Монгол улсын хөгжлийн гацааг сүүлийн зуун жилээр товчхон тоймлон авч үзье.
Нэг. Социализмын үеийн хөгжлийн гацаа
Монгол улс тусгаар тогтносон улс болоод 1911 оноос хойш 113 жил өнгөрчээ. Монгол улс социализмын үеийн 70 жилд хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Боловсрол, эрүүл мэнд, ХАА, газар тариалангийн салбарт ахиц гарч хөгжиж байсан. Хүн ам өсөж 2 саяд хүрч, ХАА, үйлдвэрийн орон болсон. Сангийн аж ахуйнууд байгуулагдаж бараг аймаг бүрт гурилын үйлдвэр баригдаж ард түмэн маань сайн чанарын монгол малын мах, сайн чанарын гурилтай байсан тулдаа хүмүүс нь эрүүл чийрэг байсан. Харин ард түмний хамаг мал сүргийг улс хураан авч ард түмэн эсгий гэрээс өөр өмчгүй үлдэж, сүү цагаан идээгээ ч идэх боломжгүй болсон.
Иддэг ганц юм нь орос талх болсон. Талх, мантуу бол монгол хүний уламжлалт хоол биш, харин хоёр хөрш улсын ядуу хүмүүсийн зоог юм. Тэр үед Монголд масло цөцгийн тос ховор байсан. Өрөм тараг, мах сүүгээ иддэг байсан ард түмэн өлөндүүхэн болж талх, чихэр иддэг тааруухан амьдралтай хүмүүс болцгоосон. Ард түмнээрээ архи, тамхинд орсон. Сэтгэлгээ нь өнөө маргаашаа өнгөрөөсөн гуйлгачин ядуу сэтгэлгээтэй болсон. Эзэн Богд Чингис хаанаа шүтдэг ард түмэн Эв хамт намыг шүтэгчид болсон. Хууль Их засгаа дээдэлдэг ард түмэн худал хуурмагийн намагт живсэн. Бурхан багшаа шүтэж буруу нүглийг цээрлэдэг ард түмэн улаан хувьсгалчид болж улс орноо сүйтгэсэн, монгол соёл, монгол ёс заншлаа устгасан.
Монголын мал сүрэг социализмын үед 20 сая арайхийж хүрч байсан. Социализмын үед монголчууд Зөвлөлт улс руу хамаг мал мах, ноос ноолуураа гаргадаг байсан. Хамаг байгалийн баялаг зэс, нүүрс, жоншоо хойд хөрш рүү гаргадаг байсан. Гэвч Монгол улсад томоохон аж үйлдвэр, дэд бүтэц сайн хөгжөөгүй.
Социализмын үед Монголд гутлын үйлдвэр, ноос, оёдлын үйлдвэр, хивс, шаазан ваарны үйлдвэр, шил, шохойн үйлдвэр, сүү, махны үйлдвэр, ээрмэл, нэхмэлийн үйлдвэр, төмрийн завод, ноос угаах үйлдвэр, цэмбэний үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат, тоосгоны үйлдвэр, эмийн завод, модны үйлдвэр, авто засварын завод, Дарханы нэхий, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтин үйлдвэр, барилгын машин механизмын үйлдвэр, архи пиво, талх чихрийн комбинат зэрэг үйлдвэрүүд ажиллаж байсан. Энэ бол социализмын ололт мөн л дөө. Гэвч монголчууд эдгээр үйлдвэрээ төрийн өмчит хувьцаат компани болгоод үйлдвэрлэлийн технолгио шинэчлээд боловсон хүчнээ сайжруулаад зах зээлийн нийгэмд орох ёстой атал устгаад дууссан даа. Хөрш Зөвлөлт улс, Хятад улс дэд бүтцээ өнгөрсөн зууны жараад онуудад хөгжүүлчихсэн байсан . Зөвлөлт улс гэхэд л жараанд он гэхэд усан цахилгаан станцууд, атомын цахилгаан станцууд барьж ард түмнээ хамгийн хямд цахилгаанаар хангачихсан байсан. Зөвлөлтөд анх Метрог 1936 онд барьж, төмөр зам нь цахилгаанжиж метро, автобус, троллебус, трамвай, автобус бүх хотуудад явж зам тээврийн асуудлаа шийдчихсэн байсан. Гэтэл Монгол байдаггүй. Зөвхөн нийслэл хотод автобус явдаг байлаа, Аймгууд, сум хооронд автобус явдаггүй байв. Ачааны машин дээр суугаад ард иргэд арайхийж аймаг, сумандаа очдог байлаа.
Хоёр улсын хоорондын ганц төмөр замтай. Зөвлөлт улс руу галт тэрэг тогтмол явдаг, Хятад руу 7 хоногт ганц удаа галт тэрэг явдаг байв. Хөрш 2 улс дэд бүтэц, эрчим хүч, нефть шатахуунаа шийдчихсэн байв. Харин Монгол улс эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, тээвэр ложистикаа шийдэж чадаагүй 21-р зуунтай золгосон юм.
Социализын үед хөгжлийн гол гацаа бол улс төр, эдийн засгийн буруу тогтолцоондоо байлаа. Эдийн засгийн хөгжлийг улс төржүүлээд байдаг байв. Хөгжлийн ганц зөв зам бол төлөвлөгөөт эдийн засаг гэдэг байв. Хувийн өмчийг хориглож эдийн засгийн хөшүүн байдалд ороод 70 жил болов. Монгол улс ард түмний хэрэгцээ болсон мах, цагаан идээ, ногоо жимс олдоц ховор, хөргөгч,угаагч машин, телевизор, радиогоо ч үйлдвэрлэж чадахгүй байлаа. Харин Зөвлөлт улс жар, далаад онуудад хүн амынхаа орон сууцны барилгуудыг олноор нь барьж, суудлын автомашин, хөргөгч, телевизорь зэрэг ахуй хэрэглээний цахилгаан барааг үйлдвэрлэдэг байлаа. Монгол улс бүх ахуйн хэрэгцээний бүх барааг Зөвлөлт улсаас авдаг байлаа. Монголд зарим санаачлагатай бүтээлч инженерүүд эрэлт хэрэгцээтэй сайн бүтээл санаачилж хийдэг байсан боловч улсаас ямар ч дэмжлэг авдаггүй байв. Жишээлвэл Ш.Ялалт гэдэг инженер Монголд анх удаа наяад онд “МОНЭЛ” өнгөт телевизрь угсраад гайхагдаж байв. Гэтэл Монголын төр түүнийг дэмжээгүй. Харин төрийн нэгэн түшмэл түүнд атаархаж, Ялалтын өнгөт телевизорь угсрахад ордог эд ангиудыг хил гаалиар орохыг нь хориглож үйлдвэрлэлийг нь зогсоож байжээ.Аливаа нэгэн чухал үйлдвэрлэлийг Монголд хэн нэгэн түшмэл хориглоод байдаг нь хөгжлийн том гацаа болдог байлаа. Автомашины инженер Жаргалсайхан Монголд автобус угсарсан. Түүнийг төр дэмжээгүй. Социализмын үед Чехословак улсад автын инженер мэргэжлээр төгссөн цөөнгүй сайн автын инженерүүд Монголд байсан. Гэвч монголын төр засаг автомашины үйлдвэр байгуулах ямар ч санаачилга гаргаагүй, улс бэлтгэсэн автын инженерүүдээ ашиглаж автомашины үйлдвэр байгуулж чадаагүй. Энэ мэтээр үйлдвэрлэлийг төр дэмждэггүй байлаа. Хэн нэгэн сайд, хэн нэгэн намын дарга зөвшөөрөөгүй бол ямар ч үйлдвэр нээгдэхгүй байлаа, ямар ч зам тавьдаггүй байлаа. Монголчууд бид жараад онд Зөвлөлт эсхүл Хятад улсын тусламжаар бүх аймгуудыг нийслэл хоттой засмал замаар холбох боломж байсан. Гэвч Цэдэнбал жараад оноос хоёр хөрштэйшээ зэрэг адилхан эрх тэгш харилцахын оронд зөвхөн Зөвлөлтийн талыг баримталж Хятадын эсрэг бодлого явуулснаар өмнөд хөрштэй хийх эдийн засгийн хамтын ажиллагаа зогссон. Хоёрхон хөрштэй орон нөгөө хөрштэйгээ эдийн засгийн бүх харилцаагаа тасалж ганц хөрштэй болсон. Монгол улс ингэж Хятад улсаар нийслэл хотоос Замын Үүд хүртэл засмал зам бариулах боломжоо алдаж байлаа. Энэ байдал 30 жил үргэлжилсэн. Зөвлөлт улсаар бид хойд нутгаа засмал замаар холбох боломжоо алдсан юм.
Нэг жишээ хэлэхэд наяад оны эхээр алслагдсан Багануур дүүргийг нийслэл хоттой холбосон засмал зам барих саналыг зөвлөлтийн нөхдүүд гаргахад тус дүүргийн намын дарга “Засмал зам бариулахгүй. Хэрэв засмал зам баривал нийслэлээс дамын наймаачид Багануурт ирэх болно” гээд тэрхүү чухал төслийг гацааж байсан гэдэг.
Улс орныг төр удирддаггүй, нэг нам удирддаг байлаа. Нам буюу Улс төрийн Товчоо ард түмнийг зөвхөн төлөвлөгөөгөө биелүүл хэмээн шаарддаг байв. Мал өсгөх төлөвлөгөө, ноос ноолуурын төлөвлөгөө, арьс ширний төлөвлөгөө, үнэгний арьс, тарваганы арьсны төлөвлөгөө , цөцгийн тосны төлөвлөгөө, хадлан тэжээлийн төлөвлөгөөг биелүүлэхийг шаарддаг байв. Гэтэл улсаа хөгжүүлэх гол үзүүлэлт болсон аж үйлдвэржүүлэх, улс орноо цахилгаажуулах, дэд бүцийг хөгжүүлэх талаар улсын ямар ч бодлого, хөтөлбөр, төсөл байхгүй байв. Бүх асуудлыг МАХН-ын Улс төрийн товчоо шийддэг байв. Улс төрийн товчоонд улс төржилт чухал байснаас бус, улс орны хөгжүүлэх , үйлдвэржүүлэх бодлого байсангү, улс орны өмнө тулгарсан асуудлыг мэдрэх мэдрэмж байсангүй. Улс төрийн товчооны гишүүд монголын Мардайн ураныг нь зөвлөлтийн мэргэжилнүүд монголчуудын хамар дороос нь зөөгөөд дуусгаж байхад огт мэдээгүй байсан гэдэг. Цэдэнбал 1958 онд Зөвлөлт улсад байгалийн асар их баялагтай 2500 квадрат км монголын хойд газар нутгаа зүгээр бэлэглээд өгчихсөн байхад ард түмэн огт мэдээгүй өнгөрсөн гэдэг. Энэ бол социализм байлаа. Улс орныг ард түмэн мэдддэггүй, зөвхөн Улс төрийн товчоо мэддэг байв.
Улс төрийн товчоо Монгол улс хөгжлөөрөө хамгийн доод түвшинд, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр хамгийн доод түвшинд байдаг гэдгээ ч мэддэггүй байв. Чанаргүй боловсрол, чанаргүй бүтээгдэхүүн, чанаргүй амьдрал, ядуу улс, ядуу ард түмэн, ядуу сэтгэлгээ... энэ бол социализм байлаа.
Монгол улс дэлхийгээс тасарсан хөмөрсөн тогоо шиг хаагдмал улс байлаа. Ганц мэддэг гадаад улс нь агуу Зөвлөлт улс, алтан Москва хоёр л байлаа. Социалист төр, коммунист нам өөрөө улс орны хөгжлийг гацаадаг байлаа. Улс орноо хөгжүүлье гэсэн тэргүүний шилдэг ухаалаг боловсролтой сэхээтнүүдийг Улс төрийн товчоо намын эсрэг бүлэглэл, сэхээтний төөрөгдөл хэмээн гүтгэж сэхээтнүүдийг шоронд хийж, хөдөө цөлдөг байлаа. Яг үнэндээ Монголд социализм жинхэнэ утгаараа ч байхгүй байлаа. Монголд харгис улаантнуудын дарангуйллын дэглэм л оршиж байлаа. Зарим хүмүүс одоо болтол социализмын үед сайхан амьдарч байсан гэдэг.Үгүй. Хамгийн доод түвшинд ядуу амьдарч байсан. Наяад онуудад дэлхийн дундаж улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 000-20 000 ам. долларт хүрчихсэн байхад социалист Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 300 ам доллар байсан, нэг хүний дундаж цалин дөнгөж 100 ам доллар байсан. Энэ бол африкийн ядуу орнуудын түвшинд байсан гэсэн үг. Монголчууд бүгдээрээ ядуу амьдралтай байснаараа, бүгд нэг хэв загвартай байснаараа маш их бахархдаг байлаа, хэн нэгэн хүн баян чинээлэг болвол нийгмээрээ үзэн яддаг байлаа. Сайн зохиол бүтээл бичээд хэвлүүлэх гэхлээр зөвшөөрдөггүй байлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх,бурханы шашнаа шүтэх, хувийн өмчтэй болох, гадаадад явах эрх байсангүй. Коммунистуудын боолчлол дор амьдрах гэдэг монголчуудын хувьд там байлаа. Жинхэнэ социализм бол Скандиновын Швед, Норвеги улс, төв европын Швейцарт байлаа. Солийн Данзангийн хэлснээр “Монгол улс Швейцарь лугаа хөгжсөн” бол баян чинээлэг улс болох байлаа. Эдүгээ Швейцарь улсын дундаж иргэн нэг сард 7000 евро буюу 24 сая 600 000 төгрөгийн цалинтай ажээ. Монгол зөв замаар явсан бол ингэж л хөгжих байжээ.
Хоёр. Зах зээлийг үеийн хөгжлийн гацаа
Монгол улс ардчилал, зах зээлийн замд ороод 34 жил болжээ. Ард түмэн тэр үед азийн бар улс болно гээд их л баяртай байсан даа. Улс орон хөгжсөн үү гэвэл удаан хөгжиж байна л гэхээс хөгжиж чадсан, өндөр хөгжилтэй улс болсон гэвэл худал үг болно. Монгол улс зах зээлд ороод 33 жил өнгөрөөд байхад азийн бар улс байтугай, бамбар улс ч болж чадсангүй. Яагаад Монгол улс сүүлийн 33 жилийн дотор хөгжиж чадаагүй юм бэ. Ямар шалтгаан байна вэ? Хөгжлийн гацаа юунаас болж гарсан юм бэ. Ердөө хоёрхон том шалтгаан байна.
Нэгдүгээрт, Төр засаг нь ухаалаг хүчтэй байж чадсангүй. Төр засаг нь тогтвортой байж, хууль ёс, шударга ёсыг тогтоож чадсангүйгээс болж нийгэмд хулгай, луйвар, авилга, гэмт хэрэг дэлгэрч далд эдийн засаг ноёрхов. Монгол улсыг ядуурлаас татаж гарган улсаа хөгжүүлж үйлдвэржүүлсэн хүчтэй манлайлагч удирдагч төрж гарсангүй.
Хоёрдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж, экспортын баримжаатай аж үйлдвэржилтийг хийж чадсангүй. Эдийн засгийн өсөлтийг тогтмол барьж эдийн засгийн чадавхиар дэлхийд эхний тавин улсын дотор орж чадсангүй. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 000 долларт хүргэж чадсангүй. 1991 оноос хойш байгуулагдсан Засгийн газар нь улсын хөгжлийн алсын харааны бодлого байхгүй, тогтворгүй, Засгийн газрын Хөтөлбөр төсөл нь засаг солигдох бүр хаягдаж орхигддог байв.
Сүүлийн 33 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдож, хамгийн богино настай Засгийн газар нь ердөө наймхан сар ажиллаж байв.Засгийн газрын дундаж наслалт 1.9 жил байлаа. Төрийн бодлогыг хэрэгжүүлэгч Засгийн газар нь тогтворгүй болохоор бодлого нь ч тогтворгүй байх нь мэдээж.
Төрийн бодлого нь тогтворгүй бол хөгжлийн тухай яриад ч хэрэг алга. Монгол улс 1990 оноос хойш дунд болон урт хугацааны бодлого, стратеги, үзэл баримтлал, мастер төлөвлөгөө зэрэг нийт 480 хөгжлийн баримт бичгүүд баталжээ. Харамсалтай нь эдгээр хөтөлбөр төслийн ихэнх нь эдийн засаг болон үйлдвэрлэлийн нөөц, орчин нөхцөлөө тооцоолоогүй, ТЭЗҮ байхгүй, тооцоолсон сайн төсөл санаачилга нь засаг солигдож, дарга өөрчлөгдөх тутам усанд хаясан чулуу мэт замхардаг байв. Бүр Засгийн газрын хэмжээнд бусад улс оронтой байгуулсан гэрээ хэлэлцээр хүртэл замхардаг байв. Хэлсэн үгэндээ эзэн болдоггүй төр засгийг хулхи төр засаг гэдэг. Монголд хулхи төр засаг түр хугацаагаар ажилладаг байлаа. Аль нэг нам нь сонгуульд баахан хоосон амлалт өгч ялдаг. Ялаад хэлсэн үгээ мартдаг, дэвшүүлсэн зорилтоо умартддаг, улсаа хөгжүүлж үйлдвэржүүлж ард түмний амьдралын түвшинг дээшлүүлж чаддаггүй. Төр засгийн улс орноо хөгжүүлэх тухай гаргасан хөтөлбөр төсөл, тогтоол шийдвэр хэрэгждэггүй, төслүүд гацдаг тухай хэдэн жишээ дурдая. Анх 2003 онд төрийн бодлого гарч “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан. Улмаар Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2009 онд баталсан. Гэтэл бодлого батлагдаад 21 жил, хууль хэрэгжиж эхлээд 15 жил өнгөрсөн ч одоо хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн нэг ч парк алга байна. 1995 онд "Монгол улсад эдийн засийн чөлөөт бүс байгуулах тухай" УИХ-ын 87 дугаар тогтоол гарч "Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг баталжээ.
Эдүгээ 30 жил өнгөрсөн боловч нэг ч чөлөөт бүс Монголд байхгүй өдий хүрчээ. Монгол улс эрчим хүчний хараат байдлаасаа өнгөрсөн жарны турш гарч чадсангүй. Социализмын үед аль 1964 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл гаргасан боловч эдүгээ хүртэл 60 жил гацжээ. Энэ үзүүлэлтийг харах юм бол Монгол улс Мега төслийн гацаагаараа дэлхийн Гиннесийн номонд бичигдэхээр болжээ.
Аль 1968 онд ашиглалтад орсон нийслэлийн 3-р цахилгаан станц, 1983 онд ашиглалтад орсон 4-р цахилгаан станц эдүгээ хагас зуун жилийн дараа тартагтаа тулаад байна. Засаг төр шинээр дулааны цахилгаан станц барина хэмээн амласан боловч эдүгээ гучин жил өнгөрчээ. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2023 оны байдлаар 11 тэрбум кВт.ц байлаа. Үүний 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг гадаадын импортоор худалдаж авчээ. Монгол улс ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц нийт 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг худалдан авчээ. Манай улс импортын цахилгааны төлбөрт 2023 онд 197.0 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөг төлжээ. Монгол улсын 2024 оны эрчим хүчний хэрэглээ 1640 МВт байна. Манай “ДЦС-4” нь 600-700 МВт , “ДЦС-3” нь 150 МВт үйлдвэрлэдэг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200 МВт-аар нэмэгддэг бөгөөд 2030 он гэхэд 3300 МВт цахилгаан шаардлагатай. Манай улс өмнөх жилд 200 МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давжээ. Төрийн бодлогрламент саяхан “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталжээ. Хагас зуун жил болж хуучирсан дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх гэж 1.3 тэрбум евроний зээл ОХУ-аас авахаар ийм шийдвэр гаргасан нь ямар ч логик алга. Гэтэл монголын хувийн хэвшлийн том компаниудын санал болгосон 600 сая еврогоор шинэ дулааны цахилгаан станц барих саналыг төр яагаад дэмжихгүй байна вэ, Их Хурлын гишүүд оросын 1.3 тэрбум евроны зээлийн саналыг яагаад дэмжих болов гэдэг нь гайхал төрүүлж байна. Дэлхийн эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон, бүтэн 3 жилийн турш украины эсрэг дайн хийж, цэрэг техникийн хомсдолд орж, пуужин, цэрэгээ Хойд Солонгосоос, байлдааны дроныг Иранаас авч байгаа, цэрэг дайны зардалд улсын төсвийнхөө бараг тал хувийг зарцуулж байгаа Орос орон Монголд 1.3 тэрбум евро зээлээр өгнө хэмээн амалсан нь тун эргэлзээтэй асуудал юм.
Монголчууд саяхан өөрсдийн хүчээр 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж Бөөрөлжүүтийн 150 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын эхний блокыг ашиглалтад орууллаа. 2028 он хүртэл 2,3,4-р блок ашиглалтад орох ажээ.
Төсөл хэрэгжсэнээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц одооны 3-р цахилгаан станцаас нэг дахин их буюу 300 МВт –ын хүчин чадалтай болох ажээ.Бөөрөлжүүтийн цахилгааны үнэ 28 жилийн турш одооны оросын нийлүүлж байгаа цахилгааны үнээс 35 хувиар бага байх бөгөөд үнэ нь тогтвортой байх юм байна. Монголчууд цахилгаан станцыг өөрсдөө барьж чадна гэдгийг саяхан харуулж том амжилт гаргаад байхад оросын асар их үнэтэй зээлийг яагаад эрчим хүчнийхээ салбарт авах гээд байгаа юм бэ. Монголчууд бид социализмын үед зөвлөлтийн хоцрогдсон технологийг 70 жилийн турш авч хаширсан. Одоо бас дахин оросын хоцрогдсон технологи авах гээд зүтгээд байх уу. Түүхийн сургамж авдаггүй, хаширдаггүй монголчуудыг яалтай билээ. Усан цахилгаан станцын хувьд олон боломж байсан боловч Монгол улсын Засгийн газар усан цахилгаан станц барих төслийг зогсоож байв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ТЭЗҮ-г анх 1964 онд Зөвлөлт Холбоот улсын “Электросеть” хүрээлэн боловсруулж байжээ. 90 МВт-ын хүчин чадалтай босох энэхүү усан цахилгаан станцын төсөл 60 жил гацжээ. Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг анх 1991 онд Азийн хөгжлийн банкны шинжээчид судалж, 1994 онд 5.2 сая долларын зардал гаргаж, ТЭЗҮ-г боловсруулжээ. 1995 онд тендер зарлаад Малайзийн төрийн өмчит компани шалгарчээ.1997 онд Малайзийн Ерөнхий сайд Махатир Мохаммад Монголд айлчилж энэхүү гэрээнд гарын үсэг зурах гэтэл тэр үеийн Монгол улсын Ерөнхий сайд М.Энхсайхан гэнэт татгалзаж төслийг зогсоожээ. Дараа нь удалгүй М.Энхсайхан энэхүү усан цахилгаан станц барих гэрээнд Чех улсын хэн ч мэдэхгүй “Техно- Арт” хэмээх барилгын нэг жижигхэн компанитай гэрээ байгуулжээ. Чехийн тэрхүү цаасан дээрхи хулхи компани ямар ч ажил хийгээгүй алга болсон гэдэг. 2007 онд Эгийн усан цахилгаан станцыг барих талаар Хятадын компанитай гэрээ байгуулж ажлаа яг эхлэх гэтэл Монгол улсын Засгийн газар энэхүү төслийг зогсоож гацаажээ. Улмаар 2013 онд уг станцыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв.
2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү станцын барилга угсралтын ажил эхэлсэн боловч Орос улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар энэхүү төсөл дахиад л саатжээ. Орос улс манай энэ төслийг зогсоож байсныг нь үзвээс бид ер нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн үү.
Монгол улс атомын цахилгаан станц барих маш том боломжоо өнгөрсөн 33 жилд алджээ Атомын цахилгаан станц ярихын өмнө ураны төслийг ярих хэрэгтэй. Дэлхий дээр 1 кг баяжуулсан ураны үнэ 21 000 ам доллар байна. Өнөөдөр дэлхийд баригдаж буй цөмийн реактор гэхэд 63 байгаа бол барихаар төлөвлөсөн нь 100 хүрч байна. 2024 онд дэлхийн улс орнуудын ураны эрэлт 93 мянган тонн байсан боловч 50 шахам мянган тонн уран олборлож нийлүүлжээ. 2050 он гэхэд дэлхийд 197 мянган тн уран хэрэгтэй болно гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдээлжээ. Тэхлээр ураны зах зээл ирээдүйтэй бас эрэлттэй байна гэсэн үг. Иймд Монгол улс энэхүү чухал зах зээлд маш түргэн орох хэрэгтэй болж байна. Францын “Орано Майнинг” компани ураны төслийг хэрэгжүүлэх талаар Монголд хөрөнгө оруулах гэсээр 28 жил болжээ. Гацаанд байсан энэхүү ураны төсөл саяхнаас хөдөлж эхэллээ. Монголтой адилхан социалист орны зиндаанд байсан Казахстан улс 28 жилийн өмнө Франц улсын хөрөнгө оруулалтыг татаж уран боловсруулах үйлдвэр байгуулж эдүгээ уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна. Казахстан нэг жилд ойролцоогоор 21 мянган тонн уран олборлож дэлхийн нийт зах зээлийн 43.0 хувийг эзэлж байна. Казахстан нефть, хий,нүүрс, зэс уран зэрэг байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж эдүгээ тус улсын GDP буюу ДНБ нь 1995 онд 20.4 тэрбум ам доллар байсан бол 2023 онд 269.9 тэрбум ам.доллар болж 16 дахн өсчээ.Нэг хүнд оногдох ДНБ нь 1993 онд 750 ам доллар байсан бол эдүгээ 13 232 ам.долларт хүрчээ.
Казахстан улс сүүлийн гучин жилд 330.0 тэрбум ам долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Тэхлээр эдүгээ Монгол улс Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээ яаравчлан хийж ураны төслөө хэрэгжүүлж ойрын ирээдүйд атомын цахилгаан станцаа барих нь амин чухал асуудал болоод байна.
Өнгөрсөн 30 жилд Монгол улсад нефтийн үйлдвэр барих бүрэн боломж байсан. Монгол улс өмнө нь 1950 онд Зүүнбаянгийн нефтний үйлдвэрийг ашиглалтад оруулж 1955 онд нэг жилд 54899 тонн нефть олборлож байжээ. Гэтэл үйлдвэрлэлээ улам сайжруулж нефть хайгуулаа нэмэгдүүлж олборлолтоо өсгөхийн оронд хүчин чадлыг нь бууруулж 1969 онд нефтийн үйлдвэрээ хаажээ. Ингээд 1969 оноос эхэлсэн Зөвлөлт улсаас шатахуунаа 100 хувь импортолж авдаг буруу тогтолцоо 55 жилийг турш үргэлжилсээр өдий хүрчээ. Ганц улсаас нефть авах бус бас давхар Казахстан, Хятад улсаас нефть авч болох байв. Хамгийн том алдаа нь Монгол улс байгалийн баялгаар баян тул өөрийн улсдаа нефть хайх ажлыг шургуу явуулж өөрийн нефтийн үйлдвэртэй болж чадсангүй. Би тодхон сайн санаж байна. 1993 онд Монгол Улсад Тамсагийн сав газарт газрын тос олдлоо хэмээн телевизээр шуугиант мэдээ гарч манай улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат тэнд очиж цав цагаан дээлээ тас хар нефтийн тосоор мялааж байлаа. Би ч гэсэн энэ мэдээнд баярлаж одоо манай Ерөнхийлөгч болон Засгийн газар нэн яаралтай нефтний үйлдвэр байгуулж монголчууд бид шатахуунаа ганц улсаас импортлохоо больж өөрийн улсын хэрэгцээг бүрэн хангах боллоо хэмээн дотроо ихэд найдаж баярлаж байв. Гэвч Монгол улс нефтийн үйлдвэр барих бүү хэл, хамаг нефтээ хятадын Дайчин Тамсаг компаниар дамжуулан Хятад улсад түүхий нефтээ гаргасаар өдий хүрчээ.
Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 2.0 сая тонн юм. Энэ хэрэглээгээ Монгол улс өөрсдөө хангах бүрэн боломжтой. Улсынхаа хэрэгцээгээ хангах гэж газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтээ монголын болон гадаадын компаниуд олон удаа гаргасан юм билээ.
ТӨХХК цалингаа тавьж чадахгүй гурван сар болж байсан ажээ. Газрын тосны үйлдвэр бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал асуудал бөгөөд манай улс өөрсдөө бензин шатахуунаа үйлдвэрлэх нь улс орны хамгийн том эрх ашгийн асуудал юм. Гэвч Монгол улс нефтний үйлдвэр барьж чадалгүй 31 жил өнгөрчээ. Аливаа улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт бол төмөр зам юм. Монгол улс төмөр замаа хэрхэн гацааж ямар хохирол гаргасан талаар товчхон өгүүлье. Америкийн Нэгдсэн Улс 19 дүгээр зуунд Андын нурууг нэвтэлж хятад ажилчны тусламжтайгаар төмөр зам тавьсан баатарлаг түүх байдаг. Эдүгээ АНУ-ын төмөр замын урт 293 564 км болж дэлхийд эхний байрт жагсаж байна. Хятад улс хориннэг дүгээр зуунд хамгийн урт хурдны төмөр зам бариад байна. Хятадын хурдны төмөр замд хурдны суман галт тэрэг нэг цагт 450 км хурдалж байна. Эдүгээ Хятад улсын төмөр замын урт 155 000 км болж дэлхийд дэд байрт жагсаж байна. Хятад улс дэлхийд анхдагч цөлийн төмөр зам тавьжээ. Хятадын төмөр замын инженерүүд Шинжаан Уйгурт хүн амьдардаггүй, хэт халуун Такламаны элсэн цөл дундуур 2712 км төмөр зам тавьж дэлхийд гайхагджээ. Орос улс хорьдугаар зууны эхээр Транс Сибирийн төмөр замын магистралийг 300 000 хятад ажилчдын тусламжтайгаар барьсан баатарлаг түүх байдаг. Эдүгээ Оросын Холбооны улсын төмөр замын урт 87157 км болж дэлхийд гуравдугаар байрт жагсаж байна. Монгол улс эдүгээ 1932 км урт төмөр замтай байна.
Монгол улс аль 1949 онд Зөвлөлт Холбоот улстай байгуулсан гэрээний дагуу төмөр замаа 50, 50 хувиар эзэмшээд 55 жил болсон боловч манай улс хуулийн дагуу төмөр замынхаа 51 хувийг ч эзэмшиж чадсангүй өдий хүрчээ.
Монгол улс сүүлийн хорин жилд хоёр зуухан км төмөр зам тавих гэж үйлээ үзэв. Хэрхэн улс төржиж, хэрэлдэж, гацаасан талаар товч ярья. Гашуунсухайтын төмөр зам барих ажлыг төр өөрөө гацаасан ажээ. Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрөөс таван удаа олгож, дөрвөн удаа цуцалжээ. 2008 оны зургаадугаар сард Засгийн газар "Энержи ресурс" компанид Гашуунсухайтын төмөр замыг барих концессын эрхийг өгчээ. Улмаар "Энержи ресурс" бэлтгэл ажлаа хийж явсаар дөрвөн жилийн дараа буюу 2012 онд концессын гэрээгээ байгуулж, "Энержи ресурс" компани энэхүү төмөр замын ажлыг эхлүүлжээ. Харин 2012 онд шинээр байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар таван сарын өмнө хийгдсэн лицензийг нь гэнэт цуцалжээ. Ингээд тус лицензийг төрийн өмчит компани болох "Монголын төмөр зам" руу шилжүүлжээ. "Монголын төмөр зам" компани "Энержи ресурс" компанитай хэлэлцээ хийгээд, нөхөн төлбөр болон гаргасан зардлыг нь олгожээ. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд, эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад, ажлыг үргэлжлүүлжээ. Гэвч энэ ажил 2014 оноос санхүүжилтгүйн улмаас зогсчээ. Үүний дараа хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй гэсэн асуудал үүсч шалгалт оруулсан байна. Ийнхүү энэ төсөл 2014-2015 онд бүрэн зогсчээ. Тухайн үед” Samsung” компанийнхан 210 гаруй километр суурь бүтцийн үндсэн инженерийн байгууламжуудыг барьж байхад нь төсөл зогссон ажээ. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар энэ төслийг гадаадын компанитай хамтрах ажлын хэсэг байгуулжээ. Тухайн үед 2015 онд БНХАУ-ын "Чайна Шэнхуа Энержи" компани шалгарчээ. Гэвч тус компанийн "Энержи Ресурс" компанитай байгуулах гэж байгаа гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй хэмээн үзэж дахин энэ гэрээг Засгийн газар цуцалжээ. Ингээд 2019 он хүртэл Гашуунсухайтын төмөр замын төсөл бүрмөсөн зогсчээ.
Төр өөрөө “Төмөр замаа бид барина” хэмээн “Энержи ресурс”-ийн Ухаахудаг-Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 267 км, “МАК” группийн Нарийн сухайт-Шивээхүрэнгийн боомт хүртэл 45.5 км шинэ төмөр зам барих ажлыг ийнхүү бүрмөсөн зогсоожээ.
Тухайн үеийн концессын гэрээгээр явсан бол Монгол улс 2016 онд төмөр замтай болох байжээ. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх алдагдсан боломжийг тооцвол олон их наядаар хэмжигдэнэ. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам ч адилхан 2016 онд ашиглалтад орохоор байжээ. Хэрэв Засгийн газар өмнө нь хийсэн гэрээг цуцлаагүй бол 2016 онд төмөр замыг барьж дуусгах байжээ. Олон жил жил гацсан Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг 2022 онд онд барьж дуусгасан юм. Энэхүү төмөр зам нь жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Уг бүтээн байгуулалтад давхардсан тоогоор 5000 гаруй хүн оролцжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ерөнхий захиалагчаар “Тавантолгой” төмөр зам ХХК, гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, хөрөнгө оруулагчаар “Эрдэнэс Тавантолгой” ХК ажиллажээ. Энэ бол том бүтээн байгуулалт байлаа. Гэвч бас л асуудал гарсан ажээ. Энэхүү төмөр замыг барихдаа хятадын талтай нийлэх цэгийг тохиролцолгүйгээр дур мэдэн өргөн царигтай/ өмнө нь нарийн царигаар барина гэж тохирсон мөртлөө амлалтаа зөрчсөн/ барьж хятадын талын төмөр замаас зөрүүлчихжээ. Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход нэгд, хоёр улсын цариг нь өргөн, нарийнаараа зөрөх болов. Өргөн, нарийн царигийг холбохын тулд нүүрсийг ачиж, буулгах терминал барих шаардлага үүсэв. Нүүрс ачиж буулгах терминал барихад дор хаяж 300 сая ам.доллар шаардлагатай болжээ. Хоёрт, хоёр улсын төмөр замыг хооронд нь холбоход өндөр, намын асар их зөрүү үүссэн. Гашуунсухайтын төмөр замын өндрийн зөрүүг шийдэхэд таван километр урт гүүрэн байгууламж барихаас өөр аргагүй болсон.
Гүүрэн гарц барьж, байгуулах ажилд нийт 600 сая ам.доллар шаардлагатай аж. Монгол төгрөгөөр бол бараг хоёр их наяд төгрөг гэсэн үг. Саяхан Хятадын "Чайна энержи" компани Монгол улсын Эрдэс баялгийн сайдад хандаж "2014 оны наймдугаар сард Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан.
Улмаар “Чайна энержи” групп 2015 оны нэгдүгээр сард уг гэрээний дагуу хятадын тадаас хил хүртэл Гашуунсухайт төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан. Үүнд 7.17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч Монголын тал урагшаа чиглэсэн төмөр замыг төлөвлөсөн хугацаанд барихгүй гацааж байсаар 2020 онд гэрээг өөрчилж, дур мэдэн өргөн царигтай барихаар шийдсэн. Ингэж төсөл удаан хугацаагаар зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд хятадын тал 2.7 тэрбум юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх хүрээнд нарийн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шинэ өргөн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шилжүүлэн ачих талбайг өөрчлөн засварлах зэрэг хэд хэдэн дагалдах төслүүдэд дахин 4.1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт шаардагдана" гэсэн албан захидал ирүүлжээ. Монголын тал төмөр зам барих ажилд ингэж хариуцлагаүй хандаж, улсдаа ч их хохирол учруулж, хятадын талд ч их хохирол учруулжээ. УИХ-ын тогтоолоор нийслэлээс хойд зүгт өргөн царигтай төмөр зам тавина, өмнө зүгт нарийн царигтай төмөр зам барина гэсэн зөв заалтыг Хөдалмөрийн баатар Удаанжаргал хөөцөлдөж Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигтай бариулахаар болгож өөрчилжээ. Нарийн цариг бол олон улсын стандарт юм л даа. Бид олон улсын жишгийг л дагаж байж хөгжинө. Эрх ашгийн зөрчил ийнхүү Монгол улсыг их хэмжээний алдагдалд оруулжээ. Монголчууд өргөн цариг, эсхүл нарийн царигаар төмөр зам барина хэмээн хорин жил хэрэлдэж байх хооронд бидний нүүрсний өрсөлдөгч Орос улс Амур мөрөн дээгүүр нарийн царигтай төмөр зам барьж Хятад улстай холбогдож, олон зуун сая тонн нүүрсийг Хятадад нийлүүлж их ашиг олжээ. Метрог ч гэсэн төр гацааж байлаа. Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл 2014 онд нийслэл хотод МЕТРО барих төслийг эхлүүлэхээр хөөцөлдөж / Анх хөтлөгч, аялагч Ганхүү Метро барих тухай бараг хориод жил ярьсан даа/ Япон улсын Засгийн газар, ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар зураг төсөл, ТЭЗҮ-г нь хийж Метро барих ажил эхлээд явж байв. Нийслэлийн Метрог 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Тэр үед яг Улаанбаатарын метроны төсөл шиг ийм төслийг Бангладешийн Дакка хот, Вьетнамын Ханой хотууд Японы Жайкатай гэрээ байгуулаад эхэлж байжээ. Гэтэл одоо Дакка хот, Ханой хот болон Өвөр Монголын Хөх хот маш сайхан Метротой болчихоод байхад өнөөх бүтэлгүй Монгол хоосон хоцорсон байх жишээтэй. Хэн тэр чухал төслийг гацаасан бэ гэвэл 2016 онд Улаанбаатар хотын Засаг даргаар шинээр сонгогдсон С.Батболд гэгч Метроны төслийг зогсоожээ. Засгийн газар нь Батболдыг зад загнаад Метроны төслийг үргэлжлүүлэхгүй даан ч яав даа. Ийнхүү Монгол улсын төмөр замын ирээдүйн хөгжлийн асуудал, хөрөнгө оруулалт, шинэчлэл, монголын талд 51 хувийг авах зэрэг чухал асуудал бүрхэг хэвээр удаж байна. Ганц Гашуунсухайтын төмөр замыг барих гэж хорин жилийн турш хохирол, гацаа гаргаж байгаа юм чинь улс орныхоо төмөр замыг хоёр салаа болгож цахилгаанжуулах, улсын баруун, зүүн цэгийг төмөр замаар холбох, хурдны төмөр зам барих, Богд хан уулын төмөр зам барих асуудлыг монголчууд өөрсдөө хийнэ гэвэл дахин хэдэн арван жил гацаахыг хэн ч үл мэднэ. Иймд манай улс дэлхийд төмөр замын хөгжлөөрөө тэргүүлж яваа өмнөд хөрш улстайгаа хамтын ажиллагаа явуулж төмөр замаа хөгжүүлвэл зөв л болох байх.
Монголчууд төр, хувийн хэвшил хамтарч ажиллавал амжилт гаргана гэдгийг “Бодь Интернэшнл” ХХК-ны ерөнхий захирал Д.Баясгалан нотолж, сүүлийн гучин жилд анх удаа Гашуунсухайтын төмөр зам, Бөөрөлжүүтийн цахилгаан станц гэсэн хамгийн том хоёр бүтээн байгуулалтыг Монголд хийсэн нь маш том амжилт юм.
Монгол улсын маш чухал төслүүдийг зогсоосон, гацаасан этгээдүүдэд болон банкнаас үлэмж их хэмжээний валют, төгрөгийн зээл аваад огт төлөөгзй хүмүүст монголын төр засаг ямар ч арга хэмжээ авдаггүй нь харамсалтай юм. Улс орны эрх ашгийг хохироосон албан тушаалтныг шийтгэх нь аль ч улсын хуулинд байдаг зүйл. Гэтэл Монголд энгийн иргэдийг бол шийтгээд байдаг, албан тушаалтныг бол бараг шийтгэдэггүй. Хөгжлийн банкнаас 2012 оноос хойш 3000 төсөлд 7.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Нийт 83 хүн энэ асуудлаар хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж байна гэсэн мэдээлэл гарч байсан боловч ихэнхи нь ямар ч шийтгэл аваагүй ажээ. Хөгжлийн банкнаас 38 сая долларын зээлийг үйлдвэр барина хэмээн аваад 1 сая 500 000 ам.долларыг Сингапур, Макаогийн казинод тоглоод алдчихсан, маш их хэмжээний валют бэлнээр нь мөнгөний машинаас өөртөө авсан нь баримтаар нотлогдсон, банкны зээлээ огт төлөөгүй “Бэрэн” ХХК-ний захирал Б.Мөнхтөрд шүүх 30 сая төгрөгний торгууль ногдуулаад өнгөрсөн гэдэг. Нүүрсний 40 их наядын хэрэг гарч маш их хохирол улсад учраад байхад анх 61 хүн хэрэгт холбогдсон боловч шүүхээс ердөө Ганхуяг, Аюурсайхан хоёрт ял шийтгэл ногдуулсан болоод бусад нь уснаас хуурай гарсан гэдэг. “Буян” ХХК-ний захирал Б. Жаргалсайхан гэхэд л Японы Марубени компаниас 23 сая долларын зээл авч, монголын банкнаас 2012 онд хоёр удаа хүүгүй зээл авч, 2014 онд Хөгжлийн банкнаас 14.0 тэрбум төгрөгийн зээл аваад одоо болтол төлөөгүй байна. “Зээлээ төлөөч” хэмээн УИХ-ын сонсгол дээр болон телевизээр сэтгүүлч асуухад Б.Жаргалсайхан “Би зээлээ төлмөөргүй байна” хэмээн хээв нэг хэлж, Монголд намайг хэн ч дийлэхгүй гэсэн мэт өөртөө итгэлтэй маадгар алхаж явна. Хөгжлийн банкны дарга, даамлууд өөрсдөө 1.5 тэрбум ам долларын зээлийн 50.0 хувийг хуваагаад авчихсан байхад төр ямар ч арга хэмжээ авсангүй.
Их хэмжээний газар / Нэг га газрыг 1 тэрбум төгрөгрөөр зарсан / хятадын компаниудад зарсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд төр ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ мэт олон муу жишээ Монголоор дүүрэн байна.
Зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой төр нь ингэж л олигархиудыг даврааж толгой дээрээ гаргажээ. Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд их хэмжээний валютаар бонд босгож
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.