд тулга тавьчихлаа. Тулганаас нь гал асаж байвал гоё юм даа” гэсэн. Тулганы галаас гэрэл асдаг шийдлийг гаргах гэж бөөн юм болсон. Гэтэл IT паркын електроникийн залуус ийм юм хэрэгтэй гэж дор нь шийдээд өгчихсөн.

 

 

НААД брэндийг “Талын эзэн” компани л хийсэн юм шиг харагдавч цаана нь маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл. Бүтээгдэхүүн гараад иртэл бидэнд нэг боломж гарч ирсэн. Тэр нь аялал жуулчлалын нэг компаниас манай логог тавиад өгөөч гэсэн санал. Тавиад л өгсөн. Тэгтэл энэ нь бүтээгдэхүүн түүнийг дагасан үйлчилгээг гараад ирж байна.

 

 

Дараа нь Монгол даатгал, Lend.mn зэрэг байгууллагууд гадаад харилцагч нартаа зориулж нилээн хэдийг хийлгэсэн. Төрсөн өдрийн мэнд хүргэе гээд л хийлгэж байна. Хайртай хүүдээ зориулав гээд бичүүлээд авч байна. Энэ маань өөрөө нэмэлт үйлчилгээ болсон. Хайрцганд логог нь нааж өгч байна. Нэг зүйл дээр асар их боломж байдаг юм байна. Заримыг нь өөрсдөө олдог, заримыг нь хүн хэлж өгнө. Тоохгүй хаячих үг байдаг, авбал бүр амжилтанд хүргэх ч үг байдаг юм байна.

 

 

200-300 программист залууг гадаад руу явуулчих хэрэгтэй

 

-IT чиглэлээр ажилладаг залуучууддтай хамтарсан гэлээ. Ер нь монголын IT салбарын хөжил ямар шатанд яваа гэж боддог вэ?

-Сайн. Дутагдалтай тал нь баг болж чаддаггүй. Нөгөө талаасаа зах зээлийнхээ онцлогоос шалтгаалаад, захиалагч нар нь бүх юмыг хүсдэг учраас бүгдийг хийх зах зухтай байдаг. Олон талын юмыг хийж чаддаг ч яг нэг зүйлд төгс сайн уу гэхээр байдаггүй хандлага ажиглагддаг. Бид өмнө нь IT чиглэлээр ажиллаж байсан учраас мэднэ. Тэгтэл баруунд боломж нь өндөр байдаг учраас PHP дээр л сайн юм хийдэг. Тэрүүгээрээ л төгс байна. Java дээр сайн бол тэрүүгээрээ хөгжөөд, өндөр түвшинд оччихсон байдаг. Баг дотор тийм хэрэгцээтэй хүн байхад л болчихдог. Манайд тэр боломжийг хангахын тулд нилээн том хөрөнгө оруулалттай компани байгаад тэнд хүн хөгжих эсвэл улсаас энэ салбарыг тэжээж байж тэр хүмүүс бий болох юм.

 

Хэдэн жилийн өмнө Хакерийн Азийн аваргад оролцсон монгол залуус 4-т орсон. Интернэтээр даалгавар аваад хамгийн хурдтай гэсэн газраа ороод даалгавараа илгээхэд хоцорчихсон. Хэдхэн секунд хоцорч ялагдал хүлээсэн. Манай залуусын өгөгдөл нь асар өндөр түвшинд байгаа ч өөрийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагдмал байдаг. Миний бодлоор монголоос сайн гэсэн 200-300 программист залууг гадаад руу явуулчих хэрэгтэй.

 

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас IT инженерүүдийг энэ чиглэлээр нь солонгост ажлуулангаа сургах төсөл хэрэгжиж байгаа?

-Тэр маш зөв. Ер нь программист болон IT чиглэлээр гэлтгүй, електроник, хардвер талынхан ч болно. Миний сайн мэдэх нь програмист. Программистыг хэдэн зуугаар нь магадгүй ажиллах газруудыг нь заагаад сайн юм сураад ир гээд гадагшаа явуулах хэрэгтэй. Тэнд баг болоод сурчихсан 300 хүнээс 30 хүн ирлээ гэж бодоход 10 нь нэг баг болоод ажиллахад асар өөр түвшинд ажиллана. Яагаад гэвэл том багт ороод яадгийг нь мэддэг болчихно.

 

 

Тэгтэл манайхан монголдоо л үзээд байдаг. Нүд тайлна гэдэг бас өөр асуудал. Миний ажлын туршлага манай багт нөлөөлсөн. Тухайлбал, сургуулиа төгсөөд л MCS-ийн IT чиглэлийн компанид ажилласан. И-мейлээр харилцах соёлоос суралцаж, тэр хэвшилээ үргэлжлүүлээд л явна. Өгч байгаа албан бичигтээ анхаарна. Тэр чинь байгууллагын асар том соёл. Захидалд хариу өгөх, захидлын доод талын гарын үсгийг яаж зөв тавих, байгууллагын и-мейл тавих, хувийн yahoo хаяг тавих хоёрт хүн яаж хандах вэ гэдгийг мэддэг болчихлоо. Байгууллагын утасны дугаар, зүгээр нэг дугаар байхад яаж хандах вэ гэдгийг мэднэ.

 

 

   Яг үүнтэй адил программистуудыг гадагш явуулаад тэд 2-3 жилийн дараа ирээд монголдоо жинхэнэ үрээ тарина. Зарим нэг хүнийг тусгайлсан IT төслийн удирдагчаар сургахад болно. Надад тийм л гарц харагддаг.     

 

 

 

-Монголд хөгжлийн өөр зам харагдаад байна гэсэн үг үү?

-Асар өөр болно. Жишээ нь, Skype Эстоноос гарсан бүтээгдэхүүн. Ян гээд үндэслэгч нь Силикон Валлей-д ажиллаж байсан. Нутагтаа ирээд л хамт ажиллаж байсан эстон залуучуудтайгаа Skype-г үүсгэсэн. Одоо Skype Эстоныг дэлхийд илэрхийлэх том бүтээгдэхүүн болчихлоо.

 

Саяхан тоглоомын ертөнцийн експерт Ричард Готтлибтай Skype-аар л ярилцсан. Нэг том брэнд бүтээгдэхүүн гарахад дараагийнх нь гараад ирдэг. Skype одоо Эстоны Start Up бүтээгдэхүүний 4-т явж байна. Дээр нь гурван том бүтээгдэхүүн гараад ирсэн байна. Энэ чинь шинэ өрсөлдөөнийг үүсэгдэг гэдгийг харуулсан жишээ. Гадаадад сурчихсан чадварлаг хүмүүсийг улс нь зөв татаж авчираад, яаж ашиглах вэ гэдгээ л мэддэг байх хэрэгтэй.

 

 

-Бодлого хэрэгтэй?

-Тийм бодлого хэрэгтэй. Бодлого нь маш том гэхээсээ илүү хурдтай хөгжиж байгаа орчинд л олон хүн явуулаад буцаагаад авчирах юм. Зарим хүмүүс интернэтэд бүх юм нээлттэй болчихсон байхад эндээ хөгжүүлж болно ш дээ гэх байх л даа. Гэхдээ болдоггүй, болохгүй юм байдаг. Би MCS-ийн соёл гээд ярьсан. Би гаднаас нь харж сураагүй дотор нь байж мэдсэн зүйлээ өөрийнхөө компанид үргэлжлүүлж байна. Тиймээс гадагшаа сайн явуулах хэрэгтэй, нэг хоёроор нь биш хэдэн зуугаар нь.

-Тэндээсээ шүүгдээд чадварлаг нь гараад л ирнэ гэж үү?

-Чадварлаг гэдэгтээ гол нь биш. Номыг нь сурахгүй ч номхоныг нь сурна гэдэг шиг багийн ажиллагаанд суралцаад ирнэ. Би хэн бэ гэдгээ мэдчихнэ. Би программист юм байна. Би системийн шинжээч юм байна. Би ерөөсөө кодер юм байна гэдгээ мэдээд ирнэ. Тэгэхгүй би системийн шинжээч болох ёстой гээд л зүтгээд байтал хамгийн сайн код бичигч байж болно.

 

Дунд сургуулиа төгссөн хүүхдүүд нэг жил бодох хугацаа өгдөг

 

-Би хэн бэ гэдгээ мэднэ гэлээ. Дунд сургууль төгссөн хүүхэд би хэн бэ гэдгээ мэдэлгүй мэргэжил сонгоод тэр мэргэжлээрээ ажиллахгүй гэдэг асуудал их гардаг. Магадгүй ээж аавууд, боловсролын системд юу хийвэл энэ асуудал багасна гэж бодож байна?

-Би маш их алдаж онож байж, асар их үнэ цэнээр “Би хэн бэ” гэдгээ олж авсан. Миний хувьд азаар том байгууллагад ажиллаж тэндээс их юм сурсан. Ерөнхий захидал мундаг алсыг хардаг хүн байсан. Тэр хүний үг, дэд захирлуудаас ингэж хүнийг ажиллуулдаг юм байна. Ингэж хүнтэй харьцах юм байна гэдэг ойлголтыг авсан.

 

Сургуулиа төгсөж байгаа хүүхэд “Би хэн бэ” гэдгээ олоход эцэг эх чухал үүрэгтэй. Монголчуудын нэг дутагдалтай тал нь арван жил төгслөө. Их дээд сургуульд шууд орох ёстой гэдэг ойлголттой байна. Хүмүүс манай хүүхэд их сургуульд орчихсон л гэдэг, төгсөхөөрөө хэн ч биш болсон байдаг. Эсвэл би шууд л, тийм хүн тийм болно гээд нэг сургуульд орчихдог гэтэл өөрийнх нь дуртай зүйл биш байдаг. Монголд маркетинг, эдийн засагчаас их хүн алга. Бүгд л эдийн засагч, маркетер болох гэнэ.

 

Дэлхийн бусад орнуудад нэг жил бодох хугацаа өгдөг. Тиймээс эцэг эхчүүд болон багш нар юу чаддаг, ямар чадвартай гэдгээ мэдэх хугацааг хүүхдэд олгох хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл монголын хүүхдүүд дунд сургуульдаа хичээл гэж явсаар бодож амжихгүй төгсчихдөг. Гэтэл тэдний дунд дэлхийн хэмжээний том тогооч байсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Нэг жил өнжихөөр өглөө хичээлд явахгүй, хийх ажилгүй, юу хийх вэ гэж бодно. Зах дээр юм зарж, зөөгч хийж, интернэтээр юм зарж үзнэ. Эсвэл нэг газар зарлага хийж болно. Гэтэл тэнд нь мундаг хуульч байж таарна. Түүнийг хараад хуульч болохоор шийдэж болно. Тэгтэл аав ээж нь инженер болгох гэж бодож байсан ч юм билүү. Эцэг эхчүүд энийг л ойлгох хэрэгтэй.

 

Энэ жил манай охин төгсөнө, өөрөө юу болохоо мэдэж байгаа гэсэн. Гэхдээ чи яг юу болох вэ гэхээр 2-3 юм хэлсэн. Би түүнээс 1 жилээ авах уу, яах вэ гэдгийг асуусан. Үнэхээр болохгүй бол нэг жилээ ав. Аавынхаа компанид ажилла. Эсвэл өөр газар ажиллаад үз. Тэгээд хэн гэдгээ мэдэж болно гэсэн. Бодоод л байх шиг байна лээ.

 

Манай хамаатны нэг дүү бий. Эмч болно гэж зорьсон ч шалгалтаа тэнцээгүй. Нэг жил зүгээр байхаар гээд МУИС-ын математикийн ангид сурсан. Тэр хүүхэд эмч болно гэсэн зорилготой байсан учраас дараа жил нь Анагаахдаа тэнцсэн. Одоо Баянгол дүүрэгт мундаг сайн эмч болоод ажиллаж байна. Тэр хүүхдэд нэг жил алдах нь юу ч биш байсан. Ийм юмаа л хүн олох ёстой.

 

Хүүхэд хэдий насанд хүрч байгаа ч хүүхэд л байдаг. Эцэг эх, багш нар сайн ажиглах хэрэгтэй. Миний хүүхэд болохгүй бол нэг жил өнжчих гэж хэлээд үз. Нэг жил өнжих нь ажилгүй эдийн засагч болж төгссөнөөс илүү дээр. Нөгөө талаар ресторануудад хэрэгтэй зөөгч хийх хэсэг бүлэг хүмүүс гарч ирнэ. Жишээ нь, 2017 онд төгссөн хүүхэд нэг жил өнжихөд рестораны зах зээлд хангалтай боловсон хүчин болж чадна.

 

Дараа жил нь хүссэн, зорьсон сургуульдаа орно. Тэгтэл 2018 онд төгссөн дараагийн “Би” –гээ олох гэсэн хүүхдүүд ирнэ. Ингээд байнгын ажилтан тасрахгүй. Хүн болгон л их дээд сургууль төгсөнө гээд байгаа. Алдартай, амжилттай яваа хүмүүсийн түүхийг харахад зөөгч байтугай л замаар явсан байдаг. Тиймээс бодох хугацааг хүүхдэд олгох энэ асуудалд Боловсролын яам ч анхаармаар санагдсан.

 

-Амжилттай хүмүүсийн түүхийг хэр их судалдаг юм?

-Миний ажигласнаар ихэнх сайн удирдагчид бүгд сайн шатар тоглодог хүмүүс байдаг юм билээ. Тэгээд хүүхдийг сайн шатар тоглуулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Бас дийлэнх нь сайн математик ч байсан. Хүмүүс математик хэнд хэрэгтэй юм бэ гэж ярьдаг. Гэвч тухайн зүйлийг асар хурдан задалж ойлгодог, хэдэн нүүдлийн цаадахыг харах чадвартай болдог юм билээ.

 

Тиймээс заавал мастер болох хэрэггүй. Шатар хүнийг төвлөрүүлж чаддаг. Манай хүү хичээл хийнэ гэж босч, суугаад л явдаг байсан. Харин одоо өөрөө рүүгээ ороод эсвэл өөр газар яг 40 минут суугаад даалгавараа хийгээд сурчихлаа. Суугаад, төвлөрөөд, зөвхөн хийж байгаа юмаа бодож сурч байна. Ер нь онолын ч, практик дээр ч үнэн байдаг. Хүн 40 минут төвлөрч суугаад босч яваад, эргээд суух нь илүү бүтээмж өндөртэй байдаг. Гэтэл 1-2 цаг хөдөлгөөнгүй суухад тэр өдөржингөө ажлын бүтээмж багатай. Дунд сургуулиуд 40 минутаар завсарладаг нь зөв систем. Тэрийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэйг ойлгосон.

 

 

 Монгол баатруудыг төрүүлсэн гол хүмүүс ээж нь


-Залуучууд хайр дурлалдаа арай л хөнгөн хандаад байх шиг. Гэр бүл салалт их байна. Хүүхэд өнчирч байна. Таны хувьд хамтын амьдралаа хамгаалж, хайраа тэтгэх арга юу вэ?
-Заяаны хань зам дээр байдаг гэдэг. Зөрчихөөрөө төөрч өгнө. Болж өгөхгүй яваад л байдаг. Яг л хүний ажил, бизнес, амжилттай адилхан. Болохгүй төсөл болдоггүй. Болох юм нэг л мэдэхэд зүгшрээд болчихдог.


Энэ талаар нарийн бодож байгаагүй ч ойлголцол гэдэг юм их чухал. Туршлагаас харахад амьдралд нэг хүнд үе байдаг. Ард нь гарчихсан байхад асуудалгүй. Бас аав ээжийнхээ, хамаатан садныхаа амьдралаас харахад эмэгтэй хүн л хамгийн чухал гэдгийг ойлгосон. Нөгөө талаар хүүхдийг хүмүүжүүлэх гол хүн нь ээж. Эцэг хүн ан гөрөө дайн байлдаан гээд явчихдаг. Монгол баатруудыг төрүүлсэн гол хүмүүс ээж нь. Айл гэрийн ноён нуруу эрэгтэй хүн юм шиг боловч яг үнэндээ эмэгтэй хүн дээр тогтоод байгаа юм.


Маркетингийн чиглэлээр ажилладаг гадаадын хүн Монголд ирээд нилээд удаан ажилласан. Тэр “Монгол их сонин юм аа. Азийн улсууд эцгийн ёс давамгай. Гэтэл Монголд арай өөр. Эмэгтэй нь давамгай юм уу гэхээр бас тийм биш. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүний эрх мэдэл өндөр. Эхнэр нь нөхөр лүүгээ нэг хялалзахад бараг хулчийх юм. Ийм байдал ажиглагдаад байна. Хэнд нь зориулж маркетинг хийхээ ойлгохгүй байна. Ази ч юм шиг, европ ч юм шиг сонин хүмүүс” гэж байсан.


Ажиглаад харвал айл гэрийн худалдан авах шийдвэр эмэгтэй хүнд байдаг. Онигоо байдаг даа. “Би эрэгтэй хүн. Дэлхийн дулаарал, Трамп гээд том юм бодно. Ер нь гэрийн жижиг сажиг асуудал эхнэрийн ажил” гэдэг. Энэ нь компанид алсыг харагч хүн байх ёстой гэдэг шиг гэрт нэг алсыг харсан хүн байх ёстой. Амьдралын наад захын юманд түүртэхгүй, хүүхэд хаашаа сурахаар явах зэргээр гэрийн биш гэр бүлийн төлөвлөгөөг хардаг хүн юм. Энэ бүхнийг ойлголцчихвол урт удаан амьдрана. Тэгэхгүй би гэрийн хамаг ажлыг хийж байна. Би мөнгө олж байна гэвэл болохгүй. Ер нь эрэгтэй хүн хүнд юм өргөдөг, хөнгөхөн ажлыг эмэгтэй хүн хийдэг.


Гэтэл яахаараа би хийх ёстой юм гээд л байвал буруудна. Эхнэрээ чи хүнд юм өргө гээд байвал ямар байхав. Юм өргөх нь миний үүрэг гэдгээ эрэгтэй хүн хүссэн ч хүсээгүй ч мэддэг шиг, эмэгтэй хүн энэ л миний үүрэг гээд ойлгочихвол асуудалгүй амьдарна. Тэгэхгүй нэгнийхээ урдуур орж хийх, нэгнийгээ хүчээр хийлгэх хоёр л яваандаа хэн ч биш болгодог юм байна гэж харсан. Миний л жижигхэн туршлага.

 

 

Дэлхийн бүх баячууд нүүдэлчид

 

 

-Вэб сайтаар монголыг таниулна гэсэн дээ. Зарим хүмүүс зөвхөн Монголд ирж харах нууцыг ил болгох нь гэдэг байдлаар хандаж магадгүй?

-Мэдээж нуух юм байна. Бид төслөө өөрсдөө эхлүүлнэ. Эрдэмтэн судлаачид орж ирнэ. Манайх тодорхой санхүүжилтээ хийж, монголын бусад компаниуд үргэлжлүүлээд явуулахыг уриална. Тусгай баг ажиллана. Ер нь дэлхий дээр суурин болон нүүдлийн соёл иргэншил хоорондоо ээлжилж яваад байна. Ромын эзэнт гүрэн, дараа нь Хүннү гээд л. Одоо Nomad буюу нүүдлийн соёл иргэншлийн цикл ирж байгаа. Энийг тайлбарлах юм нь дэлхийн бүх баячууд нүүдэлчид. Яагаад гэвэл Фэйсбүүкийн Цукерберг, Амазоны Жеф Безос гэх мэт дэлхийн хамгийн баян хүмүүс улс орнуудад, хаа сайгүй очиж ажиллаж байна.

 

Жек Ма гийн ярилцлаган дээр “Би Алибаба-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөөд амрах байх гэж бодсон. Тэгтэл би түрүү жил 800 гаруй цаг ниссэн. Энэ жил он дуусаагүй байхад 1000 гаруй цаг нисчихсэн байна” гэсэн. Энэ чинь нүүдэлчин соёл гэсэн үг. Тэр хүн байнгын хөдөлгөөнд амьдраад байна. Тэгэхээр хүсэн хүсээгүй Nomad соёл давамгайлна. Бид байшинд амьдарч байгаагаа суурин гэж бодоод байдаг. Гэтэл ажил нь өөрөө глобал болоод ирэхээр эрхгүй явдаг болоод ирнэ.

 

Морь унаж давхисан, мал аж ахуй эрхэлдэг хүнийг Nomad гэхээ больж байна. Магадгүй жилийн дараа бид Сингапурт оффистой болж болно. Тэгвэл тэр хоёрын хооронд би байнга явж, хөдөлгөөнтэй амьдрана. Тиймээс л Nomadpedia гэж нэрлэсэн сайт нээе гэсэн. Зөвхөн Монгол гэхгүй одоо хүртэл нүүдэлчин угсаа гаралаа хадгалж яваа Киргиз, Узбекстан гээд улсууд байна. Тэднийг оруулна. Яагаад гэхээр бид бүхнийг Монгол гэдэг нүдээр харах биш энэ бүхний манлайд нь, түүхээрээ ч анхдагч нь гэдгээ л харуулах хэрэгтэй.

 

Одоог хүртэл түүх соёл уламжлалаа хадгалж оршин байгаа нь Монгол Улс юм гэдгийг тэр дундаас хүн харна. Тэгтэл энэ сайтад өөрсдийн ёс уламжлалыг Киргизпедиа, Узбекпедиа гээд оруулдаг болохыг үгүйсгэхгүй. Бид нар юмыг хилээс гадуур далайцтай сэтгэж явахгүй Монгол бол нүүдэлчидийн хамгийн, хамгийн гээд байж болохгүй. Нүүдэлчин ард түмэн өөр бий. Киргиз гэхэд “World Nomad Games” гээд олимп хийчихлээ. Тэгтэл бид хоцорчихлоо. Тиймээс арай өөр байдлаар хийх хэрэгтэй.

 

Залуучууд юу ч хийсэн тэгж л бод. Магадгүй нэг тогооч залуу байлаа гэхэд “Би яаж Нью-Йоркийн Манхеттан дүүрэгт ресторантай болох вэ” гэж бодох хэрэгтэй. Тэгэхийн тулд би ямар замыг туулах вэ гэдгээ л бодно. Манхеттан дүүрэг Нью-Йоркийн хамгийн баян дүүрэг. Ямар ч бизнес байсан босдог баячуудын дүүрэг. Арабын Дубайд ч өөрийн бизнесээ хийж болно. Би тэнд очихын тулд ямар зам туулах вэ гэдгээ тогтоочиход Монголд нэг өдрийн юмаар дутах асуудал юу ч биш болно. “Ээ энэ юу ч биш би илүү том юм хүсэж байгаа” гээд зоригжино. Би түрүүн хэлсэн саадыг тойрно гэж байхгүй. Дайраад л гарна. Шашинлаг талаасаа үйлийн үр юм бол туулаад л гарна. Өөр зам байхгүй. Тойроод гарлаа гэхэд илүү их болоод эргээд л ирнэ.

 

-Магадгүй манайхан гадаадад салбараа нээсээр монголд үлдэх хүн нь багасвал яах вэ?

-Би хэн бэ, би хаанаас гарч ирсэн бэ гэдгээ бид үргэлж бодох хэрэгтэй. Бизнес глобал болоод ирэхээр өөр газруудад салбар нээхээс өөр аргагүй болно. Гэхдээ анзаараад хараарай. Финляндын “Angry birds”-ийг хийсэн компанийн википедиа руу нь ороод харвал төв оффис нь Финлянддаа л байдаг. Хичнээн олон салбартай том болсон ч гэсэн эхэлсэн газартаа л байгаа. “Legо”-гийн төв оффис Дани улсдаа л байгаа. Дэлхийгээр дүүрэн салбартай ч эх орондоо л төв оффисыг байлгадаг. Бид ийм л бодлыг тээж явах ёстой.

 

Хаанаас ирсэн, хэн гэдгээ мэддэг болохоор эх нутагт минь гол орлого цугларч байх ёстой. Тэгж байж л улс хөгжинө. Бид магадгүй томроод явлаа гэхэд дараа нь Монголын яг адилхан хөгжиж байгаа 10-20 компанид туслах боломжтой болно. Бид явах замаа мэдэж байгаа, тодорхой санхүүжилт ч бий болно.

Одоо манай бүтээгдхүүнийг үнэтэй ч гэсэн авч байгаа тэр ээжийн хүүд бид хэдэн жилийн дараа туслах ч юм билүү. Хэн ч мэдэхгүй. Магадгүй тэр хүүхэд том болоод шинэ бизнес гаргаад би санхүүжилт өгөх ч юм билүү. Харилцаа уялдаагүй юм энэ дэлхийд байхгүй. Тэр үнэхээр магадлалтай. Би өнөөдөр нэг хүнд тусалсан бол хэзээ ч хариу тус нэхэхгүй. Гэхдээ л хэзээ нэгэн цагт тэр тус ирдэг юм билээ.

-Таньд ирсэн үү?

-Ирнэ. Ирсэн. Би нэг залууг Юнителд оруулж өгч байсан юм. Мундаг чадварлаг залуу. Ороод л компанийн шилдэг ажилтан болоод явчихсан. Тэр залуу надад программын бүх ажлыг хамгийн хямдаар хийж өгдөг. Тэр залууд ерөөсөө бага үнээр хийгээд өг гэдэггүй, зүгээр л надад үргэлж талархдаг. Өөрийнх нь хөгжих боломжийг л нээж өгсөнд. Магадгүй 2 сая төгрөгөөр хийх ажлыг хэдэн зуун мянгаар л хийж өгдөг. Би эргээд бодоход хэд дахин хямд үнэ өгсөн байдаг. Иймэрхүү жишээ амьдралд их гардаг.

 

 

Нэгхэн үгнээс амьдралаа өөрчлөх боломж байдаг

 

 

-Амьдралын тойрогт хүн хүндээ тустай байхын утга учир энэ юм болов уу?

-Butterfly effect буюу Эрвээхийн далавчны эффект. “Калифорнид дэвсэн эрвээхэй далавчны дэвэлт Японд цунами болж очдог” гэж. Энэ нь жижигхэн юм том юмыг бий болгодог гэсэн утга. Энэ бол миний ч филисофи. Манай компаний ч филисофи. Зарим хүн “Миний мөнгө хүрэхгүй байна” гэж хэлэхэд “Та өөрт байгаа мөнгөөрөө ав аа” л гэж хэлдэг. Бид мөнгөний хойноос явах нь чухал биш. Тухайн үед тэр хүн үнэнээ л хэлж байна, хямдруулж авах гээгүй. Би авмаар байна гэхдээ л ... гэж үнэнээ хэлсэн.

 

Дээр нэг Германаас ирсэн хүнд ийм асуудал үүссэн. Олон ширхэгийг аваад мөн нь дутахад би хямдруулаад өгтөл “Бизнес яг ингэж л явдаг. Авахаа аваад үнэхээр болохгүй үед хүнд туслах хэрэгтэй. Танай бизнес босно оо” гэсэн. Тэр хүний хэлсэн үгийг их билэгшээсэн. Германд 18 жил болчихсон хатуу нийгэмд амьдарсан ч монгол гэдэг бүхнээ алдаагүй хүн байсан.

Монгол бизнес ингэж явдаг. Наана цаанатай байх ёстой. Орлогоо алдаж байж гэж хэлэх нэгэн байх ч эцсийн дүндээ амьдрал, онол хоёр өөр. Тэнцвэрийг нь олж байх ёстой. Мэдээж байнга тэгээд өгөөд байж болохгүй. Цаана нь зөндөө хүн ажиллаж байгаа. Цалин мөнгө, байр түрээс, бүтээгдэхүүнийн орц гээд хэрэгтэй юм их бий. Гэхдээ л байнга ашиг гээд байвал бас л хэцүү. Тиймээс бид тэр боломжийг бүрдүүлэхийн тулд арай хямд бүтээгдэхүүн гаргах гээд байгаа юм.

-Эх орноо хайрлаж, эзэн нь байхын тулд яах ёстой юм бэ?

-Анх Олимпын аварга төрж байхад мэдээж бахархсан. Одоо ч бахархдаг, ганц удаа зургаа авахуулах боломж олдож байлаа. Тухайн үед Монголд үүссэн асар том хагарлыг дараад цагаа олсон баатар болж чадсан. Гэхдээ би их харамссан. Юунд харамссан гэхээр би жудогоор барилдаад явсан бол энэ сайхан тамирчин шиг болох боломжтой байж. Маркетинг гээд тэнэг юм сонгочихжээ гэж боддог байлаа. Хүн чинь дотроо элдэв юм л боддог ш дээ.

 

Тэгсэн нэг удаа тогооч Тэнгис нэвтрүүлгээрээ “Хүмүүс юм юм хийгээд л байна. Би яахав монгол тогооч, гоё хоолоо хийгээд л явахад миний дэлхийн аварга чинь тэр шүү дээ” гэсэн. Нэгхэн үгнээс амьдралаа өөрчлөх боломж байдаг юм билээ. Энэ үгийг сонссод хүн хийж байгаа юмандаа л хамгийн шилдэг нь байх хэрэгтэйг ойлгосон.

 

Одоо олимп, дэлхийн аварга болохоор л бүх монголчууд нэгдээд байна. Орхон, Сумьяа дэлхийн аварга болоход бүгд нэгдчихлээ. Үүнээс хараад манайхан бүх л төрлөөр гадагшаа хандах хэрэгтэй. Тэгсэн цагт дотоодын хэрүүл байхгүй болж, нэгдсэн зорилготой болчихно. Манай хэрүүлийн гол утга нь хөмөрсөн тогоон дотроо гэдэг дээ. Монгол дотроо үзээд байгаатай холбоотой. Тамирчид нь гадагшаа нэрээ гаргаад эхлэхээр л нэгдчихдэг. Хэрэлдэж байсан хоёр ч тэврэлдээд хамт уух нь холгүй. Манай нэг найз ярьж байсан. Нэгдүгээр хороололд Түвшинбаяр аваргыг Олимпын аварга болсны дараахан нэг ах дэлгүүрт орж ирээд “Бүх хүүүхдүүдэд зайрмаг өг би даая” гээд л хашгирсан гэсэн. Тэр нь өөрөө Үндэстний сэргэх онцлог. Нэг зүг рүү харчихаараа сэргэдэг. Тэрийг л бий болгох хэрэгтэй юм байна гэж харсан.

 

Тэгэхээр монголчууд яаж экспортоор бүтээгдэхүүнээ гаргадаг болох вэ, маркетерууд нь яаж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний болох вэ гэдгийг олох хэрэгтэй. Дэлхийд маркетингаар өрсөлдөх асар олон боломж байгаа. Манай дүү хэлдэг юм. Монголчууд бүгд англи хэлтэй бол фейсбүүк дэх постууд нь янзын шейрлэгдэнэ ээ гэдэг. Монголоор бичээд байгаа тэр этгээд сэтгэсэн постууд англиар цацагдвал “баллана аа”. Угаасаа төрөлхийн нүүдэлчин онцлогоос болоод задгай сэтгэдэг. Жаахан хэл сураад англиар фейсбүүкийг хөтлөвөл гадаад хүмүүс дагаад л эхлэнэ. Тэр хүн 5 сая дагагчтай болчихоод “Гоёо”- гийн нэг хувцас рекламдахад л янзын юм болно доо. Энэ бүхэн боломжтой. Боломж дүүрэн байна.

 

Н.Жанцанноров гуай нэг удаа “Монгол хэлний үйл үгэнд гадаад үг орох нь мөхөхийн шалтгаан” гэсэн. Үйл үгэндээ гадаад үг оруулахгүй байхын тулд хоёр дахь хэлийг англи хэл болгох нь зөв гэж боддог. Тэртэй тэргүй дэлхий глобал болж байна. Манай компанийн хувьд дэлхийн зах зээл рүү зорьж байгаа учраас дотроо ажлын төлөвлөгөөний программ ашиглахдаа бүгд англи хэлээр хоорондоо харилцаж, хөтлөх даалгавартайгаар англи хэлний боловсролоо сайжруулж байна. Эхний үед дотоод ажлаа сайжруулах гэж эхлүүлсэн төслийн менежментийн программ маань юм. Нэг юм бичсэн ч англиар. Монголоор бичсэн хүн бандуулна.

 

Яваандаа мэргэжлийн англи хэлний багштай нэг сар бэлдээд тэрний дараагаас дотроо англиар ярьдаг өдөр гэж гаргана. Монголоор ярьвал бүх хүнээ хоолонд даана. /инээв/ Яагаад гэвэл англи хэл дэлхий дээр гарах асар том боломж нь. Англи хэлтэй л бол бидэнд асар том боломж бий. Монгол хүн оюун ухаанаар бусдаас лаг гэж яриад байх нь утгагүй. Гэхдээ үнэхээр нүүдэлчдийн задгай сэтгэхүйтэй гэдгээрээ өөр. Хэлтэй бол бүүр өөр болно. Энийгээ л ойлгох хэрэгтэй.

 

Тэрнээс биш оюун ухаанаараа бусдаас илүүдээ биш. Юу нь илүү гэхээр эрс тэс дөрвөн улиралдаа зохицож амьдрахын тулд тархи нь өөрийн эрхгүй ажиллана. Яаж даарахгүй явах вэ. Намар даарвал хавар тэр нь гарч ирнэ гэдгийг төлөвлөж чаддаг ард түмэн. Асар их төлөвлөлт шаарддаг амтьдралтай учраас өөрийн эрхгүй толгой нь ажилладаг. Тэгэхээр бусдаас илүү байгаа юм нь тархины ажиллагаа. Цаг агаар орчин нь тийм болгочихосон. Энэ дээр нь нэмээд жоохон хөгжүүлээд өгөхөд илүү гээд байгаа хүмүүсийг хөнгөхөн гүйцчихнэ. Зөвхөн дутуу юм нь хэл. Бусдаараа илүү байгаа. Энэ их чухал.

 

Бид дэлхийд мэдлэгээрээ л үзнэ. Тэрнээс дайн байлдаанаар үзэх боломжгүй. Гэтэл саяхан 40 хэл дээр орчуулдаг чихэвч гарсан талаар дэлхийд шуугиж байна. Монгол залуучууд энэ боломжийг өөрийн давуу тал болгох ямар боломж байгааг харах хэрэгтэй. Зорилго амбиц нь дэлхийд гарах. Ингэж чадвал жинхэнэ оронч байх юм.

 

Энгийн жишээ, манай ажлын Булгаа маань саяхан Хөх хотод болсон үзэсгэлэнд оролцоод ирсэн. Манай бүтээгдэхүүн гадагшаа зөндөө зарагдаж байгаа ч ихэнхдээ монголчууд маань авдаг. Гэтэл Булгаа үзсгэлэнгээс ирэхдээ зузаан гэгчийн юань аваад ирсэн. Цэвэр экспортын орлого. Тэр өөр улсаас мөнгийг нь аваад монголдоо оруулж ирсэн. Одоо тэр мөнгө хувираад манай хүмүүсийн цалин, түрээс, бас бусад зардал болно. Гадны улс орноос авчирч байгаа жинхэнэ мөнгө. Энэ л эх оронч үзэл.

 

Тэгэхээр эх орноо хөгжүүлье гэвэл валютын урсгалыг татах бүх замыг эрэлхийл. Тэгсэн цагт энэ улс үнэхээр сайхан болно гэж бодож байна. Манай залуу мөнгөө аваад ирэхэд нь барьж үзье гээд барьсан. Инээд хүрээд сайхан байсан. Бүүр анхны экспортын орлого маань америакаас ирсэн 180 ам.доллар. Их сонин нь манай Булгаагийг гараар л тэр мөнгөнүүд орж ирсэн. /инээв/

 

Би юунд баярласан гэхээр энэ бүхэн жижигхэн юм шиг мөртлөө том юмны эхлэл. Том тулаанд ялахыг хүсвэл жижиг жижиг тулаанд ялах ёстой. Жижиг тулаанд ялж байгаа энэ баяр хөөр миний том тулаанд ялах итгэл үнэмшил. Монголчууддаа хандаж хэлэхэд дэлхийн зах зээлээс хэдүүлээ эх орондоо хэрэгтэй бүхнийг авчирья. Дэлхийд өрсөлдье гэсэн амбицтай болчихвол хэдүүлээ нэг тийшээ харчихна.

 

Дотроо биш гаднаа үзэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, манай ажил томорлоо гэхэд оёдлыг хийдэг 3 хүн маань 10, 20, 30, 40 болно. Цаашид хэд болохыг таашгүй. Тэгэхээр энэ бол улс эх орондоо хийх хамгийн том зүйл минь.

 

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний санасан зорьсон бүхэн бүтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөл өргөе.

Ярилцлагын зочин: С.Сайханбаяр -  С.Сайханбаяр

Ярилцсан: П.Нарандэлгэр - naran.pyrev

Зургийг: Э. Хүүхэнхүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.21.25Зочин   • 2017, 10 сарын 16. 18 цаг 44 минут

Хэлэх үг алгадаа та бүхэнээс их зүйл сурч мэдэж байна маш их баярллаа гайхалтай :)

183.81.171.2иргэн   • 2017, 10 сарын 16. 12 цаг 28 минут

Сайхан ярилцлага болсон байна.Мундаг залуустаа амжилт хүсье. Бахархаж байна.

202.21.118.6зочин   • 2017, 10 сарын 16. 12 цаг 23 минут

үнэ хэд гэж байгаа юм.орон нутгаа яаж авах боломж байна

202.170.81.102Zochin   • 2017, 10 сарын 16. 12 цаг 28 минут

www.naadbrand.com

104.63.233.120Badam akh ni   • 2017, 10 сарын 16. 6 цаг 31 минут

Bayarlaj baina, Khar , tsagaan khel amnaas khol , Yamar ukhaalag zaluus ve, Burkhan urshuug

27.123.212.143Зочин   • 2017, 10 сарын 16. 1 цаг 34 минут

Tehdee bas sonin yum shuu amerikiin togloom uildverlegch yavj yavj m16 automat hiideg bolson gej baigaa.

103.57.94.199Зочин   • 2017, 10 сарын 15. 14 цаг 19 минут

Зөв бодолтой сайхан нутгийн сайн дүү байна амжилт хүсье

103.242.47.86Зочин   • 2017, 10 сарын 15. 12 цаг 42 минут

баяр хүргье

122.201.24.142Зочин   • 2017, 10 сарын 15. 11 цаг 57 минут

Маш сайхан сайн байна сэтгэл санаа сайхан боллоо

202.179.24.48Зочин   • 2017, 10 сарын 15. 10 цаг 31 минут

ee chaavaas

66.181.190.14Зочин   • 2017, 10 сарын 15. 7 цаг 45 минут

Estoi mongol berend ene bandana bsirand us sun huuhdyyd mongol geriig meddeggyi mash saihan yumaa ulsiinhaa surguuli tsetserleg bugded ugch mongol huuhduuded taniulah heregtei bn amjilt bayar hurge

188.171.246.120Зочин   • 2017, 10 сарын 15. 2 цаг 15 минут

Iim medee sonsoh saihan wmaa.Getel ene 76 ,Toporsvh,Mafioz Battulga naryn baij bgaa tsaraig.

202.9.40.122Зочин   • 2017, 10 сарын 14. 23 цаг 24 минут

Мундаг сайхан ярилцлага болжээ. Залуугийнхан сүүлийн үед мундаг ярилцлагууд их хийдэг болжээ. Амжилт. Сайханбаяраа чамд томоос том амжилт хүсье. Чиний ярилцлагыг уншаад дэлхий ойрхон санагдлаа. Амжилт амжилт.бахархаж байна шүү

202.21.113.238Зочин   • 2017, 10 сарын 14. 22 цаг 58 минут

goy medee bna

202.179.26.4Зочин   • 2017, 10 сарын 14. 20 цаг 08 минут

Mundag bna MUIS angiin huuhed mash zov zuil hiij bas yarijee amjilt husii

112.225.87.226Zochin   • 2017, 10 сарын 14. 14 цаг 16 минут

YAMAR GOYO YUM BE ERT YARILTSLAGAA OGOHGUI TEGSEN BOL ENE GERIIG AVAAD YAVAHGUI YU ,GEHDEE ZAAVAL AVNAA GERTEE TAVIAD HUUHDUUDEDEE ZAAJ OGNO .GANTS YUMAN CHANAARAA HEZEE CH BITGII ALDAARAI MANAI MGOLCHUUDIIN NEG ALDAA EHENDEE MASH SAIN CHANARTAI HIIGEED DARAAN NELEEN ORGOJOOD TELEED ERHEEREE CHANAAR TOOHOO BGAAD CHANARGUI BOLOOD ERHEEREE HUDALDAN AVAGCHGUI BOLOOD IRDEG SHUU.JISHEEN ENE MGOL OIMSNUUD EHENDEE MASH SAIN BSAN ODOO BOL UNHEER MUU MGOLCHUUD MAANI CH MUU AMTAI BSON BSAN.TUUSHTAI BAS CHANAR SHUU AMJILT.

74.82.17.65bayar   • 2017, 10 сарын 14. 13 цаг 40 минут

tanai hamt olond ajliin undur amjilt husie uneheer chin setgeleesee saihan setgel hodolgoloo muuhan kinohoos deer bolj tanai NAAD brendiig chini tavan tiv huleej bna iim saihan zuv bodoltoi humuusiig burhan harj bgaa ta buhniig burhan iveeg

202.179.11.10Зочин   • 2017, 10 сарын 14. 13 цаг 40 минут

олон хүмүүс, залуус энэ залууг даган дуйрайж ажиллаасай

101.235.163.9зочин   • 2017, 10 сарын 14. 11 цаг 51 минут

Энд тэндгүй мөрөөрөө явж буй гадаадынхныг үзэн ядсан аймар эх оронч худлаа хйирхэхээс өөр хийж сэтгэж чадах зүйлгүй мангар хар юмнууд энэ мэт зүйлийг уншаасай

202.9.40.173Д.Өлзий   • 2017, 10 сарын 14. 11 цаг 50 минут

Жинхэнэ сэтгэл зүрхний ярилцлага болжээ... Томыг харж, тэмүүлж зорьж, хэрэгжүүлж байгаа эх оронч залуусдаа улам их амжилт хүсье. Бид, монголчууд, Монгол Улсын ирээдүй гэрэлтэй сайхан харагдаж байна... Бэрхшээлийг боломж гэж харах нь заавал амжилт авчирдаг.

139.5.219.197Зочин   • 2017, 10 сарын 14. 10 цаг 04 минут

Ёстой сайхан ярилцлага байна. Танай хамт олонд улам их амжилт хүсье. Ярилцлагаас олон олон зүйлийг ойлгож авлаа.

43.242.241.102Mongol zaluu   • 2017, 10 сарын 14. 10 цаг 47 минут

Xarin tiim shuu .Saikhan bodoltoi zaluu baina . ikh zuiliig bodogduullaa

© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss