А.Миеэгомбо: “Наймаалж”, “Өвлийн хайрын дуу” зэрэг 5000 гаруй кинонд дуу оруулсан

 

Монгол ёс заншил өв соёлоо дээдэлж, хойч үеээ зөв сайн хүн болон төлөвшихөд одоо л анхаарч, төрийн бодлогоор зохцуулалт хийхгүй бол бидний ирээдүй хүмүүжилгүй, боловсрол мэдлэгээр түрээ барьсан хүмүүс болон өсөж байна. Энэ  нь бидний оршин тогтнохтой шууд холбоотой. Тиймээс дараа дараагийн уран бүтээлүүддээ үндэсний үзэл, монгол хүний мөн чанарыг харуулна. Монголын кино урлаг ур чадвараараа гологдохгүй ч гагцхүү техник технологийн хоцрогдол н дэлхийн стандартад хүрсэн уран бүтээл туурвихад сөргөөр нөлөөлж байна хэмээн энэ удаагийн зочин маань ярьсан билээ. Тэрбээр “Сайн, Муу, Хэрцгий”, “ Single Ladies”, “Ийм нэгэн дурлал”,  “Урагшаа залуусаа”,  “Миний хөрш: Чөтгөр”, “Амьдралын амт”,  “Дэв” зэрэг уран сайхны кино, “Мөрдөгч”, “Саятан болгох дамжаа” зэрэг олон ангит кинонуудад зохиолч, найруулагчаар ажилласан юм. Ингээд энэ удаагийн VIP зочноор уригдсан кино зохиолч, найруулагч, продюсер, жүжигчин, дуу оруулагч, хөтлөгч Александрын Миеэгомботой ярилцсанаа хүргэж байна.

 

-Таньтай хамтарч ажиллахыг хүссэн уран бүтээлчид өөрсдөө зохиолынхоо санааг урьдчилж танд захиалдаг юм уу?

- Аливаа уран бүтээлийн ажлыг эхлүүлэхээс өмнө хамтран ажиллах жүжигчид, продакшин, кино компаниуд зохиолынхоо санааг ерөнхийдөө бидэнд хэлдэг. Мөн ямар сэдвээр уран бүтээл хийх вэ гэдгээ хоорондоо тохирно. Уран бүтээлчдийн зүгээс заримдаа олон ангит кино юм уу, нэг ангит кино болгочихмоор аятайхан зохиол байна уу, санаа байна уу гэж зөвлөгөө, тусламж хайж орж ирдэг. Цөөн тохиолдолд зах зээлд борлогдчихоор арилжааны сэдэвтэй кино зохиол байна уу гэж шулуухан зорилгоо хэлээд ороод ирэх нь ч бий. Яг ийм яриан дээр таараад та ороод ирлээ.

 

Манай улсын кино урлаг атар онгон чигээрээ байгаа

 

-Таны хувьд зохиолуудынхаа санааг голчлон хаанаас олж харж, ажил хэрэг болгодог вэ. Ажиглаад байх нээ, ар араасаа төрж байгаа уран бүтээлүүд дээр утга санаа давтагдах хандлага бий болоод байх шиг?

-Гадаад орчинтой харьцуулж үзвэл зохиолын санаа давтагдах тийш хандсан. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд авч үзвэл шүү дээ. Кино урлаг сүүлийн 100 гаруй жил эрчимтэй хөгжиж, маш олон орнууд кино хийж байна. Зөвхөн Энэтхэг улсад л гэхэд долоо хоног бүр 5-6 уран сайхны кино нээлтээ хийдэг. Тэгж хурдацтай явж буй ертөнцөд бол асар олон санаа, сэдвийн давхцал явж байдаг.

Харин манай улсын хувьд кино урлаг ёстой л атар онгон чигээрээ байгаа. 1990 он хүртэл Кино үйлдвэрийн дор улсаас кино урлагийг анхаарч, улс төрийн үзэл сурталд нийцэх уран бүтээлүүд туурвиж байсан. Удалгүй кино урлагт хөрөнгө оруулалт хийж, анхаарахаа больсон цагаас эхэлж энэ урлаг хувь уран бүтээлчдийн нуруун дээр ирж, “арилжааны” гэх тодотголтой уран сайхны кинонууд төрж эхэлсэн юм.

 

Яагаад гэвэл, кино хийхэд маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, техник технологи шаарддаг учраас хувь уран бүтээлч маань хэн нэгэн хүнээс хөрөнгө гаргуулж хийгээд, эргүүлэн төлөх шаардлага үүсч эхэлсэн. Мөн өөрийнхөө хүч хөдөлмөрийг гаргасан бүтээлээсээ ашиг хүртэх ёстой. Ингээд ирэхээр сэдэв, жанр, зохиол, санааны хувьд масс буюу нийтэд үзүүлэх кино хийх шаардлага тулгарсан. Ийм л нэг зовлонтой юм бий болсон. Гэхдээ сэдвийн давхцал манайд харьцангуй гайгүй.

 

Миний ажиглаж байгаагаар 2006 оноос хойш орчин цагийн киноны давалгаа эрчимтэйгээр бий болсон. Энэ давалгаа 12 жил үргэлжилж байна. Энэ хугацаанд жилдээ 50 гаруй уран сайхны кино төрж байсан бол өнгөрсөн 2017 онд харьцангуй бага буюу 20 орчим шинэ кино гарсан байна. Магадгүй зохиолын санаа, сэдвийн давхцалаас болж “уналт” бий болж буйг үгүйсгэхгүй.  Уран бүтээлчид, кино компани, продюсерууд маань аль болох нэгнийхээ бүтээлийг үзээд сэдэв, зохиолыг давхцуулчихгүй, өөр өөрсдийн эрэл хайгуулаа хийсээр байгаа.

Мэдээж нэг нэгнийхээ бүтээлтэй давхцуулж болохгүй. Тиймээс гадны кино уран бүтээлүүдийг үзэж дэлхийн кино урлагийн чиг хандлага, тренд болж буй жанр зэргийг харж тэндээс мотиваци авах шаардлагатай болдог. Хэдийгээр монголын кино урлагийн зах зээл жижигхэн ч гэлээ тэр том улс орнуудын уран бүтээлчдийн сэдэв жанрыг өөрийн орны хөрсөнд буулгаж, кино урлагаа хөгжүүлж явна. Энэ бол зайлшгүй байх ёстой зүйл.

 

Мэдээж хит болоод байгаа олон ангит кино, том том бүтээлүүдийг чадахгүй л байна. АНУ-ын олон ангит кино гэхэд өмнө нь тв драма хэлбэртэй байсан бол сүүлийн үед олон ангит киноны нэг ангийг бүтэн уран сайхны кино шиг хийцтэй хийж эхэлсэн. Тэгэхээр монголын уран бүтээлч бидэнд толгойгоо ажлуулах зүйл нэмэгдсээр л байна.

 

Кино урлагт төр ямар нэг хэмжээгээр оролцох ёстой

 

 

-Тухайлбал?

Хүмүүс ингэж ярьдаг л даа, буурай орны урлагийн хүн байх их хэцүү юм гэж. Урлаг гэдэг цензүрээр хэмжихэд яг адилхан чанартай, мэргэжлийн, авъяастай. Гэвч уран бүтээл хийх техник технологи, мөнгө санхүү талдаа гацчихдаг. Байгаа мөнгөндөө тааруулаад хийсэн гэхээр та нарын хийх ёстой л ажил гэдэг. Энэ үнэхээр хэцүү асуудал. Магадгүй том орны, том уран бүтээлч байсан бол зах зээл, киног яаж бол яаж л хийх техник технологи, зардлаа олох механиз гэх мэт бүх зүйл бэлэн байна.

 

Манайд бол “Хамгийн дээд тал нь тэдэн хүн үзнэ, тэдэн төгрөгнөөс хэтрүүлэн зардал гаргаж болохгүй. Гэхдээ энэ зардалдаа багтааж маш чанартай юм хийх ёстой” гэсэн зарчмийг баримтлан ажиллаж байна шүү дээ. Энэ бол ёстой л уран бүтээлчдийн толгойны өвчин болж байна. Миний зүгээс сүүлийн үед кино урлагт төр ямар нэг хэмжээгээр оролцох ёстой гэдэг болчихоод байгаа. Зарим хүмүүс болохоор чи төрөөс мөнгө авах гэлээ гэж дургүйцэх нь ч бий. Төр заавал мөнгөтэй холбогдохгүй ч байж болно, татварын дэмжлэгч үзүүлж болно шүү дээ.

2015 онд Боловсролын яамнаас зохион байгуулсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум”-д оролцож байхдаа улсын бодлогоор гадаад зах зээлд кино гаргах 2-3 кино компани бий болгож, бойжуулж дэмжээд, эх орноо сурталчлах орон зайг бий болгох хэрэгтэй гэж ярьсан. Тэгэхгүй бол одоо манайд продакшинууд л бүх ачааг нуруун дээрээ үүрч яваа систем юм. Энэ бол сөрөг бүтэц. Ийм бүтцээр явж байхад аль нэг нь давамгайлж, манлайлаад дэлхийн зах зээлд гарна гэдэг маш хэцүү. Төр маань кино урлагийг чухал гэж бодохгүй байна. Мөн соёлын яам байгаа хэрнээ байхгүйтэй ижил түвшинд ажиллаад байх шиг.

 

Кино урлаг гэдэг чинь тухайн улсын хамгийн том стратегийн салбар

 

-Соёлын яам маань урлагаас илүү боловсролын түвшинд анхаарлаа хандуулж байгаа байх.

-Магадгүй. Ингээд л ярих юм бол маш их зүйл байдаг юм аа. Яриад ад болдог байхгүй юу /инээв.сур/. Сүүлийн үед ярихаа ч больсон. Хаданд хашгарсантай ижил ярьсан ч адил, яриагүй ч ижил болчихоод байна.

 

-Уг нь ярьж хэлж байж л шийдвэр гаргагчидын чихэнд хүрч, ажил болох ёстой юм биш үү?

-Тийм. Энэ асуудалд бас л нөгөө тамын тогооны үлгэр биелэлээ олдог. Бие биенийхээ ур чадварыг хүлээн зөвшөөрдөггүй, нэгнээ дэмждэггүй гэдэг ч юм уу. Тийм хүмүүс их л байх юм. Уг нь кино урлаг гэдэг чинь тухайн улсын хамгийн том стратегийн салбар гэдгийг манайхан одоо ч ойлгохгүй л байгаа. Ойлгоод анхаарал тавиад явбал их хэрэгтэй.

-Стратеги гэдгээ тодруулаач?

-Бид нар уул уурхайн салбарт Тавантолгой, Оюутолгойг стратеги орд гэж ярьдаг. Яг үүн шиг л байхгүй юу. Тэр дундаа кино бол урлаг дотроосоо хамгийн том стратегийн зэвсэг. Нэг жишээ авъя л даа. 1990-ээд оны дунд үеэс БНСУ соёлын бодлогодоо өөрчлөлт хийж, Төрийнхөө дэмжлэгийг аваад систем төлөвлөгөөтэй хөгжиж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон кино зохиолчид, мэргэжилтнүүдийг барууны орнуудад сургаж бэлдсэн. Үүний үр дүнд тус улсын медиа урлаг үсрэнгүй хөгжиж, дэлхийн хэмжээний одуудыг гаргаж ирлээ.

 

Мөн Солонгосын кино урлаг дийлдэхээ больж байна. Хэр баргын барууны болон Америк киноноос илүү түвшинд хүрчихээд байгааг үзэгчид маань надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Өнөөдөр Солонгос киног үздэггүй Азийн улс орон байхаа больж. Зөвхөн Ази төдийгүй европ, америкчууд ч үздэг болчижээ. Тэр бүү хэл, К Поп гэдэг шинэ дууны урсгал жанрыг бий болгож, орчин үеийн залуусыг байлдан дагуулаад эхэллээ.

Эндээс л соёлын бодлогыг улсаас системтэй дэмжвэл ямар үр дүнд хүрч буйг харуулсан хамгийн том баталгаа. Өөрөөр хэлбэл, тэд стратегийн зэвсэгээ тултал нь ашиглаж байна. Магадгүй тэр улс эдийн засгийн хувьд доривтой довтолгоо хийж чадахгүй байлаа гэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ довтолгоогоо хийгээд эхэлж байгаа юм. Хэрэв төрөөс анхаарч чадах юм бол манай улс ч ийм болж чадна.

 

Манай улсын хувьд урлагт зарцуулах мөнгө байхгүй гээд л олон юм ярина л даа. Үнэхээр мөнгө байхгүй эдийн засгийн хүнд нөхцөлд байгааг хүн бүр л мэдэж байгаа. Ийм нөхцөлд стратегийн зэвсэгээ ашиглах хэрэгтэй. Миний сүүлийн үед анзаарч байгаа бас нэг зүйл бол монгол өв соёл. Хүн бүр монгол өв соёлоо авч үлдэхийн тулд хичээх ёстой гэх мэт сайхан үгтэй лоозонгууд байдаг болжээ. Гэхдээ энийг бас л нэг систем төлөвлөөтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог юм.

 

Үнэндээ улсын сургуулиуд “эрлийз” сургууль болчихсон

 

-Яаж хөгжүүлвэл болох вэ?

-Би өнгөрсөн 2017 оны гуравдугаар сард Хөсөгтөн хамтлагтай Канадын 11 хотоор явж тоглолт хийсэн. Энэ нь нэг талаасаа миний хувийн ажилтай холбоотой, нөгөөтэйгүүр гадаад байгаа монголчууддаа үндэсний өв соёлоо түгээх, сурталчлах ёстой юм байна гэдэг бодлоор иргэн хүнийхээ хувьд үнэт зүйл, зорилгоо биелүүлсэн гэхэд болно. Хэрэв манай залуучууд миний хийсэн шиг 10, 20, 30 түүнээс дээш удаа монгол соёл урлагын тоглолтоо гадаадад байгаа элэг нэгтнүүддээ тоглоод байвал өв соёл маань оршин тогтнох баталгааг улам бүр батжуулаад байна гэсэн үг.

 

Дэлхийн хурдацтай хөгжил, даяаршилд монголчууд бид уусахгүйн тулд монгол өв соёл, монгол нүүдэлчдийн мөн чанар юу байсан бэ гэдгийг зөв таниулаад тэрийгээ авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол “үндэсний” гэх тодотголтой бүхэн уусч алга болж байна. Би нэг удаа өөрийн цахим хуудаснаа “Монголд Хятад, Япон, Герман, Турк, Америк, Англи гээд дэлхийн томоохон орнуудын тодотголтой сургуулиуд бүгд байна. Харин Монгол сургууль л алга” гэж пост бичсэн нь олон хүний анхаарлыг татсан л даа. Тэр дундаас нэг хүн улсын сургуулиуд чинь юу юм бэ гэсэн байсан. Үнэндээ улсын сургуулиуд “эрлийз” сургууль болчихсон байгаа байхгүй юу.

 

Кемберижийн боловсрол л гэнэ, тэрний боловсрол л гэнэ. Ингээд ирэнгүүт, жинхэнэ монгол үндэсний өв соёл уламжлал, монгол филисофи, үүх түүх, дуу хөгжмийг монгол хэлээр заадаг сургууль байхгүй болчихсон. Үнэндээ бид монголдоо байгаа хэрнээ гадаадад байгаа юм шиг амьдарч байна. Наад зах нь гаднах хаяг рекламнууд нь хүртэл “эрлийзжихсэн”. Үүнийг удаан тоохгүй үргэлжлүүлбэл, монгол уламжлал өв соёлоо, хэл усаа гээсээр уусаад алга болж байгааг бид өөрсдөө ч анзаарахгүй байна.

Канадад тоглолтоор явж байхад маш олон монголчууд ирж үзсэн. Тэндэнтэй уулзаад ярилцаж байхад бас л адилхан зовлон хэлж байгаа юм. Тэдний хүүхдүүд тэнд төрж, өсөөд нэг хоёрдахь үе рүүгээ орчихсон, хүүхдүүд нь төрсөн цагаасаа англиар ярьж, сэтгэж байгаа учраас “монгол” гэх зүйлүүдээ гээж эхэлсэн гээд л өгүүлж байх жишээний.  Ийм байхад л бид соёлын яам байх ёстой, байх ёсгүй гээд л маргалдаад байдаг. Хамгийн түрүүнд соёлын яам байх ёстой, Байхгүй бол энэ улс сөнөх гэж байна шүү дээ.

 

Яахав, уул уурхайгаа ашиглаад мөнгө олоод байж болно л доо. Үүний чинь цаана хүний үндсэн чанар болох ёс суртахуун, хүн чанар байх ёстой. Бүх зүйлээ мөнгө болгож болохгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Үүнтэй бид эвлэрч болохгүй, Ядаж монголын натур зүйлсийг авч үлдчих юмсан гэсэн бодол намайг эмзэглүүлж байна. Монголын үндэсний язгуур дуу хуурт сургаалийн шинж чанартай ая аялгуу, үг шүлэг бүгд оршсон байдаг. Эндээс л бид соёлоо авч үлдэх ёстой юм байна гэж бодоод, “Хөсөгтөн”-г сонгож авч явсан.




 
Гадаадын үзэгчид Хөсөгтөн хамтлагийн “Алтайн магтаал” дууг дуустал нь уйлсан

 

-Яагаад?

-Манай Хөсөгтөн хамтлаг “Авъяаслаг Азиуд” гээд том тэмцээнд хоёрдугаар байрт орсон, Их Британы хатан хааны театрт том хэмжээний тоглолтоо хийсэн. Үүнээс илүү эх орноо гадаадад яаж сурталчлах юм бэ. Тэд бол үнэхээр авъяаслаг мундаг залуучууд. “Хөсөгтөн”-гийн дуунуудыг ажиглахад монголын үндэстэн ястнуудын хамгийн шилдэг гэсэн сайхан дуунуудыг дуулчихсан байдаг.

 

Тэр утгаараа тэдний тоглолтыг үзэж буй үзэгчдийн сэтгэлд хүрдэг. Жишээлбэл, та Өөлд, би Халх, өөр хэн нэгэн  Дархад угсааны хүн байлаа гэж бодоход яг нутаг нутгийнх нь тэр дууг өөрсдийнх нь дуулдаг аялгуугаар дуулахад хүний сэтгэлд илүү хүрдэг юм байна. Тэр дуугаар дамжуулаад хүн өөртөө сэргэлт авдаг. Бидний нэг тоглолтын үеэр сонин юм тохиолдсон. Нью Йоркийн Рүгэний музейд тоглолт хийсэн юм. Эхний хоёр эгнээ дандаа гадаад хүмүүс суучихсан. Тэд “Алтайн магтаал” дууг дуустал уйлсан.

 

Би гайхаад ямар учиртай юм бол гэж бодоод, тоглолт дууссаны дараа маш идэвхитэй уйлж суусан хоёр гурван эмэгтэйтэй уулзсан. Тэднийг хэн ч гаднаас нь харахад Нью Йоркийн иргэд. “Та яагаад уйлсын, юу болсын” гэж сонирхоод асуулаа. Тэгтэл “би яагаад уйлснаа мэдэхгүй байна, Энэ дуун дотор чинь нэг юм байна, Миний сэтгэлийн утасыг хөндөж, би өөрийгөө хянаж чадахгүй болтолоо уйллаа” гэж байсан. Тэнд байгаа монголчууд хүртэл “Алтайн магтаал”-д үнэхээр ордог.

Ингээд бодохоор манай язгуур урлаг үнэхээр сүнслэг урлаг. Дандаа л байгаль, аж ахуй, цаг агаар гэх мэт монголынхоо энергитэй холбоотой байдаг юм байна гэж бодох болсон. Сонин сонирхолтой, бас бахархмаар санагддаг шүү. Анх биднийг эндээс явж байхад, зарим хүмүүс “Ардын урлагийг хэн үздэг юм бэ, та нар “шатаад” ирнэ дээ” гэж хэлж байсан. Гэхдээ бид балансаа ч байсан барьсан, өв соёлоо сурталчилна гэсэн зорилгоо ч биелүүлээд ирсэн.

 

Монголын сонгодог бол манай дахин давтагдашгүй язгуур урлаг минь юм

 

-Монголчуудаас гадна гадныхан үзсэн гэлээ. Монголын өв соёлын нэгээхэн хэсэгтэй танилцсан гадныханд биднийг үнэлэх үнэлэмж бас нэмэгдсэн байх. Тийм үү?

-Яг тийм. Бид нарыг Канадын Торонто хотод тоглох үед Өвөрмонголын дөрөв, таван гэр бүл үр хүүхдүүдтэйгээ ирж үзээд бидэнд талархал илэрхийлээд, “танай тоглолтыг үзэхийн тулд бид 200 орчим км-ийн цаана байдаг хотоос зорьж ирж үзлээ. Манай энд монгол язгуур урлагийн уран бүтээлчдийн тоглолт ирдэггүй, танай “Хөсөгтөн”-г ирнэ гэхээр хүүхдүүддээ заавал үзүүлэх ёстой гэж бодоод дагуулж ирсэн” гэж хэлсэн.

Тоглолтын маань үзэгчдийн 50 орчим хувь нь дандаа гадныхан. Бид соёлоо өөрсдөө хайхрахгүй байхад гадныхан манай соёлыг үзэхийн тулд зорин ирж байгаа нь сонин л юм билээ. Монголын язгуур урлаг бол дэлхийн хэмжээний өв соёл гэдгийг сая бие сэтгэлээрээ мэдэрч, яс махандаа шингэтэл ойлголоо.

 

Италийн сонгодог юу вэ гэхээр хүн бүр дуурь гэж дуу нэгтэйгээр хэлнэ. Харин монголын сонгодог гэж юу вэ гэхээр манайхан гайхаад зогсчихдог. Уг нь Монголын сонгодог бол манай дахин давтагдашгүй язгуур урлаг минь юм.

 

Уртын дууг сонсохоор Италийн дуурийн дуунаас хамаагүй илүү дээшээ доошоо цар нь явдаг. Маш өргөн хүрээнд афозони явдаг урлаг байна. Уртын дууг гадныхан гайхаад байдаг. Үүнийг бид нар ер нь л тоохгүй байгаа. Магадгүй гуч, дөчин жилийн дараа ардын өв соёлыг тээж явж байгаа хүмүүс байхгүй болчихвол, дараагийнх нь хэн байх вэ гээд л зөндөө асуудлууд яригддаг л юм.

 

Саяхан бид ардын урлагийн хамтлагийнхантай ярьж суухдаа “Танайхан дотор магадгүй Н.Жанцанноров, Ц.Батчулуун, Ж.Бадраа гуай нар шиг ардын урлагаа судалдаг, тэрийгээ түгээдэг, ном товхимол бичдэг, гадаад дотоодод очиж илтгэл тавьдаг, эрдмийн ажил хийдэг хүн байна уу” гэж асуухад үнэхээр “байхгүй” гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна лээ. Энэ бол эмгэнэл. Үндэсний язгуур урлагийг хойч үедээ хэрхэн өвлүүлэхийг одоогоос анхаарч ажиллах ёстой. Урлаг судлаачид, эрдмийн ажил хийдэг хүмүүсийг Төрөөс бодлогоор дэмжээд, гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм.

 

Нийгмийн оюуны тархи болсон хүмүүс бол бидний өв гэж боддог

 

-Энэ чинь зүгээр л явж байгаад гэнэт цоороод гарч ирдэг асуудал биш шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Манайд үндэсний өв болчихсон хүн цөөхөн шүү дээ. Би хувьдаа  Н.Жанцанноров, Ц.Батчулуун гуай, Ж.Бадраа, С.Эрдэнэ, Б.Балжинням, Д.Жигжид гуай нар бидний өв гэж боддог. Тэднийг байгаа цаг үед нь л их хайрлах ёстой санагддаг. Цаашдаа нийгмийн оюуны тархи болсон хүмүүсээ зөв сайхан авч явбал нийгэмд эргээд өгч байгаа нөлөө, үүрэг роль нь илүү сайн байдаг юм болов уу.

 

Саяхан би Д.Намдаг гуайн тухай өгүүлсэн н.Зандраа гуайн бичсэн “Хүмүүс түүх бүтээдэг” цувралыг уншлаа л даа. Тэр номонд Д.Намдаг гуай зохиолчид ховордсон үед гэрийн сургалт буюу шавь сургалт хийж найм, есөн хүнийг зохиолч болгохоор гэрээр сургадаг байжээ. Тэр дунд зохиолч Н.Мягмар, З.Ойдов, Ү.Хүрэлбаатар, нэвтрүүлэгч Ш.Гүрбазар гуай гэх мэт олон хүнд гэрээр хичээл зааж бэлдсэн. Гэтэл өнөөдөр манайд ингэж соёлын өв уламжлалыг бэлдэж байгаа хүн байгаа болов уу, бараг л байхгүй.

 

Залуучууд намайг дараагийн үеэ бэлдэх талаар ярихад “Та ямар аймар юм ярьдаг юм” гэсэн. Аймаар биш энэ чин амьдрал. Дараагийн Н.Жанцанноров, дараагийн Ц.Батчулуун хэн юм. Рок попынхоор бол дараагийн Сараа, Ариунаа, Батчулуун, Лхагваа хэн юм. Бид дараагийн үеээ бэлдэх л ёстой. Гарч ирэхийг нь хүлээж болохгүй санагддаг. Харамсалтай нь энэ асуудалд санаа тавихгүй өөрсдөө л болоод л яваад байна.

 

Д.Намдаг гуай гэрээрээ шавь сургалт явуулсан. Ийм залгамж халааг л бид дор бүрдээ хиймээр санагддаг

 

-Залгамж чанар хэрэгтэй байна гэж үү?

Тийм. Би кино зохиол бичдэг гурван хүн ядаж үлдээе гэж бодоод л байна. Тэгэхдээ өөрөө нилээн сонирхолтой байх ёстой. Манай бусад салбарууд энэ асуудлыг бодож байгаа болов уу. Жүжигчидээ, дуучдаа, ардын урлагий дараагийн үеээ яаж гаргаж ирэх юм. Шат шатандаа л залгамж чанартай бодлого явж байх ёстой. Намдаг гуайн дурсамж номон дээр ч байдаг.

 

Намдаг гуай шоронд орж, гараад ажил төрөл ч үгүй  хэцүүхэн явж байхад нь яруу найрагч Д.Сэнгээ гуай уулзаад “Чи жүжиг бич. Киноны зохиол бич. Чадахаас өөр арга байхгүй. Чамд хичнээн төгрөгийн цалин хэрэгтэй вэ. Тэрийг чинь би Зохиолчдын хорооноос зохицуулаад өгье” гэхэд нь “ Чадахгүй ш дээ. Үгүй” гэж. “Элдэв юм бодож  татгалзалгүй миний үгээр яв. Драмын театрт жүжиг шиг хэрэгтэй юм алга. Киноны зохиол шиг хэргтэй юм алга. Бичиж байгаа ч хүн алга. Чи Д.Нацагдоржтой хамт ажиллаж байсан биз дээ” гэсэн байдаг.

 

Д.Намдаг гуай найруулагчаар ажилладаг байхдаа Нацагдорж гуайгаар жүжиг бичүүлж өөрөө найруулж байсан юм билээ. Тийм болохоор л Сэнгээ гуай Нацагдоржоос сурсан юм байгаа гэдгийг мэдэх учраас Намдаг гуайд нөлөөлсөн. Намдаг гуай гэрээрээ шавь сургалт явуулсан. Ийм залгамж халааг л бид дор бүрдээ хиймээр санагдах болсон. Цаг гэдэг хомс шүү дээ. Өнөөдөр мэнд мэлтийж байсан хүн маргааш байхгүй болчихдог тохиолдол байдаг. Тэгэхээр ирээдүйүд бэлдэх л ёстой. Тэгээд л чадлаараа л бэлдэх гэж байна.  

 

“Эмэгтэй хүн удмыг нь төрүүлдэг, эрэгтэй хүн удмаа үлдээдэг” гэдэг

 

-Даяарчлагдсан энэ нийгэмд миний хүүхдийг л хайрлаж байвал аль улсын хэн байх нь хамаагүй суулгана гэдэг эцэг эхчүүд цөөнгүй болжээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тусгаар тогтнолын таван том элемент байдаг. Тэр үүднээс шаардлага хангаж байна уу гэж үзвэл, хангахгүй байгаа. Тэр бүү хэл, дээрх таван элемент тавуулаа алдагдчихсан. Энийг хэлэх хүн олддоггүй юм уу, хүмүүс огт мэддэггүй юм уу бүү мэд. Нэг л болохгүй байна гэдгээ мэдээд байдаг. Юу нь болохгүй байгааг бүгд мэдэхгүй байна. Гений тусгаар тогтнолоос гадна оюун санааны, хил хязгаарын, оршихуйн /оршиж аж төрөх нөхцөл, агаар ус, хоол хүнс  гэх мэт/  гээд бараг бүгд алдагдчихаад байна.

Би МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн асан, судлаач С.Оюунбилэг гуайн лекцэнд нэлээд олон сууж байлаа. Нэг лекцийн үеэр аливаа улс гүрний тусгаар тогтнол хүн амын өсөлтөд нөлөөлдөг гэж ярьж байсан. Түүний хийсэн монголын хүн амын өсөлтийн судалгаанд нэг эмзэглүүштэй зүйл байсан нь 1985-2016 оны хоорондох 20 гаруйхан жилийн хугацаанд бүтэн нэг сая хүнээ “гадагшаа алдсан” гэж ярьсан. Тэр нь ямар учиртай гэхээр гадаадад ажиллаж амьдахаар гарсан нэг хүнийг 3-4 хүн гэж тооцоолдог юм байна л даа.

 

Өөрөөр хэлбэл, тэр хүн гадаадад байх хугацаандаа гэр бүл зохионо, үр хүүхэд гаргана гэж тооцоолж буй хэрэг. Одоогийн байдлаар монгол иргэншилтэй 200 орчим мянган хүн гадаадад амьдарч байгаа бөгөөд түүнийг судалгааны тооцооллын системд оруулахад 800 мянгаас нэг сая орчим хүнээ “алдсан” гэж байгаа юм. Энэ зүйл чинь өөрөө гений тусгаар тогтнолын байдалд нөлөөлж буй хэрэг. Уг нь цөөн хүн амтай аливаа улс үндэстэн иргэдээ хамаагүй тэгж гадагшаа гаргадаггүй, хараа хяналттай явуулдаг юм байна л даа. Гэтэл манайд тийм зүйл байдаггүй. Мөн монголд амьдарч буй гадаад хүн монгол хүнтэй гэр бүл болох, үр хүүхэд гаргасан олон тохиолдол бий. Ингээд бодохоор хүн амын тоонд өөрчлөлт орно л доо.

 

“Эмэгтэй хүн удмыг нь төрүүлдэг, эрэгтэй хүн удмаа үлдээдэг” гэдэг эртний үг бий. Ингээд бодохоор Хятад ч юм уу, Америк эр монголд ажиллаж байх хугацаандаа монгол бүсгүйтэй гэр бүл боллоо. Үр хүүхдүүд нь гарлаа, тэдний удам л монголд үлдэж буй болохоос “монгол” хүний удам үлдээд байгаа хэрэг биш. Магадгүй тэр эмэгтэй монгол залуутай гэр бүл болсон бол монгол хүний тоо нэмэгдэх байсан ч юм билүү. Ер нь л “ардчилал” гэсэн нэрийн дор “хүний эрх” гэдэг зүйлээр хязгаарлаад хуучны бүх зүйл өдрөөс өдөрт өөрчлөгдөөд л байна.

 

Үндэсний үзэлтэй  байж, тусгаар тогтносон улс гүрнүүд оршин тогтнодог

 

-Таны хувьд үндсэрхэг үзэлтэй юу?

-Үндэсний үзэлтэй. Үндэсний, үндсэрхэг үзлээ ялгах ёстой гээд байгаа шүү /инээв. сур/. Үндсэрхэг гэдэг маань хэт туйлширсан, үндэсний гэдэг нь язгуур эрх ашгийг хэлдэг гэж ойлгодог.

-Энэ үзэл Монгол хүн бүрт байх ёстой юу?

-Тийм. Бүр нарийн ярьвал, зөвхөн монголчуудад бус Орос, Итали, Хятад гэх мэт хүн бүрт үндэсний үзэл байгаа. Үндэсний үзэлтэй байж, тэдгээр улс гүрнүүд тусгаар тогтносон улс болон оршин тогтнож байна. Үндсэрхэг үзэл болоод ирэнгүүт Германы нацист гэдэг ч юм уу, үсээ хусдаг барьдаг, гадныхныг үзэн яддаг гэдэг ч юм уу туйлшраад ирдэг. Энийг бид ялгаж салгаж ойлгохгүй бол болохгүй. Та бид хоёрын дээрх ярианууд бүгд үндэсний үзлийн тухай л ярилаа шүү дээ.

 

-Таны уран бүтээлийг харж байхад монгол хүний мөн чанар онцлогыг шингээсэн бүтээлүүд зонхилон ажиглагддаг. Үндэсний үзлээ л уран бүтээлдээ шингээдэг байх нээ?

-Яахав би одоогоор тийм даацтай бүтээл хийж чадаагүй байна. Хийх гээд явж л байна /инээв. сур/.

2017 онд хийсэн “Single lady’s” уран сайхны киноны гуравдугаар анги дээр монгол хүний мөн чанар, хөдөөний аж ахуйд болж буй өрнөлөөр, хөдөөний  иргэдийн дүрээр язгуур зүйлийг илэрхийлэхийг зорьсон. Ер нь эргээд харахад миний хийсэн бүтээлийн дийлэнх нь залуучуудад чиглэсэн арилжааны кинонууд байгаа юм.

 

Харин өнгөрсөн жилээс эхлэн уран бүтээлүүд дээрээ язгуур юмнуудаа үлдээх, тэр сэтгэлгээгээ уран бүтээлдээ шингээх ёстой гэж бодоод драмын болон түүхэн зохиолиуд бичиж эхэлж байна. Гэхдээ хараахан чадал хүрэхгүй байна. Маш их зүйл уншиж судлах, үзэж харах зүйлүүд гарч байна. Түүхэн зохиол тийм амархан гараас гарах амар зүйл биш гэдгийг ойлгож байгаа ч хийсээр л байна. Заримдаа ч нөгөө санаа нь байвч сачий хүрэхгүй  тохиолдолууд их гарах юм /инээв. сур/.




 
Сүүлийн үед ер нь “одоо л гаргахгүй бол хэзээ гэж…” гэсэн бодол төрөөд байдаг болсон

 

-Тийм тохиолдолд хаанаас урам зориг авч зохиолоо үргэлжлүүлж байна вэ. Эхлүүлсэн ажлаа дуусгалгүй хаяж болохгүй шүү дэ?

-Тийм. Тэгээд л нөгөө судалгаагаа хийнэ дээ. Бүх зүйл судалгаан дээр үндэслэх ёстой. Тэр талаар мэдэх хүмүүстэй уулзана, ярилцана, сонсоно, зөвлөгөө авна. Тухайн сэдэвтэй холбоотой үүх түүхийн баримт, материалуудыг нягтлана. Тэр сэдвээр бичсэн ном товхимолуудыг цуглуулж, олж уншина.

 

Эргээд тухайн зүйлийн мөн чанар, логикийг эргүүлэн эргэцүүлэн бодно. Жишээлбэл, үүх түүхийн талаар бол түүхч, эрдэмтэдээс зөвлөгөө тусламж авна. Ахуйн талаар бол тухайн аймаг орон нутгаар явна. Ахмад настангуудтай уулзаж сонсоно, ярилцана гээд маш олон ажил бий. Кино уран бүтээлийн зохиолын ажлыг олон жил хийгээд зовлонг нь мэдээд ирэнгүүт, “одоо яанаа” гээд халшраад эхэлдэг болчихжээ /инээв. сур/.

-Гэхдээ толгойд орсон “зовлонг” гаргахгүй л бол болохгүй гэсэн юм зохиолч нарт байдаг. Энэ зүйлийг л нийгэмд гаргачих юмсан гээд зорьж хийсэн бүтээл бий юу?

-Одоо л эхлэх гэж байна. Ер нь цаг нь болсон гэж харж байгаа. Үүнээс өмнө би өөрийгөө чамлаад, эмзэглэлээ уран бүтээлд шингээхээс халширдаг байсан. Сүүлийн үед ер нь “одоо л гаргахгүй бол хэзээ гэж…” гэсэн бодол төрөөд байдаг болсон. Гэхдээ тэр тийм амархан бүтэхгүй л дээ, кино өөрөө цэвэр санхүүтэй холбоотой.

 

Мөнгө санхүү бүрдэж байж тэр олон жүжигчдийг хөлслөнө, зураг авалтын багыг удирдаж авч явна, шаардлагатай техник тоног төхөөрөмжийг оруулж ирнэ, кино гарсны дараа хаагуур хэрхэн гаргаж хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлэн олж авах уу гээд л маш их төсөл төлөвлөгөө боловсруулна. Энд ганц миний толгой “ажлаад” хийнэ гэдэг хэцүү л юм билээ.

 

Зүгээр л аар саар юмаар кино хийвэл, сэдэв хар мянгаараа байгаа

 

-Уг нь бол Төрөөс кино урлагт “мөнгө хаядаг” бол жинхэнэ уран бүтээлийг хийж болно. Тиймээ?

-Тэгэлгүй яахав. Тэр сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж л явдаг юм. Бас энэ дотор зөв хүнтэйгээ холбогдох, буруу хүнтэйгээ холбогдох гээд л олон юм бий. Хэрэв зүгээр л аар саар юмаар кино хийвэл, сэдэв хар мянгаараа байгаа. Гэтэл бидний амин чухал үндэсний мөн чанарын тухай кинонууд хойч үедээ хийж үлдээх л хэрэгтэй. Тэрийг шийдвэр гаргагчид олж харахгүй байна. Тиймээс бид өөрсдөө л санаануудаа гаргаад “шидээд” байх ёстой юм шиг байгаа юм.

 

1990 ээд оноос өмнөх кинонуудыг хөгшин залуугүй шимтэн үздэг. Тухайн үеийн уран бүтээлчид өөрсдийн оршиж амьдарч байсан цаг хугацаандаа өөрийн аав ээж, өвөө эмээгийн тухай ч юм уу, тухайн үеийн аж ахуй соёл, тухайн үеийн хүмүүсийн ярьдаг яриа, өмсдөг хувцас хэрэглэлүүд, амьдарч байсан орчин, ёс жудаг, хүн чанарыг  кинондоо шингээж мөнхөлсөн байдаг. Энэ нь хүний дурсамж, сэтгэлд илүү ойр дотно буудаг.

 

Саяхан сошиалд нэг хүн “Монгол кино гэж үхсэн юу байдаг юм, урьд нь ч байгаагүй, одоо ч байгаагүй” гэж бичсэн байсан. Тэгвэл тэр Жигжид гуай, Сумхүү гуай, Бунтар гуай гэх мэт олон олон мундаг найруулагч, уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүд юу вэ? Тиймээ. Тэрний цаана өчнөөн юм бий. Би ч жаахан бухимдаад “Чи бүхэл бүтэн салбарыг нулимж болохгүй. Яагаад гэвэл чи монгол хүн. Монголынхоо ийм том салбарыг хувь хүний эго үзлээр нулимах юм бол дараа нь хэн юу хийх юм бэ” гэж маргалдсан.

Бид өмнөх үеийнхээ хийж бүтээсэн зүйлийг эрэгцүүлэн бодож, үнэлж дүгнээд хүлээн зөвшөөрөх зүйлсийг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнийгээ дараа дараагийн үедээ өвлүүлж, дамжуулдаг л байх хэрэгтэй. Манайд дамжуулдаг салбарууд нь нийгмийн хямралын үеэс алдагдаад байгаа учраас амжилтанд хүрэхгүй, дэгэн догонтой байгаад байна.

 

ОХУ, БНСУ, БНТУ-ын киноны сургуульд сурах тэтгэлэгтэй хөтөлбөр зарлагддаг юм билээ

 

-Магадгүй кино урлагийн хөгжил, техник технологийн чадамж хангалттай сайн биш байгаа нь бухимдуулсан юм болов уу?

-Байж болно. Ер нь киноны тал дээр сайн хөгжиж урагшилж чадахгүй байгаа нь хэд хэдэн том хүчин зүйлээс шалтгаалдаг. Хамгийн эхний чухал зүйл нь боловсон хүчний асуудал. Боловсон хүчин хэр их бэлтгэгдсэн байна тэр хэмжээгээр тухайн улсын киноны хөгжил урагшилж байдаг. Гэтэл манайх 1990 оноос өмнө улсын бодлогын  хэмжээнд гадаадад сургадаг байсан. Жишээ нь, Монгол кино нэгтгэлээс хүмүүсээ явуулдаг тэд эргэж ирээд улсын захиалгаар 10-20 кино хийдэг байсан. 1990 оноос хойш тэр систем алдагдаад байхгүй болчихсон

 

Би судлаад үзсэн БСШУЯ-нд ОХУ, БНСУ, БНТУ-ын киноны сургуульд сурах Монгол Улсын тэтгэлэгтэй хөтөлбөр зарлагддаг юм билээ.  Түүнийг өргөн хүрээнд хамруулж хүмүүст дуулгаж чадахгүй нэг сул тал байсан. Энэ нь яамны хийж байгаа ажлын хүрээнд хамаарах байх. Хоёрт, яг киноны мэргэжлээр суралцах дур сонирхолтой залуучууд мэдээд очлоо гэхэд хэлний асуудалд унадаг.  Гэтэл өмнө нь Оросод Бүх холбоотны Кино урлагийн дээд сургуульд очлоо гэхэд эхлээд 1 жил хэлний сургуульд сурчихаад үндсэн ангидаа орж суралцах боломж бүрддэг байсан.

 

Харин одоо тэтэгэлэгт хөтөлбөр учраас тухайн улсынх нь элчин сайдын яамнаас ирээд хэлний шалгалт авахаар уначихдаг. Залуучууд нь хэлний мэдлэг муутай байна.  Тэгэхээр манайд мэргэжлийн гадаадад суралцаж төгссөн чадварлаг боловсон хүчин байхгүй байна. Уг нь боловсон  хүчнээ дагаад киноны хөгжилтэй холбоотой том өөрчлөлтүүд явагдаж байх ёстой.

 

Киноны технологийн хувьд бид сонирхогчийн түвшинд л байгаа

 

-Хоёр дахь том хүчин зүйл нь?

-Техник технологийн асуудал. Үнэнийг  хэлэхэд SONY, CANON маркийн аппаратаар л кино хийгээд байгаа. Гэхдээ яахав сүүлийн үед BLACK MAGIC, RED  гээд киноны камерууд орж ирж байна. Тэгэхээр технологийн хувьд бид сонирхогчийн түвшинд байна. Үүнийг яаж ахиулах вэ гэвэл нөгөө л хөрөнгө мөнгөтэй холбоотой. Гол нь киноны камер хямдхан байдаггүй. Өнгөрсөн онд би найзтайгаа нийлээд RED нэртэй камерыг оруулж ирсэн. 

Хамгийн сүүлийн үеийн 8К аар зураг авдаг, дэлхийн киночид нилээн өргөнөөр хэрэглэдэг. Гэтэл үнэн нь асар өндөр гарч байгаа. Санаа нь өөрөө ашиглаж кино хийхээс гадна, жилдээ хийгдэж байгаа 20-30 киноны 4-5 д нь ашиглаад зураг авчихааасай. Өнгө дүрс нь сайжирчихаасай гэсэн бодол байна. Тэгэлгүй зургийн аппаратны бичлэг хийдэг горимыг ашиглаад кино хийгээд байна гэдэг бид болоогүй л байна гэсэн үг. Тиймээс бага ч гэсэн мэргэжлийн байх хэрэгтэй.

 

Манайд мөн дууны асуудал орхигдчихсон. Бид дөхүүлсэн болоод л боловсруулалтын ажил орхигдоод байгаа. Post Production гэдэг энэ ажил нь 10 хэсэг болж задардаг. Миний анзаарсанаар 3-4 ажлыг нь чадан ядаж хийж байна. Бусад нарийн ажиллагааг нь хийж чадахгүй байгаа учраас мэргэжлийн хийхгүй байна. Тэр бүхнийг студийнхээ компютер дээр хийж байгаа. Яахав болно хийдэг л юм. Гэхдээ манай компютерүүдийн хүчин чадал нь өндөр байж чаддаггүй.  Жишээ нь, 8К аар өндөр нягтралтай дүрс аваад компьютертээ монтажлах гэхээр RAM нь гологдоод дийлдэггүй.

Тэрийг  дийлэх хэмжээгээр нь тонголоё гэхээр өндөр үнэтэй. Бид нар хамгийн дээд тал нь 4-5К ийн нягтралтай дүрс авч байна. Энэ бол бас л нэг зовлон. Гэтэл мэргэжлийн кино уран бүтээлч хүн тэр бүхнийг мэдээд туулаад За ингэж кино хийдэг юм байна” гэж үнэлэгдэх хэмжээний уран бүтээл төрүүлдэг.  Би ч гэсэн 2-3 шатаар хийж байсан үе бий. Одоо харьцангуй өөртөө дүгнэлт хийгээд 5-6 зургаан шатын ажлыг хийдэг болсон.

 

Энэ бүхэн Post Production буюу боловсруулалтын үеийн тоног төхөөрөмжтэй холбоотой.  1990 оноос өмнө кино үйлдвэрт бүх систем дэс дарааллын дагуу хийгддэг, улсаас дэмждэг байсан. Дээрэс нь хальсаар хийгддэг учраас асуудал үүсдэггүй. Зарим ахмад хүмүүс  “Хальсаар кино хийж үзээгүй хүүхэдтэй юу ярихав” гэдэг л дээ. Энэн нэг талаар үнэн. Яагаад гэвэл нэг нь хальсаар, нөгөө нь дижиталаар хийгээд байгаа юм. Технологийн нарийн шат дамжлагатай, хальсаа угаах, гэрэл цохиулахгүй байх, өнгийг сэргээх гээд ажлууд байна.

 

Нэгд эр зориг, хоёрт монгол хүний монголчилдог аргаар л болгоод явна

-Олон дахин давтахгүй, кадр цөөн?

-Тийм жүжигчнээ тоглуулахад ч олон дубль тоглохгүй. 2-3 удаа л тоглох учраас маш хариуцлагатай хандана. Кадр бүр нь доллараар хэмжигдэнэ, үйлдэл болгон нь мөнгө учраас аль болох хэмнэхийг хичээнэ. Гэхдээ хальс бол дээд түвшний юм. Одоо дижитал руу шилжсэнээр хэдэн ч удаа авч болно. Дарж устгаад дахиад л авна цэнэглээд л үргэлжлүүлнэ.  Тэгэхээр хариуцлага нь арай сул.

Улсын хэмжээний Post Production–ы төв маань технологийн хуучралд ороод устсан байна. Одоо шинийг аваад хийнэ гэхэд зөвхөн тоног төхөөрөмж нь 1 сая гаруй ам.долларын үнэтэй. Илүү сайн гэвэл бүүр 5 сая ам.доллараас дээш байдаг. Тэгээд бодохоор манай улсад юм юм л алга байна. Тиймээс Home Entertainment маягаар л ажиллаж байна гэсэн үг. Мэргэжлийн студийн тувшинд ажиллаж чадахгүй байна. Нэгд эр зориг, хоёрт монгол хүний монголчилдог аргаар л болгоод явна.   

 

Энэ бүхний гол цөм нь болсон боловсон хүчний асуудалд хувь хүний ур чадвар чухал үүрэгтэй. Өөр мэргэжлээр дотооддоо сургууль төгссөн мөртлөө киноны хүмүүс болоод туршлагаараа яваад байгаа нь цөөнгүй байна. Гэтэл цаашаа явах гэхээр мэдэхгүй, чадахгүй  юм зөндөө гарна.  тэгээд Оросод төгссөн дээд үеийнхэнээсээ асууна. Тэгэхээр туршлага байсан ч авъяасыг бүтээдэггүй юмаа гэдгийг ойлгож байгаа. Бид хийгээд л байвал сайжирна гэдэг. Тэр үнэн. Гэхдээ механик талын сайжралт байхгүй юм. Авъяас гэдэг тусдаа асуудал.

 

-Нэг хувийн авъяас 99 хувийн хөдөлмөр гэдэг шүү дээ?

-Тийм. Гэхдээ авъяас байхгүй бол 1000 хөдөлмөрлөөд бас л дутуу байдаг. Тэгэхээр хувь хүн өөрөө сайн боловсрох хэрэгтэй. Гадны кино наадмуудад уран бүтээлээ сойж өөрсдийгөө ямар түвшинд байгаагаа мэдэх боломжтой. Гэвч энэ нь эргээд киногоо стандартын дагуу бүтээж чадаж байна уу гэдэг асуудал руу ордог. Тэнд очиж байгаа кинонуудын хувьд дуугаралт өнгө, дүрс гологддог.

Манайх голдуу арилжааны сэдвээр голдуу хийж байгаа бол тэнд нилээн суурьтай бүтээлүүд очдог учраас шууд л хасагддаг. Энэ нь нөгөө ур чадвар, технологийн нарийн елементүүдтэй холбоотой. Сүүлийн үед хүмүүс Канны их наадам, Оскар луу киногоо явуулна л гэдэг. Кино ямар стандарт, шат дарааллын дагуу бүтээдгийг мэддэг хүмүүст бидний бүтээл инээдтэй харагадана. Магадгүй 5-10 сая ам.доллараар бүтсэн, бүх технологийн дагуу хийгдсэн ямар ч өөлөх юмгүй бүтээлүүд тэнд өрсөлддөг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй монгол кино өрсөлдөх нь байж боломгүй асуудал гэдгээ л манайхан ойлгочих ёстой.

 

Бид стандартын шатан дээрээ л явж байна. Гэтэл баруунд болон бусад кино урлаг хөгжсөн орнуудад стандартын талаар огт ярихгүй, зөвхөн ур чадварын асуудал л яригдаж байгаа. Энэ н нэг талаар жижиг орны асуудал л даа. Хангалттай зах зээл нь алга. Бид маш сайн үзнэ гэхэд тэдэн мянган хүн ойролцоогоор үзнэ. Тэгэхээр тэдэн төгрөгөөс хэтрүүлж болохгүй гээд төсөвтөө хүргэх гэж яаж хичээж ажиллахав. Гэтэл 200-300 сая хүнд үзүүлэхээр хийж байгаа бүтээлд ялгаа бий. Тэгтэл үзэгчдийн хувьд хүлээлт шаардлага нь яг ижил.

 




 
Б.Балжинням найруулагч “Мандухай сэцэн хатан” киногоор Торонтогийн их наадмаас шагнал авч байсан

 

-Стандартаа хангадаг  болчихвол гадаадад үзүүлээд явах боломж нь нээгдэх юм тийм үү?

-Боломж бүрэн нээлттэй. Эхлээд бид стандартын дагуу кино хийчихдэг бол дараа нь ур чадварын асуудал болно. Одоо бид ур чадвар байгаа ч  стандарт асуудалтай байна. Хүний өмнө нүүр улайхгүй гэдэг асуудал чинь тэр. Хуучны монгол кинонууд Варшавын, Москвагийн кино наадамд  яваад шагнал авдаг байлаа. Цэвэлсүрэн гуай шилдэг дүрийн шагнал авч байсан. Мандухай сэцэн хатан киногоор Б.Балжинням найруулагч Торонтогийн их наадмаас шагнал авч байсан. Торонто дэлхийд томоохон наадмуудад ордог.

 

Тэр үед манай кино үйлдвэр шат дамжлагатай стандартаар хийдэг байсан учраас шаардлага хангаж байгаа. Энд төр засаг анхаарахгүй байна. Хувь компаниуд анхаарахгүй байна. Киногоор дагнадаг компаниуд одоо л үүсэж байна. Тэгэхээр нилээн хэдэн жилийн дараа энэ асуудал цэгцрэх болов уу.

 

-Тэгвэл Post Production-ий асуудлыг шийдэх боломж хэр байдаг юм?

-Энэ  Post Production хийнэ гэдэг асуудал өөрөө ашиггүй. Мөнгөн талаасаа ямар ч ашиггүй зүгээр л байх ёстой. Тэгэхээр хэн нэгэн хувь хүн компани оруулж ирээд хийнэ гэвэл маш том эрсдэл. Киночид бид хоорондоо ярьж энэ асуудлыг шийдчих юмсан гэж их ярьдаг. “Содура” киноны дуу дүрсийг Өвөрмонголд хийлгэсэн учраас хүн үзэхэд аятайхан болсон.   “Алсын удирдлага” кино Нью Йоркод Post Production ийг нь хийлгэсэн.

Бямбаа ахын “Хүсэл шунал” киноны Post Production-ийг Гонконгод хийлгэсэн. Ингэж байж л хүний өмнө нүүр улайхгүй үзүүлж, тэрийгээ гадны  наадамд илгээж шагнал авч байна. Мэдээж тэрэнд ур чадвар байгаа. Мөн “Ар хударга” кинонд Post Production-ы ажил хийгдсэн. Үзэгчид нарийн анзаарахгүй. Мэргэжлийн хүмүүс ялгаж мэддэг. Тиймээс стандартын  асуудлыг Монголынхоо хэмжээнд шийдэж байж, дараа нь хөгжлийн асуудал ярих ётсой.

 

Дэлхийн хэмжээнд киноны  чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн уран бүтээлч 15 мянга орчим л байдаг

 

-Кино шүүмжийн асуудал ч тэр салбарын нарийн шийдэх ёстой бүхнийг мэдэж байж хийх ажил болох нь ээ?

-Тийм бид кино хийгээд хүмүүс үзээд байна л гэдэг.  Тэгвэл киноны хамгийн үндсэн суурь нь зохиол. Манайд мэргэжлийн кино зохиолчид байна уу? Яруу найрагч хүнийг зохиолч гэдэг. Нэг талаараа мөн, гэхдээ шүлгийн хэлбэрээр туурвидаг хүн. Орчуулагчийг зохиолч гэдэг. Үргэлжилсэн үгийн роман тууж  бичдэг хүн байна. Тусгайлан жүжиг кино бичдэг хүн. Нийтэд нь зохиолч гэж  ойлгодог.

Манайд үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж байгаа Д.Урианхай, Г.Аюурзана, Д.Энхболд, Т.Бум-Эрдэнэ, Б.Наминчимэд байна. Мөн Шүүдэрцэцэг, Сарантуяа гээд эмэгтэйчүүд байна. Миний анзаарснаар эмэгтэйчүүд жилдээ нэг роман, тууж гаргаад тэр нь бестселлер болоод шүүмжлэгчид нь эрэгтэйчүүд голдуу байх юм. Эмэгтэйчүүд муу бичээд байна гээд шүүмжлээд байхаар тэдэнд туслаад, хөгжүүлээд өгөөч ээ гэж би хэлдэг. Бид цөөхүүлээ шүү дээ. Нарийн тоолох юм бол Монгол улсын үргэлжилсэн  үгийн зохиолын төрлийг 20-иод хүн л авч явж байгаа.

 

Кино жүжгийн зохиол бичиж байгаа нь бүүр цөөн. Тэр ч бүү хэл дэлхий дээр киноны  чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн  уран бүтээлчдийг нэгтгээд тоолоход 15 мянга орчим л байдаг гэдэг. Тэгэхээр энэ чиглэлээр маш ховор байдаг. Энэ цөөхөн хүн бие биенээ дэмжээд туслаад хамтдаа хөгжиж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байдлаасаа салмаар байгаа юм. Жүжиг киноны зохиол бичиж байгаа хүмүүс маань ур чадварын хувьд тийм ч муу хүмүүс биш. Нилээн туршлагатай. УДЭТ-ын урдаа барьдаг хэдэн жүжгийн зохиолыг хэн бичиж байна Б.Лхагвасүрэн ах, Цогнэмэх ах, цаана нь 2-3 хүн л бичиж байгаа. Гэтэл өнөөдөр улсын түвшинд анхаардаггүй юм аа гэхэд мундаг зохиолчидмаань  гэрийн сургалтаар хүмүүсийг бэлдээд тэр чиглэлээр дагнаж ажиллаж байгаа юу. Үнэндээ манай улсмын хамгийн чухал салбар нь эзэнгүй бөөн дураар л явж байна.

 

-Сум эзгүйрлээ гэдэг  шиг?

-Тийм. Би  энэ асуудалд их эмзэглэдэг. Магадгүй би нэг кино зохиол бичиж байна. Өнөөдрийг хүртэл 20 орчим кино бичсэн. Ихэнх нь арилжааных гэж шүүмжлүүлдэг. Энэ жилээс арилжааны биш түүхийн, драмын сэдэв оролдож үзнэ. Манай зохиолчид цөөхүүлээ шүү. Нийгмийн уураг тархи, оюуны хөгжилд хувь нэмэр үзүүлдэг хэдхэн мэргэжил байдаг.

 

Клинт Ийствүүдийн туслахаар Стивен Спилберг ажилладаг

 

-Бүтээлээрээ нийгэмд нөлөөлөх чадвартай гэсэн үг тийм үү?

-Тийм. Зохиолч Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, Г.Аюурзана гээд хэдхэн хүн сэтгэлгээний хүнд хэлбэрийн роман бичих чадалтай. Энэ чинь нэг талаараа манай үндэсний өв болох хүмүүс. БЛхагвасүрэн гуай бие нь өвдөөд эмчлүүлэх талаар яриа гарахад ямар муухай дайрч байна, бүгд л хөгширнө шүү дээ. Бүгдээрээ л өвчин тусдаг. Тэр дотроо Монголын оюуны хөгжилд оруулсан хувь нэмрээрээ сүү гэвэл цөцгий нь болох хүн. Энэ асуудлыг зүгээр орхичихож болохгүй

Саяхан би АНУ-ын кино найруулагч, энэ жил 87 настай Клинт Ийствүүдийн тухай уншсан. 36 гаран кино найруулсан, ковбой киноны  домог болсон хүн. АНУ-ын Кино академи энэ хүнийг хүндэлдэг. Яагаад гэвэл, энэ хүн өөрийн ухамсарт амьдралын бүх хугацааг кинонд зориулж, олон вестерн киононд тоглосон, найруулсан, өөрөө зохиолыг нь бичсэн, хөгжмийн зохиолч, продюссер хүн. Энэ хүн нэг талаар тухайн улсын амьд өв болчихсон.

 

Клинт Ийствүүдийг төрөөс нь дэмждэг. Яаж дэмждэг гэхээр  яг ийм мундаг хүмүүсээ ажлаар хангадаг. Тэр хүн улс орны хэмжээнд болохгүй байгаа асуудлаар мессеж өгөх зорилго бүхий залууст зориулсан ёс суртахууны талаар харуулсан уран бүтээл хийж байдаг. Энэ бол асар том бодлого. Түүний хийсэн киноны гүйцэтгэх продюссерээр хэн ажилладаг гэж бодож байна.

-Хэн?

-Стивен Спилберг. Энэ хүн өөрөө ч мундаг хүн. Гэхдээ Клинт Ийствүүдийг хүндэлж хамт ажиллаж байна. Мэдээж түүний дараагийн хүн нь Спилберг. Дараагийн залгамжлагч нь түүнд тусална гэсэн системтэй. Харин манайд байхгүй. Тусалж байгаа нь ч алга. Залуу хойч үеийн хүндлэл ч гэх юм алга. Уг нь монголчууд оюуны талыг хүндэлдэг, мундаг хүмүүс. Хуучин тийм л байсан. Харин одоо оюуныг дээлэлж хүндлэхээс илүү эд материалыг их шүтдэг болж. Мөнгөтэй хүн бол сайн,  мундаг гэсэн ойлголт нийгэмд бат суучихлаа. Нөгөө талаар шүүлтүүргүй орж ирж байгаа гадны соёлын довтолгооны нөлөө л дөө.

 

Леонардо Ди Каприо приус унадаг. Гэтэл тэр хүн ядуу биш

 

-Мөнгө таны хувд ямар үнэлэмж вэ?

Мөнгө үү. Хүмүүс мөнгөтэй байхыг олон янзаар ярьдаг. Зарим нь эрх мэдэлд хүрэхийн тулд ашиглаж байна. Зарим нь өөрийнхөө бизнесийг тэлж томруулахын тулд ашиглаж байна. Бидэн шиг урлагийн хүмүүс мөнгийг салбартаа зарцуулдаг. Би камер оруулж ирсэн гэдэг шиг. Ер нь мөнгө байх ёстой амьдралын хэрэглүүр. Хэрэглүүр гэдгээс хэтрүүлчихээр буруу тийшээ явчихдаг юм шиг санагддаг. Би мөнгөтэй боллоо гэхэд Post Production л оруулж ирнэ. Тэр нь ирээдүйдээ манай салбарт хэрэгтэй. Тодорхой хэмжээний мөнгөн эргэллтэй болвол залуучуудыг гадаад, дотоодод суралцаж киноны чиглэлээр мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх сан байгуулна.

 

-Зарим хүмүүс алтан жорлонд бие засахыг илүүд үздэг?

-Тийм хүмүүс байгаа шүү дээ.  Тийм нилээн олон хүнийг мэднэ. Тэр хүмүүс мөнгийг шүтэж амьдардаг, нэгэнт үзэл бодол нь тэгээд төлөвшчихсөн. Засрахад хэцүү.

-Тийм хүмүүс байж болно. Өөрсдийнх нь хүсэл сонирхол. Гэхдээ нөгөө талаар тэр хүмүүс амьдралын мөн чанарыг олоогүй юм болов уу?

-Холливүүдийн одод эсвэл дэлхийн том баячуудын намтар түүхийг уншиж байхад мөнгөн эрх мэдлийнхээ дээд  шатанд гараад ирэхээрээ “Амьдралын гол юм мөнгө биш” гэдгийг  ойлгодог юм шиг санагддаг. Тэгээд л ихэнх нь маш энгийн амьдардаг. Минималист гэх үү дээ. Жишээ нь Леонардо Ди Каприо приус унадаг. Гэтэл тэр хүн ядуу биш. Асар баян нэг кинонд асар өндөр хөлсөөр тоглодог. Тэр хүн бидний үрэлгэн цамаан мөнгө шүтдэг  амьдрал нь жинхэнэ баяр хөөр биш юм байна аа гэдгийг ярьж байна.

Амьдралын утга учир нь амьдарч байгаа хугацаандаа дэлхий ертөнц, хүн төрөлхтөнд зорилан юу хийж чадах вэ гэдгээ олж харах нь чухал гэдгийг ойлгочихсон явна. Мэдээж мөнгийг хэтэрхий шүтсэн нь байгаа буруу чиглэлээр ашиглаж явсаар эцэс сүүлдээ хар тамхинд ороод л дуусч байгаа нь харагддаг.

 

Нийслэлийн автозамыг сайжруулах ажил миний бодлоор хоёрдугаар асуудал байсан

 

-Леонардо Ди Каприогийн “Их үерийн өмнө” гэсэн баримтат кино дээрх өгүүлэмжүүдийг хараад юу бодогдсон.  Та уран бүтээлч хүний хувд өөрийнхөө зүгээс хойч үедээ үлдээх ямар зүйл хийхийг хүсдэг вэ?

-Би монгол соёлыг л үлдээчих юмсан гэж зорьдогоо анзаардаг. Найзууд, танилууд ирээд экологи, байгаль, цаг уурын өөрчлөлтийн талаар цуврал юм хийе гэсэн санаа оноо зөндөө ярьдаг. тэрэнд ямар нэгэн байдлаар оролцож туслаач гэдэг. Магадгүй хийгдэх ч байх, тэр нь баримтат киног найруулах, зохиол бичихэд туслах байж болно.

 

Хөрөнгө мөнгийг нь гаргая гэдэг хүмүүс зөндөө л байдаг. Хамгийн эхлээд утааны асуудал. Утааны араас судлаад явах юм бол эзэн олдоно. Одоо тэрнээсээ зугтаацгаагаад байна. Энэ асуудлыг шийдэх ёстой. Гаргалгааг зөв гаргаж чадвал медиа салбарын давуу тал их бий

Альберт Горын “Дэлхийн дулаарал” шиг баримтат кино хийгээд мэргэжлийн хүмүүсээс нь яриа аваад гаргавал  шийдвэр гаргагч  хүмүүст хүрэх юм болов уу. Дараагийн асуудал бол ус. Магадгүй 2020 он гараад Улаанбаатар хотын  цэвэр усны нөөц багасна гээд л байна. Энэ үнэн шүү дээ. Магадгүй 10 жилийн дараа усны нөөц хомсдоод ирэхээр дэлхийн хүн ам хэрэглээгээ хангаж чадахгүй, дараагийн гарц нь яах вэ л болно.

 

Бидний хувьд цэвэр усны савнууд байгаа мөртлөө цэвэрлэх байгууламжийн саарал ус гэдэг асуудлаа шийдээгүй. Цэвэрлэх байгуламж байна шийдэж болох л байсан. Хийсэн юм муулах гэлээ гэх л байх. Тухайлбал, Э.Бат-Үүл дарга нийслэлийн автозамуудыг сайжруулах ажлыг хийсэн. Миний бодлоор энэ хоёрдугаар асуудал байсан. Замтай ч, замгүй ч бид түгжрээд явж байгаа. Хамгийн түрүүнд цэвэрлэх байгууламжаа шинэчлээд дараа нь зам руу орох байсан. Яахав зам тавих нь нийт массыг хамарсан нүдэнд үзэгдэх ажил учраас өөртөө оноо авахын тулд хийсэн байна. Учир нь цэвэрлэх байгууламжийн ажил нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй.




 
Хэрүүл, зовлон, үхэл, дайн, цусыг хамтдаа суугаад харж байна

 

-Уран бүтээлчид нийгэмд манлайлагч, үлгэр дууриалал болдог. Тиймээс ч өсвөр үеийнхэнийг өсгөж хөгжүүлэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх ёстой юм болов уу гэж хардаг?

-Энэ нь бодлого гэдэг зүйлтэй холбогддог. Монгол Улсын хэмжээнд хүүхэд залуучуудад чиглэсэн соёлын бодлого ажлыг хэрхэн яаж хийх ёстой юм. Энэ талаар ч санаа зовж бодож явдаг. Ийм ажлыг цогц байдлаар хийх ёстой санагддаг.

 

-Түрүүн та хэлсэн дээ. Телевиз, цахим орчин хараа хяналтгүй, шүүлтүүргүй орж ирснээр гадны соёлын довтолгоонд өртөж  байна?

-Тийм. Яг өөрийнхөө насанд тохирсон контент үзэж байна уу гэвэл хэцүү шүү дээ. Хэрүүл, зовлон, үхэл, дайн, цусыг хамтдаа суугаад харж байна. Гол нь гадаад орчноос ирж байгаа мэдээллийг дотоодын соёлын контенттэй хослуулж авцалдуулахгүй бол зөрчил үүсээд байна. Тэрийг өргөн хүрээнд олж харж, ярихгүй байна. Одоо жишээ нь, өсвөр насныхан, залуучууд “Game of Thrones” гэдэг киног мундаг  гээд л байгаа.

Хүчирхийлэл, секс, аллага гардаг.  Насанд хүрэгчдэд яахав байж болно гэхэд  дунд сургуулийн хүүхдүүд үзээд яах вэ. Компьютер тоглоомоороо хүлээж аваад үздэг. Насанд нь тохирсон юм бид хийх гэхээр хүлээж авахаа болчихсон байна. Эндээс л зөрчил үүсээд байна. Тэгээд бид тийм кино хийх ёстой ч юм уу. Энэ асуудлыг яаж засаж залруулах ёстой юм. Ер н манай улс ийм асуудалд тодорхой хэмжээнд хяналттай байх хэрэгтэй гэж боддог.

 

-Энэ нь өсвөр үеийнхэнийг маань айж, эмзэглэх, санаа зовох юмгүй өсгөөд байгаа гэж үү?

-Тийм. Бид ер нь сэтгэлгээний хувьд хаашаа явж байна. Юунд хүрэх гээд яваад байгаа юм. Манай улсад нэгд зорилго алга. Зорилго байхгүй болохоор хийж байгаа үйлдлүүд нь ямар ч замбараа алга. Тэрнээс болоод ардчилал маань анархизм болох гээд байна. Бүх юм чөлөөтэй гэхээр шууд муйхараар ойлгочихоор нийгмийн болохгүй байгаа үзэгдлүүд,  залуучуудын гаргаж байгаа араншинг хар. Хүнтэй харилцаж байгаа харилцаа бүхий л юман дээр ажиглагдаад байгаа. Энэ л надад их аймаар санагдаад байгаа юм.

Бид дараагийн үеээ яаж бэлдээд байгаа юм дээ. Саяхан Номундарь гээд охины бичлэг сенсааци боллоо. Тэндээс би нэг л дүгнэлт хийсэн. Бид нар хүмүүжил, боловсрол гэдэг хоёр зүйлийг хольж ойлгоод байна. Хоёр тусдаа ойлголт. Манай жаахан мөнгөтэй, эсвэл сэхээтэнлэг хүмүүс нь хүүхдүүдээ сайн гэсэн гадаад, дотоодын сургуульд мөнгийг нь төлөөд сургаж байна. 

 

Энэ нь зүгээр л боловсрол олгож байгаа хэрэг. Гэтэл суурь хүмүүжлийг гэр бүлийнхээ түвшинд олгож чадаагүй байна. Мэдлэг боловсролд нь анхаараад хүмүүжил тааруу, өндөр боловсролтой хүмүүс болгоод байна. Гэтэл Америкийн тэрбумтан Уоррен  Баффет “Хүмүүжил гэдэг хамгийн дээд боловсрол” гэсэн байдаг.

 

Аав ээж нь ажил ихтэй байж болох ч хүүхдийнхээ хүмүүжлийг орхиж болохгүй

 

-Монголчууд үүнийг “Хүнээр хүн хийх ухаан” гэдэг?

-Тийм. Тэгэхээр дараагийн 10-20 жил ямар байх нь тодорхой тул хүүхдийн хүмүүжилд анхаарахгүй бол болохгүй болжээ гэж их бодогддог болсон. Магадгүй аав ээж нь амьдралаа авч явах гээд өдөр шөнөгүй ажиллаж байж болох ч хүүхдийнхээ хүмүүжлийг орхиж болохгүй. Үзэж байгаа нэвтрүүлэг, кино, нийлж байгаа хүмүүс, явж байгаа газруудыг нь мэдэж анхаарч байх хэрэгтэй. Жаахан хяналттай, санаа тавьж байхгүй болохгүй. Нэг л алдчих юм бол хичнээн сайхан үнэтэй сургуульд сураад ч нэмэргүй үе ирчихлээ.

 

-Таны хувьд хүүхдүүдээ хэр их анхаардаг вэ?

-Зав чөлөө гарсан үедээ аль болох хамт байхыг хичээдэг. Цагийг цугтаа өнгөрүүлэх үедээ аав, ээж нь юу хүсэж мөрөөдөж байгааг, юу болох, юу болохгүйг л сайн ойлгуулах гэж хичээдэг. Зайнаас мессеж захиа бичээд байлгүй, хамтдаа байх цаг гаргахыг  л хичээж байна. Урлагийн хүний цаг зав энгийн хүмүүсийг бодвол арай л хомс байдаг. Чадвал хөдөө явахдаа, хамаатан садангийнд очихдоо морь унаж, хамтдаа уул хаданд явж, янз бүрээр л хичээдэг.

 

Хотын амьдрал суурин болчихсон учраас хөдөлгөөн хомсдоод байна. Ер нь гадныхан их айхтар олон жил хот суурин амьдраад ирэхээр байшин бүрийн дор фитнесс заалтай. Энэ нь их зөв. Хотын амьдрал хөдөлгөөн багасдаг орчин учраас гэртээ, унаанд, ажил дээр  ихэвчлэн суугаа байдалд байдаг. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хий гэсэн санаа. Гэтэл манайх хот төлөвлөлтөө замбараагүй хийснээс хотын соёлын хамгийн чухал елемент болох фитнессийг хол байгуулчихсан.

Цагийн хувьд асуудалтай өглөө эрт онгойдог нь ховор. Орой харих уу, зал явах уу болно. Зөрчилдөөнтэй юм их байна. Энэ бүхнийг хэвшил болгож чадвал хүүхдийн хүмүүжилд их нэмэр болно.

 

Спортоор хичээллэсэн минь надад тэвчээр, өөртөө итгэх итгэлийг өгсөн

 -Яаж?

-Би багадаа янз бүрийн секц дугуйланд хамрагддаг байсан. Тийм газраар хүүхэд их явбал гоо зүйн хүмүүжил нь их төлөвшдөг санагддаг. Одоо бодож байхад спортоор хичээллэсэн минь надад тэвчээр, өөртөө итгэх итгэлийг өгсөн юм байна. Би каратегийн секцид 2-3 жил явсан. Одоо олон цагаар юм бичиж, хөдөлгөөнгүй удаан суухад бие тархи ядарна.

Тэгтэл хүүхэд наснаас сурсан тэвчээр сууж сургасан байна. Хүүхэд спортоор хичээллэх ёстой. Тэгтэл эргээд л спорт центрүүд хэр хүрэлцээтэй байна гэдэг асуудал яригдана. Охидуудад уран гимнастик аерабек иог, хөвгүүдэд сагс волейбол хөл бөмбөг жудо байж болно. Гэтэл энэ бүхэн хэр хүрэлцээтэй байна.

 

-Өмнөговь аймгийн 5 дугаар сургуулийн 1200 хүүхэд нэг ээлжээр хичээллэдэг. Тараад бүгд 50 орчим дугуйлан секцид суралцдаг юм билээ?

-Ямар сайхан юм. Сургууль болгонд л тийм байдаг бол сайхан аа. Хүүхдийг хичээлээр шахаж, даалгаваар сургаж хүмүүжүүлэхээс илүү биеийн тамир, спорт, гоо зүйн тал дээр анхаарах хэрэгтэй. Би хүүхдүүддээ ажиглахад өглөө орж, өдөр ирээд хичээлээ хийсээр л орой болчихдог. Гэтэл дундуур нь 2-3 цаг дугуйлан секцид явах цаг гардаг бол гэж боддог юм. Хааяа гадагшаа явахдаа найз нөхдийнхөө хүүхдүүдийг нь хардаг юм. Гадаадад сургуулиа тараад л дугуйлан секцид хамрагддаг нь их зөв бүтэц юм билээ.

 

-Магадгүй тэр нь ирээдүйдээ анхаарал тавихын хирээр тэд том болоод улс орондоо, хүмүүст тэгж л анхаарна гэсэн үг, тийм үү?

-Тэгэлгүй яахав тэр соёл нь дараа үедээ өвлөгдөөд л явна шүү дээ. Харин ч улам л боловсронгуй болно. Бид тэрнийг хийх л хэрэгтэй. Бидэнд одоо ярих цаг байхгүй. Хийхгүй л бол оройтлоо. Аль нэг дүүрэг сургууль нь зориг гаргаж хийх хэрэгтэй л байгаа юм.

 

“Ахлах тогоочийн заавар” шоу багаар ажиллах урчадварыг харуулсан их өгөөжтэй нэвтрүүлэг

 

-Одоо хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчлөе. Та NTV телевизээр “Ахлах тогоочийн заавар” шоу нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж байгаа. Олон улсын стандарттай шоу нэвтрүүлгийг хөтлөхөд хэр санагдав?

-Энэ шоу нэвтрүүлэг Канадынх. Манай улс тус шоуг зохион байгуулах эрхийг авсан наймдах орон нь юм билээ. NTV телевизийнхэн энэ шоу нэвтрүүлгийг хийхэд бэлэн болчихоод хөтлөгч нь хэн байх вэ гэж нэлээд олон хүнийг шалгаруулалтад оруулсан.  Азаар би тэр шалгаруулалтад тэнцэж, уг шоу нэвтрүүлгийг хөтөлсөн. Стандартаар хийдэг шоу нэвтрүүлэг гэдэг бас л өөр байдаг юм билээ. Бүх стандарт цаанаасаа ном байдлаар ирчихдэг, ингэж болно, ингэж болохгүй гээд хил хязгаартай. Яг тэр хязгаар дотор л тоглоно.

Уг шоуны монголчуудад хэрэгтэй авууштай чанар юу вэ гэхээр рестораны хоол гэж юу вэ, ямар стандартаар хийгддэг вэ гэдгийг харж болно. Мөн оролцогчдийн хурд овсгоо самбаа, хүнтэй харилцах харилцааны үнэн төрх зэрэг хэд хэдэн том зүйл тус шоунд харагддаг. Ахлах тогооч нь нөгөө хүнийхээ арга эвийг олж өөрийн хүссэн хоолоо хийлгэх гээд байдаг, гэтэл тэр хүн тогоочтойгоо нэгдэж нэг болж чадаагүй тохиолдолд хэцүү шүү дээ.

 

Манайханд багаар ажиллах ур чадварыг харуулсан их өгөөжтэй нэвтрүүлэг санагдсан. Энэ нэвтрүүлэг маш олон үзэгчдийн талархал, таашаалыг хүртэж байгаа. Миний сүүлд авсан тооцооллоор нэг дугаарыг 170 орчим мянган хүн үзээд байх шиг байгаа юм. Фэйсбүүкээр тогтмол 40 өөд мянган хүн тогтмол үздэг.

 

-Шоуны үед хэрэглэгддэг хоол хүнсний материал, бүтээгдэхүүн нь монголд байдаг зүйлүүд харагдсан. Манайд оруулж ирэхдээ бага зэрэг монголчилсон уу?

-Аль болох монголд олдоцтой бүтээгдэхүүнүүд ашигласан байх. Хоол хүнсний асуудлыг хариуцсан продюсер гэж мэргэжлийн тогооч нар бий. Тэр хүмүүс шоуг эхлүүлэхээс өмнө нарийвчилсан судалгаа хийсэн. Тэдний судалгаагаар монголын нөхцөлд ямар ямар хоол хийж болох вэ, материалууд нь олдох уу олдохгүй юу гэдгийг тогтоож байж, бэлдсэн. Энэ нэвтрүүлгийг хийхийн тулд бэлтгэл ажил маш их хийгдсэн, маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн.

Мөн энэ олон чадварлаг тогооч нарыг олно. Тогооч нартаа хийж буй хоолоо мэдэгдүүлэхгүй гэж нууцлана. Манай тогооч нар янз бүрийн салбарт ажиллаж байсан туршлагатай, мундаг юм болохоор бүгдээрээ хийж л байгаа юм. Надад бол арын ажил ихтэй санагдсан шүү. Манай оролцогчдийн зүгээс ч гэсэн маш сэтгэл хангалуун “Пөөх нэг цагийн дотор ийм их ажиллагаатай, ийм завгүй байдаг юм уу. Ёстой зовлонг нь мэдэрлээ” гээд уулга алддаг. Манай хоёр гурван оролцогч өмнө нь хоол идэж байсан ресторануудаасаа тусгайлан хүлцэл өчсөн.

 

Эмэгтэй хүмүүс тогоочтойгоо ч, надтай ч яриад явчихдаг сүйхээтэй хүмүүс

 

-Янз бүрийн л ааш араншинтай оролцогч орж байгаа. Тогооч оролцогч хоёр хоорондоо ойлголцохгүй, оролцогч гэнэт уурлах ч юм уу тийм асуудал гарч байсан уу. Мэдээж монтаж хийгддэг л байх л даа. Зураг авалт ч үргэлжлэх ёстой. Тийм тохиолдолд оролцогчийг хэрхэн тайвшруулж байв?

-Яахав дээ. Хөтлөгч л наана цаана нь гараад янз бүр болно л доо /инээв. сур/. Гэхдээ оролцогчид маань анхнаасаа зөвшөөрөөд орсон учраас харьцангуй уурлах нь гайгүй. Ганц нэг удаа хоорондоо маргалдах, түүндээ бухимдаж уйлах зэрэг янз бүрийн тохиодлууд гарч байсан л даа. Тэр мэдээж хөшигний ард болдог үйл явдлууд. Тэглээ гээд яахав дээ нэвтрүүлэг юм чинь. Нэвтрүүлэг дууссаны дараа продюсеруудийн зүгээс “Нэг талаар энэ нэвтрүүлэг боловч бодит байдал. Гэхдээ та нар аль болох шоу гэдэг талаас нь харж ойлгохыг бодоорой” гэдэг.

 

Тэгэхгүй бол тогооч нар маань хэтэрхий ажилдаа улайраад хор шарандаа бие биетэйгээ үнэнээсээ өрсөлдөх тохиодол гардаг. Тэр тохиолдолд бодит байдал шоу хоёрынхоо завсраар яваарай гэж хөтлөгч миний зүгээс хүсдэг. Тэгэхгүй бол манайхны нэг дутагдал байна, үнэнгээсээ бие биедээ таагүй болоод байж магадгүй. Гэхдээ тийм зүйл гараагүй. Энэ талаар анхнаас нь ойлгуулж өгөхгүй бол түвэгтэй юм билээ.

 

-Хөтлөгчийн зүгээс заримдаа оролцогч нарыг өдөж, идэж уух юмаар дайлаад байдаг. Цаад хүмүүс цагтаа амжих гээд бухимдаж ядаж байхад ийм үйлдэл гаргахад оролцогчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хэцүүхэн хүлээж авна. Баруун талын чихэвчинд цаг нь тулчихсан тогооч нь хашгираад, би зүүн талд нь чихэвчгүй чихэн дээр нь очоод юм уух уу, яах уу гээд байхаар хүн “паанигт”-д ороод “Ёо, байжээ. Нэг нь ярилдаа” гээд гацдаг. Эмэгтэй хүмүүс харьцангуй гайгүй. Тогоочтойгоо ч, надтай ч яриад явчихдаг сүйхээтэй хүмүүс. Яагаад гэвэл хоёр тархи нь зэрэг ажилладаг болохоор харьцангуй өөр байдаг юм билээ /инээв. сур/.

 

Кинонд дуу оруулахад 3-4 анхаарал нэг дор төвлөрдөг

 

-Та нэвтрүүлэгч, найруулагч, зохиолч гэдгээс гадна олон кинонд дуу оруулсан. Дуу оруулагч хүний дуу хоолойны өнгө, темп харьцангуй өөр байдаг байх. Тийм үү?

-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Жүжигчин хүнийхээ үүргийг кинонд дуу оруулахад ашиглаж байна. Холливудын нэрт жүжигчид хүртэл хүүхэлдэйн кинонд ам барьж дуу оруулдаг. Яг тэр элемент л байхгүй юу. Манайд тийм ажил нь харьцангуй бага байдаг учраас жүжигчин болгон дуу оруулаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, дуу оруулдаг, кинонд тоглодог, драмын жүжигчин нь тус тусдаа байдаг болчихсон.

Гэхдээ мундаг авъяаслаг жүжигчид кинонд дуугаа ч оруулна, театр, кино клипэндээ ч тоглодог. Жишээлбэл, СТА жүжигчин Н.Ялалт гэх мэт. Миний хувьд гурван жил ажиллаж байж зүгширч, нэг юм форумд орж байлаа. Одоогоор энэ ажлаа хийхгүй байгаа учраас форум алдагдсан байх. Гэхдээ аль ч телевизэд очоод дуу оруулаад суухад дорхноо сэргэнэ. Бас тийм амархан ажил биш ээ.

 

-Үзэгчдэд дуу оруулалт маш чухал байдаг.

-Тэгэлгүй яахав. Яг дуу оруулагчийн үүднээс харахад, 3-4 анхаарал нэг дор төвлөрдөг. Хамгийн түрүүнд орчуулагчийн бичсэн зохиолыг зөв алдаагүй унших ёстой, хоёрдугаарт цаана гарч байгаа дүрийн ам ангайж эхлэхэд өгүүлбэр зэрэг эхлээд, дуусахад зэрэг дуусах, гуравдугаарт, чихэвчээр орж ирж буй дууг эхлэл төгсгөлтэй яг тааруулах буюу хэлийг нь ойлгож баланс барих ёстой. Хамгийн сүүлд, жүжигчнийхээ тоглолтыг бүрэн гаргахын тулд текстээ уншаад дэлгэц рүүгээ харж дуу хоолойгоороо тоглох ёстой байдаг. Ийм дөрвөн юм нийлчихээрээ хамаг юм шавхана даа. Бид чинь өдөрт 8-9 цаг дуу оруулалт хийгээд, харихад асар их ядарсан байдаг.

 

-Тэр их оюуны ядаргаанаас өөрийгөө хэрхэн чөлөөлдөг байв?

-Дуу оруулалтын өрөө гаднаас чимээ, шуум оруулахгүйн тулд битүү агааргүй шахуу өрөө байдаг. Битүү өрөөнд удаан суухаар толгой их өвдөнө. Дээрээс нь дүр маань уйлвал уйлаад, уурлавал уурлаад дагаад л нервтэнэ. Яг л хүний амьдрал тэр кинонд өрнөж байгаа. Тийм учраас агаарт сайн гарч, унтаж амарч л өөрийгөө чөлөөлдөг.

Кинонд дуу оруулагчаар бараг 15, 16 жил ажилласан байна. Сүүлийн хэдэн жилд л хувийн уран бүтээлээ хөөгөөд явсан. Эргээд дуу оруулсан кинонуудаа тоолоод үзэхээр 5000 гаруй болдог. Тэгэхээр миний амьдралын нэг хэсэг яалт ч үгүй орчуулгын кинотой холбоотой. Хэцүү ч гэсэн үнэхээр сайхан ажил. МҮОНТВ-ээр “Наймаалж”, “Сэргэлэн охин Ян Сун”, “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” гэх мэт цувралууд, UBS телевизэд гэхэд “Өвлийн хайрын дуу”, “Бао Жин” гээд л олон кинонд дуу оруулсан даа. Түүнчлэн, тухайн үед UBS телевиз ням гариг бүр өдөрт таван кино гаргадаг байлаа. Заримдаа киноны орчуулгууд маань дуусахгүй байсаар хагас сайн өдөр дуусна. Тэгэхээр бид хагас сайн өдөр өглөө 09-23 цаг хүртэл бүтэн сайнд гарах киноны дуугаа оруулдаг байлаа. Эргээд бодоход сайхан л дурсамжууд хөвөрдөг.

 

Нэг хүн 2-4 дүр авч явдаг. Амар ажил биш шүү

 

-Кинонд маш олон дүр бий. Дүр бүрт нэг дуу оруулагч ажиллах уу. Эсвэл нэг дуу оруулагч хэд хэдэн дүр дээр зэрэг ажиллах уу?

-Хуучин биднийг МҮОНТВ-д ажиллаж байх үед нэг кинонд 6-7 хүн дуу оруулдаг байсан. Одоо телевизүүд хөрөнгө мөнгөний байдлаасаа болоод нэг кинонд 3-4 жүжигчин ажиллаж байгаа харагддаг. Манай орчуулгын найруулагчаар “Хайр эргэсэн хавар” кинонд тоглодог дуу оруулагч, жүжигчин н.Батцэцэг эгч маань ажилладаг байлаа. Өмнө нь киногоо үзчихээд, дүрүүдээ оноочихсон байдаг. Маргааш өглөө нь ирэхэд киноныхоо утгыг ярьж өгөөд, тэр дүрд тэр гээд бүгдийг нь оноочихно. Нэг хүн 2-4 дүр авч явдаг. Энд л нөгөө мэргэжлийн ажиллагаа яваад байгаа юм.

-Тэгэхээр нэг хүний биш 2-4 хүний амьдралаар амьдрахаар нервитэхээс аргагүй юм байна.

-Тийм. Амар ажил биш шүү. Тухайн үед ахмадуудаасаа алхам тутамд суралцаад, аль болох мэргэжлийн байх гэж хичээдэг. Эргээд харахад алтны дэргэдэх гууль гэдэг шиг “мэргэжлийндүү л” байсан юм байна даа гэж бодогддог. Одоо ажиллаж байгаа залуусыг харахад, мундаг байна л даа. Гэхдээ арга барилын хувьд жаахан дутуу ажиллаад байна уу даа гэж санагддаг.

Олон жил орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллачихаар муу орчуулгатай, муу дуу оруулалттай кино үзэхээр “Өө, ингэхгүй шдээ” гээд л эхнэртээ бухимдаад хэлдэг. Эхнэр “За одоо болно, чиний тэр үе өнгөрсөн” гээд л... /инээв.сур/.

Хааяа хуучин хамт олон маань цуглана. Ойролцоогоор 20 орчим хүн цугладаг. Тэгээд л өмнө нь ажиллаж байсан үеийнхээ дурсамжуудыг ярина. Тэр хамт олонтойгоо их л олон юмны ард гарсан даа. Саяхан орчуулагч Х.Мэргэн гуай маань бурханы оронд морилчихлоо. Түүний орчуулсан кинонууд ямар мундаг гэдгийг надаар хэлүүлтгүй үзэгч түмэн маань мэдэж байгаа. Үг сонголт, найруулга зэрэг бол янзын.

 

Нэг өдөр манай хүн том түүхэн кино авчираад, “За наадах чинь нэг үг байдаг юм аа” гээд л үгээ бодоод, бид нар “Энэ хэсгийг орхичий” гээд л цаашаа яваад л байна. Бодож байснаа кино дуусахын алдад “Аан, яг энэ байхгүй юу” гэж хэлж байсан. Тэр үгээ бүр тусгайлан зураад, биднээр уншуулж байсан. Одоо бол тэгж орчуулдаг орчуулагч ховор шүү. Ихэнх орчуулагч нар зүгээр л байгаа үгээр нь явчихдаг. Үгний ард үг байна гэдэг дээ. Тэр юмыг зөв олж орчуулна гэдэг гайхамшигтай орчуулагч байсныг илтгэж буй хэрэг.

Манай Х.Мэргэн гуай орос хэлийг нутгийн аялгаар нь сурсан гэж би сонсож байсан. Бид нар монгол хэлээрээ нутгийн аялгаар мэдэхгүй шүү дээ. Жишээ нь би Баяд, Дөрвөд, Буриад хүнтэй яг тэр хэлээр нь ойлголцож чадахгүй. Тэгэхээр хэлийг төгс эзэмшсэн, орчуулагч гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан хүн байжээ, талийгаач маань.

 

Ер нь одоо манай бүх салбарт “мэргэжлийн байх” гэдэг зүйл алдагдчихсан юм шиг санагддаг. Мэргэжлийн ч юм шиг, мэргэжлийн биш ч юм шиг байх болсон нь ажиглагддаг. Киноныхон кинодоо, театрынхан театртаа мэргэжлийн “лаг” байх ёстой.   Манайхан улам л сулраад, үнэлэмж нь буураад юу ч биш “эрлийз” болчихоод байна.

 

Монголын загварын ертөнцөд болдог үйл явдлуудыг харуулсан кино хийнэ

 

-2018 ондоо ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ онд би эхний ээлжинд загварын ертөнцийн сэдэвтэй кино хийхээр ажиллаж байна. Уг кинонд монголын загварын ертөнцөд болдог үйл явдлуудыг харуулна. Киноныхоо судалгааг өнгөрсөн есдүгээр сараар хийгээд кино зохиолоо гурван сар орчим бичиж, одоогоор зохиол дээрээ засвар хийгээд сууж байна. Энэ сэдвээр манайд урьд нь хийгдэж байгаагүй. Энэ төсөл дээр маань “Oronge entertainment”, “Mongol content” зэрэг кино компаниуд хамтарч ажиллахаар болсон. Би зохиолч, найруулагчаар явж байгаа.

 

Ямартаа ч, энэ уран бүтээлийнхээ ард амжилттай гарахаар төлөвлөгөөд байна. Киноны бэлтгэл ажлууд хийгдээд эхэлсэн. Тун удахгүй зураг авалт эхлэх байх. Жирийн киноноос ялгаатай нь хувцас хунар, дизайн талдаа асар их ажиллагаа орох шинжтэй. Дүрийн сонгон шалгаруулалт дээр ч гэсэн өндөр, загвар өмсдөг, жүжигчин, мэдрэмжтэй гээд л хайхаар олдохгүй бас төвөгтэй юм. Гэхдээ амархан ажил гэж юу байхав болгоно доо /инээв.сур/

Сүүлийн хоёр гурван сар загварынхантай тасралтгүй нөхөрлөж байна. Болохгүй болонгуут энэ нь яадаг юм. Тэр нь яадаг юм гээд л асууж лавлах юм их гарах юм. Энэ ажлаа гараас гаргачихвал, түүхэн, инээдмийн жанрын кино хийх гээд зохиолын шатандаа явж байна. Дараа нь гадагшаа хийхээр яригдсан 2, 3 төсөл бий.  Энэ жил олон ажил хийхээр төлөвлөж байна.

 

-Монголын кино зах зээлд тодорхой нэр хүнд олчихсон. Тиймээс гаднаас хөрөнгө оруулалт татаж төсөл боловсруулахаар ярих үед гадаад түншүүд хэр хүлээж авдаг вэ?

-Одооноос гадны хүмүүстэй төсөл хэрэгжүүлэхээр яриад эхэлсэн. Мэргэжлийн хүн гэдэг утгаараа их нааштай хүлээж авдаг. Чухам тэнд очоод мэргэжлийн гэдэг тодотголоо л батлах хэрэг гарчихаад байна /инээв.сур/. Чадахгүй бол онигоо болно, эх орны маань нэр л муугаар гарна. Тийм учраас үнэхээр сайн байх ёстой. Сайн байхын тулд өөртөө асар их цаг, оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-Гадныхантай ойлголцоход хэлний асуудал нэн тэргүүнд тавигддаг?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ энэ асуудалд санаа зовохгүй байгаа. Мэргэжлийн хэлээр ярьчихдаг учраас ойлголцоод л байдаг юм. Харин ур чадвар маань тэднээс сайн уу, муу юу гэдэг л асуудал яригдах байх. Түүнд л санаа жаахан зовж байна.

 

Монголд системийг бүрдүүлж өгөөгүй учраас хүн бүр өөр өөрсдийнхөөрөө амьдраад байна

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Соёлын тухай нийтлэл саяхан бичсэн. Уг нийтлэлдээ монголчууд бид олон юманд системгүй амьдарч байна гэж бичсэн. Нэгдсэн системийг зохиогоод бүтээгээд өгчихвөл биднээс гарахгүй юм байхгүй. Ялангуяа гадаадад байгаа монголчуудад илүү ажиглагдаж байна. Хөгжилтэй улс орнуудын ерөнхий систем бол машинтай бол татвараа төлөх, байр байшинтай бол түрээс төлөөд амьдардаг, ажил хийсэн бол цагийн тэдэн доллар авна гэх мэт олон систем байна шүү дээ.

 

Бүх зүйл хуулийн дагуу ийм улс оронд монгол хүн сайн зохицож амьдарч чадаж байна. Гэтэл монголд яагаад чадахгүй байгаа юм бэ гэсэн асуудал ургаж гарна. Монголд тэр системийг бүрдүүлж өгч чадаагүй учраас хүн бүр өөр өөрсдийнхөөрөө амьдраад байгаа юм. Уг системийг бий болгохын тулд иргэдэд нийцсэн хууль дүрэм журам бий болгож өгөх хэрэгтэй. Ядаж л та нийслэлд амьдрахаар шийдсэн бол морьтойгоо хотын гудамжаар давхиад байж болохгүй, автомашинаараа машин таглаж зогсохгүй гэх мэт бүх зүйлийг журамлаад өгвөл тэрийг дагаад амьдраад л байна.

Осолтгүй хэдэн банкууд нь зээлээр гаргасан мөнгөө эргүүлэн авч, хэдэн замын цагдаа гэрлэн дохиотойгоо нийлээд автомашинаа явуулсхийгээд байх шиг байна. Өөр юм байгаа юм уу гэдэг асуудал урган гарч байна /инээв.сур/

Эхлээд хотын соёл гэдэг юмаа гаргаад түүний дагуу дүрэм журам, соёлжуулах системийг бий болгох хэрэгтэй. Үүнийг хүн бүр дор бүрнээ бодож, соёлжих арга замаа л эрэлхийлэх шаардлагатай юм даа.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.




Ярилцсан: П.Нарандэлгэр

ZALUU.COM - Үндэсний тэргүүлэгч сайт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

175.223.14.225Зочин   • 2 сарын 20. 0 цаг 41 минут

Зөв олж харсан бн

202.21.106.105Жавзандулам   • 2 сарын 19. 16 цаг 52 минут

ярилцлага нь аятайхан болж. Гэхдээ ганц бие бүсгүйчүүд кино ч их таруухан шүү дээ Кино драматург зохиолын онол даруухан болов уу гэж санагдсан. Мөн зохиолч хүн өөрөө зохиолдоо шатаж байж бичих ёстой . Киноны технологи зөв харжээ. Мандухайг герман хальсаар авсан. Тэр үед хальс боловсруулах технологи сайн байсан Олон сайн инжерүүд ажилласан. Балжинням өөрөө драматург их сайн мэддэг найруулагч. Кино хийхэд мөангө чухал ч зохиолоор хийдэг. Амжилт хүсье

41.85.161.139kuio   • 2 сарын 19. 18 цаг 56 минут

gfzqrsfex

41.85.161.139kuio   • 2 сарын 19. 18 цаг 56 минут

Сайн байна уу Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

66.181.166.134муухай нэр   • 2 сарын 19. 16 цаг 28 минут

залуу хүн байж ямар муухай нэртэй юм бэ? Миегомбо шүү?

83.78.77.0unshigch   • 2 сарын 19. 19 цаг 16 минут

neg l ich mongol mongol geed l ygleed baisan chini ner buzar tyvd, ovog ni bas gadaad.... mongol hyn hadag yandar boldog mongoliin gazar us hyniih ni ner ter chigeeree tyvd nertei baidgiig medeed hir dagindaa, boos tembyyndee daragdsan hogshin tyvd emgen hyrtel maluudiig shoolj ineene.

103.229.120.103Зочин   • 2 сарын 19. 15 цаг 19 минут

Saikhan hooloitoi.setgeld dotno sanagddag shuu

202.179.31.45Зочин   • 2 сарын 19. 10 цаг 52 минут

Хүрээлэн төслийн текстийг сайн уншдаг тэр тэр хөгжим чимэглэл жаатай

202.131.225.150аа   • 2 сарын 19. 10 цаг 09 минут

мундаг залуу. хүндэлж явдаг шүү.

203.91.118.50Зочин   • 2 сарын 19. 8 цаг 36 минут

sain zaluu shvv mundag

202.21.113.238Зочин   • 2 сарын 19. 8 цаг 00 минут

saihan hooloitoi zaluu shuu

202.21.113.238Зочин   • 2 сарын 19. 8 цаг 05 минут

Тэр хүрээлэн амьд ертөнц цуврал гоёшд

© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss